A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны

49 дүгээр тогтоолын хавсралт



ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ

/ЗГ-ын 2016 оны 132-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


Нэг. Нийтлэг үндэслэл



1.1. Энэхүү дүрэм нь Эрчим хүчний зохицуулах хороо (цаашид "Хороо" гэх)-ны үйл ажиллагааг зохицуулна.

1.2. Хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 8.1-д заасны дагуу эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, диспетчерийн зохицуулалт хийх үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий байгууллага мөн.

1.3. Хорооны үндсэн зорилго нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн тарифыг хянаж батлах, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүрээнд шударга өрсөлдөөнийг бий болгох нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

1.4. Хороо нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн байгууллага, нутгийн захиргааны болон бусад байгууллагатай хамтран ажиллана.

1.5. Хороо зохих журмын дагуу хийсэн тамга, хэвлэмэл хуудастай байна. Хороо нь өөрийн бэлгэдэлтэй байж болно.


Хоёр. Хорооны чиг үүрэг



2.1. Хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5.6-д заасан бүрэн эрхийн хүрээнд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.1.1. эрчим хүчний салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулах;

2.1.2. эрчим хүчний салбарт тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон холбогдох бусад хуулийн этгээд, иргэнээс тайлан, мэдээ, мэдээлэл, тодорхойлолт авах;

2.1.3. хорооны орон тооны бус гишүүд, Эрчим хүчний тухайн хуулийн 8.5-д заасан орон тооны бус зөвлөл болон орон нутгийн зохицуулах зөвлөлийн гишүүдэд олгох цалин, урамшууллын хэмжээг тогтоох, төсвийг батлах;

2.1.4. иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх;

2.1.5. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх;


2.1.6. эрчим хүчний салбарын үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой хуульд заасан бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

2.1.7. хорооны үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх санхүүгийн болон хүний нөөц, зохион байгуулалтын арга хэмжээ авах;

2.1.8. хууль тогтоомжид заасан бусад үйл ажиллагаа.

 

Гурав. Хорооны дарга, гишүүдийн эрх, үүрэг



3.1. Хорооны дарга дараахь эрх, үүрэгтэй байна:

3.1.1. Эрчим хүчний болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;

3.1.2. хороо, түүний ажлын албаны үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах;

3.1.3. хорооны үйл ажиллагааны стратегийг тодорхойлох, биелэлтэд нь хяналт тавих;

3.1.4. хорооны ажлын албаны даргыг томилох, чөлөөлөх асуудлыг зохицуулах хорооны хуралд оруулах;

3.1.5. хорооны зорилго, зорилтыг хангах асуудлыг биечлэн хариуцаж зохион байгуулах;

3.1.6. эрчим хүчний зохицуулалт, үнэ тарифын талаар төрийн захиргааны төв байгууллага болон Засгийн газрыг мэдээллээр хангах;

3.1.7. хорооны хурлаар хэлэлцэх асуудлыг тогтоох, хурлыг товлох, даргалах;

3.1.8. хууль тогтоомж болон энэхүү дүрэмд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор тушаал гаргаж биелэлтийг хангуулах;

3.1.9. батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах;

3.1.10. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

3.2. Хорооны гишүүн дараахь эрх, үүрэгтэй байна:

3.2.1. хорооны ажлын албаны дарга болон хэлтэс, нэгжийн удирдлагад үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлд хяналт тавих;

3.2.2. хорооны хурлаар тодорхой асуудал хэлэлцүүлэх санал оруулах;

3.2.3. хурлаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэмэлт баримт бичиг шаардах буюу гаргаж өгөх.


3.3. Хорооны дарга, орон тооны хоёр гишүүн нь эрчим хүчний салбарт ажилласан дадлага туршлагатай, дээд боловсролтой, Монгол Улсын иргэн байна. Орон тооны бус хоёр гишүүн нь эрчим хүчний салбарын зохих мэдлэг, дадлага туршлагатай, дээд боловсролтой, Монгол Улсын иргэн байна.

3.4. Хорооны даргын эзгүйд түүнийг хорооны орон тооны гишүүнээр хамгийн олон жил ажилласан, хэрэв хорооны гишүүдийн ажилласан жил адил бол насаар ахмад гишүүн орлоно.

3.5. Хорооны дарга, гишүүд эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн эрхтэй байна.

3.6. Хорооны дарга, гишүүнийг дараахь тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

3.6.1. томилогдсон хугацаа дууссан;

3.6.2. өөрөө хүсэлт гаргасан;

3.6.3. эрүүл мэндийн хувьд цаашид ажиллах боломжгүй болсон нь эрүүл мэндийн байгууллагаар тогтоогдсон;

3.6.4. хуульд заасан тэтгэвэрт тогтоолгох насанд хүрсэн;

3.6.5. хууль тогтоомж зөрчсөн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон.

3.7. Хорооны дарга, гишүүдийг томилолтын хугацаа дуусахаас өмнө чөлөөлсөн тохиолдолд шинээр томилогдсон дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа нь өмнөх дарга, гишүүний үлдсэн хугацаатай адил байна.



Дөрөв. Хорооны зохион байгуулалт



4.1. Хорооны үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь зохицуулах хорооны хурал байна.

4.2. Зохицуулах хорооны хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байх бөгөөд хурлын явцад тэмдэглэл хөтөлнө.

4.3. Хороо нь жил бүрийн I улиралд багтаан ажлын тайлан, төсвийн гүйцэтгэлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид тайлагнана.


Тав. Хорооны ажлын алба



5.1. Хорооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий ажлын албаны бүтэц, орон тоог эрчим хүчний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгуулагатай зөвшилцөн зохицуулах хорооны хурал тогтооно.

5.2. Ажлын алба нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

5.2.1. хорооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах;

5.2.2. хорооны гишүүдийг холбогдох мэдээлэл, судалгаагаар хангах;

5.2.3. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын талаар санал боловсруулах;

5.2.4. эрчим хүчний үнэ тарифын талаар баримтлах бодлого, чиглэлийг боловсруулах, хэрэгжүүлэх;

5.2.5. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүү, эдийн засгийн байдал, үйл ажиллагааны зардалд дүн шинжилгээ хийх;

5.2.6. хорооны эрх хэмжээнд хамаарах асуудлаар холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын төсөл боловсруулах;

5.2.7. хорооны ажлын албаны хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, тэдний нийгмийн асуудлын талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх;

5.2.8. хорооны хурлыг сард 1-ээс доошгүй удаа хийж, шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг хуралдуулж болно;

5.2.9. хорооны тогтоолд хорооны дарга, гишүүд, хурлын тэмдэглэлд хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна;

5.2.10. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.


 

 


---оОо---