- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД” ҮНДЭСНИЙ ДӨРӨВ ДЭХ ХӨТӨЛБӨР (2012-2016) ЗГ-ын 2017 оны 78-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
Засгийн газрын 2012 оны 61 дүгээр
тогтоолын хавсралт
"НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД" ҮНДЭСНИЙ
ДӨРӨВ ДЭХ ХӨТӨЛБӨР (2012-2016)
/ЗГ-ын 2017 оны 78-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Нэг. Нийтлэг үндэслэл
Засгийн газрын 2007 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Нөхөн үржихүйн эрүүл мэнд" үндэсний гурав дахь хөтөлбөр 2007-2011 онд хэрэгжих хугацаанд хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдал сайжирч, 2005 онд 100000 амьд төрөлтөд 89.6 байсан эхийн эндэгдэл 2011 онд 49.6 болон буурсан. Энэ нь эхийн эндэгдлийг 100000 амьд төрөлтөд 50.0 хүртэл бууруулахаар Мянганы хөгжлийн зорилтод заасан хэмжээнд хүрч, Монгол Улс эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны түвшинд шилжээд байна.
Нялхсын эндэгдэл тууштай буурч, 2000 онд 1000 амьд төрөлтөд 31.2 байсан бол 2011 оны байдлаар 16.8 болж буурсан нь цаашид 2015 онд Мянганы хөгжлийн зорилтод хүрэх боломжтойг харуулж байна.
Эх, нярайн эндэгдэл ийнхүү үндэсний хэмжээнд буурч байгаа хэдий ч эндэгдлийн түвшин хот, хөдөөд болон хүмүүсийн амьдралын түвшингээс хамаарч ихэд ялгаатай байна. Шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны бүртгэлийн завсардал, хүн амын хэт төвлөрөл, нэгдсэн мэдээлэл, бүртгэлийн тогтолцоо бүрдээгүй, хүн амын өсөлт, ядуурал, уул уурхайн салбарын хөгжил, хувь хүмүүс байгалийн баялгийг хараа хяналтгүй олборлох болсон зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр нийгмийн нэн эмзэг бүлгийн хүн ам нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээнд бүрэн хамрагдаж чадахгүй байна.
Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 46 хувь нь эрхтэн тогтолцооны ямар нэг суурь өвчтэй байгаа нь жирэмсний болон төрөхийн хүндрэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Умайн хүзүүний хорт хавдрын талаархи эмэгтэйчүүдийн мэдлэг хангалтгүй, эрт илрүүлэлтийн хувь хэт доогуур байна.
Өсвөр үеийнхэнд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хангалтгүй байна. Охидын төрөлт, бэлгийн замаар дамжих халдвар, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай байна.
Жирэмсний, төрөхийн, төрсний дараахь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг төрөөс бүрэн хариуцаж байгаа боловч иргэний бүртгэлгүй болон түр оршин суугчид, эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, өсвөр үе залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүн амын цөөнх нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээнд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа бөгөөд орон нутгийн эмнэлгүүдийн эх барихын яаралтай, нярайн нэн шаардлагатай тусламж үзүүлэх чадавхи харьцангуй сул байгаа нь эх, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж байна.
Иймд "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-д заасан эрүүл мэндийн хөгжлийн бодлогын хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний салшгүй хэсэг болох "Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний дөрөв дэх хөтөлбөр" (цаашид "хөтөлбөр" гэх)-ийг батлан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
2.1. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний дөрөв дэх хөтөлбөрийн зорилго нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлж, хүн амын тогтвортой өсөлтийг дэмжих замаар монгол хүний хөгжлийг хангах таатай орчинг бүрдүүлж, Мянганы хөгжлийн зорилтыг хангахад оршино.
2.2. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
2.2.1. нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эрүүл мэндийн салбарын манлайлал ба засаглалыг сайжруулж, салбар хоорондын уялдаа холбоо, түншлэлийг өргөжүүлэх;
2.2.2. хүн амын эрүүл мэндийн байдалд нөлөөлж байгаа хүчин зүйлс болон үйл ажиллагааны үр дүнгийн талаар баталгаатай мэдээ, мэдээллийг тогтмол цуглуулах, дүн шинжилгээ хийх, түгээх, ашиглах нөхцөлийг бүрдүүлэх замаар нөхөн үржихүйн эрүүл мэндийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, судалгаа хийх чадавхийг дээшлүүлэх;
2.2.3. нотолгоонд суурилсан нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг нь сайжруулах, анагаах ухааны дэвшилтэт технологи, шинэлэг, шалгарсан арга туршлагыг нэвтрүүлэх;
2.2.4. нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх өндөр ур чадвартай, үр бүтээлтэй, хэрэгцээ шаардлагад нийцсэн хүний нөөцийн чадавхийг үндэсний болон орон нутгийн түвшинд бэхжүүлэх;
2.2.5. нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, ээлтэй орчин бүрдүүлэхэд зарцуулах санхүүжилт, хөрөнгө оруулалтын хэмжээг дэс дараатай нэмэгдүүлж, 2016 он гэхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэн шаардлагатай эм, хэрэгслийг төрөөс бүрэн санхүүжүүлж, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд болон өсвөр насныхан хэрэгцээтэй тусламж, эм хэрэгслээ боломжийн үнээр авах нөхцөлийг хангах;
2.2.6. нийт хүн ам болон зорилтот бүлэгт зориулсан үндэсний дэвшилтэт соёл уламжлалд нийцсэн, жендэрийн мэдрэмжтэй мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг өргөжүүлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулахад хувь хүн, гэр бүл, хамт олны оролцоог нэмэгдүүлэх.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчим
3.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь үндсэн зарчмыг баримтална:
3.1.1. нөхөн үржихүйн эрүүл мэндийн бодлого, үйл ажиллагаа нь нотолгоо, тэргүүн туршлагад тулгуурласан байх;
3.1.2. нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ үйлчүүлэгчийн эрхийг дээдэлнэ.
Дөрөв. Хөтөлбөрийн зорилтыг хангах үйл ажиллагаа
Энэхүү хөтөлбөрийн 2.2-т заасан зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.1. Нэгдүгээр зорилтын хүрээнд:
4.1.1. нэн ядуу өрхийн гэр бүлийн жирэмсэн ба хөхүүл эх, нэг хүртэлх насны хүүхдийг халамжийн болон сувиллын үйлчилгээнд хамруулах;
4.1.2. нөхөн үржихүйн эрүүл мэндийн зарим төрлийн тусламж, үйлчилгээ болон эм, хэрэгслийг 2016 он гэхэд төрөөс бүрэн санхүүжүүлэх арга хэмжээг шат дараатай авах;
4.1.3. жендэрээс үүдэлтэй хүчирхийллээс сэргийлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, шинэлэг, үр дүнтэй арга туршлага, санаачилгыг нэвтрүүлэх;
4.1.4. нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд мөрдөгдөж байгаа стандарт, оношилгоо эмчилгээний удирдамж, заавар, журмыг нотолгоонд суурилсан, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн удирдамжид нийцүүлэн тухай бүр шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх;
4.1.5. амаржих газар, аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүдийн тасгуудын орон тоо, норм нормативыг батлагдсан стандартад нийцүүлэн шинэчлэх, төрөлтийн тоо, бусад үзүүлэлтийг харгалзан гүйцэтгэлд тулгуурлан санхүүжүүлэх аргачлалыг боловсруулж мөрдүүлэх;
4.1.6. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч мэргэжлийн байгууллага болгон үүрэг, оролцоог нь өргөжүүлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил арга зүйн удирдамж, журам, зааврын төслийг боловсруулах, үндэсний хэмжээнд сургалт зохион байгуулах, хяналт-шинжилгээнд шаардлагатай мэдээ, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, судалгаа явуулдаг болгох;
4.1.7. орон нутагт "Эх, хүүхдийн эрүүл мэндийн сан" байгуулж байгаа туршлага, шинэлэг санаачилгыг дэмжих, өргөжүүлэх, "Нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний загвар сумын эмнэлэг"-ийн тоог нэмэгдүүлэх.
4.2. Хоёрдугаар зорилтын хүрээнд:
4.2.1. нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзүүлэлт, тэдгээрийг тооцох арга, аргачлалыг олон улсын зөвлөмжид нийцүүлэн боловсронгуй болгох, Мянганы хөгжлийн зорилтын үзүүлэлтүүд, тухайлбал охидын жирэмслэлт, төрөлт, жирэмслэхээс хамгаалах хэрэгслийн хэрэглээ зэрэг статистик үзүүлэлтийг бодитой гаргадаг болох;
4.2.2. нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдал, тусламж үйлчилгээний чанар, үр дүнгийн талаархи мэдээ, мэдээллээр бодлого боловсруулагч болон эрүүл мэндийн менежерийг тасралтгүй хангахын тулд нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээг тогтмол хийх;
4.2.3. нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг үнэлэх удирдамж, арга хэрэгслийг боловсруулж мөрдүүлэх, энэ чиглэлээр үндэсний, бүсийн, орон нутгийн түвшинд ажиллаж байгаа чанарын менежер болон хяналт үнэлгээний мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх;
4.2.4. нөхөн үржихүйн эрүүл мэндийн болон хүн ам зүй, эрүүл мэндийн нэгдсэн судалгаа явуулахын зэрэгцээ жендэрээс үүдэлтэй хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрүүл мэндэд нөлөөлж байгаа хүчин зүйлс зэрэг тулгамдсан асуудлаар гүнзгийрүүлсэн судалгааг хийх, статистикийн мэдээллийн сан бий болгох, эрүүл мэндийн удирдлага, мэдээллийн тогтолцоонд хамруулах, үр дүнг салбарын бодлого төлөвлөлтөд ашиглах;
4.2.5. эх, нярайн нас баралт, ялангуяа перинатал эндэгдлийн бүртгэл мэдээллийн чанар, бодит байдлыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулахад "итгэмжит лавлагаа" болон ноцтой хүндрэлүүдийг судлах "near miss" зэрэг аргыг нэвтрүүлэх, үр зулбалт, дутуу төрөлт, ургийн гаж хөгжил зэрэгт химийн хорт бодис, хүнд металлын хордлого, орчны бохирдлын нөлөөллийг судлах.
4.3. Гуравдугаар зорилтын хүрээнд:
4.3.1. "Эх, нярайн эрүүл мэнд" үндэсний стратегийг бүрэн хэрэгжүүлэх;
4.3.2. "Дүүрэг бүрт хүрч ажиллах" санаачилгын хүрээнд эмзэг бүлгийн эх хүүхдэд нэн шаарлагатай багц тусламжийг хүргэх аргачлалыг боловсруулан, бүх аймаг, сум, дүүрэгт дэс дараатай хэрэгжүүлэх, нүүдлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
4.3.3. гамшгийн үеийн бэлэн байдлын болон хариу арга хэмжээний эрүүл мэндийн салбарын төлөвлөгөөнд гамшгийн үеийн нөхөн үржихүйн нэн шаардлагатай багц тусламжийг тусгаж, үйлчилгээ үзүүлэгчдийг сургах, шаардагдах эм хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх;
4.3.4. өсвөр үе болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрхтэн тогтолцооны эмгэг, архаг өвчнийг илрүүлж, нарийн мэргэжлийн болон холбогдох салбарын оролцоотойгоор эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулах;
4.3.5. нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийн цусны бүлэг, резус факторыг тодорхойлох ажлыг бүрэн хийж хэвшүүлэх, шинэ хөлдөөсөн сийвэн, цус орлох бэлдмэлийн хангалттай нөөцийг бүрдүүлэх;
4.3.6. эх, нялхас, бага насны хүүхдэд олон найрлагат нэмэлт тэжээл, амин дэмээр баяжуулсан хүнсээр хангах ажлыг өргөжүүлж, цус багатай, тэжээлийн доройтолтой нийгмийн эмзэг хэсгийн эх, нялхаст зориулсан сувиллын үйлчилгээг бий болгох;
4.3.7. хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс сэргийлэхийн тулд гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээг өргөжүүлэх, анхан шатны тусламж үзүүлэгчдийг системтэйгээр давтан сургах;
4.3.8. үндэсний хууль тогтоомж, стандартад нийцсэн үр хөндөлтийн чанартай, цогц тусламж, үр хөндөлтийн өмнөх болон дараахь зөвлөгөө авах нөхцөлийг бүрдүүлэх, үр хөндөлтийн бүртгэлийг сайжруулах;
4.3.9. умайн хүзүүний болон хөхний хавдраас сэргийлэх, эрт илрүүлэх тандалтыг үндэсний хэмжээнд хийх, өсвөр насны охидыг умайн хүзүүний хавдраас сэргийлэх, хүний папилома вирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтад дэс дараатай хамруулах;
4.3.10. эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эмгэг, түүний дотор эмэгтэйчүүдийн цэвэршилтийн талаар судалгаа явуулах, цэвэршилтийн үеийн болон нөхөн үржихүйн өвчин эмгэгүүд, дааврын өөрчлөлтийн үеийн оношилгоо, эмчилгээнд орчин үеийн аргыг нэвтрүүлэх, аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн дүүргүүдэд эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх кабинетийг бие даалган ажиллуулах;
4.3.11. жендэрээс үүдэлтэй хүчирхийллийн талаархи олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, зан үйлийг өөрчлөх үйл ажиллагааг эрчимжүүлэх, бэлгийн болон жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлд өртөгсдөд тусламж үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн тоог нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн чадавхийг сайжруулах;
4.3.12. залуучууд, хөдөлгөөнт хүн ам, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, биеэ үнэлэгчид зэрэг зорилтот бүлгийн хүн амын онцлог хэрэгцээнд нийцсэн "100 хувь бэлгэвч" хөтөлбөрийг иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжүүлэх;
4.3.13. нөхөн үржихүйн эрүүл мэндэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, андрологийн тусламж, үйлчилгээг аймгийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бий болгож, чадавхийг нь нэмэгдүүлэх;
4.3.14. улсын эмнэлэг болон төрийн бус байгууллагаас үзүүлж байгаа өсвөр үе, залууст ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандарт, зааврыг шинэчлэх, залууст ээлтэй төвүүдийн үйл ажиллагааг боловсронгуй болгож, шинэ төвийг сонгосон газарт нэмж байгуулах;
4.3.15. телемедицины сүлжээг үндэсний хэмжээнд дэс дараатайгаар өргөжүүлж, тус сүлжээгээр дамжуулан эх, нярайн тусламжид зайнаас эмнэлзүйн зөвлөгөө авах, умайн хүзүүний эмгэгийн эс судлалын болон үтрээний дурангийн шинжилгээг баталгаажуулахад үр дүнтэй ашиглах;
4.3.16. ураг, нярайн зарим эмгэгийг эрт илрүүлэх жирэмсэн үеийн болон нярайн тандалтын арга, аргачлалыг боловсруулж, нэвтрүүлэх;
4.3.17. аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд үргүйдлийн үеийн тусламж, үйлчилгээний үндсэн аргыг нэвтрүүлэх, үр шилжүүлэн суулгах лабораторийг (IVF) Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд байгуулж, техник, тоног төхөөрөмжөөр хангах, энэ чиглэлээр эмч мэргэжилтнийг сургаж мэргэшүүлэх;
4.3.18. удамзүйн шинжилгээний, цитогенетикийн болон үргүйдлийн нэмэлт оношилгооны лабораториудыг байгуулах.
4.4. Дөрөвдүгээр зорилтын хүрээнд:
4.4.1. нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай хүн хүчний тоон үзүүлэлт, хэрэгцээг улс орны тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тооцох, хүний нөөцтэй холбоотой стандарт, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж мөрдүүлэх;
4.4.2. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, түүний салбар сургуулиудын төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараахь сургалтын хөтөлбөр, агуулгыг үндэсний болон олон улсын орчин үеийн стандарт, удирдамжид нийцүүлэн боловсронгуй болгох;
4.4.3. ажлын байран дахь сургалтын нэгдсэн хөтөлбөрийг боловсруулах, ажлын байран дахь ур чадвар эзэмшүүлэх шаталсан сургалтыг тасралтгүй зохион байгуулах, сургалтын уялдаа, зохицуулалтыг хангах;
4.4.4. нярайн сувилагчийг тусгайлан бэлтгэж, тоог нэмэгдүүлэх, өрхийн эрүүл мэндийн төв бүрт нэг эмчийг нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиг баримжаа олгон давтан бэлтгэх;
4.4.5. шинээр ашиглалтад орох Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв, амаржих газруудад ажиллах эмч, мэргэжилтнүүдийг мэргэжлийн ур чадварыг нь үндэслэн сонгон шалгаруулж, ажиллуулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн анагаах ухааны тодорхой чиглэлээр өндөр нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнийг сургаж бэлтгэх, мэргэшил, ур чадварыг нь дээшлүүлэх;
4.4.6. үргүйдэл, цитогенетик, андрологи, дааврын эмгэгүүдийн менежмент зэрэг нөхөн үржихүйн анагаах ухааны шинэ салбаруудад үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх урт хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;
4.4.7. алслагдсан хөдөө орон нутагт эх, нярайд тусламж үзүүлж байгаа эмч, мэргэжилтнүүдийг орон нутгийн захиалгаар бэлтгэж, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулахад чиглэсэн урамшуулал, нийгмийн хамгааллын арга хэмжээ авах;
4.4.8. нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагын эмч сувилагчдад зориулсан сургалтыг тасралтгүй явуулах;
4.4.9. эх, нярайн тусламж үзүүлж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгааг сайжруулах, цалин хөлс, урамшууллын шинэлэг багцыг боловсруулан мөрдүүлэх, санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх.
4.5. Тавдугаар зорилтын хүрээнд:
4.5.1. шинээр баригдах Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, амаржих газруудыг үндэсний шинэчилсэн стандартад нийцсэн зураг төслөөр барих, төрөх болон нярайн тасаг, өрөөний усан хангамж, ариун цэвэр, халаалтын асуудлыг орон нутгийн онцлогт тохируулан оновчтой шийдэх;
4.5.2. шинээр ашиглалтад орсон болон одоо ажиллаж байгаа амаржих газрууд, төрөх эмэгтэйчүүдийн тасгийг эх, нярайн тусламж үйлчилгээнд хэрэгцээтэй, чанарын шаардлага хангасан эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эх, нярайн нэг удаагийн цомгоор бүрэн хангах арга хэмжээг дэс дараатай авах;
4.5.3. жирэмслэхээс хамгаалах орчин үеийн арга хэрэгсэл болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн бусад нэн шаардлагатай эм, хэрэгсэлд зарцуулах улсын төсвийг дэс дараатай нэмэгдүүлэх;
4.5.4. нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэн шаардлагатай эмүүд болон жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийг үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулах, улсын бүртгэлд бүрэн хамруулах,
4.5.5. зах зээл дэх жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн нэр төрлийг олшруулж, чанар, аюулгүй байдлыг хангах;
4.5.6. нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгслээр хангахад төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын оролцоог хангах, хөдөө орон нутагт жирэмслэхээс хамгаалах арга, хэрэгслийг нийгмийн зах зээлээр түгээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
4.5.7. өрх, сум, аймгийн эмнэлэгт нөхөн үржихүйн замын үрэвсэлт өвчнийг оношлох, эмчлэх чадавхийг сайжруулж, шаардагдах эм, хэрэгсэл, оношлуураар тасралгүй хангах.
4.6. Зургаадугаар зорилтын хүрээнд:
4.6.1. эсэн мэнд амаржихуй, гэр бүл төлөвлөлтийн эрүүл мэндийн болон эдийн засгийн үр ашиг, баталгаагүй үр хөндөлтийн уршиг, бэлгийн эрүүл мэндийн боловсролын ашиг тус, жендэрээс үүдсэн хүчирхийлэл, бэлгийн замаар дамжих халдвар болон умайн хүзүүний хавдрын урьдчилан сэргийлэлт, эрэгтэйчүүдийн оролцоо зэрэг асуудлаар нийт хүн амын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх;
4.6.2. зорилтот бүлгүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн онцлог асуудал, хэрэгцээг үнэлж, насанд нь тохирсон, жендэрийн мэдрэмжтэй мэдээлэл, сургалт, сурталчилгаа, эрсдэлтэй зан үйлийг өөрчлөх үйл ажиллагааг өргөжүүлэх, үүнд гадаадад гэрээгээр ажиллаж байгаа иргэд, сургууль завсардсан өсвөр насныхан, ажил сургуульгүй залуучууд, их дээд сургуульд шинээр элсэгчдийг нэн тэргүүнд хамруулах;
4.6.3. ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг тодорхой тусган шинэчлэн боловсруулах, сурагчдад бэлгийн амьдрал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөв мэдлэг, аюулгүй бэлгийн харилцааг эрхэмлэх, бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх дадал хэвшил эзэмшүүлэх;
4.6.4. шинээр гэр бүл болж байгаа залуу хосыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг эрчимжүүлэх, тэдэнд нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг олгох, зөвлөгөө өгөх тогтолцоог бүрдүүлж, нэвтрүүлэх;
4.6.5. нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээллийг хүргэхэд нийтийн зах зээлийн шинэлэг арга хэлбэр, мэдээллийн сувгийг ашиглах;
4.6.6. эхийн эрүүл мэндийн асуудалд хувь хүн, гэр бүл, хамт олны оролцоо, нийгмийн нөөцийг дайчлах талаар аймаг, сум, багийн иргэдийн Хурал, засаг захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа санаачилгыг дэмжих;
4.6.7. их, дээд болон техник мэргэжлийн сургуульд шинээр элсэн орсон оюутнуудад зориулж жил бүрийн 9, 10 дугаар сард нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үр дүн, санхүүжилт
5.1. Хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлнэ.
5.2. Хөтөлбөрийн зорилтыг ханган хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
5.2.1. нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжсэн бодлого, эрх зүйн таатай орчин бүрдэж, салбар хоорондын түншлэл өргөжсөн байна;
5.2.2. нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаархи Мянганы хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн үндэсний мэдээллийн системд оруулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэвшилтэт аргыг нэвтрүүлэн, хяналт-шинжилгээ, үнэлгээ, судалгаа хийх чадавхи дээшилсэн байна;
5.2.3. нөхөн үржихүйн тусламж үйлчилгээнд шаардлагатай оношилгоо, эмчилгээний багаж, тоног төхөөрөмжийн хангалт, тусламж үйлчилгээний хүртээмж, чанар сайжирч, анагаах ухааны шинэ арга технологи нэвтэрсэн байна;
5.2.4. нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний сургалтын хөтөлбөр шинэчлэгдэн, сургалтын чанар сайжирч, ур чадвар эзэмшсэн хүний нөөц үндэсний болон орон нутгийн түвшинд бүрдсэн байна;
5.2.5. нөхөн үржихүйн эрүүл мэндэд төрөөс зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, боломжийн үнэтэй, олон төрлийн, чанартай эм, хэрэгслийг найдвартай эх үүсвэрээс нийлүүлэн, хэрэгцээг хангах орчин бүрдсэн байна;
5.2.6. нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндсэн асуудлаар хувь хүн, гэр бүлийн гишүүд, олон нийтийн мэдлэг ойлголт нэмэгдэж, тэдгээрийн оролцоо, дэмжлэг сайжирсан байна.
5.3. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:
5.3.1. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;
5.3.2. НҮБ-ын төрөлжсөн байгууллага, олон улсын түншлэгч байгууллага, гадаад улс орны хөтөлбөр, төслийн хөрөнгө, хөнгөлөлттэй зээл, хандив, тусламж;
5.3.3. гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;
5.3.4. бусад санхүүгийн эх үүсвэр.
Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
6.1. "Нөхөн үржихүйн эрүүл мэнд" үндэсний дөрөв дэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, бусад салбарын оролцоог идэвхжүүлэх, байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүргийг улсын хэмжээнд эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцан гүйцэтгэнэ.
6.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн удирдлага, төлөвлөлтөөр хангах, зохицуулах, хяналт тавих ажлыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн байгууллагуудтай (Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Хавдар судлалын төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг)-тай хамтран гүйцэтгэнэ.
6.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутагт удирдан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар гүйцэтгэнэ.
6.4. Орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах үүрэг бүхий салбар дундын ажлын хэсгийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэд байгуулж ажиллуулна. Орон нутгийн түвшинд зохион байгуулсан ажлын явц, үр дүнг Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлэн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн I улиралд багтаан тайлагнана.
6.5. Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрийн хүрээнд үндэсний болон орон нутгийн түвшинд зохион байгуулсан ажлын явц, үр дүнг нэгтгэн дүгнэж Засгийн газарт жил бүрийн II улиралд тайлагнаж байна.
|
|
|
||||
|
|
|
||||
|
||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||||||
|
|
|
|
|
|
|
|
||||||
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
Текст томруулах
A
A
A