A

A

A

Бүлэг: 1979
                                                                                              Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 66 дугаар
                                                                                               тогтоолын хавсралт

                                                             ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН
                                                                              ТӨЛӨӨ ГАЗРЫН ДҮРЭМ


                                                                                Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (цаашид "газар" гэх) нь өрсөлдөөний болон аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага мөн.

1.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үндсэн зорилго нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, өрсөлдөөний соёлыг төлөвшүүлэх, шударга бус өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийг зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалахад оршино.

1.3. Газар нь үйл ажиллагаандаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай, Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.

1.4. Газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 14.10, 14.11-д заасны дагуу бэлгэдэл, зохих журмын дагуу хийгдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.

                                                                               Хоёр. Газрын удирдлага

2.1. Газрын дарга, гишүүдийг Өрсөлдөөний тухай хуулийн 17.2-т заасны дагуу Засгийн газар томилж, чөлөөлнө.

2.2. Газрын дарга нь улсын ерөнхий байцаагчийн, орон тооны гишүүн нь улсын ахлах байцаагчийн эрхтэй байна.

2.3. Газрын дарга нь Өрсөлдөөний тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

2.3.1. ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах;

2.3.2. батлагдсан төсвийг зохих журмын дагуу захиран зарцуулах;

2.3.3. бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргах;

2.3.4. хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих;

2.3.5. гишүүний ажил, үүргийг хуваарилж, гүйцэтгэлд нь хяналт тавих;

2.3.6. хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх, үүрэг.
2.4. Газрын гишүүн нь дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

2.4.1. энэ дүрмийн 4.1-д заасан асуудлаар санал боловсруулан хуралдаанд оруулж хэлэлцүүлэх;

2.4.2. хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан нэмэлт мэдээлэл, баримт материал шаардан авах, зарчмын зөрүүтэй саналтай бол энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгуулах;

2.4.3. ажил үүргийн хуваарийн дагуу эрхэлсэн асуудлын биелэлт, хэрэгжилтийг хариуцаж, үр дүнг хуралдаанд тайлагнах;

2.4.4. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

2.5. Гишүүн нь газрын нэгжийн дарга, улсын байцаагчийн хуулийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэхийг хориглоно.

2.6. Гишүүн нь шийдвэр гаргахдаа аливаа байгууллага болон хувийн ашиг сонирхлын үүднээс хандахыг хориглоно.

2.7. Газрын бүрэн эрхэд хамаарах асуудлаар газрын албан ёсны байр суурийг зөвхөн дарга эсхүл даргын эрх олгосноор орон тооны аль нэг гишүүн илэрхийлнэ.

2.8. Орон тооны бус гишүүн, газрын албан хаагч нь даргын зөвшөөрлийн үндсэн дээр тодорхой асуудлаар мэдээлэл өгч болно. Энэхүү мэдээлэл нь газрын үйл ажиллагааны бодлого, үндсэн чиглэлтэй нийцсэн байна.

                                                                          Гурав. Газрын хуралдаан

3.1. Газрын шийдвэр гаргах үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан мөн.

3.2. Хуралдааныг Өрсөлдөөний тухай хуулийн 16.4-т заасны дагуу сард нэгээс доошгүй удаа хуралдуулна. Хуралдаан нь нийт гишүүдийн олонхи оролцсоноор хүчинтэйд тооцогдоно.

3.3. Хуралдааныг газрын дарга, даргын түр эзгүйд түүний томилсон орон тооны аль нэг гишүүн даргална.

3.4. Хуралдааны явцад тэмдэглэл хөтөлж, шаардлагатай бол соронзон бичлэг хийнэ. Тэмдэглэлд хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

3.5. Хуралдаанаас гарах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна. Тогтоолд дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

3.6. Хуралдаанд тухайн асуудлыг хариуцсан албан хаагч, улсын байцаагчаас гадна байгууллага, аж ахуй эрхлэгчийн хууль ёсны төлөөлөгчийг зөвхөн саналаа хэлэх эрхтэйгээр оролцуулж болно.

3.7. Хуралдааны нарийвчилсан дэгийг газрын хуралдаанаар хэлэлцэж батална.

3.8. Хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлээгүй асуудлын талаар олон нийт болон сонирхогч этгээдэд мэдээлэл өгөхийг хориглоно.

3.9. Шаардлагатай бол газрын шийдвэрийг эрхэлсэн сайд нь Засгийн газарт танилцуулна.

                                                      Дөрөв. Хуралдаанаар хэлэлцэх асуудал

4.1. Хуралдаанаар Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.1, 6.1.2, 8, 15.1.6, 15.1.7, 15.1.15, 15.1.17, 28.4-т заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

4.2. Энэ дүрмийн 4.1-д зааснаас бусад газрын бүрэн эрхэд хамаарах асуудлыг нийт гишүүдийн олонхийн саналаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж болно.

                                                                             Тав. Бусад зүйл

5.1. Газар нь үйл ажиллагаагаа Өрсөлдөөний тухай хуулийн 14.7-д заасны дагуу жил бүр Засгийн газарт тайлагнана. Газар нь сар бүрийн ажлын тайлангаа дараа сарын 5-ны өдрийн дотор эрхэлсэн сайддаа хүргүүлнэ.

5.2. Газар нь жил бүр төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргана.







                                                                                 ---оОо---