A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТҮҮХИЙ НҮҮРС ОЛБОРЛОДОГ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ,ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2012 оны 139 дүгээр
тогтоолын хавсралт



ТҮҮХИЙ НҮҮРС ОЛБОРЛОДОГ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ
АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ,
ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ



Нэг. Нийтлэг үндэслэл



1.1. Үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Олборлосон нүүрснийхээ 70-аас доошгүй хувийг дулааны цахилгаан станцын тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад зориулан нийлүүлж, эрчим хүчний системийн нүүрсний нийт хэрэглээний 20-иос доошгүй хувийг дангаараа хангаж байгаа болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан түлш үйлдвэрлэхэд ашиглаж байгаа нүүрсний 70-аас доошгүй хувийг үнэ төлбөргүй нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллага гэдэгт хамруулна. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 202 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

1.3. Эрчим хүчний тухай хуулийн 3.1.11-д заасны дагуу төв суурин газрын нийт хэрэглээний 50 хувиас дээш хэсгийг шугам сүлжээгээр дамжуулан хангах үйл ажиллагааг эрхэлж байгаа дулааны төвлөрсөн хангамжийн эх үүсвэрт болон сум, суурин газрын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан түлш үйлдвэрлэхэд зориулан нүүрс нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллага гэдэгт хамруулна. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 202 дугаар тогтоолоор нэмэлт орсон)


Хоёр. Агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх,
хөнгөлөлт үзүүлэх талаар


2.1. Энэ журмын 1.2-т заасан аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.

2.2. Энэ журмын 1.3-т заасан түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг мөн зүйлд заасан дулааны төвлөрсөн хангамжийн эх үүсвэрт болон сайжруулсан түлш үйлдвэрлэхэд зориулан нийлүүлсэн нүүрсний хэмжээгээр нь агаарын бохирдлын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 202 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

2.3. Аж ахуйн нэгж, байгууллага нь дараахь баримтыг бүрдүүлсний үндсэн дээр агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлүүлэх болон хөнгөлөлт эдлэх хүсэлтийг дараа оны I улиралд багтаан харьяалагдах татварын албанд хүргүүлнэ:

2.3.1. Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.3-т заасан мэдээ тайланг хугацаанд нь гаргаж өгсөн талаар нүүрсний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолт;

2.3.2. агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлүүлэх аж ахуйн нэгж, байгууллага нь энэ журмын 1.2-т заасан дулааны цахилгаан станцуудтай, эсхүл сайжруулсан түлшний үйлдвэртэй өмнөх онд байгуулсан нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээг дүгнэж тооцоо нийлсэн тухай баримт; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 202 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

2.3.3. агаарын бохирдлын төлбөрийн хөнгөлөлт эдлэх аж ахуйн нэгж, байгууллага нь энэ журмын 1.3-т заасан төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагатай, эсхүл сайжруулсан түлшний үйлдвэртэй өмнөх онд байгуулсан нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээг дүгнэж тооцоо нийлсэн тухай баримт. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 202 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

2.4. Энэ журмын 2.3-т заасан баримтыг бүрдүүлж хугацаанд нь ирүүлээгүй болон өмнөх оны агаарын бохирдлын төлбөрийн өртэй аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөхгүй, хөнгөлөлт үзүүлэхгүй.

2.5. Агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх болон хөнгөлөлт үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг энэхүү журмын 1.2, 1.3-т нийцүүлэн жил бүр хянан шинэчилж болно.



Гурав. Хариуцлага



3.1. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.






                                                                                       ------ оОо ------