A

A

A

Бүлэг: 1979

                                                                                                     Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 188 дугаар
тогтоолын 3 дугаар хавсралт




ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН
ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл



1.1. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл (цаашид "зохицуулах зөвлөл" гэх) чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байх бөгөөд хурлаас тогтоол, зөвлөмж, дүгнэлт гаргана.


Хоёр. Хурлын дэг



2.1. Зохицуулах зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. /Энэ заалтад ЗГ-ын 2016 оны 152-р тогтоолоор өөрчлөлт орсон/ Хурлыг зөвлөлийн дарга даргалах бөгөөд түүний түр эзгүйд төрийн захиргааны байгууллагын төлөөлөл бүхий аль нэг гишүүн даргална.

2.2. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг зохицуулах зөвлөлийн дарга зарлан хуралдуулж болно. Гишүүдийн олонхийн бичгээр гаргасан саналаар ээлжит бус хурлыг зөвлөлийн дарга зарлан хуралдуулна.

2.3. Хурлын товыг хурал болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэж, хэлэлцэх асуудлын жагсаалт, холбогдох бичиг баримтыг хүргүүлсэн байна.

2.4. Гишүүн бүр нэг саналын эрхтэй.

2.5. Хурал нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хүчин төгөлдөр болно.

2.6. Асуудлыг хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.

2.7. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд биеэр оролцох боломжгүй гишүүн хурал эхлэхээс өмнө саналаа бичгээр хүргүүлж болно. Энэ тохиолдолд түүнийг хуралд оролцсонд тооцно.

2.8. Хуралд зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга заавал оролцох бөгөөд биржийн холбогдох албан тушаалтан, бусад этгээдийг оролцуулж болно. /Энэ заалтад ЗГ-ын 2016 оны 152-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2.9. Хурлын тэмдэглэлийг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга хөтөлнө. /Энэ заалтад ЗГ-ын 2016 оны 152-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2.10. Хурлын тэмдэглэл нь дэлгэрэнгүй болон хураангуй гэсэн хоёр хэлбэртэй байна. Хурлын тэмдэглэл хөтлөгч нь хурлын явц, хуралд оролцогчдын хэлсэн үг, гаргасан саналыг дэлгэрэнгүй үнэн зөв, бүрэн гүйцэд тусгасан байна. Хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлд хурлаар хэлэлцсэн асуудлын жагсаалт, гишүүдийн ирц (тоо, хувь, хурлаас хоцорсон болон хуралд оролцоогүй гишүүний нэр, шалтгаан), хуралд оролцсон бусад хүний албан тушаал, нэрсийг хавсаргана. Дэлгэрэнгүй тэмдэглэлийг ажлын 5 өдөрт багтаан албажуулна.

2.11. Хурлын явцын талаархи хураангуй тэмдэглэлд хэлэлцсэн асуудлын нэр, түүнийг танилцуулсан хүний нэр, албан тушаал, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай тусгана. Хураангуй тэмдэглэлийг ажлын 2 өдөрт багтаан албажуулна.

2.12. Хурлын дэлгэрэнгүй болон хураангуй тэмдэглэлд хурлыг даргалагч болон зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурна./Энэ заалтад ЗГ-ын 2016 оны 152-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2.13. Хурлаар хэлэлцэгдэж байгаа асуудал нь зохицуулах зөвлөлийн дарга, гишүүн, тэдгээрийн гэр бүл, төрөл садан, нэгдмэл ашиг сонирхолтой этгээдийн эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотой бол дарга болон тухайн гишүүн хурал эхлэхээс өмнө энэ тухай мэдэгдэж, уг асуудлыг хэлэлцэх, шийдвэр гаргах явцад оролцохгүй. 


Гурав. Нарийн бичгийн дарга /Гарчигт ЗГ-ын 2016 оны 152-р тогтоолоор өөрчлөлт орсон/



3.1. Зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: /Энэ заалтад ЗГ-ын 2016 оны 152-р тогтоолоор өөрчлөлт орсон/

3.1.1. зохицуулах зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах, зөвлөлийн даргатай тохирсны үндсэн дээр хурлын товыг зарлах, хурал зохион байгуулах, тэмдэглэл хөтлөх;

3.1.2. хурлаас гарсан шийдвэрийг холбогдох албан тушаалтан, байгууллагад хүргүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, тайлагнах;

3.1.3. зохицуулах зөвлөлд шаардлагатай тайлан, мэдээ, статистик тоо баримт, лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулан авах;

3.1.4. зохицуулах зөвлөлд ирүүлсэн өргөдөл гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч зөвлөл, эсхүл зөвлөлийн даргад танилцуулж шийдвэрлүүлэх;

3.1.5. зохицуулах зөвлөлийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх.


Дөрөв. Биржийн арилжааны зах зээлд оролцогчийн
үйл ажиллагаанд тавих хяналт



4.1. Зохицуулах зөвлөл нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хүрээнд биржийн арилжааны зах зээлд оролцогчдын үйл ажиллагаанд тавих хяналтыг холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.



Тав. Зохицуулах зөвлөлийн дарга,
гишүүдэд олгох урамшуулал



5.1. Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүнд тэдгээрийн хуралд оролцсон байдлыг харгалзан урамшуулал олгож болох бөгөөд түүний хэмжээ, олгох журмыг хөдөө аж ахуй, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 



------оОо------