A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ДЭЛХИЙН БОЛОН БҮС (ТИВ)-ИЙН МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭЭН, УРАЛДААНД ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАСАН ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧ, ХУВЦАС УРЛААЧИД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ /Засгийн газрын 2012 оны 263 дугаар тогтоолоор нэмсэн/
Бүлэг: 1979

                                                              Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 26-ны   

                                                              өдрийн 120 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт

 

 

ДЭЛХИЙН БОЛОН БҮС (ТИВ)-ИЙН МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭЭН, УРАЛДААНД ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАСАН ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧ, ХУВЦАС

УРЛААЧИД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэхүү журмын зорилго нь үсчин, гоо засалч, хувцас урлаачийн ур чадварын үнэлэмжийг дээшлүүлж, үс, гоо засал, хувцас урлалын салбарт өндөр амжилт гаргах идэвх сонирхлыг өрнүүлэх, олон улсын үс, гоо засал, хувцас урлалын салбарын соёлоос суралцах, шилдэг туршлагыг нэвтрүүлэх, үсчин гоо засалч, хувцас урлаачдын ур чадварыг олон улсын түвшинд таниулах, нэр хүнд, байр суурийг нь дээшлүүлэхэд оршино.

 

1.2. Дэлхийн болон бүс (тив)-ийн хэмжээнд зохиогддог үс, гоо засал, хувцас урлалын мэргэжлийн тэмцээн, уралдаан (цаашид “тэмцээн, уралдаан” гэх)-д амжилттай оролцож тэргүүн байр (гран при), нэгдүгээр байр (алтан медаль), хоёрдугаар байр (мөнгөн медаль), гуравдугаар байр (хүрэл медаль)-т шалгарсан үсчин, гоо засалч, хувцас урлаачийг шагнахад энэхүү журмыг баримтална.

 

Хоёр. Шагнах олгох

 

2.1. Тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон үсчин, гоо засалч, хувцас урлаач, түүний харьяалагдах байгууллага нь дараахь материалыг холбогдох баримт бичгийн хамт тухайн тэмцээн, уралдаан дууссанаас хойш 60 хоногийн дотор ахуйн үйлчилгээ, оёдлын салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллага (цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх)-д ирүүлнэ:

 

                   2.1.1. шагнуулах тухай хүсэлт;

 

     2.1.2. Мэргэжлийн холбооны тодорхойлолт;

 

                  2.1.3. тухайн тэмцээн, уралдааны талаархи дэлгэрэнгүй танилцуулга;

 

                  2.1.4. тухайн тэмцээн, уралдааны заавар, болзол, оролцох журам;

 

                    2.1.5. авсан шагналыг нотлох баримт, диплом, гэрчилгээний эх хувь, хуулбар;

 

                    2.1.6. иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар;

         

      2.1.7. тэмцээн, уралдаанд оролцох урилга, зардлын баримт.

 

2.2. Төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү журмын 2.1-д заасан материалыг хянан үзээд шаардлага хангасан тохиолдолд мөнгөн шагнал олгох тухай санал боловсруулан ахуйн үйлчилгээ, оёдлын салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.

 

 

2.3. Тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон үсчин, гоо засалч, хувцас урлаачид мөнгөн шагнал олгох шийдвэрийг ахуйн үйлчилгээ, оёдлын салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

 

2.4. Тэмцээн, уралдаанд үсчин, гоо засалч, хувцас урлаач амжилттай оролцуулсан шүүгч-дасгалжуулагч буюу түүний харьяалагдаж байгаа байгууллагад үндсэн шагналын 30-иас доошгүй хувийн урамшуулал олгоно.

 

2.5. Энэхүү журмын 2.4-т заасан урамшуулалтай холбогдох харилцааг гэрээгээр нарийвчлан зохицуулах бөгөөд гэрээний үлгэрчилсэн загварыг төрийн захиргааны төв байгууллага  батална.

 

          2.6. Дэлхий, бүс (тив)-ийн хувцас урлалын мэргэжлийн тэмцээн, уралдаанд амжилттай оролцож тусгай шагнал, батламж авсан хувцас урлаачид зохих шагналыг дүйцүүлэн олгож болно.

 

Гурав. Бусад зүйл

 

3.1. Мөнгөн шагналд зориулах хөрөнгийг жил бүрийн  төсөвт тусган, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан санхүүжүүлнэ.

         

3.2. Мөнгөн шагнал олгоход зориулсан хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.

 

 

 

 

-------оОо-------