A

A

A

Бүлэг: 1979
Улсын Их Хурлын 2002 оны 20 дугаар тогтоолын хавсралт 

МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ХИЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол Улсын төрөөс хилийн талаар баримтлах бодлого  /цаашид "Хилийн талаар баримтлах бодлого" гэх/ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг  хангах  бодлогын салшгүй хэсэг мөн..
2. Хилийн талаар баримтлах бодлого нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд үндэслэсэн улсын хил, хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын талаархи Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээрийн үндэс болсон залгамж чанартай тулгуур баримт бичиг мөн.
3. Хилийн талаар баримтлах бодлого нь байгууллага, иргэдийн үйл ажиллагааг  уялдуулан зохицуулах замаар улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдэнэ
4. Хилийн талаар баримтлах бодлого нь бусад улсын тусгаар тогтнолыг хүндэтгэх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдлэх, хил орчмын нутаг дэвсгэрийн хөгжлийг хангах, улсын хил дээр хүч хэрэглэхээс аль болох зайлсхийх, аливаа асуудлыг энхийн аргаар шийдвэрлэхийг эрмэлзэх зарчимд тулгуурлана.
5. Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг шинжлэх ухаан, техник, технологийн ололт, мэргэшсэн байгууллагын үйл ажиллагаанд тулгуурлан цогц байдлаар зохион байгуулна.
6. Улсын хил нь хил залгаа улстай байгуулсан олон улсын гэрээгээр тодорхойлогдох  бөгөөд Монгол Улсын хуулиар баталгаажсан байна.
7. Улсын хилийн халдашгүй дархан байдал нь хилийн шугам хууль бусаар өөрчлөгдөөгүй, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр зөрчигдөхгүй байх явдлаар хангагдана.
8. Хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхол тухайн нутаг дэвсгэрт хангагдсан байдлаар тодорхойлогдоно.
9. Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хилийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах асуудлыг Засгийн газар хариуцна.
Хоёр. Хилийн талаар баримтлах бодлогын үндсэн чиглэл
1. Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах талаар:
     1/ улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах талаар олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, нэгдэн орох, тэдгээрийг хүндэтгэн сахих, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгож  байх;
     2/ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хилийн бүс, зурвасын эзэмшлийг сайжруулж, хил орчмын нутаг дэвсгэрийн хөгжлийн талаар нийгэм, эдийн засгийн цогцолбор арга хэмжээ авах;
     3/ улсын хил, хил орчмын нутаг дэвсгэр дэх газар нутгийн уламжлалт монгол нэр, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хэвээр хадгалах;
     4/ хил орчмын нутаг дэвсгэрийн стратегийн ач холбогдол бүхий байгалийн нөөц, баялгийг төрийн хяналтад байлгах;
     5/ хилийн асуудлаар хил залгаа улсын холбогдох байгууллагуудтай тогтоосон харилцааг хөгжүүлэх;
     6/ улсын хил дээр зэвсэгт халдлага, түрэмгийлэл үүсэхээс урьдчилан сэргийлж, хилийн асуудлаар үүссэн зөрчил, будлианыг энхийн аргаар шийдвэрлэхийг эрхэмлэх;
     7/ хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, байгалийн гамшиг, хүн малын гоц  халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, хил орчмын нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн болон экологийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хил залгаа болон бусад орнуудтай хамтран ажиллах;
     8/ улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын эсрэг чиглэсэн үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, цаг алдалгүй илрүүлэх,  таслан зогсоох, шийдвэрлэх  арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлэх;
     9/ хил орчмын нутаг дэвсгэр, хилийн боомт газарт эмх замбараагүй байдал үүсэхээс  сэргийлэх;
     10/ эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан, дэд бүтэц, барилга байгууламж бүхий хилийн хяналт шалгалт явуулах нөхцлийг хангасан хилийн боомтуудыг ажиллуулах;
     11/ улсын хил хамгаалах байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлэх;
     12/ иргэдийн эх оронч үзэл, улсын хил, хилийн дэглэм, журмыг хүндэтгэн сахих хүмүүжлийг төлөвшүүлэх.
2. Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах механизмыг боловсронгуй болгох талаар:
     1/ улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны  үйл ажиллагааны зохицуулалт, уялдаа холбоог сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
     2/ хил судлалын шинжлэх ухааныг хөгжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны  ажлын үр дүнг  хил хамгаалалтын бодлого, үйл ажиллагааны үндэс болгох;
 
     3/ улсын хилийн бүс, зурвас, боомт газарт  орчин үеийн шаардлагад нийцсэн холбоо, хяналт, дохиолол, зам, тээвэр, инженерийн байгууламж бүхий хил хамгаалалтын дэд бүтцийг хөгжүүлэх;
     4/ агаарын хилийн хяналтыг боловсронгуй болгоход чиглэсэн дэвшилтэт техник, хэрэгслийг нэвтрүүлэх;
     5/ зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг  шуурхай болгож, хилийн боомт газарт ажиллах хяналтын албадын үйл  ажиллагааг нь уялдуулан, нэгдсэн зохицуулалтад оруулах;
     6/ хил орчмын оршин суугчдаас хил хамгаалалтад оролцох явдлыг хөхүүлэн дэмжих, урамшуулах, улсын хилийн бүс, зурваст тогтвортой суурьших  нөхцлийг бүрдүүлэх;
     7/ хилийн талаар  баримтлах бодлогыг хэрэгжүүлэх байгууллагуудыг эх оронч, мэдлэг, чадвартай боловсон хүчнээр  хангах, тэдгээрийн нийгмийн хангамж, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулж, тэдний ар гэрийн нийгмийн баталгааг бодитойгоор дэмжих;
     8/ төрөөс аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн Монгол Улсын үндэсний эрх ашигт үл харшлах хилийн харилцааг чөлөөтэй байлгах.
 
3. Хил хамгаалах албаны бүтэц,  үйл ажиллагааны талаар:
     1/ хил хамгаалах албыг ямар ч нөхцөлд улсын хилийн халдашгүй  дархан байдал,  хил орчмын  нутаг дэвсгэрийн аюулгүй  байдлыг хангах чадвар бүхий  нэгдмэл бүтэц, зохион байгуулалттай байлгах;
     2/ хил хамгаалах албаны үйл ажиллагаанд улс төр, дипломат, тагнуул, инженер-техник, хяналтын болон  дэглэм сахиулах  зэрэг  аргыг оновчтой ашиглах;
     3/ хил хамгаалах албыг зохион байгуулж, удирдах байгууллага нь мэргэжлийн байх.
 
Гурав. Хилийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх чиглэл
 
1. Хилийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж  удирдах,  түүнийг хэрэгжүүлэгч  байгууллагын санхүүжилт,  материал техникийн хангамжийн норм хэмжээг тогтоох, хуулиар олгогдсон эрх хэмжээний дагуу  хилийн асуудлаар олон улсын гэрээ, хэлэлцээр  байгуулах зэрэг асуудлыг Засгийн газар хариуцаж хэрэгжүүлэх.
2. Байгууллага, иргэд  Монгол Улсын  үндэсний  аюулгүй  байдлыг  хил орчмын  нутаг дэвсгэрт  хангах талаар  хүлээсэн үүргээ Үндсэн хууль,  бусад  хууль  тогтоомжийн дагуу биелүүлэх.
3. Хилийн талаар баримтлах  бодлогыг хэрэгжүүлэхэд  шаардагдах хүн, хүч, хөрөнгийн тооцоог гаргаж,  жил бүрийн төвлөрсөн  болон орон нутгийн  төсөв  бусад  эх үүсвэрээс  санхүүжүүлж байх.
4. Хилийн талаар  баримтлах бодлогод  олон улсын  харилцааны  хөгжил,  дэлхий  дахины  болон  бүс  нутаг, хил залгаа  улс дахь  цэрэг-улс төрийн  байдал,  улсын хил,  хил орчмын нутаг дэвсгэрт үүсэж  буй  болсон  бодит  нөхцөл байдалтай  уялдуулан  Улсын Их Хурал  тодотгол хийх.