A

A

A

Бүлэг: 1979

Улсын Их Хурлын 199З оны 09

                                                            дүгээр тогтоолын хавсралт

 

                    МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ

                       1993 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

          1.Эдийн засгийн уналтыг сааруулан зогсоох үндсэн дээр нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг 1992 оны түвшингээс бууруулахгүй байх, улсын төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувиас хэтрүүлэхгүй байлгах зорилтыг хэрэгжүүлнэ.

 

          Энэ зорилгод нийцүүлэн макро эдийн засгийн зохицуулалтын дараахь арга хэмжээ авна:

 

          -үнэт цаасны зах зээлийг 199З оны эхний хагаст багтаан ажиллуулж эхлэх, зарим боломжтой үйлдвэр, барилга, байгууламжийг худалдах зэргээр өмч хувьчлалыг шинэлэг агуулгаар баяжуулан их хувьчлалыг үндсэнд нь дуусгах, орон сууцны хувьчлалыг зохих бэлтгэл хангасны үндсэн дээр улс, иргэдийн эрх ашигт нийцүүлэн явуулах;

 

          -төсөв, татварын шинэ тогтолцоонд шилжих, мөнгө, зээл, валютын цэгцтэй бодлого явуулж инфляцийн өсөлтийг хязгаарлах асуудлыг байнгын хяналтад байлгах;

 

          -төгрөгийн гадаад валюттай харьцах чөлөөт ханшийн тогтолцоонд шилжих;

 

          -үнэ, тарифыг 199З оны эхний хагаст багтаан чөлөөт тогтолцоонд бүрэн шилжүүлэх;

 

          -үйлдвэрлэл, эргэлтийн хүрээнд дангаар ноёрхох, ажил үйлчилгээний үнэ, тарифыг зохиомлоор нэмэгдүүлэх явдалтай хийх тэмцлийг хүчтэй болгох, энэ зорилгоор дангаар ноёрхохын эсрэг хууль боловсруулж Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлэх;

 

          -тэргүүлэх салбаруудын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн дэд бүтэц, ялангуяа түлш, эрчим хүчний хангамжийг сайжруулах, нийгмийн зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлэх;

 

          -эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлсны үндсэн дээр улсын захиалгаар гүйцэтгэх шинжлэх ухаан, технологийн төслүүдэд сонгон шалгаруулалт хийж, түүнд хүч хөрөнгө төвлөрүүлэх;

 

          -эдийн засгийн хамтыг ажиллагааг эрчимжүүлэн олон улсын валют-санхүүгийн байгууллагатай тохирсон хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл тусламжийн хөрөнгийг оновчтой хуваарилах, ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авах.

 

          2.Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор үйлдвэрлэл-технологийн бодлогын дараахь арга хэмжээ авна:

 

          -мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтмолжуулж, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрийг түүхий эдээр баталгаатай хангах нөхцөлийг бүрдүүлэх;

 

          -хүн амын хүнсний хангамжийг сайжруулахад бүх нийтийн хүч, анхаарлыг төвлөрүүлж, хот суурин газрын оршин суугчдад тодорхой хэмжээний эдэлбэр газрыг эзэмшүүлэх, үр, бордоо, суулгац, хөдөлмөрийн багаж, хэрэгсэл нийлүүлэх замаар иргэн хүнсний бүтээгдэхүүнийхээ зохих хэсгийг өөрсдөө хангах нөхцөлийг бүрдүүлэх;

 

          -хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бололцоог дээд зэргээр дайчлахын зэрэгцээ зарим хүнсний бүтээгдэхүүнийг импортлоход гаалийн татвараас чөлөөлөх зэргээр дэмжлэг үзүүлэх;

 

          -үйлдвэрлэлийн хүч чадал, түүхий эдийн нөөцийг боломжит хэмжээгээр дайчлан ашиглаж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;

 

          -өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжид төрийн хяналттайгаар алт олборлох бололцоо олгох, дэмжлэг үзүүлэх замаар олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх;

 

          -уул уурхайн үйлдвэрт техникийн шинэчлэлт хийх, зарим ордыг шинээр ашиглах замаар өнгөт болон ховор металлын олборлолт, зэс, молибдены баяжмалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цагаан тугалганы баяжмал хайлуулах үйлдвэрлэлийн технологийг эзэмших;

 

          -эдийн засгийн тэргүүлэх салбаруудын тогтвортой ажиллагааг хангах, хүн амын үйлчилгээг сайжруулах шаардлагад нийцүүлэн дэд бүтцийг хөгжүүлэх.

 

          З.Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн үеийн сөрөг үр дагаврыг багасгах зорилгоор нийгмийн баталгааны шинэ тогтолцоог бүрдүүлнэ. Энэ зорилгоор:

 

          -хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшинг хагас жил тутамд шинэчлэн тогтоож түүнийг хангах нөхцөлийг бүрдүүлэх, баталгаажих доод түвшингээс бага орлоготой хүмүүст туслах хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхлэх;

 

          -хөдөлмөрийн насны ажлын чадвартай, ажил эрхлээгүй хүмүүст хувиараа хөдөлмөр эрхлэхэд нь туслах зорилгоор "Ажил эрхлэлтэд туслах сан" байгуулах;

 

          -гурил, будаа, даалимба, цууямбуу, брезент, шахмал ногоон цай, дүнсэн тамхины нийлүүлэлтийг нэмэгдүүлж хангамжийг сайжруулах;

 

          -"Хүн хөтөлбөр, эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалах төслүүдийг хэрэгжүүлж эхлэх;

 

          -соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарын бүтцийг боловсронгуй болгох, эрүүл мэндийн болон тэтгэврийн даатгалын тогтолцоонд үе шаттайгаар шилжих арга хэмжээ авах.

 

 

                    *                                      *                                    *

 

          Үйлдвэрлэлийн уналтыг зогсоох, хүнсний хангамжийг сайжруулахад чиглэгдсэн зорилтыг хэрэгжүүлснээр эдийн засгийг цаашид тогтворжуулах нөхцөлийг бүрдүүлнэ.