A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 2002 оны 23 дугаар тогтоолын хавсралт

"МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ НЭГДСЭН СИСТЕМ" ХӨТӨЛБӨР
 
Нэг. Хөтөлбөрийн үндэслэл, хамрах хүрээ, хэрэгжүүлэх хугацаа
1.1.Үндэслэл
Улсын хэмжээнд эрчим хүчний хангамж харилцан адилгүй, бие даасан эх үүсвэрүүд ажиллаж байгаа, өртөг зардал, үнэ тариф янз бүр (эрчим хүчний хангамж илүү хөгжсөн төвийн хэсэгт үйлдвэрлэлийн өртөг хямд) байгаа нь бүс нутгийн эрчим хүчний хөгжилд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ хүн ам төвийн бүс рүү шилжих хөдөлгөөний нэг шалтгаан болоод зогсохгүй ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, ядуурлыг бууруулах зэрэг асуудлууд орхигдож байна. Нөгөөтэйгүүр эрчим хүчний хангамж, ашиглаж байгаа эх үүсвэрийн хүчин чадлын ашиглалт хангалтгүй, өндөр үнэтэй импортын цахилгаан худалдаж авч, дизелийн түлшээр өндөр өртөгтэй цахилгаан үйлдвэрлэж байгаа нь Монгол Улс эрчим хүчний хэрэгцээгээ өөрийн эх үүсвэрээр бүрэн хангах эрчим хүчний үйлдвэрлэл, хангалтын нэгдсэн сүлжээ бий болгохыг шаардаж байна.
Экологийн хувьд ээлтэй эрчим хүчний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ус, нар, салхи, атомын зэрэг сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах нь дэлхий нийтийн болон манай орны зүй ёсны шаардлагад нийцэж байна.
1. 2. Хөтөлбөрийн хамрах хүрээ
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын банк, санхүүгийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн идэвхитэй хамтын ажиллагаанд тулгуурлана.
1.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат
1.3.1 Хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
нэгдүгээр үе шат: ойрын хугацаа (2002-2007 он)-нд бүс нутгийн эрчим хүчний хангамжийг найдваржуулах, эрчим хүчний эх үүсвэр болон цахилгаан дамжуулах
шугамуудыг шинээр барих
хоёрдугаар үе шат: дунд хугацаа (2007-2022 он)-нд бүс нутгийг эрчим хүчээр найдвартай хангах зорилгоор эрчим хүчний эх үүсвэр болон цахилгаан дамжуулах шугамуудыг шинээр барьж, баруун, зүүн болон төвийн бүсийн эрчим хүчний системийг өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамаар холбож, эрчим хүчний нэгдсэн систем байгуулах нөхцөлийг бүрдүүлэх "
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, шийдвэрлэх зорилт
2.1. Хөтөлбөрийн зорилго
2.1.1 Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан эрчим хүчний нөөцийг үр ашигтайгаар ашиглах үүднээс Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийг тодорхой бодлогоор байгуулж Монгол Улсын эрчим хүчний хангамжийг найдвартай, үр ашигтай болгох, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад оршино.
2.2. Хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх зорилт
2.2.1 Зах зээлийн нөхцөлд тохирсон хууль, эрх зүй, бүтэц зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох, цахилгаан станцууд, түгээх сүлжээг үе шаттай хувьчлах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, ашиглалтын бага зардалтай үйлдвэрлэлийн бүтцийг бий болгох, усан цахилгаан станц шинээр барьж өндөр хүчдэлийн шугамаар холбох замаар бүс нутгийн эрчим хүчний систем байгуулж цаашид эдийн засгийн үр ашигтай горим, үйл ажиллагааг бүрдүүлэн Mонгол Улсын хэмжээнд эрчим хүчний нэгдсэн систем байгуулж эрхэм зорилгод хүрнэ.
2.2.2 Эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг тодорхойлох, үр ашигтай шинэ техник, технологи нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах замаар эрчим хүчний эх үүсвэрийн бүтцийн шинэчлэлт хийж төв, орон нутгийн цахилгаан хангамжийг найдвартай болгоно.
2.2.3 Улс орны нийт нутаг дэвсгэр дээр цахилгаан станцуудыг зөв байршуулан, баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн системийг бэхжүүлж, цаашид төвийн эрчим хүчний системтэй холбох замаар Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем байгуулна.
 
Гурав. Монгол орны эрчим хүчний нөөц
3.1. Нүүрсний нөөц
      3.1.1. Монгол Улс нийт 150 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд үүнээс 20 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцийг урьдчилсан болон нарийвчилсан хайгуулаар тодорхойлоод байна. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 200 гаруй нүүрсний орд газар илрээд байгаагийн 50 орчим орд газарт эрэл, үнэлгээ, хайгуулын ажил хийсэн, 32 орд газрыг ашиглаж байна. Орд газар бүс нутгаар харилцан адилгүй байршилтай байна.
      3.1.2 Баруун бүсэд Нүүрст хотгор, Хар тарвагатай, Хөшөөт зэрэг орон нутгийн чанартай цөөн тооны нүүрсний орд байгаа бөгөөд Завхан аймгийн нутагт нүүрсний орд илрээгүй тул цаашид хайгуул хийх шаардлагатай байна.
      3.1.3 Хангайн бүсэд Булганы Сайхан-Овоо, Баянхонгорын Жинст, Хөвсгөлийн Могойн гол зэрэг орон нутгийн чанартай нүүрсний уурхайгаас гадна Өвөрхангай аймагт Баянтээгийн нүүрсний ордыг ашиглаж байна.
      3.1.4. Төвийн бүс нүүрсний харьцангуй их нөөцтэй бөгөөд Тавантолгой, Багануур, Шивээ-Овоо, Тэвшийн говь, Алагтогоо, Хангай зэрэг ордуудыг ашиглаж байна. Төвийн бүсийн хойт хэсэгт нүүрсний нөөц нэмэгдүүлэх эрэл хайгуулын ажил хийнэ.
      3.1.5. Зүүн бүсэд Адуунчулууны нүүрсний уурхай, Сүхбаатар аймгийн нутагт Талбулаг зэрэг нүүрсний жижиг ордыг ашиглаж байна.
      3.1.6. Монгол Улсад газрын тосны хайгуулыг зүүн болон говийн бүсэд хийж нөөцийн хэмжээг одоогоор тогтоогоогүй байна. Шатдаг хийн ордын хайгуул бага хийгдсэн бөгөөд одоогоор нөөц илрээгүй байна.
3.2. Сэргээгдэх эрчим хүчний нөөц
      3.2.1. Монгол Улсын усны эрчим хүчний чадлын нөөц нь 6417,7 МВт бөгөөд жилд 56,2 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг усны эрчим хүчээр үйлдвэрлэх боломжтой. Баруун болон хангайн бүсэд ойрын болон дунд хугацаанд 700 гаруй МВт нийлбэр хүч чадалтай усан цахилгаан станцуудыг барьж, ашиглах боломжтой байна.
      3.2.2. Монгол орны ихэнх нутгаар жилийн 270-300 өдөр нартай байдаг бөгөөд дунджаар нар гийгүүлэх хугацаа жилд 2250–3300 цаг байна. Жилд тусах нарны эрчим хүчний хэмжээ дунджаар 1400 кВтц/м2, нарны эрчимшил өдөрт 4,3 – 4,7 кВтц/м2 байна.
      3.2.3. Манай орны салхины эрчим хүчний чадлын нөөц 836,8 тэрбум кВт.ц, түүний ашиглаж болох хугацаа жилдээ 3500 - 4600 цаг байна.
 3.3. Атомын эрчим хүчний нөөц
      3.3.1. Монгол орон ураны нилээд нөөцтэй боловч цахилгаан станц барих хэмжээнд хүрч хараахан судлагдаагүй байна. Атомын цахилгаан станц барих асуудлыг олон улсын хэмжээнд зөвшөөрч шийдвэрлэдэг тул нарийвчилсан судалгаа явуулж, өндөр хөгжилтэй орнуудын атомын цахилгаан станц ашиглаж ирсэн туршлагыг харгалзан атомын эрчим хүчний нөөцийг цахилгаан хангамжийн нэгэн чухал эх үүсвэр болгох чиглэл баримтална.
 
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ
4.1. Нэгдүгээр үе шат буюу ойрын хугацаа (5 жил) -нд :
      4.1.1. Говь - Алтай аймгийн нутагт Завхан гол дээр 8 МВт хүчин чадалтай Тайшир (Улаанбоом)–ын усан цахилгаан станц, Ховд аймгийн нутагт орших Чоно харайх гол дээр 12 МВт хүчин чадалтай Дөргөний усан цахилгаан станц барина. Тайширын усан цахилгаан станцаас Завханы төв Улиастай хүртэл 110 кВ–ын 135 км шугам, Говь–Алтай аймгийн төв Алтай хүртэл 35 кВ–ын 47 км шугам барьж Завхан, Говь–Алтай аймгийг холбосон цахилгаан эрчим хүчний сүлжээ байгуулна. Говь–Алтай, Завхан аймгийн нутаг дэвсгэр дээр салхин станц барих судалгаа хийнэ. Дөргөний усан цахилгаан станцыг Мянгадын дэд станцтай 220 кВ–ын 78 км шугамаар холбож баруун бүсийн эрчим хүчний системийг өөрийн эх үүсвэртэй болгоно.
      4.1.2 Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглүүлж 12 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барьж, Өвөрхангай аймгийн Арвайхээрийн дэд станцаас Баянтээгийн дулааны цахилгаан станц хүртэл 110 кВ–ын шугам, Баянтээгийн дулааны цахилгаан станцаас Баянхонгор аймгийн төв хүртэл 220 кВ-ын овор хэмжээтэй 110 кВ–ын шугам барина.
      4.1.3 Орхон гол дээр 100 МВт хүчин чадалтай усан цахилгаан станц барьж 220 кВ–ын шугамаар төвийн эрчим хүчний системд холбох ажлыг эхлүүлнэ.
      4.1.4 Хөвсгөл аймгийн төвийг төвлөрсөн эрчим хүчээр хангахын тулд Эрдэнэтээс Хөвсгөл аймгийн Мөрөн хүртэл 220 кВ–ын хүчдэлтэй 350 км урт шугам барина.
      4.1.5. Сайншанд–Замын-Үүдийн 110 кВ–ын 198 км шугам барьж говийн аймгуудад салхины эрчим хүч ашиглан салхин станц барих судалгаа хийх, тэдгээрийг төвийн эрчим хүчний систем, Даланзадгадын дулааны цахилгаан станцтай холбох боломжийг судалж тогтооно.
      4.1.6 Улаанбаатарт зарим дулааны цахилгаан станцад шинэчлэлт хийж дулааны цахилгаан станцуудын найдвартай, аюулгүй ажиллагаа, үр ашгийг дээшлүүлж, өр, авлагагүй, гадаадаас авсан зээлээ төлөх чадвартай болгох иж бүрэн арга хэмжээ авна.
      4.1.7 Төвийн бүсэд салхин станцын парк барьж, төвийн эрчим хүчний системд холбоно.
 
4.2. Хоёрдугаар үе шат буюу дунд шатны хугацаа (15 жил) - нд:
      4.2.1 Ховд гол дээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг үе шаттай барина.
      4.2.2 Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаас Ховдын Мянгадын 110 кВ–ын хүчдэлтэй дэд станц хүртэл 220 кВ–ын хүчдэлтэй 62 км шугам татаж, Мянгадын дэд станцыг өргөтгөж холбоно.
      4.2.3 Орхон гол дээр 100 МВт хүчин чадалтай усан цахилгаан станц барьж 220 кВ–ын шугамаар төвийн эрчим хүчний системд холбоно. Дэлгэр мөрөн дээр 8-20 МВт хүчин чадалтай Чаргайтын усан цахилгаан станц барина. Энэ станцыг 20 МВт хүртэл өргөтгөж болохоор барьж усан цахилгаан станцаас Хөвсгөл аймгийн төв хүртэл 110 кВ–ын 47 км шугам татна. Баянхонгор аймагт салхин станц болон төвийн бүсэд усан цэнэгт цахилгаан станц барих судалгаа хийж, нэгдсэн системд холбох асуудлыг шийдвэрлэнэ.
      4.2.4 Төвийн бүсэд Цагаан суварга, Оюутолгой, Шүтээн–Уул, Ихшанхайн нурууны зэсийн ордуудыг ашигласан тохиолдолд Тавантолгойн коксжих нүүрсний уурхайг түшиглүүлэн дунд чадлын дулааны цахилгаан станц барьж, Мандалговь-Чойрын 220 кВ-ын шугамаар төвийн эрчим хүчний системд холбоно.
      4.2.5 Улаанбаатарт Дулааны 3, 4 дүгээр цахилгаан станцын техник-эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ. Улаанбаатар хотод 100 МВт орчим хүчин чадалтай дулааны цахилгаан станц барьж, хотын дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэнэ.
      4.2.6 Зүүн бүсэд Багануураас Өндөрхаан-Чойбалсангийн чиглэлд 220 кВ-ын хүчдэлтэй 450 км шугам барина.
      4.2.7 Дөргөний усан цахилгаан станц Улиастайн хооронд 360 км урт 220 кВ-ын шугам татаж баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн систем байгуулна. Ингэснээр баруун бүсийн 5 аймгийг холбосон эрчим хүчний нэгдсэн систем байгуулагдана.
      4.2.8 Нүүрстхотгорын нөөцийг ашиглаж Ачит нуурын дулааны цахилгаан станц барих асуудлыг судалж шийдвэрлэнэ.
      4.2.9 Эрдэнэтийн цахилгаан станцыг сэлбэх зорилгоор 50 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц, дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэнэ.
      4.2.10. Дарханы станцыг сэлбэх зорилгоор 60 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Багануурын нүүрсний уурхайг түшиглүүлэн 100 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц барина.
      4.2.11 Атомын цахилгаан станц барих болон говийн аймгуудад нарны эрчим хүчийг ашиглан том хүчин чадлын станц барих боломжийг судлана.
 
      4.3. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем
      4.3.1. Улаанбаатар, Улиастайн хооронд 400 кВ–ын хүчдэлтэй томоохон хүчин чадлын транзит шугам татаж, баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн системийг төвийн бүсийн эрчим хүчний системтэй холбон Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийг байгуулна. Баруун бүсийн цахилгаан хэрэглээ нь 80 MBт хүрэх үед энэхүү транзит шугам нь тус улсын эрчим хүчний нэгдсэн систем үүсгэсэн тэнхлэг шугам болох бөгөөд бүс нутгийн аль нэг талд байгаа илүүдэл эрчим хүчийг нөгөө талд  ашиглах горим ажиллагааны зохицуулалт, аваарийн үеийн тэжээл авах бололцоо олгож хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг сайжруулна.
      4.3.2. Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн систем байгуулахад одоогийн эрчим хүчний эх үүсвэрийн бүтцийг өөрчлөн шинэчилж, зах зээлийн нөхцөлд дэлхийн бусад оронд тогтвортой, үр ашигтай ажиллаж чадах нь нотлогдсон, ашиглалтын хамгийн бага зардалтай, манай орны эдийн засгийн онцлог нөхцөлд тохирсон, хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөх хүч чадал бүхий Усан цахилгаан станцыг Эгийн гол, Арцатад барьж байгуулна.
 
TAв . Сумдын цахилгаан хангамж
5.1. Хөдөөгийн сумдад дизель цахилгаан станц ажиллуулж, жил бүр гадаадаас өндөр үнэтэй түлш худалдан авч, түлшийг тээвэрлэн газар дээр нь хүргэхэд үлэмж зардал гарган байж цөөн цагийн гэрэлтүүлэг төдий асуудлыг шийдвэрлэж байгаа хөдөөгийн эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтцийг өөрчилж шинэчилнэ.
5.2. Одоогийн байдлаар эрчим хүчний төвлөрсөн хангамжид 142 сумыг холбоод байна. 5 жилийн хугацаанд 30 гаруй сумыг төвлөрсөн эрчим хүчний системд холбоно. 5-15 жилийн хугацаанд төвлөрсөн эрчим хүчний системд 80 гаруй сумыг 6, 10, 15, 35 кВ-ын шугамаар холбож цахилгаанжуулна.
5.3. Төвлөрсөн цахилгаан хангамжид холбогдох боломжгүй алслагдсан сумдыг дизель-ус, дизель-салхи г.м эрчим хүчний хосолсон шинэ эх үүсвэрээр ойрын болон дунд хугацаанд хангах бодлогыг баримтална.
5.4. Хэтийн хугацаанд 30 гаруй сумыг төвлөрсөн эрчим хүчний хангамжид холбох  боломжтой бөгөөд үлдсэн 40 орчим сумдын цахилгаан хангамжийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангана.
5.5. Эрчим хүчний системд холбох сумдын эрчим хүчний хангамжийн асуудлыг орон нутгийн хэтийн хөгжилтэй уялдуулж, техник эдийн засгийн болон горим ажиллагааны нарийвчилсан тооцооны үндсэн дээр нэгдсэн бодлогоор зохицуулах чиглэл баримтална.
5.6. Төвлөрсөн системд холбох нь сумдыг найдвартай цахилгаан хангамжтай болгож, хөдөө орон нутаг хөгжих нөхцлийг бүрдүүлнэ. Сумдад жижиг дунд үйлдвэр болон үйлчилгээний салбар хөгжүүлэх замаар нэг сумын хэрэглэгчдийн цахилгаан ачааллыг доод тал нь 200–250 кВт хэмжээнд хүргэж, шугамын хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх бодлого баримтална.
 
 
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
6.1.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагуудтай хамтран удирдан зохион байгуулж, хэрэгжилтийг 2 жилд нэг удаа Засгийн газарт тайлагнана. Засгийн газар тайланг Улсын Их Хуралд танилцуулж байна.
 
Хөтөлбөрийн санхүүжилт
6.2.1. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд дараахь эх үүсвэрийг ашиглана:
      - улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв,
      - дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт,
      - гадаадын хөнгөлттэй зээл, тусламжийн хөрөнгө,
      - эрчим хүчний салбарын компаниудын хөрөнгө,
      - дотоодын болон олон улсын төрийн бус байгууллагын хөрөнгө,
      - бусад эх үүсвэр.
Долоо. Хөтөлбөрийн үр дүн
Манай орны нийт нутаг дэвсгэр дээрх цахилгаан станцууд харилцан нөхөн ажиллах боломжийг бүрдүүлж, улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай, аюулгүй, гадаадаас хамааралгүй ажиллах нөхцөлийг бий болгоно.
Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем байгуулснаар нийт улс орны цахилгаан хангамжийг хамгийн үр ашигтай аргаар удирдах нөхцөл бүрдэж, улмаар улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг бүхэлд нь түргэтгэж үндэсний эдийн засгийн аюулгүй байдал баталгаатай болох үндэс бүрдэнэ.
Эрчим хүчний үйлдвэрүүдийн өрсөлдөх боломж бүрдэн өртөг зардал буурах, нэгдсэн үнэ тариф мөрдөх боломж хангагдсанаар бүс нутгуудад жижиг, дунд үйлдвэр болон үйлчилгээг жигд хөгжүүлэх, улс орны мэдээллийн технологийн нэгдсэн сүлжээг үүсгэх боломж нээгдэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх таатай нөхцөл бүрдэнэ.
Эдийн засгийн бүсүүдэд олборлох, боловсруулах, жижиг, дунд үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарыг нэмэгдүүлж шинэ ажлын байр бий болж, ядуурлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Хүн амын зохистой нягтрал бий болохуйц хөгжлийн орчин нөхцөлийг бүрдүүлж, хот хөдөөгийн ялгааг багасгаж, төв рүү тэмүүлсэн нүүдлийг зохицуулахад нөлөөлнө.
Усан цахилгаан станцыг дулааны цахилгаан станцтай хослон ажиллуулах нь их хэмжээний нүүрсний нөөцийг хэмнэх, байгаль орчныг хамгаалах, дулааны цахилгаан станцуудыг өвлийн их ачаалалд бэлтгэж нүүрс нөөцлөх боломжийг бүрдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэлийн ашиглалтын зардлыг бууруулна.
Эрчим хүчний системийн төдийгүй нийт хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах үйл ажиллагааг шуурхай удирдах автомат удирдлагатай систем нэвтрүүлэх нөхцөл бүрдэнэ