A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 1994 оны 30 дугаар тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН  ИХ ХУРЛЫН ДЭРГЭДЭХ СУДАЛГААНЫ ТӨВИЙН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсын  Их Хурлын дэргэдэх Судалгааны төв /цаашид "төв" гэх/ нь Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах болон бусад  бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн үр нөлөөг дээшлүүлэх, батлагдсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн хэрэгжилтийн улс төр, нийгэм, сэтнгэл зүйн үр дагавар зэрэг асуудлаар судалгааны ажил эрхэлж Улсын Их Хурлыг мэдээллээр хангах зорилго бүхий судалгааны байгууллага мөн.
2.Төвийн захирал нь төвийн үйл ажиллагааг Улсын Их Хурлын Байнгын хороо, ажлын хэсэг, Улсын Их Хурал дахь намын бүлэг болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах асуудлыг УИХ-ын дэд даргатай, УИХ-ын Тамгын газрын мэдээлэл-лавламжийн алба болон бусад хэлтэс, албатай  уялдуулах асуудлыг тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргатай тус тус зөвшилцөн шийдвэрлэнэ.
3.Төв нь хуулийн этгээд мөн бөгөөд зохих журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ..
 
Хоёр.Төвийн зохион байгуулалт, эрх, үүрэг
4.Төв нь улсын төсвөөс санхүүжих бөгөөд төсвийн шууд захирагч нь төвийн захирал байна.
5.Төв нь төсвөө бие даан боловсруулж Улсын Их Хурлын төсөвт тусгана. Төвийн төсөв, түүний гүйцэтгэлд Улсын Их Хурлын Дотоод асуудлын байнгын хороо хяналт тавина.
6.Төвийн захирал нь төвийн чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцана.
7.Төвийн захирлыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилно. Төвийн захирал нь энэ дүрмийн 12-т заасан шаардлагыг хангасан байна.
8.Төвийн захирал  төвийнхөө боловсон хүчний асуудлыг бие даан шийдвэрлэнэ.
9.Төвийн захирал нь эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана.
10.Төв нь тухайн жилд гүйцэтгэх судалгааны ажлын чиглэлээ Улсын Их Хурлын Байнгын хороодын ажлын чиглэлтэй уялдуулан тодорхойлж байна..
11.Төвийн ажилтнуудын цалингийн хэмжээг судалгааны ажлын туршлага, дадлага, тухайн жилд гүйцэтгэсэн ажлын үр дүнг үндэслэн төрийн эрх барих дээд байгууллагын дэргэдэх судалгааны байгууллагын ажлын онцлогийг харгалзан төсөвтөө багтаан төвийн захирал тогтооно.
12.Төвийн ажилтнаар судалгааны ажил бие даан явуулах дадлага, чадвар, эрдмийн зэрэг цол, гадаад хэлний зохих бэлтгэлтэй хүнийг сонгон шалгаруулж ажиллуулна..
13.Төв нь дараахь үүрэг гүйцэтгэнэ.
1/Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийн хэрэгжилт, тэдгээрийг боловсронгуй болгох арга зам зэрэг асуудлаар судалгааны ажил хийж Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж байгаа болон хэлэлцүүлэхээр бэлтгэж буй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдийг шаардлагатай судалгааны материалаар хангах;
2/хуулийн төсөв боловсруулах, хэлэлцэх ажилд ажиглалт, судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт, нотолгоо гаргах, хууль тогтоомжийн хэрэгжилт, түүний улс төрийн болон нийгэм сэтгэл зүйн үр дагаврыг судалж санал, зөвлөмж гаргах;
3/төрийн тогтолцооны төлөвшил, хөгжил, төрийн бодлого болон эрх зүйн шинэчлэлийн асуудлаар Улсын хэмжээнд явуулсан судалгааны үр дүн болон гадаад орнуудын хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааны туршлагын талаар нэгтгэсэн судалгааны мэдээлэл гаргах;
4/олон нийтийн санаа бодол илэрхийлэх социологийн судалгаа явуулж, нийгмийн үйл явцад дүн шинжилгээ хийх;
5/судалгааны ажлын явц, завсрын болон эцсийн үр дүнгийн талаарх мэдээлэл, лавлагаа, саналыг тэдгээрийн ач холбогдлыг харгалзан тогтоосон зэрэглэлийн дагуу Улсын Их Хурлын гишүүн, бусад холбогдох албан тушаалтанд танилцуулах, хэвлэл,мэдээллийн хэрэгслээр сурталчлах;
6/хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг олон нийтэд сурталчлах ажилд оролцох;
7/төвийн ажилтны эрх, үүрэг, ажиллах журмыг тусгасан дотоод журам боловсруулан баталж мөрдөх.
14.Төв нь дараахь эрхтэй байна:
1/төвийн судалгааны ажилд шаардагдах мэдээ, материал, тоо баримтыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас зохих журмын  дагуу авч ашиглах;
2/яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг түшиглэн орон тооны бус хэсэг ажиллуулах, олон нийтийн санаа бодол судлах зэргээр мэдээлэл авч нэгтгэн боловсруулах;
3/судалгааны ажилд бусад байгууллагын эрдэмтэн, мэргэжилтнийг гэрээгээр оролцуулах, судалгааны ажлын захиалга өгч бусад байгууллагаар гүйцэтгүүлэх;
4/судалгааны цуврал мэдээлэл, бүтээл, Улсын Их Хурлыг мэдээллээр хангахад шаардлагатай бусад материалыг хэвлүүлэх;
5/судалгааны ажлын үр дүнг түшиглэн хурал, семинар, уулзалт, ярилцлага зохион байгуулах;
6/судалгааны ажилтныг эрдмийн зэрэг горилогчоор батлуулах, аспирантур, докторантурт элсүүлэх асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
7/гадаад орны парламентын дэргэдэх эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагатай харилцаа тогтоож, хамтран ажиллах.
--------оОо-------