- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ХОРООНЫ ДҮРЭМ
Улсын Их Хурлын 1994 оны 92 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ХОРООНЫ ДҮРЭМ
МОНГОЛ УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ХОРООНЫ ДҮРЭМ
1 дүгээр зүйл. Үнэт цаасны хороо нь /цаашид "хороо" гэх/ үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцогч этгээдийн үйл ажиллагааг зохицуулах, хянах эрх бүхий байгууллага мөн.
2 дугаар зүйл. Хорооны зорилт нь Үнэт цаасны тухай хууль тогтоомжийн биелүэлтийг зохион байгуулах, үнэт цаасны зах зээлд оролцогч этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, үнэт цаасны зах зээлийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх, эрх хэмжээнийхээ дотор гаргасан журмыг хэрэгжүүлэх, аргачлал, заавар боловсруулах, сургалт явуулах ажлыг удирдан зохицуулахад оршино.
3 дугаар зүйл. Хороо нь Монгол Улсын Үнэт цаасны тухай хууль тогтоомж, энэ дүрмийг удирдлага болгон ажиллана.
4 дүгээр зүйл.Үнэт цаасны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хурал хорооны дарга, гишүүдийг 5 жилийн хугацаагаар томилно. Даргыг зөвхөн нэг удаа улируулан томилж болно.
5 дугаар зүйл. Хороо нь үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд хариуцан тайлагнана.
6 дугаар зүйл. Хороо үйл ажиллагаагаа явуулахдаа үнэт цаасны зах зээлд оролцогч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, бусдын нөлөөнд үл автах болон хамтын удирдлагын зарчмаар ажиллана.
7 дугаар зүйл. Хорооны үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
8 дугаар зүйл. Хорооноос үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар хариуцна.
9 дүгээр зүйл. Үнэт цаасны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр хорооноос гаргасан шийдвэрийг үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд дагаж биелүүлэх үүрэгтэй.
10 дугаар зүйл. Хороо нь үнэт цаасны зах зээлийг зохицуулах, хяналт тавихтай холбогдуулан гаргасан тогтоол, шийдвэр болон өөрийн үйл ажиллагааны талаар нийтэд мэдээлж байна.
11 дүгээр зүйл.Хороо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, /тэмдэг/, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
12 дугаар зүйл. Хороо нь Үнэт цаасны тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна:
1/үнэт цаасны тухай хууль тогтоомжийг үнэт цаасны зах зээлд оролцогчдоос хэрэгжүүлж байгаа байдал, үр дүнг судлан, боловсронгуй болгох талаар саналаа боловсруулж зохих журмын дагуу шийдвэрлүүлэх;
2/үнэт цаасны зах зээлийн талаар эрх хэмжээнийхээ дотор гаргасан журмыг хэрэгжүүлэх, аргачлал, заавар боловсруулах, сургалт явуулах ажлыг удирдан зохион байгуулах;
3/хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал, түүний мөрөөр авсан арга хэмжээний тухай цаг тухайд нь олон нийтэд мэдээлж байх;
4/үнэт цаасны зах зээлийн талаар тухайн жилд явуулах бодлого, үндсэн чиглэлийг Улсын Их Хуралд танилцуулах;
5/санхүү бүртгэл, хяналт шалгалтын ажлын мэдлэг туршлагатай хүмүүсийг сонгон авч үнэт цаас гаргагчийн тайлан тэнцэл, санхүүгийн бусад үйл ажиллагаанд шалгалт хийлгэх, тэдэнд зохих урамшил олгох;
6/үнэт цаас өмчлөгчдийн цөөнхийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах
13 дугаар зүйл.
1.Хорооны ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Гишүүдийн олонхи оролцсоноор хорооны хуралдаан хүчин төгөлдөр болно.
2.Хорооны дарга, гишүүд хуралдаанд таслах эрхтэй оролцоно. Асуудлыг хуралдаанд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.
3.Хороо тогтоол гаргана. Тогтоолд дарга гарын үсэг зурна
4.Хуралдааныг ажлын шаардлагаар,эсхүл хорооны даргын санал, гишүүдийн олонхи шаардсанаар хийнэ.
14 дүгээр зүйл.
1.Хорооны дарга дараахь эрх үүрэгтэй байна:
1/Хорооны ажлыг удирдан зохион байгуулах;
2/хуралдааны бэлтгэлийг хангуулж, хуралдааныг даргалах;
3/хорооны нэрийн өмнөөс бусад байгууллагатай харилцаж хороог дотоод, гадаадад төлөөлөх;
4/батлагдсан төсвийг захиран зарцуулах;
5/ажилтнуудын ажил үүргийн хуваарийг баталж мөрдүүлэх;
6/дотоод ажлын хүрээнд хамаарах асуудлаар тушаал гаргаж, биелэлтийг хангуулах;
7/ батлагдсан төсөвт багтааж, орон тооны бус гишүүдэд урамшил олгох асуудлыг шийдвэрлэх.
2.Хорооны даргын эзгүйд түүнийг Хорооны шийдвэрээр аль нэг гишүүн орлон ажиллана.
3.Хорооны даргын цалинг Улсын Их Хурал тогтооно.
15 дугаар зүйл.
Хорооны гишүүн нь:
1.Ажил үүргийн хуваарьт заасан үүргээ биелүүлэхээс гадна Хорооны шийдвэрээр тодорхой ажил үүргийг гүйцэтгэнэ.
2.Хорооны гишүүн нь Хорооны зөвшөөрөл бүхий хөрөнгийн биржийн буюу үнэт цаасны худалдаа, арилжаанд хувийн сонирхлоор хандахыг хориглоно.
16 дугаар зүйл
1.Хорооны дарга, гишүүд, орон тооны ажилтан; үнэт цаас өмчилж байгаагаа Хороонд тухай бүр мэдээлэх үүрэгтэй.
2.Хорооны дарга, гишүүд компаниас гаргасан үнэт цаас.ны хяналтын хувийг өмчилж байгаа бол тэдгээр нь тухайн компанитай холбогдолтой аливаа шийдвэр гаргахад таслах эрхтэй оролцохгүй.
17 дугаар зүйл.Хяналт шалгалтын ажлын зохих туршлагатай өндөр мэдлэг дадлагатай, итгэл найдвар хүлээх боломжтой ажилтанд Хорооноос үнэт цаасны гүйлгээний хяналтын улсын байцаагчийн эрх олгож болно.
18 дугаар зүйл.Үнэт цаасны гүйлгээний хяналтын улсын байцаагч үнэт цаасны тухай хуулийн хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна:
1/үнэт цаасны холбогдолтой бүртгэл хөтлөх, мэдээ, тайлан гаргах ажлыг үнэт цаас гаргагч болон үнэт цаасны зах зээлд оролцогч этгээдүүд тогтоосон хугацаанд гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авах;
2/үйлчилгээний хураамжийг холбогдох этгээд хуулийн дагуу төлж байгаа эсэхийг шалгах;
3/үнэт цаас гаргах, нийтэд санал болгож худалдах, арилжих, түүний төлбөр тооцоог хийх, хадгалах зэрэгтэй холбогдсон гүйлгээнд баримтын шалгалт хийх.
19 дүгээр зүйл.Улсын байцаагч үнэмлэхтэй байх бөгөөд хувийн тэмдэг, торгуулийн хуудас хэрэглэнэ.
20 дугаар зүйл.Үнэт цаасны гүйлгээний хяналтын улсын байцаагч нь албаны үйл ажиллагааг буруу явуулсан бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
21 дүгээр зүйл.Улсын байцаагчийн үйл ажиллагааны талаар үнэт цаас гаргагч, үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд болон сонирхогч бусад этгээд гомдлоо Хороонд болон шүүхэд гаргаж болно. Хороо гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор барагдуулж, хариу өгнө.
------оОо-------
Текст томруулах
A
A
A