- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ДҮРЭМ
Монгол Улсын Их Хурлын 2002 оны 5 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ДҮРЭМ
1. Монгол Улсын Их Хурлын ажлын алба нь Тамгын газар байна. Тамгын газар нь Улсын Их Хурал, түүний гишүүд, Байнгын болон дэд, түр хорооны /цаашид "Байнгын болон бусад хороо" гэх/ үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, тэдгээрийг ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй.
2. Тамгын газар үйл ажиллагаандаа Монгол Улсын Их Хурлын тухай хууль, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон ажиллана.
3. Тамгын газрын ажлыг Улсын Их Хурлаас томилсон Ерөнхий нарийн бичгийн дарга /цаашид "Ерөнхий нарийн бичгийн дарга" гэх/ удирдана. Ерөнхий нарийн бичгийн дарга Тамгын газрын үйл ажиллагааг Улсын Их Хурлын өмнө бүрэн хариуцна.
4. Тамгын газар үйл ажиллагаагаа явуулахдаа хуулийг дээдлэн хүндэтгэх, ил тод байх, төрийн албаны ёс зүйн зарчмыг баримтална.
5. Тамгын газар Улсын Их Хурлаас баталсан төсөвт зардлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
6. Тамгын газар нь хуулийн этгээд мөн бөгөөд тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
7. Тамгын газар Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаанд гүйцэтгэх ажлын хэтийн төлөвлөгөөтэй байна. Энэ төлөвлөгөөг Улсын Их Хурлын дарга батална. Жил, улирлын төлөвлөгөөг Ерөнхий нарийн бичгийн дарга батална.
8. Тамгын газар өөрийн үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд жил бүр танилцуулна.
Хоёр.Тамгын газрын үүрэг, эрх
1. Тамгын газар Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу дараахь үндсэн үүрэг гүйцэтгэнэ:
1/ Улсын Их Хурал, Байнгын болон бусад хороо, ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөлгөө өгөх, туслалцаа үзүүлэх;
2/ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх, батлагдсан хууль, бусад шийдвэрийг хэлбэржүүлэн гаргах, нийтлэх ажиллагааг зохион байгуулан хэрэгжүүлэх;
3/ Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар Байнгын болон бусад хороо, Улсын Их Хурлаас шаардлагатай гэж үзсэн асуудлаар судалгаа хийж, үр дүнг хүргүүлэх, тодорхой хуулийн хэрэгжилтээр мэдээллийн сан /эх үүсвэрийг/ бүрдүүлэх;
4/ Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан Байнгын болон бусад хорооны хуралдаан, ажлын хэсгийн үйл ажиллагааны зохион байгуулалт, техникийн бэлтгэл, чуулганы хэвийн ажиллах нөхцөлийг хангах, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан, Байнгын болон бусад хорооноос гаргасан шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэдэд сурталчлах;
5/ хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь Улсын Их Хурал, Байнгын болон бусад хороо, ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх;
6/ Улсын Их Хурлаас олон нийттэй харилцах үйл ажиллагааг зохион байгуулж хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд санал авах, Улсын Их Хуралд иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг нэгтгэж Улсын Их Хурлын чуулганд мэдээлэх, шийдвэрлүүлэх, парламентын музейн байнгын ажиллагааг хангах;
7/ Улсын Их Хурлын гишүүдээс сонгогчидтойгоо уулзах, тэдний санал, хүсэлтийг судлан үзэх ажлыг зохион байгуулахад туслалцаа үзүүлэх;
8/ Улсын Их Хурал, Монголын парламентын бүлгэм, Тамгын газрын шугамаар гадаад орнуудын хууль тогтоох дээд байгууллага, тэдгээрийн Тамгын газар, Олон улсын парламентын холбоо болон олон улсын бусад байгууллагатай харилцах асуудлыг эрхэлж, гадаад оронд айлчлах, гадаадаас ирэх төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэл хангах;
9/ Улсын Их Хурлын чуулган, Улсын Их Хурлын гишүүний ажлын зөвлөлгөөний тэмдэглэл хөтөлж, түүнийг ашиглах, хадгалах ажлыг эрхлэн явуулах, Улсын Их Хурал, Тамгын газрын бичиг хэрэг, архивын үйл ажиллагааг хөтлөн явуулах, чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотой баримт бичгийг олшруулан тараах ажлыг эрхлэн гүйцэтгэх;
10/ Улсын Их Хурал, Тамгын газарт ашиглагдаж байгаа мэдээллийн хэрэгсэл, компьютерийн гадаад, дотоод сүлжээ, теле сүлжээ, санал хураах систем болон бусад тоног төхөөрөмжийн байнгын найдвартай ажиллагаа, техникийн шинэчлэлийг хангах;
11/ Улсын Их Хурал, Тамгын газар, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн аж ахуй, санхүүг хөтлөн явуулах, төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах;
12/ Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнуудын ажиллах нөхцөл, ахуй хангамжтай холбоотой асуудлыг судалж шийдвэрлэх;
13/ Улсын Их Хурал, Байнгын болон бусад хороо, Улсын Их Хурлын гишүүдийн үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн байгууллага болон иргэдэд мэдээлж, сурталчлах;
14/ Улсын Их Хурал, Улсын Их Хурлын гишүүдийг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;
15/ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрээр даалгасан болон Улсын Их Хурлын удирдлагаас өгсөн бусад үүргийг биелүүлэх;
16/ Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан санал, асуулт, асуулгыг нь хэрэгжүүлэх, шийдвэрлэхэд нь туслалцаа үзүүлэх.
2. Тамгын газар нь дор дурдсан эрх эдэлнэ:
1/ Улсын Их Хурлын үйл ажиллагаанд шаардагдах мэдээ, материал, улс орны нийгэм-эдийн засаг, хөгжлийн хөтөлбөрт холбогдох танилцуулга, судалгаа, тооцоо, мэргэжлийн албаны дүгнэлтийг бусад байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах;
2/ Улсын Их Хурал, Байнгын болон бусад хорооноос өгсөн үүрэг, ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан саналын дагуу тодорхой асуудлаар судалгаа хийх, санал, дүгнэлт боловсруулахад мэргэжлийн байгууллага, хүмүүсийг татан оролцуулах;
3/ Улсын Их Хурал, Байнгын болон бусад хорооны даалгавраар хуулийн хэрэгжилтийн явцтай газар дээр нь танилцах;
4/ Улсын Их Хурал, Байнгын болон бусад хорооны үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, Улсын Их Хурлын удирдлага, холбогдох Байнгын болон бусад хороонд танилцуулах;
5/ Улсын Их Хурал үйл ажиллагаагаа явуулахад нь зайлшгүй шаардагдах үйлчилгээ /тухайлбал, техник хэрэгсэл, шуудан холбоо, тээвэр, орон байр зэрэг/-г найдвартай бэлэн байлгах асуудлаар төрийн холбогдох байгууллагуудаас шаардах;
6/ Улсын Их Хурлаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын ажлын алба, холбогдох бусад төрийн ба төрийн бус байгууллагатай харилцан ажиллах;
7/ хууль тогтоомжоор олгосон бусад эрх.
Гурав. Тамгын газрын удирдлага
1. Тамгын газар нь Ерөнхий нарийн бичгийн дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга, нарийн бичгийн даргатай байна.
2. Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/ Тамгын газрын үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангаж, өдөр тутмын ажлыг уялдуулан зохицуулна;
2/ Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан даргалагчид хууль, дэгийн асуудлаар зөвлөх;
3/ Улсын Их Хурал, Байнгын болон бусад хороодын хуралдааны тэмдэглэл, гаргасан шийдвэрийг эрх зүйн хувьд хэлбэржүүлэх;
4/ Тамгын газрын хүний нөөцийн асуудлаар бодлого боловсруулж, ажилтнуудыг томилох, чөлөөлөх;
5/ Улсын Их Хурлаас олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах;
6/ Улсын Их Хурлын төсвийн төслийг бэлтгэх, төсвийг зарцуулах;
7/ Тамгын газрын захиргаа, санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх;
8/ Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Их Хурлын тамгыг хадгалах.
3. Тамгын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нь эрхлэх асуудлын хүрээний аль нэг хэлтсийн даргын үүргийг давхар хариуцна.
4. Тамгын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нь /цаашид "Нарийн бичгийн дарга" гэх/ өөрийн эрхэлсэн ажлын чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтантай Тамгын газрыг төлөөлөн харилцаж болно.
5. Сонгуулиар Улсын Их Хурлын бүрэлдэхүүн өөрчлөгдөх нь Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг өөрчлөх үндэслэл болохгүй.
6. Нарийн бичгийн дарга нь ажлаа Ерөнхий нарийн бичгийн даргын өмнө хариуцна.
Дөрөв. Тамгын газрын зохион байгуулалт
1. Тамгын газар нь эрхлэх асуудлынхаа хүрээнд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн бүтэцтэй байна:
1/ Хуулийн хэлтэс;
2/ Хяналт шалгалтын хэлтэс;
3/ Захиргаа, олон нийттэй харилцах хэлтэс;
4/ Гадаад харилцааны хэлтэс;
5/ Санхүү, үйлчилгээний хэлтэс.
2. Хэлтсүүдийн харьяалалд дараахь албад ажиллана:
1/ Хуулийн хэлтэст- Хуралдаан зохион байгуулах алба;
2/ Захиргаа, олон нийттэй харилцах хэлтэст- Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн алба;
3/ Санхүү, үйлчилгээний хэлтэст- Техник ашиглалтын алба.
3. Ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан Тамгын газрын үндсэн бүтцэд өөрчлөлт оруулахгүйгээр батлагдсан төсөвтөө багтаан Ерөнхий нарийн бичгийн дарга Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн ажлын нэгж алба байгуулж болно.
4. Хэлтсүүдийн үндсэн чиг үүрэг:
1/ Хуулийн хэлтэс нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль, бусад шийдвэрийн төслийн бүрдлийг хянах, Улсын Их Хурлын гишүүний санаачлах төслийг боловсруулах, Улсын Их Хурлаар хэлэлцэх хууль, бусад шийдвэрийг Үндсэн хууль, бусад хуультай нийцүүлэх, уялдуулах, хууль зүйн дүгнэлт өгөх, энэ асуудлаар Улсын Их Хурал, Байнгын болон бусад хороо, Улсын Их Хурлын удирдлага, гишүүд, ажлын хэсгээс өгсөн үүрэг, тавьсан саналыг хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн зөвлөлгөө, туслалцаа үзүүлэх, нэгдсэн хуралдаан, Байнгын болон бусад хорооны хуралдаанд хууль зүйн болон дэгийн асуудлаар зөвлөх, баталсан хууль, бусад шийдвэрийн эцсийн найруулга хийж Улсын Их Хуралд танилцуулах, хууль тогтоомжийг системчлэх, лавлагаа, мэдээллээр хангах;
2/ Хяналт шалгалтын хэлтэс нь Улсын Их Хурал, Байнгын болон бусад хорооноос хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд болон улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилт, Улсын төвлөрсөн төсвийн төсөл, түүний тодотгол, гүйцэтгэл, төрийн мөнгөний бодлогыг хэлэлцэн батлах, гүйцэтгэлд хяналт тавихад мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, Улсын Их Хурлын гишүүдээс Засгийн газар, бусад байгууллагын эрх баригчдад тавих асуулт, асуулгыг боловсруулах, түүний биелэлтэд хяналт тавих, Засгийн газрын мэдээллийг зохион байгуулах;
3/ Захиргаа, олон нийттэй харилцах хэлтэс нь Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүдийн туслах, бие төлөөлөгч-туслахын хөдөлмөрийн харилцаатай холбогдон гарах үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, Улсын Их Хурал, Байнгын болон бусад хорооны үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод байлгах, нийтэд мэдээлэх, сурталчлах, Улсын Их Хурлын гишүүдээс иргэдийн өргөдөл, санал, гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх, мэдээлэл, лавлагаагаар хангах, Улсын Их Хурал, Тамгын газрын бичиг хэрэг, номын сан, архивын үйл ажиллагааг хөтлөн явуулах, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан, Байнгын болон бусад хорооны хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөх, хэвийн үйл ажиллагааг хангах;
4/ Гадаад харилцааны хэлтэс нь Улсын Их Хурал, Монголын парламентын бүлгэм, болон Тамгын газраас гадаад орнуудын хууль тогтоох дээд байгууллага, тэдгээрийн нарийн бичгийн дарга нарын газар, Олон улсын парламентын холбоо, парламентын бүлгүүд, олон улсын бусад байгууллагатай харилцах асуудлыг холбогдох хууль тогтоомж, байгуулсан гэрээ, хэлэлцээр, тохиролцооны үндсэн дээр зохион байгуулах;
5/ Санхүү, үйлчилгээний хэлтэс нь Улсын Их Хурлын төсвийн төлөвлөгөө, санхүү, төсвийн холбогдолтой асуудлаар Улсын Их Хурал, Тамгын газарт мөрдөгдөх эрх зүйн актыг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах, байгууллагын эд хөрөнгө, техникийн ашиглалт, тэдгээрийн шинэчлэлийг хариуцах, Улсын Их Хурал хэвийн ажиллах, Улсын Их Хурлын гишүүдийн ажиллах нөхцөл, нийгмийн асуудлаар чиглэл боловсруулж хэрэгжүүлэх, Улсын Их Хурал, Тамгын газрын төсөв, санхүү, тайлан бүртгэл, техник хангамж, аж ахуйн хангалт, үйлчилгээг зохион байгуулах;
5. Тамгын газрын хэлтэс, албаны эрхлэх ажил, тэдгээрийн ажлын зохион байгуулалтын зарчмыг дотоод журмаар нарийвчлан тогтооно. Тамгын газрын дотоод журмыг Ерөнхий нарийн бичгийн дарга батална.
6. Ерөнхий нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд зөвлөх үүрэг бүхий Тамгын газрын удирдлагын зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах чиг үүргийг Ерөнхий нарийн бичгийн дарга тогтооно.
7. Тамгын газрын хэлтэс ажлаа Ерөнхий нарийн бичгийн дарга болон шууд харьяалах Нарийн бичгийн даргын өмнө хариуцна.
8. Хэлтсийн дарга нь бусад хэлтсийн даргатай ажил төрлийн шууд холбоотой ажиллаж, үйл ажиллагаагаа Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн даргаар уламжлан уялдуулан зохицуулна.
9. Тамгын газарт ажиллаж байгаа албан хаагчид нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан тушаалд тавих шаардлага хангасан, төрийн мэргэшсэн албан хаагчид байх ба төрийн ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын дэг журмыг сахиж, гагцхүү хуулийн хүрээнд ажиллах зарчмыг баримтална.
10. Тамгын газрын албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, чиг үүргийг Ерөнхий нарийн бичгийн дарга батална.
11. Улсын Их Хурлын гишүүний санал, хөдөлмөрийн гэрээг үндэслэн Ерөнхий нарийн бичгийн дарга Улсын Их Хурлын гишүүний бие төлөөлөгч, туслахыг томилж, чөлөөлнө.
12. Улсын Их Хурлын даргын ажлын хэсэг нь бүтцийн хувьд Тамгын газарт харьяалагдана.
---------оОо---------
Текст томруулах
A
A
A