- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- БАНКНЫ ХУВЬЧЛАЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Монгол Улсын Их Хурлын 1999 оны 54 дүгээр тогтоолын хавсралт
БАНКНЫ ХУВЬЧЛАЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
БАНКНЫ ХУВЬЧЛАЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
1.Энэ баримт бичиг нь төрөөс банкны хувьчлалын талаар баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлно.
2.Банкны хувьчлал нь Монгол Улсын эдийн засгийн шинэчлэлийн салшгүй хэсэг бөгөөд түүний зорилго нь санхүүгийн чөлөөт эх үүсвэрийг үр ашигтай хуваарилан улс орны эдийн засгийн өсөлтийг хангах чадвар бүхий зах зээлийн зарчимд үндэслэсэн бүтэцтэй, тогтвортой, найдвартай үйл ажиллагаа бүхий банкны тогтолцоог бүрдүүлэхэд оршино.
3. Энэ Үндсэн чиглэлд "Банкны хувьчлал" гэдэгт төрийн өмчит банк, төрийн өмчийн оролцоотой банкин дахь төрд ногдох хувьцаа, ногдол хувийг холбогдох хууль тогтоомж, энэ Үндсэн чиглэлийн хүрээнд хувийн хөрөнгө оруулагчдад худалдах замаар хувийн өмчид шилжүүлэхийг ойлгоно.
4. Энэ Үндсэн чиглэлд "Стратегийн хөрөнгө оруулагч" гэдэгт банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг, нэр хүнд бүхий гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ойлгоно.
5.Банкны хувьчлалыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, энэ Үндсэн чиглэл, түүний хүрээнд Засгийн газраас батлах Банкны хувьчлалын хөтөлбөр, холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ.
6.Хувьчлалд хамрагдах зарим томоохон банкуудын санхүү, төлбөрийн чадвар муудаж, тэдний хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж байгааг харгалзан банкны хувьчлалыг банкны үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад түлхүү чиглүүлнэ.
7.Банкны хувьчлалыг хэрэгжүүлснээр улсын эдийн засгийн аюулгүй байдал, банкны системийн найдвартай ажиллагааг хангаж, хадгаламж эзэмшигчид болон харилцагчдын эрх ашгийг хохироохгүй байна.
8.Банкны хувьчлалыг энэ Үндсэн чиглэлийн 5-д заасан эрх зүйн баримт бичгийн хүрээнд ил тод хэрэгжүүлнэ.
9.Банкийг стратегийн хөрөнгө оруулагчдад хувьчлах зарчмыг тэргүүн зэрэгт тавина.
10.Төрийн өмчийн хувьцааг багцалж худалдаж болох бөгөөд хөрөнгийн төвлөрлийг бий болгох зарчмыг баримтална.
11.Банкны хувьчлалаас улсын төвлөрсөн төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрэн дайчилна.
12.Банкны хувьчлалын үр дүнд дараахь нөхцөлүүд хангагдсан байвал зохино:
1/ банкны удирдлагын ур чадвар, үр ашиг дээшилсэн байх;
2/ банкны өөрийн хөрөнгө нэмэгдэж, санхүү, төлбөрийн чадвар дээшилж, тогтвортой үйл ажиллагаа нь хангагдсан байх;
3/ банкны үйлчилгээ сайжирч, тэдэнд үйлчилгээний шинэ технологи, арга барилыг нэвтрүүлсэн байх.
13.Банкны дүрмийн санд төрөөс шууд болон шууд бус /төрийн өмчийн үйлдвэрийн газруудаас оруулсан хувь хөрөнгө/ хэлбэрээр оруулсан хувь хөрөнгө, түүнийг ашигласнаас бий болсон хуримтлагдсан ашиг, байгуулсан тусгай сангуудын үлдэгдэл хөрөнгийг оруулан тооцож хувьчлалд хамруулна. Шаардлагатай гэж үзвэл банкны үндсэн хөрөнгийг дахин үнэлж, дахин үнэлгээний сан байгуулан хувьчилж болно.
14.Төрийн өмчийн оролцоотой банкуудын дүрмийн сан дахь төрд ногдох хэсгийг нарийвчлан тогтоож хувьчлалд хамруулна.
15.Энэ Үндсэн чиглэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай Монгол Улсын хуульд заасны дагуу Засгийн газар Монголбанктай зөвшилцөн "Банкны хувьчлалын хөтөлбөр"-ийг баталж мөрдүүлнэ.
16.Банкны хувьчлалын хөтөлбөрт хувьчлалд хамрагдах банкуудын жагсаалт, хувьчлах арга, хэлбэр, үе шатыг тодорхой заасан байх ба тухайн банкны санхүү, төлбөрийн чадвар болон холбогдох бусад үзүүлэлтүүдийг харгалзан хувьчлах арга, хэлбэр, нөхцөл, үе шат, хувьчлалд хамрагдах хугацааг ялгавартай тогтоож хэрэгжүүлнэ.
17.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34.1-д заасан төрийн өмчийг хувьчлах аргуудаас уралдаант шалгаруулалт, төрийн өмчийн хувьцаа, хувь хөрөнгийг худалдах, хуулийн этгээдийг хамтарсан хэлбэрээр зохион байгуулах зэрэг аргуудыг дангаар нь буюу хослуулан хэрэглэх замаар банкийг хувьчилна.
18.Хувьчлалд хамрагдах төрийн өмчийн банкийг компаний хэлбэрт оруулан зохион байгуулж түүний хувьцаа болон, төрийн өмчийн оролцоотой банкин дахь төрд ногдох хувьцаа, ногдол хувийг худалдах доод үнийг тогтоох журмыг Засгийн газар Монголбанктай зөвшилцөн батлах бөгөөд шаардлагатай гэж үзвэл үнэ тогтоох шинжээчдийн хэсгийг Засгийн газар томилж ажиллуулна.
19.Банкны хувьчлалын хөтөлбөрийг боловсруулах, хувьчлалыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулж ажиллуулна.
20.Банкны хувьчлалын ажлыг зохион байгуулахад нэр хүнд бүхий гадаадын зөвлөх компаниас хөрөнгө оруулалтын зөвлөх, зуучлагчийг авч ажиллуулж болно.
21.Төрийн өмчийн хувьцаа, ногдол хувийг худалдах үнэ нь сонгон шалгаруулалтын явцад хөрөнгө оруулагчдын эрэлтээс хамаарч тогтоогдох бөгөөд хувьчлах доод үнээс доогуур үнээр хувьчилж болохгүй.
22.Банкны үйл ажиллагааг сайжруулахад ажилчдын идэвхи санаачлагыг өрнүүлэх, тэдэнд өмчлөгчийн материаллаг сонирхол төрүүлэх зорилгоор худалдах нийт хувьцааны тодорхой хэсгийг ажилчдад худалдаж болно.
23.Иргэдийн хадгаламж төвлөрч байгаа төрийн өмчийн Хадгаламжийн банкийг хадгаламжийн даатгалын тогтолцоо бий болтол хувьчлалд хамруулахгүй.
24.Төлбөрийн чадваргүй болсон төрийн өмчийн Сэргээн босголтын банк, төрийн өмчийн оролцоотой Хөрөнгө оруулалт, технологи шинэчлэлийн банк, Хөдөө аж ахуйн банк, төлбөрийн чадвар нь муудаж байгаа Экспорт Импорт банкууд дахь төрийн өмчийн хувьцаа, ногдол хувийг сонгон шалгаруулалтын эхний үе шатанд стратегийн хөрөнгө оруулагчдад шилжүүлэх зорилт тавина. Хэрэв сонирхогч стратегийн хөрөнгө оруулагч тодрохгүй бол хоёр дахь үе шатанд сонирхсон бусад хөрөнгө оруулагчдад хувьчилна.
25.Төлбөрийн чадваргүй банкуудыг хувьчлах арга хэмжээ нь тэдний бүтцийн өөрчлөлтийн үр дүн, хөрөнгө оруулагчдын эрэлтээс хамаарч хэрэгжинэ.
26.Төлбөрийн чадваргүй банкуудыг худалдан авах хөрөнгө оруулагч тодорвол тухайн банкны үйл ажиллагааг цаашид тогтворжуулах зорилтыг тэргүүн зэрэгт тавьж, харин төрийн өмчийн хувьчлалаас төсөвт орох орлогыг харгалзах үзүүлэлт болгохгүй байж болно.
27.Хөрөнгө оруулагчид банкны үйл ажиллагаанд мөрдөж буй хууль тогтоомжийг чанд мөрдөж, банкны ашигт ажиллагааг хангаж өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг цаашид тогтвортой байлгах, санхүү, төлбөрийн чадварын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол биелүүлж ажиллах талаар төрийг төлөөлж Монголбанк, хөрөнгө оруулагчидтай дунд хугацааны /3-5 жилийн/ гэрээ байгуулж ажиллана.
28.Төлбөрийн чадваргүй, алдагдалтай ажиллаж байгаа банкуудад хөрөнгө оруулагч тодрохгүй бол тэдний алдагдлыг зогсоож харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилгоор Банкны тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу татан буулгах хүртэл шаардлагатай арга хэмжээ авна.
29.Төрийн өмчийн Сэргээн босголтын банк, Хадгаламжийн банкны иргэдийн хадгаламжийг төр эрсдэлээс бүрэн хамгаална.
30.Банкны хувьчлалд тавих хяналтын тогтолцоог сайжруулах зорилгоор банкны дүрмийн сангийн бүтэц, Банкны хувьчлалын хөтөлбөр /хувьчлах банкны жагсаалт, үе шат, зорилт, гарах үр дүн, хувьчлах хугацаа, үнэ/- ийн талаар Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Банкны салбарт бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөх эрх бүхий зохицуулах зөвлөлд танилцуулна.
--------о О о ---------
Текст томруулах
A
A
A