A

A

A

Бүлэг: 1979

Улсын Их Хурлын 199З оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 40-р тогтоолын хавсралт

/Энэ тогтоолыг Улсын Их Хурлын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТАНГАРАГ

ӨРГӨХ ЁСЛОЛЫН ЖУРАМ

 

Монгол Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргасны дараа Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас товлон тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө.

 

            Нэг. Тангараг өргөх ёслолын бэлтгэл

 

1.Төрийн ордны Их танхимын тайзны гүнд хөх цэнхэр дэвсгэр дээр Монгол Улсын Төрийн сүлд залж, түүний дэргэд баруун гар талд Монгол Улсын төрийн далбааг байрлуулсан байна. Төрийн далбааны дэргэд ам дөрвөлжин цагаан эсгий дэвсэж, хоёр талд Монгол Улсын төрийн ёслолын хүндэт харуулын цэрэг зогссон байна.

 

Их танхимын тайзны баруун гар талд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад зориулсан ширээ, сандал, Их танхимын тайзны зүүн гар талд Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад зориулсан ширээ, сандал, Их танхимын тайзны голд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөж, үг хэлэх индэр, тайзны зүүн, баруун жигүүрт Улсын Их Хурлын гишүүдийн суух сандлыг хивсэн дээр тус тус байрлуулсан байна.

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

/Энэ заалтыг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

 

2.Их танхимын тайзны голд байрлуулсан индэр дээр Үндсэн хуулийн уг эх хувь, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид зориулсан ширээн дээр Ерөнхийлөгчийн тангараг бичиг, гарын үсэг зурах үзэг болон бэх тавьсан байна

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

З.Тангаргын хавтасны гадна нүүрний дээд хэсэгт Төрийн сүлдийг алтлаг өнгөөр дүрсэлж, шил талд нь "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг" гэсэн үгийг монгол үсгээр, доод хэсэгт кирилл үсгээр тус тус дармалсан байна. Хавтасны дотор талын эхний нүүрэнд "Алтан соёмбо" үсэг зурж, нөгөө нүүрэнд Ерөнхийлөгчийн тангаргыг монгол, кирилл үсгээр гүн хөх өнгөөр гоёмсог хэвлэсэн байна.

 

4.Их танхимд Зэвсэгт хүчний ерөнхий штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим байрласан байна.

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

 

 

5.Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Ерөнхий прокурор болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтан, улс төрийн намын удирдлага болон хэвлэл, мэдээллийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, зочдыг урьсан байна.

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

 

            Хоёр. Тангараг өргөх ёслол

 

6.Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ажиллагааг нээж "Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө" хэмээн зарлан мэдэгдэнэ.

 

7.Ийнхүү зарламагц Ерөнхийлөгч Тамгын газрын даргыг, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан Их танхимын тайзнаа хүрэлцэн ирж, журмын Нэгийн 1 дэх заалтад заасан ширээний ард зогсоно. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч ийнхүү хүрэлцэн ирэхдээ Төрийн тамгыг залж авчран ширээн дээр тавина. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч монгол үндэсний хувцастай байна.

 

Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагааны үед Төрийн тамгыг хамгаалах үүргийг Төрийн ёслолын хүндэт харуулын дарга гүйцэтгэнэ.

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

/Энэ заалтыг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

 

8.Ерөнхийлөгч индэрт гарч Үндсэн хуулийн уг эх хувь дээр баруун гараа тавиад тангаргийг цээжээр дээдлэн дуудаж, ширээнээ эргэн очиж тангарагт гарын үсгээ зурна. Дараа нь Улсын Их Хурлын даргад тангараг бичгээ гардуулна. Ийнхүү тангараг бичгээ гардуулсны дараа Төрийн далбааны дэргэд очиж ам дөрвөлжин цагаан эсгий дээр зүүн өвдөг сөгдөн Төрийн далбаанаас адис авна.

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

9.Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа Төрийн тамгыг хадаг /нанжвандан/ дээр залж, шинэ Ерөнхийлөгчид хүндэтгэлтэйгээр өргөн барина. Шинэ Ерөнхийлөгч Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардан авч, адислан ширээн дээрээ зална.

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

/Энэ заалтыг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаар тогтоолоор нэмсэн/

10.Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан тайзнаа хүрэлцэн ирж өөрт нь зориулсан ширээний ард зогсоно.

/Энэ заалтад Улсын Их Хурлын 1997 оны 44 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

 

11.Бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болсон Ерөнхийлөгчийн оронд сонгогдсон Ерөнхийлөгчид Төрийн тамгыг Улсын Их Хурлын дарга энэ журмын Хоёрын 9 дэх заалтад заасны дагуу гардуулан өгнө.

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

 

12.Ерөнхийлөгч улиран сонгогдсон тохиолдолд Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа дагуулан Их танхимын тайзнаа хүрэлцэн ирж энэ журамд заасны дагуу тангараг өргөнө.

 

Ерөнхийлөгч улиран сонгогдсон тохиолдолд ажил хүлээлцэх, Төрийн тамгыг гардуулах ёслол үйлдэхгүй.

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

13.Тангараг өргөсөн Ерөнхийлөгч Төрийн тамгыг ширээн дээрээ залмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид баяр хүргэж, хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ. Төрийн дуулал эгшиглэж байхад ёслолын ажиллагаанд оролцож байгаа бүх хүн босож зогсоно.

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

14.Төрийн дуулал эгшиглэсний дараа иргэдийн төлөөлөл баяр хүргэж үг хэлсний дараа ахмад хүн хадаг, мөнгөн аягтай сүүг Ерөнхийлөгчид барина. Ерөнхийлөгч хадаг, мөнгөн аягатай сүүг хүлээж аваад Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж индэрт үг хэлнэ.

 

Ерөнхийлөгч үг хэлж дуусмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгч тангараг өргөн ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэнэ.

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

 

15.Үүний дараа Ерөнхийлөгч Төрийн ордон дахь Монгол Улсын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэл үзүүлж адис авна.

 

Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан Ерөнхийлөгчийн өргөөнд хүрэлцэн ирж, ажил хүлээлгэн өгөх ёслол болно.

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тогтоолоор нэмсэн/

           

16.Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагааг Монголын радио, телевизээр орон даяар нэвтрүүлнэ.

/Энэ заалтын дугаарт 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтын дугаарт 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

 

            16.Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч ажил хүлээлгэн өгөх ёслолын дараа Төрийн тамгыг хадаг /нанжвандан/ дээр залж Ерөнхийлөгчид хүндэтгэлтэйгээр өргөн барина. Ерөнхийлөгч Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр түшиж адислан гардаж аваад ширээн дээр зална.

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тогтоолоор нэмсэн/

/Энэ заалтыг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

 

17.Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулж цэргийн ёслолын жагсаал явуулна.

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тогтоолоор нэмсэн/

/Энэ заалтыг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

 

 

------000------