A

A

A

Бүлэг: 1979
Улсын Их Хурлын 1995 оны 11 дүгээр тогтоолын хавсралт

ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ ТӨРИЙН БОДЛОГЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Улс орны эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явц, өмч хувьчлах ажлыг урам эрчимжүүлэн гүнзгийрүүлэх зорилгоор өмч хувьчлалын талаар баримтлах төрийн бодлогын үндсэн чиглэлийг дараахь байдлаар тодорхойлж байна:
1.Өмч хувьчлалын талаар баримтлах нэгдсэн бодлого, удирдлага, хяналт, зохицуулалтыг эрхлэх, төрийн өмчлөх эрхийг төлөөлөх бие даасан тогтолцоог бий болгох;
2.Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хийх хувьчлалыг дуусгаж, бэлэн мөнгөний арилжаанд шилжихийн зэрэгцээ цаашид хийх хувьчлалд дуудлага худалдаа, тендер зарлан төсөл шалгаруулах, хамтарсан үйлдвэр бий болгох, удирдлагын контракт /гэрээ/ байгуулах, алтан  хувьцааны зарчим хэрэглэх, өр зээлийг худалдах, төслийг санхүүжүүлэх зэрэг олон арга хэлбэрүүдийг хослон явуулж, энэ ажилд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, ажил хэрэгч хүмүүс, аж ахуйн нэгж, банк, санхүүгийн байгууллагуудыг оролцуулах;
3.Хувьчлалыг цаашдаа зөвхөн төрийн өмчийг хувийн секторт шилжүүлэх явцуу утгаар биш бүтцийн өөрчлөлт хийх, зах зээлийн харилцааны үндсэн механизм болох  өргөн утгаар авч үзэж, аж ахуйн үйл ажиллагаанд Засгийн газар /яам, орон нутгийн засаг захиргаа  ороод/-ын оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг өргөжүүлэх бүхий л үйл ажиллагааг хамруулан явуулах;
4.Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хийх хувьчлалыг бүрэн дуусгаж улсын үйлдвэрийн газрууд, төсвийн байгууллага, төрийн өмч оролцсон аж ахуйн нэгжүүдэд үлдсэн төрийн өмчийн зарим хэсгийг хувьчлах, тэдгээрийн дотоод өөрчлөн байгуулалт хийхэд туслах;
5.Үнэт цаасны хоёр дахь зах зээлийг нэн даруй эхлүүлж, банк санхүүгийн байгууллагуудын хувьчлалыг зах зээлийн харилцаанд нийцсэн санхүүгийн системийн тогтолцоог бий болгоход чиглүүлэх;
6.Улсын зарим үйлдвэрийн газар, обьект, төрийн мэдлийн хувьцааны тодорхой хэсгийг гадны хөрөнгө оруулагчдад худалдаж удирдлагын тэргүүний арга барил, шинэ техник, технологи нэвтрүүлэх арга зам болгон ашиглах;
7.Орон сууц хувьчлах ажлыг зохион байгуулалт, эрх зүйн бэлтгэлийг бүрэн хангасны үндсэн дээр явуулах;
8.Төрийн эзэмшилд байгаа ашиглалт муутай болон илүүдэлтэй  барилга байшин, улсын хэмжээнд байгаа дуусаагүй барилга байгууламжийг ашиглалтад оруулах үүднээс хөрөнгө оруулагч байгууллага, хүмүүст төсөл шалгаруулах замаар эзэмшүүлэх, худалдах;
9.Авто болон төмөр зам, эрчим хүч, холбоо, агаарын тээвэр зэрэг дэд бүтцийн салбарыг хувьчлахдаа төрийн өмчлөлд байх газрыг Улсын Их Хурлаас тогтоон өгч, нийгмийн ашиг сонирхол, эдгээр салбарын онцлогтой уялдуулан бүтцийн өөрчлөлт хийх, шударга өрсөлдөөн бий болгох чиглэлийг баримтлах;
10.Соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалах салбарт хийгдэж байгаа шинэчлэлтэй уялдуулан, менежментийг нь хувьчлах аргыг өргөн хэрэглэх, мөн бололцоотой зарим нэгжүүдийг хувьчлах, шударга өрсөлдөөн өрнүүлэх, шинээр хувийн хэвшлийн аж ахуй бий болгоход нь туслах;
11.Хувьчлагдсан аж ахуйн нэгжүүдийн өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэж, дотоод өөрчлөн байгуулалтыг хийж аж ахуй эрхлэх өнөөгийн аргад тохирсон удирдлагын тогтолцоо, хяналтын системийг бүрэлдүүлэн, үр ашгийг нь дээшлүүлэхэд чиглэгдсэн дэмжлэг туслалцааг сайжруулах.