- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭРГЭДЭХ БОДЛОГЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ДYРЭМ
Монгол Улсын Их Хурлын 2003 оны 37 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭРГЭДЭХ БОДЛОГЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ДYРЭМ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭРГЭДЭХ БОДЛОГЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ДYРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Бодлогын шинжилгээний төв нь /цаашид "Төв" гэх/ Монгол Улсад төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчилах үйл ажиллагаанд шинжлэх ухааны мэдээллээр үйлчлэх чиг үүрэг бүхий судалгаа, мэдээллийн байгууллага мөн.
2. Төв нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Yндсэн хууль, бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг баримтлан ажиллана.
3. Төв нь хуулийн этгээд мөн бөгөөд тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
4. Төв нь Улсын Их Хуралд ажлаа тайлагнана.
Хоёр. Төвийн эрх, үүрэг
5. Төв нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд дараахь эрх, үүрэгтэйгээр ажиллана:
1/ Монгол Улсын хөгжлийн эдийн засаг, нийгэм, улс төр, соёл, оюуны хүрээний тогтвортой суурь бодлого боловсруулахад шаардлагатай шинжлэх ухааны мэдээллээр төрд үйлчлэх;
2/ Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, тэдгээрийн харъяа байгууллагын бодлого боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар тодорхой захиалгыг үндэслэн судалгаа хийж, бүтээгдэхүүн нийлүүлэх, шаардлагатай мэдээлэл, лавлагаагаар үйлчлэх;
3/ аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх мэдлийн хүрээний бодлогын шинжтэй асуудлаар захиалга авч бүтээгдэхүүн нийлүүлэх;
4/ Монгол Улсын хөгжлийн бодлоготой холбогдох сэдвээр улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллагын захиалгыг үндэслэн дүрмийнхээ шаардлагад нийцсэн судалгаа явуулж, бүтээгдэхүүн нийлүүлэх;
5/ төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой эрдэм шинжилгээний байгууллагаас бодлого боловсруулахад шаардлагатай мэдээллийг гаргуулан авах, мэдээллийг түгээх ажлыг зохих журмын дагуу хэрэгжүүлэх;
6/ судалгаа, мэдээллийн бусад байгууллагатай гэрээний дагуу хамтран ажиллаж, мэдээлэл солилцох;
7/ бодлогын шинжилгээний мэдээллийн үндэсний хэмжээний нэгдсэн сүлжээ бий болгож ажиллуулах;
8/ олон улсын болон бүс нутгийн парламентын нэгдсэн сүлжээнд идэвхитэй оролцож, мэдээлэл солилцох;
9/ бодлого боловсруулахад шаардлагатай асуудлаар судалгаа хийлгэх зорилгоор мэргэжилтнийг сонгон шалгаруулж ажиллуулах;
10/ олон улсын болон үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцох;
11/ чиг үүргийнхээ хүрээнд зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах;
12/ Монгол Улсад үндэсний парламент судлалыг хөгжүүлэх, парламентын түүх бичлэг, мэдээллийн сан бүрдүүлэх;
6. Төвөөс нийлүүлэх бүтээгдэхүүний үндсэн хэлбэр нь захиалагчийн шаардлага хангасан судалгааны бүтээл, тайлан, зөвлөмж байна.
Гурав. Төвийн удирдлага, зохион байгуулалт
7. Төвийн удирдах байгууллага нь Удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөлийн тэргүүн нь Улсын Их Хурлын дарга байна.
8. Удирдах зөвлөлийг Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулна.
9. Удирдах зөвлөл нь дараахь бүрэлдэхүүнтэй байна:
1/ Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга;
2/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;
3/ Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;
4/ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
5/ Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл;
10. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд дараахь байгууллагын төлөөллийг оруулж болно:
1/ аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөл;
2/ аймаг, нийслэлийн Засаг даргын төлөөлөл;
3/ хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл;
4/ төрийн бус байгууллагын төлөөлөл;
5/ аж ахуйн нэгжийн төлөөлөл.
11. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хурал байна. Удирдах зөвлөлийн хурлыг хагас жилд 1-ээс доошгүй удаа хуралдуулна. Удирдах зөвлөлийн тэргүүний санаачлагаар буюу гишүүдийн гуравны нэгийн шаардсанаар Удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулж болно.
12. Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хурлыг хүчинтэйд тооцно. Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Санал хураалтыг илээр явуулна.
13. Удирдах зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ тэргүүний санал болгосноор Төвийн захирлыг 5 жилийн хугацаагаар томилох, хугацаанаас нь өмнө чөлөөлөх;
2/ Төвийн үйл ажиллагааны стратегийн /бизнес/ төлөвлөгөө, чиглэлийг тодорхойлох;
3/ Төвийн жилийн төсөв, бүтэц, орон тоо, үйл ажиллагааны тайланг хэлэлцэж батлах;
4/ захиалга авч гэрээ байгуулах үлгэрчилсэн журам батлах;
5/ Төвийн Эрдмийн зөвлөлийн ажиллах журмыг батлах;
6/ ивээн тэтгэгчдийн Зөвлөлдөх зөвлөлийн санал, үйл ажиллагааны журмыг тусган хэрэгжүүлэх;
7/ Төвийн ажиллах журмыг батлах;
8/ бусад асуудал.
14. Төвийн үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн зөвлөгөө өгөх үүрэг бүхий ивээн тэтгэгчдийн Зөвлөлдөх зөвлөл ажиллаж болно.
15. Төвийн захирлаар эрдэм шинжилгээний болон төрийн ажлын дадлага туршлагатай, эрдмийн зэрэг, цолтой хүн ажиллана.
16. Төвийн захирал нь дараахь эрх, үүрэгтэй:
1/ Төвийн үйл ажиллагааны ерөнхий менежментийг хэрэгжүүлж, ажил, үйлчилгээний чанар, үр дүнг Удирдах зөвлөлд хариуцан тайлагнах;
2/ захиалгыг үндэслэн байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг баталж, гүйцэтгэлийн хяналт тавих;
3/ Төвийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах, өөрчлөлт оруулах, дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх;
4/ Төвийн шинжээч, эрдэм шинжилгээний ажилтан, бусад ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлд хяналт тавих;
5/ Төвийг дотоод, гадаадад төлөөлөх;
6/ эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргах.
17. Дэд захирал нь Төвийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангаж ажиллана. Төвийг төлөөлж захиалагчтай гэрээ байгуулна.
18. Төв нь эрдэм шинжилгээний ажлын явц, үр дүнг хэлэлцэн дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий Эрдмийн зөвлөлтэй байна. Эрдмийн зөвлөлийн дарга нь Төвийн захирал байна.
19. Төвийн эрдэм шинжилгээний ажлын шуурхай удирдлага, зохион байгуулалтыг хариуцсан Эрдэмтэн нарийн бичгийн дарга ажиллана. Эрдэмтэн нарийн бичгийн дарга нь Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга байна.
20. Төвийн үндсэн нэгж нь эрдэм шинжилгээний суурь мэдээлэлд тулгуурлан үндэсний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн уялдан зохицсон залгамж, тогтвортой шинжийг хангахад шаардлагатай шинжлэх ухааны мэдээлэл бэлтгэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
Дөрөв. Төвийн санхүүжилт
21. Төв нь өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана.
22. Төвийн санхүүжилт нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
1/ төрийн болон төрийн бус байгууллагын захиалгат ажлын төлбөр;
2/ дотоод, гадаадын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох үйл ажиллагааны санхүүжилт;
3/ олон улсын болон гадаад орон, дэмжигч байгууллагын тусламж, хандив;
4/ судалгаа, сургалт, сурталчилгаа, мэдээлэл, лавлагааны чиглэлээр явуулсан өөрийн үйл ажиллагааны орлого;
5/ улсын төсвийн дэмжлэг.
-----------оОо-------------
Текст томруулах
A
A
A