- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монгол Улсын Их Хурлын 2002 оны 22 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монгол Улсын Их Хурлын эрхэм зорилго:
Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, Монголын ард түмний засаглах эрхийг хангах нь Улсын Их Хурлын эрхэм зорилго мөн.
Улсын Их Хурлын стратеги зорилтууд:
Стратеги зорилт 1. Ардчилсан нийгмийн хөгжлийн чиг хандлага, зарчмын дагуу хууль тогтоох үйл ажиллагааны зохион байгуулалтыг бүх талаар хөгжүүлэх, чанар, үр дүнг дээшлүүлэх.
Стратеги зорилт 2. Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааны арга хэлбэр, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгож, түүний үр нөлөөг дээшлүүлэх.
Стратеги зорилт З. Улсын Их Хурал нь ардчилсан зарчимд тулгуурлан үйл ажиллагааныхаа ил тод, нээлттэй байдлыг бүх талаар хангах.
Стратеги зорилт 4. Улсын Их Хурлын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааны үр дүнг дээшлүүлэх.
Стратеги зорилт 5. Парламентын ажлын мэргэшсэн алба болох Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны зохион байгуулалт, үйлчилгээний арга хэлбэр, чанарыг сайжруулах.
Монгол Улсын Их Хурлын стратеги зорилтууд нь богино, дунд, урт хугацааны бизнес төлөвлөгөөгөөр зохицуулагдана.
Стратеги зорилт 1
Ардчилсан нийгмийн хөгжлийн чиг хандлага, зарчмын дагуу хууль тогтоох үйл ажиллагааны зохион байгуулалтыг бүх талаар хөгжүүлэх, чанар, үр дүнг дээшлүүлэх
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
1.1.Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах, эрх зүйт, ардчилсан төрийг төлөвшүүлэх, ард түмний хүсэл зориг, эрх ашиг, эв нэгдлийг хангах, ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахад чиглүүлэх.
1.2.Үйл ажиллагаа нь Байнгын болон бусад хорооддоо төвлөрсөн орчин үеийн Парламентыг төлөвшүүлэх, Парламентын дотоод ардчиллыг гүнзгийрүүлэх чиглэлээр судалгаа хийж, Улсын Их Хурлын тухай хууль тогтоомжид зохих нэмэлт, өөрчлөлт оруулах.
1.3.Улсын Их Хурлын Байнгын болон бусад хороодын бүрэн эрхийг цаашид өргөжүүлэх хэрэгцээ, боломжийг судалж, тэдгээрийн үйл ажиллагаанд мөрдөх тусгайлсан дүрэм, дэг бий болгох асуудлыг боловсруулах, Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх.
1.4.Улсын Их Хурлаас болон Байнгын хороодоос байгуулагддаг ажлын хэсгийн эрх зүйн байдлыг нэг мөр болгож, тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулах дүрэм, дэгийг боловсруулах, Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх.
1.5.Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн бүрэн эрхийг өргөтгөх, үйл ажиллагааг нь зохицуулах тусгайлсан зохицуулалтыг бий болгох.
1.6.Улсын Их Хурлаар хэлэлцэгдэх гол гол хууль, бусад шийдвэрийн төслийн талаар иргэд, төрийн бус байгууллага, олон нийтийн зүгээс саналаа илэрхийлэх, олон нийтээр хэлэлцэх бололцоог өргөтгөх.
1.7.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхийн өмнө уг төслийн талаар олон нийтийн санал, дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар урьдчилан сонсох журам нэвтрүүлэхийг судалж, энэ талаархи эрх зүйн зохицуулалт бий болгох.
1.8.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг боловсруулж батлан гаргах.
1.9.Төрийн байгуулалт, эрх зүй, улс төр судлал, социологи, эдийн засаг, нийгмийн бодлогын асуудлаар судалгаа явуулах, хууль тогтоомжийн төслийн онолын үндэслэлийг боловсруулахад оролцох, үйлчилж буй хууль тогтоомжийн үр нөлөөг судлах, шинжлэх ухааны тайлбар бэлтгэх, дэлхийн улс орнуудын парламентат ёсны чиг хандлагыг судлах үүрэг бүхий эрдэм шинжилгээ, судалгааны төвийг Улсын Их Хурлын дэргэд байгуулах асуудлыг судлан боловсруулах.
1.10. 1990 оноос хойш батлан гаргасан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн харилцан уялдаа холбоог хангах, түүний нийгмийн үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжийн нэгдсэн системчлэл, ангиллыг тогтоож нэвтрүүлэх, хууль тогтоомжийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хууль тогтоомжийн системчилсэн эмхтгэлийг боловсруулан гаргах, тогтмол шинэчилдэг болох.
1.11.Улсын Их Хурлын Байнгын болон бусад хороодын үйл ажиллагааны зохион байгуулалтын өнөөгийн байдалд судалгаа, дүгнэлт хийж, цаашдын ажлын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, тэдгээрийн үйл ажиллагааны зохион байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх.
1.12.Улсын Их Хурлын гишүүд төдийгүй олон нийтэд чөлөөтэй үйлчлэх чиглэлээр Парламентын номын сангийн мэдээллийн баазыг өргөтгөх, орчин үеийн техник хэрэгслээр тоноглох, түүнчлэн Парламентын номын сангийн барилга барих асуудлыг судлан шийдвэрлэх.
1.13.Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай олон нийтийг илүү өргөнөөр танилцуулах зорилгоор Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны танхимыг Төрийн ордны их танхимд шилжүүлэх, уг танхимын тохижилтыг эрүүл ахуйн стандартад нийцүүлж орчин үеийн техник хэрэгслээр иж бүрэн тоноглох, эсхүл Парламентын ордон буюу цогцолбор барих асуудлыг судлан шийдвэрлэх.
1.14.Байнгын хороодын хуралдааны танхимын тоог нэмэгдүүлэх, тэдгээрийг компьютерийн болон телесүлжээнд холбох, санал хураах компьютерийн программтай болгон тоноглох арга хэмжээг авах.
1.15. Улсын Их Хурлаас болон Байнгын хороодоос байгуулагддаг ажлын хэсгийн ажиллах тусгай танхим, өрөөг шаардлагатай техник хэрэгслээр тоноглох, ажиллах бусад нөхцөлөөр хангах.
1.16.Парламентын зочид буудал /албаны орон сууц/ барих асуудлыг судлан боловсруулах.
1.17.Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, түүнтэй холбоотой мэдээллийг олон нийтэд өргөнөөр түгээх, олон нийтээс мэдээлэл авч байх зорилгоор Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын болон намын бүлгийн ажилтнуудын ашиглаж буй компьютер, техник хэрэгслийг нэмэгдүүлэх, тогтмол шинэчлэх, компьютерийн сүлжээ болон түүний баталгаат байдлыг сайжруулах, орчин үеийн мэдээллийн технологийн шаардлага хангасан компьютерийн мэдээллийн сангууд үүсгэж, ашиглалтад оруулах.
1.18.Улсын Их Хурлын хэвлэх цехийг орчин үеийн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах арга хэмжээг авч, улмаар хэвлэх үйлдвэр болгон өргөтгөх асуудлыг судлан боловсруулах.
1.19.Орчин үеийн Парламентын чиг үүрэг, агуулгыг нийтэд илтгэн харуулах үүднээс Төрийн ордны дизайн, архитектурын шийдлийг хянан үзэж сайжруулах, Улсын Их Хурлын гишүүдийн албан өрөөний нөхцөлийг сайжруулах, тавилга, хэрэгслийг шинэчлэх арга хэмжээ авах.
1.20.Улсын Их Хурлыг аж ахуй, санхүүгийн хувьд бүрэн бие даалгах асуудлыг шийдвэрлэж, Улсын Их Хурлын гишүүдийн ажиллах нөхцөл, үйлчилгээ, ахуй хангамжийг сайжруулах.
Стратеги зорилт 2
Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааны арга хэлбэр, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгож, түүний үр нөлөөг дээшлүүлэх
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
2.1.Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааны өнөөгийн зохион байгуулалтад судалгаа, дүгнэлт хийж, цаашдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, цаашид хяналт шалгалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг хөгжүүлэх тусгай хөтөлбөр, төсөл, арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх.
2.2. Парламентын хяналтыг Засгийн газрын үйл ажиллагаанд төвлөрүүлдэг нийтлэг зарчмыг Улсын Их Хурлын хяналтын гол чиг баримтлал болгох.
2.3.Дэлхийн улс орнуудын Парламентын хяналтын сонгодог гол хэлбэр болох Засгийн газрын гишүүдэд болон Улсын Их Хурлаас байгуулагддаг байгууллагын эрх баригчдад Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод, нам, эвслийн бүлгээс асуулт, асуулга тавьж, албан ёсны хариу авах болон улсын төвлөрсөн төсвийн хуваарилалт, зарцуулалтад тавих хяналтын чиглэлийг Улсын Их Хурлын хяналтын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болгон зохион байгуулах ажлыг өргөжүүлэх.
2.4.Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, асуулгын хариуг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдаанд сонсох, үүнтэй холбогдуулан шийдвэр гаргах журам, дэгийг тусгайлан боловсруулж, холбогдох хууль тогтоомжид тусгах.
2.5. Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааг эрх зүйн хувьд тусгайлан зохицуулах шаардлагыг судлан шийдвэрлэх.
2.6.Улсын Их Хурлаас болон Байнгын хороодоос байгуулагддаг хяналт шалгалтын ажлын хэсгийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, үйл ажиллагааг нь зохицуулах журмыг боловсруулж, холбогдох хууль тогтоомжид тусгах арга хэмжээ авах.
2.7.Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд Засгийн газрын мэдээллийг сонсдог арга, хэлбэрийг боловсронгуй болгох.
2.8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улсын Их Хуралд ажлаа хариуцах болон Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагын илтгэл, сонсгол, тайланг хэлэлцэх зохистой арга, хэлбэрийг сонгох, боловсронгуй болгох, тэдгээрийг хэлэлцэх журмыг боловсруулах.
2.9.Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийн хүрээнд Төрийн хянан шалгах хорооны гүйцэтгэх үүргийг Улсын Их Хурлаас бодлого боловсруулахад шаардагдах судалгаа, дүн шинжилгээ, мэдээллийн чиглэлээр өргөтгөх, энэ талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах.
2.10.Улсын Их Хурал гүйцэтгэх засаглалын байгууллагын дотоодын хяналт шалгалт, захиргааны болон мэргэжлийн хяналтын арга, механизмыг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааг төр, засгийн мэргэжлийн хяналтын бусад байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулах арга хэмжээ авах.
2.11.Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийн хүрээнд төр, засгийн байгууллагуудаас Улсын Их Хуралд өгдөг мэдээллийн чанар, ач холбогдлыг өндөржүүлэх, шуурхай болгох техник, зохион байгуулалтын арга хэмжээг авах.
2.12.Улсын Их Хурлаас байгуулагдаж, түүнд ажлаа тайлагнадаг байгууллагууд /Үндэсний статистикийн газар, Төрийн хянан шалгах хороо, Үнэт цаасны хороо, Монголбанк гэх мэт/-ын үйл ажиллагааг чиглүүлэх, харилцан холбоотой ажиллах ажлын туршлагыг бусад орны практикаас судлах, дэвшилттэй зүйлийг авч нэвтрүүлэх.
2.13.Улсын Их Хурлаас улсын төвлөрсөн төсөв, төрийн мөнгөний бодлого, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах, тэдгээрийн гүйцэтгэлд хяналт тавих үйл ажиллагаанд зохион байгуулалтын орчин үеийн загвар, зарчмыг нэвтрүүлэх, улс орныхоо төсөв, мөнгөний бодлогыг Парламентаас хэрхэн хянаж, баталдаг тогтолцоог бусад орны жишээн дээр судалж, эрх зүйн үндсийг боловсронгуй болгох.
2.14.Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаанд төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хяналтын үйл ажиллагааг илүү ил тод, нээлттэй болгох.
2.15.Улсын Их Хурал дахь цөөнхөөс Засгийн газарт тавих хяналтыг хэрэгжүүлэх нөхцөл, механизмыг бүрдүүлэх, Засгийн газарт тавих асуултын цаг бий болгох.
Стратеги зорилт З
Улсын Их Хурал нь ардчилсан зарчимд тулгуурлан үйл ажиллагааныхаа ил тод, нээлттэй байдлыг бүх талаар хангах
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
3.1.Төрийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо, сүлжээг буй болгож, орчин үеийн технологийн үндсэн дээр найдвартай, шуурхай байдлыг нь хангах арга хэмжээ авах.
3.2.Улсын Их Хурлын мэдээллийн өнөөгийн байдалд судалгаа, дүгнэлт хийж, цаашдын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох хэрэгцээг хангахуйц хөтөлбөр, төсөл, арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх.
3.3.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төсөл болон Улсын Их Хурлаар батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар олон нийтэд тогтмол мэдээлж байх механизмыг судлан боловсруулах.
3.4.Улсын Их Хурлын гишүүн сонгогч иргэдтэйгээ байнгын харилцаатай байх нөхцөлийг бүрдүүлж, Улсын Их Хурлын гишүүний орон нутаг дахь бие төлөөлөгч нарт сургалт зохион байгуулах, тэднийг мэдээлэл, төсөв хөрөнгө, ажлын байр, техник хэрэгслээр хангах, Улсын Их Хурлын мэдээллийн нэгдсэн сүлжээнд хамруулах арга хэмжээ авах.
3.5.Улсын Их Хурлын мэдээллийн сүлжээг аймаг, орон нутгийн болон төрийн бодлого боловсруулах бүх шатны байгууллагатай холбох асуудлыг шийдвэрлэх.
3.6.Парламентын олон нийттэй харилцах харилцааны өнөөгийн байдал, зохион байгуулалтад үнэлгээ хийж, цаашдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, илүү ил тод, нээлттэй байдлыг хангахуйц хөтөлбөр боловсруулж, төсөл хэрэгжүүлэх.
3.7.Монголын Парламентын бие даасан музей байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах танхим бий болгон тохижуулах.
3.8.Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудад зориулан Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааны талаар сургалтын программ, гарын авлага боловсруулах, сургалт явуулах.
3.9.Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдааныг телевиз, радиогоор нэвтрүүлэх тусгай суваг бий болгох, улмаар Улсын Их Хуралд радио, телевизийн студи байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх.
Стратеги зорилт 4
Улсын Их Хурлын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааны үр дүнг дээшлүүлэх
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
4.1.Монгол Улсын олон тулгуурт нээлттэй, идэвхтэй гадаад бодлогын хүрээнд Парламентын гадаад харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр хөгжүүлэх.
4.2.Парламент хоорондын албан ёсны харилцаа, хамтын ажиллагааны зэрэгцээ Парламентын бүлгэм, байнгын хороо, гишүүд хоорондын албан болон хувийн холбоо харилцааг өргөжүүлэх, улмаар парламент, парламентын гишүүдийн хүрээнд улс орны ашиг сонирхолд нийцэх асуудлаар парламентын дипломат ажиллагааг хэрэгжүүлэх.
4.3.Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заасны дагуу хоёр хөрш болон Америк, Европ, Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын Парламент хоорондын харилцааг цаашид хөгжүүлэн бэхжүүлэх, тэдгээрийн давтамжийг хадгалах.
4.4.Парламент хоорондын хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/, Ази, Номхон далайн бүс нутгийн Парламентын байгууллагууд хоорондын харилцааг идэвхжүүлэх.
4.5.Бүс нутгийн зарим хурлуудыг Монгол Улсад явуулах чиг баримталж, улмаар ОУПХ-ны хурлыг ойрын 5 жилд багтаан Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх.
Стратеги зорилт 5
Парламентын ажлын мэргэшсэн алба болох Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны зохион байгуулалт, үйлчилгээний арга хэлбэр, чанарыг сайжруулах
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
5.1. Улсын Их Хурлын Тамгын газрын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, бүтэц, зохион байгуулалт, бүрэлдэхүүн хэсгүүдийн чиг үүрэг, удирдах болон гүйцэтгэх ажилтан, мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтыг боловсронгуй болгох чиглэлээр Улсын Их Хурлын Тамгын газрын бизнес төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх.
5.2.Ардчилсан парламенттай орнуудын Тамгын газрын бүтэц, үйл ажиллагааны зохион байгуулалт болон боловсон хүчнийг үнэлж дүгнэх, сургах, давтан сургах үйл ажиллагааны чиглэлээр туршлага судлах, танилцах, дэвшилттэй зүйлийг авч нэвтрүүлэх.
5.3.Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлж, дотоод, гадаадад сургах богино, дунд, урт хугацааны сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.
5.4.Улсын Их Хурлын Тамгын газарт санхүүжилтийн шинэ журам /механизм/ нэвтрүүлэх асуудлыг судлан боловсруулж хэрэгжүүлэх.
5.5.Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын ажиллах нөхцөл, бололцоог сайжруулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
ооОоо
Текст томруулах
A
A
A