A

A

A

Бүлэг: 1979

Улсын Их Хурлын 1996 оны

15 дугаар тогтоолын хавсралт

 

 

МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС БАРИМТЛАХ

СОЁЛЫН БОДЛОГО

 

Монгол Улсын төр:

 

·  улс орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхэд соёлын гүйцэтгэх үүргийг эрхэмд үзэж;

·  монголын соёл нь тус улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын нэгэн баталгаа, монголчуудын үндэсний бахархал, эв нэгдлийн уг сурвалж, хөгжил дэвшлийн чухал хөшүүрэг мөн болохыг онцлон анхаарч;

·  хүн амд үзүүлэх соёлын үйлчилгээг өргөтгөх, урлагийн бүх төрлийг хөгжүүлэх, үндэсний соёлоо үр удамдаа өвлүүлэх, соёлыг өргөн утгаар ойлгож, түүнийг нийгэм, эдийн засгийн бусад салбартай нягт холбох зорилгоор төрөөс тогтвортой баримтлах соёлын бодлогыг тодорхойлж байна.

Нэг.Соёлын бодлогын зарчим

Монгол улсын төр соёлын бодлогодоо дараахь зарчмыг баримтална:

1/нийгмийн хямрал, элдэв нөхцөл шалтгааны улмаас монголын соёл устах, бусад үндэстний соёлд уусан замхрах, өв уламжлал, ёс заншил алдрах , оюун санааны амьдрал ядууран доройтохоос бүх талаар сэрэмжлэх;

2/үндэсний соёлыг дэлхийн соёлын ололттой хослуулан хөгжүүлэх;

3/монголын эрт эдүгээгийн түүх, соёлын дурсгалт зүйлс, сан хөмрөгийг үндэсний эрхэм баялаг гэж үзэж төрийн хамгаалалтад байлгах;

4/монголын угсаатан, ястны өв соёл, түүх, ёс заншлыг адил тэгш хүндэтгэн үзэж, хадгалан хамгаалах, харилцан баяжуулж хөгжүүлэх нөхцөл бололцоог хангах;

5/иргэдийн сэтгэлгээний болон бүтээн туурвих, үр шимийг нь хүртэх эрх, эрх чөлөөг баталгаатай хангах, авьяас чадвараа илрүүлж, хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх;

6/соёлын үнэт зүйлийг бүтээн туурвигч, өвлөн хадгалагчийг төрийн ивээл, халамжид байлгах;

7/уран бүтээлчид үзэл бодол, арга барил, урсгал чиглэл, дэг сургуулиа чөлөөтэй сонгож хэрэглэхийг дэмжих;

8/уран бүтээлчид сайн дураар мэргэжлийн эвлэл, холбоо, нийгэмлэг байгуулж, үр өгөөжтэй соёлын үйл ажиллагаа явуулахыг дэмжих;

9/соёлын салбарт өмчийн олон хэлбэр, зах зээлийн шударга, чөлөөт өрсөлдөөнийг бий болгон үр ашигтай гадаад харилцааг хөгжүүлэх.

Хоёр.Соёлын бодлогын үндсэн чиглэл

Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого нь дараахь үндсэн чиглэлтэй байна:

1/нүүдэлчдийн соёлыг хадгалан хамгаалж түүнийг суурин соёл иргэншилтэй зөв хослуулан хөгжүүлэх;

2/он цагийн хувьсал өөрчлөлтөд монголын соёл устаж арилахаас хамгаалах дархлаа бий болгох;

3/үндэсний соёлоо эрхэмлэн дээдэлж түүнийг хөгжүүлэх асуудлыг зүйл бүрээр дэмжих.

Гурав.Соёлын бодлогыг хэрэгжүүлэх арга зам

Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг дараахь арга замаар хэрэгжүүлнэ:

1/иргэнийг багаас нь үндэсний соёлын мэдрэмж, мэдлэг, хүмүүжилтэй болгох эрэмбэ дараатай ажлыг бүх шатны боловсролын бүрэлдэхүүн хэсэг болгох;

2/байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс соёлын үнэт зүйлсийг бүтээх, түүх соёлын дурсгалт зүйлийг судалж сурталчлах, хадгалж хамгаалах үйл ажиллагааг бүх талаар дэмжих;

3/үйлдвэрлэл, үйлчилгээнд үндэсний уламжлалт болон орчин үеийн технологи нэвтрүүлж, үйлдвэрлэлийн гоо зүй, бизнесийн болон аж байдлын соёл, дизайныг хөгжүүлэхэд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх;

4/уламжлалт аж төрөх ёсны хөгжлийн өвөрмөц зүй тогтлыг хадгалж, үндэсний уламжлал, онцлогийг шингээсэн уран барилга, хот байгуулалтын бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;

5/урлагийн бүх төрөл, зүйлийг анхааран хөгжүүлж, үндэсний уламжлалт, сонгодог болон хүүхдэд зориулсан урлаг, баримтат киног төрийн ивээлд байлгах;

6/ард түмний оюуны эрэлт хэрэгцээг хангахад зайлшгүй шаардлагатай шилдэг уран бүтээл болон төслийг шалгаруулж санхүүжүүлэх;

7/дайн түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан бүтээл дэлгэрүүлэхэд төрөөс хяналт тавьж, тодорхой үйл ажиллагааг хориглох хүртэл арга хэмжээ авах;

8/хүн амын соёлын хэрэгцээг хангахад хэвлэл, мэдээллийн хэрэгслийн үүргийг өндөржүүлж, хэвлэлийн чөлөөт байдлыг хангах, ном, кино, хэвлэлийн үйлдвэрлэлийн техник технологийг боловсронгуй болгох, хөгжүүлэх талаар цогцолбор арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

9/хүүхдэд зориулсан ном, хэвлэл, уран бүтээлийг олшруулж, чанарыг нь сайжруулах;

10/эх хэл, бичиг үсэг, түүхээ үндэс язгуураар нь хадгалан хөгжүүлэх;

11/соёлын суурь болон хавсарга судалгааг эрчимтэй хөгжүүлж, түүний үр дүнг нийтийн болон мэргэжлийн сургалтад өргөн ашиглах;

12/соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн иргэдийн аливаа санаачлага, бүтээлч үйл ажиллагааг дэмжих;

13/соёлын байгууллагын эрх зүйн байдлыг хуульчлан баталгаажуулах;

14/байгууллага, аж ахуйн нэгж, иргэн ашгийн төлөө болон ашгийн төлөө бус соёлын байгууллага байгуулж, үйл ажиллагаа явуулахыг бүх талаар дэмжих;

15/соёл урлагийн байгууллагын сүлжээг боловсронгуй болгож, дэлхийн жишиг, монгол орны онцлогийг харгалзан соёлын үйлчилгээний чанарын үзүүлэлтийг тогтоож мөрдүүлэх;

16/хөдөөгийн хүн амд соёл, урлагаар үйлчлэх, тэдний ерөнхий соёлын түвшинг дээшлүүлэх, ахуй нөхцөлийг сайжруулах ажлыг дэс дараатай шийдвэрлэх;

17/соёлын хүрээнд менежмент, маркетингийг хөгжүүлэхэд анхаарах;

18/соёлын мэргэжлийн боловсон хүчин, багш, судлаач бэлтгэх сургалтын бүх хэлбэр, түүний дотор гэрийн болон шавь сургалтыг дэмжих;

19/соёлын ажилтны нийгмийн хамгаалалтыг хуулиар баталгаажуулж, нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь бодитой туслалцаа дэмжлэг үзүүлэх;

20/соёлын үнэт зүйлийг бүтээн туурвигч, соёл, урлагийн гарамгай зүтгэлтэн, авьяас билэгтнүүдийг төрийн ивээл, халамжид байлгаж, бүтээн туурвих, өвөрмөц дэг сургуулиа өвлөн үлдээх боломжоор хангах;

21/соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг сонирхогч бүх улс орон, олон улсын байгууллагатай чөлөөтэй хөгжүүлж, энэ харилцаанд Засгийн газрын бус байгууллага, иргэд бие даан оролцох бололцоог өргөтгөх;

22/соёлын үнэт зүйлийг хамтран бүтээх, оюуны ололтыг харилцан дэлгэрүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, соёлын үйл ажиллагааны туршлага солилцох, соёлын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг соёлын гадаад харилцааны чухал чиглэл болгох;

23/соёл, шинжлэх ухааны байгууллага, уран бүтээлийн мэргэжлийн эвлэл, холбоо, нийгэмлэг болон хувь хүмүүс үндэсний соёлын уламжлал, зан заншлыг сурталчлан дэлгэрүүлэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа явуулах, монголын соёлын төвийг гадаадад байгуулах, монголыг сонирхогч, дэмжигч гадаадын иргэд, байгууллагатай соёлын ажил хэрэгч холбоо тогтоохыг бүх талаар дэмжих;

24/хууль бусаар гадаадад гаргасан монголын түүх, соёлын дурсгалт зүйлсийг эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулах;

25/төрөөс соёлын үйл ажиллагааг дэмжих зориулалтын сан байгуулж, ажиллуулах;

26/соёлын үйл ажиллагааг дэмжих хөрөнгө оруулалт, гааль, санхүү, зээл, татварын таатай бодлого явуулж, соёлын хүрээнд гадаадын хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдүүлэх;

27/соёлын үйл ажиллагаа эрхлэх хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага үүсч хөгжихийг дэмжих;

28/соёлын үйл ажиллагааг санхүүжүүлэх баталгаатай эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн зохих хэсгийг жил бүр хуваарилан зарцуулах;

29/төрийн соёлын бодлогын зарчим, чиглэл, хэрэгжүүлэх арга замыг холбогдох хууль тогтоомжоор баталгаажуулах.

Дөрөв.Бусад зүйл

1.Соёлын хууль тогтоомж, эрхийн актыг боловсруулах, тэдгээрийг боловсронгуй болгохдоо энэхүү бодлогыг үндэс болгоно.

2.Төрөөс баримтлах соёлын бодлогыг Монгол Улсын Засгийн газар, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын чиг үүрэг, эрхлэх асуудалд хамааруулж тэдгээрийн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлнэ.

3.Соёлын бодлогын хэрэгжилтэд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.