- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
Улсын Их Хурлын 2003 оны 16 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
Нэг. Нийтлэг үндэслэл.
1.Гэр бүл нь хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж, соёл, уламжлал өвлөгдөн шинэчлэгдэх, аж төрөх ёсны бичил ахуй мөн.
2.Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогын эрхэм зорилго нь гэр бүлийн амьдралын түвшинг тасралтгүй дээшлүүлж, гэр бүлийн харилцаа, ёс зүйн эрүүл орчин, түүний нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх замаар монгол хүний хөгжлийг дэмжихэд оршино.
3.Гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийг дэмжих, гэр бүлийн хөгжил, үр хүүхдээ асран хамгаалахад эцэг, эхийн жигд оролцоог хангах, гэр бүлээрээ амьдрахад нь туслаж орон сууцтай болохыг дэмжих, гэр бүлийн өмчийн харилцаанд гишүүн бүрийг эрх тэгш оролцуулах, хүн амын эмзэг бүлгийн нийгмийн халамж, хамгааллын арга хэмжээг гэр бүлд төвлөрүүлэх, гэр бүлд зориулсан үйлчилгээний сүлжээг бий болгох, гэр бүлийн гишүүнийг хүчирхийлэх, эрхийг нь зөрчих явдлыг тууштай бууруулах эрх зүй, зан үйлийн эерэг орчин бүрдүүлэх, тодорхой мэргэжлийн хүмүүсийг гэр бүлийн асуудлаар мэргэшүүлж ажиллуулах нь энэхүү бодлогын үндсэн зорилт болно.
4. Энэхүү бодлого нь ойрын 10-15 жилийн хугацаанд гэр бүлийн хөгжлийн хэтийн чиглэлийг тодорхойлох үндсэн баримт бичиг мөн.
Хоёр. Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогын үндсэн зарчим
1. Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого /цаашид "гэр бүлийн хөгжлийн бодлого" гэх/-ыг хэрэгжүүлэхэд дараахь үндсэн зарчмыг баримтална:
1/гэр бүлийг хөрөнгө чинээ, алдар хүнд, үндэс, угсаа, амьдарч байгаа газар, нутаг, гишүүдийн арьс өнгө, эрхэлж буй албан тушаал, шашин шүтлэг, боловсролын түвшин зэргээс хамаарч ялгаварлан гадуурхагдах явдлаас ангид байлгах;
2/гэр бүлийн харилцаанд жендерийн болон гэр бүлийн гишүүдийн тэгш эрхийг хангаж, бие даасан байдлыг хүндэтгэх;
3/гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг дэмжиж, нөхөн үржихүйн эрхийг хүндэтгэх;
4/ гэр бүлийн аюулгүй байдал, амар амгалан амьдрах эрхийг хангах;
5/ гэр бүлийн хүрээнд үндэсний дэвшилтэт уламжлалыг дээдлэх;
6/боловсрол, эрүүл мэндийн зардлын өөрчлөлтийг өрхийн орлогын түвшинтэй уялдуулсан төрийн зохицуулалтын бодлого явуулах.
Гурав. Гэр бүлийн хөгжлийн бодлогын үндсэн чиглэл
1. Гэр бүлийн хөгжлийн бодлогыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:
1/гэр бүлийн харилцаанд гарч буй өөрчлөлт, амьдралын хэв маягийн дэвшилтэт талыг судалж, сөрөг үр дагаврыг арилгах, эерэг үр дүнг дэмжин дэлгэрүүлэх зорилгоор гэр бүл судлалыг хөгжүүлэх;
2/гэр бүлийг бэхжүүлэх эрх зүй, эдийн засаг, дэвшилтэт уламжлал, зан заншлыг өвлүүлэх орчинг бүрдүүлэх;
3/гэр бүлийн харилцаанд жендерийн тэгш байдлыг хангаж, эцэг, эх, нөхөр, эхнэрийн нэр хүнд, гэр бүлийн бусад гишүүддээ хандах хандлага, боловсролыг дээшлүүлэх;
4/гэр бүлийн харилцааны эрх зүйн орчин боловсронгуй болгож, хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настны эсрэг хүчирхийллийг таслан зогсоох;
5/хөдөөгийн гэр бүлд орчин цагийн соёл, нийгмийн үйлчилгээг хүргэж, амьжиргааг дээшлүүлэх;
6/ залуу гэр бүлийг дэмжих орчин бүрдүүлэх;
7/гэр бүлд нийгмийн цогц үйлчилгээг хүргэж, эрүүл аж төрөх ёс, боловсрол, эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа бие даан явуулдаг зан үйлийг хэвшүүлэхэд туслах, нийгмийн халамжийн үйлчилгээг ойртуулах;
8/амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой буюу орлогын эх үүсвэргүй гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
9/хүн амын эмзэг бүлэгт үзүүлэх нийгмийн халамж, хамгааллын арга хэмжээг гэр бүлд төвлөрүүлэх;
10/хүүхдийг эрүүл чийрэг өсгөн бойжуулах, боловсрол эзэмшүүлэх, амьдрал, хөдөлмөрт бэлтгэх гэр бүлийн таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
Дөрөв. Гэр бүлийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам
1. Гэр бүл судлалыг хөгжүүлнэ:
1/монгол гэр бүл судлалыг хөгжүүлж, эрдэм шинжилгээний төслийн хүрээнд гэр бүлийн уламжлал, шинэчлэл, эрх зүй, социологи, боловсрол, аж ахуй эрхлэлт, сэтгэл зүй, ёс зүйн хөгжил, нийгмийн эрүүл мэнд, жендер зэрэг чиглэлээр судалгааг цогц байдлаар явуулж, үр дүнг төрийн бодлогод тусгаж хэрэгжүүлэх;
2/гэр бүл судлал, гэр бүлийн асуудлаар мэргэшсэн цагдаа, өмгөөлөгч, шүүгч, эдийн засагч, социологч, сэтгэл зүйч-багш, нийгмийн ажилтныг бэлтгэж ажиллуулах;
3/гэр бүлийн холбогдолтой бүхий л асуудлаар мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх;
4/гэр бүлийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, сонирхогч талуудтай хамтран ажиллах.
2. Гэр бүлийн ёс суртахуун, дэвшилтэт уламжлалыг дээдлэнэ:
1/гэр бүлийн гишүүд нэр төрөө эрхэмлэх, үүрэг, хариуцлагаа ухамсарлах, нинжин сэтгэл, хүний мөс, хүнлэг чанар, шударга ёс зэрэг нийгмийн үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд төрийн бодлого чиглэх;
2/төрт ёсыг хүндэтгэж, эх хэл, үндэсний бичиг, соёл, төрөлх нутаг, байгаль орчноо хамгаалж, өрх гэрийн ёс, өв уламжлал, үнэт зүйлийг эрхэмлэдэг гэр бүлийг бий болгох, хөдөлмөрийг шүтэж амьдрах орчинг төлөвшүүлэхэд төрөөс бүх талын дэмжлэг үзүүлэх;
3/удмынхаа нэр төрийг дээдлэх, угийн бичгээ хөтлөх, ахмадаа хүндлэх, жирэмсэн эхийг энэрэх, үр хүүхдээ амьдрал, хөдөлмөрт бэлтгэх зэрэг өвөг дээдсийн сайн үлгэр дууриаллыг өвлүүлэх үйл ажиллагааг дэмжих;
4/гэр бүлийн дотоод зөрчил, сэтгэл зүйн хямралаас гарах, маргааныг эв эеээр шийдвэрлэхийг эрмэлзэхэд туслах зорилгоор гэр бүлийн боловсролыг бүх шатны албан ба албан бус сургалтаар олгох;
5/бүх нийтийн гэр бүлийн боловсролыг дээшлүүлэхийн тулд телевиз, радиогийн нэвтрүүлэг, нийтлэлийг төрийн ивээл дор тогтмол явуулах;
6/гэр бүл нь хүүхдэд үндэсний дэвшилтэт ёс заншил, уламжлалаа дээдлэх хандлагыг төлөвшүүлэх, төрөлхийн гоц авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх ээлтэй орчин байх нөхцөлийг хангах;
7/гэр бүл бүртгэх ашгийн бус ордон, танхимыг аймаг, дүүрэг, сумын төвүүдэд нээж, гэрлэх ёслолыг ёс суртахуун, соёл уламжлалын баяр, хүний амьдралын ариун нандин үйл явдал болгон тэмдэглэж байх орчинг бүрдүүлэх.
3. Гэр бүлийн харилцаанд жендерийн тэгш байдлыг хангана:
1/эрэгтэйчүүд боловсролын түвшингээр хоцрогдож байгаа хандлагыг өөрчилж, үүнээс үүдэн гэр бүлийн харилцаанд үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах;
2/ гэр бүлийн аж ахуйг хөтлөх, гишүүдийг асрах, сувилах, халамжлах, үйлчлэх зэрэг гэрийн хөдөлмөрийг нийгмийн зүгээс үнэлэх үнэлэмжийн таатай орчинг бүрдүүлэх;
3/ залуучуудад гэр бүлийн боловсрол эзэмшүүлж, гэр бүл, үр хүүхэд, эцэг эхийн өмнө хүлээх хариуцлагыг ухамсарлуулах чиглэлээр нийгмийн болон сэтгэл зүйн үйлчилгээг хөгжүүлэх;
4/гэр бүл төвтэй нийгмийн эрүүл мэнд болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх замаар хүн амын өсөлт, чанарыг сайжруулахад дөхөм үзүүлэх.
4. Гэр бүлийн харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгоно:
1/гэр бүлийн гишүүдийн эрхийг зөрчих, дарамт шахалт үзүүлэх, хүчирхийлэх явдалтай тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
2/хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар мэргэшсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч/омбудсмен/-ийг ажиллуулах;
3/гэр бүлийн маргааныг гэр бүлийн асуудлаар мэргэшсэн шүүгч шийдвэрлэдэг болох;
4/гэр бүлийн даатгалын эрх зүйн орчинг бүрдүүлж, тэтгэвэр, тэтгэмж болон эрүүл мэндийн даатгалд гэр бүлийн гишүүн бүрийг бүрэн хамруулах арга хэмжээг дэс дараатай авах.
5. Хөдөөгийн гэр бүлийг дэмжинэ:
1/хөдөөгийн гэр бүлийн мэдээллийн хүртээмж, ахуйн соёлыг нь сайжруулах санаачлагыг төрийн бодлогоор дэмжих;
2/сургууль завсардсан хүүхдүүд, хөдөөгийн залуучуудыг бичиг үсэгтэй болгох ажлыг албан бус, зайны сургалтаар явуулах нөхцөлийг гэр бүл бүрт бий болгох арга хэмжээ авах;
3/хөдөөгийн гэр бүлийг боловсрол, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээгээр хангах, бүс нутгийн хөгжлийн бодлогын тулгамдсан асуудалтай холбоотой арга хэмжээг эхний ээлжинд хэрэгжүүлэх.
6. Залуу гэр бүлийг дэмжинэ:
1/залуу гэр бүлийг орон сууцтай болохыг дэмжих хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлийн сан, түрээс/лизинг/-ийн үйлчилгээ, оюутны гэр бүлийн хүүхдэд зориулсан сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага хөгжүүлэх зэргээр залуу гэр бүлд нийгмийн таатай орчин бүрдүүлэх;
2/залуучуудын гэр бүлийн талаархи мэдлэг, ойлголт, хандлагыг судалж, уламжлал, шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг, ярилцлага зохиох;
3/залуучууд, өсвөр үеийнхэнд бэлгийн амьдралын зохистой мэдлэг, соёл, зөв зан үйл төлөвшүүлэх;
4/залуучуудад бие дааж шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх төсөл, шинээр гэр бүл бологсдод туслах зорилгоор гэргий болон өрхийн тэргүүнийг бэлтгэх сургалт зохион байгуулах ажлыг төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх.
7. Гэр бүлд чиглэсэн нийгмийн үйлчилгээг сайжруулна:
1/гэр бүлээрээ амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон сууцны хангамжийг сайжруулах бодлогыг гэр бүлийн орлого, хуримтлал, нийгмийн байдалд нь зохицуулан тогтмол хэрэгжүүлэх;
2/гэр бүлд чиглэгдсэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлж, хууль зүй, сэтгэл зүй, өрхийн амьжиргаа, хүүхдийн хүмүүжил зэрэг сэдвээр биечлэн болон утсаар зөвлөлгөө өгөх үйлчилгээний сүлжээ бий болгох;
3/гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гишүүдийг түр хамгаалах байр бий болгох, төлбөрийн чадвартай асран хамгаалах төрөл садангүй ахмад настан, хүүхдэд баталгаатай, төлбөртэй үйлчлэх төв зэрэг төрийн санхүүгийн дэмжлэг, хяналт бүхий өвөрмөц үйлчилгээний хэлбэрийг дэмжиж, иргэний нийгмийн бүлгүүдтэй нягт хамтран ажиллах;
4/нийгмийн халамж, хамгаалал шаардлагатай хүүхэд, ахмад настан, тахир дутуу иргэдэд халамжийн үйлчилгээг гэр бүл, нийгэм, хамт олонд түшиглэн үзүүлэх чиглэлийг баримтлах;
5/эмзэг бүлгийн гэр бүлийн гишүүдэд боловсрол олох, мэргэжил эзэмших сургалтанд хамрагдах, ажлын байраар хангагдах, өрхийн амьжиргааг дэмжих хөтөлбөр, төслийн арга хэмжээнд эхний ээлжинд хамрагдах боломжийг олгож, нийгэмшүүлэх, өөртөө итгэх итгэл, амьдрах арга ухаан олоход нь туслах;
6/гэр бүл дэх хөдөлмөрийн чадваргүй гишүүдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор тэдний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өрхийн хөдөлмөрийн чадвартай гишүүд нь хариуцан төлөх тогтолцоог бий болгох;
7/өрхийн амьжиргааны чадамжийг дэмжих замаар ажил эрхлэлт, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж иргэдийг ядуурлаас хамгаалах, ядуурлыг бууруулах арга хэмжээ авах.
8/эрүүл аж төрөх ёсыг төлөвшүүлэх, гэр бүлийн гишүүдийн бие бялдрын хөгжлийг дэмжих үүднээс нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээг өргөжүүлэх, энэ талаархи хэвлэл, мэдээллийн сурталчилгааг нэмэгдүүлэх;
9/оюуны өндөр чадамж, гоц авьяастай хүүхэд, залуучуудыг хөрөнгө чинээнээс нь үл хамааран сургаж, хөгжүүлэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх;
10/30-аас дээш жил ханилсан үлгэр дууриалтай эхнэр, нөхөр, үр хүүхдээ сайн иргэн болгож төлөвшүүлсэн эцэг, эхийг төрөөс хүндэтгэн урамшуулах.
Тав. Гэр бүлийн хөгжлийн бодлогын удирдлага, зохион байгуулалт
1. Улсын хэмжээнд гэр бүлийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг хүн ам зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна. Аймаг, нийслэлийн түвшинд хүн ам, гэр бүлийн асуудал хариуцсан хэлтэс, сум, дүүрэг, хороонд гэр бүлд туслах нийгмийн ажилтан ажиллуулна.
2. Гэр бүлийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх механизм:
1/гэр бүлийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгана;
2/бодлогыг хэрэгжүүлэх жил бүрийн төлөвлөгөөг хүн ам зүйн бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулан мөрдүүлнэ. Салбарын яамдын эрхлэх асуудалтай холбоотой бодлогыг тухайн яам хариуцахаар төлөвлөгөөнд тусгаж, гүйцэтгэлийн мэдээ, тайланг хүн ам зүйн бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлнэ;
3/бодлогыг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр нь улсын болон орон нутгийн төсөв, дотоод, гадаадын хандивлагчдын тусламжаас бүрдэнэ.
--------OOO----------
Текст томруулах
A
A
A