A

A

A

Бүлэг: 1979
Улсын Их Хурлын 2003 оны 39 дүгээр тогтоолын хавсралт

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монголбанкны Хяналтын зөвлөл /цаашид "Хяналтын зөвлөл" гэх/-ийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө. 
1.2. Хяналтын зөвлөл нь Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журмыг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна.
1.3. Хяналтын зөвлөл нь Монголбанкны дотоод хяналтын үйл ажиллагаа, хөндлөнгийн аудитын санал, зөвлөмжийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын багц болон Монголбанкнаас санхүүгийн тайлангаа Улсын Их Хурал, олон нийтэд тайлагнаж, мэдээлж байгаа байдал, Монголбанкны Зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд  хяналт тавих эрх бүхий орон тооны бус байгууллага байна.
1.4. Хяналтын Зөвлөл нь тэмдэг, тогтоосон загвараар үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
 
Хоёр. Хяналтын зөвлөлийн чиг үүрэг
2.1. Хяналтын зөвлөл нь дараахь чиг үүрэгтэй:
2.1.1. үйл ажиллагаа нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын зарчимд нийцсэн хөндлөнгийн аудитын байгууллагыг Монголбанкны жилийн санхүүгийн тайланд аудит хийлгэхээр сонгох явцад хяналт тавих;
2.1.2. хөндлөнгийн аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Монголбанкнаас хийж буй ажилтай танилцаж, биелэлтэд хяналт тавих;
2.1.3. хөндлөнгийн аудитын үйл ажиллагаа нягтлан бодох бүртгэлийн олон улсын зарчимд нийцэж явагдаж байгаа эсэхийг хянах;
2.1.4. Монголбанкны Зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих;
2.1.5. Монголбанкнаас Улсын Их Хурал, олон нийтэд мэдээлсэн санхүүгийн тайлантай танилцаж, дүгнэлт өгөх;
2.1.6. дотоод хяналтын талаар гаргасан журам, дотоод хяналтын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилтийн байдалтай танилцаж, холбогдох арга хэмжээ авахыг Монголбанкны удирдлагад санал болгох; 
2.1.7. хөрөнгө оруулалтын багцад хяналт тавих;
2.1.8. Монголбанкны ашиг хуваарилсан нөөцийн сангуудад хийсэн гүйлгээтэй танилцах;
2.1.9. хуульд заасан бусад чиг үүрэг.
     
Гурав. Хяналтын зөвлөлийн бүрэн эрх
3.1. Хяналтын зөвлөл дараахь бүрэн эрхтэй:
3.1.1.  Монголбанкны дотоод аудитын газрын үйл ажиллагааны тайлан болон Монголбанкны санхүүгийн тайлан, түүнтэй холбоотой бусад мэдээллийг Монголбанкнаас гаргуулан авах; 
3.1.2. өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Монголбанкинд өгсөн санал, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар зохих албан тушаалтны илтгэл, сонсголыг Хяналтын зөвлөлийн хурлаар хэлэлцэх;
3.1.3. хөндлөнгийн аудиторын Монголбанкны үйл ажиллагааны талаарх дүгнэлт, зөвлөмжийн талаар тайлбар, саналыг сонсох;
3.1.4. Монголбанкны дотоод аудитын газрын хянан шалгагчтай харилцаж, дотоод хяналттай холбогдсон асуудлаар санал солилцох;
3.1.5. шаардлагатай гэж үзвэл Монголбанкны үйл ажиллагаа, менежментийн аливаа асуудал, тодорхой гүйлгээнд шалгалт, аудит хийлгэх санал гаргах;
3.1.6. Монголбанкны Зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэн дүгнэлт гаргах;   
3.1.7. өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлын талаар Улсын Их Хуралд мэдээлэх;
3.1.8. Хяналтын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн аливаа асуудлын биелэлтийг хангаж ажиллахыг Монголбанкны удирдлагад зөвлөх;
3.1.9. Монголбанкны дотоод хяналт, санхүүгийн тайлан гаргах  эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал гаргах;
3.1.10. хуульд заасан бусад бүрэн эрх.
3.2. Хяналтын зөвлөлийн дарга нь Хяналтын зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг эдлэхээс гадна дараахь бүрэн эрхтэй:
3.2.1. Хяналтын Зөвлөлийг тэргүүлж, хуралдааныг товлох, даргалах;
3.2.2. өөрийн эзгүйд хурал даргалах гишүүнийг томилох;
3.2.3. Хяналтын зөвлөлийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Хяналтын зөвлөлийн гишүүнд хуваарилан хариуцуулах.
3.3. Хяналтын зөвлөлийн гишүүн дараахь эрхтэй:
3.3.1. Хяналтын зөвлөлийн хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх;
3.3.2. Хяналтын зөвлөлийн чиг үүрэгт хамаарах тодорхой асуудлыг хариуцан ажиллаж, гүйцэтгэл, үр дүнгийн талаар Хяналтын зөвлөлийн хуралд мэдээлэх;
3.3.3. Хяналтын зөвлөлийн шийдвэрийн дагуу Монголбанкны Зөвлөлийн болон Монголбанкны дотоод хяналтын үйл ажиллагаатай танилцах;
3.3.4. Хяналтын зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг Хяналтын зөвлөлийн хуралд мэдээлэх;
  3.3.5. Хяналтын зөвлөлийн чиг үүрэгт холбогдох асуудлаар Монголбанкнаас баримт материал гаргуулан авах.
     
Дөрөв. Хяналтын зөвлөлийн хурал
4.1. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Хяналтын зөвлөлийн хурал /цаашид "зөвлөлийн хурал" гэх/ байна.
4.2. Зөвлөлийн хурлыг Хяналтын зөвлөлийн дарга удирдах бөгөөд түүний эзгүйд түүний томилсон гишүүн хурлыг удирдан явуулна.
4.3. Хяналтын зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. Ээлжит бус хурлыг зөвлөлийн даргын санаачилга, эсхүл гишүүдийн дийлэнх олонхийн саналаар зарлан хуралдуулж болно.
4.4. Хяналтын зөвлөлийн хурал нь гишүүдийн олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно.
4.5. Хяналтын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг зөвлөлийн ажлын алба  гишүүдэд хурал эхлэхээс ажлын тав хоногийн өмнө бичгээр тараасан байна.
4.6. Хяналтын зөвлөл нь зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлаа хуралд оролцож буй гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
4.7. Хяналтын зөвлөл нь зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар Улсын Их Хуралд мэдээлэл өгөхөөс гадна Монголбанкны удирдлагад тодорхой асуудлын биелэлтийг хангахыг зөвлөсөн шийдвэр гаргана. Хяналтын зөвлөлийн шийдвэрийн хэлбэр нь тогтоол байх бөгөөд тогтоолд Хяналтын зөвлөлийн дарга гарын үсэг зурна.
4.8. Хяналтын зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилт, тайлбарыг Монголбанкны удирдлага Хяналтын зөвлөлийн хуралд танилцуулна.
4.9. Зөвлөлийн хурлын тэмдэглэлийг Хяналтын зөвлөлийн ажлын албаны ажилтан хөтлөх бөгөөд тэмдэглэл нь хураангуй болон дэлгэрэнгүй гэсэн хоёр хэлбэртэй байна.
4.10. Зөвлөлийн хурлын тэмдэглэлд хурал даргалагч, тэмдэглэл хөтлөгч гарын үсэг зурсан байна.
4.11. Зөвлөлийн хурлын тэмдэглэл хөтлөгч нь хэлэлцсэн асуудлаар гишүүдээс хэлсэн үг, тавьсан саналыг хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлд үнэн зөв, бүрэн гүйцэд бичиж тэмдэглэнэ.
4.12. Зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлээд хураангуй тэмдэглэлд тусгасан шийдвэрт дараа нь утга агуулгын өөрчлөлт оруулахыг хориглоно.
4.13. Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлд тухайн хурлаар хэлэлцсэн асуудлын жагсаалт, холбогдох материалыг хавсаргасан байна.
 
Тав. Хяналтын зөвлөлийн ажлын алба
5.1. Хяналтын зөвлөл нь хурлын бэлтгэл ажлыг хангах, хурлын явцад тэмдэглэл хөтлөх, дарга, гишүүдийг шуурхай мэдээллээр хангах, Хяналтын зөвлөлөөс үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд туслах, гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах чиг үүрэг бүхий ажлын албатай байна.
5.2. Хяналтын зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санг  Хяналтын зөвлөл Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн тогтооно.
 
Зургаа. Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийн ажлын хөлс, зардал
6.1. Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд түүний Хяналтын зөвлөлийн ажилд оролцсон байдлыг харгалзан ажлын хөлс олгох бөгөөд түүний хэмжээ, ажлын хөлс олгох журмыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороотой зөвшилцөн Монголбанкны Ерөнхийлөгч  батална.
6.2. Хяналтын зөвлөл, түүний ажлын албаны үйл ажиллагаанд шаардагдах зардлыг тогтсон жишгийн дагуу Монголбанкнаас гаргана.
 
Долоо. Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, нөхөн томилох
7.1. Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу томилно.
7.2. Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн нь хугацаанаасаа өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд түүнийг нөхөн томилно.
7.3. Хяналтын зөвлөлийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.
 
Найм. Хяналтын зөвлөлөөс Улсын Их Хуралтай харилцах
8.1. Хяналтын зөвлөл нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 271 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 4-т заасны дагуу өөрийн үйл ажиллагааны тайланг Улсын Их Хуралд хүргүүлж байна.
8.2. Хяналтын зөвлөл нь өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлын талаарх мэдээллийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ.
 
 
---------------оОо-------------