A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 1999 оны 46 дугаар тогтоолын хавсралт

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Монголын уламжлалт анагаах ухаан нь монгол хүний бие махбодь, оюун санаа, сэтгэл зүйн онцлог, нүүдэлчдийн ахуй нөхцөл, ёс заншилтай зохицсон, өөрийн өвөрмөц төрхтэй, бие даасан эрдэм мэдлэг, оюуны соёлын нандин өв мөн.
2.Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухааны ололтоор баяжуулан хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин эмгэгийг анагаан эдгэрүүлэх, алдагдсан чадварыг нөхөн сэргээхэд өргөн ашиглах зарчимд үндэслэн хөгжүүлнэ.
3.Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тус улсад шинжлэх ухаан, технологи хөгжүүлэх цогц арга хэмжээний хүрээнд улсын эдийн  засаг, нийгмийг хөгжүүлэх  жил бүрийн үндсэн чиглэлд тусах замаар хэрэгжинэ.
4.Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого нь тухайн чиглэлээр 2015 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны тулгуур баримт бичиг мөн.
 
Хоёр.Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төрийн бодлогын үндсэн чиглэл 
5.Монгол Улсын төрийн захиргааны болон эрүүл мэндийн төв, орон нутгийн байгууллагууд монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх  бодлогыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
6.Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухааны бусад салбарын хөгжилтэй уялдуулан зохицуулж, төрөөс хийх хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж, үр өгөөжийг нь дээшлүүлэхийг бүх талаар дэмжинэ.
7.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өөрийн бүтцэд монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төрийн бодлогын асуудал эрхэлсэн нэгжтэй байж, орон нутаг дахь бүтцийг эрүүл мэндийн байгууллагын харьяанд оновчтой зохион байгуулж, улсын хэмжээний нэгдсэн сүлжээнд оруулна.
8.Монголын уламжлалт анагаах ухааны салбарт ажиллах хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ.
9.Сум, дүүргийн болон ерөнхий мэргэжлийн тусламжийн түвшинд хэрэглэх монголын уламжлалт анагаах ухааны урьдчилан сэргийлэх болон эмчилгээний арга, дэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
10.Монголын уламжлалт анагаах ухааны өв сан, ном судар, эд зүйлийг цуглуулах, хамгаалах, судлах, мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулж, байнга баяжуулж ашиглана.
11.Орчин үеийн анагаах ухаанд шийдэхэд түвэгтэй байгаа зарим өвчнийг эмчлэх, оношлох, урьдчилан сэргийлэхэд уламжлалт анагаах ухааны шинэ арга бий болгох ажлыг хөхүүлэн дэмжинэ.
12.Монголын уламжлалт анагаах ухааны мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах үйл ажиллагааг төрөөс боловсролын талаар баримтлах бодлоготой нягт уялдуулан явуулна.
13.Монголын уламжлалт анагаах ухааны ололт амжилтад тулгуурлан байгалийн гаралтай түүхий эд ашиглаж аюулгүй, өндөр идэвх чанартай шинэ эм, биобэлдмэл, хүн амын хүнс тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхийг хөхүүлэн дэмжинэ.
14.Монгол орны эмийн ургамал, амьтны болон эрдсийн гаралтай эмчилгээний чанартай түүхий эдийн тархац, нөөцийг судлан экологийн тэнцвэрт байдлыг нь алдагдуулахгүйгээр ашиглана.
15.Эмийн ургамлыг тарималжуулах, зэрлэг амьтдыг гаршуулах замаар уламжлалт эмнэлгийн гадаадаас авдаг түүхий эдийг орлох дотоодын түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж хэрэгцээгээ хангана.
16.Ховордсон эмийн ургамал, амьтны гаралтай түүхий эд /бугын эвэр, бөхөнгийн эвэр, хүдрийн заар, бугын чив, баавгайн цөс зэрэг/-ийг эцсийн бүтээгдэхүүн болголгүйгээр экспортлохыг хориглох асуудлыг дэс дараатай шийдвэрлэнэ.
17.Уламжлалт эмнэлгийн эмийн үйлдвэрлэлийн технологийн нөхцөлийг эмийн үйлдвэрлэл, хяналтын олон улсын үлгэрчилсэн дүрмийн шаардлагатай нийцүүлэн хяналтын шинэ аргачлал бий болгож, эмийг стандартчилж, экспортлох бодлогыг дэмжинэ.
18.Монголын уламжлалт анагаах ухааны ололт амжилт, оношлогоо, эмчилгээ, нөхөн сэргээлтийн болон урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга, эм, эмийн бэлдмэлийг оюуны өмчийн хамгаалалтад авч дэлхийн түвшинд сурталчлах ажлыг зохион байгуулна.
19.Монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр дотоод, гадаадын эрдэм шинжилгээ, эмчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөж, энэ талаархи үйл ажиллагаа, санал, санаачилгыг дэмжинэ.
 
-----оОо----