A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ВАЛЮТЫН ГҮЙЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1992 оны 5 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 81

Монгол Улсын банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дугаар заалтыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол улсын нутаг дэвсгэрт байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллагууд тусгайлан эрх олгогдсоноос бусад тохиолдолд өөр хоорондын болон иргэдтэй хийх төлбөр тооцоог зөвхөн төгрөгөөр буюу Монгол банкнаас зөвшөөрсөн төлбөрийн хэрэгслээр гүйцэтгэж байхаар тогтоосугай.

2.Гадаад валютын орлогын нэмэгдэл эх үүсвэр бий болгох, гаднаас валют оруулах сонирхлыг төрүүлэх, гадаадын болон валют бүхий иргэдийн эрэлт хэрэгцээг хангах чиглэлээр тогтвортой ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад гадаад валютаар худалдаа, үйлчилгээ явуулах эрх олгож, бүртгэлжүүлэх, тэдний дэргэд банкны буюу банктай тохиролцон валютын касс, цэг ажиллуулах үндсэн дээр сул чөлөөтэй валютыг банкинд хадгалуулах, төсвийн орлого төлөлтөд хяналт тавих журмыг энэ оны 5 дугаар сард багтаан Монгол банктай хамтран боловсруулж мөрдүүлэхийг Сангийн яам, Худалдаа, үйлдвэрийн яам, Цагдаагийн ерөнхий газарт даалгасугай.

3.Гадаад валютаар худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын бараа, үйлчилгээний нэр төрөл, үнэ, тарифын түвшинг судалж улс орны эрх ашигт нийцүүлэн холбогдох арга хэмжээ авч байхыг Худалдаа, үйлдвэрийн яаманд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН