- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2000 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
Монгол Улсын Их Хурлын 2000 оны 03 дугаар тогтоолын хавсралт
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2000 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2000 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
Төрөөс 2000 онд баримтлах мөнгөний бодлого нь мөнгөний нийлүүлэлтийг оновчтой зохицуулж, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чиглэнэ. Энэ хүрээнд үндэсний эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, санхүү банкны салбарыг тогтворжуулах, банкны бүтцийн өөрчлөлтийг өргөжүүлэн гүнзгийрүүлэх зорилгоор бодлогын чанартай дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
Нэг. Мөнгөний бодлогын талаар
Мөнгөний нийлүүлэлтийг зохистой удирдах замаар санхүүгийн жилийн инфляцийн түвшинг 15 хувиас хэтрүүлэхгүй байлгаж төгрөгийн харьцангуй тогтвортой байдлыг хангана. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг 20 хувиас хэтрүүлэхгүй ба үнийн өөрчлөлттэй уялдуулан хүүгийн түвшинг бууруулах замаар бодит эдийн засгийн өсөн тэлэх боломжийг бүрдүүлэх чиглэл баримтална.
Мөнгөний бодлогын хэрэгслүүдийн хоорондын уялдааг нягтруулан, түр зуурын шинжтэй эрэлт болон нийлүүлэлтээс үүдэлтэй огцом хүндрэлийг даван туулахад бодлогын хэрэгслүүдийг үр дүнтэй хослуулан мөнгөний бодлогыг нээлттэй хэрэгжүүлэхэд анхаарна. Заавал байлгах нөөцийн шаардлагыг бууруулахын зэрэгцээ, түүнийг зөрчиж байгаа банкуудын зээлийн өрийн үлдэгдэлд хязгаар тогтоох ажиллагааг үргэлжлүүлнэ.
Монголбанкнаас Засгийн газарт үзүүлэх банкны үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ. Засгийн газар, Монголбанкны мэдээлэл солилцоог сайжруулж, мөнгөний болон төсвийн бодлогын уялдааг дээшлүүлнэ.
Засгийн газар, Монголбанкны хооронд үүссэн өглөг, авлагын зарим асуудлыг Улсын Их Хуралд танилцуулан шийдвэрлэнэ.
Засгийн газрын бондыг нийтэд чөлөөтэй арилжаалах нөхцөлийг бүрдүүлэх, түүний зах зээлийг бий болгож хөгжүүлэх арга хэмжээг Засгийн газар, Монголбанк хамтран зохион байгуулна.
Макроэдийн засгийн тэнцвэрийг алдагдуулах эрс өөрчлөлт гарснаас бусад нөхцөлд төгрөгийн гадаад валютаар илэрхийлэгдэх ханшны тогтолцоонд Монголбанкнаас оролцохыг хязгаарлах бөгөөд гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн байдалд уян хатан зохицсон байх зарчмыг баримтална. Монгол Улсын гадаад валютын цэвэр нөөцийг оны эцсийн байдлаар 95 сая ам.долларт хүргэнэ.
Хоёр. Санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх, банкны бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх талаар
Банкны эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, дүрмийн сангийн доод хэмжээг нэмэгдүүлэн банкны системийн төвлөрлийг бий болгох, банкны тухай хууль тогтоомжид заасан зохистой харьцааны үзүүлэлтийг хангуулах замаар санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг сайжруулна. Банкны бус санхүүгийн байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нягтлан бодох бүртгэлийн үндсийг тавих, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх судалгаа явуулах, банкны зээлээс бусад хэлбэрийн зуучлалын арга хэлбэрийг нэвтрүүлэх замаар санхүүгийн зуучлалын хүрээг өргөжүүлнэ.
Банкны тухай хуулийн дагуу банкинд бүтцийн өөрчлөлт хийхтэй уялдуулан банкийг өөрчлөн байгуулах /нэгтгэх, нийлүүлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ зарчмыг тогтоож мөрдүүлнэ.
Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлтийг биелүүлээгүйгээс үйл ажиллагаа нь доройтож, санхүү төлбөрийн чадварын байдал нь хүндрэлд орсон банкинд хариуцлага хүлээлгэх, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагааг үргэлжлүүлнэ. Банкны салбарын хүндрэлийн анхдагч эх сурвалж болсон чанаргүй зээлийг төлүүлэх, албадах чиглэлээр арилжааны банкууд, Монголбанк, Засгийн газар, хууль хяналтын байгууллагатай хамтран нягт ажиллана.
Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Хөдөө аж ахуйн банкийг хувьчлах, хувьчлагдах хүртэл хугацаанд төр мэдэлдээ байлган үйл ажиллагааг нь хэвийн явуулах зорилгоор Засгийн газар, Монголбанкнаас дахин хөрөнгөжүүлэх арга хэмжээ авна. Хөдөө аж ахуйн банкны зардлыг цаашид хямдруулах, үр ашигтай бүтцийн тогтолцоо бий болгох зорилгоор банкийг жижигрүүлэн өөрчлөн зохион байгуулах бодлого баримтална. Тэтгэвэр, тэтгэмж олгох үйлчилгээг Хөдөө аж ахуйн банк болон бусад байгууллагаар дамжуулан Засгийн газраас нөхөн төлбөртэй явуулна.
Хадгаламжийн банкийг бие даасан үйл ажиллагаатай санхүүгийн зуучлагч болгох арга замыг судална.
Банкуудын дотоод хяналтын тогтолцоог хэвшүүлж, олон улсын практикт нийцсэн нягтлан бодох бүртгэлийн программаар үйл ажиллагааг нь автоматжуулна. Банкны үйлчилгээг олон нийтэд шуурхай хүргэх чиглэлээр орон нутаг дахь банкуудын бүтэц, зохион байгуулалт, байршлыг оновчтой болгох арга хэмжээ авна.
Санхүүгийн секторыг хөгжүүлэх зорилгоор банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай явуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нягтлан бодох бүртгэлийн журмыг шинээр боловсруулж, тэдгээрийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавина.
Санхүү банкны системийг эрүүлжүүлж, хөгжлийг нь түргэсгэхэд чиглэгдсэн арга хэмжээг олон улсын санхүүгийн байгууллагуудын тусламжтайгаар хэрэгжүүлэн, тэдгээртэй хамтран дунд болон урт хугацааны хамтын ажиллагааны арга хэлбэрийг тодорхойлно.
Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа, программ хангамжийг боловсронгуй болгох чиглэлээр мөрдөж байгаа эрх зүйн баримтыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангана.
_________000__________
Текст томруулах
A
A
A