- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2004 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Монгол Улсын Их Хурлын 2003 оны 52 дугаар тогтоолын хавсралт
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2004 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2004 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Төрөөс 2004 онд баримтлах мөнгөний бодлого нь санхүүгийн зуучлалын хэмжээ, цар хүрээ өргөжин, өрсөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах, сүүлийн жилүүдэд банк санхүүгийн салбарт бий болсон бизнесийн таатай орчинг улам сайжруулан, ололт, тогтворжилтыг бататган гүнзгийрүүлэхэд чиглэгдэнэ.
Дээрх зорилтод хүрэхийн тулд Монголбанк дараахь үйл ажиллагаа явуулна:
Нэг. Үнэ, ханш, санхүүгийн зах зээлийн талаар
1. Хэрэглээний барааны үнийн индексээр хэмжигдэх инфляцийг жилийн 5 орчим хувьд байлгана. Үнийн өсөлтийг тогтвортой байлгаж, түүний жилийн турш дахь хэлбэлзлийг бууруулахад мөнгөний бодлогын хэрэгслүүдийг үр ашигтай хослуулан ашиглана. Хөрөнгийн захыг идэвхжүүлэх арга замыг эрэлхийлнэ.
2. Төгрөг, валютын банк хоорондын захын үйл ажиллагааг дэмжих үүднээс түүний зохион байгуулалтыг сайжруулна. Банкуудын хооронд төлбөр тооцоо хийх шинэ горимыг нэвтрүүлэн, орчин үеийн төлбөр тооцооны хэрэгслийг нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
3. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх арга барилыг чанаржуулах үүднээс онолын дүгнэлтийг ашиглан эмпирик судалгаа шинжилгээний ажлуудыг гүнзгийрүүлэн хийж, үр дүнг мөнгөний бодлогын хэрэгжилтэд ашиглахын зэрэгцээ олон нийтэд сурталчилна.
4. Монголбанкнаас газар, орон сууц болон бусад үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан ипотекийн хэлцэл бүхий урт хугацаатай санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
5. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь банк хоорондын валютын захын эрэлт нийлүүлэлттэй уялдан чөлөөтэй тогтоно.
6. Эдийн засаг дахь зээлийн хүүгийн түвшинд эерэг нөлөө үзүүлэх арга хэрэгслүүдийг Монголбанк авч хэрэгжүүлнэ.
Хоёр. Банк, банк бус санхүүгийн байгууллагын хөгжил, тэдгээрийн хяналт шалгалтын талаар
7. Санхүүгийн зах зээл дэх шударга өрсөлдөөнийг дэмжих, банкны үйл ажиллагаанд харилцагчдын зүгээс тавих хяналтыг дээшлүүлэх зорилгоор мэдээллийн үнэн зөв, нээлттэй байдлыг хангах, банкны нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн боловсронгуй болгох, хувь нийлүүлэгчдийн санхүүгийн хариуцлагыг өндөржүүлнэ.
8. Банк, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг олон улсын жишигт нийцүүлэх ажлыг үргэлжлүүлнэ. Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, мэдээллийн нууцтай холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.
9. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
10. Хадгаламжийн даатгалын эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
11. Банкны үйл ажиллагааны эрсдлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээний хүрээнд банкны удирдлагын ур чадварыг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, мэдээллийн санг бэхжүүлэх, мэдээллийн солилцоог нээлттэй, идэвхтэй байлгах чиглэл баримтална.
-----------оОо-----------
Текст томруулах
A
A
A