A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 1993 оны 92 дугаар тогтоолын хавсралт

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 1994 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ

Эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцыг гүнзгийрүүлэх, эдийн засгийг тогтворжуулах, үнийн өсөлтийг бууруулах, төгрөгийн худалдан авах чадварын тогтвортой байдлыг хангах, үйлдвэрлэлийг дэмжих явдал төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл байх болно.
 
Нэг.Мөнгөний нийлүүлэлтийн талаар
Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулахад мөнгөний бодлогын шууд бус арга хэрэгслийг 1994 оноос өргөнөөр ашиглах арга хэмжээ авна.
Арилжааны банкуудын заавал байх нөөцийн хэмжээг оновчтой тогтоож, түүнийг тооцох арга, урамшуулал хөшүүргийн системийг боловсронгуй болгоно.
Мөнгөний зах зээл дээр үнэт цаас гаргах эрх зүйн үндэслэлийг бүрдүүлж, үнэт цаасыг гүйлгээнд гаргах ажлыг 1994 оны 1 дүгээр улирлаас эхлэн ээлж дараалалтай хэрэгжүүлнэ.
Гүйлгээнд байх бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нийт мөнгөний 25 хувиас хэтрэхгүй байхаар зохион байгуулна.
 
Хоёр.Хүүгийн бодлогын талаар
Зээлийн хүүг инфляцийн түвшинтэй уялдуулах бодлого явуулж, үнийн өсөлт саармагжихийн хирээр түүнийг бууруулах арга хэмжээг 1994 оны 2 дугаар сараас эхлэн авна.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эдийн засгийн бүтцийн тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих, хувийн хэвшлийн секторыг хөгжүүлэхэд чиглүүлж зээлийн хүүгийн бодлого явуулна.
Өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, ажлын нэмэгдэл байр бий болгоход чиглэсэн, үр ашигтай болохыг тогтоосон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг банкны зээлээр санхүүжүүлэх асуудлыг Засгийн газартай хамтран шийдвэрлэнэ. Энэ зориулалтаар олгох зээлийн хүүг арилжааны банкуудын зээлийн хүүний дунджаас доогуур тогтоож, үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээ авна.
Экспортыг нэмэгдүүлэх, хүнс, өргөн хэрэглээний барааны хангамжийг сайжруулахад чиглэсэн төслүүдийг Засгийн газраас сонгон шалгаруулж баталгаа гаргасан нөхцөлд тэдгээрийг тэргүүн ээлжинд хөнгөлөлттэй хүүтэй зээлээр санхүүжүүлнэ.
Арилжааны банкууд нийт зээлд эзлэх үйлдвэрлэлийг дэмжих урт хугацааны зээлийнхээ хувийн жинг өмнөх оноос нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг дэмжих бодлого явуулна.
Зээл, хадгаламжийн хүүгийн хооронд зохистой харьцаа бий болгох зорилгоор арилжааны банкнаас олгох зээлийн хүүгийн дээд хязгаар нь банкин дахь иргэдийн хадгаламжийн хүүгийн дунджаас 5 пунктээс илүүгүй бахаар бодож хүүгийн бодлого явуулна.
Иргэдийн хадгаламжийн хүүгийн доод хэмжээг зохистой тогтоож, түүнийг үнэгүйдлээс хамгаалах, хадгаламжийн шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх, хадгаламжийн ач холбогдлыг сурталчлах ажлыг эрчимжүүлнэ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн харилцах дансны үлдэгдэлд 1994 оны 1 дүгээр сараас эхлэн арилжааны банкууд хүү төлдөг журамд шилжинэ.
  Гурав.Валютын ханшийн талаар
Банк хоорондын валютын захын үйл ажиллагааг боловсронгуй болгож, валютын арилжааг долоо хоногт нэгээс доошгүй удаа зохион байгуулахын хамт төгрөгийн чөлөөт валюттай харьцах ханшийг тогтворжуулахад чиглэсэн арга хэмжээг авч байна.
Улсын валютын нөөцийг 1994 оны эцэст Монгол Улсын 4 долоо хоногийн импорттой тэнцэх хэмжээнд хүргэж, гадаад орны өмнө хүлээсэн хугацаа хэтэрсэн өрийг төлж барагдуулах арга хэмжээ авна.
Гадаадын санхүүгийн хөрөнгө тус улсад орж ирэх банк, санхүүгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх, гадаад төлбөр тооцооны бүртгэл, мэдээлэл, судалгааг олон улсын жишигт нийцүүлэхэд чиглэсэн ажлыг ээлж дараалалтай зохион байгуулж эхэлнэ.
 
Дөрөв.Төлбөр, тооцооны талаар
Монголбанк, арилжааны банкийг холбосон холбоо-мэдээллийн сүлжээний эхний ээлжийг 1994 оны 2 дугаар сард багтаан ашиглалтад оруулж банк хоорондын төлбөр тооцоог түргэтгэх арга хэмжээ авна. Салбар хоорондын тооцоог 1994 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн клирингийн системд хамруулах арга хэмжээ авна.
Статистикийн болон Нягтлан бодох бүртгэлийн хууль батлагдсантай  холбогдуулан  Монголбанк, арилжааны бнкны бүртгэл тайлан, мэдээллийн системийг боловсронгуй болгож, олон улсын жишигт нийцүүлэх, улсын мөнгө, санхүүгийн үндсэн үзүүлэлтийг олон улсын жишигт нийцүүлэх, улсын мөнгө, санхүүгийн үндсэн үзүүлэлтийг олон улсын санхүүгийн байгууллагын нэгдсэн мэдээлэлд хамруулах болно.
Арилжааны банк бүр өөрийн онцлогт нийцүүлэн бэлэн бус тооцооны хэлбэрүүд, тухайлбал, вексель, зээлийн карт зэргийг нэвтрүүлж, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчийн төлбөр тооцоонд ашиглаж эхэлнэ.
Монголбанк нь байгууллага хоорондын өр авлагын байдалд судалгаа хийж, түүнийг үүсэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авахын хамт нэгэнт бий болсон өр авлагыг барагдуулах ажлыг Сангийн яамтай хамтран улирал бүр зохион байгуулна.
 
Тав.Банкны тогтолцоог бэхжүүлэх, үйлчилгээг сайжруулах талаар
Төрөөс мөнгөний удирдлагыг үр дүнтэй зохион байгуулж хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн Монголбанк, арилжааны банкны бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох арга хэмжээг 1994 оны 1 дүгээр улиралд авч хэрэгжүүлнэ.
Монголбанкнаас арилжааны банкны үйл ажиллагаанд хуулийн хүрээнд тавих хяналтыг хүчтэй болгож, Банкны хууль, дүрэм зөрчсөн арилжааны банк, албан тушаалтанд хариуцлага тооцох, арилжааны банкны удирдлага, зохион байгуулалтад нөлөөлөх нөлөөллийг нэмэгдүүлнэ.
Арилжааны банкны төлбөрийн чадварыг сайжруулах шаардлагад нийцүүлэх үйл ажиллагаанд мөрдөх үзүүлэлтүүдийн зохистой харьцааг хангаж ажиллуулах, дүрмийн сангийн доод хэмжээг Банкны хуульд заасан хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх арга хэмжээ авна.
Арилжааны банк бүр олгосон зээлдээ улирал тутам судалгаа дүгнэлт хийж, зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд тавих хяналтыг дээшлүүлнэ.
Харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн анхны шаардлагаар тэдний төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэж байх журмыг арилжааны банк бүр үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, банкны үйлчилгээг олон нийтэд улам ойртуулах, үйлчилгээний соёлы, хөнгөн шуурхай байдлыг сайжруулна.
Монголбанк, банкны холбооны дэргэдэх сургалтын төвийг түшиглэн банкны боловсон хүчний мэдлэг боловсролын түвшинг дээшлүүлэх арга хэмжээ авахын хамт зарим гадаад орны банкны байгууллагын ажилтай танилцах, курс, дадлага хийлгэх ажлыг зохион байгуулна.
------OOO------