- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 1998 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монгол Улсын Их Хурлын 1997 оны 88 дугаар тогтоолын хавсралт
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 1998 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 1998 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Энэхүү төлөвлөгөө нь 1998 оны мөнгөний бодлогын үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэхийн зэрэгцээ Засгийн газар, Монголбанкнаас олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран явуулж байгаа хөтөлбөрийн мөнгө, санхүүгийн тогтоосон үзүүлэлтийг хангах, бодлогын ба техникийн шинж чанартай арга хэмжээг хэрэгжүүлэхтэй уялдана.
1. Мөнгөний бодлогын хэрэгслүүдийг ашиглахдаа банкны тухай хууль тогтоомжийн шаардлагад бүрэн нийцүүлнэ.
2. Банкны заавал байлгах нөөцийг хангуулж илүүдэл нөөцөө чөлөөтэй байршуулах санхүүгийн хэрэгсэл, нөхцөлийг бүрдүүлнэ.
З. Банкинд шинээр олгох зээлийн барьцаа, баталгааг бүрэн хангуулна.
4. Засгийн газарт олгосон зээлийг хуулиар тогтоосон хэмжээнд хүртэл бууруулах дэс дараатай арга хэмжээ авна.
5. Монголбанкнаас компани, байгууллагад олгосон зээл, гаргасан баталгаа, эх үүсвэргүйгээр гүйцэтгэсэн гадаад төлбөрийн авлагыг барагдуулах ажиллагааг эрчимжүүлэн гэрээ хэлцлийг нөхөж байгуулах, төлбөрийн хуваарийг тогтоох, өрийг худалдах, үйл ажиллагааны хяналтыг тогтоож, бүтцийг өөрчлөх замаар авлагыг бууруулах арга хэмжээ авна.
6. Төв банкны үнэт цаасны хүүг инфляцийн өнгөрсөн болон хүлээгдэж байгаа түвшингээс дээгүүр тогтоож мөнгөний бодлогын бусад хэрэгслүүдийн хүүг тогтоох суурь үзүүлэлт болгон ашиглана.
7. Заавал байлгах нөөц, банкны үйл ажиллагааны зохистой харьцааны холбогдох шалгуур үзүүлэлт зөрчсөн банкны зээлийн үлдэгдэлд хязгаарлалт тогтоож мөрдүүлнэ.
8. Банк хоорондын итгэлцэл, мөнгөний захын үйл ажиллагааг сэргээж, нөөц мөнгөний удирдлагад шилжих үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
Банкны бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх талаар
9. Банкуудын төлбөрийн чадвар өөрийн хөрөнгийг тогтоосон хэмжээнд хүртэл нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтцийн өөрчлөлтийг хуульд заасан хэлбэрүүдээр үргэлжлүүлэн хийнэ.
10. Монголбанкны хяналт шалгалтын газрын нөөц бололцоо, чадвар, шалгалтын давтамж, түүний мөрөөр авах арга хэмжээ, үр өгөөжийг дээшлүүлнэ.
11. Банкны зээлийн эрсдлийг бууруулах, зээлийн багцын чанарыг сайжруулахад чиглэсэн зээлдүүлэх, зээл авах эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээг төрийн холбогдох шатны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.
12. Банк хоорондын зээлийн мэдээллийн сангийн хэрэглээний хүрээг өргөжүүлж, улмаар татвар, хууль хяналтын байгууллагын мэдээллийн сүлжээтэй холбох арга хэмжээ авна.
1З. Банкны үйлчилгээг орон нутагт сайжруулах, төлбөр тооцоог түргэтгэх, банкны бус санхүүгийн байгууллагыг дэмжих чиглэлээр төлөвлөгөөтэй арга хэмжээ авна.
14. Банкны бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн үндсийг боловсронгуй болгоно.
15.Банкны бүтэц тогтолцоог боловсронгуй болгож, хууль тогтоомжийг сахиулан, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, өрсөлдөөнийг дэмжихэд чиглэгдсэн банкны хувьчлалын зарчмыг баримтална.
16. Банкны бүртгэлийг олон улсын жишигт нийцүүлэх ажлыг эрчимжүүлж, бүртгэл, төлбөр тооцоонд компьютерийн дэвшилтэт программ хангамж нэвтрүүлнэ.
17.Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг олон улсын жишиг, өөрийн онцлогт нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авна.
18. Банкны дотоод хяналтын тогтолцоог боловсруулан нэвтрүүлж, түүнд тавих хяналтыг Монголбанкнаас банкны үйл ажиллагаанд тавих хяналтын бүрэлдэхүүн хэсэг болгож хөгжүүлнэ.
19. Банкны санхүүгийн тайланд эрх бүхий аудитын байгууллагаас дүгнэлт өгөх журмыг тогтоож мөрдүүлнэ.
Валютын бодлогын талаар
20. Мөнгөний бодлогын үндсэн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд төгрөгийн гадаад валютаар илэрхийлэгдэх нэрлэсэн болон бодит ханшийн өөрчлөлтийг бодлогын хэрэгслүүдээр хослуулан удирдаж хяналт тавих, гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн нөлөөллийг харгалзан зохицуулах чиглэлийг баримтална.
21. Энэхүү төлөвлөгөөний 2О-д заасан чиглэлийг баримтлахдаа төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн чөлөөтэй хөвөх тогтолцоог хэвээр хадгалж, түр зуурын хэлбэлзлийг багасгахаас өөрөөр гадаад валютын зах дээр Монголбанкнаас оролцохыг хязгаарлана.
22. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг бодитой байлгах үүднээс түүнийг тооцох аргачлалыг боловсронгуй болгон, мэдээллийн хамрах хүрээг өргөжүүлнэ.
2З. Гадаад валютын улсын цэвэр нөөцийг 1998 оны эцэст 8О сая америк долларт байлгана.
24. Гадаад валютын улсын нөөцийн төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдал, орлогын шалгуур үзүүлэлтийг тогтоон мөрдүүлж, активын болон эрсдлийн удирдлагын дэвшилтэт хэрэгслийг нэвтрүүлнэ.
25. Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх төрлийн төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэж байх журмыг үргэлжлүүлэн мөрдүүлнэ.
26. Банк хоорондын валютын зах зээлийг хөгжүүлэх зорилгоор итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын болон техникийн арга хэмжээг хэрэгжүүлнэ.
------оОо------
Текст томруулах
A
A
A