- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 1999 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
Улсын Их Хурлын 1998 оны 119 дүгээр тогтоолын хавсралт
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 1999 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 1999 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
Төрөөс мөнгөний талаар 1999 онд баримтлах бодлого нь дотоодын үнийн өөрчлөлтөөр илэрхийлэгдэх төгрөгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн секторын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэхэд чиглэнэ.
Энэхүү бодлогыг Засгийн газар, Монголбанкнаас олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран явуулж байгаа хөтөлбөрийн мөнгө, санхүүгийн тогтоосон үзүүлэлтийг хангах, бодлогын ба техникийн шинж чанартай арга хэмжээг хэрэгжүүлэхтэй уялдуулна.
Нэг.Мөнгөний бодлогын талаар
1.Мөнгөний бодлогын зорилтот үзүүлэлт
а/ Мөнгөний бодлогын хэрэгслүүдийг ашиглан 1999 онд хэрэглээний барааны үнийн ерөнхий өсөлт /инфляц/-ийг 15 хувиас хэтрүүлэхгүй.
б/ Гадаад валютын улсын цэвэр нөөцийг 1999 оны эцэст 9О сая ам.долларт хүргэнэ.
2.Мөнгөний бодлогын хэрэгслүүд болон бодлогын чанартай холбогдох арга хэмжээ
а/Мөнгөний бодлогын хэрэгслүүдийг банкны хууль тогтоомжийн шаардлагад бүрэн нийцүүлэн ашиглаж төв банкны үнэт цаасны хүүг бодит эерэг түвшинд байлган түүгээр дамжуулан мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлөх бодлогыг үргэлжлүүлэн явуулна.
б/Заавал байлгах нөөц, банкны үйл ажиллагааны зохистой харьцааны холбогдох шалгуур үзүүлэлт зөрчсөн банкны зээлийн үлдэгдэлд хязгаарлалт тогтоож мөрдүүлнэ.
в/Түр зуурын шинж чанартай эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлыг нөхөхөөс бусад тохиолдолд дотоодын валютын зах зээлд оролцох Төв банкны оролцоог хязгаарлах чиглэлийг баримталж, банк хоорондын валютын арилжааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
г/Гадаад худалдааны нөхцөл, төлбөрийн тэнцлийн байдалтай уялдуулсан уян хатан ханшийн бодлогыг хэрэгжүүлнэ.
д/Гадаад валютын улсын нөөцийг удирдаж зохицуулахдаа эрсдэлийг хэмжиж үнэлдэг, түүнийг хязгаарладаг орчин үеийн системийг судалж нэвтрүүлнэ.
е/Банк хоорондын төлбөр тооцооны эрсдэлийг бууруулахад чиглэсэн техник зохион байгуулалтын арга хэмжээг авч бэлэн бус төлбөр тооцооны сүлжээ, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжинэ.
ё/Монголбанк, Засгийн газар хооронд үүссэн авлагыг барагдуулах хэлбэрийг эцэслэн тохиролцоно.
ж/Монголбанкнаас компани, байгууллагад олгосон зээл, гаргасан баталгаа, эх үүсвэргүйгээр гүйцэтгэсэн гадаад төлбөрийн авлагыг барагдуулах ажиллагааг эрчимжүүлэн гэрээ хэлцлийг нөхөж байгуулах, төлбөрийн хуваарийг тогтоох, өрийг худалдах хяналтыг тогтоож, бүтцийг өөрчлөх замаар авлагыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэн авна.
з/Улсын эрдэнэсийн сангийн аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах.
1.Банкны тухай болон холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгож өмчлөх эрх, гэрээний үүргийн биелэлт, эд хөрөнгийн барьцаа, батлан даалтын харилцааг зохицуулсан нэмэлт өөрчлөлт оруулах, банкны дампуурлын эрх зүйн үндэслэлийг тодорхой болгох, банкны бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
2.Олон нийтийн зүгээс банкны үйл ажиллагааг үнэн зөв дүгнэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор банкны харилцагчийн нууцыг чандлан хамгаалахын зэрэгцээ банкны үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгана. Үүний тулд зээлийг тогтоосон журмын дагуу үнэн зөв ангилж, эрсдэлийн санг бүрэн байгуулан, хөндлөнгийн хяналтыг зохих түвшинд тогтмол хийлгүүлж, санхүүгийн тайлан мэдээллийг хуульд заасны дагуу нийтлэх шаардлагыг хангуулна. Банкны үйл ажиллагааны талаархи олон нийтэд хүргэх сургалтын арга хэмжээг зохион байгуулах.
З.Банкны хууль тогтоомжийг чанд мөрдүүлэх, санхүүгийн сахилга батыг бэхжүүлэх үүднээс банкны дотоод хяналтын алба, гишүүд, төлөөлөн удирдах зөвлөл бусад удирдлагын зүгээс тавих хяналтыг хүчтэй болгож банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээг санхүүгийн эрсдэлтэй уялдуулан нэмэгдүүлэх, банкны удирдлагыг чадваржуулах, удирдлага зохион байгуулалтын бүтцийг банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалахад чиглүүлэх, зөрчил гаргагсдад хариуцлагыг хүлээлгэх, үйл ажиллагааг нь хязгаарлах, зөвшөөрлийг татан авах зэргээр тухайн нөхцөл байдалд тохируулсан албадлагын арга хэмжээг шийдвэртэй авна.
4.Төв банкны хяналт шалгалтын үйл ажиллагааны бие даасан байдлыг хангаж, түүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс үл оролцох зарчмыг бэхжүүлнэ.
5.Банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх талаар олон улсын байгууллагуудтай тохирсон хөтөлбөрийг биелүүлэх талаар эрчимтэй арга хэмжээ авч, гүйцэтгэлд хяналт тавина. Үүний тулд ХАА, ХОТШ, Сэргээн босголт болон санхүүгийн секторт нөлөө бүхий төрийн өмчийн банкуудын өөрийн хөрөнгийг зохих түвшинд хүртэл нэмэгдүүлэн, хяналтыг тогтоож, зардлыг хямдруулах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ.
6.Санхүүгийн хүндрэлд орсон, төлбөрийн чадваргүй болсон буюу дампуурсан банк, санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгахдаа алдагдлыг татвар төлөгчдөд дам үүрүүлдэг явдлыг хязгаарлаж банкны гишүүд болон удирдлагад санхүүгийн хариуцлага хүлээлгэх чиглэлийг баримтална.
7.Банкны зах зээлийн бүтцийг төгөлдөржүүлэх хүрээнд банкууд дахь шууд болон шууд бус төрийн өмчийн хувь хөрөнгийг Улсын Их Хурлаас баталсан үзэл баримтлалын дагуу гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хувьчлах, санхүүгийн салбарын төвлөрлийг зохицуулах арга хэмжээ авна.
______OOO_______
Текст томруулах
A
A
A