- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2002 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Улсын Их Хурлын 2001 оны 85 дугаар тогтоолын хавсралт
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2002 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2002 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Төрөөс 2002 онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, сүүлийн жилүүдэд гарсан үнэ, ханшийн тогтворжилтыг бататган, санхүүгийн салбарт хийх бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлэх замаар тус салбарын сэргэлтийг гүнзгийрүүлэх, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн дараахь харьцааг хангахад чиглэгдэнэ:
-инфляцийн түвшинг 6-8 хувьд хадгалах;
-төгрөгийн гадаад валюттай харьцах нэрлэсэн ханшны уналтыг 3 хувиас хэтрүүлэхгүй байх;
-улсын гадаад валютын цэвэр албан нөөцийг 13 долоо хоногийн импортын хэрэгцээг хангах түвшинд хүргэх.
Дээрхи зорилтын хүрээнд Монголбанк, Засгийн газраас олон улсын санхүүгийн байгууллагатай тохиролцсон хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих санхүүгийн орчныг бүрдүүлэх, мөнгөний шууд бус удирдлагын тогтолцоонд шилжих, санхүүгийн зуучлалыг өргөжүүлэхэд чиглэсэн дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
Нэг. Мөнгөний бодлогын талаар
Мөнгөний бодлогын дэвшилтэт хэлбэр-мөнгөний шууд бус удирдлагын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор нөөц мөнгөний хөтөлбөрийг Монголбанк нэвтрүүлнэ.
Инфляцийн түвшинтэй уялдсан уян хатан хүүгийн бодлогыг Төв банкны үнэт цаасны хүүгээр дамжуулан хэрэгжүүлнэ.
Эдийн засаг, санхүүгийн суурь судалгааг эрчимжүүлэн, түүний үр дүнг бодлогын чанартай асуудлаар оновчтой шийдвэр гаргахад ашиглана.
Дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих, банкнаас гадуур байгаа мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор дотоодын, төлбөрийн чадвар сайтай аж ахуйн нэгжийн өрийн бичгийг арилжааны болон Төв банкны дахин санхүүжилтийн зарчмаар хямдруулан арилжих бололцоог судлана.
Бэлэн бус төлбөр тооцооны хэрэгслийг улс орны эдийн засагт өргөн хүрээтэй нэвтрүүлэх стратегийг доноруудтай хамтран Монголбанк боловсруулна.
Банкны бүтцийн өөрчлөлтийн өрийн бичгийг хоёрдогч зах дээр арилжаалах нөхцөлийг бүрдүүлж, мөнгөний бодлогын арга хэрэгсэл болгон ашиглах талаар Засгийн газар, Монголбанк хамтран ажиллана.
Банк хоорондын төгрөгийн болон валютын захыг хөгжүүлэх, түүний харилцааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
Хөрш орнуудтай хийж байгаа хил орчмын төлбөр тооцоонд банкны үйлчилгээг хүргэх боломжийг судалж, хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
Дотоодын алтны зах зээлийг чөлөөлнө.
Тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжиж, санхүүгийн үйлчилгээг идэвхжүүлнэ.
Хоёр. Бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлэх замаар санхүүгийн салбарын сэргэлтийг гүнзгийрүүлэх талаар
Банк, банк бус санхүүгийн байгууллагад Төв банкнаас тавих хяналт болон банкны дотоод хяналтыг банкны үйл ажиллагааны эрсдлийг тодорхойлох, учирч болзошгүй эрсдлийг үнэлж, түүнээс сэргийлэхэд чиглүүлж, Төв банкны нэгдсэн хяналтын зарчмыг нэвтрүүлнэ. Хяналт шалгалтын ажилд олон улсын практикт хэрэглэж байгаа шинэлэг арга хэлбэрийг ашиглана.
Санхүүгийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, санхүүгийн зуучлалыг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай банк, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих замаар мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, зээлдүүлэгчийн өрсөлдөөнт орчныг бий болгох арга хэмжээ авна.
Иргэдийн хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх арга замыг олон улсын санхүү, банкны байгуулагатай хамтран судлана.
Санхүүгийн ажил үйлчилгээг банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-аар дамжуулан нийтэд хүртээмжтэй болгох, санхүүгийн зуучлалыг олон улсын стандартын дагуу сонгодог утгаар нь гүнзгийрүүлэн хөгжүүлэх, бүс нутагт энэ хэлбэрийн байгууллага хөгжих нөхцөлийг бий болгох эрх зүйн орчныг нь бүрдүүлэх үүднээс эдгээр байгууллагын үйл ажиллагааны онцлогийг харгалзаж зохицуулсан хуулийн төслийг боловсруулж батлуулах.
Цахим төлбөр тооцоогоор санхүүгийн үйлчилгээ эрхлэх харилцааг зохицуулах эрх зүйн орчныг Монголбанк бүрдүүлнэ.
Санхүүгийн салбар дахь эрсдлийг бууруулах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллагуудын активын чанарыг сайжруулах, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн хөрөнгийн талаархи мэдээллийг харилцан солилцох механизмыг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллана.
Зээлдэгч аж ахуйн нэгжүүдэд зэрэглэл тогтоон хэвшүүлж, банкуудыг зээлийн мэдээллийн сантай болгож, уг санг зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгийн болон бусад мэдээллээр өргөтгөнө.
Банкны үйл ажиллагаанд тавих дотоод, гадаад аудиторуудын хяналт, тэдгээрийн уялдаа, хамтын ажиллагааг сайжруулна.
Банкны үйл ажиллагаа, удирдлагад тавих шат дараалсан хяналтыг боловсронгуй болгох үүднээс олон улсын жишгийн дагуу компанийн зохистой засаглалын зарчмыг банкуудад мөрдүүлнэ.
Гурав.Төв банкны дотоод үйл ажиллагаа, хяналтыг бэхжүүлэх талаар
Төв банкны бодлогыг нээлттэй, ил тод байлгах үүднээс Монголбанкнаас гаргах шийдвэр, эрхийн актууд, судалгааны ажлыг хэвлэл, мэдээлэл болон интернетээр тогтмол сурталчилна.
Монголбанкны дүрмийн санг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Монголбанкны төсвийн удирдлага, санхүүжилтийн шинэчлэлтийг эрчимжүүлэх ажлыг зарим газар, хэлтэс, албадын үйл ажиллагаанд үргэлжлүүлэн туршина.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан Монголбанкны орон нутаг дахь салбар, төлөөлөгчийн газрын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох шат дараалсан арга хэмжээ авна.
Монголбанкны ажилтнуудын нийгмийн хангамж, сургалт болон ажиллах нөхцөл, бололцоог сайжруулахад чиглэсэн цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлнэ.
------------- о О о ---------------
Текст томруулах
A
A
A