- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2003 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Улсын Их Хурлын 2002 оны 78 дугаар тогтоолын хавсралт
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2003 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2003 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2003 онд баримтлах үндсэн чиглэлийн зорилт нь сүүлийн жилүүдэд гарсан макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтворжилтыг бэхжүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг дэмжихүйц мөнгө санхүүгийн орчинг бүрдүүлэх, санхүүгийн зуучлалыг бүх чиглэлээр гүнзгийрүүлэх, санхүү банкны үйлчилгээний хүрээ, хүртээмжийг өргөжүүлэхэд чиглэгдэнэ.
Төрийн мөнгөний бодлогын зорилтыг хангахын тулд дараахь арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд:
Нэг. Мөнгө болон ханшийн бодлогын талаар
1.1. Инфляцийг жилийн 5 хувь орчимд байлгах зорилгоор Монголбанкны мөнгөний бодлогын хэрэгслүүдийн уялдаа холбоог сайжруулан, түүний үр өгөөжийг нэмэгдүүлж, мөнгөний бодлогын үр дүнг ил тод тайлагнах ажлыг эрчимжүүлнэ.
1.2. Эдийн засаг дахь хүүгийн түвшинг бууруулах, мөнгө санхүүгийн таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна.
1.3. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уян хатан байдлыг хадгалж, гадаад худалдааны нөхцөл, банк хоорондын валютын захын эрэлт нийлүүлэлтийн дагуу уян хатан тогтоох нөхцлийг хангана.
Хоёр. Санхүү банкны тогтолцооны талаар
2.1. Санхүүгийн зуучлалын үр ашгийг дээшлүүлэх, санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үүднээс банкны салбар дахь төрийн оролцоог бууруулах, тухайлбал Хөдөө аж ахуйн банкийг хувьчлах, Хадгаламжийн банкны хувьчлалын бэлтгэл ажлыг эхлүүлнэ.
2.2. Банкны үйл ажиллагаанд тавих хяналтыг боловсронгуй болгох үүднээс компанийн зохистой засаглалын зарчмыг банкуудад нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэн, банкуудын төлбөрийн чадвар, үйл ажиллагааг нийтэд ил тод, нээлттэй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Банкуудын үйл ажиллагаанд тавих гадаад, дотоод аудиторуудын хяналтыг өндөржүүлнэ.
2.3. Банк, санхүүгийн байгууллагын санхүү, төлбөрийн чадварыг бэхжүүлэх, тэдгээрийн эрсдлээс хамгаалах чадавхийг сайжруулах зорилгоор Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа хяналт шалгалтыг банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаан дахь эрсдлийн удирдлагын хяналтад илүүтэйгээр төвлөрүүлэн, хяналт шалгалтын хүрээнд олон улсын шинэлэг арга барилыг нэвтрүүлнэ.
2.4. Банк санхүү, зээлийн үйлчилгээний хүрээг тэлж хүртээмжийг өргөжүүлэх чиглэлээр хөдөөгийн санхүү, орон сууц болон бусад нийгмийн шинж чанартай зээлийг дамжуулан зээлдүүлэх хэлбэрээр олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллана. Санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх үйл ажиллагааг идэвхитэй дэмжих чиглэлийг баримтлана.
2.5. Төлбөр тооцооны дэвшилтэт хэлбэрийг хэвшүүлэх, бэлэн мөнгөний эрэлт хэрэгцээг багасгах зорилгоор бэлэн бус төлбөр тооцооны үндэсний сүлжээг байгуулах ажлыг эхлүүлнэ.
2.6. Бэлэн бус төлбөр тооцоо, цахим худалдаа, банкны нууцлал зэрэг санхүүгийн хэрэгсэлийг зохицуулах хэм хэмжээг бий болгох, сайжруулахын зэрэгцээ банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн хэрэгжилтийг хангана.
2.7. Төв банкны бие даасан байдлыг бэхжүүлэх, Монголбанкны үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах хүрээнд Монголбанкны Зөвлөлийг өргөтгөх эрх зүйн орчин, Монголбанкнаас төрийн мөнгөний бодлогыг боловсруулах тогтолцоог боловсронгуй болгоно.
- - -оОо- - -
Текст томруулах
A
A
A