A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Их Хурлын 1996

оны 32 дугаар тогтоолын хавсралт

 

ТӨРӨӨС ХӨДӨӨГИЙН ТАЛААР БАРИМТЛАХ

БОДЛОГЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

I.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.Монгол Улсын хүн амыг хүнс, өргөн хэрэглээний бараагаар, үйлдвэрийг түүхий эдээр хангаж экспортын бүтээгдэхүүний нэлээд хэсгийг гаргадаг хөдөө аж ахуйн салбарыг онцлон үзэж, түүнийг хөгжүүлэхэд төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлнэ.

2.Төрөөс хөдөөгийн талаар баримтлах бодлого нь монголчуудын амьдралын уламжлалт аж төрөх ёс, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг дэлхийн хөгжлийн нийтлэг чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэх замаар хөдөөд хүмүүс тухтай ажиллах, амьдрах нөхцөлийг бий болгох, хот, хөдөөгийн хоорондын эдийн засаг, ахуй, соёл, боловсролын түвшний ялгааг багасгах, улмаар хөдөөгийн хүн амын нийгэм, соёл, боловсролын түвшинг дээшлүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өсөлт, үр ашгийг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, байгаль орчны тэнцэл, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад оршино.

3.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэн амьжиргааны болон орлогын үндсэн эх үүсвэрээ бүрдүүлж буй хүн ам ажиллаж, амьдардаг орчныг хөдөө гэж ойлгоно.

II.ХӨДӨӨГИЙН ХӨГЖИЛ

Монгол Улсын хөдөөгийн хөгжил нь бэлчээрийн мал аж ахуй, түүнд түшиглэсэн нүүдлийн ахуй, соёлыг баяжуулан хадгалах шаардлага, дэд бүтцийн тэнхлэгүүдэд татагдсан хөдөөгийн сууринг хөгжүүлэх үндсэн дээр суурин соёл иргэншлийн дэвшилтэт ололтыг бүтээлчээр хэрэглэх хэрэгцээг тусгасан үндсэн чиглэлээр тодорхойлогдоно.

Энэхүү үндсэн чиглэл нь дор дурдсан зорилтуудаар дамжин хэрэгжинэ:

1/эдийн засгийн бүсчлэлийн асуудалтай холбогдуулан нүүдлийн болон суурин амьдралын хоорондын харьцаа, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хоорондын уялдаа, суурин, хот орчмын хөдөө аж ахуйн хөгжил, хөдөөгийн дэд бүтцийн хөгжлийн асуудлуудыг цогцолбороор шийдвэрлэнэ;

2/эдийн засгийн бүсчлэл, дэд бүтцийн хөгжилтэй уялдуулан хөдөөгийн хөгжлийн талаар хөтөлбөр, дэд төсөл боловсруулж хэрэгжүүлнэ;

З/хөдөөгийн оршин суугчдыг эрчим хүч, мэдээллийн хэрэгслээр хангах асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ багц арга хэмжээнд хөдөөгийн сууринг цахилгаан дамжуулах шугамд холбох, цөмийн болон нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашигладаг тоног төхөөрөмж, мэдээллийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх асуудал хамарна;

4/аймаг, сум хоорондын зам харилцааг сайжруулах, сумдын төв хүртэл сайжруулсан замтай болгох, гүүр, гарц байгуулах, тариалан эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжийг төвтэй барагшун замаар холбох ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Орон нутгийн зам, гүүр барьж байгуулах, засвар хийх хөрөнгийн эх үүсвэр, зохион байгуулалтын ажлыг орон нутагт шийдвэрлэнэ;

5/хөдөөгийн сууринг газар нутгийн онцлог байдалд нь зохицуулан сансрын болон радиорелейн системээр холбоожуулах, айл өрх, малчдын радио телевизийн нэвтрүүлэг хүлээн авах, холбооны хэрэгсэл ашиглах боломжийг сайжруулна. Аймгаас сумдад, сумаас багт шуудангийн үйлчилгээг тогтмолжуулж, хэвлэлийг орон нутагт хэвлэх замаар хүн амд түргэн хүргэх арга хэмжээ авна;

6/хөдөөгийн хүн амын соёлын түвшинг дээшлүүлэх, соёлын үйлчилгээг сайжруулахад онцлон анхаарч, хүүхэд, залуучуудад үйлчлэх соёлын байгууллагыг өргөтгөж, үйл ажиллагааг нь хүн амын энэ хэсгийн оюун санааны хэрэгцээг хангахуйц түвшинд хүргэхийг чухал гэж үзнэ;

7/хөдөөд боловсролын асуудлыг шийдвэрлэхдээ Бүх нийтэд суурь боловсрол эзэмшүүлэх болон Албан бус боловсролын үндэсний хөтөлбөр, Сургуулийн өмнөх насны боловсролын хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, сургууль завсардсан хүүхдэд боловсрол нөхөж олгох, насанд хүрэгчдийн боловсролын түвшинг дээшлүүлэх, хөдөөгийн сургуулиудын дотуур байрны хангамжийг сайжруулах, тэднийг үйлдвэрлэл, үйлчилгээ, туслах аж ахуй эрхлэхэд орон нутгийн захиргаанаас дэмжлэг үзүүлнэ;

8/эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг хөдөөгийн хүн амд ойртуулахын хамт малчдын бага насны хүүхдийг урьдчилан сэргийлэх тарилгад тогтмол хамруулах, сумын эмнэлгийг түргэн тусламжийн машинаар хангах, бүх багуудыг бага эмчтэй болгох, тэдгээрийн тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлж, уналга, зориулалтын үзлэгийн байр, эмийн эргэлтийн сантай болгоно. Хөдөөд рашаан ус, эмийн ургамлын эмчилгээг өргөнөөр ашиглана;

9/хөдөөгийн хүн амын ундны болон ахуйн усны эх үүсвэрийг цэнгэгжүүлэх, шаардлага хангасан усаар үйлчлэх, усны чанарыг хянах нүүдлийн лаборатори бий болгохыг дэмжинэ;

10/хөдөөд орон сууц, монгол гэрийн тоноглолын үйлдвэрлэлийг орон нутагт нэмэгдүүлж, хэрэглэгчдэд ойр дөт нүүрсний ордыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ашиглуулах, шахмал түлшний үйлдвэрлэлийг дэмжинэ;

11/хөдөөгийн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ажлын байрны хангамж, нийгмийн эмзэг хэсгийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. Хөдөө аж ахуйн хөлсний хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийг үнэлэх хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

III.ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

1.Хөдөө аж ахуйн бодлого нь байгаль, хөрөнгө, хүн хүчний нөөцийг зөв хослуулан зохистой ашиглах замаар хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, түүний үр ашиг, бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэн, өмчийн олон хэлбэрт тулгуурласан хөдөө аж ахуйн эрчимтэй, тогтвортой, үр ашигтай салбарыг бий болгон хөгжүүлэхэд оршино.

2.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийн загвар нь хот, суурингийн орчим болон дэд бүтэц бүхий газарт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, алслагдсан нутагт бэлчээрийн уламжлалт мал аж ахуйг эрхлэх явдал мөн.

3.Хөдөө аж ахуйн үйл ажиллагааг байгаль, хүн хоёрын бие биетэйгээ хоршин үйл бүтээх талбар хэмээн үзэж энэхүү үйл явцын эцэст аль нэг нь хохиролгүй байж хүмүүсийн амьжиргааны хэрэгцээг байнга хангах нь төрийн бодлогын зангилаа асуудал мөн. Байгалийн тэнцлийг алдагдуулахгүйгээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулахад шинжлэх ухааныг үндэс болгон ажиллахыг нийт хөдөө аж ахуйн салбарт хэвшүүлэх, энэ ажиллагааг төрийн зүгээс анхаарч зохицуулж байна.

4.Экологийн хувьд цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, оюуны багтаамж ихтэй, аз дүйлт багатай хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх явдлыг бүх талаар дэмжинэ.

Нэг.Мал аж ахуйн талаар

1.Бэлчээрийн уламжлалт мал аж ахуйн зэрэгцээ эрчимжсэн мал аж ахуй, тэжээл үйлдвэрлэлийг зохистой хослон хөгжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа гэж үзнэ.

2.Монгол малын удмын сангийн үнэт чанарыг хадгалсан цөм, торгон сүрэг, гойд ашиг шимт малыг хамгаалан өсгөх үндсэн дээр нийт сүргийн чанарыг дээшлүүлэн малын генийн болон бүртгэл, мэдээллийн сан байгуулж ашиглана.

З.Иргэдийн малыг өсгөх, бэлчээр хамгаалах, сайжруулах, усжуулах, уст цэгүүдийг сэргээн тоноглох, тэдгээрийн барилга, тоног төхөөрөмжийг гэрээний үндсэн дээр айл өрхүүдийн дунд эзэмшүүлэн ашиглуулах буюу хувьчлах, ашиглагдаагүй газар нутгийг эзэмшин бэлчээрийн хүрэлцээг нэмэгдүүлэх замаар мал сүргийн тоо, бэлчээрийн даацын харьцааг зохистой хэмжээнд байлгана.

4.Монголын байгаль, цаг уурын нөхцөлд өсөн үржих чадвартай, арвин ашиг шимтэй мал, амьтан, тэдгээрийн үр, үр хөврөлийг улсын хилээр нэвтрүүлэхийг мэргэжлийн байгууллагын хяналт, баталгаатайгаар гүйцэтгэнэ. Гадаад орноос малын халдварт өвчин орж ирэхээс сэргийлж хилийн мал эмнэлгийн албыг бэхжүүлнэ. Аж ахуйн нэгжийн болон иргэдийн хувийн мал эмнэлгийн үйлчилгээг хөгжүүлэхийг дэмжихийн хамт малын халдварт өвчинтэй тэмцэх, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрөөс санхүүжүүлнэ.

5.Бэлчээрийн мал маллагаа, эмчилгээний уламжлалт арга, технологийг баяжуулах, эм бэлдмэлийн үйлдвэрлэлийн техник, технологийг сайжруулах, малын эм бэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэх бодлого баримтална.

6.Бэлчээрийн мал аж ахуйд ажиллагсдын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийг хөнгөвчлөн механикжуулах, цахилгаанжуулах, хөдөөгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор байгаль, цаг уурын нөхцөлд тохируулан үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, бусад салбартай зөв зохистой хослох, хорших зэрэг хөдөлмөр, үйлдвэрлэл, удирдлагын зохион байгуулалтын дэвшилтэт хэлбэрийг бүтээлчээр хэрэглэнэ.

Хоёр.Газар тариалангийн талаар

1.Үр тарианы үйлдвэрлэлийг хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэн томоохон аж ахуйн нэгжээр, харин төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдэрлэлийг жижиг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээр эрхлүүлэх замаар хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр хангах бодлого баримтална.

2.Байгаль, цаг уурын тааламжгүй нөхцөд үүсэж болох хомсдолын үед хэрэглэх улсын нөөцийн зориулалт бүхий буудай, түүний үр, өвс, тэжээлийн улсын сантай байна.

3.Газар ашиглалтыг сайжруулан үе залгамжилсан тариаланчидтай болох, тэдгээрийн үйлдвэрлэлээ явуулах болон ахуйн нөхцөлийг нь дээшлүүлэх, усалгаатай тариаланг хөгжүүлэх нь төрийн бодлогын нэг чиглэл мөн.

4.Монголын нөхцөлд зохицсон өндөр бүтээмжтэй, дотоодод засвар, үйлчилгээ хийх боломжтой, шатахуун хэмнэлттэй зарцуулдаг, уян хатан ажиллагаатай техникийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн техникийн паркийг шинэчлэх чиглэл баримтална. Хөдөө аж ахуйн техникт засвар, үйлчилгээ хийх, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, худалдах чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжинэ. Техник засварын газруудыг аж ахуйн нэгж болгох, эсхүл бэлтгэлийг хангасны үндсэн дээр хувьчлах арга хэмжээ авна.

5.Таримал ургамлын үрийн аж ахуйг зах зээлийн харилцааны тогтолцоонд зохицуулан зохион байгуулж төрийн дэмжлэг, хяналтад байлгана.

6.Хүн, мал, амьтан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй технологийг хэрэглэн бордоо үйлдвэрлэх, хэрэглэх, хог ургамал, өвчин, хөнөөлт шавьж, хөнөөлт мэрэгчтэй тэмцэх биологийн болон бусад арга хэмжээг төрийн хяналт, мэргэжлийн байгууллагын удирдлагын дор хэрэгжүүлнэ.

Гурав.Хүнсний хангамжийн талаар

1.Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тэдгээрийг иж бүрэн боловсруулахын зэрэгцээ мах, гурил, сүүн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах бодлого баримтална.

2.Жижиг, дунд үйлдвэрлэлийг түшиглэж мах, сүү боловсруулах үндэсний уламжлалт технологи нэвтрүүлэх ажлыг дэмжинэ.

3.Мах боловсруулах технологийг сайжруулж, экспортод гаргах мах, махан бүтээгдэхүүний боловсруулалт, чанарыг дэлхийн жишигт хүргэнэ. Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах, бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, элсэн чихэр, ургамлын тос, зарим төрлийн будааг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээний зарим хэсгийг хангах зорилт тавьж хэрэгжүүлнэ.

4.Хүний биед бичил махбодийн дутагдал гарахаас сэргийлэх, хүүхдийн болон сувиллын зориулалттай хоол, тэжээлээр хэрэглэгчдийг хангах асуудлыг төр анхааралдаа байлгаж, дээрх чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжинэ.

5.Холбогдох хууль тогтоомжинд дагуу хүнсний зүйлийн улсын нөөцийг бүрдүүлж нөхөн сэлбэж байна.

6.Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйлдвэрлэж, тээвэрлэж, хадгалж, худалдаж байгаа хүнсний зүйлийн чанар, аюулгүй байдлыг баталгаажуулж, түүнд тавих төрийн хяналтыг сайжруулна.

Дөрөв.Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, боловсрол

1.Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний онол, арга зүй, удирдлагын түвшинг дээшлүүлж, биотехнологи, генийн инженерийн дэвшилтэт ололтыг бүтээлчээр нэвтрүүлэх замаар үйлдвэрлэлийг эрчимжүүлэн үр ашгийг дээшлүүлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг чиглүүлнэ.

2.Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн албадыг тоног төхөөрөмж, өндөр зэрэглэлтэй боловсон хүчнээр хангах, эрдэмтэн, багш нарын оюуны үнэлгээг өндөржүүлэн өгөөж, чадавхийг нь үр бүтээлтэй ашиглах, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдэрлэлийн хоршилт бий болгох арга хэмжээ авна.

3.Олон улсын түшинд хүрсэн мэргэжлийн сургалт явуулах, төсөл, судалгаа, туршилтын ажлын захиалгыг үйлдвэрлэгчид буюу орон нутгаас авч гүйцэтгэх нь эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны нэг хэлбэр байна.

4.Гадаад орнуудын зээл, тусламжийн хөрөнгийн зохих хэсгийг хөдөө аж ахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, зах зээлийн харилцааны нөхцөлд ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэхэд зарцуулна.

5.Зах зээлийн нөхцөлд ажиллах мэргэжилтэн бэлтгэх, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг давтан сургах, шинээр мэргэжил олгох, мэргэжлийн ажилчин бэлтгэх сургалт, богино хугацааны дамжааг зохион байгуулж ажиллуулна.

IҮ.ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ

1.Байгаль, цаг уур, улс орны эдийн засаг, гадаад, дотоод зах зээлийн тухайн нөхцөл, байдалтай уялдсан мөнгө, санхүү, худалдааны үр ашигтай уян хатан бодлогоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжин урамшуулахыг төрийн үүрэг гэж үзнэ.

2.Хөдөө аж ахуйд хувийн өмчийн чөлөөтэй хөгжих орчинг бүрдүүлэх зорилт тавина. Хөдөө дэх хувийн хэвшлийн аж ахуйн зонхилогч хэлбэр болж байгаа бэлчээрийн уламжлалт мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг хувийн өмчтөний давамгайлах байр суурийг хадгална.

3.Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төрийн өмчийг ойрын жилд багтаан хувьчилна.

4.Малчин өрх аж ахуйн нэгжийн аливаа хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.

5.Малчид, тариаланчид хөдөө аж ахуйн /гурил, сүүний гэх мэт/ үйлдвэрүүдийн хувьцаа эзэмших замаар үйлдвэрлэлийн эцсийн үр дүнг хуваалцах зохион байгуулалтын үр ашигтай бүтцийг бий болгох, эсхүл өөр хоорондоо хөрөнгө, хүчээ хоршиж жижиг, дунд үйлдвэр байгуулан ажиллаж зах зээлийн шударга өрсөлдөөнд оролцохыг дэмжинэ.

6.Үр тариа, махны хангамж, борлуулалтыг зохицуулах, тэдгээрийн үнэ тогтооход төрийн төв болон орон нутгийн байгууллагуудын шууд буюу шууд бус оролцоог зогсооно.

7.Хувийн аж ахуйтан өрх бие даан аж ахуйгаа эрхэлж, зах зээлд арилжаа хийх бололцоог бүрдүүлж, цаашид таваарын аж ахуй болон хөгжиж, аж ахуйн нэгжийн аливаа хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах нөхцөлөөр хангахын зэрэгцээ газар нутгийн байршлаас хамаарч тэдний зах зээлд оролцоход хүндрэл гарч буйг харгалзан үйлдвэрлэл, үйлчилгээгээ хамтран эрхлэх, үйлчлэн зуучлах аж ахуйн нэгж үүсгэж бэхжүүлэхэд нь тусална.

8.Малчид, иргэдийн санаачилгаар бий болсон аж ахуйн нэгж нь гишүүдийнхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гэрээ, захиалгын дагуу зах зээлд борлуулах, хүнс, өргөн хэрэглээний бараа нийлүүлэх, ашигтай үйлдвэрлэл, үйлчилгээг хослон эрхлэх, гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг зорилтоо хангахын тулд дундын сан, хөрөнгөө тасралтгүй арвижуулах, үнэт цаасны зах зээлд оролцох, олсон ашгийг гишүүдэд дахин хуваарилах зарчмаар ажиллана. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой холбоодыг дэмжиж хамтран ажиллана.

9.Сайн чанарын мал, таримал ургамлын үр, суулгацын худалдааг аймаг, бүс нутаг, улсын хэмжээнд зохион байгуулахад бүх шатны Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн албад туслалцаа үзүүлнэ.

10.Гадаад зах зээлийн эрэлт, хэрэгцээг хангахуйц хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүний дотор сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүний боловсруулалт, тээвэрлэлтийн түвшинг сайжруулах, сав, баглаа, боодол, хөргөлт, зоорь, агуулахын аж ахуйг хөгжүүлэхийг дэмжинэ.

11.Малчид, тариаланчид төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалахад зориулж газар эзэмших, ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, үрээр хангах, мэргэжлийн сургалт явуулахад дэмжлэг үзүүлнэ.

12.Үйлдвэрлэгчдийг цаг тухайд нь техник, технологи, зах зээлийн болон үнийн зөв мэдээллээр хангах, шинэ техник, технологи эзэмшүүлэх, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх боломж бүхий зохион байгуулалтын бүтцийг бий болгоно.

13.Аж ахуйн нэгжид хамрагдаагүй, хувийн аж ахуйтныг хоршиж ажил, үйлчилгээ, үйлдвэрлэл, борлуулалтаа хамтран зохион байгуулахад нь орон нутгийн захиргааны байгууллага байнга дэмжинэ.

14.Үр тариа, ялангуяа улаан буудайн үйлдвэрлэлийг урамшуулахын зэрэгцээ үр тарианы борлуулалтын ашиг, орлогоороо үйлдвэрлэлээ эрчимжүүлэх, өргөтгөх, ажлын байр шинээр бий болгох зэрэг арга хэмжээг төрөөс дэмжинэ.

15.Үйлдвэрлэл, хэрэглэгчдийн байршил, дэд бүтцийн хөгжлийн түвшин, байгаль, газар зүйн онцлогийг харгалзан эдийн засгийн бүсчлэл тогтоож, бүс нутаг хоорондын тэгш бус байдлыг зохицуулахад чиглэсэн татвар, рентийн ялгавартай бодлого явуулна.

16.Хөдөө аж ахуйн машин техник, сэлбэг, засварын зориулалттай тоног төхөөрөмж, бага оврын цахилгаан үүсгүүр, үр, суулгац, бордоо, малын эм бэлдмэл, үржлийн мал, амьтан импортлоход дэмжлэг үзүүлнэ.

17.Бэлчээр, хадлан, тариалангийн газрыг зохистой ашиглах, хамгаалах, усжуулах, сайжруулах зориулалт бүхий хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

18.Мал сүргийг гэнэтийн аюул, өвчнөөс урьдчилан сэргийлэх, ган, зуд, үер зэрэг цаг агаарын хүндрэлээс гарах хохирлыг нөхүүлэх даатгалын тогтолцоо бий болгоно. Байгаль, цаг уурын бэрхшээлээс урьдчилан сэргийлэхийн тулд өвс, хадлан бэлтгэх, хашаа саравч барих, тэжээл тариалах зэрэг ажлыг малчин өрхийн өөрийнх нь хүч бололцоонд тулгуурлан шийдвэрлэх чиглэл баримтална.

19.Эрүүл ахуйн, стандартын шаардлага хангасан хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход хууль зүйн болон засаг захиргааны хориг, хязгаарлалт тавихгүй байх зарчмыг баримтална.

V.ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ

1.Төрөөс хөдөөгийн талаар баримтлах бодлого нь улс орны хөгжлийн стратегийн тодорхой үе шатуудыг хамран хэрэгжинэ.

2.Эхний үе нь 2000 он хүртэлх хугацааг хамрана.Энэ үе шатанд байгаль, техник, хүн хүч, хөрөнгийн байгаа нөөцөд тулгуурлан мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг хангах, малчдын орлого, ашгийг нэмэгдүүлэх, хуримтлал бий болгох, газар тариалангийн үйлдвэрлэлийн уналтыг зогсоох, техникийн шинэчлэлт хийх суурийг бүрдүүлнэ. Тэгэхдээ нүүдлийн амьдралын хэв шинж зонхилсон хэвээр байна. Хөдөөгийн эрчим хүчний хангамжийг дээшлүүлэх асуудлыг тэргүүн ээлжинд шийдэхэд гол анхаарлаа төвлөрүүлнэ.

3.Хорин нэгдүгээр зууны эхний 10 жилд зөвхөн байгаа нөөцийг ашиглах төдийгүй хөдөлмөр, үйлдвэрлэлийг эрхлэх дэвшилтэт арга, технологийг хэрэглэх, оюуны хүч, бололцоо илүү шаардсан үйлдвэрлэлийг хөгжүүлэн түүний бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн цаашдын өсөлтийг эрчимжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэн дотоодын хэрэгцээг хангах төдийгүй экспортын нөөцийг нэмэгдүүлэх болно.Эрчимжсэн үйлдвэрлэлийн тогтолцоог бий болгохын хэрээр малчид хагас суурьшлын байдалд шилжих нөхцөл аажмаар бүрэлдэнэ.

3.Хоёр мянган оноос хойшхи хугацаанд бэлчээрийн даацанд тохируулан мал аж ахуйг эрхлэх дэвшилтэт арга нэвтрүүлэх, хөдөлмөр хорших, шинжлэх ухаан, техникийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрчимжсэн тогтолцоог түлхүү хөгжүүлж бүтээмж, үр ашиг, чанарын үзүүлэлтийн хувьд дэлхийн жишигт дүйцхүйц хөдөө аж ахуйн хүчирхэг салбар бий болгоно. Хөдөөгийн хот, тосгон, суурингийн тогтолцоо төлөвшиж тэнд оршин суугчид хангалуун амьдрах, эрүүл аж төрөх, соёлын талаар боловсрон хөгжих таатай орчин бүрдэнэ. Дэлхийн хөгжлийн ерөнхий зүй тогтолд нийцсэн Монгол орны онцлогтой зүй зохистой хосолсон амьдралын өвөрмөц хэв шинжийг бий болгоно.