- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Монгол Улсын Их Хурлын 2002 оны 85 дугаар тогтоолын хавсралт
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) нь төрийн албан хаагчийн стандартын удирдлагыг улсын хэмжээнд нэгдсэн аргачлалаар хангаж хэрэгжүүлэх ажлыг эрхлэх төрийн албаны төв байгууллага мөн.
Зөвлөл нь хараат бус бие даасан байдлаар ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.
2. Зөвлөлийн зорилт нь төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, төрийн албыг мэргэшсэн, мэдлэг чадвар бүхий албан хаагчаар бэхжүүлэх замаар Монгол Улсын төрийн албан хаагчийн тогтвортой, үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
3. Зөвлөл нь үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэ дүрмийг удирдлага болгоно.
4. Зөвлөл нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хуралд бүтээгдэхүүнээ нийлүүлнэ.
5. Зөвлөл нь үйл ажиллагааны стратегийн төлөвлөгөөтэй ажиллана.
6. Зөвлөл нь улсын төсвөөс санхүүжих бөгөөд жилийн төсвөө үйл ажиллагааны стратеги (хэт)-ийн төлөвлөгөөнд тулгуурлан боловсруулж мөрдөн ажиллана.
7. Төрийн албаны зөвлөл нь ажлын албатай байна. Ажлын алба нь Зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, Зөвлөлийн хэвийн ажиллах нөхцөлийг хангах, хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалтын болон мэргэшлийн туслалцаа үзүүлж, Зөвлөлийн өмнө ажлаа хариуцна.
8. Зөвлөл нь яам, аймаг, нийслэлд салбар зөвлөлтэй байх бөгөөд агентлагт салбар зөвлөл ажиллуулах асуудлыг төрийн албан хаагчдын тоог харгалзан Төрийн албаны зөвлөл шийдвэрлэнэ. Салбар зөвлөлийн дарга нь яаманд Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлд Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагт тухайн агентлагийн дарга байна. Зөвлөл нь салбар зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг тогтооно.
Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн Үндэсний Комисс, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн хянан шалгах хороо, Монголбанк, Үнэт цаасны хороо, Үндэсний статистикийн газрын ажлын албаны салбар зөвлөлийн эрхлэх боловсон хүчний холбогдолтой асуудлыг Төрийн албаны зөвлөл хариуцна.
Харин Төрийн хянан шалгах хороо, Монголбанк, Үнэт цаасны хороо, Үндэсний статистикийн газрын харьяа орон нутгийн салбар байгууллагын боловсон хүчний холбогдолтой асуудлыг Төрийн албаны зөвлөлийн тухайн аймаг дахь салбар зөвлөл хариуцна.
9. Салбар зөвлөл хэвийн үйл ажиллагаагаа явуулахад нь аймаг, нийслэлд Засаг даргын Тамгын газар, яам, агентлагт түүний ажлын алба үйлчилж, туслана.
10. Төрийн албаны зөвлөлийн гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлнэ. Зөвлөлөөс гаргасан санал, дүгнэлтэд нь тогтоосон хугацаанд хариу өгч байна.
11. Зөвлөл нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр.Зөвлөлийн эрх, үүрэг
Зөвлөл нь Төрийн албаны болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасан чиг үүргийнхээ дагуу дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
1. удирдлагын үндэсний чадавхийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, зохион байгуулалтын удирдлагаар хангах, арга зүйн туслалцаа үзүүлэх;
2. төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэл хөтлөх нэгдсэн журам тогтоож мөрдүүлэх;
3. төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх ажлыг мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, нийт төсвийн байгууллагын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;
4. төрийн албаны үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, түүний үр ашиг, үр өгөөжийг дээшлүүлэх талаар санал боловсруулан холбогдох байгууллагад оруулах;
5.төрийн жинхэнэ албан хаагчийн хэрэгцээг төлөвлөх, төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, мэдлэг чадвар бүхий албан хаагчаар хангах ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд:
1/ Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан шаардлага, мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан, төрийн жинхэнэ албанд орох хүсэлтэй Монгол Улсын иргэнээс мэргэшлийн шалгалт авах асуудлаар журам тогтоож, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулалт, арга зүйн удирдлагаар хангах, түүнчлэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмыг тогтоож мөрдөх;
2/ төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх;
6. төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, үүний дотор үр дүнгийн гэрээ байгуулах асуудлаар журам тогтоож, хэрэгжүүлэх ажлыг мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах;
7. Зөвлөлийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар яам, агентлаг, төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг шалган зааварлаж, мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
8. төрийн алба, төрийн албан хаагчтай холбогдол бүхий шаардлагатай мэдээ, судалгаа, материалыг яам, агентлаг, төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагаас гаргуулан авах, энэ талын мэдээллээр Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, шаардлагатай бол төрийн бусад байгууллагыг хангах;
9. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1-д заасан албан тушаалд болон нийт төсвийн байгууллагад ажиллах чадвартай хүмүүс, мэргэшлийн шалгалтаар тэнцсэн иргэдийн талаар нөөцийн судалгааг эрхлэн, энэ талаархи мэдээллээр төсвийн байгууллагуудыг хангах;
10. төрийн жинхэнэ албан хаагчийн сургалтыг зохион байгуулж, төрийн албатай холбогдсон судалгаа, шинжилгээний ажлыг зохицуулах, санал дэвшүүлэх;
11. төрийн байгууллагын бүтцийн ерөнхий бүдүүвч, төрийн албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, төрийн албан хаагчийн цалин хөлс, албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишиг тогтооход санал өгөх, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 46.1-д заасан албан тушаалтны цалин хөлсний талаар төсвийн ерөнхийлөн захирагчид санал гаргах;
12. улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн удирдлагын зардлын төслийг зохиох, хянаж батлахад зохих журмын дагуу санал гаргах;
13. төрийн байгууллагаас төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах;
14. хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг шалгаж дүгнэлт гаргах;
15. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээллийн дагуу шалгалт хийж, түүний мөрөөр холбогдох арга хэмжээ авах;
16. яам, агентлаг, аймаг, нийслэл дэх салбар зөвлөлийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж, мэргэшил, арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх;
17. Төрийн албан хаагчаас салбар зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн маргааныг хянан шийдвэрлэх;
18. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
Гурав.Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт
1. Зөвлөл нь хамтын удирдлагын байгууллага бөгөөд түүний үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан мөн.
2. Зөвлөлийн хуралдааныг Зөвлөлийн дарга, эсхүл гишүүдийн олонхийн саналаар зарлан хуралдуулна. Зөвлөлийн гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.
3. Хуралдаанаар Зөвлөлийн чиг үүрэгт хамаарах ямар ч асуудлыг хэлэлцэж болно. Хуралдаанд Зөвлөлийн дарга, гишүүд таслах эрхтэй оролцох бөгөөд асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ.
4. Зөвлөл нь хуралдаанаараа хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана. Тогтоолд Зөвлөлийн дарга гарын үсэг зурна.
5. Зөвлөлийн ажиллах дотоод журам, хуралдааны дэгийг Зөвлөл тогтооно. Хуралдааны явцын талаар тэмдэглэл хөтөлнө.
6. Зөвлөлийн гишүүд нь ажил үүргийн хуваарьтай байх бөгөөд түүнийг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн батална.
7. Зөвлөл нь ажлынхаа тайланг жил бүр Улсын Их Хуралд ирүүлнэ.
8. Зөвлөлийн дарга нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/ Зөвлөлийн болон ажлын албаны үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар ханган зохицуулах;
2/ Зөвлөлийн хуралдаан даргалж, холбогдох асуудлыг хэлэлцүүлэх;
3/ Зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарийн талаар санал боловсруулах, түүний гүйцэтгэлд болон Зөвлөлийн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах;
4/ Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасны дагуу тухайн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болохын хувьд энэ хуулийн 12.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
5/ дотоод, гадаадад болон бусад байгууллага, албан тушаалтантай Зөвлөлийг төлөөлөн харилцах.
9. Зөвлөлийн дарга өөрийн дотоод асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана.
10. Зөвлөлийн даргын эзгүйд түүний үүргийг даргын шийдвэрээр орон тооны аль нэг гишүүн түр орлон гүйцэтгэнэ.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A