A

A

A

Бүлэг: 1979
УИХ-ын 2000 оны 31 дүгээр тогтоолын хавсралт

ХАЛИУН БУГЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Хөтөлбөрийн зорилго
1.1.Хөтөлбөрийн зорилго нь бугын байгалийн жамаар хэвийн өсч үржих нөхцөлийг хангах, зориудаар үржүүлж, цөм сүргийг хамгаалах замаар тэдгээрийн тоо толгойг нэмэгдүүлэн зохистой ашиглалт явуулахад чиглэнэ.
Хоёр.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ
2.1.Бугыг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах ажлын хүрээнд дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ.
2.1.1.буга хамгаалах ажлын зохион байгуулалт, эрх зүй, эдийн засгийн үндсийг боловсронгуй болгоно;
2.1.2.бугын тархац, байршил, тоо толгой, сүргийн бүтэц, нөхөн үржил, агнуурын нөөцийг судлан тогтоох, тэдгээрийг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах;
2.1.З.бугын үндсэн тархац нутгийг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад хамруулж, хамгаалалтын менежментийг сайжруулах;
2.1.4.бугын тархац нутгийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой нөхцөл, болзолтойгоор гэрээний үндсэн дээр ашиглуулах ажлыг 2000 оноос эхлэн зохион байгуулах;        
2.1.5.буга бүхий газруудын байгаль хамгаалагчдыг эн тэргүүний ээлжинд уналга, бие хамгаалах болон холбооны хэрэгслээр хангах, тэдний мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах;
2.1.6.буга хамгаалах ажлыг орон нутагт эрчимжүүлж, хууль бус агналтын талаархи иргэдийн мэдээллийг урамшуулах механизмыг бүрдүүлэх;
2.1.7.бугын биологи, генетик, экологийн чиглэлийн судалгааны ажлын уялдаа холбоог сайжруулж, үр өгөөжийг дээшлүүлэх;
2.1.8.бугыг зориудаар өсгөн үржүүлэх арга технологийг боловсруулж нэвтрүүлэх;
2.1.9.буга хамгаалах талаар олон улсын хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлнэ. Буга хамгаалах, өсгөн үржүүлэх чиглэлээр үндэсний болон олон улсын хурал, зөвлөгөөн, уулзалт зохион байгуулж, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээ авна;
2.1.10.буга байршин амьдардаг үзэсгэлэнт газруудад байгалийн аялал, жуулчлал хөгжүүлж, унаган байгалийн гоо сайхныг сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлнэ;
2.1.11.бугын аж ахуй эрхлэх, байгалийн жамаар унасан ясан эвэр цуглуулах журмыг боловсруулж мөрдүүлнэ;
2.1.12.бугыг зориудаар өсгөн үржүүлэх чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг буга, согооны экологи-эдийн засгийн үнэлгээний төлбөрөөс хөнгөлөх арга хэмжээ авна;
2.1.13.бугын гаралтай түүхий эдийг иж бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг дэмжиж, энэ ажилд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг чиглүүлнэ;
2.1.14.бугын ясан болон цусан эврээр эх орны үйлдвэрт эм бэлдмэл, бүтээгдэхүүн хийх, бугын гаралтай түүхий эдийг биотехнологийн аргаар иж бүрэн боловсруулах жижиг үйлдвэрлэл хөгжүүлэхэд анхаарна; 2.1.15.бугын аж ахуй өндөр хөгжсөн зарим оронд мэргэжилтэн бэлтгэх, боловсон хүчнийг дотоод, гадаадад давтан сургах, түүнчлэн богино хугацааны сургалт зохион байгуулах арга хэмжээ авна.
Гурав.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат
3.1.Энэхүү хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар дараахь хугацаанд хэрэгжүүлнэ:
3.1.1.нэгдүгээр үе шат 2000-2002 он хүртэл;
3.1.2.хоёрдугаар үе 2002-2006 онд.
Дөрөв.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт
4.1.Хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагуудтай хамтран удирдан зохион байгуулж, хэрэгжилтийг жил бүрийн 1 дүгээр улиралд Засгийн газарт тайлагнана. Засгийн газар энэ тогтоолын биелэлтийг Улсын Их Хуралд 2 жил тутамд 1 удаа мэдээлнэ.
Тав.Хөтөлбөрийн санхүүжилт
5.1.Хөтөлбөр хэрэгжүүлэхэд санхүүжилтийн дараахь эх үүсвэрийг ашиглана:
5.1.1.байгаль хамгаалах сан;
5.1.2.гадаадын хөрөнгө оруулалт;
5.1.3.олон улсын байгууллагын тусламж, хандивын хөрөнгө;
5.1.4.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дэмжлэг тусламж, хандивын хөрөнгө;
5.1.5.бусад эх үүсвэр.
Зургаа.Хөтөлбөрийн үр дүн
6.1.Хөтөлбөр хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
6.1.1.бугын хамгаалалт сайжирч, байгалийн жамаар өсч үржих нөхцөл бүрдэнэ;
6.1.2.бугыг зориудаар өсгөн үржүүлэх ажлын эхлэл тавигдана;
6.1.3.бугын гаралтай бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж, үндэсний болон экспортын үйлдвэрлэл хөгжинө.