A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ОЙ, МОД БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ СЭРГЭЭХ, ТУХАЙН ЧИГЛЭЛЭЭР БАЙГУУЛАГДСАН ТОСГОНЫ ХҮН АМЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
Бүлэг: 1979
Улсын Их Хурлын 2000 оны 30 дугаар тогтоолын хавсралт

ОЙ, МОД БОЛОВСРУУЛАХ САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ СЭРГЭЭХ, ТУХАЙН ЧИГЛЭЛЭЭР БАЙГУУЛАГДСАН ТОСГОНЫ ХҮН АМЫН  ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР    
Нэг. Хөтөлбөрийн зорилго
1.1. Хөтөлбөрийн зорилго нь ой, мод боловсруулах салбарын үйлдвэрлэлийг сэргээх, тухайн чиглэлээр байгуулагдсан тосгоны хүн амын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлыг сайжруулахад чиглэнэ.
1.2. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тэргүүн ээлжинд мод бэлтгэх, боловсруулах аж ахуйн нэгжийг түшиглэн байгуулагдсан Бугант, Хялганат, Тосонцэнгэл, Түнхэл, Дулаанхаан,Батширээт, Эрээн зэрэг тосгон хамаарна.
Хоёр. Хөтөлбөрийн зорилт
2.1. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд мод боловсруулах үйлдвэрлэлийг сэргээх, тухайн чиглэлээр байгуулагдсан тосгоны хүн амын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
2.1.1. мод боловсруулах үйлдвэрлэлийг сэргээх, хүн амын өргөн хэрэглээний уламжлалт модон эдлэлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
2.1.2. ойн санг аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлэн ашиглуулж ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг нэмэгдүүлэх, ойн төрөл бүрийн дагалт баялгийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
2.1.3. модны үйлдвэрлэлийн чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг газар тариалан, мал аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг дэмжих;
2.1.4. тосгоны хүн амын нийгмийн асуудлыг сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ
3.1. Мод боловсруулах үйлдвэрлэлийг сэргээх, хүн амын өргөн хэрэглээний модон эдлэлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.1.1. мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг байгаль орчинд халгүйгээр тухайн бүс нутгийн онцлог ойн нөөцийн даацад тохируулан ашиглах;
3.1.2. үртэс, холтос, модны зах, тайрдсыг боловсруулж бүтээгдэхүүн хийх, цул модон хийцийн мебель, наамал, матмал модон эдлэл үйлдвэрлэх шинэ техник, технологи нэвтрүүлэх, энэ чиглэлийн жижиг, дунд үйлдвэр эрхлэх иргэд байгууллагыг дэмжих;
3.1.3. модны шилмүүс, үзүүр, мөчир, гишүү, тайрдас, таваарлаг чанар муутай модыг механик болон химийн аргаар гүнзгий боловсруулж  ашиглах үйл ажиллагааг урамшуулах;
3.1.4. хус модыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах, хусан зүймэл шал, барилгын модон хийц, эдлэлийг үйлдвэрлэх техник, технологийг үйлдвэрлэлийн хуучин бааз суурийг нь түшиглэн нэвтрүүлэх санаачлагыг дэмжих;
3.1.5. модны шилмүүснээс эфирийн тос, витаминт нунтаг, эмчилгээний ханд болон шинэс, нарс модноос давирхай олборлон канифол, скипидар, хус модноос нүүрс гарган авах үйлдвэрлэлийг энэ хөтөлбөрт заагдсан  тосгоны зарим ой, модны үйлдвэрүүдийг түшиглэн байгуулж ажиллуулах, бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын  зах зээлд нийлүүлэх арга хэмжээг дэс дараалалтай авч хэрэгжүүлэх;
3.1.6. говийн бүсийн аймгийн малчдын өргөн хэрэгцээнд зориулан малын хашаа, саравчны мод, араг, савар, эмээл, модон уур, аяга таваг, сүхний иш, уурга, модон тэрэг, гэрийн мод, тавилга зэрэг бүтээгдэхүүнийг захиалга, гэрээний үндсэн дээр үйлдвэрлэх ажлыг зохион байгуулах;
3.1.7. говь болон тал хээрийн аймгуудад түлшний мод, иргэдийн өргөн хэрэглээний модон эдлэлийг дамжуулан худалдах цэг, салбарыг байгуулах, яармаг худалдааг төв орон нутагт жил бүр уламжлал болгон зохион байгуулахад нутгийн захиргааны байгууллагаас дэмжлэг үзүүлэх;
3.1.8. одоо байгаа ажлын байрыг тогтвортой хадгалах, өргөтгөх зарчмыг баримтлан орон нутгийн өмчийг хувьчлах, өмч хувьчлалын сангаас "Ажил олгогчдыг дэмжих сан" бий болгох;
3.1.9. мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр тосгоны дундын зориулалттай "Сургалт-үйлдвэрлэлийн төв"-ийг орон нутгийн өмчид тулгуурлан байгуулж ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, шинээр мэргэшүүлэх.
3.2. Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг нэмэгдүүлэх, ойн дагалт баялгийг ашиглах зорилтын хүрээнд дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.2.1. аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсдын мэргэжил, ур чадвар, зориулалтын техник, технологийг харгалзан ойг гэрээгээр эзэмшүүлж ашиглуулах арга хэмжээг авах;
3.2.2. ой хамгаалах, нөхөн сэргээх ажилд тосгоны хүн амыг татан оролцуулж, мэргэжлийн сургалт зохион байгуулах;
3.2.3.  ойг тарьж ургуулах, тарьц суулгац бойжуулах, ойн байгалийн сэргээн ургалтад туслах ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх;
3.2.4.  Сэлэнгэ аймгийн зарим ой, модны чиглэлийн аж ахуйн нэгжид ойн арчилгаа, цэвэрлэгээний огтлолт явуулах тусгай  хэсэг зохион байгуулан ажиллуулж түлшний мод бэлтгүүлж, хэрэгцээт газар нийлүүлэх;
3.2.5. жимс, жимсгэнэ, мөөг, хүнсний ургамлыг хоол хүнсэнд ашиглах, бэлтгэх, боловсруулах, хүн амд түүгээр үйлчлэх, эмийн ургамлыг уламжлалт аргаар боловсруулах эм бэлдмэлийн жижиг цехүүдийг ажиллуулах, тэдгээрийг борлуулах ажилд бизнес эрхлэгчид, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх;
3.2.6. байгалийн дагалт баялгийг зөв зохистой, үр дүнтэй ашиглах чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулах иргэд, байгууллагын үйл ажиллагааг дэмжих;
3.2.7. ойн дагалт баялаг болон ойн арчилгаа, цэвэрлэгээний огтлолтоос гарсан модоор өргөн хэрэглээний модон эдлэл, бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэх, ахуйн зориулалтаар ашиглах.
3.3. Ой, модны үйлдвэрлэлийн чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байсан хүмүүст газар тариалан, мал аж ахуй, бусад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:
3.3.1. газар тариалан эрхлэх сонирхолтой иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр газар эзэмшүүлэн ашиглуулах асуудлыг сумдын Засаг даргын тамгын газар шийдвэрлэж, газар тариалан эрхлэх боломжоор хангах;
3.3.2.  "Ногоон хувьсгал" хөтөлбөрийн хүрээнд ногоо тарих, ургуулах сургалтанд тухайн тосгоны хүн амын тодорхой хэсгийг хамруулж, газар тариалан эрхлэх ойлголт өгч, дадал, хэвшил  болгох;
3.3.3. иргэд байгууллагыг хүнсний ногооны үрээр хангах, үрийн нөөцтэй болоход нь дэмжлэг үзүүлэх;
3.3.4. газар тариалангийн бүтээгдэхүүнийг орон нутагтаа боловсруулах, гурилын тээрэм, ногоо савлах, хадгалах зоорь байгуулах, ашиглах үйл ажиллагааг өргөжүүлэх;
3.3.5. хадлан, тэжээл бэлтгэж зах зээлд нийлүүлэх ажлыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулах;
3.3.6. сүү, цагаан идээг уламжлалт болон гар үйлдвэрлэлийн аргаар боловсруулах, цөцгийн тос, тараг, айргийг эрүүл ахуйн шаардлага хангахуйц хэмжээнд савлан хот, орон нутгийн зах зээлд борлуулах замаар хүн амын өрхийн орлогыг нэмэгдүүлэх;
3.3.7. ноос, ноолуур, арьс ширийг стандартын шаардлагын дагуу бэлтгэх, түүхий эд бэлтгэлийн хоршоо, жижиг, дунд үйлдвэр байгуулан ажиллах иргэдийн санаачлагыг дэмжих;
3.3.8. үржлийн мал худалдах үзэсгэлэн худалдаанд оролцуулах, үржлийн ажлыг сайжруулж ашиг шим сайтай шилмэл омгийн малыг өсгөх замаар малын ашиг шимийг нэмэгдүүлэх;
3.3.9. үндэсний гар урлалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, оёдол, хатгамал, наамал, сийлбэр, цоолбор зэрэг арга барилыг залуу хүмүүст уламжлуулан үлдээх сургалт явуулах;
3.3.10. орон нутгийн байгалийн үзэсгэлэн, онцлогийг ашиглан аялал жуулчлалын шинэ чиглэл бий болгох, жуулчны бааз байгуулж ажиллуулах үйл ажиллагааг дэмжих;
3.3.11. мод бэлтгэх, боловсруулах мэргэжилтэй ажилчдыг өөр чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг зориуд зохион байгуулах, дадлага хийлгэх;
3.3.12. худалдаа, үйлчилгээний мэдээллийн сүлжээ байгуулах, мэдээллийн төвийг аймаг, хотын сүлжээтэй холбох ажлыг зохион байгуулах.
3.4. Хүн амын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.4.1. орлого бий болгох нийтийг хамарсан ажлын төслийг энэхүү хөтөлбөрийн 1.2 дахь хэсэгт дурдсан тосгонд хэрэгжүүлэх;
3.4.2. ядуу амьдралтай эмзэг хэсгийн иргэдэд дэмжлэг үзүүлсэн, ажлын байр бий болгосон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийг шалгаруулж, урамшуулан сурталчлах, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат
4.1. Хөтөлбөрийг дор дурдсан үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
4.1.1. нэгдүгээр үе шат- 2000-2005 он. Нутгийн захиргааны байгууллага хөтөлбөрт заасан ажлын байрыг нэмэгдүүлэх боломжит эх сурвалжийг судалж, иргэдийг ажлаар хангах асуудлыг хэрэгжүүлэх арга хэмжээ авна. 
Төрийн захиргааны төв байгууллага ой, модны үйлдвэрлэлийг сэргээх бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлнэ.
 Аж ахуйн нэгж, байгууллагад ойг гэрээгээр эзэмшүүлж ашиглуулах, хамгаалах, ойн сангийн баялагийг зөв зохистой ашиглах асуудлыг шийдвэрлэх;
4.1.2. хоёрдугаар үе шат- 2006-2010 он. Ой, мод боловсруулах салбарын аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг сэргээж, төлөвлөгдсөн арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт, хяналт
5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтэнд хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Үндэсний зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.
5.2. Үндэсний зөвлөл нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
5.2.1. хөтөлбөрийг хэрэгжүүлэх жил бүрийн төлөвлөгөөтэй ажиллаж, хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих, үр дүнг  тайлагнах;
5.2.2. холбогдох аймгийн салбар зөвлөлүүдийг чиглэл, удирдамжаар хангах;
5.2.3. хөтөлбөрийн хэрэгжилтийг салбар зөвлөл жил бүрийн 1 дүгээр сард Үндэсний зөвлөлд, Үндэсний зөвлөл жил бүрийн 1 дүгээр улиралд Засгийн газарт тус тус тайлагнана. Засгийн газар энэ тогтоолын биелэлтийг Улсын Их Хуралд 2 жил тутамд 1 удаа мэдээлнэ.
Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт
6.1. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд санхүүжилтийн дараахь эх үүсвэрийг ашиглана:
6.1.1. "Жижиг дунд үйлдвэрийг дэмжих" сан;
6.1.2. иргэд, байгууллагын өөрийн хөрөнгө;
6.1.3. хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл тусламж;
6.1.4. улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв;
6.1.5. бусад эх үүсвэр.
Долоо. Хөтөлбөрийн үр дүн
7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
7.1.1. ой, модны аж ахуйн нэгжийг түшиглэн байгуулагдсан тосгоны хүн амын хөдөлмөр эрхлэлт сайжирч, ажлын байр нэмэгдэнэ;
7.1.2. энэ хөтөлбөрийн 1, 2 дахь хэсэгт заасан  тосгон, бусад аймаг, хотын иргэд, байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжирч, үйлдвэрлэл, худалдаа өргөжнө;
7.1.3. тосгоны хүн амын амьжиргааны төвшин дээшилж, ой модны аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байсан хүмүүс шинэ мэргэжил ажлын байртай болж, тэдний өрхийн орлого нэмэгдэнэ.
 
___________OOO__________