- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙН ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Их Хурлын 1998 оны 18 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙН ХӨТӨЛБӨР
МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙН ХӨТӨЛБӨР
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Эрх зүйн шинэтгэлийн зорилт нь тус улсад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилгыг биелүүлэх үүднээс Үндсэн хуульд тунхагласан зарчим, үзэл санааны дагуу төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнаас хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийг хангах эрх зүйн үндэс, таатай орчинг бүрдүүлэхэд оршино.
2.Үндсэн хуулиар хууль дээдэлсэн зах зээлийн харилцаанд шилжих үйл явцыг хуульчилсан нь эрх зүйн иж бүрэн шинэтгэл хийх шаардлагыг нөхцөлдүүлж байна.
З.Эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэхдээ төрт ёсныхоо олон зуун жилийн дэвшилт уламжлал, эрх зүйн тогтолцоо бүрэлдэн буй болсон арга хэлбэрийг харгалзан дэлхийн улс орнуудын нийтлэг чиг хандлага, өөрийн орны өвөрмөц нөхцөл байдал, үндэснийхээ ашиг сонирхолд нийцүүлэх зарчимд тулгуурлана.
4.Хууль тогтоомжийг боловсронгуй болгон тогтвортой хөгжүүлэхэд энэхүү эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг үндэс болгоно.
5.Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг Монгол Улсын Хөгжлийн болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг иш үндэс болгон жил бүрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгах замаар тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
6.Эрх зүйн шинэтгэлийн зарчмын үндэслэлүүдийг Үндсэн хуулийн заалт нэг бүр тодорхойлж байгааг үндэс болгон түүнийг дараахь үндсэн чиглэлээр хэрэгжүүлнэ:
1/Монгол Улсын бүрэн эрхт байдлыг хангах эрх зүйн үндсийг төгөлдөржүүлэх;
2/эдийн засгийн харилцааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох;
З/хүний эрх, эрх чөлөө, түүний хууль зүйн баталгааг хангах;
4/төрийн байгууллын эрх зүйн үндсийг боловсронгуй болгох;
5/эрх зүйн шинэтгэлийн орчин бүрдүүлэх;
6/хууль зүйн мэргэжлийн боловсон хүчний сургалтын тогтолцоог боловсронгуй болгох;
7/олон улсын эрх зүйн зохицуулалтад Монгол Улсын оролцоог өргөтгөх.
Хоёр.Монгол Улсын бүрэн эрхт байдлыг хангах эрх зүйн үндсийг төгөлдөржүүлэх
7.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах эрх зүйн үндсийг бататгана. Ингэхдээ Монгол Улс нь төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж, нутаг дэвсгэр нь зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдах, засгийн бүх эрх ард түмний мэдэлд байж ард түмэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэх зарчмуудыг хангах механизмыг төгөлдөржүүлнэ.
8.Эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн хүрээнд төрийн байгууллагуудын бүрэн эрх, харилцан ажиллагааг хангах эрх зүйн үндсийг боловсронгуй болгоно.
9.Хууль ёс, нийгмийн дэг журам хангах эрх зүйн цогцолбор зохицуулалтыг боловсронгуй болгоно.
1О.Төр, сүм хийдийн хоорондын харилцааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, хүн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөгөө эдлэх эрх зүйн баталгааг Үндсэн хуульд нийцүүлэн төгөлдөржүүлэх арга хэмжээ авна.
Гурав.Эдийн засгийн харилцааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох
11.Монгол Улсын бүрэн эрхт байдлын эдийн засгийн баталгааг бэхжүүлж, энэ талаархи эрх зүйн зохицуулалтыг ардчилал, хүний эрхийг дээдлэх, зах зээлийн харилцааг хөгжүүлэн төлөвшүүлэх зорилгод чиглүүлнэ. Энэ арга хэмжээний хүрээнд өмчлөгчийн эрхийг хамгаалах, түүнийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлах зарчмыг чанд баримтална.
Өмчлөгчийн хувьд төр, иргэн, хуулийн этгээд эрх тэгш байх үндсийг улам төгөлдөржүүлэн, эдийн засаг дахь төрийн оролцооны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
12.Газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялгийг өмчлөх, эзэмших, ашиглах, хамгаалах эрх зүйн үндсийг төгөлдөржүүлж, газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, газар нь өмчийн онцгой объектын хувьд түүнийг өмчлөх харилцааны эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгон хуульчилна.
1З.Иргэний хуулийг нийгмийн тодорхой харилцааг зохицуулах чиглэлээр иж бүрэн шинэчилнэ. Улмаар өмчийн харилцааны тодорхой төрөл, хүрээг зохицуулсан хуулиудыг нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн Иргэний хуулиар нэгэнт зохицуулсан харилцаатай давхардуулахгүйгээр дэс дараатай батлан мөрдүүлэх арга хэмжээ авна.
14.Нөхөрлөл, компанийн тухай хуульд нөхөрлөл, компанийн удирдлагын хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, нөхөрлөл, компанийг улсын бүртгэлд бүртгэх журмыг хялбарчлах чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулна.
15.Аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа хэвийн явуулах, өрсөлдөх эрх зүйн орчин бүрдүүлэх үүднээс Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үндэсний эдийн засгийг хөгжүүлэх нэг хөшүүрэг болох гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг дэмжих, тэдгээрт төрөөс ижил нөхцөл бүрдүүлэх шаардлагыг иш үндэс болгон Хөрөнгө оруулалтын тухай хуулийг боловсруулна.
16.Оюуны өмчийг хамгаалан хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг цаашид боловсронгуй болгож, оюуны өмчийг нийтийн хүртээл болгох, сурталчлах ажлыг өргөтгөнө.
17.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг баталгаажуулах үүднээс түүний бүртгэлийн эрх зүйн зохицуулалтыг зах зээлийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно.
Дөрөв.Хүний эрх, эрх чөлөө, түүний хууль зүйн баталгааг хангах
18.Үндсэн хуульд тунхагласан хүний эрх, эрх чөлөөг хангах эрх зүйн баталгааг хуульчлан тогтоох арга хэмжээг дараахь үндсэн чиглэлээр дэс дараатай хэрэгжүүлнэ:
1/Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх;
2/хүн бүр эрх зүйн этгээд байна гэсэн Үндсэн хуулийн зарчмыг хууль тогтоох үйл ажиллагаанд удирдлага болгох;
3/Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг Үндсэн хуулийн агуулга, үзэл санаанд нийцүүлэн хуульчлан бататгаж, хүний эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлах;
4/хүний үндсэн эрх, эрх чөлөөг үндэсний хууль тогтоомжоор бататгахдаа Монгол Улсын олон улсын гэрээний агуулгад нийцүүлэн, тэдгээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
5/тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг эдлүүлэхдээ Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд зөвхөн хуулиар хязгаарлал тогтооно. Ийнхүү хязгаарлал тогтоохдоо үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалах шаардлагыг иш үндэс болгох;
6/Монгол Улсад хүн хууль ёсны эрхээ эдлэхдээ бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэх, нийгмийн хэв журмыг чанд сахих зарчмыг мөрдүүлэх;
7/төр нь хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, эрх зүйн баталгааг бүрдүүлж, хүний эрх зөрчигдөхөөс хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэг хүлээх;
8/иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх;
9/хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах талаархи төрийн чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох;
10/эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас зайлшгүй шаардлагатай үед хүнийг нэгжих, баривчлах, мөрдөн мөшгих үндэслэл, журам, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндсийг боловсронгуй болгох.
19.Хүний эрхийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн тухай хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, энэ талаархи олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийн хэрэгжилтийг тогтмол судлах арга хэмжээ авч, хүний эрхтэй холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгоно.
20.Хүний эрхийн үндэсний байгууллагыг бий болгож, хүний эрхийг хамгаалах НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын бусад байгууллага, төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
21.Хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, яам, Засгийн газрын бусад байгууллага, бүх шатны Засаг даргын шийдвэр Үндсэн хуульд тунхагласан хүний эрх, эрх чөлөөг хангах зарчимд хэрхэн нийцэж байгаад дүн шинжилгээ хийх ажлыг тогтмол зохион байгуулж, хууль тогтоомжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авч, цаашид хууль тогтоомжийн төсөл хүний эрхийг хангах шаардлагад хэрхэн нийцэж байгаад дүн шинжилгээ хийдэг журам тогтооно.
Монгол Улс цаашид хүний эрхийг хангах талаархи олон улсын гэрээнд нэгдэх, хоёр болон олон талын олон улсын гэрээ байгуулах бодлого баримтална.
Тав.Төрийн байгууллын эрх зүйн үндсийг боловсронгуй болгох
22.Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтцийг төгөлдөржүүлж, түүний сонгуулийн журмыг боловсронгуй болгоно. Түүнчлэн Улсын Их хурал дахь намын бүлгийн эрх зүйн байдлыг тодотгох, хуулийн төсөлд эдийн засаг, эрх зүйн дүн шинжилгээ хийх бүтцийг бий болгох арга хэмжээ авна.
23.Төрийн дээд шагнал олгох, төрийн ёслол үйлдэх журмыг хуульчлан, төрт ёсны уламжлал, зан заншлаа дээдлэн хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.
24.Засгийн газрын зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгон чиг үүргийг нь ардчилсан нийгмийн шаардлагад нийцүүлэн тогтоож, нутгийн захиргааны байгууллагыг бэхжүүлнэ. Ингэхдээ Засгийн газар нь танхимын зарчмаар ажиллаж, Засгийн газрын гишүүнээс зохих хүрээний асуудал, салбарыг удирдах, хянан шалгах, зохицуулах, бусад салбар, нутгийн захиргааны байгууллагатай харилцан ажиллах эрх зүйн үндсийг тодорхойлно.
Үүнтэй холбогдуулан яам, агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг батлан мөрдүүлж, яамдын үйл ажиллагааны хүрээнд хууль тогтоомж, стандартыг сахиулах, бодлого хэрэгжүүлэх үүрэг бүхий агентлагуудын зохистой тогтолцоог бий болгож, улс төрийн албан тушаалтан, төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчдын эрх зүйн байдал, тэдгээрийн зааг ялгааг тодорхой болгон яам, Засгийн газрын бусад байгууллагын ажлын албаны тогтвортой байдлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын аппаратыг мэргэшсэн, тогтвортой ажиллагаатай болгоход эрх зүйн шинэтгэлийг чиглүүлнэ.
25.Төрийн албан хаагчдын эдийн засаг, нийгэм, эрх зүйн баталгааг хангах чиглэлээр дэс дараатай арга хэмжээ авна.
26.Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй төрийн захиргааны албан хаагчид хариуцлага хүлээлгэх журмыг боловсронгуй болгоно.
27.Шүүх эрх мэдлийн хүрээн дэх нийт байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгон өөрийн орны нөхцөл байдалд нийцүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулна.
Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлын баталгааг хангахад чиглэсэн шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Шүүн таслах ажлын төрлөөр дагнасан шүүх ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг судлан үзэж боловсронгуй болгох арга хэмжээ авна.
Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, цаашид өөрийгөө санхүүжүүлэх зарчимд шилжих боломжийг судална.
Гадаад худалдааны арбитрын үйл ажиллагааг боловсронгуй болгох, бэхжүүлэх арга хэмжээ авна.
28.Прокурорын үйл ажиллагааг шүүх эрх мэдлийг зөв хэрэгжүүлэхэд идэвхтэй нөлөөлөх чиглэлээр боловсронгуй болгох, прокурорын ажиллах нөхцөл, тэдгээрийн нийгмийн баталгааг хангах чиг үүргийг гүйцэтгэх байгууллага хариуцах чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.
29.Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах ажлын үр дүнг сайжруулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагыг шинэчлэн зохион байгуулах чиглэлээр цагдаагийн байгууллагын зохион байгуулалт, бүтцийг боловсронгуй болгох, боловсон хүчний хангалтыг сайжруулах, техник хэрэгслээр хангах арга хэмжээ авна.
З0.Эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмыг Үндсэн хуулийн агуулгад нийцүүлэн шинэчлэхэд чиглэсэн хуулиудыг батлан мөрдүүлнэ. Ингэхдээ шүүгчийн ёс суртахууны болон хуулийн өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлж, шүүн таслах ажилагаанд мэтгэлзэх зарчмыг бүх шатанд жигд баримтлах, энэ ажиллагааны явцад хүний эрхийг дээдлэн хангах, аливаа чирэгдэл, хүнд суртлыг арилгах, шударга ёсыг чанд сахих зарчмыг удирдлага болгоно.
З1.Иргэн, байгууллагад хохирол учруулж, хорих ял эдэлж байгаа хүмүүсээр тэдгээрийн учруулсан хохирлыг бүрэн төлүүлж байх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, байгаль орчны холбогдолтой гэмт хэргийн эрүүгийн хариуцлагыг чангатгах чиглэлээр Эрүүгийн болон холбогдох хуульд өөрчлөлт оруулна.
З2.Ял эдлүүлэх зарчим, үндэслэл, журмыг Үндсэн хуулийн агуулгад нийцүүлэн шинэчилж, төрийн албадлагын байгууллагуудын эдийн засаг, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг боловсронгуй болгоно.
З3.Согтуурах, мансуурах донтой этгээд, биеэ үнэлэгч болон хараа хяналтгүй насанд хүрээгүй хүмүүсийн талаархи эрх зүйн зохицуулалтыг нийгмийн дэг журам хангах чиглэлээр боловсронгуй болгоно.
З4.Иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх болон нотариатын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг шинэчилж, хувийн хэвшлийн хууль зүйн зөвлөлгөө өгөх байгууллагын сүлжээг бүрдүүлэх үндсийг хуулиар тогтооно.
Эрүү, иргэний хэрэг, захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд явагдах өмгөөллийн үйл ажиллагааны болон өмгөөлөх байгууллагын талаархи эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
З5.Нутгийн захиргааны байгууллагын бие даасан байдлыг хангах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх зүйн үндсийг боловсронгуй болгох чиглэлээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулна.
З6.Орон нутгийн өмч, түүнийг захиран зарцуулах байгууллагуудын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
З7.Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг иш үндэс болгон Бүсийн эрх зүйн байдал, Бүсийн зөвлөлийн үйл ажиллагааны тухай хуулийг шинээр боловсруулж мөрдүүлнэ.
38.Яам, Засгийн газрын бусад байгууллагын эрх зүйн хэм хэмжээний актууд Үндсэн хууль, бусад хуульд нийцэж байгаа эсэхэд тавих хяналтыг сайжруулах, эрх зүйн актыг боловсруулж хэрэглэхтэй холбогдсон үйл ажиллагааг төгөлдөржүүлэх шаардлагын үүднээс тэдгээрийг эрх бүхий байгууллагаар хянуулж, улсын бүртгэлд бүртгэгдээгүй бол дагаж мөрдөхийг хориглодог журмыг хуульчлан тогтооно.
Зургаа.Эрх зүйн шинэтгэлийн орчин бүрдүүлэх
39.Бүх нийтийн эрх зүйн ухамсрыг төлөвшүүлэх, иргэдэд улс төрийн болон эрх зүйн соёлыг эзэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг төрийн бүх шатны байгууллагаас явуулна.
Үндсэн хуулийн зарчим, үзэл санааг иргэн бүр чанд хэрэгжүүлэх үзлийг бага наснаас нь төлөвшүүлэхийг гол зорилго болгон эрх зүйн сурталчилгаа, мэдээлэл, сургалтыг Үндсэн хууль, бусад хуулийг тууштай биелүүлэхэд чиглүүлж, үүний тулд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
1/Үндсэн хуулийн заалтыг нэг мөр ойлгох үүднээс Үндсэн хуулийн шинжлэх ухааны тайлбарыг боловсруулж гаргах;
2/бүх нийтийн эрх зүйн сургалтын тогтолцоог бүрдүүлж, эрх зүйн сургалтыг ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудад тодорхой хэлбэр, чиглэлээр зохион байгуулж явуулах, иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсрол, соёлыг дээшлүүлэх нь төрийн бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, бусад байгууллагын нэг чухал үүрэг болгон иргэд, байгууллагаас хуулийг сахин биелүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэх;
3/хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах, сурталчлах, түүний биелэлтийг зохион байгуулах ажлыг төрийн захиргааны бүх шатны байгууллага, Засаг дарга нарын үндсэн үүрэг болгон явуулах, үүнтэй холбогдуулан хууль зүйн албаны тогтолцоог төрийн захиргааны дээд, дунд, доод бүх түвшинд бий болгох;
4/эрх зүйн мэдээллийн үйл ажиллагааг эрхлэх олон нийтийн үүсгэл санаачилгыг төрөөс бүх талаар дэмжих;
5/иргэд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхийн тулд хууль тогтоомжийг өөрөө судалж мэдэх ёстой гэдэг зарчмыг иш үндэс болгож, хүн амд үзүүлэх эрх зүйн үйлчилгээ шуурхай, хүртээмжтэй байх зохион байгуулалтын арга хэмжээ авах;
6/хууль тогтоомжийн үндэсний сан бүрдүүлж, эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ байгуулж, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд хамруулах арга хэмжээг 1997-2000 онд хэрэгжүүлэх эрх зүйн мэдээллийн хөтөлбөрийг боловсруулж мөрдөх;
7/хууль тогтоомжийг орчуулах, хэвлэн нийтлэх, нийтэд шуурхай мэдээлэх үүрэг бүхий бие даасан төв байгуулж, иргэд байгууллагыг хууль тогтоомжийн албан ёсны мэдээлэл, эмхтгэл, гарын авлагаар хангах ажлыг сайжруулах.
40.Хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, түүнд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх механизмыг боловсронгуй болгож, төрийн хяналтын нэгдсэн тогтолцоог бий болгоно.
41.Хууль сахиулах байгууллагуудын тогтолцоог боловсронгуй болгож, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам хангах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах зохион байгуулалтын арга хэмжээ авна.
42.Хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий албыг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх, боловсон хүчнээр хангах арга хэмжээ авна.
43.Шүүх, нотариат, иргэний гэр бүлийн байдлын бүртгэл, өмгөөлөл, магадлан шинжилгээний байгууллагын, түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн болон шүүгч, хууль зүйн бусад мэргэжлийн боловсон хүчин, тэдгээрийн мэргэжил дээшлүүлсэн байдлын талаархи эрх зүйн статистикийн тогтолцоог бий болгож, энэ ажлын эрх зүйн үндсийг боловсронгуй болгоно.
44.Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх, прокурор болон хууль сахиулах бусад байгууллагатай ажлын нягт уялдаа холбоотой криминалистик, шүүх-эмнэлэг, санхүү, нягтлан бодох бүртгэл зэрэг магадлан шинжилгээний байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг хянан үзэж, нэгдсэн зохион байгуулалтад оруулан материаллаг баазыг нь бэхжүүлэх арга хэмжээ авна.
Долоо.Хууль зүйн мэргэжлийн боловсон хүчний сургалтын тогтолцоог боловсронгуй болгох
45.Монгол Улсад хууль зүйн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх эрх зүйн сургалтын тогтолцоог боловсронгуй болгон бэхжүүлэх нь эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх гол нөхцөл мөн.
46.Монгол Улсын Үндэсний их сургуулийн харьяа Хууль зүйн дээд сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнээр хангах арга хэмжээ авч, цаашид бие даасан сургууль болгон өргөтгөн зохион байгуулна.
Цагдаагийн дээд сургуулийг цагдаагийн анхан шатны, үндсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх болон тэдгээрийг давтан сургах чиг үүрэгтэйгээр олон улсын жишигт нийцсэн Цагдаагийн академи болгож өргөтгөн бэхжүүлнэ.
Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтэд төрийн захиргааны байгууллагад ажиллах хууль зүйн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах чиг үүргийг хариуцуулж, үүнтэй уялдуулан зохих бүтцийг бэхжүүлэх арга хэмжээ авна. Цэргийн их сургууль, түүний харьяа Хилийн цэргийн дээд сургуулийг зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, төрийн тусгай хамгаалалтын албанд ажиллах боловсон хүчин бэлтгэх, давтан сургах чиг үүрэгтэйгээр өргөтгөн бэхжүүлнэ.
47.Хууль зүйн дээд сургуулиудад эчнээ, оройн болон түргэвчилсэн сургалттай анги нээж, дунд боловсролтой хуульчдын боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
48.Хууль зүйн дунд боловсролтой төрийн албан хаагчдыг бэлтгэх шаардлагыг үндэс болгон холбогдох арга хэмжээ авна.
49.Хууль зүйн хувийн дээд сургууль байгуулах санаачилгыг дэмжинэ. Ингэхдээ зохих шаардлага хангасан нөхцөлд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл өгөх чиглэл баримталж, оюутны элсэлт, сургалтын чанар, агуулга, зохион байгуулалтад төрийн зүгээс хяналт тавина.
50.Хууль зүйн багшлах боловсон хүчнийг дотоод, гадаадад бэлтгэх замаар мэргэшлийг нь дээшлүүлэх болон гадаадын өндөр мэргэшлийн багш ажиллуулах арга хэмжээ авна.
51.Хууль зүйн бүх шатны сургалтын хөтөлбөрийг зах зээлийн эдийн засаг бүхий орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн бүрэн шинэчлэх ажлыг 1998-1999 онд багтаан хийнэ.
52.Хуульчдын сургалтыг бүсчилсэн болон төвлөрсөн хэлбэрээр, түүнчлэн урт, богино хугацаагаар зохион байгуулах арга хэмжээг жил, жилийн төсөвт тусган хэрэгжүүлнэ. Хуульчдын мэргэжил дээшлүүлэх бие даасан төвийг 1998 онд багтаан байгуулж ажиллуулна.
53.Төрийн сургалтын сангаас санхүүжүүлэн гадаадад сургах оюутны мэргэжлийн бүтцэд зохих өөрчлөлт оруулж, хууль зүйн мэргэжлээр сургах оюутны тоог нэмэгдүүлэх чиглэл баримтална.
54.Хууль зүйн сургуулиудыг багшлах боловсон хүчин, эрдэм шинжилгээний ажилтнаар хангах, материаллаг нөхцөлийг нь сайжруулах, хуульчдыг давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх арга хэмжээнд дотоодын эх үүсвэрийн зэрэгцээ гадаадын зээл, тусламжийг ашиглана.
55.Хуульчдыг сонгон шалгаруулах тогтолцоо бий болгож, түүний дагуу шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын мэргэжлийн түвшин тогтоох, шалгаруулж ажиллуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авна.
56.Хуульчдын ёс зүйн хэм хэмжээг тодорхойлон тогтоож, тэдний ажил хэргийн мэдлэг, ажил хариуцах чадвар, үүрэг хариуцлага, сахилгыг дээшлүүлэхийн зэрэгцээ хуульчдын нийгмийн асуудлыг мэргэжил, ажил үүргийн нь онцлогт нийцүүлэн шийдвэрлэх эрх зүй, эдийн засгийн баталгааг хангах арга хэмжээг төрөөс дэс дараатай авч хэрэгжүүлнэ.
57.Хууль зүйн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлыг эрх зүйн шинэтгэлийн зорилттой нягт уялдуулж, сургалт, судалгаа, шинжилгээ, практик үйл ажиллагааг холбох чиглэлээр хууль зүйн шинжлэх ухааны байгууллагуудын зохион байгуулалтыг боловсронгуй болгон бэхжүүлэх арга хэмжээ авч, хууль зүйн шинжлэх ухааны суурь судалгааны ажлыг өргөтгөнө. Хавсарга судалгааны ажлыг захиалгаар хийж, гүйцэтгэсэн ажлыг нь захиалагчийн үнэлгээ, саналыг харгалзан дүгнэж санхүүжүүлдэг журамд шилжинэ. Дээр дурдсан арга хэмжээтэй холбогдуулан Хууль зүйн шинжлэх ухааны хүрээлэн, Гэмт хэргийн шалтгаан нөхцөл судлах хүрээлэнг холбогдох байгууллагуудын дэргэд байгуулж ажиллуулна.
Найм.Олон улсын эрх зүйн зохицуулалтад Монгол Улсын оролцоог өргөтгөх
58.Олон улсын эрх зүйн зохицуулалтын нийтлэг зарчим, Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим, үзэл санаанд нийцүүлэн хоёр болон олон талын олон улсын гэрээний зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгоно.
59.Олон улсын эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж байгаа гэрээ, эрх зүйн бусад баримт бичгүүдийн судалгаа хийж, олон улсын гэрээний нэгдсэн сан байгуулах арга хэмжээ авна.
60.Холбогдох судалгаа, бэлтгэл арга хэмжээ авч хэрэгжүүлсний үндсэн дээр олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох дэс дараатай арга хэмжээ авна.
Олон улсын гэрээнд нэгдэн орохдоо Монгол Улсад хүний эрхийг хангах баталгааг бүрдүүлэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах, хэрэглэгчдийн эрх ашгийг бодитой хамгаалах зэрэг иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн олон улсын иргэний эрх зүйн харилцааг зохицуулах, түүнчлэн Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хилийн чанадад олон улсын нийтлэг жишгийн хэмжээнд хангаж хамгаалах, улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, аюулгүй байдлыг хангахад ач холбогдол бүхий гэрээнүүдийг чухалчилж, тэдгээрт тэргүүн ээлжинд нэгдэн орох чиглэл баримтлана.
61.Монгол Улсын хоёр болон олон талын олон улсын гэрээнд үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэх арга хэмжээ байнга авч хэрэгжүүлэхийн хамт олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоо, эрх зүйн үндсийг бий болгоно.
62.Монгол Улс НҮБ-ын гишүүний хувьд олон улсын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, эрх зүйн салбарт олон улсын байгууллага, гадаад орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
----------оОо----------
Текст томруулах
A
A
A