A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 1994 оны 59 дүгээр тогтоолын хавсралт

ХОТ, ТОСГОНЫ ЗАХИРАГЧИЙН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ  ОГЦРУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ

1.Энэ журмыг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад хот, тосгоны захирагчийг сонгох, огцруулахад баримтална.
2. Хот, тосгоны захирагчийг тухайн хот, тосгоны сонгуулийн эрх бүхий оршин суугчид нийтээрээ чөлөөтэй  шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж 4 жилийн хугацаатайгаар сонгоно.
3.Хот, тосгоны захирагчид тухайн хот, тосгоны оршин суугчдын хурал, харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн нийтийн болон Төлөөлөгчдийн Хурал тус бүр нэг, мөн түүнчлэн тосгонд 100, хотод 500 сонгогчийн дэмжлэг авсан хүн бие даан нэр дэвшүүлэх эрхтэй.
Оршин суугчдын Хурал гэдэгт хотод 300-гаас, тосгонд 60-аас доошгүй оршин суугч оролцсон нэг удаагийн  цуглааныг тооцно.
4.Захирагчийн сонгууль явуулахтай холбогдсон дараахь зардлыг улсын зэрэглэлтэй хотын хувьд улсын төсвөөс, аймгийн зэрэглэлтэй хот, тосгоны хувьд тухайн орон нутгийн  төсвөөс тус тус гаргана:
1/сонгуулийн хорооны бичиг хэрэг, холбоо, унаа;
2/санал хураалт явуулах байрны зардал;
3/нэр дэвшигчийн үнэмлэх;
4/бусад зардал.
5.Сонгуулийн хорооны  гишүүний тус хороонд ажилласан хугацааны хөлсийг сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцож ажлын газар, байгууллагаас нь олгоно. Тэтгэвэрт байгаа болон эрхэлсэн ажилгүй хүн сонгуулийн хорооны гишүүнээр ажиллавал хөлсийг орон нутгийн төсвөөс олгоно.
6.Сонгуулийг санал хураах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид товлон зарлана. Захирагч бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө огцорсон, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, нас нөгчсөн, түүнчлэн энэ журмын 27 дахь зүйлд заасан нөхцөл байдал бий болсон бол 1 сарын дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид  сонгуулийг зарлан явуулна.
7.Сонгогчдын санал хурааж тоолох зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийг санал хураах өдрөөс 27 хоногийн өмнө байгуулна.
Сонгуулийн нэг хэсэг нь тосгонд 2000 хүртэл, хотод 6000 хүртэл сонгогчтой байж болно.
8.Иргэдийн Нийтийн болон Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал хураах өдрөөс 27 хоногийн өмнө Нэгдсэн хороог 7-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр, нэгдсэн хороо нь санал хураах өдрөөс 21 хоногийн өмнө хэсгийн хороог 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус байгуулна.
9.Нэгдсэн хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/сонгууль бэлтгэн явуулах ажлыг төлөвлөж зохион байгуулах;
2/сонгуулийн хороодын үйл ажиллагааг нэгтгэн удирдах;
3/сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хуваарилах, тараах;
4/сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж иргэдийн Нийтийн болон Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлэх.
10.Хэсгийн хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/хэсгийн хорооны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал хураах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;
2/шилжиж ирсэн сонгогчийг бүртгэх;
3/санал хураах байр, саналын хуудас, сонгогчдын санал хураах ажлыг зохион байгуулах;
4/санал хураалтын дүн гаргах, нэгдсэн хороонд ирүүлэх;
5/сонгуулийн баримт бичгийг цэгцэлж нэгдсэн хороонд хүлээлгэн  өгөх;
6сонгууль бэлтгэн явуулах асуудлаар гарсан  өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах;
7/энэ журамд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх.
11.Сонгуулүийн хороо нь үйл ажиллагаандаа дараахь журмыг баримтална:
1/сонгуулийн хороо нь бүрэн эрхийнхээ асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана.Гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол сонгуулийн хорооны хуралдааныг хүчин төгөлдөрт тооцно.
Сонгуулийн нэгдсэн хорооны дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргана.;
2/сонгуулийн хэсгийн хороо ажлын шаардлага, зардлын хэсжээг харгалзан гишүүдээ үндсэн ажлаас ньтүр чөлөөлж ажиллуулна;
3/сонгуулийн хэсгийн хорооны шийдвэрийн талаар нэгдсэн хороонд гомдол гаргаж болно.Гомдлыг хүлээж авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хянан шийдвэрлэж хариуг мэдэгдэнэ ;
4/сонгуулийн хорооноос бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг тухайн нутаг дэвсгэрийн төр, нам, олон нийтийн байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.
12.Сонгогчдын нэрсийн жагсаалтыг хэсэг тус бүрээр гаргах бөгөөд түүнийг үйлдэхдээ тухайн нэгжид байнгын хаягийн бүртгэлтэй оршин суугчийн нэрсээр гаргана.
Нэрсийн жагсаалтад сонгогчийн нэр, овог, нас, оршин суугаа газрын хаяг, иргэний паспортын болон регистрийн дугаарыг бүртгэнэ.
Хэсгийн хороо сонгогчдын нэрсийн жагсаалтыг санал хураах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө үйлдэнэ.
13.Нэр дэвшүүлэх ажлыг сонгууль зарласнаас хойш 3 хоногийн дараа эхэлж, 7 хоногийн хугацаанд дуусгана.
14.Нэр дэвшигчийг нэгдсэн хороо бүртгэж, үнэмлэх олгоно. Бүртгэхдээ баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана. Бүртгэснээс хойш 3 хоногийн дотор оршин суугчдад мэдэгдэнэ.
15.Нэр дэвшигч тухайн хот, тосгоны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх өөрийн хөтөлбөртэй байна. Нэр дэвшигч нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хөтөлбөрөө сурталчлах эрх эдэлнэ. Энэ эрх нь нэр дэвшигч бүрт адил тэгш байна.
16.Санал хураалт явуулахдаа дараахь журмыг баримтална:
1/сонгогчдын саналыг санал хураахаар бэлтгэсэн байранд санал хураах өдөр 07 цагаас 22 цаг хүртэл хугацаанд хураана. Сонгогчдын санал хураах байр, хугацааг хэсгийн хороо уул өдөр хүртэлх 6 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ;
2/сонгогчдоос саналаа нууцаар бэлтгэхэд хүрэлцэхүйц тооны тасалгаа, саналын хайрцаг бүхий байрыг тухайн сонгуулийн хэсгийг харъяалах нэгжийн Засаг дарга хариуцаж бэлтгүүлнэ;
3/саналын хуудсыг нэгдсэн хорооноос баталсанзагварын дагуу хэвлэж, санал хураах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө хэсгийн хооронд тус тус хүргүүлсэн байна;
4/саналын хуудсанд тухайн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарна. Гарын үсэг, тэмдэггүй хуудсаар санал өгч болохгүй;
5/саналын хуудсанд нэр дэвшигчдийн нэрсийг үсгийн дарааллаар байрлуулна;
6/санал хураах өдрийн 07 цагт хэсгийн хорооны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөлөгчдийг байлцуулан саналын хайрцгийгшалган битүүмжилж, санал хураах ажиллагааг эхэлнэ. Энэ ажиллагаанд ажиглагчид, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид байлцаж  болно;
7/ажиглагч нь нэгдсэн хороонд бүртгүүлж үнэмлэх авсан байна.
Ажиглагч нь сонгогчдын санал хураах, санал тоолох, дүн гаргах үед уг ажлыг сонгуулийн хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг хөндлөнгөөс ажиглан хянах эрхтэй бөгөөд сонгуулийн хороодын үйл ажиллагаанд хутгалдан оролцож болохгүй;
8/хэсгийн хороо сонгогчийн иргэний паспорт, түүнтэй адилтгах баримт бичгийг нэрсийг жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрт саналын хуудас олгоно.
Санал хураах үед шилжин ирэгчдийг тэдний иргэний паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг шилжүүлгийг үндэслэн нэрсийн нэмэлт жагсаалтад бүртгэж, саналын хуудас олгоно;
9/сонгогч саналаа өгснийг сонгогчдын нэрсийн жагсаалт, иргэний паспортод тус тус тэмдэглэнэ;
10/сонгогч санал хураах байранд ирж, саналаа өөрөө өгнө. Харин биеийн эрүүл мэндийн байдлаас болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас санал хураах байранд хүрэлцэж ирж чадахгүй сонгогчийн саналыг түүний хүсэлтээр хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн очиж битүүмжилсэн хайрцгаар хураана;
11/сонгогч саналын хуудсыг авч санал бэлтгэх тасалгаанд орж уг хуудсанд бичигдсэн нэр дэвшигчийн дотроос өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн овог, нэрийн өмнөх дэс дугаарыг дугуйлан тэмдэглээд энэхүү саналын хуудсаа саналын хайрцагт хийнэ;
12/сонгогч саналаа илэрхийлэхдээ алдаа гаргаж буруу тэмдэг тавьсан бол уг саналын хуудсаа саналын хайрцагт хийхээс өмнө хэсгийн хороонд энэ тухайгаа мэдэгдэж, хуудсаа хураалган дахин нэг удаа саналын хуудас авч болно.
Хураалгасан саналыг хуудсыг сонгуулийн хэсгийн хороо протоколд тэмдэглэж хадгална;
13/санал бэлтгэх тасалгаанд тухайн сонгогчоос өөр хэн ч байж болохгүй. Саналын хуудсанд саналаа өөрөө тэмдэглэж чадахгүй сонгогч өөрийн итгэмжилсэн хүний туслалцаа авч болно. Харин аль нэгэн намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, сонгуулийн хорооны гишүүн болон ажиглагчдаар ийнхүү туслалцуулж болохгүй.
17.Дараахь тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно:
1/баталсан загварын бус хуудсаар санал өгсөн;
2/тухайн сонгуулийн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн даргын гарын үсэг, хэсгийн хорооны тэмдэггүй;
3/огт тэмдэглээгүй, эсхүл нэгээс илүү хүний нэр тэмдэглэсэн, энэ журамд зааснаас өөр ямар нэг тэмдэглэл хийсэн.
18.санал тоолохдоо дараахь журмыг бримтална:
1/санал тоолох ажлыг ил тод, нээлттэй явуулна. Санал тоолоход ажиглагчид, сонгогчдын болон хэвлэл, мэдээллийнтөлөөлөгчид байлцаж  болно;
2/22 цаг болмогц хэсгийн хорооноос санал тоолох тухай мэдэгдэж, олгоогүй үлдсэн саналын хуудсыг тоолж битүүмжилсний дараа саналыг хайрцгийг нээнэ. Санал тоолох цаг болоогүй байхад саналын хайрцаг нээх,  санал тооллогыг завсарлахыг хориглоно;
3/хэсгийн хороо сонгогчдын нэрсийн жагсаалтыг баримтлан тухайн хэсгийн нийт сонгогчийн тоо, саналын хуудас авсан сонгогчийн тоо, саналын хайрцгаас гарсан хүчинтэй болон хүчингүй хуудасны тоо, нэр дэвшигч бүрийн төлөө өгсөн саналын тоог хэсгийн хэмжээгээр тоолж гаргана;
4/сонгуулийн хэсгийн хороо хуралдаанаараа сонгогчдын санал тоолсон дүнг хэлэлцэн шийдвэр гаргаж, уншиж сонсгосны дараа сонгуулийн нэгдсэн хороонд нэн даруй хүргүүлнэ.
19.Сонгуулийн хэсэгт явуулсан санал хураалтыг нэгдсэн хороо  дараахь тохиолдолд хүчингүйд тооцно:
1/гал, усны аюул зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад нөхцөлдөмнө зарласнаас өөр байранд, түүнчлэн  өмнө зарласнаас өөр өдөр санал хураасан;
2/санал хурааж эхэлснээс хойш саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, журамд заасан цагаас өмнө нээсэн;
3/сонгуулийн хорооны гишүүн буюу сонгогчдод хүч хэрэглэн дарамт үзүүлсэн аливаа үйлдэл нь сонгогчийн санал, сонгуулийн дүнг гажуудуулахад хүргэсэн;
4/сонгуулийн хорооны гишүүд, бусад байгууллага, албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хууран мэхлэх зэргээр сонгуулийн журмыг зөрчсөн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн.
20.Санал хураалт хүчингүй болсонд тооцвол энэ тухай Сонгуулийн нэгдсэн хорооны шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор дахин санал хураана. Дахин санал хураах шийдвэрийг Сонгуулийн нэгдсэн хороо гаргана. Уг шийдвэрт дахин санал хураах байр, өдрийг заасан байвал зохино. Дахин санал хураалтыг ажлын өдөр явуулж болно.
Санал хураалт сонгуулийн хэсгийн хэмжээгээр хүчингүй болсон тохиолдолд тухайн хэсгийн нийт сонгогчийг дахин санал хураалтад оролцуулна.
21.Сонгуулийн нэгдсэн дүнг нэр дэвшигч бүрээр тооцож гаргах бөгөөд саналын хайрцгаас гарсан нийт саналын хуудсаар тооцно.
22.Сонгуулийг Сонгуулийн нэгдсэн хороо дараахь тохиолдолд хүчингүйд тооцно:
1/сонгуулийн журам зөрчиж явуулсан;
2/хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч  олонхийн санал аваагүй, түүнчлэн энэ журмын 20 дахь зүйлд заасны дагуу  дахин санал хураалт мөн хүчингүй болсон нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн.
23.Сонгуулийг хүчингүйд тооцох тухай Сонгуулийн нэгдсэн хорооны шийдвэр гарснаас хойш 30хоногийн хугацаанд тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дахин  сонгуулийг зарлан явуулна. Шаардлагатай  бол сонгуулийн  хороог шинэчлэн байгуулах, түүнчлэн захирагчид нэр дэвшүүлэх зэрэг сонгуулийг бэлтгэн явуулах ажилд энэ журмын холбогдох зүйлийг баримтална.
24.Хот, тосгоны захирагчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг захирагчаар сонгогдсонд тооцно.
25.Хэрэв нэр дэвшигчийн хэн нь ч ийнхүү олонхийн санал аваагүй бол сонгуульд оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оролцуулна.
Дахин санал хураалтад оролцсон нимйт сонгогчийн олонхийн санал авсан хүнийг захирагчаар сонгогдсон тооцно.
26.Энэ журмын 24, 25, 27 дахь зүйлдзаасны дагуу сонгогдсон улсын зэрэглэлтэй хотын захирагчийн бүрэн эрхийг Ерөнхий сайд, аймгийн зэрэглэлтэй хотын захирагчийн бүрэн эрхийг аймгийн Засаг дарга, тосгоны захирагчийн бүрэн эрхийг сумын Засаг дарга тус тус хүлээн зөвшөөрнө.
27.Хот, тосгоны захирагчийг огцруулах тухай саналыг тухайн хот, тосгоны сонгуулийн бүрэн эрх бүхий оршин суугчдын 30-аас доошгүй хувь нь бичгээр гаргасан /гарын үсэг зурсан/, мөн түүнчлэн Ерөнхий сайд, харьяалах аймаг, сумын Засаг дарга захирагчийг огцруулах тухай санал гаргасан бол харьяалах нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тухайн хот, тосгоны оршин суугчдын санал хураалт явуулж шийдвэрлэнэ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал хураалт явуулах хороог байгуулна.
28.Хот, тосгоны захирагчийг огцруулах тухай санал хураалтыг тухайн хот, тосгоны сонгуулийн эрх бүхий нийт оршин суугчдын дунд явуулах бөгөөд тэд чөлөөтэй, шууд оролцох зарчмын үндсэн дээр саналаа нууцаар гаргана. Санал хураалтад оролцсон нийторшин суугчдын олонхи нь хот, тосгоны захирагчийг огцруулах шаардлагатай гэж үзвэл түүнийг огцруулах тухай шийдвэрийг тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гаргаж бүрэн эрхийг нь дуусгавар болгоно.
29.Шинээр сонгогдох захирагчийн сонгуулийг хот, тосгоны захирагчийг огцруулах тухай санал хураалт явуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид зарлан явуулна.
30.Энэ журмын 27 дахь  зүйлд заасан үндэслэлээр явуулсан захирагчийг огцруулах тухай санал хураалтад оролцсон нийт оршин суугчийн олонхи нь бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа захирагчийг огцруулах шаардлагагүй гэж үзвэл дээрх үндэслэлээр захирагчийн сонгуулийг санал хураалт явуулснаас хойш нэг жилийн хугацаанд дахин явуулахгүй.
 
 
--------оОо-----------