- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Их Хурлын 2000 оны 33 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
Улсын Их Хурлын ээлжит гурав дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар нь 2000 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцсон МАХН-ын мөрийн хөтөлбөрт үндэслэн ирэх дөрвөн жилд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн зорилт нь:
-эдийн засгийн шинэчлэлийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, өндөр өсөлтийг хангах;
-экспортын баримжаатай эдийн засгийн бодлого явуулж, тогтвортой өндөр өсөлтийг хангах ;
-боловсрол, соёлыг дээдлэн хөгжлийн гол тулгуур - хүнээ хөгжүүлэх;
-нийгмийн баялаг, орлогын хуваарилалтыг боловсронгуй болгон нийгмийн хамгааллын оновчтой тогтолцоог бүрдүүлэх замаар амьдралын түвшинг дээшлүүлэх;
-бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлуулан хэрэгжүүлж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, амьдралын түвшний зөрүүг багасгах;
-эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төрийн бодлогыг Монгол орныхоо өвөрмөц онцлогт тохируулан боловсруулж үр дүнтэй хэрэгжүүлэх, өндөр чадавхитай, хариуцлагатай сайн засаглал тогтооход оршино.
Нэг .НИЙГМИЙН БОДЛОГО
Нийгмийн салбарт баримтлах үндсэн зорилт нь хүний хөгжлийг хангах орчинг бүрдүүлэх, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдэнэ.
1.Хүн амын боловсролын хэрэгцээг жигд хангах орчин бүрдүүлж бүх нийтээр суурь боловсрол эзэмших, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тогтолцоог хувь хүний сонирхол, нийгмийн хэрэгцээ, зах зээлийн эрэлтэд нийцүүлэн хөгжүүлж, орчин үеийн мэдлэг олгох тогтолцоог бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ. Энэ зорилтын хүрээнд:
-Боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт, их засварын хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
-Ачаалал ихтэй сургуулийн барилгыг өргөтгөх, шинээр барихын зэрэгцээ хөдөөгийн сургуулиудын барилгыг засварлаж, сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангана.
-Боловсролын салбарт хувийн хэвшлээс хийх хөрөнгө оруулалтыг дэмжин урамшуулна.
-Ерөнхий боловсролын сургуулиудыг компьютержүүлж, интернетийн сүлжээнд холбож эхэлнэ.
-Боловсролын агуулгыг хүүхэд, залуучуудыг ажилд сургах, амьдралд бэлтгэх, өөрийн орны уламжлалт болон орчин үеийн үйлдвэрлэлийн үндэс суурийг эзэмшүүлэх чиглэлээр шинэчилж, орчны стандартыг батлан мөрдүүлж, чанарын үнэлгээний тогтолцоог төлөвшүүлнэ.
-Өөрийн орны болон гадаад орнуудын боловсролын баримт бичгийг харилцан зөвшөөрөх боломжийг идэвхтэй эрэлхийлнэ.
-Мэргэжлийн боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийн журмыг шинэчлэн сургалтын чанарыг сайжруулах арга хэмжээ авна.
-Сурах бичгийг шинээр зохиох, хэвлүүлэх, түгээх арга механизмыг боловсронгуй болгоно.
-Дунд сургуульд хамрагдах хүрээг нэмэгдүүлж, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны зардлыг төр хариуцдаг болно.
-Эмзэг бүлгийн болон олон хүүхэд нь зэрэг суралцдаг өрхийн 3-аас дээшхи хүүхдэд 2000-2001 оны хичээлийн жилээс эхлэн хичээлийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгоно.
-Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааны хүрээг өргөтгөж, хүүхдийг цэцэрлэгт өргөнөөр хамруулахын зэрэгцээ гэрийн нөхцөлд хүүхдийг сургуульд бэлтгэх шинэ арга хэлбэрийг нэвтрүүлнэ.
-Өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулийн салбарыг Монгол Улсад байгуулж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. Эдгээр сургуульд суралцагсдад сургалтын төлбөрөө төлөхөд нь дэмжлэг үзүүлнэ.
-Дотоодын их сургууль, коллежид суралцдаг онц сурлагатай болон гоц авъяастай оюутнуудад урамшуулал, тэтгэлэг олгох асуудлыг шийдвэрлэнэ.
-Дотоодын их сургууль, коллежид суралцаж байгаа ядуу өрхийн болон малчин өрх, хоёроос дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа айлын нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төр хариуцдаг болно.
-Дотоодын их сургууль, коллежид суралцагсдад үзүүлэх хөнгөлөлтийг олон улсын нийтлэг жишгийн дагуу бүрэн эдлүүлэх арга хэмжээ авч оюутнуудыг чөлөөт цагаараа хөдөлмөр эрхэлж амьдрал, ахуйгаа дээшлүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлнэ.
-Албан бус боловсрол, алсын зайны сургалт, түр хугацааны төрөлжсөн сургалтын хэлбэрийг оновчтой зохион байгуулж, сургууль завсардсан хүүхэд, залуучуудад боловсрол эзэмшүүлж, бичиг үсэг үл мэдэх явдлыг эрс бууруулна.
-Төрийн болон төсөвт байгууллагуудыг мэдлэг чадвар өндөртэй боловсон хүчнээр хангах нэгдсэн бодлого, хэрэгцээг тодорхойлж улсын захиалга өгч байх, захиалгын дагуу бэлтгэгдсэн гэрээт боловсон хүчнийг ажлын байраар хангах үүргийг төр хариуцна.
-Өндөр хөгжилтэй орнуудад сургах оюутан, магистрант, докторантын тоог нэмэгдүүлнэ. Орчин үеийн мэдээлэл, шинэ техник, технологитой танилцах гол хөшүүрэг болсон олон улсын түгээмэл гадаад хэл сурах, ашиглах өндөр шаардлага тавина.
-Багш, боловсролын удирдах ажилтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог шинэчлэнэ.
-Тусгай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажлыг эрчимжүүлнэ.
2.Эрүүл мэндийн үйлчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэж, хүн амыг эрүүлжүүлэх, дундаж наслалтыг уртасгах зорилтыг хэрэгжүүлнэ.Энэ зорилтын хүрээнд:
-Төсвөөс эрүүл мэндийн суурь тусламж, үйлчилгээнд зарцуулах хөрөнгийг жил бүр нэмэгдүүлнэ.
-Эрүүл мэндийн даатгалд хамрагдах эмчилгээ, үйлчилгээний нэр төрлийг шинэчлэн тогтоох замаар төрийн өмчийн эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, шинжилгээг үнэ төлбөргүй болгож, эрүүл мэндийн даатгалыг бие даалган хөгжүүлнэ.
-Эрүүл мэндийн суурь тусламжийг өрхийн эмнэлгээр үзүүлэх тогтолцоонд шилжүүлнэ.
-Дархлаажуулалтын сан байгуулж, тарилгаар урьдчилан сэргийлэгдэх халдварт өвчний тархалтыг шат дараалан бууруулах, улмаар устгах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
-Нийгмийн эмзэг бүлэгт хамрагдах өндөр настан, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, насанд хүрээгүй хүүхдүүд, тахир дутуу иргэдэд эмнэлгийн тусламжийг үнэ төлбөргүй үзүүлнэ.
-Эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах, эндэгдлийг багасгах хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрөөс зардлыг нь санхүүжүүлнэ.
-Эмийн нэгдсэн бодлогын хүрээнд эм тарилгын хангамжийг сайжруулж, чанарын хяналтыг хүчтэй болгоно. Хэвтэн эмчлүүлэгсдийн эм тариа болон түргэн тусламжийн автомашины шатахууныг иргэдээс гаргуулдаг гажуудлыг арилгана.
-"Эрүүл мэндийн технологи" үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
-Оношлогоо, эмчилгээний төвүүдийг эдийн засгийн бүсүүдэд байгуулж, орчин үеийн тоног төхөөрөмж, нарийн мэргэшлийн эмч мэргэжилтнээр хангана.
-Эмнэлгийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийг сумдад 40-өөс доошгүй хувьд, аймаг, нийслэлд 60 хувьд хүргэнэ.
-Сумын эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулж, тэдгээрийг эмнэлгийн зориулалтын байр, тоног төхөөрөмжөөр хангах, эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, хөшүүргийг бий болгох замаар хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулна.
-Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, ялангуяа нөхөн сэргээх эмчилгээнд рашаан сувиллын үйлчилгээг өргөнөөр ашиглах зорилтыг хэрэгжүүлнэ.
-Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг дэмжиж, тэдгээрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх хүрээг өргөтгөнө.
-Эрүүл мэндийн байгууллага, эмч нарын магадлан итгэмжлэлийг чанаржуулан хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн чанарын баталгааг сайжруулна.
-Их спортыг төрийн ивээлд байлгана. Нийтийн биеийн тамир, спортыг хүн амын эрүүл мэндийг хамгаалах, залуу үеийн бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор өргөн хөгжүүлнэ.
3.Монгол Улсын үндэсний соёл, урлагийг дэлхийн соёлын нийтлэг ололт, үнэт зүйлс, дорнын соёлын өвөрмөц өнгө аястай уялдуулан эрчимтэй хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ. Энэ зорилтын хүрээнд:
-Соёл урлагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг төгөлдөржүүлж, удирдлагыг сайжруулна.
-Үндэсний уламжлалт соёл, урлагийг сонгодог болон орчин үеийн урлагтай хослуулан хөгжүүлнэ. Эх хэл, бичиг, соёлоо судлах, сурталчлах, эрхэмлэн дээдлэх, хүмүүсийн соёлтой харилцааны нийтлэг хэм хэмжээг төлөвшүүлнэ.
-Хархорум болон Монгол дахь Түрэгийн үеийн зэрэг зарим хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах төслийг хэрэгжүүлнэ.
-Сонгодог болон хүүхдэд зориулсан урлаг, ном хэвлэлийг төрийн ивээлд авч, тэдгээрийн уран бүтээлчдийг олон улсын уралдаан, тэмцээнд оролцуулах, мэргэжил дээшлүүлэхэд төрөөс үзүүлэх санхүүгийн тусламжийг нэмэгдүүлнэ.
-Сумдын соёлын төвүүд, номын сангийн үйл ажиллагааг сэргээж, хөдөөгийн хүн амын соёл, урлаг, мэдээллийн үйлчилгээний хүрээ, хүртээмжийг өргөтгөнө.
-Хүүхдийн номын ордон байгуулна.
-Урлаг, спортын гоц авъяастныг төрөөс хөхүүлэн дэмжинэ.
-Иргэдийн шүтлэг бишрэлийн чөлөөт байдлыг хангахын зэрэгцээ Монголын ард түмний соёл, мэдлэг, зан суртахууны өв болсон уламжлалт шашныг судлах, шашны урлагийг сэргээх, өвлөх, хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ.
-Монголчуудын оюун санааны амьдралд үндэсний эрхэм уламжлалыг дээдлэх, ахмад үеэ хүндлэх, өвөг дээдсийнхээ хүнлэг зан суртахууныг даган баримтлах үзэл сэтгэлгээ төлөвшүүлэхэд бүх шатны сургууль, соёл, шинжлэх ухааны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлнэ
4.Шинжлэх ухаан, технологийн үндэсний чадамжийг дээшлүүлэн хөгжлийн харьцангуй шинэ давуу тал олж авах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрдэмтэд, судлаачдын бүтээлийн үнэлэмжийг өсгөх зорилтыг хэрэгжүүлнэ. Энэ зорилтын хүрээнд:
-Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлнэ.
-Хөгжлийн урт хугацааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан өөрийгөө санхүүжүүлдэг шинжлэх ухаан-боловсрол-үйлдвэрлэлийн бие даасан цогцолборыг байгуулан ажиллуулна.
-Уламжлалт технологи, биотехнологи, шинэ материал, мэдээллийн технологи, эрчим хүчний шинэ эх үүсвэр зэрэг судалгааны ажлын тэргүүлэх чиглэлээр өгөх улсын захиалгыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг дэмжин урамшуулна.
-Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр гадаад, дотоодод судлаач, эрдэмтэд бэлтгэх хэмжээг нэмэгдүүлнэ.
-Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, сан бий болгож, эрдэм шинжилгээний номын сангуудын сан хөмрөгийг баяжуулан ашиглалтыг сайжруулна.
-Эрдэм шинжилгээний байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмж, урвалж, материалын хангамжийг нэмэгдүүлнэ.
-Шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохистой хослолыг бий болгон оюуны бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэн, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
-Олон улсын байгууллага, гадаад орнуудтай шинжлэх ухаан, технологийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж, хамтарсан лаборатори, төвүүдийг байгуулахад дэмжлэг үзүүлнэ.
5.Нийгмийн баялаг, орлогын хуваарилалтыг оновчтой болгож, ард иргэдийн амьжиргааны түвшингийн уналтыг зогсоон, нийгмийн доторхи орлогын ялгааг багасгаж, туйлын ядуурлыг арилгах зорилтыг хэрэгжүүлнэ. Энэ зорилтын хүрээнд:
-Өрхийн амьжиргаа доройтохоос урьдчилан сэргийлэх нийгэм, эдийн засгийн цогцолбор арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай ядуу иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх үндсэн дээр амьжиргааны доод түвшингээс бага орлоготой өрхийн тоог 1999 оныхоос 2 дахин бууруулна.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ оноос эхлэн ээлж дараатай нэмэгдүүлэн 2000 оны эхэн үеийнхээс З дахин өндөр түвшинд хүргэнэ.
-Төсвийн байгууллагын ажилтны цалинг 2001 оноос эхлэн жил бүр нэмэгдүүлж, одоогийнхоос 2 дахин өсгөнө.
-Төрийн ажилтны ажиллах, амьдрах нөхцөл, хангамжийг сайжруулж, хувьдаа орон сууц барихад нь туслах зорилгоор хөнгөлөлттэй зээлийн сан байгуулна.
-Алслагдсан болон говь нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчид, багш, эмч нарт тусгай нэмэгдэл олгодог болно.
-Нийгмийн хамгааллын үндэсний тогтолцоог боловсронгуй болгож, чадавхийг нь дээшлүүлнэ.
-Нийгмийн даатгалын харилцааг боловсронгуй болгож, үр хүүхэд, гэр бүл, төрөл саднаа даатгалд хамруулах замаар эрсдэлээс хамгаалах бололцоог бий болгоход чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ.
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг ирэх жилээс эхлэн нэмэгдүүлж 2 дахин өсгөнө.
-Тэтгэврийн насанд хүрээгүй тэтгэвэр авагч иргэдийн нөхөн олговрыг тэтгэврийн доод хэмжээнд хүргэж нэмэгдүүлнэ.
-Тэтгэврийн даатгалын нэрийн дансыг бүрэн нэвтрүүлнэ.
-Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, шимтгэл, хураамжийг хугацаанд нь бүрэн төлөх хариуцлагыг дээшлүүлж, нийгмийн даатгалын сангуудын өөрийгөө санхүүжүүлэх чадварыг дээшлүүлнэ.
-Хөдөлмөрийн тухай хуультай уялдуулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартуудыг шинэчлэн мөрдүүлнэ.
-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас тахир дутуу болсон иргэдийн тахир дутуугийн тэтгэвэр авч байх хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэл болон тэднийг асрах, сувилах, эмчлэх зардлыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас төлөх журамд шилжинэ.
-Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулж, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулна.
-Залуу гэр бүлийг сууцтай болоход нь зориулан урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох журам тогтоож, хэрэгжүүлнэ. Байгууллагын мэдлийн орон сууцыг хувьчлах асуудлыг шийдвэрлүүлнэ.
-Ахмад дайчдад үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ.
-Ядуу болон тахир дутуу иргэд, олон хүүхэдтэй эхчүүдэд үзүүлэх нийгмийн халамжийг нэмэгдүүлнэ.
-Иргэдийг ажил эрхлэх бололцоогоор хангах цогцолбор арга хэмжээ авах замаар шинээр ажлын байр бий болгох санаачлагыг дэмжин урамшуулна. Жижиг зээлийн санхүүжилтийн аргыг өргөн нэвтрүүлнэ.
-Ажилгүйдлийн даатгалд хамрагдаагүй, удаан хугацаагаар ажилгүй байгаа нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулах, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй арга хэмжээнд оролцох боломжийг бүрдүүлнэ.
-Хараа хяналтгүй хүүхдүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг аль болох гэр бүлд нь төвлөрүүлж, тэдний орон гэртээ хүмүүжих нөхцөлийг нь бүрдүүлэхэд анхаарна.
-Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын чиглэл, үйл ажиллагааг боловсронгуй болгоно.
-Орон нутагт жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, тариалан, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тахиа шувуу, зөгий зэрэг аж ахуй эрхлэхийг дэмжих зээлийн сан байгуулна.
-Гадаадад ажиллаж байгаа иргэдийн эрхийг хамгаалах, гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
-Хүн амын шилжих хөдөлгөөний талаар төрөөс баримтлах бодлогыг бүс нутгийн хөгжилтэй уялдуулан боловсруулж хэрэгжүүлнэ.
Хоёр. ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО
Макро эдийн засгийн тогтворжилтыг бататган экспортын баримжаатай, хувийн хэвшилд тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх үндсэн дээр эдийн засгийн тогтвортой, өндөр өсөлтийг хангана. Уул уурхай, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах түвшинг ахиулах, экспортын үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгнө.
Эдийн засгийн өсөлтийн хурдацыг нэмэгдүүлж 2004 он гэхэд жилийн 6 хувьд хүргэнэ. Энэ зорилгоор дараахь бодлогыг хэрэгжүүлнэ:
-макро эдийн засгийн тогтворжилтыг хангана;
-банк, санхүүгийн салбарыг эрүүлжүүлнэ;
-өмч хувьчлалыг үргэлжлүүлж, үр ашгийг нь дээшлүүлнэ;
-үндэсний үйлдвэрлэлийг сэргээж, экспортыг дэмжинэ;
-дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлнэ.
1.Макро эдийн засгийн тогтворжилтыг хангах хүрээнд:
-Төгрөгийн бодит ханшийг тогтворжуулж, инфляцийг эдийн засаг, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг урамшуулах оновчтой түвшинд байлгана.
-Төсвийн алдагдлыг бууруулна.
-Ажилгүйдлийг 50-иас доошгүй хувиар бууруулна.
-Гадаад худалдааг алдагдалгүй болгох зорилтыг хэрэгжүүлнэ.
-Далд эдийн засгийг арилгах эрх зүй, эдийн засгийн цогц арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлнэ.
-Статистикийн үйл ажиллагааны хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэж, албан ёсны статистикийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгон мэдээллийн ил тод байдлыг хангана.
Татварын талаар:
-Татварын баазыг өргөтгөн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр боловсронгуй болгож, татвар цуглуулах үйл ажиллагааг эрс сайжруулна. Татварын албыг бэхжүүлэх цогцолбор арга хэмжээ авна.
-Татвар ногдуулалт, төлөлтөд тавих хяналтыг сайжруулж, татварын өр барагдуулах удирдлагыг боловсронгуй болгож, эрх зүйн зохицуулалтыг чангатгана.
-Татвар, хураамжийн давхардлыг цэгцлэн нэг мөр болгож нийтэд ил тод мэдээлнэ. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгана.
-Бүс нутгуудад хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн өсөлтийг урамшуулах гааль, татварын ялгавартай уян хатан бодлого хэрэгжүүлнэ. Аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 30 хүртэл хувиар бууруулна.
-Хөдөө орон нутагт согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдан борлуулахаас бусад чиглэлээр ажлын байр бий болгосон хөрөнгө оруулагчдыг тодорхой хугацаагаар орлогын албан татвараас хөнгөлнө.
-Бага орлоготой иргэдээс авах орлогын албан татварыг бууруулах дэс дараатай арга хэмжээ авна.
-Импортын барааны гаалийн татварыг дунджаар 10 хувиар тогтооно.
-Экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг үйлдвэрүүдэд тоног төхөөрөмж, түүхий эд, материал импортлоход нь татварын хөнгөлөлт үзүүлнэ.
-Гаалийн татвар ногдуулалт, хөнгөлөлт, чөлөөлөлтийн бүртгэл, татвар төлөлтийн талаархи мэдээллийг нийтэд ил тод болгоно.
Төсвийн талаар:
-Төсвийн орлогын эх үүсвэрийг тогтвортой нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
-Төсвийг дунд болон урт хугацааны макро эдийн засгийн бодлоготой уялдуулан төлөвлөж, төсвийн санхүүжилтийг боловсронгуй болгож, үр дүнгээр нь санхүүжүүлэх тогтолцоонд үе шаттайгаар шилжинэ.
-Төсвийн зарлага санхүүжилтийн норм, нормативын үндэслэлийг сайжруулна.
-Төрийн сангийн бэлэн мөнгөний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлнэ.
-Алт, зэс, ноолуур, нефть зэрэг стратегийн гол бүтээгдэхүүнийг үнийн эрсдлээс хамгаалах механизмыг бий болгоно.
-Тусгай зориулалтын сангуудын эх үүсвэр, зарцуулалтыг тодорхой болгож, тэдгээрийн удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгож, ил тод байдлыг хангана.
-Орон нутаг төсвөө бие даан бүрдүүлэх боломжийг нэмэгдүүлж, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх арга хэмжээ авна.
2.Банк, санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх хүрээнд:
-Банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлж, арилжааны банкуудыг хувьчлах, удирдлагыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар банкны эрүүл тогтолцоог бүрдүүлнэ.
-Арилжааны банкуудын олгосон зээлийг эргэж төлүүлэхэд зээлдэгч, зээл олгогчдын хариуцлагыг өндөржүүлэх эрх зүйн зохицуулалтыг чангатгана.
-Хөдөө аж ахуйн банкийг Хөгжлийн банк болгон бэхжүүлж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлнэ.
-Банкны бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, даатгалын компаниудын хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг ашиглах боловсронгуй механизмыг бий болгохтой холбогдсон хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ.
-Үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих мөнгө, зээлийн уян хатан бодлого явуулна.
-Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлж, хүрээг нь нэмэгдүүлэн, мэдээлэл, сурталчилгааг өргөжүүлнэ.
-Үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцогчдын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, хувь нийлүүлэгчид ногдол ашиг хуваарилах, олгох механизмыг боловсронгуй болгож, тэдний эрх ашгийг хамгаална.
-Даатгалын үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөж, нэр төрлийг нь олшруулна. Даатгалын хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээ авч, нийтэд ил тод мэдээлнэ.
3.Хувьчлалыг үргэлжлүүлж, үр ашгийг нь дээшлүүлэх хүрээнд:
-Хувьчлалын гажуудлыг арилгаж, хуулийг чанд сахин хэрэгжүүлэх хариуцлагыг өндөржүүлнэ.
-Хувьчлагдсан аж ахуйн нэгжийн удирдлагыг сайжруулах, эцсийн үр дүн, үр ашгийг дээшлүүлэхэд анхаарна.
-Аж ахуйн нэгжийг хувьчлахдаа хуулиар зөвшөөрөгдсөн олон аргуудаас оновчтойг нь сонгон ашиглаж, хувьчлалыг эрчимжүүлнэ.
-Эдийн засгийн үр ашиг, үндэсний аюулгүй байдлыг хангах шаардлагад нийцүүлэн үнэ цэнэ бүхий томоохон аж ахуйн нэгжүүдийг хувьчилна.
-Эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийж, төрийн болон төрийн өмчийн оролцоотой түлш, эрчим хүч, уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн төрийн өмчид ногдох хэсгийг үе шаттайгаар хувьчилна.
-Нийгмийн салбарын хувьчлалын эрх зүйн үндсийг бүрдүүлж, хувьчилна.
-Өмч хувьчлалаас орох орлогыг хөрөнгө оруулалтад зарцуулах зарчим баримтална.
4.Үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлж, экспортыг дэмжих бодлогын хүрээнд:
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар:
-"Ноолуур" хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монгол Улсын ноолууран бүтээгдэхүүний экспортыг өсгөж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
-Ноолуур, улаан буудай зэрэг стратегийн чухал түүхий эдийн нөөц бүрдүүлж, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж түүхий эдээ бэлтгэх, эргэлтийн хөрөнгө бүрдүүлэхэд нь зээл олгох зэргээр туслалцаа үзүүлнэ.
-Мал аж ахуйн гаралтай түүхий эд, ялангуяа мах, ноолуур болон хонь, тэмээний ноос, арьс, ширний боловсруулалтын түвшинг ахиулна.
-"Ноос", "Арьс шир" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, угаасан ноос, боловсруулсан арьсны экспортыг нэмэгдүүлнэ. Хонь, тэмээний ноос, сарлагийн хөөвөр, адууны дэл, сүүл, арьс, ширний бэлтгэлийн стандартыг шинэчилж, түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах замаар экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
-"Мах" хөтөлбөрийг баталж, мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.
-Мал эмнэлэг, эрүүл ахуй, хорио цээрийн нөхцөлийн хэлэлцээр байгуулах замаар мах, ноос, арьс, ширэн бүтээгдэхүүн экспортлох илүү өргөн бололцоо бүрдүүлнэ.
-Аж ахуйн нэгжийн удирдлагын чадавхийг сайжруулах хөтөлбөр, төслийг хэрэгжүүлж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанарыг сайжруулна.
-Үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоог төрөөс татвар, зээлийн бодлогоор дэмжиж, үйлдвэр, үйлчилгээний болон ажлын байрны өсөлтийг урамшуулна.
-Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур зэрэг газарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдүүлж хэрэгжүүлэх алхам хийнэ.
-Зах зээлийн нөхцөлд нийцсэн мал аж ахуй, газар тариалангийн гаралтай түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, боловсруулах тогтолцоог боловсронгуй болгож, түүхий эдийн бэлтгэлийн ажлыг бөөний худалдааны сүлжээтэй уялдуулан зохион байгуулна.
-Гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
-Гадаадын хөрөнгө оруулалтын шат дамжлагыг цөөрүүлж, хөнгөн шуурхай, ил тод болгон нэг цэгийн цогц шуурхай үйлчилгээг хөгжүүлнэ.
-Тусламжийн барааны борлуулалтаас орсон орлогыг үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх зорилгод ашиглах, түүний ашиглалтын тухай мэдээллийг ил тод болгон хяналтыг сайжруулна.
- Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, шудрага бус өрсөлдөөнийг хориглох, монополийн эсрэг тэмцэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгон хэрэгжүүлнэ.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар:
-Уул уурхайн үйлдвэрлэлээс олох экспортын орлогыг нэмэгдүүлнэ.
-"Эрдэнэт" үйлдвэрт технологийн шинэчлэлт хийж, зэсийн баяжмалын боловсруулалтын түвшинг гүнзгийрүүлэн үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
-Катодын зэс үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлж жилд 10-15 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ.
-Алт олборлолтыг одоогийн хэмжээнээс 1.5 дахин өсгөнө.
-Төмөртэйн овооны цайрын орд, Бороогийн алтны үндсэн орд, Тосон, Баянголын алтны шороон ордыг ашиглах уулын үйлдвэрийг ойрын жилүүдэд барьж байгуулах, ашиглалтад оруулах нөхцөл, бололцоог хангана.
-Таван толгойн коксжих нүүрсний орд газрыг ашиглах асуудлыг боловсруулж, сонирхогч гадаад орнуудад санал болгоно.
-Тавтын алт, Цагаан суваргын зэс, Асгатын мөнгөний ордыг ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.
-Геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах эрх зүйн орчин, татвар, санхүүгийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлнэ.
Эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг бүрдүүлэх талаар:
-Газрын тосны эрэл хайгуулын судалгаа болон олборлолтын үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
-Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны хэмжээг жил бүр тогтвортой өсгөн 2,5 дахин нэмэгдүүлнэ.
-Монгол Улсын нутаг дэвсгэрийн 1:200000-ын масштабтай геологийн зураг зохиох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
-Ашигт малтмалын орд илрүүлэх хэтийн төлөв бүхий талбай болон хил орчмын нутаг дэвсгэрийн 50000 хавтгай дөрвөлжин км-ээс багагүй талбайд 1: 50000-ын масштабтай геологийн зураг, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэнэ.
-Хөрөнгө оруулалт, татварын таатай нөхцөл бүрдүүлэх замаар ашигт малтмалын эрэл хайгуулын ажлыг хувийн хөрөнгөөр явуулахад дэмжлэг үзүүлнэ.
-Газарзүйн мэдээллийн сүлжээг түшиглэн олон улсын мэдээллийн технологид нийцсэн геологийн мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг үргэлжлүүлнэ.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн уналтыг зогсоох талаар:
-Газар тариалангийн үйлдвэрлэлийн уналтыг зогсоож, түүний тогтвортой хөгжих нөхцөлийг хангахад чиглэгдсэн эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлнэ.
-Тариалангийн газрын эзэмшил, ашиглалтыг сайжруулах зорилгоор ашиглаагүй тариалангийн талбайн төлбөрийг нэмэгдүүлж, уриншилсан талбайн болон газраа үр ашигтай ашиглан тогтвортой ургац авч байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн газрын төлбөрийг хөнгөлнө.
-Үр үйлдвэрлэх аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагуудыг дэмжих замаар буудайн чанар сайтай үрээр дотоодын хэрэгцээг хангана.
-Усалгаатай талбайн ашиглалтыг нэмэгдүүлнэ.
-Бордоо үйлдвэрлэх үүсгэл санаачилгыг дэмжинэ.
-Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
-Газар тариалан эрхэлдэг иргэд, жижиг аж ахуйд техникээр үйлчлэх аж ахуйн нэгжүүд бий болохыг дэмжинэ.
-"Ногоон хувьсгал" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
-"Цагаан хувьсгал" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хот суурин газрын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулна.
-Хүнсний үйлдвэрлэлийн стандарт, чанарын хяналтын тогтолцоог төгөлдөржүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
Аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл болгох талаар:
-Үндэсний аялал жуулчлалын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх салбар дундын зохицуулалт, удирдлагыг боловсронгуй болгоно.
-Улаанбаатар, Хархорин, Өмнөговь, Хөвсгөл зэрэг газарт аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлнэ.
-Аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг олон улсын жишигт ойртуулна.
5.Дэд бүтцийг бүс нутгаар хөгжүүлнэ.
-Авто зам, замын байгууламжийг барьж байгуулах, засварлах, арчлан хамгаалахад хөдөлмөр эрхлээгүй иргэдийг өргөнөөр оролцуулж байнгын орлоготой болгоно.
Гурав. БҮС НУТАГ, ХӨДӨӨГИЙН БОДЛОГО
Эдийн засгийг нутаг дэвсгэрээр бүсчлэн хөгжүүлж, бүс нутагт дэд бүтэц бүрдүүлэх, хөдөөд чиглэсэн татвар, хөрөнгө оруулалт, зээлийн бодлогыг хэрэгжүүлэх замаар иргэд тухайн нутагтаа суурьшин амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ зорилтын хүрээнд:
-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, эрхзүйн зохицуулалтыг бий болгож бүс нутаг, аймаг, орон нутгийн хөгжлийн стратегийг тодорхойлж, тэдгээрийн харьцангуй жигд хөгжлийг хангах дэс дараатай арга хэмжээ авна.
-Бүс нутгуудад хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн өсөлтийг урамшуулах гааль, татварын ялгавартай бодлого хэрэгжүүлнэ.
-Бүс нутаг бүрт түүхий эд, бараа, хүнсний бүтээгдэхүүний бөөний худалдааны сүлжээ бий болгож, хөдөөгийн хөдөлмөрчид, малчдыг харьцангуй хямд үнэтэй, чанар сайтай хүнс, өргөн хэрэглээний бараагаар хангана.
-Малчин өрхийн болон фермерийн аж ахуйн эрх зүй, эдийн засгийн харилцааг хуулиар зохицуулж, хоршоо, фермерийн аж ахуй байгуулах замаар малчид хамтын хүчээр аж ахуй, амьдралаа өөд татах үүсгэл санаачлагыг дэмжинэ.
-Мал сүргийг төрийн хамгаалалтад байлгах тогтолцоог зах зээлийн нөхцөлд нийцүүлэн төгөлдөржүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээ, бэлчээр усжуулалт, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхэд төрийн бодлогоор дэмжлэг үзүүлнэ.
-Мал сүргийг даатгалд хамруулна.
-Мал сүргийг байгалийн гамшгаас хамгаалах тогтолцоо, гамшгийн тусламжийн сүлжээг бүрдүүлнэ. Бүс нутгуудад аймаг дундын отрын нөөц бэлчээрийг бий болгоно.
-1999-2000 оны зудын хохирлыг ойрын 2-3 жилд багтаан арилгах арга хэмжээ авна. Зудаар хохирол үзэж орлого нь амьжиргааны баталгаажих түвшинээс доош орсон малчин өрхийг малжуулах арга хэмжээг олон нийтийн хяналт, оролцоотойгоор хэрэгжүүлнэ.
-Малчин өрх, тариаланчид, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлж, үйлдвэрлэл-шинжлэх ухааны хоршиж ажиллах үүсгэл, санаачлагыг дэмжинэ.
-Малын эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах, хорио цээрийн эрх зүйн зохицуулалтыг зах зээлийн нөхцөлд тохируулан шинэчлэнэ.
-Малын бруцеллёз, ям, сүрьеэ, лейкоз, адууны цус багадах өвчинтэй тэмцэх ажлын чанарыг дээшлүүлж, мал эмнэлгийн лабораторийн оношлогоо, шинжилгээний чадавхийг сайжруулан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх чиглэлийг дэмжинэ.
- Хаягдсан, эвдэрсэн худгийг сэргээн засварлах, шинээр худаг гаргах замаар говь, тал хээрийн бүсийн бэлчээрийн 70-аас доошгүй хувийн усны хангамжийг сайжруулна.
-Уст цэгийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэнэ.
-Аймгийн төвүүдийн нийтийн аж ахуй, усны хангамжийг сайжруулж, хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангах цогцолбор арга хэмжээ авна. Хүн амын хэрэглээний эрдэсжилт, хатуулаг ихтэй усыг зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
-Бүх аймгийн төв, сумдыг нийтийн халуун устай болгоно.
-Улаанбаатар, Ховд, Улаангом, Өлгий, Мөрөн, Улиастай хотуудын нийтийн аж ахуйг сэргээх ажлыг хэрэгжүүлж, төв болон зүүн 8 аймгийн төвийн нийтийн аж ахуйг шинэчлэх ажлыг хэрэгжүүлж эхэлнэ.
- Цахилгааны төвлөрсөн эх үүсвэрт 2 аймгийн төв, 40 гаруй сумын төвийг холбож, 80 гаруй сумын дизель станцыг шинэчилнэ.
-Сумын төвийн томоохон хэрэглэгчдийг сэргээгдэх эрчим хүчээр ээлж дараатай хангана.
-Хөдөөгийн малчин зуун мянган өрхийн нэн тэргүүний хэрэглээг нар, салхины эрчим хүчний эх үүсвэрээр хангах арга хэмжээ авна.
-Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, замын аж ахуйг шинэчлэн сайжруулах, үер уснаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
-Бүс нутгийн болон эх газрын тээврийн сүлжээнд Монголын төмөр замын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.
-Иргэний нисэхийн салбарт холбоо, навигацын шинэ техник, технологи нэвтрүүлсний үндсэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх агаарын зайн ашиглалтыг нэмэгдүүлнэ.
-Иргэний нисэхийн зорчигч тээврийн онгоцны паркийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлнэ.
-Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх тогтолцоог олон улсын жишгийн дагуу боловсронгуй болгож шинэчилнэ.
-Олон улсын автотээврийн харилцааг өргөтгөн хөгжүүлнэ.
-Авто замын сүлжээний гол замуудын дагуух Булганы Эгийн гол, Завханы Тэс, Буянт, Сэлэнгийн Зүүнбүрэнгийн төмөр бетон гүүрүүдийг барьж ашиглалтад оруулж, Хэнтийн Хөмүүлт, Завханы Сархайрханы төмөр бетон гүүрийн барилгын ажлыг эхлүүлнэ.
-Бүх аймгийн төвийг мэдээлэл холбооны олон улсын болон дотоодын сүлжээнд холбогдох техникийн нөхцөлөөр хангаж, хот хоорондын холбооны автоматжуулалтын түвшинг 85 хувьд хүргэж, телефон хэрэглэгчдийн тоог 20 хувиар нэмэгдүүлнэ.
-Радио телевизийн студийн болон техникийн дамжуулах сүлжээг үндсэнд нь тоон технологиор өргөтгөн шинэчлэж, бүх аймгийн төвийг хэт богино долгионы FM-радио студитэй болгоно.
- Хөдөө орон нутагт хүргэх радио, телевизийн нэвтрүүлгийн сувгийн тоо болон цагийг нэмэгдүүлж, сонсголын чанарыг сайжруулна.
-Шуудан холбооны үндсэн үйлчилгээний чанарыг сайжруулж шинэ үйлчилгээний төрлүүдийг нэвтрүүлж, багуудад хэвлэл, шуудан хүргэх үйлчилгээг сайжруулна.
-Хөдөлгөөнт холбооны хамрах хүрээг өргөтгөнө. Мэдээллийн технологи, Интернетийг эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх хэрэгсэл болгон хөгжүүлнэ.
- Далай ашиглах тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх, далайн баялгийг ашиглах талаар чармайлт тавина.
-Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхэлнэ.
-Нүүрсний уурхайнуудын техник технологийн шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хөдөө орон нутгийн нүүрсний хангамжийг сайжруулах арга хэмжээ авна.
Баруун бүсэд:
-Дөргөн, Улаанбоом, Үенчийн усан цахилгаан станцыг барих, баруун бүсийн эрчим хүчний системийг дотоодын эх үүсвэртэй болгох арга хэмжээ авна.
-Ховд, Өлгийн нисэх буудлыг шинэчлэн тохижуулна.
-Ховд-Улаангом-Хандгайт, Өлгий-Цагааннуурын авто замыг үргэлжүүлэн барьж, Арвайхээр-Баянхонгорын авто замыг Говь-Алтай-Ховд-Увс-Баян-өлгийн авто замтай холбох ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Цэцэрлэг-Тосонцэнгэл-Улиастай, Ховдын Булган-Ярантын авто замыг барьж эхэлнэ.
-Баянхонгор, Говь-алтай, Ховд, Баян-өлгий, Увс, Завхан аймгуудын төвд сансрын холбооны ВиСАТ станцыг суурилуулах арга хэмжээ авна.
-Бүсийн радио релейн шугам, Завхан, Увс аймгийн төвийг холбосон дамжуулах байгууламжийг тоон технологид шилжүүлнэ.
Хангайн бүсэд:
-Чаргайтын УЦС-ыг барьж, Эгийн голын усан цахилгаан станцыг барих эх үүсвэрийг идэвхийлэн эрэлхийлнэ. Баянтээгийн нүүрсний ордыг түшиглүүлэн дулааны цахилгаан станц барьж, Баянхонгор аймгийн төвийг эрчим хүчний төвлөрсөн эх үүсвэрт холбоно.
-Эрдэнэт-Булган-Мөрөнгийн чиглэлийн авто замыг барьж эхэлнэ. Хархорин-Цэцэрлэгийн авто замыг ашиглалтад оруулна.
-Архангай, Хөвсгөл аймгийн төвд АТС, кабель шугамын өргөтгөл, шинэтгэлийг хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
Төвийн бүсэд:
-Даланзадгадын дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулна.
-Дархан-Эрдэнэт, Налайх-Мааньт-Чойрын хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулна. Чойр-Сайншанд-Замын-Үүдийн авто замыг барьж эхэлнэ.
-Төв, Сэлэнгэ аймгийн сумдыг нэг цэгээс олон цэгт радио холбооны системээр холбоожуулах арга хэмжээ авна.
-Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн төвд сансрын холбооны ВиСАТ станцыг суурилуулах арга хэмжээ авна.
Зүүн бүсэд:
-Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийг дуусган бүсийн хэрэглэгчдийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж, хамрах хүрээг нь өргөтгөнө.
-Эрдэнэ сум-Багануур-Өндөрхаан-Чойбалсангийн авто замыг үргэлжлүүлэн барина.
-Чойбалсан, Баруун-уртын нисэх буудлыг шинэчлэн тохижуулна.
-Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн төвийг холбосон шилэн кабелийн сүлжээ байгуулж, ойролцоох сум, суурин газрын холбооны тоног төхөөрөмжийг тоон технологиор өргөтгөн шинэчлэнэ.
Нийслэлд:
-Улаанбаатар хотын цахилгаан, дулаан, усан хангамжийн системд шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар хэрэглэгчдийг найдвартай хангана. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн хэрэгжүүлж эхэлнэ.
-Орон сууц барих сан бүрдүүлж иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхийн хамт нийслэлд төрийн албан хаагчид, залуучуудад зориулсан 1000 айлын орон сууцны цогцолбор барина.
-Хотын замын сангийн хөрөнгөөр авто зам, гүүрийн шинэчлэлт, засварын ажил хийхээс гадна орон сууцны хорооллын доторх авто замыг иж бүрнээр засаж сайжруулах ажлыг гүйцэтгэнэ.
-Улс хоорондын станцыг өргөтгөнө.
-Гэр хорооллыг нэгдсэн бодлого схемийн дагуу хөгжүүлж, усан хангамж, холбоо, тээвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулна. Газар эзэмших эрхийг баталгаажуулан тогтвор суурьшилтай байх нөхцөлийг хангаж, туслах аж ахуй эрхлэх боломж бүрдүүлнэ.
Дөрөв. БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО
Байгалийн баялгийг түүний даац, чадавхитай нь нийцүүлэн зохистой ашиглах, нөхөн сэргээх замаар экологийн баримжаатай эдийн засгийн хөгжлийг хангах, орон нутгийнхаа байгалийн баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон иргэний эрх, үүргийг тодорхой болгож, байгаль орчныг ард иргэд өөрсдөө хамгаалах механизмыг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ. Энэ зорилтын хүрээнд:
-Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн байгаль орчны урт хугацааны бодлого, хөтөлбөрийг бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиглэлтэй уялдуулан үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
-Байгаль орчны бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхэд яам, нутгийн захиргаад, төрийн бус байгууллага, иргэдийн үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
-Байгаль орчинд халгүй дэвшилтэд технологи нэвтрүүлэх, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хөхүүлэн дэмжинэ.
-Байгаль орчин, түүний гол нөөц, баялгийн экологи-эдийн засгийн болон хомсдлын өртгийн үнэлгээ, үзүүлэлтийг тогтоож, байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн стандартыг батлан мөрдүүлнэ.
-Байгалийн нөөц баялаг ашигласны болон байгаль орчныг бохирдуулсны төлбөр, хураамжийг шинэчлэн тогтоож байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бий болгоно.
-Ойн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлнэ. Ойн тухай үндэсний хөтөлбөрүүдийн эхний үе шатны зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
-Ашигт малтмалын ордыг байгальд халгүй технологиор ашиглах эрх зүй, хяналт, урамшууллын тогтолцоог бий болгоно.
-Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөн, хамгаалалтын удирдлагыг сайжруулна. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн иргэдийн амьдрал, ахуйн нөхцөлийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ.
-Ховор, нэн ховор амьтан, ургамалыг өсгөн үржүүлэх арга хэмжээ авна
-Байгаль орчны хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ажлын үр дүнг сайжруулна. Ус, цаг уур, орчны болон бохирдол, цацрагийн хяналт-шинжилгээний тогтолцоо, техник, технологийг шинэчилнэ.
-Байгаль орчны мэдээллийн сангийн болон статистик мэдээллийн тогтолцоог олон улсын жишигт хүргэнэ.
- Иргэдийн газар эзэмших, ашиглах эрхийг өргөтгөж, хэрэгжих нөхцөлийг баталгаажуулснаар эзэмшигчид газрын үржил шимийг удаан хугацаанд тогтвортой хүртэх эрх зүйн үндсийг боловсронгуй болгоно.
-Газрыг аж ахуйн эргэлтэд оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах чиглэлээр иргэд, байгууллагуудад удаан хугацаагаар баталгаатай эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, тэдгээрийн тогтвортой үйл ажиллагааг хангахаар газрыг урт хугацаагаар түрээслүүлэх хөшүүргийг боловсронгуй болгож хэрэгжүүлнэ.
-Монгол Улсын нутаг дэвсгэр дэх цөлжилтийн явцын судалгааг олон улсын байгууллага, төслийн хүрээнд гүнзгийрүүлэн судалж цөлжилт, хөрсний эвдрэлтэй тэмцэнэ.
-Газрын хөрсийг эвдрэлээс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Ургац нэмэгдүүлэх, хүн хүч хүрэх боломжгүй газар гарсан ой, хээрийн түймрийг унтраах зорилгоор тундас нэмэгдүүлэх, таримал ургамлыг мөндрөөс хамгаалах арга хэмжээ авна.
-Байгаль орчинд халгүй арга, технологоор бэлчээр, ойн хортон, хөнөөлт шавьж, мэрэгчидтэй тэмцэх, бэлчээрийн хорт ургамлын тархалтыг багасгах ажлыг эрчимжүүлж, үлийн цагаан огтонотой тэмцэх талбайг 2000 оныхоос 1,5 дахин нэмэгдүүлнэ.
-Улаанбаатар хотын хог хаягдлыг ялгах, тээвэрлэх, зайлуулах, байгаль орчинд халгүйгээр боловсруулах үйлдвэр байгуулж ашиглалтад оруулах асуудлыг цогцолбороор шийдвэрлэнэ. Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг томоохон суурин газрын хог хаягдлыг ялгах, тээвэрлэх, зайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах ажлын эхний ээлжийн бэлтгэлийг хангана.
-Улаанбаатар хотын орчны бохирдлыг бууруулах зорилгоор айл өрхийг бүрэн шаталттай, түлш бага хэрэглэдэг зуухаар дэс дараатай хангах ажлыг зохион байгуулна.
-Байгаль орчны хоёр талын болон олон талын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Экологийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гадаад орон, олон улсын байгууллагын тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна
Тав. БАТЛАН ХАМГААЛАХ, ГАДААД БОДЛОГО
1.Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоо, цэргийн шинэчлэлийн бодлогыг Төрийн цэргийн бодлогын үндсийн дагуу тууштай хэрэгжүүлж, энэ салбарт сүүлийн жилүүдэд гарсан гажуудал, бэрхшээлийг арилгах арга хэмжээ авна. Энэ зорилтын хүрээнд:
-Батлан хамгаалах тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж, зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагаанд иргэний хяналт тавих арга, хэлбэрийг тусган мөрдүүлнэ.
-Зэвсэгт хүчин, хилийн цэргийн зэвсэглэл, техникийн шинэчлэлийн тэргүүлэх чиглэлийг тогтоож эхний шатыг хэрэгжүүлнэ.
-Цэргийн байгуулалтыг боловсронгуй болгож, шинэчлэлийг гүнзгийрүүлж, цэргийн чадавхийг дээшлүүлнэ.
-Сайн дурын үндсэн дээр цэргийн албыг гэрээгээр хаах нөхцөлийг сайжруулж нэмэгдүүлэх замаар мэргэжлийн анги салбарын бие бүрэлдэхүүний мэргэшлийн түвшинг дээшлүүлнэ.
-Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлийн агуулгыг өнөөгийн зорилт, шаардлагатай нийцүүлэн өөрчилж боловсронгуй болгохын зэрэгцээгээр үндсэн үүргээсээ гадна байгалийн гамшиг, үйлдвэрийн ослын хор уршгийг арилгах, иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр сургаж дадлагажуулна.
-Цэргийн дүйцүүлэх алба хаагчдыг байгалийн гамшиг, үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх үйл ажиллагааны тодорхой чиглэлээр сургаж дадлагажуулна.
-Зэвсэгт хүчний алба хаагчдыг НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах бэлтгэлийг хангуулан хэрэгжүүлж эхэлнэ.
2. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт бие даасан байдлыг хамгаалах, иргэдийн амгалан тайван амьдрах орчныг бүрдүүлнэ. Энэ зорилтын хүрээнд:
-Монгол Улсын төрөөс хилийн талаар баримтлах бодлого, хилийн тухай хууль тогтоомж болон нэгдэн орсон олон улсын гэрээнийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, эрх зүйн зохицуулалтыг оновчтой болгоно. Хилийн цэргийн бие даасан тогтолцоог бий болгоно.
-Монгол Улсын хил дамнасан хулгайг таслан зогсоох чиглэлээр ажиллаж, ялангуяа Увс, Завхан, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт хилийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, хилийн халдашгүй дархан байдлыг хангана.
-Хилийн цэргийн холбоо, техник хангамж, уналгыг үе шаттайгаар сайжруулна.
-Улсын хилийн хамгаалалтад орон нутгийн байгууллага, иргэдийг өргөнөөр татан оролцуулах тогтолцоог боловсронгуй болгоно.
-ОХУ, БНХАУ-тай байгуулсан хилийн дэглэмийн болон боомт, гарцын талаархи гэрээ хэлэлцээрийг боловсронгуй болгож шинэчлэх арга хэмжээ авна.
-Орон нутагт ажиллаж байгаа офицер, ахлагч нарын тогтвортой ажиллах сонирхлыг бий болгох арга хөшүүргийг бүрдүүлнэ.
- Офицер, ахлагч нарын ахуй хангамж, нийгмийн баталгааг сайжруулан тэдэнд энгийн мэргэжил давхар эзэмшихэд нь тусална. Хил дээр алба хааж байгаа офицер, ахлагч нарын гэр бүлийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлнэ.
-Бүс нутагт аюулгүй байдал, цэргийн итгэлцлэлийг бэхжүүлэх олон талт арга хэмжээнд идэвхтэй оролцож, цэргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
-Байгалийн гамшиг, үйлдвэрийн томоохон ослын хор уршгийг арилгахад зориулсан хөрөнгө бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
-Үндэсний аюулгүй байдлын улс төр, эдийн засаг, соёл иргэншил, экологийн бүх талыг хангах, тэдгээрт сөрөг нөлөөлж болох гадаад дотоод хүчин зүйлсийг сэрэмжлэн зайлуулна.
-Иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж, иргэд цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
-Гадаадад ажиллаж байгаа өөрийн орны иргэд болон Монгол Улсад аж төрж байгаа гадаадын иргэдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
3. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхойлсон зарчим, чиглэлийг улс орны болон дэлхий дахины шинэ нөхцөл байдалтай уялдуулан тууштай хэрэгжүүлж, үндэсний язгуур эрх ашиг, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг идэвхтэй явуулна. Гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг эрхэмлэж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр суурийг бэхжүүлэх үйл ажиллагааг тууштай үргэлжлүүлнэ. Энэ зорилтын хүрээнд:
Хөрш орнуудтай харилцах талаар:
-Хөрш орнуудтай тогтоосон сайн хөршийн найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг уламжлал, итгэлцэлд тулгуурлан өргөтгөн хөгжүүлнэ.
-ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээний заалт, үзэл санааны дагуу бүх салбар, чиглэлээр өргөтгөн хөгжүүлж, хуримтлагдсан асуудлуудыг зохистойгоор шийдвэрлэнэ.
-БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ болон 1998 оны хамтарсан мэдэгдлийн заалт, үзэл санааны дагуу тогтвортой хөгжүүлнэ.
-Хөрш орнуудын хил орчмын тулгамдсан асуудлуудыг зохицуулах болон эдийн засгийн хамтын ажиллагааны боломж, чадавхийг илүү ашиглах, үр өгөөжийг дээшлүүлэх, соёл, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлнэ.
Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцах талаар:
-Ази-Номхон далайн бүс нутагт гадаад бодлогын идэвхтэй үйл ажиллагаа явуулж, тус бүс нутгийн орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.
-Монгол Улсын ардчилал, зах зээлийн тогтолцоог бэхжүүлэх, гадаад харилцааг өргөтгөхөд АНУ-тай тогтоосон харилцаа чухал ач холбогдолтой гэж үзэж, харилцаа хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх чиглэлээр ажиллана.
-Японтой тогтоосон иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид бататгаж өргөтгөн хөгжүүлнэ.
-Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс зэрэг Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
-АСЕАН-ы гишүүн орнууд, Австрали, Шинэ Зеланд, Канадтай тогтоосон улс төрийн харилцааны түвшинг ахиулж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөн бэхжүүлнэ.
-Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг Төв Азийн орнуудтай түүх, соёлын уламжлалыг эрхэмлэн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
-Латин Америкийн орнуудтай олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ, тус бүсийн нөлөө бүхий улс орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоох чиглэлээр ажиллана.
-Ази-Номхон далайн бүс нутаг, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар хоёр талын шугамаар санал солилцох, яриа хэлэлцээ идэвхтэй хийх ажлыг тогтмолжуулна.
Европын орнуудтай харилцах талаар:
-Монгол Улсад ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэх зорилтыг хангахад Европын орнуудтай тогтоосон харилцаа чухал ач холбогдолтой гэж үзэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
-Европын Холбоотой түншийн харилцаагаа бэхжүүлэн түүний гишүүн орнууд, тухайлбал ХБНГУ, Их Британи, Франц, Италитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлнэ.
-Европын бусад оронтой харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Ойрхи Дорнод, Африкийн орнуудтай харилцах талаар:
-Монгол Улсын нээлттэй гадаад бодлогын хүрээнд Ойрхи Дорнод, Африкийн орнуудтай харилцаагаа өргөтгөж, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
НҮБ, олон улсын бусад байгууллагатай харилцах талаар:
-НҮБ, түүний системийн болон олон улсын бусад байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тэдгээрийн хүч, боломжийг улс орны аюулгүй байдлыг хангах, нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй ашиглахыг чармайн ажиллана.
-Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол, цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэн цөмийн зэвсэггүй статусаа олон улсын хэмжээнд хуульчлан баталгаажуулна.
-Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, 77-гийн бүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хөгжиж буй орнуудын нийтлэг зорилго болон өөрийн орны үндэсний эрх ашигт нийцсэн асуудлуудаар хамтран ажиллаж, Умард-Өмнөдийн хоорондын яриа хэлэлцээг урагшлуулж, тохиролцоонд хүрэхэд тус дөхөм үзүүлнэ.
-Олон улсын байгууллагын өмнө болон олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлнэ.
-Хүний эрх, байгаль орчныг хамгаалах, нийгмийн эмзэг бүлгийнхний байдлыг сайжруулах, үндэстэн дамнасан асуудлууд, тухайлбал зохион байгуулалттай гэмт хэрэг, алан хядах үйл ажиллагаа, мансууруулах бодистой тэмцэхэд чиглэсэн олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэх боломжийг судалж, энэ чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана.
Олон талт үйл явцад оролцох талаар:
-Ази-Номхон далайн бүс нутаг, Зүүн хойд Ази, Төв Азийн аюулгүй байдлын асуудлаарх олон талт үйл явц, яриа хэлэлцээ, бүс нутгийн эдийн засаг, улс төрийн интеграцид үр ашигтай оролцох оновчтой хэлбэрийг сонгож ажиллана.
-АСЕАН-ы Бүсийн чуулга /АРФ/-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, АПЕК, Ази-Европын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт яриа хэлэлцээнд оролцоно.
Гадаад эдийн засгийн харилцааг дэмжих чиглэлээр:
-Монгол Улсын гадаад улс төр, эдийн засгийн бодлогын нэгдмэл байдлыг хангаж, гадаад эдийн засгийн харилцааг улс орныхоо нийгэм, эдийн засгийн тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд чиглүүлэх бодлого баримтална.
-Хандивлагч орнуудтай нягт хамтран ажиллаж, гадаад худалдааны тааламжтай нөхцөлийг хангах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх таатай орчин бүрдүүлнэ. Энэхүү зорилгын үүднээс холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоно.
Монгол Улсын иргэдийн эрх ашгийг гадаад орнуудад хамгаалах чиглэлээр:
-Монгол Улсын иргэд гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хилийн чанадад суралцах, хөдөлмөр эрхлэх нөхцөлд хууль эрхзүйн аль болох таатай орчин бүрдүүлэхийг чухалчилж, консулын үйлчилгээг олон улсын жишигт хүргэнэ.
Соёл, хүмүүнлэгийн харилцааны чиглэлээр:
-Гадаад орнуудтай хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэхдээ иргэд, төрийн бус байгууллагууд, орон нутгийн захиргаатай нягт хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих асуудлыг анхаарна.
-Боловсрол, соёл, урлаг, спорт, мэдээллийн олон улсын байгууллага, сангуудтай идэвхтэй харилцаж, шаардлагатай гэрээнд нэгдэн орж, хүмүүнлэгийн олон улсын арга хэмжээнд Монгол Улсын оролцоог идэвхжүүлнэ.
-Монголын үндэсний соёлыг сурталчлах замаар Монгол Улсыг сонирхогч, талархагчдын эгнээг өргөтгөх чиглэлээр ажиллана.
-Хилийн чанад дахь монгол гаралтай хүмүүстэй харилцаа, холбоогоо өргөтгөж, хүч, бололцоог нь ашиглах, дэмжих бодлого явуулна.
Зургаа. ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛЫГ АРИЛГАХ,
ДЭГ ЖУРМЫГ БЭХЖҮҮЛЭХ БОДЛОГО
1.Төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, ард түмэндээ үр нөлөөтэй, шуурхай үйлчилж, тэдний үндсэн хэрэгцээг хангах, шудрага ёсыг хэвшүүлэх, сайн засаглалыг бүрдүүлэхийг зорино. Энэ зорилтын хүрээнд:
-Засгийн газар, яам, агентлаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, тэдгээрийн үйл ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлнэ.
-Засгийн газрын болон төрийн захиргааны бүх шатны байгууллагын эрх, үүргийн хуваарилалт, зорилт, чиг үүрэг, үйл ажиллагааны хэтийн төлөв, бүтцийг оновчтой болгож, ажил үүргийн давхардал, хүн амд үзүүлэх төрийн үйлчилгээний хийдэгдлийг арилгана.
-Төрийн захиргаа, төрийн албаны шинэтгэлийг гүнзгийрүүлж, төрийн албаны ажилтны мэдлэг чадварыг ахиулж, төрийн байгууллагын чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
-Төрийн захиргааны байгууллагаас татвар, санхүү, нийгмийн даатгал, иргэний бүртгэл, эрүүл ахуй, газар эзэмших зөвшөөрөл олгох зэрэг хүн амд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, шуурхай байдлыг хангана.
-Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгон шинэ тогтолцоонд орж, төрийн албыг оновчтой, зардал багатай ажиллах зохион байгуулалтанд шилжинэ.
-Хуулийн дагуу олгодог зөвшөөрлүүдийн давхардлыг арилгаж, холбогдох хууль тогтоомжийг батлан мөрдүүлэх замаар олгох зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн тоог багасгах арга хэмжээ авна. Хууль бусаар зөвшөөрөл олгохыг зогсооно.
-Хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгож, энэ чиглэлээр төрийн бус байгууллагын оролцоог өргөжүүлж, албан бус сургалтыг дэмжинэ. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний эрх зүйн үндсийг тогтоож, орчин үеийн технологийн үндсэн дээр найдвартай шуурхай байдлыг нь хангах арга хэмжээ авна. Төрийн байгууллагуудын хооронд солилцох мэдээллийн стандартыг тогтоож мөрдүүлнэ.
-Гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг боловсронгуй болгож мэдээллийн сүлжээ байгуулна.
-Иргэд өөрийн сонгосон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүнээс байгуулсан гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих бололцоог өргөжүүлнэ.
-Төрийн бус байгууллагыг дэмжиж, төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд болон ялангуяа нийгмийн салбарт оролцоог нь өргөжүүлнэ.
- Засаг даргын дэргэдэх зарим газар, хэлтэс, агентлагын орон нутаг дахь салбарыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж Засаг даргад харъяалуулна.
-Засгийн газар, үйлдвэрчний байгууллага, ажил олгогчдын нэгдсэн холбооны гурван талт түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулах үндсэн дээр төрийн зарим ажил, үйлчилгээг тэднээр гүйцэтгүүлэх арга хэмжээ авна.
-Хараа хяналтгүй хүүхэд, гэр оронгүй хүмүүс, архаг архичдын талаар тусгай бодлого боловсруулж, тэднийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулна.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлж, цагдаагийн эргүүл, зохицуулалтын үйл ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгон уналга, техник хэрэгслэлийг шинэчилнэ.
-Хот, суурин газрын цагдаагийн эргүүл, жижүүрийн хүртээмж, шуурхай байдлыг сайжруулж иргэдийн амгалан тайван, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлж иргэд-цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
2. Төрийн албаны хариуцлагын тогтолцоог сайжруулан, нэр хүндийг өргөж, чадваржуулна.
-Төрийн ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх хэрэгцээг тодорхойлж, уг хэрэгцээг хангах санхүүжилтийн эх үүсвэр шаардахгүй сургалтын шинэ хэлбэрийг нэвтрүүлэхийн зэрэгцээ тэднийг дотоод, гадаадын дипломын дараахь сургалтад тодорхой бодлого, чиглэлтэйгээр хамруулж, төрийн албан хаагчдын мэргэшил, ур чадварыг дээшлүүлнэ.
-Улс төрийн бүх албан тушаалтан болон төр, засгийн өндөр албан тушаалд ажиллах хүмүүсийн өмч, орлогын бүртгэлийг сайжруулж, авилгалтай тэмцэх гэрээтэй ажиллуулна.
-Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, мэргэжлийн төрийн албан хаагчийн эрх ашгийг улс төрийн дарамт шахалтаас хамгаалах үр ашигтай механизм бүрдүүлж, бүх шатны төрийн ажилтны ажлын байрны тодорхойлолт, ажлын чиг үүргийг нарийвчлан тогтоож дүгнэх, урамшуулах, хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлнэ.
-Төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, төрийн албан хаагчийн ёс зүйн байдалд тавих хяналтыг чангатган үр нөлөөг нь дээшлүүлж, төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн тайланд хөндлөнгийн хяналт хийж баталгаажуулдаг журмыг хэвшүүлнэ.
-Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагаас иргэд, хэрэглэгчдийг дарамтлах, монополь байдлаа буруугаар ашиглах аливаа илрэлтэй тэмцэх, энэ зорилгоор төрийн байгууллагаас иргэдийн тавьсан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, хяналт тавих нийтийн гэрээний журамтай болгоно.
3.Эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж, хуулийн хэрэгжилтийг сайжруулна.
-Хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөөг судалж, хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх тогтолцоог бий болгоно.
-Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг боловсронгуй болгоно.
-Монгол Улсын хууль тогтоомжийг 2004 он хүртэл шинэчлэх үндсэн чиглэлийг боловсруулан Улсын Их Хуралд оруулж батлуулна.
-Хүний эрхийн үндэсний байгууллага бий болгож, хүний эрхийн чиглэлээр нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид Монгол Улсын хууль тогтоомжийг нийцүүлэх арга хэмжээ авна.
-Хууль, эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлыг хангана.
-Архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтын найдвартай байх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн албан хэрэг хөтлөлтийг эмх цэгцтэй, боловсронгуй болгох арга хэмжээ авна.
-Оюуны өмчийн зохицуулалтыг дэлхийн жишигт нийцүүлэх ажлыг эрчимжүүлж, оюуны өмчийн холбогдолтой хууль тогтоомжийг олон улсын гэрээ хэлэлцээрт нийцүүлнэ. Yндэсний болон уламжлалт оюуны бүтээл, технологийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
-Төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, уялдаа холбоо, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааны ил тод байдлыг хангана.
4. Авилгал, хээл хахууль, гэмт хэрэгтэй шийдвэртэй тэмцэж, тэдгээрийн бий болох хөрсийг арилгах зорилтыг хэрэгжүүлнэ.
-Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
-Зэвсэгт дээрэм, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, борлуулах, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэн гүйлгээнд оруулах зэрэг шинэ төрлийн онц ноцтой гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулна.
-Орлогын татвар, гаалийн үнэлгээ, татвар ногдуулалт, лиценз, зөвшөөрөл олгох зэргээр төрийн үйлчилгээ үзүүлсний төлөө шан харамж авах явдлыг таслан зогсооно.
-Хувьчлал, гааль, татвар, банк, мөрдөн байцаах үйл ажиллагаатай холбоотой бүдгэрч байгаа хэргүүдийг шалган тогтоож, үр дүнг иргэдэд ил тод мэдээлж байна.
-Шүүгчдийн сахилга, ёс зүйн байдалд олон нийтээс тавих хяналтын тогтолцоо бий болгож, шүүгчийг эгүүлэн татах, огцруулах, тэдэнд хариуцлага хүлээлгэх механизмыг төлөвшүүлнэ.
-Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
________оОо________
Текст томруулах
A
A
A