A

A

A

Бүлэг: 1979
Улсын Их Хурлын 2001 оны 61 дүгээр тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны зохион байгуулалт, үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон энэ дэгээр зохицуулна.
Нэг. Нийтлэг  үндэслэл
1.1. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ажиллагаа нь хууль дээдлэх, асуудлыг чөлөөтэй хэлэлцэх, цөөнхийн санаа бодлыг хүндэтгэж олонхийн саналаар шийдвэрлэх зарчимд үндэслэнэ.
1.2. Улсын Их Хурлын  гишүүн чуулганы хуралдаан эхлэхээс өмнө суудлаа эзэлсэн байна.                           
1.3. Улсын Их Хурлын гишүүн чуулганы хуралдаанд оролцохдоо хуралдааны дэгийг сахих үүрэгтэй бөгөөд үг хэлэхдээ дараахь журмыг баримтална:
1.3.1. хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авах;
1.3.2. чуулганы хуралдаанд Улсын Их Хурлын  гишүүний үг хэлэх хугацаа 5 минутаас илүүгүй байх;
1.3.3. үг хэлэх хугацааг бусдад шилжүүлэхгүй байх;
1.3.4. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан даргалагч онцгой тохиолдолд гишүүдийн үг хэлэх хугацааг нэгтгэн, нэг нам, эвслийн  бүлгийг төлөөлөн нэг гишүүнд 30 хүртэл минут ярих эрх олгож болно. Энэ тохиолдолд нам, эвслийн бүлэг үг хэлэх саналаа хуралдаан даргалагчид урьдчилан өгнө.
1.3.5.үг хэлэх, тайлбар хийхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх,  бусдыг үг хэлж байхад яриаг таслах, өмнөөс нь үг хэлэх, санал өгөх, доромжлох, нэр төрийг нь гутаах, басамжлах, хувийн шинж чанартай үндэслэл гаргах, өөрийн саналыг  дэмжүүлэх, эсхүл бусдын саналыг няцаах зорилгоор тэднийг албадах, шахалт үзүүлэхийг хориглоно./Энэ заалтыг 2004 оны 29 дүгээр тогтоолоор нэмсэн./
1.4. Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцож байгаа хүмүүс хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр үг хэлж болно.
1.5.  Улсын Их Хурал хаалттай  хуралдаанаар асуудлыг хэлэлцэхэд дараахь журмыг баримтална:
1.5.1. улсын нууцын жагсаалтад хамаарах асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ. Уг жагсаалтад ороогүй асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно;
1.5.2.  хаалттай  хуралдаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга /цаашид "Ерөнхий нарийн бичгийн дарга" гэх/, нарийн бичгийн дарга, Тамгын газрын нууцын асуудал хариуцсан ажилтан, тухайн асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн гишүүдээс бусад хүн байлцах асуудлыг  Улсын Их Хурлын даргын баталсан журмын дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга зохицуулна. Хаалттай хуралдаанд оролцох хүмүүсийн нэрсийг урьдчилан гаргасан байх бөгөөд шаардлагатай  бол тэднээр хэлэлцэх асуудлын нууц задруулахгүй байх баталгаа гаргуулна;
1.5.3.  хаалттай хуралдаанд албан ёсоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд бичлэг хийх, дуу хураагч, гар утас авч орох, утсаар ярихыг  хориглоно;
1.5.4. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас бусад Улсын Их Хурлын чуулганд зөвлөх эрхтэй оролцож болох албан тушаалтныг хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар хаалттай хуралдаанд байлцуулна;
1.5.5. хаалттай хуралдааны талаар зөвхөн  нууцын дэвтэрт  тэмдэглэл хийнэ.
1.6.Улсын Их Хурлын өглөөний нэгдсэн хуралдаан 9.00 цагаас, үдээс хойшхи нэгдсэн хуралдаан 15.00 цагаас эхэлнэ.
1.7. Улсын Их Хурлын  өглөөний нэгдсэн хуралдааныг 2 цаг тутам 20 минутын, оройн нэгдсэн хуралдааныг 1 цаг 30 минут тутам 10 минутын завсарлагатай хийнэ.
1.8.Улсын Их Хурал долоо хоног бүрийн Баасан гаригийн 15.00 цагаас Засгийн газрын мэдээлэл,  Засгийн газарт тавьсан асуулгын хариуг  сонсоно.
1.9. Тодорхой асуудал хэлэлцэх явцад шаардлагатай бол Улсын Их Хурлын дарга, Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн саналаар хуралдааныг түр завсарлуулах буюу хугацааг нь сунгаж болно. Харин түр завсарлах хугацаа нэг цагаас илүүгүй байна. 
1.10. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлыг эрс эсэргүүцсэн Улсын Их Хурлын гишүүн, нам, эвслийн бүлэг тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй гэдгээ уг асуудлыг хэлэлцэж эхлэхээс өмнө хуралдаан даргалагчид албан ёсоор мэдэгдэж болно.Энэ тохиолдолд нам, эвслийн бүлэг, Улсын Их Хурлын гишүүн хуралдаанд оролцохгүй тухай шалтгаан, хугацаагаа мэдэгдэж, хуралдаан даргалагчид бичгээр өгнө. Ийнхүү чуулганы хуралдаанд оролцоогүй нь хуралдааны хүчин төгөлдөр байхад нөлөөлөхөөр бол дэгийн дагуу хуралдаанд оролцохыг шаардах, эсхүл хуралдаан завсарлах эсэхийг хуралдаан даргалагч шийдвэрлэнэ. Хуралдаан  завсарласан хугацаанд нам, эвслийн бүлгийн ахлагч нар уг асуудлаар зөвшилцөнө. Ийнхүү авсан хуралдааны завсарлагаа нь нэг цагаас илүүгүй байна. Зөвшилцөлд хүрч чадаагүй бол хуралдаанд оролцохгүй байх хугацаа дуусмагц тухайн гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаандаа ирэх үүрэгтэй.  Хэрэв хуралдаанд ирэхгүй бол  Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд оролцохыг шаардсан захирамж гаргах бөгөөд  дээрх шалтгаанаар нэгдсэн хуралдаанд оролцохгүй байгаа Улсын Их Хурлын гишүүнийг хуралдаан  тасалсанд тооцно. Зөвшилцөж чадаагүй асуудлыг  нэгдсэн хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар шийдвэрлэнэ.
1.11. Хуралдаан даргалагч дараахь эрх, үүрэгтэй:
1.11.1. хуралдааны дэгийн биелэлтэд хяналт тавьж, гишүүнээс түүнийг биелүүлэхийг шаардах;
1.11.2. илтгэл сонсох, санал  дүгнэлт гаргах, санал хураах цагийг тогтоох;
1.11.3. саналаа ирүүлсэн дарааллыг баримтлан гишүүдэд үг хэлэх зөвшөөрөл олгох;
1.11.4. хуралдаанд  оролцсон  хүмүүст үг хэлэх  зөвшөөрөл олгох;
1.11.5. хэлэлцсэн асуудлаар санал хураалт явуулж, дүнг мэдээлж, эцсийн шийдвэрийг сонсгон батлуулах;
1.11.6. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг цаг тухайд нь гаргах ажлыг зохион байгуулах;
1.11.7. хуралдааны дэг, дотоод журам зөрчигчид Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйл, Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан  арга хэмжээ авах;
1.11.8. хэлэлцэж байгаа асуудлаар гишүүдийн гаргасан горимын саналыг сонсох, түүгээр санал хураалгах;
Горимын санал гэж хуралдаанаар тухайн асуудлыг хэрхэн хэлэлцэх талаар Улсын Их Хурлын гишүүнээс гаргасан саналыг ойлгоно. Горимын саналаар нэг удаа санал хураалгана.
1.11.9. чуулганы хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүдэд танхимаас гарах зөвшөөрөл олгох;
1.11.10. Улсын Их Хурал хуралдаан даргалагчид  бусад  эрх олгож болно.
1.12. Улсын Их Хурлын гишүүн  нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай хуралдаан эхлэхээс өмнө Улсын Их Хурлын  дарга, эсхүл Байнгын хорооны даргад мэдэгдсэн байвал зохино. Ийнхүү хуралдаанд оролцоогүй бол долоо хоногийн дотор Байнгын хорооны дарга буюу Улсын Их Хурлын  даргад бичгээр тайлбар өгнө. Тайлбар өгөөгүй бол хуралдаан тасалсанд тооцно.
1.13. Дараахь үндэслэлээр тухайн гишүүнийг хуралдаанд оролцох боломжгүй байсанд тооцно:
1.13.1. өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарч байсан;
1.13.2. Улсын Их Хурлын томилолтоор дотоод, гадаадад явж  ажилласан;
1.13.3. Байнгын хорооны хуралдаан давхардсан;
1.13.4. эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр чөлөөтэй байсан;
1.13.5. хуульд заасан бусад үндэслэл  байвал.
Хоёр.  Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг зохион байгуулах
2.1.  Монгол Улсын Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг нээж үг хэлнэ.
2.2. Улсын Их Хурлын сонгуулийн нэгдсэн дүн, Улсын Их Хурлын шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлаар Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хорооны дарга илтгэл тавина. Илтгэлтэй холбогдуулж  асуулт тавьж, хариулт авч болно.
2.3. Шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд тангараг өргөнө. Тангаргийн үгийг Улсын Их Хурлын насаар хамгийн ахмад гишүүн уншиж бусад гишүүд давтан хэлнэ. Улсын Их Хурлын  анхдугаар чуулганы хуралдаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны өдрийн чуулганы хуралдаанд тангараг өргөнө.
2.4. Тангараг өргөсний дараа Улсын Их Хурлын гишүүд цагаан толгойн үсгийн дарааллаар Төрийн сүлднээ мэхийн ёсолж, тангаргийн  хуудсанд гарын үсэг зурах ёслол үйлдэнэ.
2.5. Тангаргийн хуудсанд гарын үсэг зурах ёслол үйлдсэний дараа Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоол батална.
2.6. Шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийг тангараг өргөх ёслол үйлдэж дуустал Ерөнхийлөгч, харин Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл Улсын Их Хурлын насаар хамгийн ахмад гишүүн чуулганы хуралдааныг даргална.
2.7. Улсын Их Хурлын гишүүн нас барсан, хүсэлтээрээ гишүүний үүргээс чөлөөлөгдсөн, эсхүл Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татсан тохиолдолд түүний оронд нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг дээрх журмаар явуулна.
Гурав. Улсын Их Хурлын Байнгын болон дэд  хороо, бусад байгууллага байгуулах
3.1. Байнгын хорооны бүрэлдэхүүнд орох Улсын Их Хурлын гишүүн саналаа өөрийн харьяалах  нам, эвслийн бүлэгт танилцуулах бөгөөд бүлэг нь Байнгын хорооны бүрэлдэхүүний олонхи, цөөнхийн харьцаа Улсын Их Хуралд суудал авсан нам, эвслийн гишүүний тооны харьцаатай адил тэнцүү байх зарчмыг баримталж гишүүдээ хуваарилна. Нам, эвслийн  бүлэгт харьяалагдахгүй гишүүдийг тухайн гишүүний саналыг харгалзан Улсын Их Хурлын  дарга Байнгын хороонд хуваарилна. Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж  Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай тогтоол  батална.
3.2. Улсын Их Хурлын  бүрэн эрхийн хугацаанд Улсын Их Хурлын гишүүн Байнгын хорооны харьяаллаа өөрчлөх санал гаргавал  дээр заасан журмыг баримтална.
3.3 Тухайн Байнгын хороо гишүүдийнхээ дотроос Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх эрхтэй.  Ингэхдээ Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслийн бүлэг, хэрэв аль ч нам буюу эвсэл олонхийн суудал  аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвслийн бүлэг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд нэр дэвшигчийг холбогдох Байнгын хорооны дүгнэлтийг үндэслэн хүн тус бүрээр ил санал хураалт явуулна. Санал  хураалтад оролцсон гишүүдийн олонхийн саналаар тухайн  Байнгын хорооны даргаар сонгогдсонд тооцож, Улсын Их Хурлын тогтоол батална. Хэрэв нэр дэвшигч олонхийн санал  авч чадаагүй бол  дээрх журмаар сонгуулийг дахин явуулна.
3.4. Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах  Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэнэ. Улсын Их Хурал харьяалах  Байнгын хорооны дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоол  батална.
3.5. Улсын Их Хурлын гишүүн  Байнгын хорооны харьяаллаа өөрчлөх санал гаргасан үед нь дэд хорооны бүрэлдэхүүнээс гаргах асуудлыг хамтад нь шийдвэрлэнэ.
3.6. Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж ил санал хураалтаар сонгох бөгөөд санал хураалтад оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэд хорооны даргаар сонгох тухай холбогдох Байнгын хороо тогтоол гаргана. 
3.7. Бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын бусад байгууллагыг байгуулахад дээрх журмыг баримтална.
Дөрөв. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох чөлөөлөх, огцруулах
 
4.1. Улсын Их Хурлын дарга, дэд даргын сонгуулийг тус тусад нь, тэгэхдээ даргын сонгуулийг эхэлж явуулна.
4.2. Улсын Их Хурлын даргын сонгуульд нэр дэвшигчийн талаар ил санал хураалт явуулж, санал хураалтад оролцсон гишүүдийн олонхийн саналаар түүнийг Улсын Их Хурлын  даргаар сонгогдсонд тооцно. Хэрэв нэр дэвшигч  Улсын Их Хурлын  гишүүдийн олонхийн санал авч чадаагүй бол   дахин нэр дэвшүүлж  энэ журмын дагуу санал хураалт явуулна. Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурал тогтоол батална.
4.3. Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшигч тус бүрээр ил санал хураалт явуулж, санал хураалтад оролцсон гишүүдийн олонхийн саналаар түүнийг Улсын Их Хурлын  дэд даргаар сонгогдсонд тооцно. Хэрэв нэр дэвшигч  Улсын Их Хурлын  гишүүдийн олонхийн санал авч чадаагүй бол   дахин нэр дэвшүүлж  энэ журмын дагуу санал хураалт явуулна.Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонгох тухай Улсын Их Хурал тогтоол батална.          
4.4.  Улсын Их Хурлын дарга, дэд дарга биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад  шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлөхийг хүссэн өргөдлийг  харьяалах  нам, эвслийн бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж дүгнэлт гаргана. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд  өргөдөл гаргагчийн тайлбар, нам, эвслийн бүлгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг сонсоно. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг  ил санал хураалтаар шийдвэрлэж  Улсын Их Хурал тогтоол батална. Улсын Их Хурлын даргыг үүрэгт  ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурал дахь олонхийн бүлгээс сонгогдсон дэд дарга даргална.
4.5. Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг харьяалах нам, эвслийн бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж дүгнэлт гаргана. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, нам, эвслийн бүлгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг сонсоно. Энэ асуудлаар Улсын Их Хурлын гишүүд Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр санал дүгнэлт гаргаж болно. Улсын Их Хурлын даргыг огцруулах тухай асуудлыг ил санал хураалтаар шийдвэрлэж Улсын Их Хурал тогтоол батална. Улсын Их Хурлын даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурал дахь олонхийн бүлгээс сонгогдсон дэд дарга даргална.
Тав. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, чөлөөлөх
5.1. Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хорооны нэрийн өмнөөс түүний дарга Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар анхан шатны сонгуульд оролцсон  нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг санал хураалт дууссан өдрөөс хойш ЗО хоногийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
5.2.Сонгуулийн ерөнхий хорооны дүнг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалт хүчин төгөлдөр болсон, нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдоход харшлах шалтгаан байхгүй гэсэн асуудлаар дүгнэлт гаргана. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүнгийн тухай Сонгуулийн ерөнхий хорооны илтгэлийг сонсож,  энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан бол түүнийг сонсоно. Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг сонсоно. Илтгэл болон дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууна. Улсын Их Хурал анхан шатны сонгуулийн санал хураалт хүчин төгөлдөр болсон, нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдоход харшлах шалтгаан байхгүй гэсэн санал хураалт явуулж, дээрхи асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн олонхи нь зөвшөөрсөн санал өгснөөр нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль батална. 
Улсын Их Хурлын гишүүдийн олонхи нь зөвшөөрсөн санал өгөөгүй бол сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 50 хувь нь анхны санал хураалтад оролцоогүй,  хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал аваагүй,  санал хураалт хуулийн дагуу явагдаагүй гэсэн асуудлаар нэг бүрчлэн тодруулж санал хураана.  Санал хураалт бүрт Улсын Их Хурлын гишүүдийн олонхи нь зөвшөөрөөгүй /эсрэг/ санал өгсөн бол  нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль батална.
5.3. Ерөнхийлөгч биеийн эрүүл мэнд, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүйгээ  илэрхийлж, Улсын Их Хуралд хүсэлт гаргасан бол Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж дүгнэлт гаргана. Улсын Их Хурал түүнийг чөлөөлөх эсэхийг хянан хэлэлцэхдээ хүсэлт гаргагчийн тайлбар, Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлт,  эрүүл мэндийн хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлтийг сонсоно. Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай асуудлыг ил санал хураалт явуулж Улсын Их Хурлын гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хэрэв Ерөнхийлөгчийг чөлөөлөхийг гишүүдийн олонхи нь дэмжсэн бол энэ тухай Улсын Их Хурал хууль батална.
Зургаа. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг  томилох, Засгийн газрыг огцруулах, Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэхээ илэрхийлэх
6.1. Улсын Их Хурал дахь нам, эвсэл Улсын Их Хурлын  даргыг сонгосноос хойш 7 хоногийн дотор Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан журмаар нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилуулах тухай  саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл байдал үүссэн бусад тохиолдолд Ерөнхийлөгч шинэ Ерөнхий сайдыг томилуулах саналаа уг нөхцөл байдал үүссэнээс хойш 14 хоногт багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хурал 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.
6.2. Ерөнхий сайдын албан тушаалд нэг хүний нэр дэвшүүлнэ.
6.3. Нэр дэвшигчийг Ерөнхийлөгч танилцуулна. Нэр дэвшигчийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлт, хэрэв шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг сонсоно. Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчид асуулт тавьж,  хариулт авч болно. Нэр дэвшигчийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, дүгнэлт гаргасны дараа саналыг илээр хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ерөнхий сайдыг томилох тухай Улсын Их Хурал тогтоол батална.
6.4. Ерөнхий сайдад нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй бол 14 хоногийн дотор дахин өөр хүний нэр дэвшүүлэхийг Улсын Их Хурал дахь нам, эвсэл болон Ерөнхийлөгчид Улсын Их Хурал зөвлөнө. Дахин нэр дэвшүүлж,  томилох асуудлыг дээрх журмаар гүйцэтгэнэ.
6.5. Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлсэн хүн бүрийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороогоор урьдчилан хэлэлцүүлэх бөгөөд Байнгын хорооны дүгнэлт гарсны дараа Улсын Их Хурлын   нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
6.6. Улсын Их Хурал Засгийн газрын гишүүнд Ерөнхий сайдын нэр дэвшүүлсэн хүн бүрийг тусад нь  хэлэлцэнэ. Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж, хариулт авсны дараа санал, дүгнэлтээ гаргана.Нэр дэвшигчийг  Засгийн газрын гишүүнээр томилох талаар ил санал хураалтыг хүн бүрээр явуулна.Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал авсан хүнийг Засгийн газрын гишүүнээр томилогдсонд тооцож. Улсын Их Хурал тогтоол батална.
6.7. Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулах саналаа, мөн Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулахыг хүсч гарын үсэг зурсан саналаа Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлснээс хойш хорин дөрвөөс доошгүй цагийн дараа гэхдээ 15 хоногийн дотор Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Ийнхүү хэлэлцэхдээ Засгийн газрыг огцруулах болсон үндэслэл бүхий санал, Байнгын хороодын дүгнэлт, нам, эвслийн  бүлгийн саналыг сонсоно. Уг асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын санал, хэрэв Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн З, 4-т заасан үндэслэл байна гэж үзвэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг заавал сонсоно. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий   сайд, Засгийн газрын   гишүүн, эсхүл Засгийн газрыг огцруулахыг санаачлагч гишүүдэд асуулт тавьж, хариулт авна. Улсын Их Хурлын даргын саналаар асуулт, хариултыг тасалсны дараа санал, шүүмжлэл явуулна.
Санал, шүүмжлэл  тасалсны дараа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд үг хэлж болно.
6.8. Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг Улсын Их Хурлын  нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.  Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргана. Энэ асуудлаар Улсын Их Хурал тогтоол батална.
6.9. Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь огцрох тухайгаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурал уг асуудлыг энэ дэгийн 6.7, 6.8-д заасан журмаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Гэхдээ Ерөнхий сайдын саналыг  эхлэн сонсоно.
6.10. Үндсэн хуулийн дөчин дөрөвдүгээр зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхээ илэрхийлж өгөхийг хүсч Засгийн газар холбогдох тогтоолын төсөл Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол уг асуудлыг нам, эвслийн бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хороо урьдчилан хэлэлцэж.  тус тус дүгнэлт гаргана.   Улсын Их Хурал  нэгдсэн хуралдаанаар уг асуудлаар Засгийн газрын тайлбар, нам, эвслийн бүлгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг тус тус сонсоно. Улсын Их Хурлын гишүүд Засгийн газар болон дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал, дүгнэлт хэлж болно.
Долоо. Улсын Их Хуралд Улсын дээд шүүхийн  шүүгчдийг танилцуулах
7.1. Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхийн шүүгчдийг томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгохын өмнө нэр дэвшигч бүрийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулна.
7.2. Хууль зүйн байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийн талаар Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд мэдээлнэ. Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдохоор нэр дэвшигчийн талаар Улсын Их Хурал санал хураахгүй бөгөөд асуулт тавьж, хариулт авч болно.
Найм. Ерөнхий прокурор, түүний орлогчийг Ерөнхийлөгч  томилохдоо Улсын Их Хуралтай зөвшилцөх
8.1. Үндсэн хуулийн тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ерөнхий прокурор, түүний орлогчийг Ерөнхийлөгч томилохдоо Улсын Их Хуралтай зөвшилцөн тохиролцоонд хүрнэ.
8.2. Ерөнхий прокурор, түүний орлогчоор томилогдохоор нэр дэвшсэн хүмүүсийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо урьдчилан хэлэлцэж,  дүгнэлтээ Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулна.
8.3. Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн санал, Хууль зүйн байнгын хорооны дүгнэлттэй танилцаад Ерөнхий прокурор, түүний орлогчоор томилогдохоор нэр дэвшигчдийн талаар ил санал хураалт явуулж, дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
8.4. Ерөнхийлөгчийн санал болгосон нэр дэвшигч хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн дэмжлэг авч чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр санал оруулна.
Ес. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, эгүүлэн татах
9.1. Улсын Их Хурлын дарга Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх  хүний тухай саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн гуравдугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлын дарга Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд  нэр дэвшүүлнэ.
9.2. Дээрх нэр дэвшигч болон Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ерөнхийлөгч, Улсын дээд  шүүхээс санал болгосон нэр дэвшигчийг Хууль зүйн байнгын хороо урьдчилан хэлэлцэж, дүгнэлтээ Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулна.
9.3. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны дүгнэлт, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Улсын  дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн саналыг сонсож, нэр дэвшигч тус бүрээр ил санал хураалт явуулж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал авсан хүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай Улсын Их Хурал тогтоол батална.
9.4. Үндсэн хуулийн жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэхдээ энэ талаар гарсан Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх нэр дэвшүүлсэн байгууллагын саналыг сонссоны дараа ил санал хураалт явуулж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Арав. Улсын Их Хурлын  гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, түүнийг  эгүүлэн татах, бүрэн эрхийг  сэргээх  журам
10.1. Улсын Их Хурлын  гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын  гишүүнийг баривчилсан тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дараахь журмаар  хэлэлцэн шийдвэрлэнэ:
10.1.1. Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын  гишүүнийг баривчилсан тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш 24 цагийн дотор нэн даруй энэ тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад мэдэгдэж холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгоно.
10.1.2. Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын  даргын мэдэгдэл хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хуралдаж тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж энэ талаар Улсын Их Хурлаас гарах шийдвэрийн төслийг хэлэлцэн  дүгнэлт гаргана.
10.1.3 Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг Улсын Их Хурлын  нэгдсэн хуралдаанаар түүнийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор авч хэлэлцэн зохих шийдвэр гаргана.
10.2. Улсын Их Хурлын  дарга эрх бүхий байгууллагаас Улсын Их Хурлын  гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хүсэлт тавьсан бол уг хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлнэ. Төрийн байгуулалтын байнгын хороо 72 цагийн дотор хуралдаж тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай  дүгнэлт гаргана. Улсын Их Хурал  уг  дүгнэлтийг  тухайн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаараа  хэлэлцэн  зохих шийдвэр гаргана.
10.3. Улсын Их Хурлын  гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байна гэж үзэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан бол Улсын Их Хурал 15 хоногийн  дотор тухайн гишүүнийг эгүүлэн татах тухай  шийдвэр гаргана.
10.4. Улсын Их Хурлын  гишүүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр  хүчин төгөлдөр болсноос хойш 15  хоног, хэрэв  энэ хугацаанд хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бол хяналтын шатны шүүхийн  шийдвэр гарснаас хойш 15  хоногийн дотор Улсын Их Хурал түүнийг эгүүлэн татах тухай шийдвэр гаргана. Энэ шийдвэрийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо санаачлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.  Уг шийдвэрийн төслийг Хууль зүйн байнгын хороо заавал хянан хэлэлцэж зохих дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулна.
10.5. Улсын Их Хурлын  гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай эрх бүхий байгууллагын санал, тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт буюу гишүүнийг  гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн шүүхийн шийдвэр нь Улсын Их Хурлын  ээлжит чуулган завсарласан үед  хүчин төгөлдөр болсон тохиолдолд уг асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын  тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу  ээлжит бус чуулган зарлан хуралдуулна.
Арван нэг. Гадаад улсад суух бүрэн эрхт  төлөөлөгчийн газрын  тэргүүнийг Ерөнхийлөгч томилох, эгүүлэн татахдаа Улсын Их Хуралтай  зөвшилцөх
11.1. Гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо урьдчилан хэлэлцэж, дүгнэлтээ Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулна.
11.2. Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн санал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дүгнэлттэй танилцаад бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудлаар ил санал хураалт явуулж, дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
11.3. Гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилохтой холбогдож гарсан тухайн төлөөлөгчийн газрын байршилтай холбогдсон асуудлыг дээрх журмаар шийдвэрлэнэ.
Арван нэг1. Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг Ерөнхийлөгч
                         томилохдоо Улсын Их Хуралтай зөвшилцөх
      111.1. Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо урьдчилан хэлэлцэж, санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулна.
      111.2. Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн санал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаад Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох асуудлаар ил санал хураалт явуулж, дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
Арван нэг2. Улсын Их Хурлаас байгуулагддаг байгууллагын
                             албан тушаалтныг томилох, чөлөөлөх
      112.1. Улсын Их Хурлаас байгуулагддаг байгууллагын бүрэлдэхүүн, удирдах албан тушаалтныг эрх бүхий этгээдээс санал болгосны дагуу Улсын Их Хурлаас томилох, чөлөөлөх асуудлыг холбогдох Байнгын хороо урьдчилан хэлэлцэж, санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулна. Улсын Их Хурлын гишүүд тухайн албан тушаалд нэр дэвшигчид асуулт тавьж, хариулт авч болно.
      112.2. Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, санал дүгнэлт гаргасны дараа тухайн албан тушаалд нэр дэвшигчийг томилох, албан тушаалтныг чөлөөлөх тухай  асуудлаар тус бүрт нь ил санал хураалт явуулна. Улсын Их Хурлаас байгуулагддаг байгууллагын бүрэлдэхүүнийг томилохдоо хүн тус бүрээр ил санал хураалт явуулна. 
Дээрх асуудлаар Улсын Их Хурал тогтоол батална..
Арван хоёр. Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцах
12.1. Монгол Улсын Үндсэн хуулийн гучин  тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна.
12.2.Ерөнхийлөгч ажлын тайлангаа жил бүр Улсын Их Хуралд ирүүлж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд сонсгоно. Тайлантай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж болно.
Арван  хоёр1. Засгийн газрын тайланг хэлэлцэх
121.1.Засгийн газар нь үйл ажиллагааныхаа тайланг хаврын чуулганы эхэнд Улсын Их Хуралд  ирүүлнэ. 
121.2.Засгийн газрын үйл ажиллагааны тайланг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулах бөгөөд Засгийн газрын гишүүд байлцана. Тайлантай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч болно.
121.3.Байгаль орчны төлөв байдлын тайланг  хэлэлцэхдээ энэ дэгийн 122.2, 122.3 дахь заалтыг  баримтална.
Арван хоёр2. Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагын
                                                тайланг хэлэлцэх 
122.1.Улсын Их Хуралд  ажлаа тайлагнадаг байгууллагууд нь үйл ажиллагааныхаа тайланг дараа оны 1 дүгээр сард багтаан гишүүдийн тоогоор Улсын Их Хуралд  ирүүлнэ. 
122.2.Зохих Байнгын хороо хуралдаанаараа холбогдох  тайланг урьдчилан хэлэлцэх бөгөөд хэлэлцүүлэгтэй холбогдуулан  асуулт, хариулт явуулж, гишүүд санал, дүгнэлт гаргаж болно. Шаардлагатай гэж үзвэл тухайн Байнгын хороо уг асуудлыг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулна.
122.3.Тайланг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүдийн саналаар уг байгууллага, холбогдох албан тушаалтанд ажил сайжруулах, тодорхой асуудалд анхаарах талаар үүрэг даалгавар өгч Байнгын хорооноос, эсхүл Улсын Их Хурлаас тогтоол гаргаж болно.
Арван хоёр3. Улсын ерөнхий прокурорын мэдээлэл сонсох
123.1.Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи  Улсын ерөнхий прокурорын мэдээллийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд сонсоно.
123.2.Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч, санал, дүгнэлт гаргаж болно.
Арван хоёр4. Хүний эрхийн Yндэсний Комиссын илтгэл сонсох
124.1.Хүний эрхийн Yндэсний Комиссын дарга нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд илтгэнэ.
124.2.Илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч, санал, дүгнэлт гаргаж болно.
Арван хоёр5. Улсын Их Хурлын Тамгын газрын тайланг хэлэлцэх
125.1.Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны тайланг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн байгуулалтын байнгын хороонд жил бүр танилцуулна.
125.2.Тайлантай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч, санал, дүгнэлт гаргаж болно.
Арван хоёр6. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн болон Засгийн
    газрын санхүүгийн байдлын талаар Улсын Их Хурал
                      олон нийтэд мэдээлэх
126.1.Засгийн газар Улсын Их Хурлын сонгуулийг зарлахаас 1 сараас доошгүй хугацааны өмнө Монгол Улсын нийгэм, эдийн засгийн болон Засгийн газрын санхүүгийн байдлын талаархи мэдээллийг Улсын Их Хуралд ирүүлнэ.   
126.2.Монгол Улсын нийгэм, эдийн засгийн болон Засгийн газрын санхүүгийн байдлын талаархи мэдээллийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулна. Уг мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд  асуулт асууж, хариулт авч болно.
126.3.Монгол Улсын нийгэм, эдийн засгийн болон Засгийн газрын санхүүгийн байдлын талаархи мэдээлэлтэй танилцсаны дараа Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан улсын эдийн засгийн гол үзүүлэлт, Улсын Их Хурлын сонгууль болох оны жилийн эцсийн санхүүгийн төлөв, санхүүгийн төлөвт тусгагдаагүй боловч Засгийн газрын урьд гаргасан шийдвэрийн улмаас гарч болзошгүй өр төлбөр, нэмэлт зардал, орлогын дутагдлын талаархи төсвийн эрсдэл, төсвийн болон эдийн засгийн төлөвт нөлөөлж болох бусад хүчин зүйлийн талаар Улсын Их Хурлын дарга мэдээлнэ.
Арван гурав. Ард нийтийн санал асуулга явуулах
13.1. Ард нийтийн санал асуулга явуулах асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны болон зохих Байнгын хорооны  дүгнэлтийг  Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулна. Дүгнэлттэй холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авч болно.
13.2. Улсын Их Хурал Байнгын хороодын дүгнэлттэй танилцаад, ард нийтийн санал асуулга явуулах талаар санал хураалтыг илээр явуулж  шийдвэрлэнэ. Энэ асуудлаар Улсын Их Хурал тогтоол батална.
Арван гурав1. Улсын Их Хуралд иргэд, байгууллагаас ирүүлсэн
         өргөдөл, санал, гомдлын талаар мэдээлэх
131.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 32.1.11-д заасны дагуу  Улсын Их Хуралд иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, санал, гомдлын  талаар холбогдох Байнгын хороонд, шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдээлнэ.
131..2.Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч болно.
Арван дөрөв. Ерөнхийлөгчийн хоригийг хянан хэлэлцэх
14.1. Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн үндэслэлийг Ерөнхийлөгч, эсхүл Ерөнхийлөгчийн итгэмжилсэн төлөөлөгч Улсын Их Хуралд танилцуулна.
14.2. Ерөнхийлөгчийн хоригийн талаар тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хариуцаж байсан зохих Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг сонсоно.
Байнгын хороодын дүгнэлтийг сонссоны дараа асуулт, хариулт явуулж, гишүүд санал гаргаж болно. Ийнхүү санал, дүгнэлт гаргаж дууссаны дараа Ерөнхийлөгч тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавьсныг үндэслэн уг хоригийг хүлээн зөвшөөрөх эсэх  асуудлаар санал хураалт явуулна. Хэрэв Ерөнхийлөгч хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, заалт нэг бүрээр санал хураалт явуулна. Хэрэв Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт нь тухайн асуудлыг хариуцаж байсан Байнгын хорооны санал, дүгнэлттэй санал нэгдээгүй тохиолдолд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд зохих Байнгын хорооны саналаар эхэлж  санал хураалт явуулна.
Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь  хүлээж аваагүй бол уг  хууль, шийдвэр  хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
14.3.Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж, энэ талаар тогтоол батална.
14.4. Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг хүчингүй болгож, эсхүл тэдгээрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэж батална.
14.5. Хориг тавьсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг уг шийдвэрийг баталснаас хойш 72 цагийн дотор Ерөнхийлөгчид илгээнэ.
Арван тав.Үндсэн хуулийн цэцийн  дүгнэлтийг хэлэлцэх
15.1.Yндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан асуудлаар Yндсэн хуульд нийцэхгүй байна гэж Yндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг хэлэлцэхэд дараахь журмыг баримтална:
15.1.1. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга, эсхүл цэцийн аль нэг гишүүн Улсын Их Хуралд танилцуулна;
15.1.2. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг танилцуулсны дараа тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хариуцаж байсан Байнгын хороо болон  Хууль зүйн байнгын хороо дүгнэлтээ танилцуулна;
15.1.3. Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт  болон Байнгын хороодын дүгнэлтийн талаар асуулт тавьж, санал, дүгнэлт гаргаж болно;
15.1.4. Улсын Их Хурал Үндсэн хуулийн жаран  зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан асуудлаар Үндсэн хуулийн цэцийн  гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээ нэгдсэн хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хэрэв Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт нь тухайн асуудлыг хариуцаж байсан зохих Байнгын хорооны санал, дүгнэлттэй нэгдээгүй тохиолдолд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд Хууль зүйн байнгын хорооны саналаар эхэлж санал хураана. Энэ санал нь олонхийн санал авч чадаагүй бол зохих Байнгын хорооны санал дэмжигдсэнд тооцно;
15.1.5. Хууль, Улсын Их Хурлын   бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэхгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал тогтоолоороо хүлээн зөвшөөрвөл тухайн хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна. Харин Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Үндсэн хуульд нийцэхгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг  Улсын Их Хурал тогтоолоороо хүлээн зөвшөөрсөн бол тэдгээр шийдвэрүүд нь хүчингүй болсонд тооцогдоно;
15.1.6. Улсын Их Хурал Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн  1, 2-т заасан асуудлаар Үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бол энэ талаар Улсын Их Хурал тогтоол батална.
15.2.Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2 дахь хэсэгт заасан асуудлаар Үндсэн хуульд нийцэж байна гэж Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга, эсхүл цэцийн аль нэг гишүүн танилцуулж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд сонсоно. Уг асуудлаар Улсын Их Хурал шийдвэр гаргахгүй.
15.3. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг  хэлэлцэхэд дараахь журмыг баримтална:
15.3.1. Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасны дагуу Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний /цаашид "холбогдох албан тушаалтан" гэх/ талаар Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг хэлэлцэх Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дарга даргална. Улсын Их Хурлын даргын талаар Үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэх нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурал дахь олонхийн бүлгээс сонгогдсон  дэд дарга даргална;
15.3.2. холбогдох албан тушаалтны талаар Үндсэн хуулийн цэцээс гаргасан  дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга, эсхүл түүний эзгүйд орлож байгаа цэцийн аль нэг гишүүн Улсын Их Хуралд танилцуулна;
15.3.3. холбогдох албан тушаалтан цэцийн дүгнэлтийн талаар үг хэлнэ. Түүний үг хэлэх хугацаа 10 минутаас илүүгүй байна. Хэлсэн үгтэй нь холбогдуулан гишүүд асуулт тавьж болно;
15.3.4. холбогдох албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн тухай цэцийн дүгнэлттэй танилцсаны дараа уг албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах эсэх, тухайн зөрчлийг арилгуулах асуудлын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг хэлэлцэнэ.
15.3.5. Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалтыг илээр явуулна. Хэрэв  тухайн албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүдийн олонхи дэмжсэн бол Улсын Их Хурал холбогдох шийдвэр гаргана. Шийдвэрийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо оруулна.
15.4. Шаардлагатай гэж үзвэл Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасан албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар Улсын Их Хурал, эсхүл тухайн албан тушаалтан өөрөө Үндсэн хуулийн цэцэд хандаж болно.
Үндсэн хуулийн цэц тухайн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл байна гэсэн дүгнэлт гаргавал түүнийг  огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг 15.3-т заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ. Ерөнхийлөгчийг огцруулах эсэх асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүний дийлэнхи олонхийн саналаар шийдвэрлэж  хууль батална. Тухайн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл байхгүй байна гэсэн Yндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний эзгүйд цэцийн аль нэг гишүүн танилцуулж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд сонсоно. Уг асуудлаар Улсын Их Хурал шийдвэр гаргахгүй.
15.5. Тухайн албан тушаалтныг огцруулсан,  эсхүл эгүүлэн татсан нь түүнд хуулийн хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
15.6. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний эзгүйд орлож байгаа цэцийн аль нэг гишүүн танилцуулж Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд сонсоно.
15.7. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор, хэрэв Улсын Их Хурлын  чуулганы чөлөө цагт гаргасан бөгөөд тэр нь онц болон дайны байдал зарласнаас бусад асуудлаар гаргасан бол дараагийн чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор заавал хэлэлцэн шийдвэрлэнэ.
15.8. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх талаархи  Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй Улсын Их Хурал танилцаж, энэ тухайгаа Ерөнхийлөгчид мэдэгдэнэ.
Арван зургаа. Ерөнхийлөгч, Засгийн газар Монгол Улсын олон  улсын гэрээний төслийг Улсын Их Хуралтай зөвшилцөх, түүнийг хэлэлцэх
16.1. Үндсэн хуулийн  гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасны дагуу Ерөнхийлөгч Монгол Улсын нэрийн өмнөөс байгуулах олон улсын гэрээний, мөн хуулийн гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9-д заасны дагуу Засгийн газар дараа соёрхон батлуулах Монгол Улсын олон улсын гэрээний  /цаашид "гэрээ " гэх/ төслийг Улсын Их Хуралтай зөвшилцөнө.
16.2. Монгол Улсын олон улсын гэрээний төслийг нөгөө талтай зарчмын хувьд тохиролцсоны дараа, түүнд гарын үсэг зурахаас өмнө Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо урьдчилан хэлэлцэнэ. Гэрээний төсөл, эсхүл түүний дэлгэрэнгүй танилцуулга, холбогдох бусад баримт бичгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын  байнгын хороо урьдчилан хэлэлцэхээс гурваас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурлын гишүүдэд тараасан байна.
16.3. Олон улсын зээлийн гэрээний төслийг Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороод урьдчилан заавал хэлэлцэж, дүгнэлтээ Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд  өгнө.
16.4. Шаардлагатай гэж үзвэл гэрээний төслийг бусад Байнгын хороо хэлэлцэж болох бөгөөд Байнгын хороо дүгнэлтээ, Улсын Их Хурлын гишүүн төслийн талаархи саналаа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд бичгээр ирүүлнэ. Уг санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны хуралдаанд заавал танилцуулна. Байнгын хорооны хуралдаанаас төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар дүгнэлт гарвал Засгийн газар гэрээний төслийг нөгөө талтай эцэслэн тохиролцохдоо тэдгээрийг тусгах чиглэлээр ажиллаж, дүнг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулна.
16.5. Аюулгүй байдал, гадаад бодлогын  байнгын хороо гэрээний төслийг урьдчилан хэлэлцэж  дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
16.5.1. гэрээний төслийг бүхэлд нь зөвшөөрөх;
16.5.2. гэрээ  байгуулах шаардлагагүй гэж үзэж татгалзах.
16.6. Аюулгүй байдал, гадаад бодлогын  байнгын хорооны дүгнэлт нь зохих Байнгын хорооны гаргасан дүгнэлттэй санал нэгдээгүй  тохиолдолд уг асуудлыг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулан зөвшилцөнө.
16.7. Аюулгүй байдал, гадаад бодлогын  байнгын хороо гэрээг байгуулах шаардлагагүй гэж үзсэн тухай шийдвэр гаргавал  Ерөнхийлөгч, Засгийн газар уг асуудлыг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно.
16.8. Хүчин төгөлдөр болоогүй байгаа олон улсын олон талт гэрээнд Ерөнхийлөгч Монгол Улсын нэрийн өмнөөс гарын үсэг зурахын өмнө уг асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөд  энэ журмыг нэгэн адил баримтална.
Арван долоо. Олон улсын олон талт гэрээг соёрхон батлах  тухай Улсын Их Хурлын шийдвэрийн  төслийг хэлэлцэх
17.1. Олон Улсын олон талт гэрээг соёрхон батлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаараа урьдчилан хэлэлцэж дараахь саналын аль нэгийг дүгнэлтдээ  тусгаж Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулна:
17.1.1. тухайн гэрээг соёрхон батлах нь зүйтэй;
17.1.2. тухайн гэрээг соёрхон батлах шаардлагагүй гэж үзвэл төслийг буцаах тогтоолын төслийг батлах;
17.1.3. тухайн гэрээг тайлбар мэдэгдэлтэй соёрхон батлах.
Тухайн гэрээг тайлбар мэдэгдэлтэй соёрхон батлахаар дүгнэлт гаргасан бол тайлбар мэдэгдлийн агуулгыг тодорхой заана.
17.2. Олон улсын олон талт гэрээг соёрхон батлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг холбогдох бусад Байнгын хороо хэлэлцэж дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дүгнэлтэд тусгуулах, эсхүл Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
17.3. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар холбогдох Байнгын хорооны дүгнэлтэд тусгасан саналаар санал хураалт явуулж, анхны хэлэлцүүлгээр батална. Харин шаардлагатай бол тайлбар мэдэгдлийн агуулгаар эцсийн хэлэлцүүлэг явуулахаар зохих Байнгын хороонд шилжүүлнэ.
17.4. Улсын Их Хурлын нэгдсэн хураалдаанаар олон улсын олон талт гэрээг соёрхон батлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахдаа дараахь журмыг баримтална:
17.4.1. тайлбар мэдэгдлийн агуулгаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулга;
17.4.2. зохих Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт, хариулт явуулж болно;
17.4.3. тайлбар мэдэгдлийн талаар зохих Байнгын хорооноос дэмжигдсэн саналаар санал хураалт явуулж төслийг бүхэлд нь баталсанд тооцно.
Арван найм. Гадаад улсыг  хүлээн зөвшөөрөх, түүнтэй дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай асуудлыг хянан хэлэлцэх
18.1. Гадаад улсыг хүлээн зөвшөөрөх тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо урьдчилан хэлэлцэж  дүгнэлтээ Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
18.2. Гадаад  улстай  дипломат  харилцаа  шинээр  буюу   сэргээн тогтоох  тухай Засгийн  газраас өргөн мэдүүлсэн асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын  хороо  урьдчилан  хэлэлцэнэ.  Байнгын хороо уг асуудлыг сайшаан зөвшөөрч тухайн улстай тодорхой тохиролцохыг  Засгийн  газарт  үүрэг болгоно. Засгийн газар тухайн улстай тодорхой тохиролцсоны дараа уг асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дахин хэлэлцэж, дүгнэлтээ Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Энэ асуудлаар Улсын Их Хурал тогтоол батална.  
18.3. Гадаад улстай дипломат харилцаагаа цуцлах тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн асуудлыг зохих Байнгын хороо урьдчилан хэлэлцэж  дүгнэлтээ Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Энэ асуудлаар Улсын Их Хурал тогтоол батална.
Арван ес. Улсын Их Хурлын хяналт
19.1. Улсын Их Хурлын  нэгдсэн хуралдаанд Засгийн газрын мэдээлэл хийх хугацаа 15 минутаас илүүгүй байна. Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж, хариулт авч болно.
Асуулт, хариултын үргэлжлэх нийт хугацааг хуралдаан даргалагч тогтооно.
19.2. Засгийн газарт тавьсан асуулт гэдэг нь тодорхой нэг асуудлын талаар мэдээлэл авах зорилгоор Улсын Их Хурлын гишүүнээс Засгийн газарт, эсхүл Засгийн газрын аль нэг гишүүнд бичгээр хандсаныг хэлнэ.
19.3.Улсын Их Хурлын гишүүн асуултын хариуг бичгээр авсны дараагаар уг хариуг Байнгын хорооны хуралдаанд сонсох эсэх, хэзээ сонсох тухай саналаа Байнгын хорооны даргад бичгээр ирүүлнэ. Асуултын хариуг Байнгын хорооны хуралдаанд сонсох өдөр, цагийг Байнгын хорооны дарга шийдвэрлэнэ.
19.4. Засгийн газар, түүний гишүүн асуултын хариуг 14 хоногийн дотор өгөх бөгөөд  асуултын хариуг Ерөнхий сайд, эсхүл  Засгийн газрын аль нэг гишүүн Байнгын хорооны хуралдаанд сонсгоно.
Бичгээр тавьсан асуултын хариу өгөх хугацаа 5 минутаас илүүгүй байна       
19.5.Асуулт тавьсан Улсын Их Хурлын гишүүнээс бусад гишүүн хуралдаан даргалагчийн зөвшөөрсний дагуу асуултын хариутай холбогдуулж тухайн асуултын сэдвээр Засгийн газрын гишүүн болон Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын холбогдох албан тушаалтанд  тодруулан асуулт тавьж болно.
19.6. Засгийн газарт тавьсан асуулга гэдэг нь Улсын Их Хурлын нэг буюу хэд хэдэн гишүүн нийлж, эсхүл Байнгын болон бусад хороо, нам, эвслийн бүлгээс улс орны нийтлэг эрх ашгийг хөндсөн болон бүрэн эрхэд нь хамаарах бусад асуудлаар Засгийн газрын бодлого, байр суурийг тодруулах, тодорхой үйл ажиллагаа явуулахыг шаардаж Засгийн газарт бичгээр хандсаныг хэлнэ. Асуулга нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд нийцсэн байна.
19.7.Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хороо, нам, эвслийн бүлэг асуулгынхаа хариуг бичгээр авсны дараа уг хариуг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд сонсох эсэх, хэзээ сонсох тухай саналаа Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ. Асуулгын хариуг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар сонсох өдөр, цагийг Улсын Их Хурлын дарга шийдвэрлэнэ.
19.8. Засгийн газар асуулгын хариуг 30 хоногийн дотор бичгээр өгөх бөгөөд Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүн асуулгын хариуг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд сонсгоно. Асуулгад өгөх хариултын хугацаа 15 минутаас илүүгүй байна. Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хороо, нам, эвслийн бүлгээс гадна Улсын Их Хурлын бусад гишүүн хуралдаан даргалагчийн зөвшөөрсний дагуу асуулгын хариутай холбогдуулж тухайн асуулгын сэдвээр Засгийн газрын гишүүн болон Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын холбогдох албан тушаалтанд  тодруулан асуулт тавьж болно.
Асуулгын хариутай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүд тухайн  сэдвээр тодруулан асууж болно.
Асуулга тавьсантай холбогдуулан Улсын Их Хурлаас зохих  шийдвэр гаргах шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг холбогдох Байнгын хороонд тавина.
                               
19.9. Улсын Их Хурал тодорхой албан тушаалтан, байгууллага эсхүл тодорхой асуудлын талаар баримт нотолгоо бүрдүүлэх, мөрдөн шалгах, мэдээлэл цуглуулах, санал дүгнэлт бэлдүүлж, Улсын Их Хуралд хэлэлцүүлэх зорилгоор шалгалтын ажлын хэсгийг байгуулж болно.
Шалгалтын ажлын хэсгийг Улсын Их Хурлын дарга өөрийн санаачилгаар, эсхүл зохих Байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүнээс гаргасан саналын дагуу захирамжаараа байгуулна. Уул захирамжид шалгалтын ажлын хэсэгт орох Улсын Их Хурлын гишүүдийн нэрс,  ажлын үр дүнг  танилцуулах хугацааг заана.
Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурал дахь  олонхи, цөөнхийн нам, эвслийн бүлгийн  аль алины  нь төлөөлөл байвал  зохино.
19.10. Шалгалтын ажлын хэсэг дараахь бүрэн эрхтэй:
19.10.1. тухайн байгууллагын эрх баригчдыг дуудан ирүүлэх, тэдний мэдээллийг сонсох, асуулт тавьж, хариулт авах, судалгаа тайлан, дүгнэлт бусад мэдээллийг гаргуулан авах;
19.10.2. хяналтын явцад олж авсан төрийн нууцыг хадгалах, шаардлагатай гэж үзвэл дүнг Улсын Их Хурлын хаалттай хуралдаанд хэлэлцүүлэх санал гаргах.
19.11. Шалгалтын ажлын хэсгийн санал, дүгнэлтийг  зөвшөөрөөгүй ажлын хэсгийн гишүүн тусдаа дүгнэлт гаргаж болно. Шалгалтын ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн зохих Байнгын хороо саналаа чуулганы хуралдаанд оруулна.Улсын Их Хурлын нэгдсэн  хуралдаанд гишүүд асуулт тавьж, санал, дүгнэлт гаргаж болно. Шаардлагатай бол нэгдсэн хуралдаанаар шалгалтын ажлын хэсэг, Байнгын хорооны дүгнэлтийн талаар санал хураалгаж, Улсын Их Хурал  зохих  шийдвэр гаргана.
19.12. Шалгалтын ажлын хэсгийн хяналтын явцад тухайн асуудлыг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх байгууллагаас шалгаж эхэлсэн бол Улсын Их Хурлын хяналт хэрэгжүүлэх ажлын хэсэг үйл ажиллагаагаа даруй зогсооно.
Хорь.Улсын төсвийн төслийг хэлэлцэж, батлах
20.1. Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн улсын төсвийн төслийг  Байнгын хороод эрхэлсэн асуудлынхаа хүрээнд салбарын төсвийн төслийн талаар нарийвчилсан задаргаа, мэдээ, судалгаа, тооцоо гаргуулан авч хянана. Шаардлагатай бол ажлын хэсэг байгуулан ажиллуулж, Байнгын хорооны дүгнэлтийг бэлтгэнэ.
20.2. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар улсын төсвийн төслийг 4 үе шаттайгаар хэлэлцэж батална.
Нэг дэх хэлэлцүүлгээр улсын төсвийн төслийг хэлэлцэх үед Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагчдыг байлцуулан асуулт, хариулт явуулж, санал, шүүмжлэл гаргана. Төсвийн төслийн талаар гишүүд үг хэлж, санал гаргасны дараа төслийг  зохих Байнгын хороонд шилжүүлнэ.
Хоёр дахь хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын бүх Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо санал, дүгнэлтээ, Улсын Их Хурлын гишүүд тусгай саналтай бол түүнийгээ бичгээр Төсвийн байнгын хороонд урьдчилан ирүүлнэ. Төсвийн байнгын хороо эдгээр саналыг нягтлан үзэж   дүгнэлтдээ тусгана.
Улсын Их Хурлын Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дүгнэлт, Улсын Их Хурлын гишүүний гаргасан тусгай саналыг Төсвийн байнгын хорооны дүгнэлтийн  хамт Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд сонсгоно. Санал, дүгнэлтийг сонссоны дараа гишүүд үг хэлж болно.
Гаргасан саналаар энэ дэгийн 23.5-д заасан журмын дагуу санал хураалт явуулж, улсын төсвийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр зохих Байнгын хороонд шилжүүлнэ.
Гурав дахь хэлэлцүүлгээр Төсвийн байнгын хороо хоёрдугаар хэлэлцүүлгээр  төсөлд орсон өөрчлөлтүүдийг тусгаж, танилцуулгын хамт Улсын Их Хурлын нэгдсэн  хуралдаанд оруулна. Хоёр дахь хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн  асуудлаар Төсвийн байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын  нэгдсэн  хуралдаанаар дахин санал хурааж болно.
Дөрөв дэх хэлэлцүүлгээр улсын төсвийн тухай хуулийн төслийг зүйл, заалт бүрээр хэлэлцэж батална.
Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хурал сонсоно.
20.3. Улсын төсвийн төсөлд тодотгол хийх асуудлыг энэ журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.
20.4. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр шаардсан асуудлыг хэлэлцэхдээ энэ журмын дагуу хэлэлцэж болно.
20.5.Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дараа жилийн улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тогтоосон төсвийн хүрээний мэдэгдлийг  хэлэлцэхэд доорхи журмыг баримтална:
      1/төсвийн хүрээний мэдэгдлийг нам, эвслийн бүлэг, Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд Засгийн газрын дунд хугацааны зорилтууд, тухайн жилд Монгол Улсын төсвийн урсгал зардал, орлогын хэмжээ, хөрөнгө оруулалт, нийт болон урсгал тэнцэл, төлөвлөсөн баланс, мөнгөн гүйлгээ зэрэг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтээр тооцоо, танилцуулгыг төсвийн ерөнхийлөн захирагч нэг бүрээр гаргуулан авч хэлэлцэнэ. Шаардлагатай бол ажлын хэсэг байгуулан ажиллуулж Байнгын хорооны санал, дүгнэлт бэлтгэнэ.
 Нэг дэх хэлэлцүүлгээр: төсвийн хүрээний мэдэгдлийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагчдыг байлцуулан асуулт хариулт явуулж, санал дүгнэлт гаргана. Төсвийн хүрээний мэдэгдлийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, санал, дүгнэлт гаргасны дараа Төсвийн байнгын хороонд шилжүүлнэ.
 Хоёр дахь хэлэлцүүлгээр: төсвийн хүрээний мэдэгдлийн талаар Улсын Их Хурлын Байнгын хороод, нам, эвслийн бүлэг олонхийн дэмжлэг авсан саналаа нэгтгэн, дүгнэлтийн хамт Төсвийн байнгын хороонд ирүүлнэ.  Төсвийн байнгын хороо эдгээр саналыг нэгтгэн, нягтлан үзэж хорооныхоо хуралдаанаар хэлэлцүүлэх бөгөөд Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналыг нэгтгэн дүгнэлтийн хамт Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулна. 
Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлт болон Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг тус тус Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд сонсгоно. Төсвийн байнгын хорооны олонхийн дэмжлэг авсан саналаар санал хураалт явуулж гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлнэ.
Гурав дахь хэлэлцүүлгээр: Төсвийн байнгын хороо олонхийн дэмжлэг авсан саналыг төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусган танилцуулгын хамт Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд  оруулна. Төсвийн хүрээний мэдэгдлийг санал хураалт явуулж шийдвэрлэнэ.
Хорин нэг.Төсөл хэлэлцэх, батлах үе шат
21.1. Улсын Их Хурлын төсөл  хэлэлцэх, батлах үйл ажиллагаа дараахь үе шаттай хэрэгжинэ.
Нэгдүгээр үе шат:
1/ нам, эвслийн бүлэг, зохих Байнгын хорооны  хуралдаанаар төслийг Улсын Их Хурлын нэгдсэн  хуралдаанаар  хэлэлцэх эсэх тухай  дүгнэлт гаргах;
2/ Улсын Их Хурлын  нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх эсэх тухай санал хураалт явуулах.
Хоёрдугаар үе шат:
1/  нам,  эвслийн бүлэг,  Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэж дүгнэлт гаргах,
2/ Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах,
Гуравдугаар үе шат:
1/ анхны хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлыг тусгаж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх;
2/ Улсын Их Хурлын  нэгдсэн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулах;
3/ төслийг  батлах.
Дөрөвдүгээр үе шат:
1/ эцсийн хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлыг тусгаж хууль, тогтоолын эцсийн найруулгыг бэлтгэх;
2/ Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцах;
3/ шийдвэрийг ёсчлох;
4/ Ерөнхийлөгч Улсын Их Хурлын  шийдвэрт хориг тавьсан бол тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх.
21.2.Төслийн цар хүрээ, боловсруулах ажлын хэмжээ, шаардлагыг харгалзан Байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэх, эсхүл анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно. Ажлын хэсгийн гишүүдийн зонхилох хувь нь Улсын Их Хурлын гишүүд  байна.
Ажлын хэсэг нь дараахь чиг үүрэгтэйгээр ажиллана:
      1/хуралдаанаараа тухайн төслийг хэлэлцэн, үзэл баримтлалын чанартай асуудлыг нарийвчлан тодруулах үүднээс холбогдох байгууллагаас мэдээлэл, судалгаа гаргуулан авах, дүн шинжилгээ хийх;
      3/тухайн асуудлаар санал, дүгнэлт боловсруулж зохих Байнгын хорооны хуралдаанд оруулах."
Улсын Их Хурлын чуулганаар тухайн асуудлыг хэлэлцэхэд түүнийг хариуцаж байгаа Байнгын хороо, Тамгын газрын ажилтнууд оролцоно. Мэдээлэл авах үүднээс Монгол Улсын сайд, дэд сайд, газар, хэлтсийн дарга, холбогдох бусад хүмүүсийг байлцуулж болно.
21.3.Хууль санаачлагч нь хэлэлцүүлгийн аль ч шатанд төслөө татан авч болно.  Энэ тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч төслөө татан авах тухай албан бичгийг  Улсын Их Хуралд ирүүлнэ. Уг хүсэлтийг хуралдаан даргалагч Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд албан ёсоор танилцуулснаар төслөө татан авсанд тооцно.
Хорин хоёр. Байнгын хороогоор төсөл урьдчилан хэлэлцэх
22.1. Төслийг зохих Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх бөгөөд Улсын Их Хурлын гишүүн харьяалагдах Байнгын хорооны хуралд таслах эрхтэй, бусад Байнгын хорооны хуралд таслах эрхгүйгээр оролцоно. Байнгын хорооны хуралд Улсын Их Хурлын гишүүн санал, дүгнэлт гаргах, саналаа хураалгах, тухайн асуудлаар цөөнх болж зарчмын зөрүүтэй саналаа Байнгын хорооны дүгнэлтэд тусгуулах эрхтэй.
22.2. Байнгын хорооны хуралдаанд тухайн төслийн талаар хууль санаачлагчид асуулт тавьж, хариулт авч болно. Асуулт, хариулт үргэлжлэх хугацааг хуралдаан даргалагч тогтооно.
22.3. Хэрэв уг төслийг баталснаар тухайн санхүүгийн жилийн улсын төсвийн зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын санал, дүгнэлтийг заавал сонсоно.
22.4. Байнгын хорооны хуралдааныг тухайн Байнгын хорооны дарга даргална. Төслийн талаар бусад Байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг зохих Байнгын хороо   дүгнэлтдээ хамтатган  тусгана.
22.5. Төсөл хэлэлцэхэд биечлэн оролцох боломжгүй Улсын Их Хурлын гишүүн санал дүгнэлтээ зохих Байнгын хороонд бичгээр урьдчилан гаргаж өгөх бөгөөд түүнийг Байнгын хорооны хуралдаанд заавал танилцуулж хэлэлцүүлнэ.
22.6. Хэрэв Ерөнхийлөгч тухайн төсөлтэй холбогдуулан бичгээр санал ирүүлбэл түүнийг Байнгын хорооны хуралдаанд заавал танилцуулж хэлэлцүүлнэ.
22.7. Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийн талаар санал хураалт явуулсны үндсэн дээр уг төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай эсэх талаар дүгнэлт гаргаж, түүнийг нэгдсэн хуралдаанд илтгэх гишүүнийг томилно.
Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд хэлэлцэхээр шийдвэрлэсэн төслийг Байнгын хороо анхны хэлэлцүүлэгт бэлтгэн, төслийн талаар дүгнэлт гаргаж, түүнийг нэгдсэн хуралдаанд илтгэх гишүүнийг томилно.
Байнгын хороо зарчмын зөрүүтэй санал гаргаагүй, гишүүд санал нэгдсэн тохиолдолд төслийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн дүгнэлтээ  анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн дүгнэлттэй хамтатган гаргаж болно.  
22.8. Төслийг зохих Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэж болох бөгөөд нэгдсэн дүгнэлт гаргаж болно.Байнгын хороодын хамтарсан хуралдааны ирцийг тус хороодын нийт гишүүний олонхи нь ирснээр хүчин төгөлдөрт тооцож, асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргавал Байнгын хороодын дарга нар хамтран  гарын үсэг зурж  ёсчилно.
22.9. Хэрэв нэг асуудлаар хоёр буюу  түүнээс дээш  төсөл байгаа бол хууль санаачлагчийн зөвшөөрснөөр зохих Байнгын хороо тэдгээрийг нэгтгэн зохицуулж, нэг төсөл болгон  Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж болно.
Хэд хэдэн төслийг нэгтгэхийг хууль санаачлагч зөвшөөрөөгүй бол Байнгын хороо тэдгээр төслийн талаар нэг бүрчлэн дүгнэлт гаргана.
Хууль санаачлагчийн зөвшөөрөлгүйгээр төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй.
22.10. Хууль санаачлагч, зохих Байнгын хороо болон бусад Байнгын хороо зарчмын зөрүүтэй саналаар зөвшилцөлд хүрэхийн тулд шинжээч томилон дүгнэлт гаргуулах, Засгийн газрын холбогдох гишүүний болон бусад албан тушаалтны санал сонсох зэргээр ажиллаж болно.
22.11.Төслийн анхны хэлэлцүүлгээр дэмжигдсан зарчмын зөрүүтэй  санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь бусад Байнгын хорооны эрхлэх асуудалд хамааралтай бол холбогдох Байнгын хороогоор заавал хэлэлцүүлнэ. Төслийг холбогдох Байнгын хороо  хэлэлцэж, санал, дүгнэлтээ зохих Байнгын хорооны танилцуулгад тусгуулах буюу, эсхүл Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулна.
22.12. Байнгын хорооны хуралдаан хуралдах хуваарьгүй үед Байнгын хорооны хуралдаанаар зайлшгүй хэлэлцэх яаралтай асуудал гарвал түүний талаар тухайн Байнгын хорооны гишүүдээс бичгээр санал авч болно. Харин Байнгын хорооны хуралдааны хуваарьтай үед бичгээр санал авахыг хориглоно.
22.13. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхдээ шаардлагатай гэж үзвэл анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө уг төслийг өдөр тутмын хэвлэлд нийтлүүлж, олон нийтээс санал авч болно.
22.14. Хуулийн төслийг хэвлэлд нийтлүүлэх, санал авах, ирсэн саналыг нэгтгэх, судлах ажлыг холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран зохион байгуулна.
22.15. Хуулийн төслийг өдөр тутмын хэвлэлд нийтлэхдээ санал ирүүлэх хугацаа, саналыг хүлээн авах Байнгын хорооны нэрийг заасан байна.
22.16. Олон нийтээс ирүүлсэн саналыг судалж үзсэний үндсэн дээр зохих Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл хуулийн төсөлд санал өгсөн иргэн буюу хуулийн этгээдийн төлөөлөгчийг Байнгын хорооны хуралдаанд урьж ирүүлэн, тухайн саналын талаар асуулт тавьж, хариулт авч болно.
22.17. Хуулийн төсөлд олон нийтээс санал авахтай холбогдсон зардлыг Улсын Их Хурлын жил бүрийн төсөвт тусгана. /Энэ хэсгийн 13-17 дах заалтыг Улсын Их Хурлын 2001 оны 82 дугаар тогтоолоор нэмсэн./
Хорин хоёр1. Нээлттэй  сонсох
221.1.Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл  Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх тодорхой төслийн талаар эрдэмтэд, шинжээчид, мэргэжлийн байгууллагын болон сонирхлын бүлгийн хүмүүсээс санал сонсох, мэдээлэл авах зорилгоор нээлттэй сонсож  болно.
221.2.Тухайн Байнгын хорооны дарга нээлттэй сонсох  төслийн сэдэв, өдөр, цагийг 1 сарын өмнө Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн  товлож,  нийтэд зарлана. 
221.3.Нээлттэй сонсох үйл ажиллагаанд оролцох хүмүүсээс санал, мэдээллийг урьдчилан авч Байнгын хорооны гишүүдэд 3-аас доошгүй хоногийн өмнө тараасан байна.
221.4.Байнгын хорооны хуралдаанд асуудлыг нээлттэй сонсох үйл ажиллагаанд  оролцогчдод санал, мэдээлэлтэй нь холбогдуулж  Байнгын хорооны гишүүд асуулт тавьж, хариулт авч болно. 
221.5.Нээлттэй сонсох үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудлыг Байнгын хороо, Тамгын газар хариуцна.
Хорин гурав. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар төсөл хэлэлцэх
23.1. Улсын Их Хурал Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль санаачлагчаас өргөн мэдүүлж,  чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэж,  хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулан баталсан төслийг хэлэлцэнэ.
23.2. Ерөнхийлөгчийн хориг,  Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд хандаж гаргасан илгээлт,  Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт,  Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын ажлын дүн,  тайлан сонсох, түүний удирдлагыг томилох,  чөлөөлөх,  Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлахаас бусад асуудлаар  чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр тухайн чуулганы явцад өргөн мэдүүлбэл Төрийн байгуулалтын байнгын хороо,  зохих Байнгын хорооны дүгнэлтийг харгалзан түүнийг чуулганаар хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.
23.3. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх ,  эсхүл буцаах   асуудлыг шийдвэрлэхдээ:
23.3.1. төслийн талаар хууль санаачлагчийн илтгэлийг сонсоно.  Илтгэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж,  хариулт авч болно;
23.3.2.  Байнгын хороо,  нам,  эвслийн бүлгийн дүгнэлтийг сонсоно. Санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч болно;
23.3.3.  төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулна;
23.3.4. хэрэв энэ дэгийн 22.9-д заасны дагуу хэд хэдэн төслийн талаар Байнгын хорооноос нэг бүрчлэн дүгнэлт гаргасан бол аль төслийг нь сонгон анхны хэлэлцүүлэгт оруулах тухай  санал хураалт явуулна.
Төслийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзвэл төслийг буцаах тогтоол батална.  Уг тогтоолд төслийг буцаах болсон үндэслэлийг заасан байвал зохино.
23.4. Чуулганаар хэлэлцэхээр тогтсон төслийг дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийн хамт Улсын Их Хурлын гишүүдэд уг төсөл хэлэлцэж эхлэхээс долоо хоногийн өмнө зохих Байнгын хороо эрхлэн тараана. Төсөл олшруулах, тараах ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар /цаашид "Тамгын газар" гэх/  эрхэлнэ. Чуулганаар хэлэлцэхээр тогтсон төсөл гэдгийг тухайн ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгасан асуудлыг ойлгоно.
23.5.Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа дараахь журмыг баримтална:
23.5.1. зохих Байнгын хорооны дүгнэлтийг танилцуулах хугацаа 15 минутаас илүүгүй байна.  Дүгнэлтэд уг төслийн үзэл баримтлал төрийн бодлогод нийцэж байгаа эсэх, төсөл хууль тогтоомжийн бичлэгийн   техник,  хэл зүйн шаардлагыг хангасан эсэх болон төслийн зүйл,  заалтын талаар зарчмын өөр саналтай бол үндэслэл,  шалтгааныг заана.
Зохих Байнгын хороо төсөлд оруулах нэмэлт, өөрчлөлт болон Улсын Их Хурлын гишүүний  зарчмын зөрүүтэй саналыг томъёолж бүх гишүүдэд тараасан байна;
23.5.2.  Байнгын хорооны дүгнэлтийн дараа Улсын Их Хурал дахь нам,  эвслийн бүлгийн дүгнэлтийг сонсоно. Дүгнэлтийг бүлгийн ахлагч, эсхүл тухайн асуудлыг хариуцаж  байгаа бүлгийн аль нэг гишүүн танилцуулна.
Нам,  эвслийн бүлгийн дүгнэлтийг танилцуулах хугацаа тус бүр 10 минутаас илүүгүй байна.
Улсын Их Хурлын гишүүн хэлэлцэж байгаа асуудлаар үг хэлэх, тайлбар хийхдээ энэ дэгийн 1.3.2-т заасан хугацааг баримтлах бөгөөд санал,  дүгнэлтээ  Байнгын хорооны болон нам,  эвслийн бүлгийн дүгнэлтэд тусгуулж урьдчилан тараасан байна;
23.5.З. төслийн талаар гарсан зарчмын зөрүүтэй санал гэдэгт:
а/ Байнгын хорооноос санал нэгтэй буюу олонхийн саналаар оруулахаар шийдвэрлэсэн төсөлд тусгагдаагүй санал;
б/ зохих Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж зөвшилцөлд хүрээгүй Улсын Их Хурлын гишүүний санал;
в/ Улсын Их Хурал дахь олонхи,  цөөнхийн нам,  эвслийн  бүлгээс зарчмын гэж үзэж дүгнэлтдээ тусгасан саналыг ойлгоно.
Зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүд уг саналынхаа талаар тайлбар хэлж болох бөгөөд түүнийг дэмжсэн болон эсрэг саналтай тус бүр нэг гишүүн үг хэлж болно;
23.5.4. Улсын Их Хурлын гишүүн Байнгын хорооны дүгнэлтэд тусгуулсан зарчмын зөрүүтэй саналаа бичгээр томъёолж урьдчилан өгсөн байна. Харин найруулгын чанартай засварыг ажлын хэсэгт өгнө.
Зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэж хуралдаан даргалагчид бэлтгэн өгөх асуудлыг Байнгын хороо хариуцна;
23.5.5. хуралдаан даргалагч зарчмын зөрүүтэй асуудал бүрээр санал хураалгана. Тэгэхдээ зарчмын зөрүүтэй асуудлыг ямар хувилбараар шийдвэрлэх саналтай байгаа, эсхүл уг асуудлаарх төслийн заалтыг дахин гүйцээн боловсруулж саналыг сонсохын аль нэгээр хэлэлцүүлж, гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ;
23.5.6. хэрэв Ерөнхийлөгч хэлэлцэж байгаа төсөлтэй холбогдуулан Улсын Их Хуралд илгээлт,  санал ирүүлсэн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүдэд урьдчилан тарааж танилцуулсан байна. Ерөнхийлөгчийн саналыг санал хураалт явуулж шийдвэрлэнэ.
Хуралдаан даргалагч зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалгахдаа санал хураах цагийг тогтоож,  нийт гишүүдэд зарлаж болно. Хэрэв санал хураах цагийг товлон зарласан бол Улсын Их Хурлын гишүүн өөрийн биеэр хүрэлцэн ирж санал хураалтад оролцоно;
23.6. Улсын Их  Хурлын гишүүн нь зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой горимын санал гаргах хүсэлт тавьж болно.  Хуралдаан даргалагч горимын саналыг сонсож,  шаардлагатай бол түүгээр санал хураалгана.
23.7. Зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураасны дараа дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
а/ төслийг бүхэлд нь эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх. Энэ тохиолдолд санал хураалт явуулахгүй бөгөөд зохих Байнгын хороонд шилжүүлж байгааг зарлана;
б/ төслийг хууль санаачлагчид буцаах.  Энэ тохиолдолд Улсын Их Хурал төслийг хууль санаачлагчид буцаах тогтоол батална.
23.8. Анхны хэлэлцүүлгийн явцад төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй түүнчлэн уг төслийг батлах санал гарсан бол түүний эцсийн хэлэлцүүлгийг шууд явуулж болно.
23.9. Улсын Их Хурал төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр зохих Байнгын хороонд шилжүүлэхдээ дэмжигдсэн саналын дагуу төслийг зарчмын хувьд өөрчлөх,  найруулах  үүрэг бүхий Улсын Их Хурлын болон хууль санаачлагчийн хамтарсан ажлын хэсэг байгуулж болно.
23.10. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, хэлэлцүүлэхээр оруулах хугацааг төсөл боловсруулах ажлын хэмжээ,  шаардлагыг харгалзан хуралдаан даргалагч тогтооно.
23.11. Анхны хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлыг төсөлд тусгаж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг дараахь үе шаттай хэрэгжүүлнэ:
23.11.1. төслийг хууль санаачлагч,  зохих Байнгын хороо хариуцаж ажлын хэсэгт эцэслэн боловсруулна;
23.11.2. төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэн дүгнэлт гаргасан зохих Байнгын хороо анхны хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн байдлыг  үндэслэн Улсын Их Хурлын гишүүний болон хууль санаачлагчийн томъёолж өгсөн санал бүрийг  хянан үзэж төсөлд зохих нэмэлт,  өөрчлөлт оруулж,  хууль тогтоомжийн бичлэгийн техник,  хэл зүй,  найруулгын талаас нь нягтлан  зохих танилцуулга бэлтгэнэ.
23.11.3. хэрэв Ерөнхийлөгч тухайн төслийн анхны хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан санал бичгээр ирүүлбэл зохих Байнгын хороо хэлэлцэж, энэ тухай танилцуулгадаа тусгана.
23.12. Төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулахдаа дараахь журмыг баримтална:
23.12.1. төслийн талаар зохих Байнгын хорооны  танилцуулга хийх хугацаа 1О минутаас илүүгүй байна;
23.12.2. зохих Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт,  хариулт явуулж болно;
23.12.3. эцсийн хэлэлцүүлгийн явцад  дараахь асуудлаар санал хурааж  болно:
а/ эхний хэлэлцүүлгийн үед гүйцээн боловсруулахаар шийдвэрлэсэн төслийн зүйл,  заалт байгаа бол;
б/ эхний хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар дахин санал хураах шаардлагатай  гэсэн  зохих Байнгын хорооны саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны нэг  нь дэмжсэн бол;
в/ төслийн аль нэг зүйл,  заалт хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа хууль болон уг төслийн бусад зүйл,  заалттай зөрчилдөж байна гэж зохих Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо үзсэн бол дээрх асуудал тус бүрээр санал хурааж шийдвэрлэнэ;
г/ энэ дэгийн 22.11-д заасан нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг зохих Байнгын хорооны саналаар санал хураалт явуулж, анхны хэлэлцүүлгээр батална. Зохих Байнгын хорооны санал дэмжигдээгүй бол уг асуудлаарх анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн Байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналаар энэ дэгийн 23.12.3-ын "в"-д заасан үндэслэлээр дахин санал хурааж шийдвэрлэнэ.
23.12.4. санал хураалгахын өмнө тухайн саналыг гаргасан  Улсын Их Хурлын гишүүн,  тайлбар өгөх буюу үг хэлж болно. Тайлбар өгч,  үг хэлсэн хүмүүстэй ижил тооны гишүүд хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр дээрх саналын эсрэг үг хэлж болно;
23.12.5. эцсийн хэлэлцүүлэг дууссаны дараа төслийг бүхэлд нь батална.  Төслийг бүхэлд нь батлах санал хураалтын цагийг хуралдаан даргалагч  товлон зарлаж болно.
Хэрэв төслийг бүхэлд нь батлах саналыг гишүүдийн олонхи дэмжээгүй бол уг төслийг хууль санаачлагчид нь буцаах тогтоол батална.
23.13. Шаардлагатай гэж үзвэл эцсийн хэлэлцүүлгээр баталсан хуультай холбогдсон тогтоолын төслийг хэлэлцэн батална;
23.14. Эцсийн хэлэлцүүлгээр баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг хэлэлцүүлэг дууссанаас хойш ажлын 6 өдөрт багтаан Улсын Их Хуралд танилцуулна.  Эцсийн найруулгыг танилцуулах ажлыг  Ерөнхий нарийн бичгийн дарга хариуцна.
Хорин дөрөв. Байнгын хорооны хуралдаанд санал хураалт  явуулах журам
24.1. Байнгын хорооны хуралдаанд санал хураалт явуулахдаа төслийн    томъёоллоор санал хураалт явуулна. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч, нам, эвслийн бүлэг, Улсын Их Хурлын гишүүний гаргасан санал хажуугийн саналд тооцогдоно.
24.2. Байнгын хорооны хуралдаанаар тухайн асуудлаар   санал хураалт явуулсны дараа цөөнх болсон, эсхүл цөөнхийг төлөөлсөн 3 хүртэл гишүүн тайлбар хэлж болно. Хэрэв цөөнх дахин санал хураалгахыг хүсвэл эхний санал хураалтаар олонхийн дэмжлэг авсан саналын томъёоллоор дахин санал хураалт явуулна.
Эхний 2 санал хураалтад нэг томъёолол 2 удаа олонхийн дэмжлэг авсан бол уг томъёоллыг тухайн Байнгын хорооны саналд тооцно. 
Хэрэв эхний санал хураалтад олонхийн дэмжлэг авсан томъёолол 2 дахь санал хураалтад олонхийн дэмжлэг авч чадаагүй бол 2 дахь санал хураалтад цөөнх болсон, эсхүл цөөнхийг төлөөлсөн 3 хүртэл гишүүн тайлбар хэлж болно.
Хэрэв цөөнх дахин санал хураалгахыг хүсвэл 2 дахь санал хураалтаар дэмжигдсэн саналын томъёоллоор дахин нэг удаа санал хураалт явуулж, олонхийн санал авсан томъёоллыг тухайн Байнгын хорооны саналд тооцно. 
24.3. Санал тэнцвэл дахин нэг удаа санал хураалгана.Хэрэв санал дахин тэнцвэл хуралдаан даргалагч хоёр талаас тус бүр нэг  гишүүний  тайлбарыг сонсгоно. Санал дахин тэнцвэл төслийн томъёоллыг Байнгын хороо дэмжсэнд тооцно.
Хорин тав.Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд санал хураалт явуулах журам
25.1. Улсын Их Хурлын  нэгдсэн хуралдаанд төслийн талаар санал хураалт явуулахдаа  Байнгын хорооны гишүүдийн  олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг уг саналын томъёоллоор, харин Байнгын хорооноос  олонхийн дэмжлэг аваагүй саналыг төслийн томъёоллоор санал хураалгана. 
Санал хураалгахын өмнө зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүд уг саналынхаа талаар тайлбар хэлж болох бөгөөд түүнийг дэмжсэн болон эсрэг саналтай тус бүр нэг гишүүн үг хэлж болно. 
 25.2. Үндсэн хууль, бусад хууль болон энэ дэгд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын  нэгдсэн хуралдаанд  санал хураалт явуулахдаа хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар уг асуудлыг шийдвэрлэнэ.
Үндсэн хууль, бусад хуульд нууц санал хураалт явуулж шийдвэрлэхээр зааснаас бусад тохиолдолд санал хураалтыг илээр явуулна. Ил санал хураалтыг гар өргөж, эсхүл цахим тоолуураар, харин нууц санал хураалтыг санал хураах хуудсаар, эсхүл цахим тоолуур ашиглан явуулна.
25.3. Улсын Их Хурлын гишүүн  тухайн өдрийн нэгдсэн хуралдаанд ирцээ бүртгүүлсэн бол хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд санал хураахад заавал оролцоно. Хуульд заасан журмын дагуу санал хурааж нэгэнт баталсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санал хураах үед байгаагүй гэсэн шалтгаанаар Улсын Их Хурлын гишүүн дахин хэлэлцүүлэх эрх эдлэхгүй.
25.4. Улсын Их Хурлын гишүүн зөвхөн "зөвшөөрсөн", "татгалзсан" гэсэн 2 саналын аль нэгийг өгнө. Хуралдаанд оролцож байгаа боловч санал өгөхгүй байгаа гишүүнийг татгалзаж байгаад тооцно.
25.5. Улсын Их Хурлын  нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн тухайн санал хураалгаж байгаа асуудлаар нэрээр нэг удаа санал өгнө.
25.6. Улсын Их Хурлын гишүүн дараахь тохиолдолд санал хураалтанд таслах эрхтэй оролцохгүй:
25.6.1. өөрийг нь Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын болон дэд хорооны дарга, Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлж  сонгох санал хураалт;
25.6.2. өөрийнх нь харьяалагдаагүй, зөвлөх эрхтэй оролцож байгаа Байнгын хорооны хуралдааны санал хураалт ;
25.6.3. өөрийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх, гишүүнээс чөлөөлөх, эгүүлэн татах эсэх  асуудлаар  хураах санал хураалт;
25.6.4. өөрийг нь гэмт хэрэгт холбогдсон эсэх асуудлыг шалгах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагад олгох асуудлаар хураах  санал хураалт;
25.6.5. холбогдох байгууллагад өөрийг нь сэжигтнээр албадан саатуулах, сэжигтнээр болон ял сонсгосны дараа цагдан хорих, өөрт нь шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, гэр, албан өрөө, биед нь нэгжлэг хийхийг зөвшөөрөх эсэх асуудлаар явуулах  санал хураалт; 
25.6.6. Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон Улсын Их Хурлын гишүүн нь Засгийн газарт итгэл хүлээлгэх, түүнийг  огцруулах асуудлаар явуулах санал хураалт.
Хорин зургаа. Улсын Их Хурлын шийдвэрийг ёсчлох, нийтлэх, мэдээлэх
26.1. Улсын Их Хурал хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгатай танилцсанаас хойш ажлын З өдрийн дотор Улсын Их Хурлын дарга уг шийдвэрт гарын үсэг зурж ёсчилно. 
26.2. Улсын Их Хурлын шийдвэрийг ёсчилсноос хойш 24 цагийн дотор Ерөнхийлөгчид илгээнэ.
26.3. Улсын Их Хурал өөр хугацаа тогтоогоогүй бол шийдвэрийг ёсчилж илгээснээс хойш Ерөнхийлөгч ажлын 5 өдөрт багтаан тухайн хууль, бусад  шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавьсан бол  түүнийг хэлэлцэх асуудлын дараалал харгалзахгүйгээр тэргүүн ээлжинд  хэлэлцэж чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь хоригийг хүлээн зөвшөөрөөгүй бол Улсын Их Хурлын тухайн шийдвэр хэвээр үлдэнэ.
26.4. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулган ажлаа дууссаны дараа Улсын Их Хурлын шийдвэрт  хориг тавьсан бол Улсын Их Хурал ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж болно. Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлээгүй бол дараагийн ээлжит чуулганаар эхний ээлжинд хэлэлцэн шийдвэрлэнэ.
26.5. Улс оронд онцгой нөхцөл байдал бий болсон, эсхүл Улсын Их Хурлын чуулганы ажиллагаа өндөрлөх гэж байгааг харгалзан Ерөнхийлөгчийн хориг тавих хугацааг Улсын Их Хурал тогтоон өгч болно.
26.6. Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 1О хоногийн дараа хүчин төгөлдөр болно./Улсын Их Хурлын 2004 оны 29 дүгээр тогтоолоор хассан./
26.7. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг "Төрийн мэдээлэл" эмхтгэлд албан ёсоор нийтэлнэ.
26.8. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ "Төрийн мэдээлэл" эмхтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтлах бөгөөд ийнхүү дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж үзнэ.
26.9. Улсын Их Хурлын чуулганы явцын тухай олон нийтэд сонордуулах албан ёсны мэдээллийг зөвхөн  Тамгын газар хариуцан нийтлүүлнэ.
26.10. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэлийг Улсын Их Хурлын номын санд тавина.
26.11. "Төрийн мэдээлэл" эмхтгэлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, хуулийн талаархи Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар, яам, агентлагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг бүрэн эхээр нь нийтэлнэ. 
26.12. "Төрийн мэдээлэл" эмхтгэлийг хэвлэн нийтлэх ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцаж долоо хоног тутам гаргана.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нь тус эмхтгэлийн эрхлэгч байх бөгөөд түүнийг  хэвлэн нийтлэх хугацаа, журмыг  тогтооно.
Хорин долоо. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны  тэмдэглэл хөтлөх, түүнийг ашиглах, хадгалах
27.1. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны явцын тэмдэглэлийг гараар болон  соронзон хальсанд нэгэн зэрэг бичнэ. Шаардлагатай гэж үзвэл хуралдааны явцын талаар дуутай дүрс бичлэг хийж хадгална.
27.2. Хуралдааны явцын тэмдэглэлд дараахь баримт бичгийг заавал хавсаргана:
27.2.1. тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө,  урилгаар оролцсон болон байлцсан хүмүүсийн нэр, албан тушаал;
27.2.2. хуралдаанаар хэлэлцсэн хууль, бусад шийдвэрийн төсөл /хувилбарууд/ тэдгээрийн танилцуулга, дүгнэлт, санал;
27.2.3. хэлэлцэж байгаа асуудлаар Улсын Их Хурлын гишүүнээс бусад гишүүдэд тараасан санал;
27.2.4. хуралдааны явцад Улсын Их Хурлын гишүүдэд сонордуулсан өргөх бичиг, мэдэгдэл, цахилгаан утас;
27.2.5. хуралдааны явцад хэлэлцсэн, сонордуулсан, тараасан бусад баримт бичиг;
27.2.6. гишүүн тусгайлан тэмдэглүүлэхээр өөрөө бичсэн зүйл.
27.3. Хуралдааны явцын тэмдэглэлийг гараар бичихдээ дараахь зүйлийг заавал тусгана:
27.3.1. хуралдаан эхэлсэн, завсарласан, дууссан болон асуудлыг хэлэлцэж эхэлсэн, дууссан он, сар, өдөр, цаг, минут;
27.3.2. ямар асуудал, хаанаас, хэн төлөөлж оруулсан тухай товч томъёолол;
27.3.3. хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон асуулт, хариулт, гаргасан санал, шүүмжлэл, хэлсэн үг;
27.3.4. санал хураалтын дүн /тоо, хувиар/, хэрэв нэрээр санал хураавал Улсын Их Хурлын гишүүн нэг бүрийн нэр, өгсөн санал;
27.3.5. ирц  /тоо, хувиар/, байхгүй гишүүний нэр, шалтгаан;
27.3.6. хуралдаанд хоцорч ирсэн, чөлөө авсан, өвчтэй байсан, тасалсан,  хуралдааны даргын зөвшөөрөлгүй гарч явсан гишүүний нэр, цаг минут;
27.3.7. гишүүний тусгайлан тэмдэглүүлэхээр хэлсэн үг.
27.4. Гишүүний хуралдаанд хэлсэн үгийг тодорхой бичих бөгөөд тусгайлан тэмдэглүүлсэн зүйлийг тухайн гишүүнд хянуулж гарыг үсэг зуруулна.
27.5. Улсын Их Хурлын гишүүн хүсвэл  өөрийн болон бусдын хэлсэн үгийн бичлэгтэй танилцаж болно.
27.6. Гаргасан шийдвэрийг төслийн хувилбарын хамт гар тэмдэглэлд хэлэлцсэн дарааллаар нь дугаарлан заавал хавсаргана.
27.7. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны явцын тэмдэглэлтэй  Ерөнхий нарийн бичгийн дарга танилцаж гарын үсэг зурна.
Хорин найм. Хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон болон дуутай дүрс бичлэг ашиглах, хадгалах 
28.1. Хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон бичлэгийг Улсын Их Хурлын чуулганы материал бэлтгэж хэвлүүлэх, хэвлэл, мэдээллийн байгууллагад лавлагаа өгөх, маргаантай асуудал шийдвэрлэхэд ашиглуулна.
28.2. Хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон болон дуутай дүрс бичлэгийг Улсын Их  Хурлын гишүүд, Ерөнхий нарийн бичгийн дарга, Тамгын газрын ажилтан шууд, бусад байгууллагын  албан тушаалтанд Ерөнхий нарийн бичгийн даргын зөвшөөрлөөр үзүүлж,  сонсгоно.
28.3. Хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон болон дуутай дүрс бичлэгийг Улсын Их Хурлын гишүүд болон  Тамгын газрын ажилтнуудад 7 хоног хүртэлх хугацаагаар ашиглуулах бөгөөд зөвшөөрөлгүй олшруулах, хувилахыг хориглоно. Харин бусад байгууллагын албан тушаалтанд архивын ажилтны дэргэд үзүүлж, сонсгоно.
28.4. Хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон болон дуутай дүрс бичлэгийг  Тамгын газрын архивт хадгална. Энэ тухай журмыг Ерөнхий нарийн бичгийн дарга тогтооно.
               
 - - -оОо- - -
/Улсын Их Хурлын 2001 оны 82, 2004 оны 29 дүгээр тогтоолоор орсон нэмэлт, өөрчлөлт тусгагдсан./