- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ХҮН АМЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
Монгол Улсын Их Хурлын 2004 оны 21дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ХҮН АМЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ХҮН АМЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
А. Нийтлэг үндэслэл
Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, эх орондоо иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг зорин буй цөөн хүн амтай, өргөн уудам нутагтай, хүн амын нягтрал багатай, нүүдлийн болон суурин соёл иргэншил хосолсон хөгжиж буй орон билээ.
Даяарчлагдаж буй дэлхий нийтийн хөгжлийн үйл явцад хүн амын идэвхтэй оролцоо чухал бөгөөд тэдний зүгээс хувь нэмрээ оруулахад нь тохиолдож буй бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх шаардлагатайг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч, Мянганы хөгжлийн зорилтоо тодорхойлон хэрэгжүүлж эхлээд байна.
Монгол Улсын хүн амын жилийн дундаж өсөлт 1986-2002 оны хооронд 2,8-аас 1,4 хувь болтлоо буурсан бөгөөд энэ бууралт цаашид хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд 0,9 хувь болох төлөвтэй. Сүүлийн 10-аад жилд хот суурин руу чиглэсэн хүн амын дотоод шилжих хөдөлгөөн эрчимжиж, суурьшлын хэв шинжид томоохон өөрчлөлт орох боллоо.
Хүн амын өсөлтийн сааралт, насны бүтцийн өөрчлөлт, байршил, суурьшилтай холбогдон гарч буй асуудал нь энэхүү бодлогын өвөрмөц, онцлог байдлыг илтгэнэ.
Хүний эрхийг хангах, хөгжлийн үйл явцыг түргэтгэх, хүн амын амьдралын чанарын тэгш бус байдлыг арилгах нь хүн ам, хөгжлийн талаар тавигдаж буй тулгамдсан асуудал болж байна.
Монгол Улсын төрөөс баримтлах хүн амын бодлогыг Улсын Их Хурлаас 1996 онд батлан хэрэгжүүлж ирсэн ба дэлхий нийтийн болон үндэсний хэмжээнд дэвшүүлж буй шинэ зорилт, хөгжлийн хандлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулах шаардлага урган гарсан юм.
Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого нь хүн ам, хөгжлийн уялдаа холбоог хангахад тохиолдож буй бэрхшээлийг арилгах, хүн төвтэй хөгжилд хүрэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хүн амын бүлгүүдийн асуудлыг гэр бүлийн хүрээнд шийдвэрлэх, нийгмийн бүхий л харилцаанд жендэрийн тэгш байдлыг эрхэмлэхийг эн тэргүүнд чухалчилж байгаа болно.
Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Нийгмийн дэвшил, хөгжлийн, Хөгжих эрхийн, Мянганы хөгжлийн, Бүх нийтийн боловсролын тухай Даккарын тунхаглал, Эмэгтэйчүүдийн тэгш байдал, хөгжил, энх тайвны асуудлаарх Найробын (1985), Хүний эрхийн талаарх Венийн (1993), Хүн ам, хөгжлийн асуудлаарх Каирын (1994), Нийгмийн хөгжлийн асуудлаарх Копенгагений (1995), Эмэгтэйчүүдийн байдлын талаарх Бээжингийн (1995) бага хурлуудын шийдвэр, Үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын Үндсэн хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан үндэсний хууль тогтоомж, бодлого, стратеги, бусад олон улсын болон үндэсний хэмжээний хүний эрх, хөгжлийн талаар тавьж буй зорилтыг хангахад чиглэгдсэн болно.
Энэхүү бодлогыг Монгол Улсын хөгжлийн болон Мянганы хөгжлийн зорилтыг дүгнэх үе шаттай уялдуулан 2015 он хүртэл дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр үе шат: 2004-2007 он;
Хоёрдугаар үе шат: 2008-2011 он;
Гуравдугаар үе шат: 2012-2015 он.
Б. Зорилго
Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын зорилго нь хүн амын тогтвортой өсөлтийг хангаж, хүн ардаа урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд оршино.
В. Хүн амын хөгжлийг дэмжихэд баримтлах зарчим
Хүний хөгжлийг улс орны хөгжил, дэвшлийн төвд тавина: Хүн байгальтайгаа зохицож, өөрийн чадавхи, нөөцөд түшиглэн эрүүл энх, үр бүтээлтэй ажиллаж, хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
Хүний эрхэд суурилсан хөгжлийн чиг хандлагыг баримтална: Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүний эрхийг дээдлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд аж төрөх боломжийг бүрдүүлнэ.
Хүн ам, хөгжлийн асуудлаарх нийгмийн зөвшилцөл, оролцоог хангана: Хүн амын хөгжилд иргэний нийгмийн оролцоог идэвхжүүлж, нийгмийн зөвшилцлийг хангана.
Жендэрийн тэгш байдлыг хангана: Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш оролцох, хяналт тавих, шийдвэр гаргах үйл ажиллагаанд шударга ёсыг бэхжүүлнэ.
Г. Бүрэлдэхүүн хэсэг
Энэхүү бодлого нь дараахь бүрэлдэхүүн хэсэгтэй байна:
1. Хүн ам зүйн талаар:
1.1. Хүн амын төрөлт;
1.2. Хүн амын нас баралт;
1.3. Хүн амын байршил;
1.4. Дотоод шилжих хөдөлгөөн;
1.5. Гадаад шилжих хөдөлгөөн.
2. Хүн амын хөгжлийг хангах талаар:
2.1. Гэр бүл;
2.2. Жендэрийн тэгш байдлыг хангах;
2.3. Өсвөр үе, залуучууд;
2.4. Хүүхэд;
2.5. Ахмад настан, насжилт;
2.6. Тахир дутуу иргэд.
3. Хүний амьдралын чанарыг сайжруулах талаар:
3.1. Эрүүл мэнд;
3.2. Боловсрол;
3.3. Нийгмийн хамгаалал;
3.4. Орлого ба ядуурал;
3.5. Орон байр;
3.6. Хоол хүнс;
3.7. Байгаль орчин.
4. Бодлогыг хэрэгжүүлэх арга замын талаар:
4.1 Хүн амын бүртгэл, мэдээлэл, судалгаа;
4.2 Мэдээлэл, сурталчилгаа;
4.3 Чадавхийг бэхжүүлэх;
4.4 Түншлэл, хамтын ажиллагаа ба хөрөнгө нөөцийг дайчлах;
4.5 Хүн амын хөгжлийн талаарх үндэсний тогтолцоо;
4.6 Хяналт, шинжилгээ, үнэлгээ.
Хүн ам зүйн талаар
Хүн амын бодлогын цөм - хүн ам зүйн талаар баримтлах чиглэлийн хүрээнд хүн амын тооны өөрчлөлтөд шууд нөлөөлөгч хүчин зүйл болох төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний асуудлыг цогцоор авч үзнэ.
Хүний нөхөн үржихүйн эрхийг хүндэтгэсэн чөлөөт сонголт бүхий зохистой төрөлтийг дэмжиж өвчлөл, нас баралтыг бууруулах замаар хүн амын тогтвортой өсөлтийг хангана.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан зах зээлийн эрэлт хэрэгцээ, нийгмийн шаардлагад нийцсэн хүн амын байршлыг дэмжиж дотоод шилжих хөдөлгөөний сөрөг үр дагаврыг арилган, гадаад шилжих хөдөлгөөний үр ашгийг нэмэгдүүлнэ.
1.1.Хүн амын төрөлт
1.1.1. Хүүхдийг оюун ухаан, бие бялдрын хувьд өв тэгш хөгжилтэй, эсэн мэнд, эрүүл чийрэг, сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлж 20-39 насны эхчүүдийн 2-3 жилийн зайтай төрөлтийг түлхүү дэмжинэ.
1.1.2. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулж эхийн эндэгдэлд өртөмтгий бүлэг болон өсвөр, ахимаг насны эмэгтэйчүүдэд тэдний сонголтын дагуу жирэмслэлт, төрөлтөө зохицуулахад дэмжлэг үзүүлнэ.
1.1.3. Хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, түүний хүндрэлийг бууруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
1.1.4. Төрөхийн өмнөх, төрсний дараахь болон хүүхдээ өсгөхөд шаардлагатай эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, олгох тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ.
1.1.5. Гэр бүлийн хос 3 ба түүнээс дээш тооны хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөхийг урамшуулж, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх чиглэл баримтална.
1.1.6. Хүн амын ялангуяа, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэг, үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, хүний эрх болон нөхөн үржихүйн эрхийг хангах орчныг бүрдүүлнэ.
1.1.7. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийг бэлгийн замын халдварт өвчин, хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх, эмчлэх, нөхөн сэргээх нийгэм, хамт олонд түшиглэсэн үйлчилгээг хөгжүүлнэ.
1.1.8. Хүүхэд төрүүлсэн эхчүүдийн ажлын байрыг хадгалж, хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж, улмаар түүний сарын цалингийн хэмжээнд хүргэнэ.
1.2.Хүн амын нас баралт
1.2.1. Эхийн эндэгдлийг 2015 он гэхэд 2000 оны түвшнээс 1/2-ээр, нялхасын эндэгдлийг 1/3-ээр тус тус бууруулна.
1.2.2. Хүн амд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, буруу зуршлаас урьдчилан сэргийлэх, зан үйлийг өөрчлөх замаар хүн амын өвчлөл, нас баралт ялангуяа, нялхасын эндэгдэл, хүүхэд, залуучуудын цаг зуурын нас баралтыг бууруулан дундаж наслалтыг нэмэгдүүлнэ.
1.2.3. Вакцины хамралтыг нэмэгдүүлэх замаар хүн амын дархлаажуулалтыг сайжруулан, халдварт өвчнийг бууруулна.
1.3. Хүн амын байршил
1.3.1. Хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг багасган байгаль орчны даац, түүний нөөцтэй уялдуулан хүн амын зохисгүй бөөгнөрлийг сааруулж, дагуул хот, бүсийн тулгуур төвүүд болон бүлэг сууринг түшиглэсэн орон нутагтаа суурин амьдрах хүн амын байршлыг дэмжинэ.
1.3.2. Байгаль орчиндоо зохицсон бэлчээрийн болон фермерийн аж ахуй эрхэлж, нүүдлийн, хагас суурин хэвшлээр амьдарч буй хүн амд хүргэх орчин үеийн техникийн дэвшилд суурилсан зам, холбоо, эрчим хүч, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, чанарыг тогтвортой сайжруулах бодлого баримтална.
1.4. Дотоод шилжих хөдөлгөөн
1.4.1. Бүсийн тулгуур төв, нийслэлийн дагуул хотыг хөгжүүлэх замаар хүн амын нүүдлийн болон суурин амьдралын зохистой харьцааг тогтоон, хүн ам хэт төвлөрсөн төв, суурин газарт чиглэсэн шилжих хөдөлгөөний эрчимжилтийг зохицуулна.
1.4.2. Хүн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй шилжин суурьших эрхийг хүндэтгэж, ажиллах амьдрах газраа сонгох нөхцөлийг бүрдүүлнэ.
1.4.3. Хүн амын орон нутагтаа тав тухтай амьдран суурьших нөхцөлийг хангаж, байгаль орчны зохисгүй өөрчлөлт, зах зээлийн болзошгүй эрсдлээс хамгаална.
1.4.4. Шилжин суурьшигчдын нийгмийн үйлчилгээнд ногдох зардлыг оршин сууж байсан аймаг, сумын төсвөөс шинээр шилжин суурьшсан газарт шилжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ.
1.5. Гадаад шилжих хөдөлгөөн
1.5.1. Үндэсний язгуур эрх ашиг, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн монгол иргэд хилийн чанадад амьдарч ажиллах, мэдлэг боловсрол эзэмших, өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлэх санаачилгыг урамшуулж, иргэд харилцан сурч хөдөлмөр эрхлэх талаар хоёр ба олон талт идэвхтэй хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжинэ.
1.5.2. Гадаадад ажиллаж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар мөнгө, санхүү, татварын оновчтой бодлого хэрэгжүүлж, мөнгөн гуйвуулгын найдвартай үйлчилгээг хөгжүүлнэ.
1.5.3. Монголоос гадаадад гарч буй өндөр мэргэжлийн боловсон хүчин, өндөр мэргэжил эзэмшсэн монгол иргэдийг эх орондоо буцаан ирүүлэх сонирхлыг бий болгож, ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
1.5.4. Иргэдийг гадаадад хууль бусаар гарган хохироох, орлого олох аливаа үйлдлээс хамгаална.
1.5.5. Албан ёсоор гадаадад ажиллах хүч гаргаж байгаа субъект нь зуучилсан иргэнийг тухайн улсад хэвийн нөхцөлд амьдарч ажиллах боломжийг бүрдүүлэх, түүний ар гэрт туслах талаар гаргасан санаачилгыг дэмжинэ.
1.5.6. Гадаад шилжих хөдөлгөөний үйл явцыг олон улсын харилцаанд ач холбогдол бүхий стратегитэй уялдуулан боловсронгуй болгоно.
1.5.7.Гадаадад сурч ажиллах сонирхолтой монгол иргэдийг шаардлагатай мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх үйлчилгээг дэмжин хөгжүүлнэ.
2. Гэр бүл, хүн амын бүлгийн хөгжлийг хангах талаар
- Хүн амын насны бүтцийн өөрчлөлтөөс үүдэн гарах тулгамдсан асуудлыг хүн амын бүлгийн нас, бие, сэтгэхүй, чадамжийн онцлогт тохирсон, гэр бүл төвтэй бодлогыг хэрэгжүүлэх замаар хүний хөгжлийг хангах чиглэл баримтална.
- Хүн амын бүлэгт хүүхэд, өсвөр үе, залуучууд, эмэгтэйчүүд, тахир дутуу иргэд, ахмад настныг хамруулж, тэдний хөгжлийн асуудлыг хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах төрийн бодлоготой уялдуулан цогцоор авч үзнэ.
- Хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ахмад настан, ядуу, нэн ядуу иргэд, тахир дутуугийн хоёр болон түүнээс дээш төрөлд хамрагддаг эмзэг хэсгийн хүмүүс, шилжин суурьшигчид болон үндэстэн ястны онцлог асуудалд онцгой анхаарна.
2.1. Гэр бүл
2.1.1. Гэр бүл нь хүний амьдралын анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж гэж үзэж түүний хөгжлийн тухай асуудлыг төрийн бодлогын төвд байлгана.
2.1.2. Гэр бүлийн харилцаанд жендэрийн тэгш байдлыг хангана.
2.1.3.Үндэсний өв соёл, удам угсаагаа хүндэтгэн ирсэн ёс заншлыг хүүхэд, залуучуудад уламжлуулан хөгжүүлэхийг дэмжин урамшуулна.
2.1.4.Өмчийн харилцаанд гэр бүлийн гишүүн бүрийг тэгш эрхтэйгээр оролцуулах, эдийн засгийн талаар бие даан хөгжих, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө эзэмших нөхцөлийг бүрдүүлнэ.
2.1.5.Гэр бүлийн хөдөлмөрийн чадвартай гишүүдийн ачааллыг багасгах, тусгай асаргаа шаардлагатай бага насны хүүхэд, өндөр настан, тахир дутуу иргэдэд зориулсан нийгмийн үйлчилгээг бий болгон хөгжүүлнэ.
2.1.6.Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах эрх зүй, зан үйл, хандлагын эерэг орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
2.1.7.Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалалд эцэг, эхийн тэгш оролцоог хангахад чиглэсэн гэр бүлд үзүүлэх дэмжлэгийн хүрээг өргөжүүлнэ.
2.2. Жендэрийн тэгш байдлыг хангах
2.2.1.Жендэрийн тэгш байдлыг эдийн засаг, нийгэм, улс төр, соёл, гэр бүлийн болон хүний эрхийн хүрээнд хангах, аливаа тэгш бус байдал, ялгаварлал, хавчин гадуурхлын бүх шалтгааныг багасган, улмаар арилгах чиглэл баримтална.
2.2.2.Эдийн засгийн өсөлтийг хангах, үр дүнг шударга хуваарилах, нийгмийн хөгжлийг дэмжсэн нийгмийн хамгааллын бодлогод жендэрийн асуудлыг тусган хэрэгжүүлнэ.
2.2.3.Улс төр, өмчийн харилцаа, удирдах болон шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн уламжлалт үүргийг өөрчлөх сэтгэлгээг хүн амын ухамсарт төлөвшүүлнэ.
2.2.4.Хөдөлмөрийн чадвар бүхий гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлт, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ядуурлаас хамгаалах, эрүүл мэндийн доройтлыг арилгах, гэрийн хөдөлмөрийн ачааллыг хөнгөвчлөхөд онцгой анхаарч, эмэгтэйчүүд өөрсдийн чадавхи, бололцоогоо бүрэн ашиглах явдлыг хөхиүлэн дэмжинэ.
2.2.5.Эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хувьд бие даах, хөдлөх, үл хөдлөх өмч эзэмших эрхийг бүрэн эдлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авна.
2.2.6.Эмэгтэйчүүд, хүүхдийг хэрцгийлэх, доромжлох, тарчилган зовоох зэрэг хүчирхийллийн бүх хэлбэр болон тэднийг худалдах, биеэ үнэлэхийг албадах, хөлслөх (янхан болгох) зэрэг гаж буруу замд татан оруулахаас сэргийлнэ.
2.2.7.Ерөнхий боловсролын болон бүх шатны мэргэжлийн сургуульд эрэгтэйчүүдийн суралцах, боловсрол эзэмших таатай орчинг бүрдүүлж, 2005 он гэхэд бага, 2010 он гэхэд дунд, 2015 он гэхэд бүх шатны боловсрол дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгана.
2.3. Өсвөр үе, залуучууд
2.3.1.Өсвөр үе, залуучуудыг оюун ухаан, бие бялдрын өв тэгш хөгжилтэй, нийгмийн хөгжлийг бүтээх, хяналт тавих, боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулах, шийдвэр гаргахад санаа бодлоо илэрхийлж оролцох чадвартай, идэвхтэй иргэд болгон төлөвшүүлэхэд төрийн бодлого чиглэгдэнэ.
2.3.2.Залуу гэр бүлийг орон сууцаар хангах, орлогыг нь нэмэгдүүлэх, зээл, хөгжлийн тусламжид хамруулах боломжийг өргөжүүлнэ.
2.3.3.Өсвөр үе, залуучуудын албан ба албан бус боловсрол, сургалт, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн хэрэгцээ, эдийн засгийн бие даасан байдлыг нь хангаж, бүтээлч чадварыг хөгжүүлнэ.
2.3.4.Залуучуудад байгаль орчин, эх хэл, бичиг үсэг, ёс заншил, соёл иргэншил, удам угсаагаа дээдлэх үзлийг төлөвшүүлэхэд анхаарна.
2.3.5.Өсвөр үе, залуучуудын амралт, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, хөгжих таатай орчинг бий болгоно.
2.3.6.Залуучуудын хэрэгцээ, сонирхол, насанд нь тохирсон, эрхийг нь хангасан нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжин хөгжүүлнэ.
2.3.7.Залуу гэр бүлийн хэрэгцээ, бололцоонд нь тохирсон хүүхэд асрах, халамжлах, хөгжүүлэх үйлчилгээний шинэ хэлбэрийг бий болгоно.
2.3.8.Шинээр гэр бүл болсон залуучуудад бие даан амьдрахад нь төрөөс дэмжлэг үзүүлнэ.
2.4. Хүүхэд
2.4.1.Хүүхдийг дээдлэх зарчимд нийцүүлэн тэдний эрхийг хамгаалах, хөгжүүлэх, хүссэн боловсрол, мэргэжлээ эзэмших орчныг бүрдүүлэх, гэр бүлдээ эрүүл энх, сайн сайхан амьдрах таатай нөхцөлийг хангана.
2.4.2.Хүүхэд бүр халамж, анхаарал хүртэх, эсэн мэнд бойжих, хөхөөр хооллох нөхцөл боломжийг бүрдүүлнэ.
2.4.3.Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролыг хүүхэд бүрт эзэмшүүлэх таатай орчныг бүрдүүлж боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарын ялгааг арилгана.
2.4.4.Хүүхдийн сэтгэц, өсөлт, хөгжлийн онцлогт нийцсэн хоол хүнсээр хангаж эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээг хөгжүүлнэ.
2.4.5.Тахир дутуу, эмгэг согогтой, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг нийгэм, хамт олны дунд төлөвших таатай орчинг бүрдүүлнэ.
2.4.6.Хүүхдийг үл хайхрах, хаях, доромжлох, хүчирхийлэх, хэрцгийлэх, гэмт хэрэг, садар самууны зорилгоор ашиглах, татан оруулах, дамжуулан худалдах зэрэг болзошгүй аюулаас хамгаална.
2.4.7.Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгана.
2.4.8.Хүнд нөхцөлд байгаа хүүхдэд зориулсан нийгмийн цогц үйлчилгээг бий болгоно. Гэр бүлд түшиглэсэн, хүүхдийн оролцоонд тулгуурласан халамж, асрамжийн үйлчилгээг төрөөс урамшуулан дэмжинэ.
2.4.9.Өнчин хүүхдийг гэр бүлийн нөхцөлд өсч хөгжих бололцоогоор хангасан үрчлэгч, асрамжлагч, халамжлагч гэр бүлийг урамшуулан дэмжинэ.
2.5. Ахмад настан, насжилт
2.5.1.Ахмад настан нийгмийн идэвхтэй гишүүн байж, хүсэл сонирхлынхоо дагуу утга төгөлдөр амьдрах орчныг бүрдүүлж, амьдралын чанарыг нь дээшлүүлнэ.
2.5.2.Ахмад настныг насны доройтлоос хамгаалахад чиглэсэн нөхөн сэргээх үйлчилгээг хөгжүүлж, эрүүл насжилтыг дэмжих бодлого баримтална.
2.5.3.Ахмад настанд үзүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, тогтмолжуулна.
2.5.4.Ахмад настанд насан туршийн боловсрол олгох, дахин сургах хөтөлбөрт хамруулж, тэдний бололцоо, сонирхол, хэрэгцээнд тохирсон хөдөлмөр эрхлэхийг дэмжин, эдийн засаг, нийгмийн амьдралд оролцох оролцоог нь нэмэгдүүлнэ.
2.5.5.Ахмад настны мэдлэг, ажлын дадлага туршлагыг хүүхэд залуучуудад өвлүүлэхийг хөхиүлэн дэмжинэ.
2.5.6.Ахмад настанд туслах, тэднийг идэвхтэй амьдрахад чиглэсэн нийгмийн үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг цогцоор нь сайжруулахын хамт энэ чиглэлээр иргэний нийгэм, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын бүхий л санаачилгыг урамшуулан дэмжинэ.
2.6. Тахир дутуу иргэд
2.6.1.Тахир дутуу хүмүүсийн нөөц бололцооны талаарх шинэ хандлага, ойлголтыг бэхжүүлж, нийгмийн идэвхтэй гишүүд байлгах чиглэл баримтална.
2.6.2.Тахир дутуу хүмүүст зориулсан эмнэлгийн болон нийгмийн үйлчилгээ, нөхөн сэргээх эмчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.
2.6.3.Тахир дутуу хүний хязгаарлагдмал боломжид тохирсон амьдрах орчны дэд бүтцийг сайжруулж, нийгмийн зүгээс тэдэнд хандах таатай хандлагыг төлөвшүүлнэ.
2.6.4.Тахир дутуу хүмүүс нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын амьдралд оролцох, нөхөн үржихүйн эрхээ эдлэх, гэр бүл болоход тулгарч болох гадуурхлын аливаа хэлбэрийг арилгах нөхцөлийг бүрдүүлнэ.
2.6.5.Тахир дутуу хүмүүст зориулсан нийгэм, хамт олонд түшиглэсэн үйлчилгээг хөгжүүлнэ.
3. Хүний амьдралын чанарыг сайжруулах талаар
- Хүн ам эрүүл орчинд амьдрах, хөдөлмөрлөх, амьдрал ахуйгаа сайжруулах, мэдлэг боловсрол эзэмшин нийгмийн амьдралд үр бүтээлтэй оролцох, хөгжих орчныг нь бүрдүүлэх замаар хүний амьдралын чанарыг сайжруулах чиглэл баримтална.
3.1. Эрүүл мэнд
3.1.1.Хүн эрүүл байх эрхээ эдлэхэд шаардлагатай, хүрэлцээтэй, хүртээмжтэй, сэтгэлд нийцсэн, чанартай эрүүл мэндийн үйлчилгээг хүн амд хүргэж, олон улсын жишигт ойртуулна.
3.1.2.Эрүүл мэндийн үйлчилгээний байр, тоног төхөөрөмжийн хүртээмж, үйлчилгээний үнэ нь иргэдийн төлбөрийн чадвартай уялдсан, иргэдэд тэгш үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
3.1.3.Иргэд өөрийн эрүүл мэндийг хамгаалах асуудалтай холбоотой мэдээллийг хайх, олж авах тогтолцоог бүрдүүлнэ.
3.1.4.Эрүүл хоол хүнс, орон байр, ундны ус, шаардлага хангасан аюулгүй ажлын байр, хүрээлэн байгаа орчныг бүрдүүлж, хүн амыг эрүүл, эсэн мэнд амьдрах нөхцлөөр хангана.
3.1.5.Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, хорт зуршил, өвчин эмгэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зан үйлд сургах замаар өвчлөл эндэгдлийг бууруулна.
3.1.6.Хүний амьдралын чанарт сөргөөр нөлөөлж өвчин эмгэг, осол гэмтэлд хүргэж буй хүчин зүйлээс сэргийлэх, улмаар шалтгаан, үр дагаврыг арилгана.
3.1.7.Хүн амын эрүүл мэндийг байгалийн хүчин зүйлээр нөхөн сэргээх, рашаан усыг эмчилгээ сувилгаанд хэрэглэхийг хөхиүлэн дэмжинэ.
3.1.8.Гэр бүлд угийн бичгийг хөтлүүлж, цус ойртох, удамшлын өвчнөөс хүн амыг сэргийлэхэд дэмжлэг үзүүлнэ.
3.2. Боловсрол
3.2.1.Хүн өөрөө хөгжлийн үйл явцын идэвхтэй гишүүн байж амьдралын дадал, чадвар эзэмших, эрх мэдэл, амьжиргааны түвшингээ дээшлүүлэх гол хэрэгсэл нь боловсрол гэж үзэж, боловсролын чанар, хүртээмж, үр ашиг, түүнээс авах сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ.
3.2.2.Хүн бүрт боловсрол эзэмших тэгш сонголт, адил боломжийг олгож, хүүхдэд суурь боловсролыг заавал, насанд хүрэгчдэд хэрэгцээтэй боловсролоо өөртөө тохиромжтой хэлбэрээр, бололцоотой хугацаандаа тасралтгүй эзэмших нөхцөлийг бүрдүүлнэ.
3.2.3.Мэргэжлийн боловсрол олгох сургалтын агуулга, арга технологийг уян хатан болгож хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, хөрвөх чадвартай мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэнэ.
3.2.4.Насанд хүрэгчдийн бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгана.
3.2.5.Хүн амын оюуны бүтээлийн үнэлэмжийг эрс дээшлүүлэх эрх зүйн орчинг бий болгож, хэрэгжүүлнэ.
3.3. Нийгмийн хамгаалал
3.3.1.Нийгмийн хамгааллын үйлчилгээнд иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ.
3.3.2.Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний төвлөрлийг сааруулж, нийгэм, хамт олонд түшиглэсэн хэлбэрийг гэр бүлд чиглэсэн цогц үйлчилгээ болгон өргөжүүлж, нийгмийн ажлыг хөгжүүлнэ.
3.3.3.Эдийн засгийн идэвхтэй нийт хүн амыг тэтгэврийн даатгалд хамруулах, тэтгэврийн санг бүрдүүлэх олон хэлбэрийг бий болгож, нэг хүнд ногдох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ.
3.3.4.Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулж, үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулж, хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмжийн асуудалд анхаарна.
3.3.5.Хэрэглэгчдийг чанарын баталгаатай бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээр хангах, энэ талын мэдээлэл авах эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
3.4. Орлого ба ядуурал
3.4.1.Ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгахад иргэдийг идэвхтэй оролцуулж, тэдэнд хөгжлийн тусламж, дэмжлэг үзүүлэх замаар нийгмийн эмзэг хэсгийн амьжиргааны баталгаажих түвшинд амьдрах эрхийг хангана.
3.4.2.Хүн амыг орлогын болон оюуны ядууралд өртөхөөс урьдчилан сэргийлнэ.
3.4.3.Хүн амын амьжиргааны чадавхийг дэмжин хөгжүүлэх эдийн засаг, нийгэм, дэд бүтцийн зайлшгүй үйлчилгээ, технологи, мэдээллийн хүртээмжийг өргөжүүлнэ.
3.4.4.Эмзэг, ядуу, дунд хэсгийн хүн амд насан туршдаа суралцах, нийгмийн суурь үйлчилгээг тэгш хүртэх, хөдөлмөр эрхлэх, эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэх замаар орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж, удам дамжсан ядууралд өртөхөөс хамгаална.
3.4.5.Ядуу, нэн ядуу өрхийг орлогыг нь нэмэгдүүлэх хөгжлийн зээл, тусламжид хамруулах замаар ядуурлаас гаргана.
3.4.6.Сургууль завсардалтыг багасгах, суралцах таатай орчныг бий болгох, мэргэжилтэй багшлах боловсон хүчний хангамжийг сайжруулах замаар хөдөө дэх оюуны ядуурлыг бууруулна.
3.4.7.Хүн амын амьжиргааны түвшинг тухайн үеийн инфляцийн түвшинтэй уялдуулан хүний амьдралын наад захын хэрэгцээг хангахуйц хүрэлцээтэй хэмжээгээр тогтооно.
3.5. Орон байр
3.5.1.Хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, нөхцөлийг нь сайжруулахад чиглэсэн эдийн засаг, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэл баримтална.
3.5.2.Хот сууринд амьдардаг хүн амын орон сууцны фондыг нэмэгдүүлж, нөхцөлийг нь сайжруулах, хөдөө орон нутагт нүүдэллэн амьдардаг хүн амыг уламжлалт гэр сууцаар хангахад дэмжлэг үзүүлнэ.
3.5.3.Иргэдийн хөдөлмөр, хөрөнгө хоршин орон сууц барих хөдөлгөөнийг хөхиүлэн дэмжинэ.
3.5.4.Залуу гэр бүл, оюутнуудад зориулсан орон сууцны цогцолбор, нийтийн байр барих, аж ахуйн нэгж, байгууллагаас ажиллагчдаа орон байраар хангах талаар гаргасан санал санаачилга, хөдөлгөөнийг хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжинэ.
3.6. Хоол хүнс
3.6.1.Хүн амын хоол хүнсний хангамжийг сайжруулж, калори, амин дэмээр баялаг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах чиглэл баримтална.
3.6.2.Монгол хүний хоол хүнсний физиологийн нормыг нас, хүйс, ажил мэргэжлийн онцлог, нутаг дэвсгэр, уур амьсгалын онцлогтой уялдуулан тогтооно.
3.6.3.Хүн амын хүнсний аюулгүй байдалд тавих эрүүл ахуй, халдвар судлалын хяналтыг тогтмолжуулна.
3.6.4.Бага насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, ахмад настан болон тусгай хоол хүнс хэрэглэдэг хүн амын хоол хүнсийг үйлдвэрлэх, хадгалах, түгээх үйлчилгээний сүлжээг хөгжүүлнэ.
3.6.5.Хоолыг орлох, дутагдалтай эрдэс бодисыг нөхөх нэмэгдэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг дэмжинэ.
3.6.6.Хүн амыг зохистой зөв хооллох, эрүүл хүнс хэрэглэж хэвших, хорт зуршлаас өөрийгөө хамгаалахад чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг өргөжүүлнэ.
3.7. Байгаль орчин
3.7.1.Байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, нөөц баялгийг зохистой ашиглах, байгаль экологид халгүй технологи, үйлдвэрлэл хөгжүүлэх замаар хүн байгальтайгаа зохицож өөрийн чадавхи, нөөцөд түшиглэн, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
3.7.2.Ган, зуд, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг байгалийн гамшгийн улмаас хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад сөргөөр нөлөөлж болох хүчин зүйлийн нөлөөг багасгах талаар гаргасан санал санаачилгыг урамшуулан дэмжинэ.
3.7.3.Хүн амыг олноор хөнөөх аюултай өвчин тахал гарах, ой мод, бэлчээр, ургамлыг устгах хортон шавьж олшрох, агаар, ус, хөрсөөр дамжин цацраг идэвхт бодис, химийн бохирдол ихсэхээс сэргийлнэ.
3.7.4.Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж хот суурин газрын ногоон бүсийг бохирдлоос хамгаална.
3.7.5.Хүн амын хэт төвлөрлөөс үүдэн байгаль орчны тэнцвэр алдагдахаас урьдчилан сэргийлнэ.
3.7.6.Усны нөөцийг ашиглах, хамгаалах менежментийг сайжруулж нэг хүнд ноогдох эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усны хэрэглээг 2015 он гэхэд хоногт дунджаар 20 литрт хүргэнэ.
4. Бодлогыг хэрэгжүүлэх арга замын талаар
- Олон нийт, шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдад мэдээлэл хүргэх, ухуулга сурталчилгаа явуулах, сургалт судалгаа хийх үндэсний чадавхийг бэхжүүлэх замаар хүн амын хөгжлийн асуудлаарх дэмжлэгийн таатай орчныг бүрдүүлнэ.
- Хүн ам, хөгжлийн асуудалд улс төр, нийгэм, эдийн засгийн дэмжлэгийг бүх шатанд бүрдүүлэх, хөрөнгө нөөцийг дайчлах, харилцан мэдээлэл солилцох, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах, туршлага солилцох, ололт амжилтаа бататгах чиглэлээр түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлнэ
- Хүн амын асуудлыг үндэсний стратеги, бодлогыг тодорхойлох, хөтөлбөр, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх, уялдуулан зохицуулах, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.
4.1. Хүн амын бүртгэл, мэдээлэл, судалгаа
4.1.1.Иргэний болон хүн ам, өрхийн бүртгэлийн мэдээллийн сүлжээ бий болгож мэдээллийн бусад сантай холбон, хүн ам, хөгжлийн асуудлаарх мэдээллийн цогц сан байгуулна.
4.1.2.Бүртгэлийн нэгдсэн сүлжээг найдвартай ажиллуулахад шаардлагатай орчин үеийн техник хэрэгслээр хангана.
4.1.3.Хүн амын талаарх мэдээлэл, судалгааны чанарыг олон улсын түвшинд хүргэж бүртгэлд хамралтын түвшинг байнга нэмэгдүүлнэ.
4.1.4.Хүн амын хүчин зүйлийг хөгжлийн төлөвлөлтөд тусгахад шаардлагатай статистик мэдээлэл цуглуулж боловсруулах, хэрэгцээ, тулгамдсан асуудлын талаарх хэтийн тооцоо, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд шуурхай хүргэх тогтолцоог бүрдүүлнэ.
4.1.5.Хүйсээр ангилсан мэдээлэл, судалгааг өргөжүүлнэ.
4.1.6.Орчин үеийн судалгаа шинжилгээний арга зүй, ололтод үндэслэн монгол хүн судлалыг хөгжүүлнэ.
4.2. Мэдээлэл, сурталчилгаа
4.2.1.Хүн ам, хөгжлийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлахад мэдээллийн хэрэгслийн үр нөлөөг дээшлүүлнэ.
4.2.2.Тогтвортой хөгжлийн талаарх хүн амын ойлголтыг сайжруулах, эрхийг хангах, хөгжлийн үйл явцад тэдний гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг өргөжүүлнэ.
4.2.3.Хэрэглэгчдийг мэдээ мэдээллээр цаг алдалгүй хангах, хүн амд хүргэх үйлчилгээг шуурхай болгоход чиглэсэн мэдээллийн шинэ технологийн хэрэглээ, хангамжийг нэмэгдүүлнэ.
4.2.4.Хүн ам, хөгжлийн асуудлаарх дэмжлэгийн таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн ухуулга сурталчилгааг эрчимжүүлнэ.
4.2.5.Хүн амын мэдээлэл хүлээн авах орчныг сайжруулах, орон нутгийн хэвлэл мэдээллийн сүлжээг өргөтгөж үйлчилгээг нь хүртээмжтэй болгох, ялангуяа, алслагдсан нутгийн хүн амд мэдээлэл хүргэх, хүлээн авах, дамжуулах боломжийг сайжруулна.
4.3. Чадавхийг бэхжүүлэх
4.3.1.Хүн ам, хөгжлийн асуудлыг улс орны нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөл байдалд цогцоор авч үзэх, стратегийн төлөвлөлт, бодлого, хөтөлбөрт уялдуулан үндэсний чадавхийг бэхжүүлнэ.
4.3.2.Хүн ам судлал, хүн ам, хөгжлийн асуудлаар үндэсний түвшинд мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэхийг дэмжинэ.
4.3.3.Хүн ам, хөгжлийн сургалтын баазыг бэхжүүлэх, сургалтын бүтэц, агуулга, технологийг олон улсын жишигт хүргэж боловсронгуй болгоно.
4.4. Түншлэл, хамтын ажиллагаа ба хөрөнгө нөөцийг дайчлах
4.4.1.Хүн амын хүчин зүйлсийг хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусган үндэсний бодлого, хөтөлбөрийн уялдаа холбоог сайжруулах, хэрэгжүүлэхэд төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааг идэвхжүүлнэ.
4.4.2.НҮБ, түүний төрөлжсөн байгууллага болон гадаад орнуудын дэмжлэгийг хүн ам, тогтвортой хөгжлийн талаарх үндэсний бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, олон улс, бүс, дэд бүсийн хэмжээнд хамтран ажиллах, хөрөнгө нөөцийг дайчлах таатай орчинг бүрдүүлэхэд чиглүүлнэ.
4.4.3.Хүний аюулгүй байдлыг хангах сайн засаглалыг бүрдүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд өмчийн бүх хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн гаргасан санал санаачилга, хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжиж хамтран ажиллана.
4.4.4.Иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс хүн ам, хөгжлийн хүрээний асуудлыг тодорхойлох, хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог өргөжүүлэх чиглэлээр гаргаж буй санал, санаачилгыг дэмжинэ.
4.5. Хүн амын хөгжлийн талаарх үндэсний тогтолцоо
4.5.1.Монгол Улсын Их Хурал (Парламент) нь хүн амын хөгжлийн талаарх бодлогыг тодорхойлон эрх зүйн орчинг боловсронгуй болгож, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилт, энэ чиглэлээр Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаанд хяналт тавина.
4.5.2.Засгийн газар нь хүн ам ба хөгжлийн талаарх хууль тогтоомж, олон улсын гэрээ, энэхүү бодлогын биелэлтийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын нэгдсэн төсөвт тусган зохион байгуулах, хөрөнгө нөөцийг хуваарилах, төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангах, санал санаачилгыг урамшуулан дэмжих, уялдуулан зохицуулах ажлыг УИХ-ын өмнө шууд хариуцна. Хүн амын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хүн амын хөгжлийн асуудлыг хэрэгжүүлэх үндэсний тогтвортой чадавхи бүхий бүтцийг бүрдүүлнэ.
4.5.3.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь хүн амын хөгжлийн асуудлыг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусган хэрэгжүүлж буй байдалд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, энэ үйл ажиллагаанд орон нутгаас зарцуулах хөрөнгө нөөцийг нэмэгдүүлэх, иргэдийн ашиг сонирхлыг хамгаалан шийдвэр гаргах үйл явцад тэдний идэвхтэй оролцоог хангана.
4.5.4.Хүн ам, хөгжлийн асуудлаарх зөвшилцлийн байгууллага нь энэхүү бодлогын хэрэгжилтийн байдалд хяналт тавих, зөвлөмж гаргах, цаг үеийн шинжтэй арга хэмжээг уялдуулан зохицуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
4.5.5.Иргэний нийгэм хүний эрх, эрх чөлөө, хөгжил зэрэг аливаа асуудлаар гаргасан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ялгаварлал, шударга бус үйлдлийг таслан зогсооход идэвхтэй хамтран ажиллана.
4.6. Хяналт, шинжилгээ, үнэлгээ
4.6.1.Хүн амын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас түншлэгч талуудтай хамтран Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд үе шат бүрийн эцэст хяналт, шинжилгээ, үнэлгээг хийнэ.
4.6.2.Хяналт, шинжилгээ, үнэлгээний үр дүн, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан энэхүү бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хүн ам, хөгжлийн талаарх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг авна.
___оОо___
Текст томруулах
A
A
A