- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙГ 2001-2004 ОНД ХУВЬЧЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Улсын Их Хурлын 2001 оны 10 дугаар тогтоолын хавсралт
ТӨРИЙН ӨМЧИЙГ 2001-2004 ОНД ХУВЬЧЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
ТӨРИЙН ӨМЧИЙГ 2001-2004 ОНД ХУВЬЧЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1.Төрийн өмч хувьчлалын зорилго
Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн зорилго нь өмч хувьчлалыг улам эрчимжүүлж, хувийн өмчийн оролцоог нэмэгдүүлэх замаар эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, өсөлтийг хангах, улмаар хүн амын аж амьдралыг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл нь хувьчлалын талаар баримтлах төрийн бодлого, энэ ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх зарчим, арга хэлбэрийг тодорхойлж байгаа стратегийн шинж чанартай, Монгол Улсын Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, агентлаг болон бусад холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэд дагаж мөрдвөл зохих баримт бичиг мөн.
1.2.Төрийн өмчийг хувьчлахад баримтлах нийтлэг зарчим
Төрийн өмчийг хувьчлахад дараахь нийтлэг зарчмыг баримтална:
-эдийн засагт хувийн хэвшлийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх үндсэн дээр үйлдвэрлэлийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хувьчлалын дараа төсвийн орлогыг бууруулахгүй байх;
-тухайн салбарт байгаа дангаар ноёрхох байдлыг задлах, шударга өрсөлдөөн үүсэх нөхцөлийг бүрдүүлэх;
-гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогыг эдийн засгийн талаар хангах;
- төрөөс аж ахуйн үйл ажиллагаанд оролцох явдлыг багасгах, улсын төсвийн бүтцийг оновчтой болгох, үр өгөөжийг нь дээшлүүлэх;
-төрийн зохицуулалтын үүргийг аж ахуйн үйл ажиллагаанаас тусгаарлаж , зохицуулах үүрэг бүхий байгууллагын хараат бус байдлыг хангах;
-хувьчлалын үр дүнд гарч болох нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон сөрөг үр дагаврыг багасгах;
-байгаль орчин, аюулгүй байдлыг хамгаалах;
-өр, зээлийг баталгаажуулах, шаардлагатай бол зарим өрийг тусгаарлах, өр төлбөрийг төлөх хуваарийг шинэчлэн баталгаа гаргаж, хэрэгжүүлэх;
1.3.Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт
Энэхүү Үндсэн чиглэлийг дараахь бүтэц, зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ:
- Үндсэн чиглэлийн дагуу хувьчлалын явц, үр дүнгийн байдалд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хяналт тавина. Улсын Их Хурал Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаар жил бүр Засгийн газрын тайланг хэлэлцэж, чиглэл өгөх;
-хувьчлах аж ахуйн нэгж, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт, энэхүү жагсаалтад орсон хөрөнгө /объект/-ийг хувьчлах арга, хэлбэрийг Засгийн газар жил бүр батлан гаргаж ,Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг зохион байгуулах;
-хувьчлах аж ахуйн нэгж, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтад орсон аж ахуйн нэгж, үл хөдлөх эд хөрөнгийг /объектыг/ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу хувьчлах ажлыг Төрийн өмчийн хороо эрхлэн явуулж, дүнг Засгийн газарт хагас жил тутам тайлагнах;
-энэхүү Үндсэн чиглэлд заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагыг удирдлагын, гүйцэтгэлийн болон түрээсийн гэрээгээр ажиллуулах тухай Засгийн газрын шийдвэрийг Төрийн өмчийн хороо тухайн чиглэлийн / салбарын/ төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлж явц, үр дүнг тодорхой хугацаанд хянан үзэж, Засгийн газарт мэдээлэх;
-аж ахуйн нэгж, байгууллагын бүтцийн өөрчлөлтийн асуудлыг Төрийн өмчийн хороо тухайн чиглэлийн /салбарын/ төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэж, энэ тухайгаа Засгийн газарт мэдээлэх.
1.4.Өмч хувьчлалын арга, хэлбэр
Өмч хувьчлалд хэрэглэж байсан дуудлагаар худалдах, уралдаант шалгаруулалт /төсөл сонгон шалгаруулах/, төрийн өмчийн хувьцаа, хувь хөрөнгийг худалдах, төрийн өмчийн хуулийн этгээдийг хамтарсан хэлбэрээр өөрчлөн байгуулах, татан буулгаж эд хөрөнгийг хувьчлах, давуу эрхтэй тусгай төрлийн хувьцаа гаргах, менежментийн үр дүнг харгалзан хувьчлах зэрэг уламжлалт аргуудыг хэрэглэхийн зэрэгцээ олон улсын тендер /уралдаант шалгаруулалт/, удирдлагын гэрээ, гүйцэтгэлийн гэрээ, түрээсийн гэрээ зэрэг арга, хэлбэрийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын онцлогт нь тохируулан дангаар буюу хослуулан хэрэглэнэ.
Төрийн эзэмшлийн хувьцааг шаардлагатай хэмжээгээр багцлан худалдах, нэмэлт хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх, алдагдалтай, цаашид ашигтай ажиллах боломжгүй аж ахуйн нэгжийг татан буулгаж, эд хөрөнгийг нь худалдах зэрэг өмч хувьчлалын арга, хэлбэрийг тухайн аж ахуйн нэгжийн онцлогт тохируулан хэрэглэнэ.
1.5.Өмч хувьчлалын талаархи мэдээлэл
Өмч хувьчлалын талаархи мэдээллийг нийтэд адил тэгш, хүртээмжтэй хүргэж, өмч хувьчлалыг ил тод явуулна. Өмч хувьчлалд оролцогч, хувьцаа эзэмшигч, сонирхогч этгээдийг шаардлагатай мэдээллээр хангах, сонголтоо үндэслэлтэй хийх боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн мэдээлэл, сурталчилгааны ажлыг Төрийн өмчийн хороо тогтмол явуулна.
Төрийн өмчийн хувьчлалын талаархи мэдээлэл, сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн орчин үеийн техник, технологи ашиглан олон нийтэд өргөнөөр мэдээлэх ажлыг Төрийн өмчийн хороо зохион байгуулна.
Төрийн өмчийн хороо өмч хувьчлалыг сурталчлах, зах зээлийн үнийн баримжааг тодорхойлох, уралдаант шалгаруулалтын нөхцөл, бичиг баримтыг боловсруулах, ирүүлсэн саналыг дүгнэж хөрөнгө оруулагчдыг шалгаруулах, уралдаант шалгаруулалтад ялагчтай гэрээ, хэлцэл хийх зэрэгт зөвлөгч болон зуучлагчдыг шалгаруулан авч ажиллуулж болно.
1.6.Өмч хувьчлалын эрх зүйн орчин
Өмч хувьчлалын талаар мөрдөж байгаа эрх зүйн актыг хувьчлалын талаар баримтлах төрийн бодлоготой уялдуулан боловсронгуй болгох ажлыг дараахь чиглэлээр үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ:
-орон нутгийн өмчийн удирдлага, зохицуулалт, хяналт, хувьчлалтай холбогдсон эрх зүйн харилцааг боловсронгуй болгох. Ингэхдээ орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг өргөтгөх, өмчийн удирдлага, бүртгэл, хяналт, хувьчлалын талаар нэгдсэн бодлого, зохицуулалтыг оновчтой болгох;
-дэд бүтэц, нийгмийн салбар дахь төрийн зохицуулалтыг аж ахуй, үйлчилгээний үйл ажиллагаанаас тусгаарлаж, зохицуулах үүрэг бүхий байгууллагын хараат бус байдлыг хангах;
-санхүүгийн олон төрөлт, уян хатан зах зээлийг бүрдүүлэх;
-аж ахуйн гэрээний эрх зүйн үндсийг өнөөгийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох;
-аж ахуй эрхлэгчээс төрийн байгууллагатай харилцан үр ашигтай хамтран ажиллах тогтолцоог төлөвшүүлэх.
ХОЁР. Тодорхой салбар, аж ахуйн нэгжийн хувьчлал, өөрчлөн байгуулалт
2.1.Үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийн хувьчлал, өөрчлөн байгуулалт
Тухайн салбарт голлох байр суурь эзэлдэг, эдийн засгийн стратегийн ач холбогдолтой, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц аж ахуйн нэгжийг үнэ цэнэтэй аж ахуйн нэгж гэнэ. Үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийн хувьчлалд гадаадын стратегийн хөрөнгө оруулагчдыг түлхүү оролцуулах замаар техник, технологийг орчин үеийн шаардлагын түвшинд хүргэн шинэчлэх, аж ахуйг олон улсын хэмжээнд хөтлөн явуулах удирдлагын арга барилыг Монгол Улсад нэвтрүүлэх, аж ахуйн нэгжийн дангаар ноёрхох байдлыг задлах, Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн хувьд хангах явдлыг урьдал болгоно. Эдгээр зарчмыг хувьчлах нөхцөл, хувьчлалын гэрээ зэрэг баримт бичигт тусган хэрэгжүүлнэ. Үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийг хувьчлахдаа түүний үйлдвэрлэлийн онцлог байдал, улсын эдийн засагт гүйцэтгэж байгаа үүрэг, ач холбогдлыг бууруулахгүй байх нөхцөлийг харгалзан үзнэ.
2.1.1.Худалдаа хөгжлийн банк ХХК
Олон улсын хэмжээнд нэр хүнд бүхий, улс хоорондын банкны үйл ажиллагааны туршлага хуримтлуулсан дотоод, гадаадын стратегийн хөрөнгө оруулагчид төрийн эзэмшлийн хувьцаанаас тэдгээрийн сонирхох хэмжээний багцыг уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлахдаа дараахь зарчмыг баримтална:
-тус банкны үйл ажиллагааг өргөтгөх, банкны секторт түүний эзэлж байгаа байр суурийг хадгалж, бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болгох;
-олон улсын туршлага, стандартад нийцэхүйц орчин үеийн банкны мэдээллийн технологи, удирдлагын арга барил /ноу-хау/ нэвтрүүлэх;
-санхүүгийн зуучлалын хүрээг өргөтгөх, үйлчилгээний дэвшилтэт арга, хэлбэр, эрсдлийг багасгах шинэ арга барилыг нэвтрүүлэх.
2.1.2.Нефть импорт концерн ХК
Нефть импорт концерн ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаанаас энэ чиглэлийн бизнес эрхэлдэг бөгөөд олон улсын хэмжээнд нэр хүнд бүхий дотоод, гадаадын стратегийн хөрөнгө оруулагчид түүний сонирхох хэмжээний багцыг уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлахдаа дараахь зарчмыг баримтална:
-нефть бүтээгдэхүүний импортын эх үүсвэрийг өргөжүүлэх, түүний хангамжийг найдвартай болгох, бүтээгдэхүүний өртгийг бууруулах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох;
-нефтийн барилга байгууламж, үндсэн хөрөнгийг олон улсын стандартад хүргэхэд зориулж хөрөнгө оруулалт хийх;
-нефтийн бүтээгдэхүүний технологийн болон шатахуун түгээх станц, нефтийн агуулахын стандартад тавих хяналт, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, байгаль орчны аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээг тусгайлан авч хэрэгжүүлэх;
-нефтийн бүтээгдэхүүний улсын нөөцийг зах зээлийн үеийн механизмын үндсэн дээр бүрдүүлэх;
-нефтийн бүтээгдэхүүний импортод хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж байгаатай уялдуулан Нефть импорт концерн ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлахын өмнө бүтээгдэхүүний чанарын лабораторийн сүлжээг тоног төхөөрөмжийн хамт тусгаарлан зохион байгуулж, нийтэд үйлчилдэг болгох.
2.1.3."Говь" ХК
Монгол ноолуураар үр ашигтай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх урт хугацааны стратегийг хэрэгжүүлэх чадвартай, олон улсын хэмжээнд нэр хүнд бүхий, санхүүгийн чадавхтай гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид тэдгээрийн сонирхох хэмжээний хувьцааны багцыг уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлахдаа дараахь зарчмыг баримтална:
-компанийн боловсруулах хүчин чадлыг шинэчлэн өргөтгөх хөрөнгө оруулалт хийх;
-бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, боловсруулалтыг гүнзгийрүүлэх замаар үйлдвэрлэсэн үнэ цэнэ бүхий эцсийн бүтээгдэхүүний зах зээлийг нэмэгдүүлэх;
-орчин үеийн удирдлага, технологийн ноу-хауг нэвтрүүлэх замаар монгол ноолуурын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, салбарын тогтвортой хөгжлийг хангах.
2.1.4.Төрийн өмчит даатгалын компани
Олон улсын хэмжээнд нэр хүнд бүхий, санхүүгийн чадавхтай, даатгалын үйл ажиллагааг амжилттай явуулж ирсэн туршлагатай дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид даатгалын компанийн төрийн эзэмшлийн хувьцааны тодорхой хэсгийг уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлахдаа дараахь зарчмыг баримтална:
-даатгалын хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг хөрөнгийн зах зээлд үр ашигтай байршуулах үйлчилгээг нэвтрүүлэх, энэ талаархи эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
-даатгалын үйл ажиллагааг олон улсын хэм хэмжээнд хүргэж, компанийг хөрөнгөжүүлэх;
-даатгалын үйл ажиллагааны болон компанийн удирдлагын шинэ, боловсронгуй арга барилыг нэвтрүүлэх;
-даатгалын компанийн үйл ажиллагааг өргөтгөж, даатгалын төрлийг нэмэгдүүлэх замаар бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх.
2.1.5.Монголын иргэний агаарын тээвэр ТӨҮГ
Иргэний агаарын тээврийн салбарын өөрчлөн байгуулалтыг гүнзгийрүүлж дараахь ажлыг хийж гүйцэтгэнэ:
-Монголын иргэний агаарын тээвэр ТӨҮГ-ын харьяалалд ажилладаг дундын үйлчилгээний зориулалт бүхий газрын үйлчилгээний багц төхөөрөмж, газар дээрх зарим үйлчилгээ /хоол, шатахууны сумлалт г.м/-г тусгаарлан зохион байгуулж Монгол Улсад нислэг үйлддэг иргэний болон бусад авиакомпани, нисэх онгоцонд ялгаваргүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, ээлж дараалалтай хувьчлах;
-Монголын иргэний агаарын тээвэр ТӨYГ-ыг төрийн өмчийн хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн хувьцааны 49 хувийг хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа, үйлчилгээг нь сайжруулах, техник технологийн шинэчлэл хийх санхүүгийн чадавхитай, олон улсын хэмжээнд нэр хүнд бүхий иргэний агаарын тээврийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллагад уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах; /Энэ хэсгийг 2002 оны 87 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан./
-иргэний агаарын тээврийн салбарт хувийн хэвшлийн үүрэг өсч байгаатай холбогдуулан техникийн бүрэн бүтэн байдал, нислэгийн аюулгүй байдлын хяналтын системийг боловсронгуй болгох.
2.1.6.Монгол-Оросын хамтарсан Монросцветмет ХХК, Эрдэнэт ХХК-ийн өөрчлөн байгуулалт
Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө болон эдгээр компанийн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн өнөөгийн байдал зэргийг нь харгалзан Эрдэнэт ХХК-ууд дахь өөрийн хувийг Монгол Улс ойрын жилүүдэд хувьчлах бодлого баримтлахгүй болно. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар "Монголросцветмет" нэгдлийн үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, үр ашгийг дээшлүүлэх, тэдгээрийг түшиглэсэн хот, тосгодын соёл, боловсрол, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжуудын хэвийн ажиллагааг алдагдуулахгүй, ажиллагсдын нийгэм, ахуйн нөхцлийг бууруулахгүй байхаар хувьчлах боломжийг "Монголросцветмет" нэгдлийн үйл ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 1991 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Хэлэлцээрийн хүрээнд Оросын талтай зөвшилцөх.
Эдгээр компанид орчин үеийн удирдлагын арга барил нэвтрүүлэх, өртөг зардлыг бууруулах, үр ашгийг дээшлүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтыг гүнзгийрүүлэх талаар сонирхогч этгээд /ялангуяа олон улсын байгууллага/-тэй хамтран ажиллана. /Энэ хэсэгт 2003 оны 44 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/
2.1.7.Хөтөл дахь цемент шохойн үйлдвэр ТӨҮГ
Цемент, шохойн төрийн өмчит үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, төрийн эзэмшлийн тодорхой хэсгийг хувьчлахдаа дараахь зарчмыг баримтална:
-цементийн үйлдвэрлэлийн техник, технологийг орчин үеийн түвшинд шинэчлэн сайжруулж, Монгол Улсын экспортод гаргах бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр ажиллах дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид уралдаант шалгаруулалтын аргаар зарлан хувьчлах; /Энэ хэсэгт 2004 оны 19 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/
-уралдаант шалгаруулалтын нөхцөлд үйлдвэрийн орчны экологи болон Хөтөл тосгоны нийгмийн асуудлаар тодорхой /хувьчлалд шууд саад болохгүй/ шаардлага тавих.
2.1.8.Хар төмөрлөгийн ТӨҮГ
Хар төмөрлөгийн үйлдвэрийн түүхий эдийн нийлүүлэлт, санхүүгийн байдал хүнд байгааг харгалзан түүнийг өөрчлөн байгуулах талаар дараахь арга хэмжээ авна:
-хэвийн ажиллагааг хангах нөхцөлөөр үйлдвэрийн удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх. Удирдлагын гэрээгээр үйлдвэрийн эд хөрөнгө, хөрөнгийн эрх хувийн өмчид шилжихгүй.
-удирдлагын гэрээгээр ажиллах этгээдийг уралдаант шалгаруулалтын аргаар шалгаруулах.
2.1.9. Монгол, Болгарын "Монголболгаргео" хамтарсан үйлдвэр
"Монголболгаргео" хамтарсан үйлдвэрийг өөрчлөн байгуулах, төрийн эзэмшлийн ногдол хувийг хувьчлахдаа дараахь зарчмыг баримтална:
-Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулан хамтарсан үйлдвэрийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулах;
-Болгарын талтай хэлэлцэн тохиролцох замаар хамтарсан үйлдвэрийг хувьчлах асуудлыг шийдвэрлэх. Энэ хэсэгт 2003 оны 45 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон/
2.1.10 Монгол –Амикаль ХХК
Монгол–Амикаль ХХК-гийн төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлахдаа дараахь зарчмыг баримтална:
-Монголын талаас хөрөнгө оруулахтай холбогдон үүссэн өрийн асуудлыг шийдвэрлэх;
-Монголын тал өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа нөгөө талтай тохиролцсоны үндсэн дээр багцлан худалдах.
2.1.11. Архи, пиво,ундаа ХК
Архи, пиво,ундаа ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлахдаа дараахь зарчмыг баримтална:
-хувьчлахын өмнө Ургамлын тосны үйлдвэр байгуулахтай холбогдон байгуулсан охин компани болон Энэтхэг Улсаас авсан зээлийг эргэн төлөх зэрэг маргаантай байгаа өр, авлагын асуудлыг шийдвэрлэх;
-төрийн эзэмшлийн хувьцааны тодорхой хэсгийг битүүмжилсэн дуудлага худалдаагаар багцлан худалдах замаар хувьчлах.
2.2.Дэд бүтцийн салбарт хийгдэх хувьчлал, өөрчлөн байгуулалт
Дэд бүтцийн салбарт хамрагдах төрийн өмчийн аж ахуйн нэгжийн ихэнх нь аж ахуйн үйл ажиллагааны зэрэгцээ салбарынхаа хэмжээнд төрийн зохицуулах үүргийг гүйцэтгэж байна. Иймд уг салбарт хувьчлал, өөрчлөн байгуулалтыг хийхдээ төрийн зохицуулалтын тогтолцоог зах зээлийн үед байвал зохих арга хэлбэрт шилжүүлэх явдлыг урьдал болгоно.
Дэд бүтцийн салбарт хувьчлал явуулахдаа хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, өрсөлдөөнийг өрнүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдуулан явуулахыг иш үндэс болгоно.
2.2.1.Эрчим хүчний салбар
Эрчим хүчний салбарын өөрчлөн байгуулалтыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Нэгдүгээр үе шатанд эрчим хүчний салбарын үйлдвэрлэл, удирдлагын өнөөгийн тогтолцоог зах зээлийн харилцаанд нийцүүлэн дараахь байдлаар арилжааны хэлбэрт шилжүүлнэ:
-Эрчим хүчний удирдах газрын гүйцэтгэж байгаа төрийн зохицуулалтын үүргийг Эрчим хүчний хуульд заасны дагуу зохицуулагч байгууллагад шилжүүлэх;
-эрчим хүч үйлдвэрлэгч, эрчим хүч дамжуулагч, эрчим хүч түгээгч аж ахуйн нэгж бүрийг компанийн хэлбэрт шилжүүлж, үйл ажиллагааг нь зах зээлийн харилцаанд шилжүүлэх;
-цахилгаан станц болон дамжуулах сүлжээний их засвар хийдэг нэгж, хэсгийг тусгаарлан хувьчлах;
-Эрчим хүчний удирдах газрыг системийн хэмжээнд өнөөдрийг хүртэл үүссэн өр авлагыг барагдуулах нэгж болгон зохион байгуулах.
Хоёрдугаар үе шатанд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
-зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр нэгдүгээр үе шатанд өөрчлөн байгуулагдсан эрчим хүч үйлдвэрлэгч болон түгээгч компаниудыг уралдаант шалгаруулалтын аргаар стратегийн хөрөнгө оруулагчид үе шаттайгаар хувьчлах ажлыг хэрэгжүүлж эхлэх;
-үйлдвэрлэгчээс түгээгчид эрчим хүчийг хүргэх үүрэг бүхий үндсэн сүлжээнд хамрагддаг цахилгаан эрчим хүч дамжуулах компанийг төрийн өмчид үлдээх.
2.2.2.Автозам
Монгол Улсын автозамын салбарт хийгдэж байгаа хувьчлал, өөрчлөн байгуулалтыг гүнзгийрүүлж, дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
-Улаанбаатар хот дахь Автозамын засвар, арчлалтын нэгдэл ХК-ийг Төвийн болон Баруун бүсийн автозамын засвар, арчлалтын нэгтгэл болгон хувааж, Дорнод аймаг дахь Автозам ХК-ийг Зүүн бүсийн автозам засвар, арчлалтын компани болгон тус тус өөрчлөн зохион байгуулж төрийн мэдэлд үлдээх;
-Автозам Архангай ХК, Алтайн зам ХК, Эрдэнэт-Автозам ХК, Хөвсгөл-Автозам ХХК, Улбаа ХК зэрэг компанийн замын засвар, арчлалтын үйл ажиллагааны хэсгийг өнөөгийн мөрдөж байгаа хуулийн хүрээнд хувааж, шинээр байгуулагдах автозамын засвар, арчлалтын Зүүн, Төв, Баруун бүсийн толгойлох компанийн бүрэлдэхүүнд шилжүүлэх;
-автозамын барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын төрийн эзэмшлийн хувьцааг тодорхой хэмжээгээр багцлан Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах;
-Эрдэнэ Зам ТӨҮГ-ыг компанийн хэлбэрт шилжүүлж, хувьцааг нь багцлан битүүмжилсэн дуудлага худалдаагаар хувьчлах;
-замын аюулгүй байдал, шинэчлэл, засвар, арчилгаа болон зам тойрсон үйлчилгээний цогц байдлыг хангах үүднээс Замын цагдаагийн газрын холбогдох үүргийг Автозамын газрын бүтцэд шилжүүлэх;
-гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар автозам барих ажиллагааг төрөөс дэмжиж, эрх зүйн орчныг бүрдүүлэх.
2.2.3.Харилцаа холбооны салбар
Холбооны салбарыг өөрчлөн байгуулах, хувьчлах талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
-шуудан, цахилгаан холбооны газраас үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгох, үнэ, тарифыг хянах, үндсэн сүлжээний холболтын нөхцөлийг тодорхойлох, үйлчилгээний чанар, стандартын биелэлтэд хяналт тавих зэрэг төрийн үүргийг тусгаарлаж, эдгээр үйл ажиллагааг зохицуулах албыг бие даасан хэлбэрээр зохион байгуулах;
- харилцаа холбооны суурь сүлжээний улс, хот хоорондын дамжуулах болон улс хоорондын холболтын байгууламжаас бусад хөрөнгийг дахин үнэлж, Монголын цахилгаан холбоо ХК-д шилжүүлж, төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг нэмэгдүүлэх;
-нарны зайн үйлдвэрийг төрийн өмчийн компанийн хэлбэрт шилжүүлж, хувьчлах чиглэл баримтлах;
-Монголын цахилгаан холбоо ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа нэмэгдэж байгаатай холбогдуулан төрийн эзэмшлийн хувьцааны тодорхой хэсгийг стратегийн хөрөнгө оруулагчид уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;
-шуудангийн үйлчилгээг төрийн өмчийн компанийн хэлбэрээр үргэлжлүүлэн ажиллуулах;
-хөдөөгийн холбоожуулалтыг сайжруулах зорилгоор холбооны үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн орлогоос тусгай сан байгуулж ашиглах.
2.2.4.Нүүрсний салбар
Эрчим хүчний нэгдсэн сүлжээг түлшээр хангах үүрэг бүхий компанийн талаар дараахь бодлого баримтална:
-Багануур ХК, Шивээ Овоо ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг Дэлхийн банк болон Японы Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг графикийн дагуу төлөх нөхцөлтэйгээр хувьчлах: / Энэ заалтад 2004 оны 19 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон./
-Шарын гол ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлах асуудлыг тухайн бүсийн нүүрсний судлагдсан нөөцийн хэмжээ, уурхайн ирээдүйн чиглэл, тосгоны нийгмийн асуудалтай уялдуулан шийдвэрлэх;
-Хотгор ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг дуудлага худалдаагаар хувьчлах;
-уул уурхайн салбарын олонхи аж ахуйн нэгж хувийн хэвшилд бүрэн шилжиж байгаатай холбогдуулан урьд үүссэн байгаль орчны эвдрэлийг нөхөн сэргээх асуудлыг Засгийн газраас тусгайлан авч үзэж, хувьчлагдсан аж ахуйн нэгжтэй хамтран шийдвэрлэх чиглэл баримтлах.
2.2.5.Төмөр зам
Улаанбаатар төмөр зам ХК-ийг Монгол Улсад мөрдөж байгаа Компанийн тухай болон холбогдох бусад хуулийн дагуу өөрчлөн байгуулж, бие даасан хэлбэрээр ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авна.
Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХК-ийн Монголын талын эзэмшиж байгаа хувьцааг ойрын жилүүдэд хувьчлах бодлого баримтлахгүй болно.
Төмөр замын үйлчилгээний шуурхай, уян хатан байдлыг сайжруулах, техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх үүднээс Засгийн газар шаардлагатай гэж үзвэл ачааны болон суудлын вагон, зүтгүүрийн зарим хэсгийг түрээсийн хэлбэрээр ашиглуулах асуудлыг компанийн эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
Өрсөлдөөн бий болгох зорилгоор гадаад, дотоодын хуулийн этгээдээс өөрийн эзэмшлийн ачааны болон суудлын вагон, зүтгүүр ашиглан монголын төмөр замаар ажил, үйлчилгээ явуулах боломжийг бүрдүүлнэ;
Япон болон бусад донор орноос Монгол Улсын Засгийн газарт олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, Монголын талын хөрөнгөөр төмөр замын салбарт бий болсон хөрөнгийн өмчлөлийн асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж, цаашид ийм төрлийн хөрөнгө оруулалтыг хийхдээ өмчлөлийн асуудлыг хамтад нь шийдвэрлэж байх журамд шилжинэ.
2.2.6.Геодези, зураг зүйн салбар
Геодези, зураг зүйн салбар нь техник технологийн хувьд хоцрогдолд орсныг харгалзан тус салбарт дараахь бодлого баримтална:
-Аэрогеодезийн ТӨҮГ, Зураг зүйн ТӨҮГ-ын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр технологийг шинэчлэх нөхцөлөөр нэмэлт хөрөнгө оруулалт хийх замаар хувьчлах;
-хөрөнгө оруулалт хийх этгээдийг уралдаант шалгаруулалтын аргаар шалгаруулах;
-геодези, зураг зүйн мэдээллийн санг төрийн өмчид үлдээж, нийтлэг журмаар ашиглах бололцоог хангах.
2.2.7.Дэд бүтцийн бусад салбар
Дэд бүтцийн салбарт хамаарагдах автотээвэр, барилга, аялал жуулчлал, зочид буудлын үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаагаа сайжруулах, өөрчлөн байгуулалтаа хийхэд нь төрөөс туслалцаа, дэмжлэг үзүүлнэ.
Нийтийн аж ахуй, үйлчилгээний салбарт хамаарагдах аж ахуйн нэгж, байгууллага нь орон нутгийн өмчид шилжсэн тул тус салбар дахь хувьчлал, өөрчлөн байгуулалтын асуудлыг тухайн орон нутгийн онцлогт тохируулан Засгийн газраас баталсан хөтөлбөр, чиглэлийг баримтлан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэрлэн явуулна.
2.3.Санхүүгийн салбарын өөрчлөн байгуулалт, хувьчлал
2.3.1.Арилжааны банкны хувьчлал, өөрчлөн байгуулалт
Банкны салбарт хийх хувьчлалын зорилго нь дотоод, гадаадын санхүүгийн чөлөөт эх үүсвэрийг төвлөрүүлэн үр ашигтай байршуулж, бодит секторын хөгжлийг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадвар бүхий банкны тогтолцоог бүрдүүлэх, санхүүгийн үйлчилгээний олон хэлбэрийг бий болгох, банкны үйл ажиллагааны шинэ технологи нэвтрүүлэхэд оршино.
Банкны хувьчлал, өөрчлөн байгуулалтад Улсын Их Хурлаас 1999 онд баталсан Банкны хувьчлалын талаар баримтлах үндсэн чиглэл болон Засгийн газраас 2000 онд баталсан Банкны хувьчлалын хөтөлбөрийг үндэс болгоно.
Төлбөрийн чадваргүй болон санхүүгийн хүндрэлтэй банкуудад хийгдэж эхэлсэн өөрчлөн байгуулалтын ажлыг цаашид үргэлжлүүлэн ойрын үед дуусгах арга хэмжээ авна.
Хөдөө аж ахуйн банкийг Засгийн газрын зүгээс дахин хөрөнгөжүүлж, гадаадын менежментийн багыг удирдлагын гэрээгээр ажиллуулж, үйл ажиллагааг нь сайжруулсны үндсэн дээр хувьчлах эсэх асуудлыг тусгайлан авч үзнэ.
Хадгаламж банкийг санхүүгийн зах зээл төлөвшин тогтворжих, хадгаламжийн даатгалын тогтолцоо бүрдэх хүртэл төрийн өмчид үлдээнэ.
Арилжааны бусад банк дахь төрийн эзэмшлийн хувьцааг хууль тогтоомжийн дагуу шинэчлэн тогтоосны үндсэн дээр хувьчлалын асуудлыг нэг бүрчлэн шийдвэрлэнэ.
2.3.2.Үнэт цаасны зах зээл
Үнэт цаасны зах зээл, хөрөнгийн биржийн ажиллагааг хөнгөн шуурхай, уян хатан, өрсөлдөөнтэй болгох арга хэмжээ авна:
-биржийн үйл ажиллагаанаас үнэт цаасны арилжааны клиринг, хадгаламжийн үйл ажиллагааг тусгаарлан зохион байгуулж, энэ ажиллагаанд банк болон мэргэжлийн бусад байгууллагуудаас оролцох боломжийг бүрдүүлэх;
-биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр хувьчлагдах компаниудын худалдах хувьцаанаас тодорхой хувийг нь /200.00 сая төгрөгөөс доошгүй/ биржийн арилжаагаар дамжуулан худалдах;
-биржийн үндсэн үйл ажиллагаа, дотоод хяналтыг сайжруулах зорилгоор өөрийгөө зохицуулах тогтолцоонд шилжүүлэх арга хэмжээ авах;.
-биржийн арилжаагаар хувьцаанаас бусад төрлийн үнэт цаас худалдах боломжийг нэмэгдүүлэх;
-биржийн үйлчилгээний тарифыг эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн оновчтой болгох;
-биржээр хувьцаагаа арилжих компанид тавигдах шаардлагын стандартыг тогтоох замаар бирж дээр арилжаалагдах хувьцааны нэр хүндийг дээшлүүлж, хувьцаагаа биржээр дамжуулан худалдах сонирхлыг нэмэгдүүлэх. Ингэснээр компанийн үйл ажиллагааг нийтэд ил тод болгож, санхүү бүртгэлийн системээ сайжруулах шаардлагыг өндөржүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид сонголтоо зөв хийх боломжийг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр олох магадлалыг нэмэгдүүлэх. Энэ чиглэлээр биржийн ажиллагааг сайжруулахад нь төрөөс туслалцаа үзүүлэх;
-Үнэт цаасны тухай хуулийг өнөөгийн шаардлага, олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн шинэчлэн гаргаж төрийн зохицуулалтыг оновчтой, үр ашигтай, идэвхтэй, шударга болгон өөрчлөх;
-үнэт цаасны биржээс гадна үнэт цаас арилжаалах алтернатив зах зээл бий болгох, үүнтэй холбогдуулан тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
-аж ахуйн нэгжүүдээс төрөл бүрийн үнэт цаас гаргах ажиллагааг дэмжиж, энэ ажилд нь төрөөс арга зүйн туслалцаа үзүүлэх;
-эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын санг аажмаар арилжааны хэлбэрт оруулж хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон хувиргаж, өөрөө үржин арвиждаг болгох ажлыг үе шаттай авч хэрэгжүүлэх;
-эрүүл мэндийн болон нийгмийн сайн дурын даатгалын тогтолцоог бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх;
-хувьчлагдах аж ахуйн нэгжийн хувьцааны тодорхой хэсгийг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн цэнхэр тасалбараар худалдах, дуудлага худалдааны аргаар хувьчлагдах аж ахуйн нэгж, эд хөрөнгийн төлбөрийн 10 хүртэл хувьд хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн ягаан тасалбарыг оруулан тооцох замаар ирэх 4 жилд багтаан хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн цэнхэр, ягаан тасалбарыг хөрөнгөөр баталгаажуулах ажлыг хийж дуусгах.
2.4.1.Эрүүл мэндийн салбар
Эрүүл мэндийн салбарын өөрчлөн байгуулалт, хувьчлалын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
-Засгийн газраас шаардлагатай гэж үзсэн клиникийн буюу тусгай мэргэжлийн зарим эмнэлгийг бүхэлд нь, эсхүл түүний тодорхой хэсэгт гадаад, дотоодын нэмэлт хөрөнгө оруулалт хийж, хамтарсан байгууллага байгуулах замаар хувьчлах. Хөрөнгө оруулагчдыг тодорхой нөхцөлөөр уралдаант шалгаруулалтын аргаар шалгаруулах;
-Засгийн газраас шаардлагатай гэж үзсэн хот, хөдөөгийн зарим эмнэлгийн удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр; эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон эмнэлгийн биш туслах үйлчилгээг гүйцэтгэлийн гэрээгээр; эмнэлгийн зарим байр, тоног төхөөрөмж, лабораторийг түрээсийн гэрээгээр ашиглуулах;
Гэрээгээр ажиллах этгээдийг төрийн бус мэргэжлийн байгууллага, дотоод, гадаадын хувийн өмчийн хуулийн этгээд, хувь хүмүүсийн дунд уралдаант шалгаруулалтаар сонгоно. Эдгээр гэрээгээр эд хөрөнгө, хөрөнгийн эрхийг хувийн өмчид шилжүүлэхгүй.
Удирдлагын гэрээний үндсэн нөхцөл нь зардлаас давсан орлогыг тухайн эмнэлэгт хөрөнгө оруулалт хийх, удирдлагыг нь сайжруулан урамшуулахад зарцуулах бөгөөд эдгээр нөхцөл, хэмжээг удирдлагын гэрээнд тодорхой заана.
Гүйцэтгэлийн гэрээний үндсэн нөхцөл нь гүйцэтгэгчийн зүгээс эмнэлгийн зарим төрлийн үйлчилгээг стандартын түвшинд чанартай гүйцэтгэхэд оршино. Гүйцэтгүүлэгч нь тухайн үйлчилгээний эцсийн үр дүнгийн талаархи хариуцлагыг хүлээнэ.
Түрээсийн гэрээгээр эмнэлгийн үндсэн биш үйлчилгээ явуулах байр, тоног төхөөрөмж, лабораторийг ашиглах үндсэн нөхцөл нь уг үйлчилгээг чанартай явуулж, эд хөрөнгийг зориулалтын дагуу гэрээнд заасан нөхцөлөөр ашиглаж түрээсийн төлбөрийг түрээслэгчид төлж байхад оршино.
-эмийн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн Эмийн үйлдвэр компанийг төрийн өмчид хэвээр үлдээх;
-улсын хэмжээний үйлчилгээтэй Хужирт, Шаргалжуутын рашаан сувиллыг төрийн өмчит хувьцаат компанийн хэлбэрээр өөрчлөн байгуулж, цаашид үйлчилгээний чиглэлийг өөрчлөхгүйгээр хувьчлах эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж үр ашгийг дээшлүүлэхэд зайлшгүй шаардагдах мэргэжлийн болон хөрөнгө оруулалт, технологийн шаардлагыг хангах, сайжруулах нөхцөлтэйгээр хувьцааны тодорхой хэсгийг уралдаант шалгаруулалтын аргаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид хувьчлах;
-Оргил рашаан сувиллын үйл ажиллагааны чиглэлийг өргөтгөж, улсын хэмжээний рашаан сувиллын эмч, мэргэжилтэнг сургаж бэлтгэх, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах, хяналт тавих үүрэг бүхий рашаан судлалын үндэсний төв болгон өөрчлөн зохион байгуулах;
-Монгол-Солонгосын хамтарсан Монсам ХХК нь нэг удаагийн зүү, тариураар дотоодын зах зээлийг бүрэн хангадаг стратегийн ач холбогдолтой, Солонгос Улсаас авсан зээлийн өрөө төлж эхэлж байгаа зэргийг харгалзан Монголын талын эзэмшлийн хувьцааг ойрын жилүүдэд хувьчлахгүй чиглэл баримтлах;
-ахуйн шавьж, хортон мэрэгчдийг устгах үйлчилгээ болон Улаанбаатар хотын эмийн сангууд хувьчлагдсантай холбогдуулан тэдгээрийн үйлчилгээний чанарт тавих мэргэжлийн хяналтын тогтолцоо, ажлын байрны стандартыг бий болгож, найдвартай байдлыг хангах;
-орон нутаг дахь нийгмийн халамж, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх.
2.4.2.Боловсролын салбар
Боловсролын салбарт дараахь өөрчлөн байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ:
-олон улсын хэмжээнд нэр хүнд бүхий гадаадын сургуулийн салбарыг Монголд байгуулах, эсхүл их сургуулиудтай хорших, гадаад, дотоодын нэмэлт хөрөнгө оруулалт хийж, хамтарсан сургууль байгуулах, дэлхийн жишигт нийцсэн ноу-хауг боловсролын салбарт нэвтрүүлэх санаачлага гэж үзэн дэмжиж энэ ажлын хүрээнд Засгийн газраас зарим сургуулийг сонгон авч дэмжлэг үзүүлэх;
-төрийн өмчийн их сургуулиуд, багш, соёл урлагийн мэргэжлийн дээд боловсрол эзэмшүүлдэг коллежийг төрийн өмчид үлдээх;
-зарим шаардлагатай техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллага, коллежийн удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх. Удирдлагын гэрээгээр ажиллуулах гол нөхцөл нь тухайн боловсролын байгууллагын үндсэн үйл ажиллагааны чанар, үр ашгийг дээшлүүлэх, төрөөс үзүүлэх санхүүжилтийг багасгахад орших бөгөөд гэрээгээр тухайн байгууллагын эд хөрөнгө, хөрөнгийн эрх хувийн өмчид шилжихгүй. Удирдлагын гэрээгээр ажиллах этгээдийг уралдаант шалгаруулалтын аргаар шалгаруулах.
-ерөнхий боловсролын сургуулиас бусад төрийн өмчийн боловсролын байгууллагад төсвөөс олгох санхүүжилт, их сургууль, коллежид суралцагсдад олгох сургалтын төлбөрийн зээл, тусламжийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шууд олгох чиглэлээр эрх зүйн орчныг өөрчлөх;
-ашгийн төлөө бус боловсролын байгууллагын эд хөрөнгийн эрх зүйн байдлыг тогтоох;
-магадлан итгэмжлэл авсан ашгийн бус, төрийн өмчийн бус дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчаар нь дамжуулан төрөөс дэмжлэг үзүүлэх;
-их сургуулийн эзэмшил газрын хэмжээг тогтоон өгч цаашид өргөтгөх, сургуулийн хотхон үүсгэх нөхцөл бололцоог бүрдүүлэх.
2.4.3.Шинжлэх ухааны салбар
Шинжлэх ухааны салбарт дараахь өөрчлөн байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ:
-зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа өнөөгийн нөхцөлд хувийн хэвшлээс шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих санхүү-эдийн засгийн чадавхи сул байгаа болон шинжлэх ухаан, технологийн гүйцэтгэх үүрэг, нөлөө улам өсөн нэмэгдэж байгаа нийтлэг хандлагыг харгалзан Монгол оронд нэгэнт бий болсон чадавхийг хадгалах зайлшгүй шаардлагад нийцүүлэн төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагуудыг ойрын үед хувьчлахгүй чиглэл баримтлах. Харин Шинжлэх ухааны академи, их сургууль, төрийн захиргааны төв байгууллагын харъяа хүрээлэн, төвүүдийг төрийн өмчит төсөвт байгууллагын, шинжлэх ухаан-технологи-үйлдвэрлэлийн нэгдэл / корпораци/-ийг төрийн өмчит компанийн хэлбэрээр ажиллуулах тогтолцоог боловсронгуй болгох;
-шинжлэх ухааны салбарт бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, шинжлэх ухаан-сургалт-үйлдвэрлэлийн нэгдлийг хангах эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн эрх зүйн байдал, шинжлэх ухаан-технологи-үйлдвэрлэлийн нэгдлийн удирдах зөвлөлийн гүйцэтгэх үүргийг тодорхой болгож, эрх зүйн хувьд баталгаажуулах;
-судалгаа шинжилгээний ажлын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор төрийн болон хамтарсан өмчит шинжлэх ухаан-боловсрол-үйлдвэрлэлийн цогцолборууд бий болгох асуудлыг цаашид судлан үзэж шийдвэрлэх;
-Засгийн газар шаардлагатай гэж үзсэн шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн корпорацийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид тодорхой нөхцөлтэйгээр хувьчлах.
2.4.4.Соёл, урлагийн салбар
Соёл, урлагийн салбарт дараахь өөрчлөн байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ:
-Монголын үндэсний уламжлалт урлагийг өвлөн уламжлуулах, дэлхийн сонгодог урлагийг өөрийн оронд хөгжүүлэх, өсвөр үеийнхний оюуны эрэлт хэрэгцээг хангах, гоо зүйн хүмүүжил олгох, оюуны өв сан, түүх, соёлын дурсгалыг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Улсын ардын дуу, бүжгийн чуулга, Сонгодог урлагийн академик театр, Үндэсний жүжгийн академик театр, Улсын хүүхэлдэйн театр, Улсын филармони, Улсын төв номын сан, Үндэсний түүхийн музей, Чойжин ламын сүм музей, Уран зургийн галерей, Театрын музей, Соёлын өвийн төвийг төрийн өмчид үлдээн төсөвт байгууллагын хэлбэрээр үргэлжлүүлэн ажиллуулах;
-Засгийн газар шаардлагатай гэж үзсэн соёл, урлагийн дээр дурьдсанаас бусад байгууллагын удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх. Удирдлагын гэрээгээр ажиллах этгээдийг уралдаант шалгаруулалтын аргаар шалгаруулна. Удирдлагын гэрээний үндсэн нөхцөл нь зардлаас давсан орлогыг тухайн байгууллагын менежментийг сайжруулан урамшуулах, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэх, уран бүтээлчдийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд зарцуулна. Удирдлагын гэрээгээр эд хөрөнгө, хөрөнгийн эрх хувийн өмчид шилжихгүй.
-Үнэт цаас ХХК-ийг дуудлагын худалдаагаар хувьчлах;
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн хөдөөгийн хүн амыг соёлын үйлчилгээгээр хангах зорилгоор орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагыг /аймгийн театр, чуулгуудын суурин дээр/ бүсийн театр болгон өөрчилж үйл ажиллагааг нь зохион байгуулах бодлого баримтлах. Ингэхдээ уг асуудлыг орон нутгийн удирдлагуудтай зөвшилцөн шийдвэрлэх.
2.4.5.Биеийн тамир, спортын салбар
Биеийн тамир, спортын салбарт дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
-биеийн тамир, спортын Төв ордныг зориулалтынх нь дагуу ашиглах нөхцөлөөр удирдлагын гэрээгээр ажиллуулах. Удирдлагын гэрээгээр эд хөрөнгө, хөрөнгийн эрх хувийн өмчид шилжихгүй;
-биеийн тамир, спортын заал, танхимуудыг мэргэжлийн клубуудын дунд зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах нөхцөлтэйгээр уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах.
2.5.Бусад аж ахуйн нэгж, байгууллага, үл хөдлөх эд
хөрөнгийн хувьчлал
Дээр дурьдсанаас бусад салбарт төрийн өмчийг хувьчлахад дараахь зарчмыг удирдлага болгоно:
-хувьчлалд хамрагдах аж ахуйн нэгж, эд хөрөнгийн нэр төрөл, хэмжээ, хувьчлах арга, хэлбэрийг үйл ажиллагааных нь онцлог байдал, улс орны эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан Засийн газар шийдвэрлэх;
-тухайн жилд хувьчлах аж ахуйн нэгжийг сонгохдоо улсын төсөвт оруулах орлого, хувьчлах бэлтгэл хангагдсан байдлыг үндэслэх;
-гадаад орнуудаас Монгол Улсын Засгийн газарт үзүүлсэн тусламж, хөнгөлөлттэй зээлээр үйлдвэр, аж ахуйн газарт оруулсан хөрөнгө оруулалтын өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсний дараа хувьчлалын асуудлыг шийдвэрлэх. Цаашдаа хөрөнгө оруулалтыг хийхэд өмчлөл болон хувьчлалын асуудлыг хамтад нь шийдвэрлэж байх журамд шилжих;
-төрийн өмчит үйлдвэрийн газрыг Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаат компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулсаны үндсэн дээр хувьчлах.
ГУРАВ. Хувьчлалын нийгэм, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх нөхцөл, шаардлага
3.1.Өрсөлдөөнийг өрнүүлэх, зах зээл дэх шударга бус үйл ажиллагааг хязгаарлах
Зах зээлийн хэвийн, өрсөлдөөнтэй орчныг бүрдүүлэх нь өмч хувьчлалын эдийн засаг, нийгмийн үр ашгийг дээшлүүлэх үндсэн нөхцөл гэж үзнэ.
Өмч хувьчлалын ажлыг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, аж ахуйн үйл ажиллагаа, үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжихэд чиглүүлнэ.
Холбоо, эрчим хүч, автозам, төмөр зам зэрэг зүй ёсны дангаар ноёрхох салбаруудад хувьчлал явуулахдаа бүтцийн өөрчлөлт хийн дангаар ноёрхох байдлыг саармагжуулах, өрсөлдөөнийг төрийн бодлогоор дэмжих, дангаар ноёрхох байдлын эсрэг төрийн зохицуулалтыг хүчтэй болгох эрх зүйн болон зохион байгуулалтын орчныг бүрдүүлэх арга хэмжээ авна.
Зарим бүтээгдэхүүний зах зээлд давамгайлах байдалтай хувийн өмчийн аж ахуйн нэгж төрөн гарч, хуулиар хориглосон шударга бус үйл ажиллагаа явуулах болж байгааг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чиглүүлэн Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.
Зах зээл дэх шударга бус үйл ажиллагааны талаар нийтэд мэдээлж, ийм үйл ажиллагаатай тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлж сайжруулна.
3.2.Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих
Өмч хувьчлалыг гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгод нийцүүлж дараахь арга хэмжээ хэрэгжүүлнэ:
-үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийн төрийн эзэмшлийн тодорхой хэсгийг олон улсын хэмжээнд нэр хүнд бүхий, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг найдвартай явуулах туршлагатай, санхүү, эдийн засгийн боломжтой гадаадын стратегийн хөрөнгө оруулагчид хувьчлах;
-Монгол Улсын өмч хувьчлалын бодлого, хэрэгжилтийн талаархи мэдээллийг олон улсын хэмжээнд түгээх;
-хувьчлагдах аж ахуйн нэгжийн тухай мэдээллийг өргөн хүрээтэй түгээх, сонирхож болох гадаадын хөрөнгө оруулагчдын жагсаалтыг гарган шууд харилцах арга хэмжээ авах.
3.3.Нийгмийн хамгааллын зорилттой уялдуулах
Энэхүү Үндсэн чиглэлд заасан хувьчлал, өөрчлөн байгуулалтын явцад нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлттэй холбогдон гарч болзошгүй сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх дараахь арга хэмжээ хэрэгжүүлнэ:
-төрийн өмчийг хувьчлах бүрд нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн талаар үүсэх сөрөг үр дагаврыг тусгайлан авч үзэж хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох;
-шинэ ажил олгогчийн санаачлагаар хувьчлал, өөрчлөн байгуулалтын эхний жилд ажлаас халагдагсдад энэ тухай хоёроос доошгүй сарын өмнө мэдэгдэж, халах үедээ 1 сараас доошгүй хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг компаниас олгох, эсхүл нэгээс доошгүй жил ажлын байраар баталгаатай хангаж байх журамд шилжих. Үүнээс гадна халагдсан ажилтны 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг орон нутгийн хөдөлмөрийн албанд шилжүүлж, халагдсан ажилтны талаар хөдөлмөрийн албанд мэдээлэл хүргэх;
-хувьчлал, өөрчлөн байгуулалтын хүрээнд хийгдэж байгаа арга хэмжээний улмаас ажлаас чөлөөлөгдөх ажилчдыг давтан сургах хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, ажлын байр бий болгох зэрэг арга хэмжээ авах;
-хувьчлагдсан компанийн удирдлагаас ажилтанд компанийхаа хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр гарган хэрэгжүүлэх ажлыг төрийн бодлогын хэмжээнд дэмжих;
-хувьчлагдах үйлдвэрийн газрын ажилтныг өмч хувьчлалын зорилго, үр ашиг, хугацааны талаар үнэн зөв, найдвартай мэдээллээр хангах арга хэмжээ авах.
3.4.Байгаль орчныг хамгаалах, аюулгүй байдлыг хангах
Хувьчлалын үр дүнд экологийн тэнцэл алдагдахаас сэргийлэх, хүний эрүүл мэнд, байгаль орчны төлөв байдалд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах үүднээс дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
-үйлдвэр, аж ахуйн нэгжийг хувьчлахдаа шаардлагатай гэж үзвэл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, хүрээлэн байгаа орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг өөрчлөн байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан хэрэгжүүлэх;
-үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлахдаа тухайн хуулийн этгээдийн байршиж байгаа газрыг ашиглах, эзэмших эрхийг баталгаажуулсан эсэхийг нягталж, Газрын тухай хуулийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр асуудлыг шийдвэрлэх;
-байгаль орчинд үлэмж нөлөө үзүүлдэг үйлдвэрүүдийг байгаль орчны мэргэжлийн боловсон хүчин, орчны хяналт, шинжилгээний лабораторитой болгох асуудлыг дэс дараатайгаар шийдвэрлэх арга хэмжээ авах.
ДӨРӨВ.Хувьчлал, өөрчлөн байгуулалтыг дэмжих үйл ажиллагаа
4.1.Зөвлөгөө өгөх тогтолцоо бий болгох
Зөвлөгөө өгөх, зуучлалын үйл ажиллагааг оюуны хөрөнгө оруулалт болохын хувьд хувьчлагдсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулахад чиглүүлэн дэмжиж дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
-хувьчлалыг үр дүнтэй болгох, хувьчлагдсан аж ахуйн нэгжийн цаашдын үйл ажиллагааг үр ашигтай явуулах зорилгоор орчин үеийн санхүү, аудит, хууль, удирдлага, маркетинг болон бусад чиглэлээр зөвлөгөө өгөх үндэсний тогтолцоо бүрдүүлэх;
-банк, санхүүгийн байгууллага болон их сургуулиудын дэргэд дээр дурдсан зөвлөгөө өгөх төвүүд байгуулан ажиллуулахыг дэмжихийн зэрэгцээ тэдгээрийг тодорхой төслүүдэд үндсэн болон туслан гүйцэтгэгчээр оролцуулах явдлыг дэмжих. Энэ ажилд гадаадын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл болон дотоодын эх үүсвэрийг ашиглах, гадаадын болон олон улсын чиглэлийн байгууллагын туслалцаа авах, дотоодын мэргэжилтэн нарынхаа чадавхийг дээшлүүлэн өргөн ашиглах чиглэл баримтлах.
4.2.Хувьчлалын дараахь өөрчлөн байгуулалтыг дэмжих
Хувьчлагдсан компаниудын өмнө эргэлтийн хөрөнгийн хомсдолыг гэтлэн давах, санхүүгээ удирдаж сурах, маркетингийн орчин үеийн арга барил эзэмших, зах зээлд шинэ бараа, үйлчилгээ нэвтрүүлэх, зарим тохиолдолд хуучин бараа үйлчилгээнээсээ татгалзах зэрэг өмнө нь байгаагүй шинэ зорилт тулгарч байна. Иймд шинэ өмчлөгчдөөс аж ахуйдаа дараахь өөрчлөн байгуулалт хийхэд нь төрөөс бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ:
-техник, технологийг өөрчлөн шинэчлэх, зарим тохиолдолд хуучин эрхэлж байсан үр ашиггүй ажил, үйлчилгээний чиглэлийг өөрчилж, ашиг өгөх чиглэл рүү шилжих /өөрчлөлтийн бизнес төлөвлөгөө/;
-эрсдэлгүй системийн удирдлагыг эрсдэлтэй, хөдөлгөөнтэй, өөрчлөлттэй системийн удирдлага болгон өөрчлөх /менежментийн өөрчлөлт/;
-өрсөлдөөнт зах зээлд ажиллах стратеги /маркетинг/-ийн бодлогод шилжих;
-захиргаадалтын нэг хэвийн санхүүгийн удирдлагыг олон талт, эрсдэлтэй санхүүгийн удирдлагад шилжүүлэх /бэлэн мөнгөний, өрийн, эрсдлийн удирдлагын арга барил эзэмших/-ийн тулд дараахь системийг нэвтрүүлэх:
-хөрөнгө үйл ажиллагааны бүртгэл, мэдээллийн системийг өөрчлөх;
-нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт;
-удирдлагын мэдээллийн систем;
-чанарын удирдлагын систем ;
-олон улсын стандартын систем;
-ажиллах хүчний төлөвлөгөөт хуваарилалтаас хөдөлмөрийн өрсөлдөөнт зах зээлийн үеийн хүний нөөцийн удирдлагад шилжих;
-төсөл зохиох, зээл хүсэх, төлөвлөгөө боловсруулах, гэрээ байгуулах зэрэг баримт бичиг боловсруулах арга зүйд суралцан дадлагажих;
-үйл ажиллагаа явуулах ерөнхий соёлоо өөрчлөх;
-дотоод бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөх;
-үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоогоо өөрчлөх.
4.3.Давтан сургалтын тогтолцоо бий болгох
Хувьчлалын дараахь өөрчлөн байгуулалтыг хэрэгжүүлэх чиглэлээр удирдлагыг дахин мэргэшүүлэх сургалт, дадлагын үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
Хувьчлал, бүтцийн өөрчлөлтийн улмаас ажлын байрнаас чөлөөлөгдсөн хүмүүсийг давтан сургах, дахин мэргэшүүлэх тогтолцоо бүрдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ.
4.4.Тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийг цөөрүүлэх
Хувьчлагдсан аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа хууль тогтоомж, зах зээлийн нийтлэг дэг жаягт тохируулан чөлөөтэй явуулах боломжийг олгох үүднээс аж ахуйн үйл ажиллагааг бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тогтолцоог боловсронгуй болгож, зөвшөөрлийн тоог цөөрүүлэх, давхардлыг арилгах, аль болох нэг цэгт төвлөрүүлэх чиглэлээр өөрчлөн сайжруулна.
____________oOo__________
/Энэ хавсралтад 2002 оны 87 дугаар тогтоолоор оруулсан өөрчлөлтийг тусгав./
Текст томруулах
A
A
A