- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Улсын Их Хурлын 35 дугаар
тогтоолын хавсралт
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсын Төрийн захиргааны албаны зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/ нь төрийн захиргааны албан хаагчийн стандартын удирдлагыг улсын хэмжээнд нэгдсэн аргачлалаар хангаж хэрэгжүүлэх ажлыг эрхлэх төрийн албаны төв байгууллага мөн.
2.Зөвлөлийн зорилт нь төрийн албаны тухай хууль тогтомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн захиргааны албыг мэргэшсэн албан хаагчаар хангах, төрийн албаны тогтвортой байдлыг бэхжүүлэхэд оршино.
3.Зөвлөл нь үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомж, энэ дүрмийг удирдлага болгоно.
4.Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөвт тусган улсын төсвөөс санхүүжүүлнэ.
5.Зөвлөлийн санхүү, аж ахуйн үйлчилгээг Төрийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар хариуцах бөгөөд түүний ажлын албаны үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийн зохих салбар нэгжүүд тус тус гүйцэтгэнэ.
6.Зөвлөлийн дарга, орон тооны гишүүний цалин хөлс, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад хангамжийг Засгийн газрын санал болгосноор Улсын Их Хурал тогтооно.
7.Зөвлөл нь яам, тусгай газрын ажлын алба болон аймаг, нийслэлийн Засаг даргын ажлын албаны дэргэд орон тооны бус салбартай байна.
Зөвлөл нь тэдгээр салбараараа дамжуулан Төрийн албаны тухай хуульд тодорхойлсон чиг үүрэг, энэ дүрэмд заасан үйл ажиллагаагаа яам, тусгай газар, орон нутгийн төрийн байгууллагад хэрэгжүүлнэ.
8.Зөвлөл нь яам, тусгай газар, аймаг, нийслэл дахь орон тооны бус салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг тогтооно.
9.Зөвлөл нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр.Зөвлөлийн үйл ажиллагаа.
10.Зөвлөл нь Төрийн албаны тухай хуульд заасан чиг үүргийнхээ дагуу дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
1/удирдлагын үндэсний чадавхийг хөгжүүлэх бодлого хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, зохион байгуулалт, мэргэжлийн удирдлагаар хангах, арга зүйн туслалцаа үзүүлэх;
2/төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэл хөтлөх нэгдсэн журам тогтоож, мөрдүүлэх;
3/төрийн захиргааны албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний үлгэрчилсэн заавар боловсруулж, түүнийг дагаж мөрдүүлэх ажилд хяналт тавих;
4/Төрийн захиргааны албаны үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, түүний үр дүнг дээшлүүлэх талаар санал боловсруулан холбогдох байгууллагад оруулах;
5/Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан шаардлага, мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан, төрийн захиргааны албанд орох хүсэлтэй Монгол Улсын иргэнээс мэргэшлийн шалгалт авах болон төрийн захиргааны албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх асуудлаар журам тогтоож, эдгээр ажлыг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах;
6/төрийн захиргааны албан хаагчийн хэрэгцээг төлөвлөх, төрийн захиргааны албыг мэргэшлийн албан хаагчаар хангах ажлыг зохион байгуулах;
7/зөвлөлийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар яам, тусгай газар, төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг шалган зааварлаж, мэргэшил, аргачилсан туслалцаа үзүүлэх;
8/Төрийн алба, төрийн албан хаагчтай холбогдол бүхий шаардлагатай мэдээллээр Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл шаардлагатай бол төрийн бусад байгууллагыг хангах ажлыг зохион байгуулах;
9/улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн удирдлагын зардлын төслийг зохиох, хянаж батлахад зохих журмын дагуу санал, хүсэлт гаргах;
10/төрийн байгууллага болон төрийн захиргааны албан хаагч, түүнд нэр дэвшигчийн хооронд гарсан Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан маргааныг хянан шийдвэрлэх;
11/төрийн байгууллагын бүтэц, албан тушаалын орон тоо, төсөв, цалингийн сан, төрийн албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, төрийн албан хаагчийн цалин хөлс, албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишиг тогтооход холбогдох эрх бүхий байгууллагад санал өгөх;
12/төрийн алба, төрийн албан хаагчийн хувийн хэрэг, бүртгэлтэй холбогдсон шаардлагатай мэдээ, судалгаа, материалыг яам, тусгай газар, төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагаас гаргуулан авах;
13/Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны болон яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын ажлын албаны удирдах албан тушаалд томилогдох төрийн захиргааны албан хаагчтай биечлэн уулзах, мэдээлэл авах үндсэн дээр дүгнэлт гаргаж уг албан хаагчийг томилох эрх бүхий байгууллагад өгөх;
14/төрийн захиргааны албан хаагчийн сургалтыг зохион байгуулж төрийн алба, төрийн албан хаагчтай холбогдсон судалгаа, шинжилгээ хийж санал дэвшүүлэх;
15/яам, тусгай газар, аймаг, нийслэл дэх салбар зөвлөлийн үйл ажиллагааг шууд удирдлагаар хангаж тэдгээрийн ажлыг уялдуулан зохицуулах.
Гурав.Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт
11.Зөвлөлийн үйл ажиллагааны хамтын удирдлагын хэлбэр нь хуралдаан мөн. Зөвлөлийн гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хуралдаан хүчин төгөлдөр болно. Хуралдаанаар Зөвлөлийн чиг үүрэг, төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг хэлэлцэнэ. Асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ.
12.Хуралдаан хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана. Тогтоолд зөвлөлийн дарга гарын үсэг зурна.
13.Хуралдаанд зөвлөлийн дарга, гишүүд таслах эрхтэй оролцоно.
14.Зөвлөлийн хуралдааныг ажлын шаардлагыг харгалзан Зөвлөлийн дарга, гишүүдийн олонхийн саналаар хийнэ.
15.Зөвлөлийн ажиллах журам, хуралдааны дэгийг Зөвлөл тогтооно. Хуралдааны хэлэлцсэн асуудлаар тэмдэглэл хөтөлнө.
16.Зөвлөлийн дарга нь зөвлөлийн үйл ажиллагааг удирдах, зохицуулах, хуралдааны бэлтгэлд хангуулах, хуралдаан даргалах, гишүүдийн ажил, үүргийн хуваарийг баталж мөрдүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, төсвөө захиран зарцуулах, зөвлөлийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцаж, дотоод, гадаадад зөвлөлийг төлөөлнө. Зөвлөлийн дотоод асуудлаар тушаал гаргана.
17.Зөвлөлийн даргын эзгүйд түүний үүргийг Зөвлөлийн шийдвэрээр орон тооны аль нэг гишүүн орлон гүйцэтгэнэ.
Текст томруулах
A
A
A