A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧ, ТҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН ХООРОНД ТӨРИЙН АЛБАТАЙ ХОЛБОГДСОН АСУУДЛААР ГАРСАН МАРГААНЫГ ХҮЛЭЭН АВЧ, ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

УИХ-ын 77 дугаар

тогтоолын хавсралт

 

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ

АЛБАН ХААГЧ, ТҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН ХООРОНД

ТӨРИЙН АЛБАТАЙ ХОЛБОГДСОН АСУУДЛААР ГАРСАН

МАРГААНЫГ ХҮЛЭЭН АВЧ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.Төрийн байгууллага болон төрийн захиргааны албан хаагч, түүнд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг Төрийн захиргааны албаны зөвлөл болон түүний салбар зөвлөлөөр хянан шийдвэрлэхэд энэхүү журмыг баримтална.

2.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн захиргааны албаны зөвлөл болон салбар зөвлөл нь төрийн захиргааны албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг энэ журмаар тогтоосон харьяаллаар хянан шийдвэрлэнэ.

3.Төрийн захиргааны албаны зөвлөл нь төрийн захиргааны албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай дараахь маргааныг хянан шийдвэрлэнэ:

1/Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн албаны мэргэшлийн шалгалттай холбогдсон асуудлаар мэргэшлийн шалгалтын төв комисстой холбогдож гарсан маргаан;

2/төрийн захиргааны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэлийн зэрэг дэвийг олгох асуудалтай холбогдож гарсан маргаан;

3/төрийн захиргааны салбар зөвлөлийн шийдвэртэй холбогдож гарсан маргаан;

4/төрийн захиргааны албаны салбар зөвлөл байгуулагдаагүй төрийн байгууллагуудын захиргааны албан хаагчдаас гаргасан маргаан.

4.Төрийн захиргааны албаны салбар зөвлөл нь төрийн захиргааны албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай дараахь маргааныг хянан шийдвэрлэнэ:

1/төрийн албаны мэргэшлийн шалгалтын талаар энэ журмын З дугаар зүйлийн 1-д зааснаас бусад байгууллага, албан тушаалтантай холбогдож гарсан маргаан;

2/Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн захиргааны албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, албан тушаал бууруулах зэрэг асуудлаар гарсан шийдвэртэй холбогдсон маргаан;

3/мөн хуулийн 2З дугаар зүйлд заасны дагуу төрийн захиргааны албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас бууруулсан, төрийн албанаас уг албанд эргэж орох эрхтэйгээр халсан, түр чөлөөлсөнтэй холбогдож гарсан маргаан;

4/мөн хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсантай холбогдож гарсан маргаан;

5/төрийн захиргааны албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал урамшил зэрэг асуудалтай холбогдож гарсан бусад маргаан.

5.Дор дурдсан этгээдийн гомдлоор төрийн албатай холбогдсон маргааныг үүсгэж болно:

1/төрийн захиргааны албан хаагч

2/төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу төрийн албаны мэргэшлийн шалгалтад орох эрх бүхий иргэн болон уг шалгалтад тэнцсэн иргэн.

Хоёр.Гомдлыг хүлээн авах, шалгах

6.Энэхүү журмын 5 дугаар зүйлд дурдсан этгээд нь төрийн албатай холбогдсон асуудлаар гаргасан гомдлоо журмын З, 4 дүгээр зүйлд заасан харьяаллын дагуу төрийн захиргааны албаны зөвлөлийн эсхүл салбар зөвлөлийн нэр дээр бичгээр ирүүлнэ.

Гомдолд маргаан үүсэх болсон үндэслэл, шалтгааныг тодорхой дурдаж өөрийнхөө тавьж буй шаардлагын талаархи нотолгоо, бусад бичиг баримтын хуулбарыг хавсаргаж болно.

7.Гомдлыг хүлээж авсан төрийн захиргааны албаны холбогдох зөвлөлийн удирдлага түүнийг шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж үзвэл гомдлыг хянан шалгах комиссыг эрх бүхий албан тушаалтнаар удирдуулан ажлын З өдрийн дотор холбогдох зөвлөлийн даргын захирамжаар томилно.

8.Төрийн захиргааны албаны холбогдох зөвлөлийн удирдлага маргааны шинж байдлыг харгалзан гомдлыг хянан шалгаж эрх бүхий комисс /цаашид энэ журамд "комисс" гэх/-ыг З-5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж даргыг нь томилон ажиллуулах бөгөөд гомдлыг хянан шалгах ажлыг комиссын дарга хариуцан зохион байгуулна.

9.Комиссын бүрэлдэхүүнд төрийн захиргааны албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн ажлтнууд, түүнчлэн төрийн захиргааны бусад байгууллагаас төрийн захиргааны албаны ажлын дадлага, туршлагатай мэргэшсэн албан хаагчийг оролцуулж болно.

Харин комиссын бүрэлдэхүүнд гомдол гаргагчийн маргаанд холбогдох ажилтан болон гомдол гаргагчийн төрөл садангийн этгээдийг оруулахыг хориглоно.

10.Гомдол гаргагч нь маргаан шалгах комиссын бүрэлдэхүүнийг татгалзах эрхтэй бөгөөд энэ тухай тодорхой үдэслэл бүхий хүсэлтийг бичгээр гаргаж төрийн захиргааны албаны холбогдох зөвлөлийн удирдлагад өгнө. Хүсэлттэй холбогдсон асуудлыг зөвлөлийн даргын захирамжаар зохицуулна.

11.Комисс нь гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш З0 хоногийн дотор шалгалтыг явуулж дуусгах бөгөөд шаардлагатай бол холбогдох зөвлөлийн даргын захирамжаар хугацааг дахин 30 хүртэл хоногоор сунгаж болно.

12.Комисс нь маргаанд холбогдох материал, бичиг баримтыг шалгаж танилцах, шаардлагатай тохиолдолд гомдол гаргагч, түүнд холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтантай уулзах, тэдний тайлбар, санал дүгнэлтийг авах, улмаар зохих үндэслэл бүхий дүгнэлт гаргаж Төрийн захиргааны албаны холбогдох зөвлөлийн удирдлагад танилцуулан хуралдаанаар нь хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

13.Комисс нь маргааныг хянан шалгахдаа дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

1/маргааныг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтыг холбогдох байгууллага, албан тушаалтан, төрийн захиргааны албаны хаагч, түүнчлэн гомдол гаргагч иргэнээс гаргуулан авах, тэдний тайлбарыг сонсох;

2/Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг үндэслэн маргааныг үнэн зөв шуурхай шалгах;

3/гаргасан санал дүгнэлтээ Төрийн захиргааны албаны холбогдох зөвлөлийн хуралдаанаар танилцуулан шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг гомдол гаргагчид мэдэгдэж, тайлбарлах.

Гурав.Маргааныг шийдвэрлэх үйл ажиллагаа

14.Төрийн захиргааны албаны зөвлөл болон салбар зөвлөл нь төрийн албатай холбогдсон маргааныг хянан шалгасан комиссын дүгнэлтийг хуралдаанаараа хэлэлцэнэ.

Шаардлагатай гэж үзвэл Төрийн захиргааны албаны холбогдох зөвлөлийн даргын болон маргаан хянан шалгах комиссын гишүүдийн санал болгосноор маргагч талуудыг хуралдаанд оролцуулж, тайлбар хийх, дүгнэлтийн талаар болон өөр хоорондоо мэтгэлзэх бололцоог тэдэнд олгоно.

15.Төрийн захиргааны албаны зөвлөлийн дүрэмд зааснаар зөвлөл нь асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж дүгнэлт, тогтоол гаргах, эсхүл дахин шалгуулахаар комисст буцаана.

16.Төрийн захиргааны албаны холбогдох зөвлөл нь маргааныг хуралдаанаараа хянан хэлэлцээд дараахь үндэслэлээр дахин шалгуулахаар комисст буцааж болно.

1/эцсийн шийдвэр гаргах нотолгоо болох бичиг баримтын бүрдэл хангагдаагүй;

2/маргаанд холбогдох чухал бичиг баримт, үйл явдлыг шалгаагүй.

17.Төрийн захиргааны албаны холбогдох зөвлөл нь маргааны талаар гарсан шийдвэрээ ажлын З өдөрт багтаан маргагч талуудад мэдэгдэх бөгөөд зөвлөлөөс гарсан тогтоолыг төрийн байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.

18.Төрийн албатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэсэн тухай төрийн захиргааны албаны салбар зөвлөлийн шийдвэрийг маргалдагч талууд үл зөвшөөрвөл гомдлоо Төрийн захиргааны албаны зөвлөлд, Төрийн захиргааны албаны зөвлөлөөс гарсан шийдвэрийг үл зөвшөөрвөл гомдлоо шүүхэд тус тус гаргаж болно.