A

A

A

Бүлэг: 1979

Улсын Их Хурлын 1996 оны

22 дугаар тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС БАРИМТЛАХ

ХҮН АМЫН БОДЛОГО

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.Монгол Улс нь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг зорьж байгаа, цөөн хүн амтай, өргөн уудам нутагтай, хүн амын нягтрал бага, насны бүтэц залуу, нүүдлийн болон суурин соёл иргэншил хосолсон, хөгжиж байгаа орон мөн.

Хүн амын бүтэц, байршлын энэхүү онцлогтой байдал нь Монгол Улсын төрөөс баримтлах Хүн амын бодлого / “Хүн амын бодлого” гэх/ өвөрмөц байхын үндэс болно.

2.Хүн амын бодлого нь тус улсын Үндсэн хуульд тодорхойлон заасан үндэсний ашиг сонирхолд болон хүн ам тогтвортой хөгжлийн хүрээнд олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд тулгуурлана.

3.Монгол Улсын хөгжил дэвшлийн үндэс нь оюун ухаан, бие бялдрын хувьд өв тэгш хөгжилтэй, эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль ёсоо дээдэлдэг хүн гэж үзнэ.Хүн амын бодлого нь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх, хувь хүн, гэр бүлийг хөгжүүлэх зорилго бүхий хүн төвтэй хөгжлийн дэлхий нийтийн үзэл баримтлалыг иш үндэс болгоно.

4.Хүн амын бодлого нь Монгол Улсын хөгжлийн ойрын ирээдүйн буюу 21-25 жилийн хугацаанд хүн амын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох хүн ам, тогтвортой хөгжлийн тулгуур баримт бичиг мөн.

5.Хүн амын бодлогын зорилго нь хүн амаа тогтвортой өсгөх , өв тэгш хүмүүжүүлэх, хүний бүх талын хөгжлийн нийгэм , эдийн засаг, орчин ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

6.Хүн амын энэхүү бодлогыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг иш үндэс болгон улс орны нийгэм, эдийн засгийн жил бүрийн үндсэн чиглэлд тусгах замаар хэрэгжүүлнэ.

7.Хүн амын бодлого нь дараахь хэсгээс бүрдэнэ:

1/Хүн амын өсөлт, эрүүл мэндийн талаар;

2/Хүн амын хоол хүнс, орон байрны талаар;

З/Хүн амын боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн талаар;

4/Хүн амын байршилт, шилжих хөдөлгөөний талаар;

5/Хүн амын бүртгэл, мэдээлэл,судалгааны талаар;

6/Хүн ам, тогтвортой хөгжлийн уялдааг хангах талаар;

7/Гэр бүл, хүн амын нийгмийн бүлгийн байдлын талаар;

8/Хүн амын бодлогын удирдлага, нөөцийн талаар.

Хоёр.Хүн амын өсөлт, эрүүл мэндийн талаар

8.Хүн амын өсөлтийн талаар баримтлах бодлогын зорилт нь 2О1О-2О15 он хүртэлх хугацаанд хүн амын жилийн дундаж өсөлтийг 1,8 хувиас бууруулахгүй тогтвортой хадгалах, 1990 оны түвшингээс нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг гуравны нэгээр, эхийн эндэгдлийн түвшинг тэн хагасаар тус тус бууруулах, монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

9.Төрөлтийг эх хүүхдийн эрүүл мэндэд тохиромжтойгоор зохицуулах таатай нөхцөл бүрдүүлэх явдал нь хүн амын өсөлтийг хангах гол хүчин зүйл гэж үзнэ.

10.Эх нялхсын эндэгдлийг тууштай бууруулах нь хүн амын өсөлтийг хангах нэг гол хүчин зүйл гэж үзэж, эсэн мэнд амаржих, өсч торних нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарна.

11.Хүн амд нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрүүл аж төрөх ёсны мэдлэг олгож эмэгтэйчүүдийг нас бие гүйцээгүй байхдаа буюу хэт ойрхон төрөхөөс сэргийлэхэд чиглэсэн сурталчилгаа, эмнэлэг, үйлчилгээг өөрийн орны онцлогт тохируулан явуулна.

12.Үр хөндөлтийг хүсээгүй хүүхдээ төрүүлэхээс зайлсхийх арга болгон хэрэглэхийг дэмжихгүй бөгөөд эмнэлгийн заалтаар болон гэр бүлийн гишүүдийн эрх ашгийн үүднээс мэргэжлийн эмч, эмнэлгийн баталгаатай нөхцөлд үр хөндөлтийг хуулиар зохицуулна.

13.Өмчийн олон хэвшилд түшиглэсэн эрүүл мэндийн байгууллагын зохистой тогтолцоог бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эн тэргүүнд тавих, орчин цагийн болон үндэсний уламжлалт анагаах ухааны хосломжийг бүх талаар дэмжих үндсэн дээр эмнэлэг-үйлчилгээний чанарыг олон улсын стандартын төвшинд хүргэх зорилт тавина.

14.Нарийн мэргэжлийн оношлогоо, эмчилгээ, үйлчилгээ, сургалт, судалгааны төвүүдийг бүс нутагт байгуулахыг бүх талаар дэмжих үндсэн дээр эрүүл мэндийн өндөр зэрэглэлийн үйлчилгээг хөдөөгийн хүн амд ойртуулах бодлого баримтална.

15.Удамшлын өвчин, эмгэг согог, оюун ухааны хомсдолтой хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх эмнэлэг удамшил зүйн хяналтын тогтолцоо бий болгож, иргэдийн овгийг сэргээх ажлыг нийтийн хүртээл болгоно.

16.Эх нялхсын эрх ашгийг хамгаалахад зориулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эх , хүүхдэд үзүүлж байгаа нийгмийн халамжийн арга, хэлбэрийг нийгмийн хөгжлийн шаардлагатай уялдуулан зохицуулна.

17.Хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчин, осол эндэгдлээс сэргийлэх, өвчлөл , нас баралтыг бууруулах эмнэлэг, нийгмийн цогц үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Гурав.Хүн амын хоол хүнс, орон байрны талаар:

18.Хүн амын хоол хүнсний хангамжийг хүн амын өсөлттэй уялдуулах, үйлдвэрлэл, хэрэглээний зохистой уялдааг тогтвортой хангах гол зарчмыг мөрдлөг болгоно.Энэ талаар төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын хүнсний хууль, хүнсний хөтөлбөр зэрэг хууль эрхийн бусад акт баримтаар баталгаажуулна.

19.Хүн амын хүнсний аюулгүй байдал, орон сууцны болон орчин ахуйд тавих эрүүл ахуй, халдвар судлалын хяналтыг бүх талаар чангатгана.

20.Монгол хүний хоол хүнсний хоногийн физиологийн нормыг нас, хүйс, ажил, мэргэжил, нутаг дэвсгэр, уур амьсгалын онцлогтой уялдуулах, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний үндэсний лавлахыг бүсчлэн тогтоож, хангах зарчим баримтална.

21.Бага насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, өндөр настангууд болон нийгмийн эмзэг бүлгийн хоол тэжээлийн бүтэц, найрлагыг тэдний физиологийн онцлог, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн төгөлдөржүүлэх судалгаа, үйлдвэрлэлийг дэмжинэ.

22.Хүн амыг үндэсний уламжлалт гэр,сууцаар хангахад чиглэсэн аливаа үйлдвэрлэл, үйлчилгээнд байнгын дэмжлэг үзүүлэх зарчмыг төрийн бодлогын анхааралд байлгана.

Хот, суурин газрын нөхцөлд монгол хүний соёл иргэншил, эрүүл ахуйн шаардлага хангасан, үндэсний хэлбэр, ур хийцийг шингээсэн, өрх гэр бүлийн аж ахуй, жижиг үйлдвэрлэл эрхлэх нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн хямд төсөр орон сууцны тогтолцоо бүрдүүлэх аливаа санаачлагыг тал бүрээр дэмжинэ.

 

Дөрөв.Хүн амын боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн талаар:

23.Ажиллагсадынхаа боловсролын түвшин, техник, технологийн мэдлэг, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэхэд оруулсан хөрөнгийн хэмжээтэй уялдуулан аж ахуйн нэгж, байгууллагад санхүү, эдийн засгийн зохих дэмжлэг үзүүлдэг байх чиглэл баримтална.

24.Өмчийн аль ч хэвшилд түшиглэсэн мэргэжлийн боловсрол олгох сургалтыг хөдөөгийн хүн амд ойртуулах үүсгэл санаачилгыг эн тэргүүнд дэмжинэ.

25.Монгол Улсын иргэн бүр өөрийн хүсэл сонирхол, авьяас чадварынхаа дагуу бүтээлч хөдөлмөр эрхлэж өөрийгөө тэтгэн хөгжүүлэхэд төрөөс бүх талын дэмжлэг үзүүлнэ.

26.Монгол айл, өрх бүр, ялангуяа бага орлоготой иргэд, олон хүүхэдтэй эхчүүд гэрээрээ жижиг үйлдвэрлэл эрхлэхэд нь бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлэх чиглэл баримтална.

27.Төв суурин газраас хэт алслагдсан нутаг, говийн бүсийн хүн амаас аливаа хэлбэрийн үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөл бүрдүүлнэ.

Тав.Хүн амын байршилт, шилжих хөдөлгөөний талаар:

28.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагын зохистой тогтолцоо, нийгэм, соёлын үйлчилгээг хөдөөгийн хүн амд ойртуулах явдал бол хүн ам хот, хөдөөд жигд тархан суурьших гол нөхцөл гэж үзнэ.

29.Байгаль орчны даац, хүн амын өсөлт, нийгмийн үйлчилгээний тэнцвэртэй харьцааг хослуулах үндсэн дээр хот, сууринг монгол хүний сэтгэл зүйд нийцсэн үндэсний өвөрмөц хэв шинжтэй хөгжүүлэх чиглэл баримтлана.Нийслэл болон томоохон хотын хүн амын хэт төвлөрөлийг багасгах, дагуул хотууд, бүс нутгийн төвүүдийг хөгжүүлэхэд түлхүү анхаарна.

З0.Монголд байнга оршин суух гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүсийн тоо, бүтэц болон ажиллах хүч оруулах, гаргах, тус улсын иргэд цагаачлахтай холбогдсон асуудлыг улс орны аюулгүй байдал, хүн амын өсөлт, нийгэм эдийн засгийн хөгжлийн цаг үеийн шаардлага, хүний эрхийг хүндэтгэх, харилцан ашигтай байх зарчимд нийцүүлэн төрөөс зохицуулна.

31.Монгол Улсын иргэд гадаадад түр шилжин суурьшихтай холбогдсон гэрээ хэлэлцээрт иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг тусгаж, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настны эрх ашгийг хамгаалахад онцгойлон анхаарна.

Зургаа.Хүн амын бүртгэл, мэдээлэл,судалгааны талаар:

З2.Иргэний бүртгэл, мэдээллийн нэгдсэн сүлжээ бүрдүүлж, үйл ажиллагааг нь тогтвортой хангах бодлого баримтална.

33.Орчин үеийн судалгаа шинжилгээний арга зүй, ололтод үндэслэн Монгол хүн судлал, хүн ам, хөгжлийн судалгааг өргөжүүлнэ.

З4.Хүн ам судлал, хүн ам, хөгжлийн асуудлаар үндэсний мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, сургалтын бааз чадавхийг хөгжүүлэх, сургалтын бүтэц, агуулгыг олон улсын жишигт хүргэж боловсронгуй болгох чиглэл баримтална.

Долоо.Хүн ам, тогтвортой хөгжлийн уялдааг хангах талаар:

Дэлхий ертөнцөд хүйтэн дайн төгсгөл болж улс төрийн уур амьсгал нааштай зөөлөрсөн хэдий ч туйлын ядуурал, өлсгөлөн, ажилгүйдэл, өвчин зовлон, цагаачлал, хүрээлэн буй орчны бохирдол, угсаатны хүчирхийлэл зэрэг олон асуудал дэлхийн хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээх боллоо.Энэ бүхнийг иш үндэс болгон хүний аюулгүй байдлын нөхцлийг хангахад хүн ам ба тогтвортой хөгжлийн төрийн бодлогыг хангах үндэс нь нийгмийн хөгжлийн төвд хүний хөгжлийн асуудлыг тавих явдал гэж үзнэ.

35.Хүн ам, тогтвортой хөгжлийн уялдааг хангах талаар баримтлах бодлого нь байгаль орчны даац, хүн ам, эдийн засгийн тогтвортой өсөлтийн харьцааг хангах үндсэн дээр хүн амын сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

36.Хөгжлийн төлөвлөлтийг хүн амын хүчин зүйлтэй нягт уялдуулах, ялангуяа хүний нөөцийг бүрэн ашиглах зарчим баримтална.

37.Иргэд эрүүл байх, урт наслах, тасралтгүй сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, нийгэм, соёлын амьдралд тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд нөөц баялгийг зохистой хуваарилахын зэрэгцээ хүний хөгжилд зориулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэл баримтална.

38.Байгаль цаг уурын өвөрмөц орчин, нүүдэл, суурин соёл иргэншил хосолсон, өргөн уудам нутагтай Монгол орны нөхцөлд тохирсон нийгмийн баримжаа бүхий хүн төвтэй хөгжлийн “Монгол загвар”-ыг боловсруулж хэрэгжүүлнэ.

39.Байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах нөөц баялгийг зохистой, хэмнэлттэй ашиглах замаар хүний амьдарч аж төрөх таатай орчныг бүрдүүлэхэд анхаарна.

40.Хүн ам, байгаль орчин, соёл иргэншил, тогтвортой хөгжлийн мөн чанар, хоорондын зүй тогтолт холбооны талаар бүх нийтэд зориулсан мэдээлэл, сурталчилгааг өргөжүүлнэ.

Найм.Гэр бүл, хүн амын нийгмийн бүлгийн талаар:

41.Гэр бүл, хүн амын нийгмийн бүлгийн талаар баримтлах бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль болон Хүүхдийн эрхийн тухай Конвенц, Эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах Найробын стратеги, Настангуудын талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны Венийн төлөвлөгөө, Тахир дутуу хүмүүсийн эрхийн тухай тунхаглал, хүн ам ба хөгжлийн асуудлаархи Кайрын бага хурал, Нийгмийн хөгжлийн асуудлаархи Копенгагены Дэлхийн дээд хэмжээний уулзалт, Дэлхийн эмэгтэйчүүдийн Бээжингийн дөрөвдүгээр бага хурал зэрэг НҮБ-ын баримт бичгүүдэд дэвшүүлсэн үзэл санааг хэрэгжүүлэхэд чиглэнэ.

А.Гэр бүлийн хөгжлийг хангах талаар:

42.Гэр бүл нь хүний амьдралын анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж гэж үзэж түүний хөгжлийн тухай асуудлыг төрийн бодлогын анхааралд байлгана.

43.Гэр бүлийн орчинд үндэсний дэвшилттэй ёс заншил, соёл иргэншлийн өв уламжлалаа хадгалах, сэргээх, өвлөн хөгжүүлэхийг эрхэмлэн хүндэтгэнэ.

44.Гэр бүл эдийн засгийн талаар бие даан хөгжих чадавхиа дээшлүүлэх, өмч хөрөнгөө өсгөн арвижуулах аливаа шударга санаачлага, үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлнэ.

45.Гэр бүлийн хөгжилд туслах нийгмийн үйлчилгээг хүүхдийг хүмүүжүүлж төлөвшүүлэх, өндөр настныг халамжлах, нийгмийн эрүүл мэнд, ахуйн соёлын нөхцөлийг сайжруулахад чиглүүлнэ.

46.Гэр бүлийн төлөвшил, хөгжилд өрхийн тэргүүний үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч, гэр бүлийн гишүүдийн тэгш эрхийг хангаж, ялгаварлан гадуурхах, шоовдорлох, хүчирхийлэх аливаа илэрлийг хориглох бодлого баримтална.

47.Гэр бүлийн орчинд хүмүүнлэг ёсноос гажууд адал балмад явдал,

садар самууныг сурталчлах зэрэг ёс бус үйл ажиллагааг монгол уламжлал, зан , заншилд үл нийцнэ гэж үзнэ.

Б.Хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх талаар:

Хүүхдийн талаархи олон улсын конвенц, тунхаглал, холбогдох баримт бичгүүд болон Монгол Улсын үндсэн хуулийг иш үндэс болгон улс орны ирээдүйн хөгжлийг хангах гол нөөц, хүч болох хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх, тэдний эсэн мэнд өсч бойжих, сурч боловсрох, аж төрөх таатай нөхцөлийг бүрдүүлэх төрийн бодлогыг дараах чиглэлүүдээр тодорхойлж байна:

48.Хүүхдэд Монголын ард түмний түүх, соёл, ёс суртахууны дэвшилтэт уламжлалыг өвлүүлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт зүйлийг эрхэмлэх, хүнлэг энэрэнгүй ёс, эрх чөлөө, тэгш эрх, эв санааны нэгдлийг дээдлэх, байгалийг хайрлах, бүтээлч хөдөлмөрөөрөө аж төрөх үзэл дадлаар хүмүүжүүлэх орчин нөхцөлийг гэр бүл, сургууль, нийгэмд бүрдүүлнэ.

49.Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдэд ертөнцийг танин мэдэх, ажил амьдралын байр сууриа зөв сонгоход нь туслах, хүмүүнлэг ёсонд сургах, тэднийг эрүүл өсгөж төлөвшүүлэх журамт үүрэг хүлээнэ.

50.Иргэд, байгууллага, аж ахуйн нэгж бүр хүүхдийг багаас нь боловсон зөв хүмүүжиж төлөвшихөд нь туслахад чиглэсэн нийгмийн эрүүл орчин бүрдүүлэх, ёс суртахууны дэвшилт уламжлалыг түгээн дэлгэрүүлэх,зааж сургах үүрэг хүлээдэг байх зарчим баримтална.

51.Байгаль орчин, нүүдэл, суурин иргэншлийн онцлог, хот, суурин газрын үндэсний намба төрхийг хослуулан хөгжүүлэх үндсэн дээр төр, гэр бүл, нийгмийн зүгээс хүүхдийн нүд, сэтгэл зүйд нийцэхүйц таатай орчин, амьдралын зохистой хэрэгцээний стандарт бүрдүүлэхийг үнэт баялаг хэмээн эрхэмлэн үзнэ.

52.Монгол орны соёл иргэншил, нийгэм, эдийн засгийн харилцааны онцлогтой уялдуулан хүүхдийн сэтгэц, оюун санаа, бие бялдар, физиологийн хөгжлийн үндсэн зүй тогтлыг илрүүлэн тогтоох, мэдээллийн сан байгуулах, хүүхдийн өв тэгш хөгжлийг хангах асуудалд судалгаа шинжилгээний ажлыг чиглүүлнэ.

53.Хүүхдийг эцэг эхийн ивээл хайр асрамжинд эсэн мэнд бойжих, бие махбодь, оюун санааны хувьд эрүүл байх, элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүрээлэн байгаа орчныг эрүүлжүүлэх, тэднийг эрүүл аж төрөх дадал заншилд сургах , эрүүл мэндээ хамгаалах иргэний ухамсартай болгон төлөвшүүлэхэд төрийн бодлого чиглэгдэнэ.

54.Хүүхдийг 18 нас хүртэл эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцна.

55.Хүүхдийг хөхөөр хооллох, бие, сэтгэлийн хөгжилд нь тохирсон

хоол хүнсээр хангах,бие бялдар, оюун санааны өсөлт, хөгжилд хяналт

тавих, хүүхдийн өсөлт, эрүүл мэндийн шаардлагад нийцсэн бичил махбодь, аминдэм, ялангуяа иод, төмөр, Д,С аминдэмээр баялаг хоол тэжээлийн үйлдвэрлэлийг төрөөс дэмжинэ.

56.Хүүхэд гэр бүл, эцэг эхийн амьжиргааны чадавхиас болж хоол хүнсний дутагдал, тураал, өлсгөлөнд нэрвэгдэхээс хамгаалахад чиглэгдсэн олон нийтийн санаачилгыг төрөөс бүх талаар дэмжинэ.

57.Эрэмдэг согогтой хүүхдэд үзүүлэх эмнэлэг, нийгмийн халамжийг тасралтгүй зохион байгуулах, нөхөн сэргээх тоног төхөөрөмжөөр хангах, бие бялдар болон оюуны хөгжлийн онцлогт тохирсон сургалтанд хамруулах, мэргэжлийн баримжаа олгох ажлыг оновчтой хэлбэрээр зохион байгуулна.

58.Монгол хүүхдийн сэтгэл зүй, эрүүл мэнд, бие бялдрын онцлог, байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд тохирсон гутал, хувцасаар хангах чиглэлийн үйлдвэрлэл худалдааг дэмжинэ

59.Үндэсний хэл, бичиг үсэг, соёл, эрдэм мэдлэг, уламжлалт гүн ухаан, уран сайхны өвөрмөц сэтгэлгээ, зан заншил, соёлын дэвшилтэт өвийг суурь болгон, хүүхдийг хөгжүүлэх, хүмүүжүүлэх, сургах, амьдралд бэлтгэх үйл ажиллагааны агуулга арга, технологийг хүн төрөлхтний оюуны үнэт зүйл, шинжлэх ухаан технологийн ололт, чиг хандлагатай нягт уялдуулан боловсронгуй болгон хөгжүүлэхийг зорино.

60.Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын стандартыг олон улсын нийтлэг жишиг, үндэсний уламжлалыг харгалзан нарийвчлан тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоо, агуулга, арга технологийг боловсронгуй болгоно.

61.Багш бэлтгэхэд тусгайлан бодлого барьж, багш болох авьяас сонирхолтой хүнийг зөв сонгон, багш бэлтгэх сургуулиудын сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгож, материаллаг хангамжийг сайжруулна.

62.Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх, эрдэм боловсрол эзэмшихэд нь идэвхтэй нөлөө үзүүлэхүйц шинжлэх ухаан, танин мэдэхүй, уран зохиол, техник, зохион бүтээх, ахуйн хэрэглээний ном зохиол, сурах бичгээр хангах чиглэл баримтална.

63.Хүүхдийн оюуны хэрэгцээг нас, сэтгэхүйн онцлогт тохируулан хангахад чиглэсэн соёл урлагийн бүтээлийг урамшуулан дэмжинэ.

64.Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, харилцан бие биенээ хүндэтгэх, хамтарч ажиллаж, амьдарч, сурах, хариуцлага хүлээх чадвар, сэтгэцийн дархлалтай болгоход чиглэсэн хүүхдийн олон нийтийн байгууллага, үүсгэл санаачилгын хөдөлгөөнийг дэмжин, хүүхдийн өөрийн удирдлагыг хөгжүүлнэ.

65.Шинэ зууны иргэн төлөвшүүлэх зорилгод нийцсэн, хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон залгамж, цэгцтэй мэдээлэл сурталчилгааны хөтөлбөр боловсруулж мөрдөн, хүүхдийн мэдлэг хүмүүжил, ёс суртахуунд эерэг нөлөө үзүүлэхүйц мэдээллийн орчин бүрдүүлнэ.

66.Эцэг, эх, гэр бүл, сургууль нь хүүхдийн авьяас билгийг багаас нь илрүүлэх, эрдэм боловсрол эзэмшүүлэх, авьяас, сонирхол, оюуны чадавхиа түшиглэн амьдралаа тэтгэн хөгжүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг эрүүл мэнд, боловсрол, ёс суртахуунд нь тохирох хэлбэрээр зохион байгуулах, хөдөлмөрлөх дадал эзэмшүүлэх, тэднийг хөдөлмөрлөж байж хүний жишигтэй амьдарна гэдэг ёс суртахууны идэвхтэй зарчимд сургах үүрэг хүлээнэ.Хүүхдийн хөдөлмөрийг эрүүл мэнд, боловсрол, ёс суртахуунд нь тохирох хэлбэрээр зохион байгуулах, хөдөлмөрлөх дадал эзэмшүүлэх, дэс дараатай бодлогыг гэр бүл, сургууль болон нийгмийн бүх хүрээнд баримтална.

67.Хүүхдийг хүмүүнлэг ёс, байгаль орчин, үндэсний соёл иргэншил, ёс заншил, дэвшилт уламжлалынхаа мөн чанарыг мэдэрч, дээдлэн хүндэлдэг, хууль ёс, эрх үүргээ гүнээ ухамсарласан иргэн болгон хүмүүжүүлэх бодлогыг төрөөс баримтална.

68.Хүүхдэд эцэг, эх, үр хүүхдийн элбэрэл журам, багш шавийн барилдлагааг дээдлэх ёс суртахууны мэдрэмж, ухамсар төлөвшүүлэхийг эрхэмлэнэ.

69.Хүүхдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн үндсийг иж бүрэн бүрдүүлж, хүүхдийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих төр, олон нийтийн хяналтыг хүчтэй болгоно.

70.Нийгмийн болон насанд хүрэгчдийн зүгээс хүүхдэд учруулж болзошгүй аливаа дарлал, мөлжлөг, доромжлол, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авна.

71.Өнчин, тахир дутуу, эмгэг согогтой хүүхдийг төрийн ивээл халамжинд байлгаж, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд тусална. Бага насны өнчин хүүхдийг үрчлүүлэх, асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоох, ийм хүүхдийг асарч хүмүүжүүлж байгаа гэр бүл, иргэдэд туслах чиглэл баримтална.

72.Үндэстний цөөнхийн хүүхэд эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, зан заншлаа өвлөх эрмэлзлэлийг хүндэтгэнэ.

73.Хүүхдийн төлөө анхаарал халамж тавьж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллагын үйл ажиллагаа, тэдний зүгээс хүүхдийн сайн сайхны төлөө хөрөнгө хуримтлуулах сан байгуулах үйл ажиллагааг төрөөс дэмжинэ.

74.Хүүхдийн төлөө үйл ажиллагаанд улс үндэстний анхаарлыг төвлөрүүлэх, нийгмийн бүх нөөц хүчийг татан оролцуулах, тэдний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн тусгай хөтөлбөрийг аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр боловсруулж мөрдөнө.

В.Залуучуудын талаар:

75.Залуучууд төлөвшин хөгжих эрх зүй, эдийн засаг, нийгмийн үндсийг хөгжүүлэхэд төрийн бодлого чиглэгдэнэ.

76.Эрүүл мэндээ хамгаалах, бие бялдраа хөгжүүлэхэд чиглэсэн залуучуудын санаачилга, үйл ажиллгааг бүх талаар дэмжинэ.

77.Залуучуудад эрх зүйн мэдлэг олгох, байгаль орчин, эх хэл, бичиг үсэг, ёс заншил, соёл иргэншил, удмын сангаа дээдлэх үзлийг төлөвшүүлэх, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх таатай орчин бий болгоход чухалчлан анхаарна.

78.Авьяас чадавхиа хөгжүүлэх, эрдэм мэдлэгэд шамдан суралцах, насан туршдаа өөрийгөө тэтгэх мэргэжил, амьдрах ухааны арга барил эзэмших, орон байртай болох оюуны бүтээл, туурвилаа чөлөөтэй хөгжүүлж, үр шимийг нь хүртэхэд залуучуудад дэмжлэг үзүүлнэ.

79.Дэлхийн улс орны залуучуудтай хамтран ажиллаж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, эх орноо хөгжүүлэх, эх дэлхийгээ энх амгалан байлгахад чиглэсэн Монголын залуучуудын үйл ажиллагаа, үүсгэл санаачилгыг дэмжинэ.

Г.Эмэгтэйчүүдийн талаар:

80.Улс төр, нийгэм, эдийн засаг, гэр бүлийн хүрээнд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах, тэднийг хөгжил дэвшилд идэвхтэй оролцуулахад төрийн бодлого чиглэгдэнэ.

81.Охид, эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд энэ талаар боловсрол олгох үндсэн дээр эрүүл эхээс эрүүл хүүхэд төрүүлэх боломжийг бүрдүүлэхэд голлон анхаарна.

82.Эмэгтэйчүүдийн боловсрол мэргэжлийн түвшинг дээшлүүлэн авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх боломжоор хангаж,тэднийг нийгмийн амьдрал,хөгжилд өргөн оролцуулахыг чухалчилна.

83.Үндэсний ёс заншил, гэр бүлийн харилцааны уламжлалд тулгуурлан охид, эмэгтэйчүүд, эхчүүдэд гэрийн эзэгтэйн мэдлэг боловсрол эзэмшүүлэх сургалт, сурталчилгааг өргөжүүлнэ.

84.Үр хүүхдээ эрүүл энх өсгөж, амьдрах арга ухаанд сургаж хүмүүжүүлсэн эх хүний хөдөлмөр, зүтгэлийг улс орныхоо хөгжилд оруулсан чухал хувь нэмэр гэж үзэж ёс суртахуун, эрх зүйн үнэлэмжийг дээшлүүлнэ.

85.Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл, чадавхийг дээшлүүлэхэд туслах, тэдний хөдөлмөр зохицуулалтыг боловсронгуй болгох, гэрээр болон бүтэн бус өдрөөр хөдөлмөрлөх боломжийг өргөтгөх, ялангуяа олон хүүхэдтэй эхчүүдэд гэрийн нөхцөлд тохирсон аливаа хэлбэрийн ажил үйл эрхлэх боломж олгоход анхаарна.

86.Улс төр, эдийн засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлнэ.

Д.Ахмадуудын талаар:

87.Ахмадууд улс орныхоо хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийнхээ үр шимийг нийгмээс хүртэх, оюун санаа, амьдралын хэрэгцээгээ хангах, нийгэм, эдийн засгийн баталгаатай байх нөхцөлийг бүрдүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалахад төрийн бодлого чиглэнэ.

88.Ахмадуудын амьжиргааны баталгааг хангах, эмчилгээ сувилгаа, соёл ахуйн үйлчилгээ үзүүлэх, дэд бүтэц, мэргэжлийн албыг хөгжүүлж, тэдэнд нийгмийн үйлчилгээний зохих хөнгөлөлт үзүүлэх хүрээг өргөжүүлнэ.

89.Ахмадууд ажил, амьдралын баялаг туршлага, үндэсний уламжлалаа залуу үеийнхэнд өвлүүлэх, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах, идэвхтэй амьдрах үүсгэл санаачилгыг дэмжих, ахмад үеийнхний хөдөлмөр, гавьяа зүтгэлийн үнэлгээг оновчтой болгох бодлого баримтална.

90.Өвөг, дээдсээ үр ач, өргөн олон нь хайрлан хүндэтгэдэг монгол уламжлалаа үеэс үед өвлүүлэх, ахмад, залуу, өсвөр үеийн залгамж холбоог бэхжүүлэхийг эрхэмлэнэ.

91.Өндөр настныг гэр бүл, ураг төрлийн хүрээнд халамжлах чиглэлд түлхүү анхаарах, асрамжлан тэтгэх хүнгүй, ганц бие, биеэ дааж амьдрах чадвар мөхөс өндөр настныг орон нутагт нь асрамжлах чиглэл

баримтлах, эрх зүйн баталгааг бүрдүүлнэ.

92.Тэтгэвэрт гарсан ахмад настны арвин баялаг нөөцийг зохистой ашиглах удирдлага, үйл ажиллагааны өвөрмөц тогтолцоог бий болгоно.

Е.Тахир дутуу хүний талаар:

93.Тахир дутуу хүний нийгмийн амьдралд оролцох нөхцөлийг бүрдүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, ажил үйлчилгээ эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтэнд олон улсын хөдөлмөрийн стандартыг мөрдлөг болгох үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ.

94.Нийгмийн хөгжлийн онцлог, шаардлагатай уялдуулан тахир дутуу хүмүүст олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж болон нийгмийн халамжийн тогтолцоог боловсронгуй болгоно.

95.Тахир дутуу, эмгэг согогтой болж байгаа шалтгааныг судлах, хүн амын амьдрах, хөдөлмөрлөх нөхцөлийн аюулгүй байдлыг хангахад тавих мэргэжлийн хяналтыг сайжруулна.

96.Тахир дутуу, эмгэг согогтой хүмүүс боловсрол эзэмших боломжийг өргөтгөх, хараагүй, дүлий, оюун ухааны хомсдолтой хүүхдэд боловсрол олгох зохистой хэлбэрийг бүх талаар дэмжинэ.

97.Тахир дутуу, эмгэг согогтой хүмүүсийн бие эрхтэн, оюуны үйл ажиллагааг нөхөн сэргээхэд гэр бүл, ойр дотны хүмүүс, олон нийтийн хүчинд тулгуурлах, төрөлжсөн эмчилгээ, сувилгааг хөгжүүлэх арга хэлбэрийг зохистой хослуулах чиглэл баримтална.

98.Тахир дутуу, эмгэг согогтой хүмүүс авьяас, чадвараа хөгжүүлэх, нийгэм, соёл, спортын арга хэмжээнд оролцох, мэдээлэл авах боломжийг өргөтгөнө.

99.Бие даан амьдрах чадваргүй, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй тахир дутуу хүмүүсийг нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулна.

ЕС.Хүн амын бодлогын удирдлага, нөөцийн талаар:

100.Монгол Улсын төрийн захиргааны байгууллага, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь хүн амын бодлогыг Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомжид нийцүүлэн баяжуулж хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

101.Хүн амын бодлогыг хэрэгжүүлж, хяналт тавих үндэсний тогтолцоог боловсронгуй болгож бэхжүүлнэ.

102.Хүн амын бодлогыг хэрэгжүүлэхэд төр, засаг болон төрийн бус байгууллагууд, иргэдийн идэвхтэй оролцоо, санаачилга, үйл ажиллагааг дэмжинэ.

103.Төрийн захиргааны бүх шатны байгууллагын ажилтнуудын хүн ам, хөгжлийн талаархи мэдээллийн хангамж, мэдлэг боловсролыг байнга дээшлүүлэхийг чухалчлан үзнэ.

104.Төрийн захиргааны бүх шатны удирдлага нь үйл ажиллагаагаа хүн амын гүнд төвлөрүүлж, тэдэнд өөрсдийн хөдөлмөр зүтгэлээр ажиллаж амьдрах арга ухааны дадал заншлыг эзэмшүүлэх замаар хүн хүчний нөөцийг хөгжүүлэх, түүнийг зохистой ашиглах нөхцөл бүрдүүлэхийг эн тэргүүнд анхаарна.

105.Хүн ам, хөгжлийн салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь гадаад харилцааны нэг чухал чиглэл гэж үзнэ.Хүний хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүлийн сайн сайхан байдлыг хангах чиглэлээр олон улсын байгууллага,гадаад орнуудтай хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлнэ.