A

A

A

Бүлэг: 1979
Улсын Их Хурлын 2003 оны 48 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

АРХИДАН СОГТУУРАХААС СЭРГИЙЛЭХ, ХЯНАЛТ  ТАВИХ YНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР  
 
Нэг. Үндэсний хөтөлбөрийн үндэслэл, шаардлага
1.1. Согтууруулах ундааны хэрэглээ, архидалтын улмаас хүн амын эрүүл мэнд, нийгмийн амьдралд учирч байгаа хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх талаархи дэлхий дахины бодлого, чиг хандлага
Сүүлийн хэдэн арван жил согтууруулах ундааны хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, харин хөгжиж буй орнуудад нэмэгдэн дэлхийн хэмжээнд жил бүр 1,8 сая хүн согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотойгоор нас барж байгаа нь өвчин, эмгэгийн улмаас нас барсан нийт тохиолдлын 3,2 хувийг эзэлж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ архидан согтуурсны улмаас хордох, архинд донтох өвчтэй болохоос гадна зүрхний титэм судасны өвчин, тархинд цус харвах, чихрийн шижин зэрэг 60 гаруй өвчин архидалттай ямар нэг хэмжээгээр холбоотой үүсч даамжирч байгаагийн дотор элэгний хатуурал, улаан хоолой, элэгний хавдар, эпилепси болон осол гэмтэл, санаатайгаар хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байгаа тохиолдлын 20-30 хувь нь архидалтаас үүдэлтэй байна гэж тооцоолжээ.
Дэлхийн олон оронд нийгэм, эдийн засгийн шилжилт явагдаж байгаа энэ үед хүн амын аж төрөх хэвшил, эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйл өөрчлөгдөж, архийг хэрэглэх хэрэглээ, энэ чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний сонголт буруу байгааг ДЭМБ онцлон тэмдэглэсэн байна. 
Архи хэтрүүлэн хэрэглэх эрсдэлт зан үйл, архи, сэтгэцийн нөлөөт бодисын хамааралтай өвчтний тоо дэлхийн олон оронд өсөн нэмэгдэж, улмаар улс үндэстний аюулгvй байдал, хүн амын эрүүл мэнд, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байгааг харгалзан ДЭМБ-аас хүн амын согтууруулах ундааны хэрэглээ, түүнээс үүдэн гарах сөрөг үр дагаврыг бууруулах талаар хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг гишүүн орнууддаа зөвлөмж болгосон юм.
ДЭМБ-аас хүн амын согтууруулах ундааны хэрэглээг багасгах хамгийн үр нөлөө бүхий арга зам нь татвар, үнийн бодлогоор дамжуулан согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд зохицуулалт хийн хангамжийг ерөнхийд нь бууруулах, үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг чангатган худалдах, үйлчлэх цэгийн тоог цөөрүүлэх, согтууруулах ундааны аливаа хэлбэрийн зар сурталчилгаа, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглох, архи хэрэглэж болох насны доод хязгаарыг тогтоох явдал гэж үзэж байна.  
1.2. Монгол улс дахь согтууруулах ундааны хэрэглээ, архидалтын улмаас хүн амын эрүүл мэнд, нийгмийн амьдралд учирч байгаа хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал
 
1.2.1. Эрх зүйн орчин
 
Төр, засгаас архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлыг анхааралдаа авч Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гаалийн болон Гаалийн тарифын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Онцгой албан татварын тухай хууль, Хүнсний тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай болон бусад хуулиудаар тус тус зохицуулж байгаагийн дээр эдгээр хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр гарсан Засгийн газрын тогтоол, төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагын тушаал, шийдвэр гээд бүхэл бүтэн хууль, эрх зүйн орчин бүрджээ.
Гэвч эдгээр хууль тогтоомжийн хэрэгжилт,  хяналт шалгалтын чанар, үр нөлөө хангалтгүй, хил, гааль, мэргэжлийн хяналт, хуулийн байгууллагын ажлын уялдаа холбоо муу байгаагаас архидалт, түүнээс үүдэн гарах хор хохирлын хэмжээ буурахгүй, харин ч нэмэгдсээр байна.   
1.2.2. Үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ
Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, түүгээр үйлчлэх  үйл ажиллагаанд тавих хяналт, хуулийн хэрэгжилт хангалтгүй  байна.
1.2.2.1.үйлдвэрлэл: Одоо улсын хэмжээнд 12 спиртийн үйлдвэр, 173 архины үйлдвэр, 29 пивоны үйлдвэр ажиллаж байна. 2001 онд согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг 660 аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний 79,1 хувь нь улсын стандартад заасан чанар,  аюулгүйн шаардлагыг хангахгүй, 3,3 хувь нь зөвшөөрөлгүй, 18,3 хувь нь хууль бус үйл ажиллагаа явуулж байв. 2002 онд 4,9 сая литр спирт, 9,4 сая литр архи, дарс, 3,3 сая литр пиво үйлдвэрлэсэн нь өмнөх оныхтой харьцуулахад спиртийн үйлдвэрлэл 23,7, архи, дарсных 9,4 хувиар нэмэгдэж, харин пивоны үйлдвэрлэл 20,9 хувиар  буурсан байна.
1.2.2.2.импорт: 2002 оны байдлаар 15,0 сая литр согтууруулах ундаа /үүнээс 13,5 нь пиво/ импортолсон нь өмнөх оныхтой харьцуулахад 4,8 хувиар өсчээ. 1999-2001 он, 2002 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд 740 аж ахуйн нэгж улсын хил, гаалиар 26,6 сая ам. долларын үнэ бүхий 44,8 сая литр  согтууруулах ундаа оруулж  ирснээс дөнгөж 17,3 сая литр нь буюу 38,7 хувь нь Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн баталгаажуулалтад хамрагдсан байна.
          1.2.2.3.худалдаа, үйлчилгээ: Согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг цэгийн тоо хэт олширсноос хүн ам, ялангуяа хүүхэд, залуучууд оршин суугаа газар болон сургууль, ажлын газраасаа 50-700 метр яваад л хүссэн цагтаа /24 цаг/ согтууруулах ундаа авч хэрэглэх боломжтой байгаа нь хүн амын согтууруулах ундааны хэрэглээ ихсэхэд нөлөөлж байна. Одоо улсын хэмжээнд 48 хүнсний бөөний төв, 3482 хүнсний дэлгүүрт  согтууруулах ундаа худалдаж байгаа бөгөөд тохирлын гэрчилгээ, чанарын баталгаагүй согтууруулах ундаа худалдах зөрчил нийтлэг байна. Сүүлийн жилүүдэд согтууруулах ундаагаар үйлчилдэг ресторан, баарны тоо нэмэгдэн одоо улсын хэмжээнд 338 ресторан, зоогийн газар, 1297 баар, цэнгээний газар согтууруулах ундаагаар үйлчилж байна. 2002 оны эцсийн байдлаар зөвхөн нийслэлийн хэмжээнд 199 зоогийн газар, 557 баар, 1438 хүнсний дэлгүүр согтууруулах ундаа худалдаж, түүгээр үйлчилж байгаа нь өмнөх оныхтой харьцуулахад 16,4-17,5 хувиар тус тус нэмэгдсэн төдийгүй баар, цэнгээний газрууд үйлчилгээний цагийн хуваарийг 1-3 цагаар хэтрүүлэх зөрчил гарсаар байна.
1.2.2.4. хууль бус худалдаа: Улсын хил, гаалиар нууцаар оруулж ирсэн болон хуваариас гадуур спиртээр үйлдвэрлэсэн татвар ногдоогүй  архи нь онцгой албан татвар тооцох жишиг үнээс доогуур хямд үнээр хөдөө орон нутаг, нийслэлийн захын дүүргүүдэд борлуулагдаж байгаа нь согтууруулах ундааны хэрэглээг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болж байна. Тухайлбал, 2002 онд онцгой албан татвар ногдуулах жишиг үнээс доогуур хямд борлуулж байсан 24,1 мянган шил архи, түүнчлэн гаалийн тухай хууль тогтоомж зөрчсөн, эрүүгийн хэрэг үйлдсэн болон захиргааны зөрчил гаргасан 2936 аж ахуйн нэгж, иргэдээс 106,0 мянган литр спирт, 23,4 мянган литр архи, 696 литр дарсыг хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна.
1.2.3. Архидалт ба  эдийн засаг
Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт нэмэгдэж, 2002 онд дотоодын үйлдвэрлэлд ногдуулсан онцгой албан татвараас 21,2 тэрбум  төгрөгийн орлого, 2002 онд импортолсон согтууруулах ундаанд ногдуулсан бүх төрлийн татвараас 6,6 тэрбум төгрөг улсын төсөвт тус тус төвлөрсөн байна.
 
Гэтэл архидан согтуурсны улмаас улс орны нийгэм, эдийн засгийн байдалд шууд болон шууд бусаар учирч байгаа хохирлын хэмжээ улам бүр нэмэгдсээр  байна.
1.2.4. Согтууруулах ундааны хэрэглээний байдал
Тус улсын нийт хүн амын дунд явуулсан архинд донтох өвчний тархалтын судалгаагаар /1985-1997/ насанд хvрэгчдийн 51,2 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж байгаагийн 8 хувь нь  эмэгтэйчvvд байна. 2000 онд НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагууд ЭМЯ-тай хамтран явуулсан судалгаагаар өсвөр үеийнхний архи хэрэглэж  эхэлсэн дундаж  нас 17,6 байгаа бөгөөд 20-иос доош насны өсвөр үеийнхний 70,5 хувь нь архи хэрэглэж үзсэн, хотын хүүхдүүд  хөдөөгийнхийг бодвол хоёр дахин их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэж байгааг тогтоожээ.
Манай улсын насанд хүрсэн /15 наснаас дээш/ нэг хүнд ногдож байгаа бүх төрлийн согтууруулах ундааг 38 градусын архинд шилжүүлснээр тооцоход 1998 онд 4,7 литр архи ногдож байсан бол 2000 онд 7,81, 2001 онд 7,47, 2002 онд 9,03  литр болж өссөн байна. Үүнээс гадна албан ёсны бүртгэлгүй буюу хууль бусаар улсын хил, гаалиар оруулсан, хуваариас гадуурх спиртээр үйлдвэрлэсэн, мөн иргэдийн худалдааны бус зориулалтаар улсын хилээр нэг удаа оруулсан, гэрийн нөхцөлд хийж байгаа согтууруулах ундааг нэмж тооцвол энэ үзүүлэлт дээрх тооноос их байгаа нь  тодорхой юм. 
1.2.5. Архидалтын сөрөг үр дагавар
1.2.5.1. архидалт ба гэмт хэрэг: Архидан согтуурах явдал гэмт хэрэг гарах үндсэн нөхцөл болсоор байна. 2002 оны байдлаар улсын хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн дотор согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 18,6 хувийг эзэлж байгаа нь  өмнөх оныхоос 13,3 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдэгчдийн тоо нийт гэмт хэрэг үйлдэгчдийн дотор 21,2 хувийг эзэлж байгаа нь өмнөх оныхоос 14,5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна /гэхдээ сүүлийн арваад жил гэмт хэрэг, согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо манай улсад маш ихээр өссөн учир дээрх тоо тийм ч бага тоо биш юм/. 
          1.2.5.2. архидалт ба эрүүл мэнд: Архидан согтуурснаас учирсан эрүүл мэндийн хохирол жилээс жилд нэмэгдэж, халдварт бус өвчин, осол гэмтэл, хүн амын өвчлөл, нас баралтын зонхилох шалтгаан болж байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд зүрх судасны эмгэгээр нас барах явдал 4-5 дахин нэмэгдэж, хүн амын нас баралтын шалтгааны дотор  1 дүгээрт,  хавдар 2 дугаарт орох болж, нас барж байгаа 6 хүн тутмын нэг нь энэ /хавдар/ өвчний улмаас эндэх боллоо.
Хорт хавдрын бүтцэд элэг, ходоод, улаан хоолойн хавдар зонхилж, нийт хавдрын 60 гаруй хувийг эзэлж байна. 2001 онд улсын хэмжээнд элэгний хатуурлын улмаас тохиолдсон нас баралт хоол боловсруулах замын өвчнөөс шалтгаалсан нийт нас  баралтын 27,5 хувийг эзэлж байна.
Осол, гэмтэл, хордлого 1980 онтой харьцуулахад 4 дахин нэмэгдэж, хүн амын нас баралтын шалтгааны дотор 3 дугаарт орох болов. Зөвхөн 2002 оны байдлаар осол, гэмтлийн улмаас гарсан нийт нас баралтын 52,5 хувь нь согтуугаар осолд өртөн нас барсан тохиолдол байна.  
 
  1999 онд АУИС-ийн /хуучин нэрээр/ Мэдрэл, сэтгэц судлалын тэнхимээс  хийсэн судалгаагаар оюуны хомсдолтой хүүхдүүдийн эцэг, эхийн 58,4 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэгч байсан нь архи хүний үр удамд хэрхэн нөлөөлдгийг харуулж  байна.
Архинд гүн хордож нас барсан хүний тоо жилээс жилд нэмэгдэж, зөвхөн сүүлийн 5 жилд 1005 хүн амь насаа алджээ. Сүүлийн 10 жилд архинд донтох өвчтэй  хvний тоо 2 дахин нэмэгдэж 2000 оны байдлаар уг өвчний тархалт 1000 хvнд хотод 6,4,  хөдөөд 2,5  байна.
Хүн амын дундаж наслалтыг хүйсээр авч үзэхэд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3-7 жилээр дутуу насалж байгаа нь согтууруулах ундааны хэрэглээ эрэгтэйчүүдийн дунд илүү байгаатай холбоотой юм.
1.2.5.3.архидалт ба гэр бүл: Архидан согтуурах нь гэр бүл дэх хүчирхийлэл, гэр бүл салалт, ажил таслалт, сургууль завсардалт болон хүүхэд өсвөр үеийнхний архи ууж, тамхи татах, мансуурах хорт зуршилд  автах  шалтгааны нэг болж  байна.
2000 онд НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагууд ЭМЯ-тай хамтран явуулсан судалгаагаар гэр бүлийн гишүүдийн аль нэг нь архи уудаг айлын 10 хүүхэд тутмын нэг нь сурлага муутай, 4 хүүхдийн нэгэнд нь зан үйлийн сөрөг өөрчлөлт гарч байгаа төдийгүй 10 орчим хувь нь архи ууж, 5 хувь нь гэрээсээ дайжиж байгааг тогтоожээ. Хүчирхийллийн эсрэг төвийн мэдээгээр гэр бүлийн хүчирхийллийн 60 орчим хувь, гэр бүл салалтын 45 хувь нь архидалттай холбоотой байна.
1.2.6. Архины хор хөнөөлийн талаар хүн амын мэдлэг, хандлага, дадал
Архины хор хөнөөлийн талаар хүн ам, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхний мэдлэг хангалтгүй байгааг 1997 онд Эрүүл мэндийн удирдлага, мэдээлэл, боловсролын төвийн /хуучин нэрээр/ явуулсан судалгаагаар түүнд хамрагдсан хүүхэд, өсвөр үеийнхний 19,3 хувь нь сайн, 49,4 хувь нь  дунд, 12,2 хувь нь хангалтгүй, 19,1 хувь нь огт мэдэхгүй гэж хариулсан судалгааны дүн харуулж байна. Иймд өдөр тутмын амьдралд тохиолдох бэрхшээлийг даван туулах, байдлыг дүгнэн зөв сонголт хийх, архи, тамхи, хорт зуршилд автахаас сэргийлэх  мэдлэг, дадалтай болгоход чиглэсэн амьдрах ухааны суурь боловсролыг хүүхэд, өсвөр үеийнхэнд эзэмшүүлэх чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга, хөтөлбөрийг хянан шинэчлэх явдал чухлаар шаардагдаж  байна.
1.2.7. Архидан согтуурагчид, архинд донтох өвчтэй хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээний байдал
Архи уун согтуурч биеэ авч явах чадваргүй болсон, хэв журмын зөрчил гаргасны улмаас  жилдээ 130000-140000 хүн "эрүүлжүүлэгдэж"  байгаа бөгөөд  энэ үйл ажиллагаа нь "эрүүл" болгох, эмчлэх замаар хордлогыг нь тайлах гэдэг утгаар бус харин архидан согтуурч хэвийн бус яваа хүнийг гэмт хэрэг, зөрчилд өртөх, амь нас, эрүүл мэндээр хохирохоос сэргийлэх зорилгоор эрхийг нь албадан хязгаарлах байдлаар явагдаж байна.  
2002 онд 13028 хүн наркологийн нарийн мэргэжлийн тусламж авч, 2556 хүн "Миннесота" загвар /мэдээлэл, танин мэдэхүйн сургалт, сэтгэл засал/-ын эмчилгээнд хамрагдсан нь өмнөх оныхоос 2,3-2,7 дахин нэмэгджээ. Архинд донтох өвчний улмаас сайн дураараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон албадан эмчлүүлсэн хүний тоо ч өссөн байна. Тухайлбал, нийслэл дэх наркологийн эмнэлэгт 2002 онд 1261 хүн хэвтэж эмчлүүлсэн нь 2000 оныхтой харьцуулахад 2 дахин, Багахангай дахь архидах, мансуурах донтой өвчтнийг албадан эмчлэх эмнэлэгт 2002 онд 1137 хүн  эмчлүүлсэн нь өмнөх оныхоос 3,2 дахин тус тус нэмэгджээ. Гэвч архаг архичдыг албадан эмчлэх ажиллагаа нь ихэнхдээ компаничилсан шинжтэй, эмнэлгийн орчин нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, төсөв санхүү хүрэлцэхгүй, мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа нь дээр дурдсан эмчилгээ, үйлчилгээний үр дүн, чанар, хүртээмжид муугаар нөлөөлж байна.
  
Эмчлүүлэгчдийн эмчилгээний үр дүнг батжуулах, дахилтаас сэргийлэх ач холбогдол бүхий олон нийтийн үүсгэл санаачлагаар 1998 онд байгуулагдсан "АА" цуглаанд нийслэлийн 7 дүүрэг, 13 аймагт бүгд 1493 хүн хамрагдаад байгаа хэдий ч орон нутгийн дэмжлэг, мэргэжил арга зүйн удирдлага дутагдалтайгаас  эмчилгээнд  хүмүүсийг бүрэн хамруулж чадахгүй байна. Тэрчлэн эмчлэгдээд гарсан хүмүүсийг хяналтанд авч хөдөлмөр зохицуулалт хийх, амьдрах чадварыг нь дээшлүүлэхэд чиглэсэн  нөхөн сэргээх тусламж үйлчилгээ,  ажлын байраар хангах явдал хангалтгүй  байна.
Архинд донтох өвчин нь удаан хугацааны эмчилгээ, сургалт, хяналт  шаардлагатай, өртөг зардал ихтэй, эмчилгээний үр дүн багатай өвчин болохыг ДЭМБ тогтоожээ. Харин архины асуудалтай хүмүүсийг эрүүл мэндийн анхны тусламжийн түвшинд эрт илрүүлж эмчлэх, эмийн болон сэтгэл заслын амбулатори, стационарын эмчилгээг зохистой хослуулж, тасралтгүй эмчлэх, хяналтанд авах нь архинд донтох өвчтэй болохоос урьдчилан сэргийлэх үр ашигтай арга болох нь дэлхийн олон орны туршлагаар батлагдсан юм. Иймд эрүүл мэндийн суурь тусламжийн түвшинд сум, өрхийн эмнэлгийн үйлчилгээгээр архи хэтрүүлэн хэрэглэгч, архины хамааралтай хүнийг эрт илрүүлж наркологийн нарийн мэргэжлийн эмчилгээнд илгээх, эмчлэгдсэний дараа хяналтанд авах арга хэмжээг манай орны практикт зөв, оновчтой бүтэц, зохион байгуулалттайгаар авч хэрэгжүүлэх нь чухал байна.
Архидан согтуурахаас сэргийлэхэд нийгэм, хамт олны оролцоо хангалтгvй, архины хамааралтай хүний эмчилгээ, хяналт, нөхөн сэргээлт, хөдөлмөр зохицуулалт, нийгмийн халамжийн үйлчилгээ дутагдалтай байсаар байна.
1.3. Тулгамдсан асуудал, хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага
Нийгэм, эдийн засгийн шилжилт, ажилгүйдэл, ядуурал, байгалийн гамшиг, гэнэтийн осол,  гэр бүл, байгууллага, хамт олон, хүмүүсийн хоорондын зүй бус харилцаа, хүчирхийлэл бүхий таагүй орчин зэргээс шалтгаалан иргэдийн сэтгэцийн эрүүл мэнд илүүтэй хямарч, архидан согтуурах явдал улам бүр газар авч, архины хэрэглээ ба түүнээс үүдэн гарах сөрөг үр дагавар жил ирэх тутам нэмэгдэх хандлагатай байна.
Согтууруулах ундаанд тавих хяналтыг татвар, үнийн бодлогоор зохицуулах явдал хангалтгүй, үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг хавтгайруулан олгож, согтууруулах ундааг ямар ч зөвшөөрөлгүйгээр импортлох болсноос согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт нэмэгдэж, чанарын шаардлага хангахгүй согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ, зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх  үйл ажиллагаанд тавих хяналт сул, хууль зөрчигчдөд авах арга хэмжээ үр нөлөө муутай, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх  ажилд  зарцуулах төсөв, хөрөнгө дутагдалтай, архины хор хөнөөл, архидан согтуурахаас сэргийлэх талаар олон нийт, ялангуяа хүүхэд өсвөр үеийнхний мэдлэг муу, архинд донтох өвчнийг эрт илрүүлэх, хяналт тавих нийгэм, хамт олонд тулгуурласан тусламж үйлчилгээ байхгүй, архины хэрэглээнээс үүдэн гарах хүн амын өвчлөл, нас баралт, хүчирхийлэл, осол гэмтлийн нийгмийн зардал буюу архины үйлдвэрлэлийн эдийн засгийн ашиг ба зардлын үнэлгээ хийгдээгүй, архидан согтуурахаас сэргийлэх, тэмцэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, олон нийт, гэр бүлийн оролцоо хангалтгүй байна.
Ийнхүү согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, хэрэглэгчид нь улам бүр залуужиж, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүний тоо төдийлөн буурахгүй, архинаас үүдэлтэй хүн амын өвчлөл, осол гэмтэл, нас баралт нэмэгдсээр байгаа нь хүний тогтвортой хөгжилд саад болж буй гол хүчин зүйлийн нэг болж, иргэд, айл өрхийн амьдрал, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хохирол учруулж үндэсний аюулгүй байдалд ноцтой сөрөг үр дагаврыг үүсгэж байгаа нь манай нийгмийн шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Архидан согтуурахын шалтгаан, нөхцөлийг тогтоох зорилгоор цагдаагийн байгууллагаас хийсэн удаа дараагийн судалгаагаар түүнд хамрагдагчдын 65 хувь нь нийгмийн хяналт суларснаас, 23,5-46,8 хувь нь архины үйлдвэр, баар, цэнгээний газар олширсон, архийг чөлөөтэй худалдах болсон, чөлөөт цагийг зүй зохистой өнгөрөөх газаргүй байгаагаас архидан согтуурах явдал ихсэж  байна гэж  үзжээ.  
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс нийслэлийн 3 дүүргийн 15 байгууллага дээр  хийсэн судалгаагаар түүнд  хамрагдсан хүмүүсийн  57,9–73,3 хувь нь согтууруулах ундааны хэрэглээ, ялангуяа архины хэрэглээг бууруулах шаардлагатай гэсэн хандлагатай байгаа нь энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг олон нийтийн зүгээс дэмжин хамтран ажиллах  нийгмийн сэтгэл зүйн таатай уур амьсгал буй болсныг харуулж байна.
Цаашид согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ, хэрэглээнд тавих хууль, хяналтын механизмыг оновчтой, үр өгөөжтэй болгох, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварыг дэс дараатай нэмэгдүүлэх замаар хүүхэд, өсвөр үеийнхнийг тохиолдлоор сонирхон согтууруулах ундаа хэрэглэхээс сэргийлэх, онцгой албан татвар, гаалийн татварын хувь хэмжээг спиртийн орц, хэмжээ, хатуулаг, чанар, төрлөөр нь  ялгавартай, оновчтой тогтоох, пиво, ургамал, жимсний ханд бүхий бага хатуулагтай согтууруулах ундааны дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, насанд хүрэгчдэд зохистой хэрэглээ төлөвшүүлэх, архидан согтуурснаас хүний эрүүл мэнд, гэр бүл, хамт олон, нийгмийн амьдралд учрах хор уршгийн талаар хүн амын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, архи хэтрүүлэн хэрэглэгч, архинд донтох өвчтэй хүнийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, эмчлэх, хяналт тавих эрүүл мэнд,  нийгмийн тусламж, үйлчилгээг боловсронгуй болгох, энэ ажилд оролцох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, гэр бүл, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг  дээшлүүлэх зэргээр архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх өнөөгийн арга барилыг өөрчлөн шинэ арга, хандлагаар ажиллах шаардлагатай байна.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хугацаа
2.1. Хөтөлбөрийн зорилго
Согтууруулах ундааны эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт, хатуулаг, чанарт  тавих хяналтыг сайжруулах замаар хүн амын согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, архидан согтуурснаас хvн амын эрvvл мэнд, нийгэмд учрах сөрөг үр дагаврыг багасгах эрх зүй, эдийн засаг, нийгмийн орчин бүрдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
2.2. Зорилт
2.2.1.Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ, хэрэглээнд  тавих хууль, хяналтын механизмыг оновчтой болгоно;
2.2.2.Архидан согтуурснаас эрүүл мэнд, гэр бүл, хамт олон, нийгмийн амьдралд учрах хор уршгийн талаар хүн амын мэдлэг, хандлагыг дээшлүүлэн архидалтгүй аж төрөх зан үйлийг хэвшүүлнэ; 
2.2.3.Архи хэтрүүлэн хэрэглэгч, архинд донтох өвчтэй хvнийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, эмчлэх, хяналт тавих  арга хэмжээг  боловсронгуй болгож, хүртээмжийг нэмэгдүүлнэ;
2.2.4.Архины хэрэглээ, түүнээс үүдэн гарах хүн амын өвчлөл, нас баралт, хvчирхийлэл, осол гэмтлийн нийгмийн зардал буюу согтууруулах ундааны үйлдвэрлэлийн эдийн засгийн ашиг, зардлын үнэлгээг судлан тогтоож, авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ; 
 2.2.5.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, гэр бүл, хамт олны архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг хариуцлагыг  тодорхой  болгон  хамтын ажиллагааг сайжруулна. 
2.3. Хугацаа
      Хөтөлбөрийг  2003-2012 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
     
      Нэгдүгээр үе шат: 2003-2007 он
      Хоёрдугаар үе шат: 2008-2012 он
               
Гурав. Хөтөлбөрийн зорилтод хүрэх зарчим, үйл ажиллагааны чиглэл
3.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим:
3.1.1.Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих арга хэмжээ нь нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлтэй  уялдсан   байна;
3.1.2.Хөтөлбөрийн үйл ажиллагаа нь ДЭМБ болон бусад олон улсын байгууллагын бодлого, чиглэлтэй нийцсэн байх, энэ чиглэлээр тэдгээртэй хамтран ажиллана;
3.1.3.Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих арга хэмжээг иргэд, гэр бүл, хамт олон, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан зохион байгуулна;
3.1.4.Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагаа нь архидан согтуурах шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл, архидан согтуурснаас нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа сөрөг үр дагаврын талаархи судалгаа, нотолгоонд үндэслэгдсэн энгийн, үр ашигтай байна;
3.1.5.Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагаа нь   хүүхэд, өсвөр үеийнхнийг архидан согтуурахаас сэргийлэх, насанд хүрэгсдэд зохистой хэрэглээ төлөвшүүлэхэд чиглэгдэнэ. 
3.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
3.2.1. Хөтөлбөрийн үйл ажиллагааны нэгдүгээр зорилтын хүрээнд  дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: 
3.2.1.1.согтууруулах ундааны онцгой албан татвар болон гаалийн татварын хувь, хэмжээг спиртийн орц, хэмжээ, хатуулаг, чанар, төрлөөр нь ялгавартай, оновчтой тогтоох, пиво, ургамал, жимсний ханд бүхий бага хатуулагтай согтууруулах ундааны дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор зохицуулах;
           3.2.1.2.согтууруулах ундаанд ногдуулж буй онцгой албан татварын хувь хэмжээг дэс дараатай нэмэгдүүлж хүүхэд, өсвөр үеийнхнийг тохиолдлоор сонирхон  согтууруулах ундаа хэрэглэхээс сэргийлэх;
           3.2.1.3.согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлөөр явуулж, тэдгээрт тавих шаардлагыг чангатгах;
3.2.1.4.согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэх цэгийн байршил /сургууль, цэцэрлэг, эмнэлгийн орчин, шатахуун түгээгүүрийн газар, авто замын дагуу болон аж ахуйн нэгж, байгууллагын доторхи хүнсний мухлаг, цайны газарт худалдахгүй, үйлчлэхгүй байх зэрэг/, тархалт, худалдах,  үйлчлэх цаг хугацааны  талаар зохицуулалт хийж, цэг салбарын тоог цөөрүүлэх, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдахгүй өдөр, цагтай болох;
3.2.1.5.согтууруулах ундааны шил, сав, хайрцаг дээр эрүүл мэндийн анхааруулга, хэрэглээний  стандарт хэмжээг тавих;
           3.2.1.6.согтууруулах ундаа худалдах, худалдан авах, хэрэглэж болох насны доод хязгаарыг шинэчлэн тогтоох;
           3.2.1.7.согтууруулах ундааны борлуулалт, хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн зар сурталчилгааны аливаа хэлбэрийг бүрэн хориглох арга хэмжээ   авах;
           3.2.1.8.согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагаас хүүхэд, өсвөр үеийнхний  дунд төрөл бүрийн уралдаан, тэмцээн, сугалаа, таавар зохион байгуулах, соёл, урлагийн арга хэмжээг ивээн тэтгэх, хандив өргөх, аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа, үйлчилгээ явуулах зэргээр дэмжлэг үзүүлэхийг  хориглох; 
     
           3.2.1.9.согтууруулах ундаа худалдах, үйлдвэрлэх,  импортлох, түүгээр үйлчлэх журмыг шинэчлэн мөрдүүлэх;
3.2.1.10.импортын согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг тогтоосон  худалдааны техникийн зохицуулалт хийх;
3.2.1.11.спирт, согтууруулах ундааны үйлдвэрийг тоолууржуулж, аттестатчилж  байх;
3.2.1.12.онцгой албан татварын тэмдгийн хэвлэлт, олголт, хэрэглэж байгаа байдалд тавих хяналтыг чангатгах;
           3.2.1.13.импортын согтууруулах ундааг экспортлогч оронд нь баталгаажуулах, экспортлогч орны тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх механизм бий болгох; 
           3.2.1.14.согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортод тавих хяналтыг стандарт, эрүүл ахуй, чанарын шаардлагыг хангах, зохистой хэрэглээг бүрдүүлэх чиглэлээр өөрчлөн зохион байгуулах;
           3.2.1.15.согтууруулах ундааны татвар ногдуулалт, хураалтанд тавих хяналтыг чангатгах;
           3.2.1.16.иргэдийн худалдааны бус зориулалтаар улсын хилээр нэг удаа оруулж болох согтууруулах ундааны зөвшөөрөгдөх хэмжээг хянан үзэж  шинэчлэн тогтоох;
3.2.1.17.үйлдвэрлэх, импортлох согтууруулах ундааны хатуулгийг бууруулж,  чанарыг сайжруулах.
3.2.2. Хөтөлбөрийн үйл ажиллагааны хоёрдугаар зорилтын хүрээнд  дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: 
           3.2.2.1.хүүхэд, өсвөр үеийнхнийг согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх, хэрэглэхгүй байх арга ухаанд сургах, амьдрах ухааны суурь боловсрол эзэмшүүлэх;
           3.2.2.2.насанд хүрэгчдийн дунд согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх;
           3.2.2.3.согтууруулах ундаа худалддаггүй, хэрэглэдэггүй "Эрүүл мэндийг дэмжигч" орчинг бий болгох талаар бүх шатны боловсролын байгууллага, ахуйн нэгж, албан байгууллагын хамт олны идэвхи санаачлагыг өрнүүлэх, дэмжлэг үзүүлэх, урамшуулах;
 
3.2.2.4.аливаа баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлыг архигүй тэмдэглэх хөдөлгөөн өрнүүлж, залуучуудын чөлөөт цагаа зүй зохистой  өнгөрүүлэх тааламжтай орчинг бүрдүүлэх;
           3.2.2.5.архины хор хөнөөл, архидан согтуурахын хор уршиг, архины асуудалтай хүнд үзүүлдэг тусламж үйлчилгээ, архины зохистой, соёлтой хэрэглээний талаар хүн амын мэдлэг, хандлага, зан үйлийн өөрчлөлтийг судалж мэдээлэх, холбогдох арга хэмжээг авч байх.
3.2.3. Хөтөлбөрийн үйл ажиллагааны гуравдугаар зорилтын хүрээнд  дараахь арга хэмжээг  авч хэрэгжүүлнэ: 
3.2.3.1. архи хэтрүүлэн хэрэглэгч, архинд донтох өвчтэй хүнийг эрт илрүүлж эмчлүүлэх, хяналтад авах арга хэмжээг эрүүл мэндийн суурь тусламжийн   хүрээнд зохион байгуулах;  
           3.2.3.2.архи хэтрүүлэн хэрэглэгч, архинд донтох өвчтэй хvн, тvvний гэр бvлийнхэнд сэтгэл зvйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэх, энэ чиглэлээр албан байгууллага, хамт олны оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх;
3.2.3.3.архины улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст хөдөлмөр зохицуулалт хийх, тэдэнд үзүүлэх нийгмийн үйлчилгээг сайжруулах;
           3.2.3.4.архины хамаарлаас гарсан хvмvvсийн сэтгэц-нийгмийн чадварыг нөхөн сэргээх сургалт явуулах, ажлын байраар хангах;
     
           3.2.3.5.согтууруулах ундаанд хордсон үед үзүүлэх хордлого тайлах болон архинд донтох өвчний үед үзүүлэх наркологийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах;   
3.2.3.6.архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж байгаа ялтнуудыг сайн дурын болон албадан эмчилгээнд хамруулах;
           3.2.3.7. архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас өөрийн үйлдлээ удирдан хянах чадваргүй болсон этгээдийг   албадан эрүүлжүүлж,  өөрийн нь болон бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэх, осол гэмтэлд өртөхөөс сэргийлж буй үйл ажиллагааны арга хэлбэр, үйлчилгээ, нөхцөлийг  боловсронгуй болгох; 
3.2.3.8.архинд донтох өвчнийг эмчлэх дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн аргыг харьцуулан судлах замаар хэрэгжүүлэх.
3.2.4. Хөтөлбөрийн үйл ажиллагааны дөрөвдүгээр зорилтын хүрээнд  дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: 
3.2.4.1. архины бүртгэгдээгүй хэрэглээг  судлах;
3.2.4.2.архины хор хөнөөл, архидан согтуурахын хор уршиг, архины асуудалтай хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээ, архины зохистой, соёлтой хэрэглээний талаар  хүн амын мэдлэг, хандлага, зан үйлийн өөрчлөлтийг  судлах;
           3.2.4.3.архины үйлдвэрлэл, борлуулалтын эдийн засгийн ашиг ба хэрэглээнээс үүдэн гарах өвчлөл, нас баралт, хүчирхийлэл, осол гэмтлийн нийгмийн зардлын судалгаа, үнэлгээ хийх;
3.2.4.4. архинд донтох өвчний үед үзүүлж буй эмчилгээний үр дүнг судлах;
3.2.4.5.архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагааны талаар мэдээллийн сантай болох.  
3.2.5. Хөтөлбөрийн үйл ажиллагааны тавдугаар зорилтыг хэрэгжүүлэхэд  төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, гэр бүл, хамт олон дараахь үүрэг хүлээнэ: 
3.2.5.1. Монгол Улсын Засгийн газар
1/хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс,  орон нутгийн  төсөвт тусгах;
      2/согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортод тавих хяналтыг татвар, үнийн бодлогоор зохицуулах;
      3/хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоо, идэвхи санаачлагыг дэмжих.
     3.2.5.2. Хууль зүй, дотоод хэргийн  яам
      1/Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг  боловсронгуй болгох;
      2/хууль дүрэм, тогтоол шийдвэрийн биелэлтийг улсын хэмжээнд хангах талаар төрийн захиргааны байгууллагын үндсэн үйл ажиллагааг чиглүүлж удирдлага, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
      3/архидан согтуурсны улмаас биеэ авч явах чадваргүй болсон хүнийг албадан эрүүлжүүлэх байрны нөхцөл, үйлчилгээг сайжруулах;
      4/архи  хэтрүүлэн хэрэглэгч, архинд донтох өвчтэй хүнд албадан эмчилгээ хийх байгууллагын бүтэц, зохион байгуулалт, эрүүл ахуйн нөхцөл, эмч мэргэжилтний хангамжийг сайжруулах;
      5/Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах, архидалтаас үүдэн гарсан гэмт хэрэг,  зөрчлийн байдалд дүн шинжилгээ хийж байх;
      6/согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд оногдуулах ял шийтгэл, захиргааны арга хэмжээг чангатгах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны шуурхай байдлыг хангах.
3.2.5.3. Санхүү, эдийн засгийн яам
      1/хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардалд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж  байх;
      2/хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодын байгууллага, хандивлагчидтай хамтран дэд хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх талаар дэмжлэг үзүүлэх;
      3/согтууруулах ундааны үйлдвэрлэлт, борлуулалтын эдийн засгийн ашиг болон хэрэглээнээс үүдэн гарах өвчлөл, нас баралт, хүчирхийлэл, осол гэмтлийн нийгмийн зардлын vнэлгээ хийх.
3.2.5.4. Гадаад хэргийн яам
      1/ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ДЭМБ, НҮБ-ын төрөлжсөн байгууллага, хандивлагч орон болон олон улсын бусад байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх.
3.2.5.5. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
      1/хүүхэд, өсвөр үеийнхэнд амьдрах ухааны суурь боловсрол /зөв сонголт хийх, шийдвэр гаргах, бүтээлчээр сэтгэх, шүүмжлэлтэй хандах, сэтгэл хөдлөлөө барих, бухимдлаа тайлах, харилцааны эв дүй/ эзэмшүүлэх сургалт явуулж, тэдэнд согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах, бусдын дарамт нөлөөнд автахгүй байх,  чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, зөв сонголт хийх мэдлэг, хандлага,  дадал төлөвшүүлэх, энэ чиглэлээр бүх шатны боловсролын байгууллагын албан ба албан бус сургалтын агуулга, хөтөлбөрийг боловсронгуй болгох, энэ сэдвээр багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтийг зохион байгуулах;
      2/архидан согтуурснаас нийгэм, эдийн засаг, хувь хvний ёс зүй, бие сэтгэцэд учруулах хор уршгийн талаар тодорхой дэс дараалалтай мэдлэг, хандлага төлөвшүүлэх чиглэлээр бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулга, хөтөлбөрийг боловсронгуй болгох;
      3/багш, эцэг, эхчүүдэд хүүхэд, өсвөр үеийнхэнд зөв үлгэр дууриалал үзүүлэх, хүүхдийн нас, сэтгэл зүй, бие бялдрын онцлог, харилцааны соёлын талаар сургалт явуулж  гэр бүл, сургуулийг хүчирхийллээс ангид  байлгах  талаар олон талт  ажил зохиох;
      4/бүх шатны боловсролын байгууллагад архи, тамхи бусад хорт зуршлаас ангид байх орчин бүрдүүлэх,  дэмжлэг үзүүлэх;
      5/сургуулийн насны хүүхдийг сургуульд бүрэн хамруулах, сургууль завсардахаас сэргийлэх, завсардсан хүүхдийг сургалтад хамруулах, хичээлийн чөлөөт цагаар  хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл зан үйл төлөвшүүлэхэд үр нөлөө үзүүлэхүйц  биеийн тамир, спорт, соёл, урлагийн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах, нөхцөл боломжоор хангах, эдгээр арга хэмжээнд хамрагдах хүүхдийн  тоог өргөжүүлэх;
      6/оюутан, сурагчдын дунд архидан согтуурахын хор уршиг, түүнээс сэргийлэх, ардын уламжлалт ёс заншлын талаар хичээлээс гадуур цуврал хичээл, уулзалт ярилцлага,  бага хурал, мэтгэлцээн, үзэсгэлэн, ханын сонин, зураг, зохион бичлэгийн уралдаан зохион байгуулах,  сургуулийн дотоод, гадаад орчинд архины эсрэг сурталчилгааны самбар, санамж, зурагт хуудас байрлуулах зэргээр   хүмүүжлийн ажлыг тогтмолжуулах;
      7/ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги, тусгай мэргэжлийн болон их, дээд сургуулиудын оюутан, сурагчдын  дунд  судалгаа явуулж дүгнэлт хийх үндсэн дээр баримт нотолгоонд түшиглэн шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж  байх;
      8/архины хор нөлөө, архидан согтуурснаас үүдэн гарах сөрөг үр дагавар, түүнээс сэргийлэх, архины зохистой, соёлтой хэрэглээний талаар хүн амын мэдлэг, хандлага, зан үйлийн өөрчлөлт, согтууруулах ундааны үйлдвэрлэлт, борлуулалтын эдийн засгийн ашиг болон хэрэглээнээс үүдэн гарах өвчлөл, нас баралт, хvчирхийлэл, осол гэмтлийн нийгмийн зардлыг тооцсон судалгааны ажлыг үйл ажиллагааныхаа хүрээнд багтаан төлөвлөж  дэмжлэг үзүүлэх;  
      9/бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн болон дотуур байрны гадаад, дотоод орчныг архигүй орчин байлгах, сургууль төгсөлтийн болон хонхны баяр, багш нарын өдөрлөг, сургуулийн ой зэрэг тэмдэглэлт үйл явдлыг согтууруулах ундаагүй тэмдэглэж занших;
      10/архидан согтуурахын хор уршгийг таниулсан соёл, урлаг, уран сайхны зохиол бүтээл, нийтлэл, нэвтрүүлгийн тоо, төрлийг  нэмэгдүүлэх.
3.2.5.6. Батлан хамгаалах яам
      1/ цэргийн алба хаагчдад архидан согтуурснаас нийгэм, эдийн засаг, хувь хүний эрүүл мэнд, ёс зүй, бие сэтгэцэд учруулах хор уршиг, түүнээс сэргийлэх талаар  тодорхой дэс дараалалтай мэдлэг, хандлага төлөвшүүлэх чиглэлээр сургалт явуулах.
3.2.5.7. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
      1/ажлын байранд согтууруулах ундаа худалдахгүй, хэрэглэхгүй орчин бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх; 
      2/ажиллагчдад архидан согтуурснаас нийгэм, эдийн засаг, хувь хүний эрүүл мэнд, ёс зүй, бие сэтгэцэд учруулах  хор уршгийн талаар  тодорхой дэс дараатай мэдлэг, хандлага төлөвшүүлэх чиглэлээр  мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах;
      3/архины асуудалтай хүмүүсийг ажлын байраар хангах, хөдөлмөр зохицуулалт хийх, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах арга хэмжээг өргөжүүлэх;
      4/архидан согтуурснаас хөдөлмөрийн бүтээмж, хамт олны харилцаа, үйлдвэрлэлийн осол гэмтэл, ажил таслалт, боловсон хүчний тогтвор суурьшилд үзүүлж буй сөрөг үр дагаврыг судлан холбогдох арга хэмжээ авч ажиллах; 
      5/эмзэг бүлгийн хүн амын дунд судалгаа явуулж, баримт нотолгоонд түшиглэн шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж  байх.
3.2.5.8. Үйлдвэр, худалдааны яам
1/согтууруулах ундаа худалдах, импортлох, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох нийтлэг журмыг боловсруулж мөрдүүлэх, тавих шаардлагыг өндөржүүлэх;
2/спирт, согтууруулах ундааны үйлдвэрийг тоолууржуулж, холбогдох байгууллагатай хамтран аттестатчилж байх;
3/бөөний болон хүнсний худалдааны төв, хүнсний дэлгүүр, мухлаг, зоогийн газар, баар, рестораны үйл ажиллагааг холбогдох хууль, улсын стандарт, журамд нийцэж байгаа эсэхэд хийх шалгалтыг тогтмолжуулж, бөөний худалдааг зөвхөн агуулахаас явуулах, бөөнөөр худалдах бүрт стандартчиллын төв байгууллагаас олгодог тохирлын гэрчилгээг дагалдуулж хэвшүүлэх, хяналт тавих; /Дээрх заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/ 
      4/импортын согтууруулах ундаанд техникийн зохицуулалт хийж, импортлохдоо дээжийг нь стандартчилал, хэмжил зүйн болон  эрүүл ахуйн мэргэжлийн хяналтын байгууллагаар заавал баталгаажуулж байх журмыг мөрдүүлэх;
      5/согтууруулах ундааг зөвхөн олон улсын боомтоор импортолж байх асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх;
      6/согтууруулах ундааны импортод тавих хяналтыг стандарт, эрүүл ахуй, чанарын шаардлагыг хангах, зохистой хэрэглээг буй болгох /хатуулгийг бууруулах, эрүүл мэндийн сануулгатай байх, ямар стандарт агуулагдаж байгааг бичих зэрэг/ чиглэлээр өөрчлөн зохион байгуулах.
     
3.2.5.9. Хүнс, хөдөө аж ахуйн яам
      1/аж ахуйн нэгжид согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрөл олгох нөхцөл, журмыг хянан үзэж, хязгаарлалт, зохицуулалт хийх, үйлдвэрлэл шинээр эрхлэхэд тавих хяналтыг сайжруулах;
      2/согтууруулах ундааны үйлдвэрлэлийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, технологийн горим, түүхий эд, бүтээгдэхүүний чанарт тавих хяналтыг сайжруулж, технологийн урсгал шугамыг тоолууржуулж, аттестатчилах;
      3/спиртийн үйлдвэрлэл, хуваарилалт, зарцуулалтад тавих  хяналтыг боловсронгуй болгох; 
      4/согтууруулах ундааны үйлдвэрлэлийн төслийн материалд дүгнэлт өгөх, согтууруулах ундааны хэрэглээг судлан тогтоож байх;
      5/согтууруулах ундааны үйлдвэрлэлд дэвшилтэт технологи, техник, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах.
3.2.5.10. Эрүүл мэндийн яам
      1/архинд донтох өвчнийг эрүүл мэндийн суурь тусламжийн хүрээнд эрт илрүүлэх, эмчлэгдсэн хүнийг хяналтанд авах арга хэмжээг зохион байгуулах;
      2/согтууруулах ундааны хор нөлөө,  архинд донтох өвчний талаар хүүхэд, залуучууд, нийт хүн амын дунд явуулах эрүүл мэндийн мэдээлэл, сургалт,  сурталчилгааг өргөжүүлэх, энэ чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, арга зүйн зөвлөгөө өгч ажиллах;
      3/наркологийн албыг бэхжүүлж, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;     
      4/архинд донтох өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээх  талаар  эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэдэг сургуулийн төгсөлтийн өмнөх болон дараахь сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох;    
      5/архинд донтох өвчний үед үзүүлж буй эмчилгээний  үр дүнг судлах;
      6/архинд донтох өвчинг эрт илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх  талаар аргачлал, удирдамж боловсруулан эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн ажилтнуудад  мөрдүүлэх; 
      7/согтууруулах ундааны эрүүл мэндэд сөрөг нөлөөлөхгүй нэг удаагийн хэрэглээний үндэсний стандарт хэмжээг судлан тогтоох.
3.2.5.11. Улсын гаалийн ерөнхий газар
      1/улсын хилээр оруулах болон дамжин өнгөрүүлэх согтууруулах ундаанд тавих хяналтыг чангатган хууль бус спирт, согтууруулах ундаа оруулах асуудлыг таслан зогсоох талаар үр нөлөө бүхий арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
      2/иргэдийн худалдааны бус зориулалтаар улсын хилээр нэг удаа оруулж болох согтууруулах ундааны зөвшөөрөгдөх хэмжээг  тогтоох;
      3/гадаад улс орноос гэрээ, захиалгаар авч байгаа бүх төрлийн согтууруулах ундааг нэвтрүүлэх хилийн боомтыг цөөлөх, зөвхөн олон улсын боомтоор импортолж байх асуудлыг холбогдох яам, байгууллагатай хамтран шийдвэрлэх;
      4/гаалийн баталгаат агуулахын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангах.
3.2.5.12. Цагдаагийн ерөнхий газар
      1/согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг эрт илрүүлэхэд чиглэсэн  үзлэгийг тогтмолжуулж,  хүлээлгэх хариуцлагыг чангатгах; 
      2/архидан согтуурсны улмаас байнга эрх зүйн зөрчил гаргагчдын судалгааг гаргаж гэр бүл, хамт олонтой нь хамтран ажиллах;
      3/архидан согтуурсны улмаас хэвийн бус яваа этгээдийг албадан эрүүлжүүлэх, сайн дурын эмчилгээнээс татгалзсан архинд донтох өвчтэй хүнийг албадан эмчилгээнд хамруулах ажилд өөрийн үйл ажиллагааны хүрээнд  оролцох;
      4/гудамж талбай, олон нийтийн үйлчилгээний газарт хийх хяналт шалгалт, эргүүлийг тогтмолжуулах;
      5/хууль бусаар болон стандартын бус архи худалдсан, үйлчилсэн, насанд хүрээгүй хүнийг уруу татан архи уулгасан этгээдийг илрүүлэн тухай бүр арга хэмжээ авч байх;
      6/архидан согтуурсны улмаас удаа дараа хэв журам зөрчсөн, гэмт  хэрэг үйлдсэн, тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг тухай бүр сэтгэц-наркологийн эмчийн үзлэг, шинжилгээнд  оруулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;
      7/согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд  холбогдох мэргэжлийн  хяналтын  байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийх.
3.2.5.13. Улсын мэргэжлийн хяналтын  газар
      1/Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр гарсан бусад  хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
      2/согтууруулах ундааны үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалтын технологи, стандарт, чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хянан холбогдох арга хэмжээг авч байх;
    
      3/согтууруулах ундаа оруулдаг хилийн боомтыг бүтээгдэхүүний чанар,  аюулгүйн үзүүлэлт тодорхойлдог лабораторитой болгож, стандартын бус согтууруулах ундаанд тавих хяналтыг сайжруулах;
      4/согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад  техник,  технологи, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;
      5/архидан согтуурсан болон архинд донтох өвчтэй этгээдэд хууль эрх зүй, эмнэлгийн тусламж үзүүлж буй байгууллагын эрүүл ахуйн нөхцөл, эмчилгээний чанарыг сайжруулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт  тавих.
3.2.5.14.Үндэсний  татварын ерөнхий  газар
      1/онцгой албан татварын тэмдгийн хэвлэлт, олголт, хэрэглэж байгаа байдалд тавих хяналтыг чангатгах;
      2/согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татвар болон гаалийн  татварын хувь хэмжээг спиртийн орц, хэмжээ, хатуулаг, чанар, төрлөөр нь ялгавартай, оновчтой тогтоох асуудлыг шийдвэрлэх, татвар ногдуулалт, хураалтанд тавих хяналтыг чангатгах.
3.2.5.15. стандартчиллын төв байгууллага
/Дээрх заалтын гарчигт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
      1/дотоодод үйлдвэрлэж байгаа согтууруулах ундааг чанарын баталгаажуулалтад бүрэн хамруулж, тохирлын гэрчилгээ олгож  байх; 
      2/импортын согтууруулах ундааг экспортлогч оронд нь баталгаажуулах,  экспортлогч орны тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх механизм  буй болгох;
      3/согтууруулах ундааны стандартыг хатуулгийг бууруулж, чанарыг сайжруулах  чиглэлээр шинэчлэх.
3.2.5.16. Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга
      1/ хөтөлбөрийн зарчим, үйл ажиллагааны чиглэлд нийцүүлэн орон нутгийн онцлог, тулгамдсан асуудалд тулгуурласан дэд хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
      2/хүүхэд, өсвөр үеийнхнийг архидан согтуурахаас сэргийлэх, насанд хүрэгчдийн дунд зохистой хэрэглээ төлөвшүүлэх зорилгоор архидан согтуурснаас хүний эрүүл мэнд, гэр бүл, нийгмийн амьдралд учрах хор уршгийн талаар уламжлалт ёс заншил, эрүүл мэнд, хууль эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааг дэс дараатай, байнга зохион байгуулж, энэ талаар  хүн амын мэдлэг, хандлага, дадлын түвшинг тогтоох судалгаа тандалт хийн шаардлагатай арга хэмжээ авч ажиллах;
      3/согтууруулах ундаа худалддаг /үйлчилдэг/ цэгийн тоог цөөрүүлэх,   эрүүл мэнд, хүүхэд, залуучууд, боловсролын байгууллагын орчинд  согтууруулах ундааг худалдахгүй /үйлчлэхгүй/ байх талаар зохион байгуулалтын арга хэмжээ  авах;
      4/стандартын шаардлага хангасан согтууруулах ундааг тодорхой цэгт борлуулах /үйлчлэх/, архи худалддаггүй, үйлчилдэггүй, хэрэглэдэггүй сар, өдөр, цагтай болох шийдвэр гарган хэрэгжилтийг хянах, үр дүнг тооцох;
   
      5/архи хэрэглэх уламжлалт ёс заншлыг хэвшүүлэх, аливаа баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлыг архигүй тэмдэглэх талаар нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд тодорхой зорилт тавьж хэрэгжүүлэх;
      6/архи хэрэглэдэггүй хүмүүсийн туршлага, зөвлөгөөг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах  ажлыг тогтмолжуулах, тэдний оролцоотойгоор архидан согтуурахаас сэргийлэх олон нийтийн байгууллага байгуулж ажиллах үүсгэл санаачлагыг бүх талаар дэмжих;
      7/тусгай аргачлалын дагуу нутаг дэвсгэрийнхээ нийт хүн амыг архи хэрэглэх байдлаар нь бүлэглэн тус бүрд нь тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлэх, архийг байнга хэтрүүлэн хэрэглэдэг, согтуугаар хэрэг зөрчилд ордог болон архинд донтох өвчтэй хүмүүсийн судалгааг гарган мэргэжлийн байгууллагатай хамтран тусгай хөтөлбөрөөр урьдчилан сэргийлэх, эмчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээнд хамруулах, энэ чиглэлээр мэргэжлийн байгууллага, мэргэжилтэнд  дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
      8/архинд донтох өвчтэй хүнийг сайн дураар нь хаяггүй эмчилгээнд хамруулах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд албадан эмчлэх ажлыг зохион байгуулах, архинаас гарах эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн ахуй амьдралд туслах, ажлын байраар хангах арга хэмжээ авч байх;
      9/архидан согтуурахаас сэргийлэх талаар тодорхой ажил зохион үр дүнд хүрсэн байгууллага, хамт олонд дэмжлэг үзүүлэх, тэдний үйл ажиллагааг сурталчлах, урамшуулах;
      10/байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дүгнэхдээ архидан согтуурахаас сэргийлэх талаар хийсэн ажил, түүний үр дүнг нэг үзүүлэлт болгон  сайн ажилласан байгууллага, хамт олныг дэмжин урамшуулж  байх;
      11/согтууруулах ундааны үйлдвэрлэл нь тухайн орон нутгийн төсөв  бүрдүүлэх арга зам болж байгаа одоогийн практикийг өөрчлөн өөр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг дэмжсэн бодлогыг дэс дараатай авч хэрэгжүүлэх. 
3.2.5.17. Хэвлэл мэдээллийн байгууллага
      1/архидан согтуурснаас нийгэм, эдийн засаг, хувь хүний ёс зүй, бие, сэтгэцэд учрах хор уршгийн талаар нийт хүн ам, ялангуяа хүүхэд өсвөр үеийнхэнд тодорхой дэс дараатай мэдлэг, хандлага, зөв зан үйлийг эзэмшүүлэхэд чиглэсэн мэдээ, мэдээлэл, сургалт, сурталчилгааг нийтлэл, нэвтрүүлгийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөртөө тусгах, цагийг нэмэгдүүлэх, захиалагчдад  хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх;
      2/хүний эрүүл мэндэд хортой согтууруулах ундааны хэрэглээг дэмжин борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зар сурталчилгааг радио, телевизээр нэвтрүүлэхгүй,  хэвлэл /сонин, сэтгүүл/-д нийтлэхгүй, санамж, зурагт хуудас, гудамжны самбараар сурталчлахгүй байх, хүний эрүүл мэндэд ашиг тустай хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгааг дэмжих бодлого баримталж  ажиллах;
      3/архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний болон орон нутгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиож буй ажлын ололт,  дутагдлыг тухай бүр нийтэд сурталчилж  байх.
      3.2.5.18. Аж ахуйн нэгж,  байгууллага
      1/архидан согтуурахаас сэргийлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар ажиллагчдын мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа зохиох, энэ талаар амжилт олж байгаа нэгж, ажилтанг дэмжих, сурталчлах, тодорхой урамшуулал бий болгох;
      2/архидан согтуурахад нөлөөлөх орчин нөхцөл, сөрөг хүчин зүйлийг арилгаж, байгууллага, хамт олны дотор эерэг уур амьсгал, сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх талаар төлөвлөн ажиллах;
      3/ ажиллагчдынхаа зан үйлийг судлан хамт олны чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлэх талаар тодорхой төлөвлөгөөтэй ажиллаж биеийн тамир, спортын уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж  байх;
      4/ажлын байранд архи худалдахгүй, хэрэглэхгүй байх талаар тусгай журам гаргаж, хяналт тавьж ажиллах;
      5/тусгай аргачлалын дагуу нийт ажиллагчдыг архи хэрэглэх байдлаар нь бүлэглэн тус бүрд нь тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлэх, архийг байнга хэтрүүлэн хэрэглэдэг, согтуугаар хэрэг, зөрчилд холбогддог болон архинд донтох өвчтэй хүмүүсийн судалгааг гарган мэргэжлийн байгууллагатай хамтран тусгай хөтөлбөрөөр  эмчилгээ, нөхөн сэргээх арга хэмжээнд хамруулах;
      6/архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар  зохиож буй арга хэмжээнд идэвхитэй оролцох, боломж нөхцөлөөр хангах, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх;
      7/архины хамаарлын улмаас эмчилгээ хийлгэсэн хүнийг ажлаа үргэлжлүүлэн хийх, хөдөлмөрийн чадварт нь тохирох ажилд авч ажиллуулах; 
      8/архины асуудалтай хүн, түүний гэр бүлд дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүй, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр бусад байгууллагатай хамтран ажиллах; 
      9/архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг тооцож, жил бүрийн төсөвтөө тусгах, эрүүл мэндийн болон эдийн засгийн үр ашгийг тооцож хэвших.
3.2.5.19. Төрийн бус байгууллагууд
     
      1/хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн үйл ажиллагааны  чиглэлд  нийцүүлэн оролцох, бусад байгууллагуудтай хамтран  ажиллах, дэмжлэг үзүүлэх.
3.2.5.20. Иргэн, гэр бүл, олон нийт
      1/иргэн бүр архины хор уршгийн талаар зохих мэдлэгтэй болж үр хүүхэд, гэр бүлийнхэндээ тайлбарлан таниулах, хүүхэд, залуучуудыг багаас нь эрүүл амьдрах ухаанд сургах;  
      2/архины асуудалтай хүн, түүний гэр бүлд мэргэжлийн байгууллага,  хүмүүсээс хууль эрх зүй, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, олон нийтийн зүгээс энэ чиглэлээр туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
      3/насанд хүрэгчид, эцэг, эхчүүд согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх уламжлалт зан үйлээ сэргээн хэвшүүлэх, хүүхэд, залуучуудад  зөв үлгэр дууриалал үзүүлэх;
      4/холбогдох хууль тогтоомжийн биелэлт, хөтөлбөрийн хэрэгжилтэд олон нийтийн хяналт тавих,  илэрсэн зөрчлийг  арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавих.
 
Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
  4.1.Хөтөлбөрийн  удирдлага,  зохион байгуулалт
 4.1.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл эрхэлнэ.
 4.1.2.Зөвлөл нь үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих бөгөөд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажлыг жил бүр нэгтгэн дүгнэж  Улсын Их Хуралд танилцуулж байна.
4.1.3.Орон нутагт үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ахлуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл гүйцэтгэнэ.
4.1.4.Яам, Засгийн газрын агентлаг, хууль хяналт, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагад эл үүргийг тэдгээрийн удирдлагын шийдвэрээр томилогдсон салбар зөвлөл хариуцна.
4.2  Хөтөлбөрийн санхүүжилт
Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилт нь дараахь  эх үүсвэрээс бүрдэнэ:
4.2.1. иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж,  түүнчлэн олон улсын болон гадаадын байгууллага, иргэд, харьяалалгүй хүнээс үзүүлсэн хандив, тусламжийн хөрөнгө;
4.2.2. Монгол Улсын хууль тогтоомжид үл харшлах бусад орлого.
 
Тав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
5.1 Хяналт үнэлгээ
      а/Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэлт дүгнэлт өгөх, хөтөлбөрийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх асуудлаар санал боловсруулах ажлыг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл  Хууль зүй, дотоод хэргийн яам болон Эрүүл, мэндийн яамтай хамтран гүйцэтгэнэ;
      б/Орон нутагт үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх ажлыг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга, аймаг, нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, мэргэжлийн хяналтын албадтай хамтран гүйцэтгэнэ.   
 
5.2.Хөтөлбөрийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэнэ:
 
5.2.1. Согтууруулах ундааны эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтэд тавих  хяналтын  үзүүлэлт
 
 
¹
 
шалгуур үзүүлэлт
Суурь үзүүлэлт
 
 (2003 он)
Завсрын үзүүлэлт
 (2007 он)
Эцсийн үзүүлэлт (2012 он)
1.
согтууруулах ундаа худалддаггүй, хэрэглэ-дэггүй сар, өдөр, цагтай болсон аймаг, сумын тоо
Нийслэл хот, 12 аймагт согтууруу-лах ундаа худалд-даггүй, хэрэглэ-дэггүй сар, өдөртэй болсон
1/Бүх аймагт согтууруулах ун-даа худалддаггүй, хэрэглэдэггүй өдөртэй болно
2/худалдаа, үйл-чилгээний ца-гийн хязгаарлалт хэвшсэн байна 
согтууруулах ундаа худалд-даггүй, хэрэг-лэдэггүй сар,  өдөр, цагийг нэмэгдүүлнэ
2.
согтууруулах ундааг худалдах цэгийн тоо
3530
 
1/4–ээр цөөрүүлнэ
1/3-ээр цөөрүүлнэ
3.
согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгийн тоо
1635
1/4–ээр цөөрүүлнэ
1/3-ээр цөөрүүлнэ
4.
 
согтууруулах ундааг хэрэглэж болох насны доод хязгаар
18 нас
21нас
21нас
5.
 
согтууруулах ундааны зар сурталчилгааны хориг, хязгаарлалт
 хуулийн хэрэгжилт муу
Бүрэн хориглоно
 
6.
согтууруулах ундааны үйлдвэрлэлд тусгай зөвшөөрөл олгох
зөвшөөрлийг олноор олгож байна. 
зөвшөөрөл олгох журмыг шинэч-лэн шалгуур үзүүлэлтийг гарган зөвшөөр-лийг 1/4-ээр цөөрүүлнэ
үйлдвэрлэлд олгох зөв-шөөрлийг 1/3-ээр цөөрүүлнэ
7.
согтууруулах ундааны шил, сав, хайрцаг дээр эрүүл мэндийн анхааруулга   хэрэглэдэг эсэх 
үгүй
Эрүүл мэндийн анхааруулгатай болно
 
8.
согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавих хяналт, түүний үр дүн
20,9% нь чанар аюулгүйн шаард-лагыг хангаж байна,
96,7% нь зөв- шөөрөлтэй,
18,3% нь  хууль бус үйл ажиллагаа явуулж байна.
 89,0% хүртэл
сайжруулна,
100 % зөвшөө-рөлтэй болно
99,9% хүртэл сайжруулна
 
 
9
согтууруулах ундааны импортод    тавих хяналт, түүний үр дүн
38,7%нь Стандарт-чилал, хэмжил зүйн үндэсний төвийн баталгаажуулалтад хамрагдсан.
80 %
100%
10
согтууруулах ундааны борлуулалтад    тавих хяналт, түүний үр дүн
30% тохирлын гэрчилгээ, чана-рын баталгаатай
85%
100%
 
 
5.2.2.Архидан  согтуурахаас сэргийлэх талаар явуулсан  сургалт,  сурталчилгааны  ажлын үзүүлэлт
 
11.*
 
согтууруулах ундааны хор хөнөөл, зохистой хэрэглээний талаар олон нийтийн мэдлэ-гийн түвшин
 
хор хөнөөлийн талаар :
 сайн 19,3%
дунд 49,4%
хангалтгүй12,2%
огт мэдэхгүй 19,1%
зохистой хэрэглэх талаар  0
 
хор хөнөөлийн талаар :
50,0  %
28,0 %
11,1 %
10,9 %
зохистой хэрэглэх талаар 60%-д хүргэнэ
хор хөнөөлийн талаар :
68,7 %
31,3%-
0
0
зохистой хэрэглэх талаар 90%-д хүргэнэ
12.*
 
архидан согтуурахаас сэргийлэх, эмчилгээ хийлгэх талаар зөвлө-гөө, тусламж авч болох байгууллагын талаар олон нийтийн мэдлэгийн түвшин
Түвшинг тогтооно
80 %-д хүргэнэ
100 %-д хүргэнэ
 
5.2.3. Согтууруулах ундааны  хэрэглээний үзүүлэлт
 
13.**
нэг хүнд ногдох бүрт-гэгдсэн согтууруулах ундааны хэрэглээний бууралт
9,03 литр архи (38 градус)
/жил бүр/
1 литрээр багасгана
2 литрээр багасгана
 
5.2.4.Эрүүл мэндийн  үзүүлэлт / жил бүр /
 
14**
архидан согтуурсны улмаас зам тээврийн осолд өртөж тохиолд-сон нас баралтын буу-ралт/хувиар /
10000-д 0,04
 
0,005–аар
бууруулна
0,01–ээр
бууруулна
 
15**
архидан согтуурсны улмаас гаднын нөлөө, гэмтэл, хордлогод өр-төж тохиолдсон нас баралтын бууралт /хувиар/
2002 онд ослын нийт нас баралтын 52,5% / ГССЗКЭ/
10 % бууруулна
 
15 % бууруулна
 
 
16
архины хордлогоор нас барсан тохиолд-лын эзлэх хувийн жин
хордлогын төвд 4 /50%/
 
 
25% бууруулна
50%  бууруулна
 
17
осол, гэмтлийн ул-маас  /архитай холбоотой/ эмнэлэгт хэвтсэн хүний тоо
2002 онд нийт хэвтсэн хүний 9,4% /ГССЗКЭ/
1,5% бууруулна
2,0% бууруулна
 
18.
архинд донтох өвчтэй хvний тоо
 
 
10000-д 6,4
/ СЭМСТ/
 
0,7-оор бууруулна
1,4-өөр бууруулна
 
19.*
наркологийн анхан шатны тусламж үзүүлдэг сумын болон өрхийн эмнэлгийн тоо /хувиар/
0
60%
100%
20.*
сум, өрхийн эмнэл-гээр наркологийн анхны тусламж  авсан иргэдийн тоо /хувиар/
0
30%
60%
 
5.2.5. Нийгэм, орчны үзүүлэлт
 
21 *
эрүүлжүүлэгдсэн хүний тоо
114,1 мянга
15%-иар бууруулна
25%-иар бууруулна
22*
 
согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн хувь
19,3%
2,5 %-иар бууруулна
4 %-иар бууруулна
23
архидан согтуурахаас  сэргийлэх хөтөлбөр-тэй аймаг, хот, сум, дүүргийн тоо, 
аймаг, нийслэл, сум, дүүрэгт бие даасан хөтөлбөр байхгүй
аймаг, нийс-лэл, сум, дүүрэг хөтөлбөртэй болно
Хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлнэ
24.*
эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, төслийн хүрээнд архидан согтуурахаас сэргий-лэх дэд хөтөлбөр хэрэгжvvлдэг 50-иас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгж, бай-гууллагын тоо /хувиар/ 
7 аж ахуйн нэгж, байгууллага
аж ахуйн нэгж, байгууллагын  60% архидан согтуурахаас  сэргийлэх дэд хөтөлбөртэй болно
аж ахуйн нэгж, байгууллага бүр  архидан согтуу-рахаас  сэргий-лэх дэд хөтөл-бөртэй болно
 
25 *
архидан согтуурахаас сэргийлэх талаар су-рагчдад шаардлагатай мэдлэг, дадал олгож буй /тухайн сургуу-лийн хэрэгжvvлж буй эрvvл мэндийн хөтөл-бөрт нэмэлт байдлаар оруулна/ЕБС-ийн тоо тэдгээрт суралцаг-садын тоо /хувиар/
5%
/40 сургууль/
 
80%
100%
 
Тайлбар:
 
* нийтлэг хэрэглэдэг үзүүлэлт
** илүү нийтлэг хэрэглэдэг үзүүлэлт
 
Зургаа. Хүлээгдэж буй үр дүн
6.1.  Ойрын үр дүн /2003-2007 он/
 
6.1.1.Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд тавих хяналт сайжирч,  хууль, эрх зүйн орчин шинэчлэгдэнэ.
 
6.1.2. Архидан согтуурахаас сэргийлэх, зохистой хэрэглэх талаар олон нийтийн мэдлэг, хандлагын түвшин дээшлэн архидан согтуурахаас  сэргийлэхэд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг хамт олон, байгууллагын  тоо нэмэгдэнэ.
 
6.1.3. Архины асуудалтай хүмүүст урьдчилан сэргийлэх, эмчлэх, хяналтанд авах анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг сум, өрхийн эмнэлэг, эмч, эмнэлгийн ажилтны эзлэх хувийн жин нэмэгдэнэ.
 
6.1.4. Архины хэрэглээ, түүнээс  үүдэн гарах хүн амын өвчлөл, нас баралт, хүчирхийлэл, осол гэмтлийн нийгмийн зардал буюу согтууруулах ундааны үйлдвэрлэлийн эдийн засгийн ашиг, зардлын  үнэлгээ хийгдсэн байна.
 
6.1.5.Архидан согтуурахтай тэмцэх, сэргийлэх талаар төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, гэр бүл, хамт олны үүрэг хариуцлага дээшлэн  хамтын ажиллагаа сайжирна. 
               
6.2.  Алсын  үр дүн /2008 - 2012/
 
6.2.1. Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд тавих хяналт оновчтой, үр дүнтэй болж, архидан согтуурахаас сэргийлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүй, эдийн засгийн  орчин бүрдэнэ. 
 
6.2.2. Архидан согтуурахаас сэргийлэх, зохистой хэрэглэх талаар олон нийтийн мэдлэг,  хандлага дээшлэн архины хэрэглээ буурч, согтууруулах ундаа хэрэглэдэггүй иргэд, хамт олон, байгууллагын тоо нэмэгдэнэ.
 
6.2.3. Архи хэтрүүлэн хэрэглэгч, архинд донтох өвчтэй хүнийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, эмчлэх, хяналт тавих, нийгэм хамт олонд тулгуурласан эрүүл мэнд, нийгмийн тусламж, үйлчилгээ буй болж  чанар хүртээмж  нь нэмэгдэнэ.
 
6.2.4. Архины хэрэглээ, түүнээс  үүдэн гарах хүн амын өвчлөл, нас баралт, хүчирхийлэл, осол гэмтлийн нийгмийн зардал буюу согтууруулах ундааны үйлдвэрлэлийн эдийн засгийн ашиг, зардлын  үнэлгээ хийсний үндсэн дээр  шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.    
 
6.2.5. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, гэр бүл, хамт олны үүрэг хариуцлага, хамтын ажиллагаа сайжирч  архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих нийгмийн орчин бүрдэнэ.
 
 
 
 
---оОо---