- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
УИХ-ын 1996 оны 61 дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
Улсын Их Хурлын сонгуулийн дүнд шинээр эмхлэн байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, "МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо " эвслээс сонгогчидтой байгуулсан гэрээнд үндэслэн бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг дэвшүүлж байна.
Засгийн газар 1996-1998 онд төрийн захиргааны байгууллагын болон эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийж, эдийн засгийг сэргээн өөрийгөө тэтгэх чадамжийг нь нэмэгдүүлэх, 1998-2000 онд нийгэм-экологийн болон экспортын баримжаатай эдийн засгийн оновчтой бүтцийг бий болгон эрчим хүч, түлш, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр өөрийгөө ханган, экспортын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг эрчимтэй хөгжүүлсэн, харьцангуй бие даасан бүтэц бүхий эдийн засагтай болж, бүс нутгийн хөгжилд өөрийн гэсэн байр сууриа эзлэх стратегийн зорилтыг энэхүү хөтөлбөртөө тодорхойлж байна.
1. ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД ХИЙХ ӨӨРЧЛӨЛТ
Төрийн байгуулалтын хүрээнд Засгийн газраас дэвшүүлж буй гол зорилт нь төрийн захиргааны төв байгууллагын бүтцийг шинэчлэх, нутгийн захиргааны байгууллагыг бэхжүүлж бүс нутгийг хөгжүүлэх, нийгмийн удирдлагын үр нөлөөг дээшлүүлэх, мэдээллийн үнэн бодит байдал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах, цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудад тавих иргэний хяналтыг хэрэгжүүлэхэд оршино.
Засгийн газрын чиг үүргийг зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгэм дэх шаардлагын дагуу тогтоож, түүний үйл ажиллагааг иргэдэд үйлчлэх, тэдний санал, өргөдөл, гомдлыг барагдуулах, ашиг сонирхлыг нь хамгаалах нийгмийн эрүүл орчин бий болгоход чиглүүлнэ.
Засгийн газрын бүрэлдэхүүн, бүтцийн шинэ тогтолцоог бүрдүүлэн, Засгийн газрын гүйцэтгэх удирдлагыг чадваржуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр зохиох, зохицуулах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үнэлж дүгнэх, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах асуудлыг төрийн захиргааны төв байгууллага/яам/-д хуулиар хариуцуулан хэрэгжүүлнэ.
Яамдын үйл ажиллагааны хүрээнд хууль тогтоомж, стандартыг сахиулах, бодлого хэрэгжүүлэх үүрэг бүхий агентлагуудын зохистой тогтолцоог бий болгоно.
Төрийн захиргааны байгууллагын цомхон, чадварлаг бүтцийг бүрдүүлэхийн хамт төрийн албаны ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, албан хэрэг хөтлөлтийг боловсронгуй болгох арга хэмжээг тодорхой бодлого, хөтөлбөрийн үндсэн дээр хэрэгжүүлнэ.
Төрийн захиргааны байгууллага, төрийн албаны өөрчлөлт, шинэчлэлтийн бодлого, удирдлагын арга барил, удирдлагын эрхэмлэх зүйлс, хэрэглэх арга, ашиглах нөөцийн харилцан уялдаа бүхий тогтолцоог бий болгоно.
Орон нутгийн өмч, татварын тогтолцоог бий болгож, хуримтлагдсан хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өгөхийн зэрэгцээ байгууллага, албан тушаалтан дур мэдэн татвар, хураамж тогтоодог явдлыг зогсооно.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг бэхжүүлж, тэдгээрийн орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, нэмэгдэл нөөц бололцоог ашиглах замаар орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлнэ.
Нийгэм, эдийн засгийн болон иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхийг өргөтгөх чиглэлээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлүүлнэ.
Газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглах асуудлаар орон нутгийн удирдлагын эрхийг өргөтгөнө.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, мэдээллийн нэгдсэн сүлжээнд хамруулах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлнэ.
Аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл санаачилгын байгууллагыг бүртгэх, татан буулгах эрхийг орон нутгийн байгууллагад олгоно.
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нутгийн захиргааны байгууллагын бие даасан байдал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чадамжийг дээшлүүлэх арга хэмжээг тусган хэрэгжүүлж, тэдэнд нутаг орноо хөгжүүлэх, дотоод, гадаад түнштэй болоход нь тусламж, дэмжлэг үзүүлнэ.
Бүс нутаг, аймаг, сумдын эдийн засгийн чадавхийг тодорхойлж, үүний үндсэн дээр үйлдвэрлэл, үйлчилгээний зохистой бүтэц бүрдүүлэх, нутаг усандаа ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг хангахын тулд бүс нутгийн зохион байгуулалтаар хөгжих бодлого баримтална. Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Засгийн газраас авах арга хэмжээ, бүсийн эрх зүйн байдал, бүсийн зөвлөлийн үйл ажиллагааны журмыг боловсруулж мөрдүүлнэ.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нараас бүрдсэн бүсийн зөвлөл байгуулна.
Бүсийн захирагчийн чиг үүрэг, бүрэн эрхийг баталгаажуулж, түүнд Засгийн газрын гишүүний эрх олгох асуудлыг шийдвэрлүүлнэ.
Аймаг, орон нутгийн хөгжлийн ялгааг жигдрүүлэх зорилгоор зарим бүс нутаг, аймагт дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж эхлэнэ.
Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлалын дагуу зарим нутагт эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулна.
Орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд түлхэц үзүүлэх зорилгоор эргэж төлөх нөхцөлөөр улсын төсвөөс зээл олгож, "Сумын хөгжлийн сан"-г туршилтын журмаар байгуулан, улмаар хөгжлийг дэмжих сан болгоно. Сумын хөгжлийн сангийн хөрөнгийг тэргүүн ээлжинд тухайн сумын хоршоо, бөөний худалдааны болон ахуйн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг сэргээхэд зарцуулна.
Бүс нутгийн жигд хөгжлийг хангах зорилгоор бүс нутаг, аймаг, орон нутгийн хөгжлийн чиглэлийг тогтоож, тэргүүлэх ач холбогдол бүхий төслийг санхүүжүүлэх, татвар, төсөв, гааль, хөрөнгө оруулалт, зээлийн талаар хөнгөлөлт үзүүлэх асуудлыг шийдвэрлүүлнэ.
Мэдээллийн үнэн бодит байдлыг хангах зорилгоор мэдээллийг нийгмийн удирдлагын үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх нэгэн чухал хэрэгсэл болгох зарчим баримтална. Нийгмийн амьдрал, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх, мэдээлэл нээлттэй байх бололцоог хангаж, чөлөөт мэдээллийн үндэсний тогтолцоо бүрдүүлнэ. Засгийн газрын үйл ажиллагааны тухай тогтмол мэдээлдэг тогтолцоог бий болгоно.
Статистикийн газрын бие даасан байдлыг нь баталгаажуулж мэдээллийн бодит байдлыг хангах тогтолцоог бүрдүүлнэ. Статистикийн мэдээллийн тогтолцоо, аргачлалыг олон улсын жишигт хүргэнэ.
Төрийн нууцад хамаарах мэдээлэл алдагдсаны төлөө хүлээх хариуцлагын талаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.
Сэтгүүлчдийн мэдээлэл олж авах, мэдээллээ олон нийтэд хүргэх үнэмлэхүй эрх чөлөөг хамгаална. Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулна.
Эрх зүйн бодлого, шинэчлэл
Монгол улсын эрх зүйн шинэчлэлийг Монгол улсын бүрэн эрхт байдлыг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөө, түүний хууль зүйн баталгааг хангах, Монгол улсын төрийн байгууллын эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, эрх зүйн шинэчлэлийн орчин бүрдүүлэх, хууль зүйн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг үндсэн чиглэлээр хэрэгжүүлнэ.
Эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох арга хэмжээ авна.
Хуульчдын ажил хариуцах чадвар, ажил хэргийн мэдлэг, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хуульчдыг шилж сонгох тогтолцоог бий болгож, түүний дагуу шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын мэргэжлийн түвшинг тогтоож, шалгаруулж ажиллуулах арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран авна.
Шүүгчдийн халдашгүй эрх, хараат бус байдлыг хангах чиглэлээр тэдний эдийн засгийн баталгааны эрх зүйн үндсийг цаашид боловсронгуй болгоно. Шүүгчдийн нийгмийн баталгааг хангах чиглэлээр шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Шүүхийн төсвийг төлөвлөх, хянах, батлах журмыг хянан үзэх хөндлөнгийн шинжээчдийг сонгож ажиллуулан үнэлгээ, дүгнэлтийг нь авч төсвийн төсөлтэй хамт эрх бүхий байгууллагуудад оруулдаг байх журам боловсруулж мөрдүүлнэ.
Хүний эрх, эрх чөлөө хэрэгжих баталгааг хангах, төрийн албан хаагчийн ажлын хариуцлага, хууль биелүүлэх сахилгыг дээшлүүлэх, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагаанаас сэргийлэх, түүнийг таслан зогсоох үүднээс захиргааны шүүх байгуулах асуудлыг шийдвэрлүүлнэ.
Шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ, мэргэжлийн түвшинд дүгнэлт гаргах журам, шалгуур тогтоох арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны үйл ажиллагааг боловсронгуй болгоно.
Хүн амд үзүүлэх эрх зүйн үйлчилгээ шуурхай, хүртээлтэй байх зохион байгуулалтын арга хэмжээ авна.
Гэмт хэргийн улмаас иргэн, байгууллагад хохирол учруулсан хүмүүст оногдуулж байгаа ялын бодлогыг судалж, хорих ял эдэлж байгаа хүмүүсээр, тэдгээрийн учруулсан хохирлыг бүрэн төлүүлэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр эрүүгийн болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлүүлнэ.
Гэмт хэрэг, зөрчлийг шуурхай таслан зогсоох, түүний тухай мэдээллийг түргэн шалгаж, улмаар хүн амыг гэмт халдлагаас хамгаалах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах зорилгоор цагдаагийн анхан шатны байгууллагуудыг холбоожуулах, техникжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагыг шинэчлэн зохион байгуулах асуудлыг судалж шийдвэрлүүлнэ.
Хууль сахиулах байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх, цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэхдээ авто тээврийн болон холбооны хэрэгслийг дайчилсан, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашигласны хөлс, зардлыг төлөх, төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн зардлыг санхүүжүүлэх зэргээр хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүргээ төр биелүүлдэг байх механизмыг бий болгож хэрэгжүүлнэ.
Ял эдлүүлэх байгууллагыг төрийн албаных нь хувьд бэхжүүлэх зорилгоор байр, эрчим хүч, дулаан болон бусад зардлыг хоригдлууд хариуцаж байгаа журмыг өөрчилж, тэдгээр зардлыг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Төрөөс хорих ангиудыг ажлаар хангах талаар хүлээсэн үүргээ бодитой биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хорих байгууллага, хоригдлын ажил, үйлдвэрлэл эрхэлж олсон орлогыг албан татвараас чөлөөлөх буюу хөнгөлөлт үзүүлэх асуудлыг шийдвэрлүүлнэ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд иргэн, байгууллагыг заавал оролцуулж байх эрх зүйн үндсийг бүрдүүлнэ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд идэвхтэй оролцсон иргэн, байгууллагыг урамшуулж байх тогтолцоог бий болгоно.
Нийгмийн дэг журмыг хангах, бэхжүүлэх, орон нутгийн цагдаагийн байгууллагыг удирдах талаар нутгийн захиргаа, өөрөө удирдах байгууллагаас хүлээх үүрэг, хариуцлагын эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, үр нөлөөг нь сайжруулах арга хэмжээ авна.
Хүний эрхийн асуудлыг эрхлэх үндэсний байгууллага бий болгох асуудлыг судалж шийдвэрлүүлнэ.
Иргэдийн амгалан тайван аж төрөх эрхийг хуульчлан баталгаажуулна. Хүн бүр Үндсэн хуульд тунхагласан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх баталгааг хангах үүднээс аргагүй хамгаалалтыг зохицуулах эрүү, иргэний хуулийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж шийдвэрлүүлнэ.
Таслан сэргийлэх арга хэмжээ, тагнах ажилд төрийн байгууллагаас тавих хяналтыг хүчтэй болгож, энэ харилцааг зохицуулж байгаа болон албадан саатуулах, цагдан хорих, гүйцэтгэх ажил эрхлэх асуудлыг зохицуулах хууль, эрхийн актуудыг боловсруулан батлуулна.
Хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан, тахир дутуу иргэдийн эрх, эрх чөлөөг эрүүгийн хуулиар хамгаалж буй байдал, ялын бодлогыг судалж, тэдний эрх зүйн баталгааг боловсронгуй болгоно.
Дотоод, гадаадын эх үүсвэр, боломжийг ашиглан, зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр хууль тогтоомжийг орчуулах, хэвлэн нийтлэх, нийтэд шуурхай мэдээлэх үүрэг бүхий бие даасан төв байгуулж ажиллуулна.
Оюуны өмчийг хамгаалах эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, оюуны бүтээлийн зах зээлийн харилцааг хөгжүүлнэ.
Багшлах боловсон хүчин бэлтгэж, сургалтын материаллаг баазыг бүрдүүлсний үндсэн дээр хууль зүйн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтныг тусгай дунд боловсролтой болгох шаардлагыг үндэс болгон Хууль зүйн дунд сургууль байгуулж ажиллуулна.
2.ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭНД ХИЙХ ШИНЭЧЛЭЛТ
Татвар
Монгол Улсын татварын хуулиудад татварын хувь хэмжээг бууруулах чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулж, татвар төлөгчдөд ногдож буй татварын ачааллыг 1999 оны эцэст ЗО хувь хүртэл хэмжээгээр бууруулна.
Хүн амын орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлогын доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлж, татварыг 20-30 хувь бууруулах арга хэмжээг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын татвар ногдуулах шатлалыг цөөрүүлж, 2000 он гэхэд нэгдсэн нэг хувь хэмжээгээр орлогын татвар ногдуулдаг болно.
Импортын барааны гааль, худалдааны татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хянан үзнэ.
Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, тэднээс банкинд итгэх итгэлийг бий болгох, банкны зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээг багасгах зорилгоор иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос авч буй татварыг 1997 оноос эхлэн зогсоох арга хэмжээ авна.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө оруулах сонирхлыг дээшлүүлэх зорилгоор хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлогод давхар татвар ногдуулж байгааг 1998 оны 1 сарын 1-нээс эхлэн зогсоох асуудлыг боловсруулж шийдвэрлүүлнэ.
Богд шилжүүлснээр 150-иас доош толгой малтай, малаас өөр орлогын эх үүсвэргүй өрхийг бүх төрлийн татвараас чөлөөлөх асуудлыг судлан үзэж 1997 оноос хэрэгжүүлнэ.
Тэргүүний технологи, экспортыг дэмжиж, байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээх, дэд бүтцийг хөгжүүлэх зориулалтын техник, тоног төхөөрөмжийн элэгдлийг богино хугацаанд түргэвчилсэн аргаар тооцож татварын хөнгөлөлт үзүүлнэ.
Алслагдсан бүс нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн татварын хөнгөлөлттэй бодлого явуулна.
Орлогоо нуух, татвар төлөхөөс зайлсхийх явдлыг таслан зогсоох зорилгоор татварын хяналтыг сайжруулан татварын албаны зохион байгуулалтыг боловсронгуй болгож, 1997 оноос эхлэн нэгдсэн удирдлагатай үндэсний татварын алба бий болгоно. Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх нөхцөл, боломжийг бүх шатны татварын албадад бүрдүүлж өгнө.
Төсөв
Төсвийн зарлагын бүтцийг оновчтой болгон төсвийн ачааллыг эдийн засгийн нөөц, боломжид тулгуурлан тодорхойлох зарчмыг баримтална.
Салбарын болон орон нутгийн санхүүгийн удирдлагын бүтцийг боловсронгуй болгох арга хэмжээг ээлж дараатайгаар хэрэгжүүлэн төсвийн хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлнэ.
Төсөвт байгууллагуудыг санхүүжүүлэх шалгуур үзүүлэлтийг тогтоож, түүний үр дүнгээр санхүүжүүлэх боломжийг судалж хэрэгжүүлнэ.
Төсвийн гадуурхи данс хэмээх үйл ажиллагааг тухайн байгууллагын үйл ажиллагаанд бүрэн хамруулж нэгдсэн цогц байдлаар нь бүртгэж, тооцдог журамд шилжүүлнэ.
Төсөвт зардлын норм, нормативыг боловсронгуй болгох талаар дэс дараатай арга хэмжээ авна.
Төсвийг зардлын зүйл, байгууллага нэг бүрээр тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлаж байх журам тогтооно.
Орон нутгийн бие даасан байдлыг хангах үүднээс тэдгээрийн төсөв нь орлогоороо зарлагаа нөхөх механизм бүрдүүлэхэд онцгой анхаарч, зарим төрлийн татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох эрхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгоно.
Орон нутгийн төсөвт олгох татаасыг удаан хугацаагаар хатуу тогтоон өгөх боломжийг судалж хэрэгжүүлнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, байршлыг харгалзан төсвийн татаасыг ялгавартай тогтоох журамд шилжинэ. Орон нутгийн төсвийн тодорхой төрлийн зардлыг улсын төвлөрсөн төсвөөс нөхөн олгож, бусад бүх зардлаа өөрийнхөө орлогоор нөхөх боломжийг судалж хэрэгжүүлнэ.
Төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиас хэтрүүлэхгүй байх зорилт тавьж ажиллана.
Төсвийн урсгал тэнцлийг дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьтай тэнцэх хэмжээгээр жил бүр сайжруулж, хөрөнгө оруулалт, хөгжлийн арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлнэ.
Төвлөрсөн болон орон нутгийн төсвийн хүрээнд мэдээллийн системийг боловсронгуй болгож нэгдсэн бааз байгуулан, компьютерийн сүлжээнд холбох асуудлыг ээлж дараатайгаар хэрэгжүүлж, төсвийн мэдээллийг шуурхай болгоно.
Төсвийн орлого, зарлагын ангилал, Засгийн газрын төсвийн бүртгэл, статистикийг олон улсын жишигт нийцүүлж шинэчлэн өөрчлөхийн хамт уг ангиллыг үндэслэн төсвийн тайлан гаргаж байх журмыг хэвшүүлнэ.
Төрийн өмч болон төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх журмыг хуульчилж, төрийн өмч үрэгдүүлсэн, төсвийн хөрөнгийг буруу ашигласан үйлдэлд хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
Мөнгө
Монголбанктай хамтран мөнгө, зээл, үнэ ханшийн бодлогыг зах зээлийн зарчимд нийцүүлэн явуулж, үндэсний валютын тогтвортой байдлыг баталгаажуулна.
Мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, зээлийн хүүг инфляцийн түвшинтэй уялдуулан бууруулах арга хэмжээ авна.
Арилжааны банкуудын санхүү, төлбөрийн чадварыг сайжруулахад чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж, төрийн өмчийн банк, төрийн оролцоотой банкны төрийн өмчид ногдох хэсгийг хувьчлах, үйл ажиллагааг нь төрөлжүүлэх арга хэмжээ авна.
Арилжааны банкуудын удирдлагыг боловсронгуй болгохын хамт тэдгээрийн зээл олгох, төлүүлэх үйл ажиллагааг эрс өөрчилж, банкны үйл ажиллагаанд тавих хяналтыг хүчтэй болгоно.
Банк хоорондын төлбөр тооцоог шуурхай болгож, бэлэн бус тооцооны дэвшилтэт хэлбэрүүдийг өргөнөөр ашиглахын зэрэгцээ төлбөрийн сахилгыг дээшлүүлнэ.
Иргэдийн хадгаламжийн даатгалын тогтолцоог бий болгож хөгжүүлнэ.
Үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжсэн урт хугацааны зээлийн бодлого хэрэгжүүлнэ.
Төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг төвлөрүүлэх замаар Засгийн газрын хөгжлийн банк байгуулж, дэд бүтцийн болон тэргүүлэх салбаруудын төслүүдийг сонгон шалгаруулж, тэдгээрт зориулан бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох нөхцөлийг бүрдүүлнэ.
Мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах шууд болон шууд бус аргыг макро эдийн засгийн голлох хүчин зүйлүүдтэй уялдуулснаар мөнгөний ханш уналтыг Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны сүүлийн 2 жилд сарын 2 хувиас хэтрүүлэхгүй байлгахад чиглэсэн арга хэмжээ авна.
Төгрөгийн гадаад валютаар илэрхийлэгдэх ханшийг бодитой бөгөөд харьцангуй тогтвортой байлгах зорилгоор валютын бирж байгуулж, валютын захын үйл ажиллагааг тогтворжуулна.
Хувьчлал
Эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, өмчийн зохистой харьцааг бий болгох үүднээс 2000 он гэхэд төрийн өмчийн 60 хүртэл хувийг хувьчлах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
Төрийн өмчийн тооллогыг явуулж, төрийн өмчийн шинэчилсэн үнэлгээ тогтоон хувьчлагдах хөрөнгийн жагсаалтыг хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд гаргаж хувьчлал явуулна. Төрийн өмчийн оролцоотой үйлдвэр, аж ахуйн газруудын төрийн өмчид хамаарах эд хөрөнгийг үе шаттайгаар хувьчилна.
Уул уурхайн салбарын төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн төрийн өмчид ногдох хэсгийг улс орны эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх нөлөөллийг нь харгалзан үе шаттайгаар хувьчилна.
Алтны шороон орд олборлож байгаа төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд, Монголросцветмет нэгдлийн монголын талын хувь хөрөнгө, өнгөт металлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг хувьчилна.
Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Монголын талын зохих хувийг үе шаттайгаар хувьчилна.
Дэд бүтцийн салбарт хувьчлалыг эрчимжүүлнэ.
Авто тээврийн /автобус, ачаа тээвэр/ болон эрчим хүчний компаниудыг хувьчлах арга хэмжээ авна.
Төвийн болон бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд багтах нам хүчдэлийн шугам сүлжээ, цахилгаан, дулааны зарим станцыг хувьчлах чиглэлийг боловсруулж хэрэгжүүлнэ.
Төмөр зам, авто зам, иргэний агаарын тээврийн байгууллагуудыг зохих хөтөлбөрийн дагуу хувьчлах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Орон сууцыг хувьчилж, улсын орон сууцгүй иргэд, шинээр гэр бүл бологчдод хувийн орон сууцтай болоход нь зээл, тусламжийн давуу эрх олгоно.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх асуудлыг боловсруулж шийдвэрлүүлнэ. Ингэхдээ эхний ээлжинд хот суурины болон газар тариаланд ашиглаж байгаа газар, хувийн барилга, байгууламж байгуулан ашиглаж байгаа газрыг экологийн шаардлагад нийцүүлэн хувьдаа өмчлөх эрх зүйн нөхцөлийг бүрдүүлнэ.
Байгалийн баялгийг концессоор ашиглуулах тухай хууль батлуулж хэрэгжүүлнэ.
Төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийг орон нутагт хүлээлгэж өгөх асуудлыг шийдвэрлэнэ.
Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагуудад өмчийн зэрэглэл тогтоож, тэдгээрт хуулийн дагуу төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх удирдлагын нэгдсэн тогтолцоог төлөвшүүлэн бэхжүүлнэ.
Төрийн өмчийн үйлдвэрийн газрыг биржээр дамжуулан хувьчлах, төрийн мэдлийн хувьцааг арилжаалах, зээллэгээ, Засгийн газрын бонд зэрэг шинэ төрлийн үнэт цаасыг гүйлгээнд гаргах замаар үнэт цаасны зах зээлд оролцогчдын хамрах хүрээг өргөтгөнө.
Хувьчлагдсан үйлдвэр, аж ахуйн нэгжийн удирдлагыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлнэ.
Алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн нэгжийг менежментийг нь хувьчлах аргаар ажиллуулж, ашигтай болсон нөхцөлд хувьчлах асуудлыг шийдвэрлэнэ.
Гадаадын зээл, тусламж
Үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс буцалтгүй тусламж, зээлийг аль болох олон эх үүсвэрээс авч ашиглан төсөвт учруулах дарамтыг багасгах бодлого явуулна.
Гадаадын зээл, тусламж авах бодлого, түүний ашиглалтыг зохицуулахтай холбогдсон харилцааг хууль тогтоомжоор баталгаажуулна.
Гадаадын зээл, тусламж, хөгжлийн төсөлтэй холбогдсон мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, төслийн шалгаруулалт, хэрэгжилтэд хяналт тавих бүтцийг сайжруулна. Зээл, тусламжийн мэдээллийн нэгдсэн сантай болно.
Хөрөнгө оруулалт
Үндэсний хөрөнгө оруулагчдад гадаадын хөрөнгө оруулагчдаас дутахгүй аятай нөхцөлийг бий болгох зорилгоор дотоодын хөрөнгө оруулах хүрээ, хэрэгжүүлэх хэлбэр, хөрөнгө оруулалтыг хамгаалах эрх зүйн баталгаа, хөрөнгө оруулагчдын эрх, үүргийг тодорхойлж, гааль, худалдаа, орлогын албан татварын хөнгөлөлт зэрэг тэдэнд олгох таатай нөхцөл, газар ашиглуулах, хөдөлмөр, нийгмийн хамгаалал зэрэг харилцааг зохицуулах хууль боловсруулж, 1998 оноос хэрэгжүүлнэ.
Нутаг дэвсгэрийг бүсчлэн хөгжүүлэх, дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлэх, эн тэргүүнд эрчим хүч, харилцаа холбоо, зам, тээврийг хөгжүүлэх, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжихэд тэргүүлэх ач холбогдол өгч, төвлөрсөн төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг эдгээр салбарт түлхүү хуваарилна.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хууль боловсруулж, жижиг, дунд үйлдвэрийн хөрөнгө оруулалт, зээлийн даатгалын болон жижиг, дунд үйлдвэрийг дэмжих банк, санхүү, даатгалын болон үйл ажиллагаанд нь хяналт тавих, зөвлөлгөө өгөх байгууллагыг бий болгох ажлыг туршина.
Хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэхэд хувийн хөрөнгө оруулалт, банкны зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх таатай орчин бүрдүүлж, гадаадын зээл, тусламж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тэргүүлэх чиглэлийн төсөл, арга хэмжээнд зарцуулна.
Хөрөнгө оруулалтын нийт эх үүсвэрийг дотоодын нийт бүтээгдэхүүний хорин хувиас доошгүй хэмжээнд байлгана.
Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх тааламжтай орчин бүрдүүлэх, түүнийг бэхжүүлэх, эдийн засагт өгөх үр өгөөжийг нь дээшлүүлэхэд онцлон анхаарч, үнэт цаасны арилжаанд оролцогчдын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулна. Үнэт цаасны арилжааны талаархи мэдээллийг хувьцаа эзэмшигчдэд сурталчлах ажлыг өргөжүүлэх, хувьцааг чөлөөтэй арилжих нөхцөлийг бүрдүүлнэ. Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг хуваарилах механизмыг боловсронгуй болгож аж ахуйн нэгжийг удирдахад тэдгээрийн оролцоог идэвхижүүлэх нөхцөл, бололцоог бүрдүүлэх арга хэмжээ авна. Үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулах хууль тогтоомжийг боловсронгуй болгоно.
Худалдаа
Гадаад худалдаа нь Монгол орны эдийн засгийн хөгжлийн давуу талыг тодорхойлох, дэлхийн эдийн засгийн хөгжлийн ололтыг өөрийн оронд нэвтрүүлэх, үндэсний эдийн засгийн болон төлбөрийн чадавхийг нэмэгдүүлэх онцгой хүчин зүйл гэж үзэж өргөнөөр хөгжүүлэх чиглэл баримтална.
Дэлхийн худалдааны байгууллагад элсэхтэй холбогдсон гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтуудыг хугацаанд нь биелүүлж, гадаад худалдааг олон улсын жишигт нийцүүлэн чөлөөтэй болгох бодлогыг тууштай явуулна.
Урьд онуудад үүссэн өр төлбөрийг барагдуулах, зээлийн төлбөрийг хугацаанд нь хийхэд анхаарч, урсгал өрийн хэмжээ хэт нэмэгдэхээс зайлсхийх бөгөөд гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргийг биелүүлэх хариуцлагыг өндөржүүлнэ.
Гадаад худалдааны статистик мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, бүтээгдэхүүний гадаад зах зээлийн судалгааг эрчимжүүлэх арга хэмжээ авна.
Дэлхийн зах зээлийн чанарын шаардлага хангасан эцсийн бүтээгдэхүүний экспорт болон шинэ нэр төрлийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх санхүү, эдийн засгийн таатай нөхцөл бүрдүүлнэ. Хандивлагч орнууд, Европын холбоо, бусад олон улсын байгууллагаас бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор манай улсад үзүүлж байгаа хөнгөлөлтүүдийг үргэлжлүүлэх, өргөжүүлэх санал боловсруулан хэрэгжүүлэх арга хэмжээ авна. Экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг урамшуулах зорилгоор экспортын даатгал, хөнгөлөлттэй зээлийн тогтолцоог бий болгоно.
Дотоодын үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн импорт, зах зээлийн бодлого явуулна.
Дотоодод үйлдвэрлэдэг барааг импортлосон нөхцөлд түүний зах зээлийг хамгаалах шаардлагыг харгалзан гаалийн татвараар зохицуулна.
Өндөр бүтээмжтэй, орчин үеийн техник, технологийн импортыг дэмжинэ.
Гаалийн татварын уян хатан бодлого явуулж элдэв хориг, хязгаарлалтаас зайлсхийнэ.
Импортын болон эх орны үйлдвэрийн бараа, түүхий эдийн бөөний худалдааг хөгжүүлэх асуудлыг аймаг, сум, баг болон бүс нутгийн хөгжлийн бодлогод тусган, орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээний зохистой бүтэц бүрдүүлэх зорилттой уялдуулан хөгжүүлж, бөөний худалдааны тогтолцоог зах зээлийн эдийн засгийн зарчимд тулгуурлан бүрдүүлнэ.
Үндэсний аюулгүй байдал, байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашигт сөрөг нөлөөлж болох барааны экспорт, импортыг төрийн хяналтаар зохицуулах асуудлыг боловсронгуй болгон хяналт тавих барааны нэр төрлийг цөөрүүлэхийн хамт хүнсний эрүүл ахуйн шаардлагыг эрс өндөржүүлж, бүх төрлийн хүнс, өргөн хэрэглээний бараа, нийтийн хоолны чанарт тавих төрийн хяналтыг хүчтэй болгоно..
Үйлдвэрлэгч, нийлүүлэгчдээс алслагдсан хэрэглэгчдэд тасралтгүй, найдвартай худалдаагаар үйлчлэх асуудлыг шийдвэрлэнэ.
Худалдааны албан татварыг бараа, үйлчилгээний эцсийн хэрэглэгчээс авах зарчмыг дэмжихийн хамт түүнийг зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг зохицуулах хөшүүрэг болгон ашиглах боломжийг судлан боловсруулж хэрэгжүүлнэ.
Худалдааны тухай хууль боловсруулан батлуулж хэрэгжүүлнэ.
ДЭД БҮТЭЦ
Түлш, эрчим хүч
Эрчим хүчний найдвартай эх үүсвэрт хөрөнгө оруулж хөгжлийн бүс, аймаг, сумын төв, суурин газрыг эрчим хүчний шинэ эх үүсвэрээр хангах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлнэ.
Эрчим хүчний салбарт технологийн шинэчлэл хийнэ.
Дөргөн, Эгийн голын усан цахилгаан станцыг барих хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж, Улаан боом, Дэлгэр мөрний Чаргайтын усан цахилгаан станц барих техник-эдийн засгийн үндэслэл, тооцооны үндсэн дээр зураг төслийг бэлэн болгон барилгын ажил эхлэхэд бэлтгэнэ.
Эдийн засгийн төвийн бүсийн цахилгаан болон нийслэлийн дулаан хангамжийг сайжруулах, орчны бохирдлыг багасгах зорилгоор Улаанбаатарын З, 4 дүгээр цахилгаан станцын зарим үндсэн тоноглолд технологийн шинэчлэлт хийнэ.
Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг өргөтгөх, Дарханы дулаан хангамжийг сайжруулах төслийн техник-эдийн засгийн үндэслэл хийж, хэрэгжүүлж эхэлнэ.
Даланзадгадад бага чадлын дулааны цахилгаан станц барина.
Ховд, Баян-Өлгий, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор аймгийн төв, зарим сум, суурин газрыг эрчим хүчний төвлөрсөн хангамжид холбоно.
Сум, суурин газрын эрчим хүчний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж эхлэнэ.
Багануурын нүүрсний уурхайд техник, технологийн болон үйлдвэрлэлийн бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлтийг хэрэгжүүлнэ.
Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хүч чадлыг нэмэгдүүлж, өргөтгөн шинэчлэх арга хэмжээ авна.
Улаан-Овоогийн нүүрсний ордод жилд хагас сая тонн нүүрс олборлох хүч чадал бүхий уурхайг барьж эхлэнэ.
Хөөтийн нүүрсний ордын нөөцийг нарийвчлан судлана.
Бүс нутгийн хөгжлийн чиглэлтэй уялдуулан орон нутгийн нүүрсний уурхайнуудын найдвартай ажиллагааг хангах, хүч чадлыг нь нэмэгдүүлэх, тэдгээрт техник, технологийн шинэчлэлт хийхэд дэмжлэг үзүүлнэ.
Тавантолгойн коксжих нүүрсний ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, гадаадын улс орон, олон улсын байгууллагатай хамтарч ашиглах боломжийг судлана.
Түлш, эрчим хүчний үнийг үйлдвэрийн ажиллагааны зардлыг нөхөх хэмжээнд тогтооно.
Үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, импортоор авах эрчим хүчийг багасгах, борлуулалтыг боловсронгуй болгох замаар үйлдвэрүүдийн санхүү, хөрөнгийн чадавхийг дээшлүүлнэ.
Хөдөөд эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд Засгийн газар эрчим хүчний үнэ, тарифыг бүс нутгийн онцлог, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих бодлоготой уялдуулан зохицуулна.
Эрчим хүчийг зүй бусаар ашиглах явдалтай тэмцэх, эрчим хүчний төлбөрийг урьдчилан шилжүүлэх зэрэг асуудлаар хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулна.
Нүүрсний үнийг чөлөөлж, салбарын үйлдвэрүүд өөрийгөө санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Нүүрсний уурхайнуудын техник, технологийг шинэчлэх, өргөтгөх төслийг хэрэгжүүлж, хүч чадлыг нь бэхжүүлэх, шинээр уурхай байгуулах замаар нүүрсний дотоодын хэрэгцээг хангана. Нүүрсний уурхайнуудыг үе шаттайгаар хувьчилна.
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс эрчим хүч, дулааны үнийг бодит хэрэглээгээр нь тооцно.
Эрчим хүчний борлуулалтыг зах зээлийн нөхцөлд тохируулан зохион байгуулалтын шинэ хэлбэрт оруулж, олон улсын жишигт тохирсон тооцооны зарчмыг нэвтрүүлнэ.
Хэрэглэгчийн дулаанаар найдвартай хангах, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн удирдлага, зохион байгуулалтын шинэ тогтолцоог бий болгоно.
Төвлөрсөн дулаан хангамжийн томоохон системийг сайжруулах, эрчим хүч хэмнэх төслүүдийг хэрэгжүүлэн үйлдвэрлэл, хэрэглээний хүрээнд хэрэглэгчдийг тоолууржуулах арга хэмжээ авна.
Бага чадлын атомын цахилгаан станцыг өөрийн орны нөхцөлд ашиглах судалгааны ажлыг дэмжинэ.
Малчид, зарим сум, суурин газрыг сэргээгдэх эрчим хүчээр хангах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
Эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн хүрээнд хувийн хөрөнгө оруулалтын оролцоог нэмэгдүүлнэ.
Эрчим хүчний эх үүсвэр, шугам, сүлжээг барьж байгуулах, тэдгээрийн техник, технологийг шинэчлэх, сэргээгдэх эрчим хүчээр ажиллах тоног төхөөрөмжийг импортлох, үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад орлогын болон гааль, худалдааны албан татварын хөнгөлөлтийг тухайн арга хэмжээний ач холбогдол, цар хүрээнээс хамааруулан оновчтой тогтооно.
Төв, баруун болон зүүн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 4О шахам сум, сууринг холбоно.
Холбоо
Харилцаа холбооны үндсэн үйлчилгээний хүрээг өргөтгөн чанарыг сайжруулж, эдийн засгийн өндөр үр ашиг бүхий шинэ техник, технологи нэвтрүүлэх нь энэ салбарын гол зорилго мөн.
Аймгийн төвүүдийн холболтын байгууламжийг радио релейний шугамын хамт тоон технологид шилжүүлэн шинэчлэн өргөтгөж, сумдын холбооны хэрэгслийг бага багтаамжтай, шинэ техникээр сольж, радио, телевизийн одоо байгаа станцууд, тоног төхөөрөмжийг өргөтгөн шинэчилж, радио, телевизийн сүлжээг цахилгаан холбооны үндсэн сүлжээтэй уялдуулан хөгжүүлнэ.
Эрдэнэт, Дархан, Булган, Баян-Өлгий, Сүхбаатарт тоон технологийн АТС суурилуулах, Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд хэрэглэгчийн кабелийг өргөтгөн, сэргээн засварлах, нийтийн хэрэглээний телефоны үйлчилгээ нэвтрүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ.
Төвийн эрчим хүчний шугамд холбогдоогүй радиорелейний станцуудад нар, салхины энергийн тэжээлийн систем суурилуулна.
Радиорелейний шугамгүй аймаг, Мөрөн, Цэцэрлэг, Улиастай, Улаангомыг Улаанбаатартай сансрын холбооны системээр холбож, нийт телефон хэрэглэгчийн 60 хувийг автомат холболт бүхий сүлжээнд хамруулна. Улаанбаатар хотын цахилгаан холбоог хөгжүүлэх суурь төлөвлөгөөний хүрээнд АТС-6-г өргөтгөх, гэр хорооллыг радио системээр холбоожуулах, төрийн холбооны сүлжээг өргөтгөн шинэчлэх, АТС-7-г өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлж эхлэнэ.
Нийслэлийн телефон утас хэрэглэгчдийн сүлжээг өргөтгөх, АТС-ын хүч чадлыг бүрэн ашиглах үүднээс холбооны кабелийг шинэчлэн өргөтгөх арга хэмжээ авна.
Хот хооронд нийтийн хэрэглээний электрон шуудангийн сүлжээ байгуулан төвийн хэвлэлийн эхийг орон нутагт шууд дамжуулан хэвлэдэг болно.
Шуудан холбоог хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулж, шуудангийн суурь сүлжээг бэхжүүлэн техник, технологийг дэс дараатай шинэчлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Шуудангийн сүлжээг түшиглэн уламжлалт үйлчилгээний нь хүрээг өргөтгөж иргэдийн мөнгөн хадгаламж, даатгалын үйлчилгээ эрхлэх нөхцөл бүрдүүлнэ.
Харилцаа холбооны салбарт гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, өрсөлдөөнийг нэвтрүүлэх талаар бодлого боловсруулан хэрэгжүүлж эхлэнэ.
Сансраас радио өргөн нэвтрүүлэг шууд хүлээн авдаг, нарны зай, батарейгаар ажиллах боломжтой радио хүлээн авагчийг өөрийн оронд үйлдвэрлэж малчдыг хангана.
Орчин үеийн холбооны дэвшилтэт технологи, сансрын холбооны системийг ашиглан хөдөө орон нутаг, ялангуяа малчдыг холбоожуулах ажлыг зохион байгуулж, өрх айл бүрийг телевиз, радиогийн нэвтрүүлэг хүлээн авах боломжоор хангана.
Төв, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт сумын түвшинд хүртэл хөдөөгийн холбооны сүлжээ байгуулна.
Сансрын хиймэл дагуулын суваг түрээслэх оновчтой хувилбарыг сонгож, Монгол улсад хуваарилагдсан хиймэл дагуулын байршлыг ашиглах талаар судалгаа явуулна.
Мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах, дэлхийн томоохон мэдээллийн сүлжээнд Монгол улсыг холбох арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлнэ.
Авто зам
Хөгжлийн бүсийг дотоодын болон олон улсын замаар холбох, зам харилцаанд үр ашигтай нэгдсэн сүлжээг байгуулах хэтийн зорилтыг хэрэгжүүлж эхлэнэ.
Азийн авто замын сүлжээнд нэгдсэн Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн замыг шинэчилж, Дархан-Эрдэнэтийн зам болон Налайх-Чойрын хайрган замын эхний ээлжийг барьж эхлэх бөгөөд дэд бүтцийн хөндлөн гол тэнхлэгийн автозамын чиглэлийг оновчтой тогтоож үргэлжлүүлэн барина. Увсын Хандгайт, Увс, Ховдын Булган сумыг холбосон баруун бүсийн аймгуудын гол замын тодорхой хэсгийг барина. Дээрх чиглэлүүд болон улсын чанартай бусад замын дагуух гол, мөрөнд мод, төмөр, бетон гүүрүүдийг үргэлжлүүлэн буюу шинээр барина. Дээрх ажлын хүрээнд нийт 700 орчим км засмал замыг шинээр болон шинэчилж, 3000 орчим у/м төмөр бетон гүүр тус тус барина.
Булган-Хөвсгөлийн хатуу хучилттай замыг барина.
Улаанбаатар хотын авто замын сүлжээг шинэчлэх ажлыг хэрэгжүүлнэ.
Автомашины хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс автомашины оношлогооны цэгүүдийг байгуулж, аваарь ослыг бууруулах арга хэмжээ авна.
Тээвэр
Тээврийн салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, өрсөлдөөнийг дэмжинэ.
Агаарын тээврийн тив хоорондын гарцтай болох бодлого баримталж Европ тивтэй агаарын шууд зам нээнэ.
Байгаль орчин, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, нийгэм эдийн засгийн бодлоготой уялдуулан импортоор авах тээврийн хэрэгсэлд гааль, худалдааны татварыг ялгавартай ногдуулах, манай улсад ашигладаг хөдлөх бүрэлдэхүүнд тавих техник ашиглалтын шаардлагыг хуульчлан тогтоож, хэрэгжилтэд нь тавих хяналтыг хүчтэй болгож авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх, бүтцийг оновчтой болгох арга хэмжээг хэрэгжүүлж эхлэнэ.
Улаанбаатар хотын зорчигч тээврийн хэрэгслийн хүч чадлыг нэмэгдүүлж, засвар, техникийн баазыг өргөтгөнө.
Төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлэхийн хамт хөдлөх бүрэлдэхүүний засварын бааз байгуулж эхлэнэ.
Дотоодод усан замын тээврийн үйл ажиллагааг сэргээх алхам хийнэ.
Далайн тээвэрлэлт хийх үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж олон улсын далайн тээврийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн баталгааг бүрдүүлэхэд анхаарна.
Улс, хот хооронд болон хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээнд чөлөөтэй өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлнэ.
Олон улсын агаарын шугамыг өргөтгөн дотоодын нислэгийг нэмэгдүүлж, үйлчилгээний хүрээг нь өргөжүүлэн агаарын тээврийн дотоодын үйлчилгээнд хувийн хэвшлийн оролцоог дэмжинэ.
Нислэг, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахуйц удирдлага, нислэг хяналтын орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглоно.
Барилга, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуй
Барилгын салбарт үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг шинэчилж, энэ чиглэлээр хөрөнгийн сан, банк байгуулахыг дэмжинэ.
Барилга, хот байгуулалтын тухай хуулийн төслүүдийг боловсруулж батлуулна.
Хот байгуулалтын талаар төрөөс баримтлах бодлогыг өөрийн орны онцлогт тохируулан тодорхойлж хэрэгжүүлнэ.
Нутаг дэвсгэрийн бүтэц, зохион байгуулалт, хүн амын нутагшил, суурьшлын чиглэл, нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах улсын хөгжлийн дэд бүтцийн гол хэвтээ тэнхлэг, бүсийн хөгжлийн тулгуур босоо тэнхлэгүүдийг тогтооно.
Бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, бүсүүдийн төвүүдийг тогтооно.
Бүс нутгийн түвшинд нийгэм, соёл, үйлдвэрлэл, үйлчилгээний зохистой хүрээгээр бүлэг суурингийн тэргүүлэх төвийг тогтооно.
Ундны усны эх үүсвэргүй болон газар хөдлөлтийн өндөр баллын бүсэд байгаа хот, суурины асуудлаар тодорхой арга хэмжээ авна.
Хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх орон нутгийн зохистой тогтолцоог бүрдүүлнэ.
Орон сууцны хөтөлбөр боловсруулан орон сууцны санхүүжилтийн оновчтой тогтолцоо бүрдүүлж, амины орон сууц барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэнэ. Орон сууцны хангамж, төрөл, тэдгээрийн инженерийн шугам сүлжээ, үйлчилгээний түвшинд үнэлгээ өгч, орон сууцаар хангах чиглэл, түүнийг улс, бүс нутаг, нийслэл, орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх арга замыг тодорхойлно.
Орон сууцны хэрэгцээ, шаардлагыг улс, бүс нутаг, нийслэл, аймгийн хэмжээнд тодорхойлж, орон нутгийн барилгын материал, нөөц бололцоонд түшиглэн орон сууцны төрөл, хэв, загварыг боловсруулж хэрэгжүүлнэ.
Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах үндсэн нөхцөл, чиглэлийг тогтоож хэрэгжүүлнэ.
Хувийн орон сууцны дэд хөтөлбөр боловсруулж, төв, орон нутагт эдлэн газрын хэмжээ, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломж, инженерийн шугам сүлжээний түвшинг харгалзан уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ялгавартай ангиллыг тогтооно.
Угсармал орон сууцны дулааны алдагдлыг багасгах, цаашдаа орон сууцны барилгыг дулааны алдагдалгүй төлөвлөх технологийг үе шаттайгаар нэвтрүүлж эхэлнэ.
Нийтийн аж ахуйн салбарын өнөөгийн байдал, техник, тоног төхөөрөмж, инженерийн шугам, сүлжээний хангамжийн түвшинд үнэлгээ өгч, сэргээн шинэчлэх чиглэлийг нийслэл, аймгийн түвшинд тодорхойлж хэрэгжүүлж эхлэнэ.
Хот, суурины усан хангамжийн эх үүсвэр, шугам, сүлжээ, цэвэрлэх байгууламжийн ашиглалт, үйлчилгээг сэргээх, эрүүл ахуйн шаардлагыг дээшлүүлэх, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох төсөл боловсруулж хэрэгжүүлнэ.
Төвлөрсөн сүлжээтэй орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламжийн ус, дулааны хэрэглээг тоолууржуулна.
Нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, шугам, сүлжээний ашиглалт, эзэмшлийг боловсронгуй болгох, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх тодорхой журам тогтоож мөрдүүлнэ.
Нийслэл, Дархан, Эрдэнэтэд болон аймгийн төвүүдэд гэр хорооллын үйлчилгээг сайжруулах дэд хөтөлбөр, төслийг хэрэгжүүлнэ.
Мандалговьд цэвэрлэх байгууламж барих асуудлыг судлана.
Аялал жуулчлал
Аялал жуулчлалыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.
Жуулчны үйлчилгээг дэлхийн жишигт ойртуулах, жуулчдын тоог нэмэгдүүлэх цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлж, Монгол орныг дэлхийн аялал жуулчлалын сонирхолтой бүсүүдийн нэг болгох зорилтыг хэрэгжүүлнэ.
Байгалийн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлж, морь, тэмээ, явган аялал, усан болон уулын спорт аяллыг хөгжүүлэх, аяллын төрлийг нэмэгдүүлэхэд анхаарна.
Зочид буудал, жуулчны баазуудын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавих, зах зээлийн нэгдсэн бодлогыг боловсруулах, аялал жуулчлалын чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, дадлагажуулах, тэдгээрийг давтан сургах нэгдсэн тогтолцоо бүрдүүлнэ. Зочид буудал, жуулчны баазын зэрэглэл тогтоох, үйлчилгээний стандарт боловсруулж мөрдүүлнэ.
Аялал жуулчлалын сурталчилгааг гадаад, дотоодод орчин үеийн шаардлагын түвшинд хийх, сурталчилгаа, мэдээллийн төв байгуулж улс орноо сурталчлах ажлыг өргөтгөнө.
Зочид буудал, жуулчны баазыг орчин үеийн түвшинд тоноглох, үйлчилгээ, үзвэрийн цогцолборыг байгуулах, түүх, соёлын ховор дурсгалыг сэргээн засварлахад хөрөнгө оруулалт хийнэ.
Зочид буудал, жуулчны бааз, рашаан сувиллыг эрчим хүч, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээтэйгээр иж бүрнээр барьж байгуулахад хөрөнгө оруулахыг дэмжинэ.
Хөдөө аж ахуй
Малын тоог өсгөхийн зэрэгцээ сүргийн зохистой бүтэц бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг сэргээх, газар тариалан эрхлэх эдийн засгийн сонирхлыг бий болгох үндсэн дээр 2000 он гэхэд гурил, гол нэрийн хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг үндсэнд нь хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах жижиг, дунд үйлдвэрийг орон нутагт байгуулахын тулд дэд бүтцийг сумдад хөгжүүлэх замаар хөдөөд хөгжил шилжих бодлогыг хэрэгжүүлнэ.
Ашиг шим өндөртэй хээлтүүлэгч малын үзэсгэлэн худалдааг жил бүр бүсчлэн зохион байгуулж, үнэ хаялцуулан худалдах, үрийн захиалга авч зохиомол хээлтүүлэг хийх арга хэмжээг аж ахуйн нэгж, иргэдийн санаачилга, хөрөнгө, төрийн зохицуулалтаар хэрэгжүүлнэ.
1997 онд багтаан мал аж ахуй, газар тариалан эрхэлж байгаа өрхөд аж ахуйн нэгжийн эрх олгох, тэдгээрийг банк, санхүүгийн үйл ажиллагаанд бие даан оролцох, дансаараа дамжуулан санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
Малчид сайн дураар хөрөнгө, хөдөлмөрөө хоршин нэгдэх, түүхий эдээ өөрсдөө боловсруулах үүсгэл санаачилгыг бүх талаар дэмжинэ.
Сумдад мал аж ахуйн бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалтын үйлдвэрийг хөгжүүлэх, дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэнэ.
Цөөн малтай малчин өрхийг малжуулах бодлого баримтална.
Иргэн, аж ахуйн нэгж гойд ашиг шимтэй мал үржүүлэхийг дэмжиж тэдгээрийн захиалгаар үржлийн мал, үр нийлүүлэх, зохиомол хээлтүүлэг хийх, үрийн нөөцийг шинэчлэх ажлыг өргөжүүлнэ.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ ханш, эрэлт, нийлүүлэлтийн мэдээллийн сүлжээ бий болгоно.
Мал эмнэлгийн үйлчилгээ, үржлийн ажлыг төрийн хяналтад байлгахын зэрэгцээ мал эмнэлгийн үйлчилгээний тогтолцоог өөрчилж, мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг дэмжинэ. Сумын түвшинд мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагуудыг 1997 оноос хувьчилна.
Мал сүргийг халдварт болон паразиттах өвчнөөс сэргийлэх, эрүүлжүүлэхэд төрөөс анхаарахын хамт малчдын хүлээх хариуцлага, үүргийг нэмэгдүүлэх эдийн засгийн механизм бий болгоно.
Мал эмнэлэг, үржлийн хяналтын улсын албыг бэхжүүлж, мал эмнэлгийн хувийн хэвшлийн үйлчилгээ, малын эм бэлдмэлийн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүнийг малчдад хүргэх сүлжээг бий болгоно.
Мал үржлийн ажил, үйлчилгээ, малын чанар, сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэнэ.
Хөдөө аж ахуйн түүхий эд ашигладаг үйлдвэрийн газрууд нь бүтээгдэхүүн үйлдвэрлэгч малчид, тариаланчидтэй нэгдэх, хорших замаар нийлүүлсэн түүхий эдийн хэмжээ, чанарыг үндэслэн эцсийн бүтээгдэхүүнийхээ үр дүнгээс хүртэж байх зохион байгуулалтын шинэ хэлбэрийг дэмжиж, холбогдох үлгэрчилсэн дүрэм, журмыг боловсруулан зөвлөмж болгоно.
Аж ахуйн нэгж бус чөлөөт үйлдвэрлэл эрхлэгч, малчид, тариланчдаас түүхий эд, бүтээгдэхүүнийг нэгдсэн журмаар худалдан авах буюу борлуулахад зуучлан туслах ашгийн бус, хувийн болон хагас төсвийн байгууллагуудыг дэмжиж, түүхий эдийг үүргийн худалдаагаар, гараас худалдахыг багасгаж, ашиг хуваарилдаг бөөний худалдаа, бэлтгэлийн төрөлжсөн аж ахуйн нэгжүүдийг орон нутагт байгуулахыг дэмжинэ.
Газар тариалан
Тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжийн төрийн өмчид ногдох хэсгийг 1997 онд багтаан хувьчлахын хамт, хувьчилсан компаниудын хувьцааг удирдах, хөрөнгийн болон мэргэжлийн чадвартай цөөн хүмүүс буюу түүний
бүтээгдэхүүнийг боловсруулдаг үйлдвэрүүдэд худалдах зэргээр хөрөнгө төвлөрүүлэх боломж бүрдүүлнэ.
Тариалан эрхэлдэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд тэгш эрхтэй, шударгаар өрсөлдөх, зээл тусламж хүртэх нөхцөл бүрдүүлнэ.
Техникийн шинэчлэлд олон улсын чанарын шаардлага хангасан, өндөр бүтээмжтэй техникийг дэлхийн зах зээлээс сонгох, туршин нэвтрүүлэхэд анхаарна.
Шинээр тариалан эрхэлж, тэргүүний технологи, шинэ таримал, сорт, элит дээд үржүүлгийн үр үйлдвэрлэж, импортыг багасган, экспортыг нэмэгдүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжид эхний ээлжинд зээл олгох, гадаад, дотоодын төсөлд хамруулах арга хэмжээ авна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах зорилгоор экспорт, импортын гааль, худалдааны татварын шуурхай зохицуулалтыг олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүрэг, зах зээлийн ёс горимд нийцүүлэн хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бий болгоно.
Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр гадаадын орны хараат байдалд орохгүй байх, гадаад худалдааны бодлого явуулахын зэрэгцээ дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна.
Гурилын үйлдвэрүүдийн төрийн өмчид ногдох хэсгийг хувьчлах, техник, технологийн шинэчлэл хийх төсөл боловсруулан 1997 оноос шийдвэрлэж эхлэнэ.
Газар тариаланд хөрөнгө оруулахыг дэмжих сан байгуулж техник шинэчлэх, элит сортын үр үйлдвэрлэх, шинэ технологи эзэмшихэд зориулалтын зээл олгоно.
Засгийн газар хүнсний буудайг худалдан авах, газар тариалангийн үйлдвэрлэлийн улирлын онцлогт тохирсон зээлийн тогтолцоо бий болгох замаар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
2000 он гэхэд улсын аюулаас хамгаалахад шаардлагатай хүнсний улаан буудайн нөөцийг жилийн хэрэгцээний 15 хувьд, үр тарианы үрийн нөөцийг 2О хувьд хүргэх бодлого баримтлан 1996 оноос эхлэн аажмаар нэмэгдүүлнэ.
Хүний эрүүл мэндэд бичил махбодийн дутагдал гарахаас сэргийлэн хүүхдийн болон сувиллын зориулалттай хоол, тэжээлийн үйлдвэрлэлийг дэмжинэ.
Гурилын үйлдвэрүүд үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй, төмс, хүнсний ногоо тариалдаг аж ахуйн нэгжүүд түүний бүтээгдэхүүнийг худалдан авдаг, хадгалдаг аж ахуйн нэгжүүдтэй нэгдэх, хорших, хөрөнгө, хувьцааг нь эзэмших замаар түүхий эдийн борлуулалт, нийлүүлэлтийг баталгаатай болгож, эцсийн үр дүнгээрээ санхүүжих боломж бүрдүүлэхийн хамт тийм үүсгэл санаачилгыг дэмжинэ.
Сүүний чиглэлийн аж ахуйг татвар, зээл, хөрөнгө оруулалтаар дэмжинэ.
5О хүртэл үнээтэй фермерийн аж ахуй байгуулах иргэдэд төсөл шалгаруулах замаар урт хугацааны зээл олгох арга хэмжээ авна.
Сүү-махны чиглэлийн сайн үүлдрийн үхрийн удмын санг хамгаалж, цөм сүргийн үржил, селекцийн ажлыг өргөтгөнө.
Байгаль орчин, хүний эрүүл мэндэд хоргүй арга, технологиор тариалан эрхлэгчдийн хэрэгцээ, захиалгад үндэслэн эрдэс, шим, био бордоо, гербицид, ургамал хамгааллын бодисыг дотооддоо үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүдийг төсөл шалгаруулах замаар сонгож, урт хугацаатай зориулалтын зээл олгоно.
Дотоод, гадаадын бордоо, ургамал хамгаалах бодисын чанар, хадгалалт, хамгаалалт, хэрэглэж байгаа арга, технологид мэргэжлийн хяналт тавих, шинжилгээ хийх, гэрчилгээ олгох журам тогтоож хэвшүүлнэ.
Даатгалд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тэргүүн ээлжинд зээл олгох, үйлдвэрлэлээ хэвийн явуулж ашигтай ажиллуулах чадвартай удирдах боловсон хүчингүй, шаардагдах хэмжээний сайн чанарын үр, бордоо, гербицид хэрэглэх, уринш бэлтгэх технологийг зөрчсөн аж ахуйн нэгжийг даатгахыг татгалздаг байх журам тогтоож мөрдүүлнэ.
Засгийн газраас баталсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж элит сортын үр, цөм, торгон сүрэг бий болгож, экспорт нэмэгдүүлж буй аж ахуйн нэгжийн хөрөнгийн болон үйлдвэрлэлийн даатгалыг Засгийн газар хариуцах эрх зүйн үндсийг бий болгоно.
Усалгааны эрчимжсэн технологи нэвтрүүлж хөдөөгийн хүн ам, мал сүрэг болон үйлдвэрийг хүрэлцээтэй усаар хангах, баталгаатай ургац авах нөхцөлийг бүрдүүлнэ.
1996-1997 онд багтаан төрийн өмчид байгаа услалтын систем, өрөмдмөл худгуудад үзлэг хийж, сонирхсон аж ахуйн нэгж, иргэдэд төсөл шалгаруун урт хугацааны зээл олгох замаар хувьчилна.
Услалтын системийн талбайг барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хамт иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
Аж үйлдвэр
Салбарын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, хүн амын хүнс, өргөн хэрэглээний барааны хангамжийг сайжруулах, экспортыг нэмэгдүүлж валютын шинэ эх үүсвэр бий болгох үйлдвэрлэл хөгжүүлэх нь аж үйлдвэрийн салбарын гол зорилт мөн.
Мал аж ахуйн түүхий эд, байгалийн ашигт малтмалд өндөр түвшингийн боловсруулалт хийж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн бодлого боловсруулан хэрэгжүүлнэ.
Мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эдийн ашиглалтыг дээшлүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, чанарыг сайжруулах чиглэлээр техник, технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлнэ. Үүний зэрэгцээ мод бэлтгэх, боловсруулах явцад гарч буй хаягдал, холтос, давирхай, шилмүүс зэргийг бүрэн ашиглахад илүү анхаарна.
Металл боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг эрчимжүүлж, засварын үйлдвэрүүдийн хүч чадлыг жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн машины сэлбэг, морин хадуур, тармуур зэрэг малчдын хэрэгцээний тоног, багаж хэрэгслийн үйлдвэрлэлд зориулахад илүү анхаарна.
Үйлдвэрлэл, удирдлагын чиглэлээр боловсон хүчин бэлтгэх сан байгуулж хөтөлбөр зохиож хэрэгжүүлнэ.
Үйлдвэрлэл дэмжих бодлого, үйл ажиллагааны хүрээнд дор дурдсан шинэ дэд хөтөлбөрүүдийг боловсруулж үе шаттай хэрэгжүүлнэ. Үүнд:
а)экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих;
б)жижиг, дунд үйлдвэрийг дэмжих;
в)био болон биотехнологийн үйлдвэрлэлийг дэмжих;
г)үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалтыг дэмжих .
Орон нутагт ажлын байр бий болгож ядуурлыг бууруулах, тухайн нутаг дэвсгэрийн хэрэгцээг хангахуйц, уян хатан технологитой жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх эрх зүй, санхүүгийн орчинг бүрдүүлэх хуулийн төслийг боловсруулан батлуулж, тэдгээрийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн жил бүрийн үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэх ажлыг 1997 оноос эхлэн зохион байгуулна.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд зах зээлийн зөөлөн дэд бүтцийг буй болгоход онцгой анхаарал тавьж, эрх зүйн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, санхүүгийн талаар дэмжих, сургалт зохион байгуулах, даатгах, баталгаа гаргах, зуучлах зэрэг үйлчилгээ үзүүлэх бүтцийг бий болгох арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Жижиг, дунд үйлдвэрүүд түүхий эдээ тээвэрлэх, хадгалах чиглэлээр хоршин, хамтарч ажиллахыг дэмжинэ.
Хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн гаралтай түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, боловсруулахад зуучлах хоршсон болон дагнасан аж ахуйн нэгж байгуулах, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Ашигт малтмалын тогтоц, тархацын зүй тогтол, эрдэс түүхий эдийн хэтийн төлөвийг тодорхойлох зорилгоор геологи, геофизик, гидрогеологи, геоэкологийн дунд болон том масштабын судалгааг үргэлжлүүлэн хийнэ.
1:200000-ын масштабын зураглалыг 98000 ам.км талбайд, ашигт малтмалын хүдэржилтийн зангилаа, хуримтлалын тодорхой бүс нутагт 1:50000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийг 70000 ам.км талбайд тус тус хийнэ.
Баруун монголын хотгоруудын геологийн гүний тогтоцыг судлах геологи, геофизикийн бүсчилсэн судалгааг үргэлжлүүлэн явуулна.
Усан хангамж муутай говь, тал хээрийн бүс, эдийн засгийн зарим бүсд гидрогеологи-геоэкологийн 1:200000-ны масштабын судалгаа хийхийн хамт Монголын гидрогеологийн 1:500000-ны масштабын зургийг зохиож дуусгана.
Төмөр замын дагуух бүс нутагт усны нөөц, найрлагын өөрчлөлтийн горимын судалгаа хийнэ.
Эрдэс баялгийн эрэл, хайгуулын ажлыг улс орны эдийн засгийн хөгжлийн бодлого, зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан улсын төсөв, хувийн болон гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр гүйцэтгэнэ.
Төрөл бүрийн ашигт малтмалын орд, илрэл, талбайн геологийн мэдээллийг өргөн сурталчилж, ерөнхий эрэл, хайгуулын ажлыг гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хөрөнгөөр гүйцэтгүүлэх чиглэл баримтална.
Алтны үндсэн ордын эрэл, хайгуулын ажлыг түлхүү хийснээр алтны нөөцийг 70 тонноор өсгөж, олборлолтод бэлтгэнэ.
Өнгөт, ховор металл, ураны орд илрүүлэх хэтийн төлөв бүхий талбайнуудад геологийн судалгааг эрчимжүүлж, нөөц өсгөх чиглэл баримтална.
Шил, шаазангийн болон барилгын материал, өнгөлгөөний чулуу, цемент, магнезит, тоосгоны шавар, бал чулуу, давсны эрэл, хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийнэ.
Говь, хээрийн бүсийн ЗО-аад сумын төвийн унд, ахуйн усан хангамжийн асуудлыг шийдвэрлэнэ.
Геологийн тандан судалгааны төвийг байгуулж, геологийн бүсчилсэн судалгааг гүйцэтгэх шинэлэг арга, аргачлалыг нэвтрүүлнэ.
Геологийн судалгааны техник, технологийн шинэчлэлт хийнэ. Орчин үеийн нарийн багаж, хэрэгслийг ашигласнаар эрдсийн түүхий эдийн лабораторийн болон туршилт шинжилгээний түвшинг олон улсын жишигт хүргэж, ашигт малтмал олборлоход төрөөс тавих хяналтыг хүчтэй болгоно.
Компьютерийн мэдээллийн төв байгуулж, геологийн судалгааны мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн геологи, геофизик, геохимийн бүх төрлийн мэдээллийг дотоодод боловсруулдаг болно.
Ашигт малтмалын ордыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хаягдал багатай, дэвшилтэт технологиор иж бүрэн ашиглах, одоо ажиллаж байгаа үйлдвэрүүдийн техник, технологийг шинэчлэх, элэгдэл, эвдрэлд орсон орчныг нөхөн сэргээх арга хэмжээ авна.
Алтны томоохон шороон болон үндсэн ордуудыг ашиглах орчин үеийн технологи бүхий үйлдвэрүүдийг шинээр байгуулж, алт олборлолтыг 2000 онд 10 тоннд хүргэн, алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулна.
Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн дэргэд бага агуулгатай хүдрээс жилд 3000 хүртэл тонн катодын зэс үйлдвэрлэх хүч чадал бүхий үйлдвэрийг гадаадын хөрөнгө оролцуулан байгуулна.
Үйлдвэрийн шинэчлэлд шаардагдах хөрөнгийг гадаадын зээл, хувь хөрөнгийг оруулах болон үнэт цаас гаргах замаар санхүүжүүлнэ.
Жоншны үйлдвэрүүдийн техник, технологийг боловсронгуй болгох, түүхий эд боловсруулах түвшинг дээшлүүлэх замаар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
Дорнод бүсийн Төмөртэйн овооны цайрын орд, Улааны холимог металлын ордод гадаадын байгууллагатай хамтран бага, дунд чадлын уулын баяжуулах, боловсруулах үйлдвэр байгуулах оновчтой хэлбэр, нөхцөлийг судалж, тэдгээрийг ашиглах асуудлыг зах зээл, үр ашгийн байдалтай уялдуулан шийдвэрлэнэ.
Цагаан суваргын зэс, молибдены ордыг ашиглах туршилт, судалгаа хийж, ашигтай болох нь тогтоогдсон нөхцөлд катодын зэсийн үйлдвэрлэлийг эхлүүлнэ.
Асгатын мөнгөний хүдрийн технологийн туршилт, техник-эдийн засгийн судалгааг үргэлжлүүлэн хийж нааштай үр дүн гарсан нөхцөлд уул уурхайн үйлдвэр байгуулах ажлыг эхлэнэ.
Хараатын ураны ордын хайгуулыг дуусгаж, нөөцийг нь тогтоон үр ашигтай нь нотлогдсон тохиолдолд боловсруулах үйлдвэрийг 1998 онд барьж ашиглалтад оруулна.
Мардайн ураны ордыг гадаадын хөрөнгө оруулалттайгаар ашиглан баяжмал гаргаж экспортлоно.
Газрын тосны ирээдүй бүхий баруун бүсийн сав газруудад геологи-геохими, геофизикийн бүсчилсэн судалгаа хийнэ. Газрын тосны чиглэлээр дотоодын хөрөнгө оруулагчид болон газрын тосны хайгуул, олборлолтод бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмаар гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжинэ.
Шахмал түлшний жижиг, дунд үйлдвэр байгуулж малчид, хот суурин газрын түлшний хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх, ой мод, говийн бутлаг ургамал, загийг түлшинд хэрэглэхийг хязгаарлахад гадаад, дотоодын санхүүгийн боломж, хамтын ажиллагааг чиглүүлнэ.
Байгаль орчин
Байгалийн нөөц баялгийг өнөө ба ирээдүйн эрх ашигт нийцүүлэн зохистой ашиглах эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын үндсийг бэхжүүлэх үндсэн дээр нийгэм нь байгаль орчиндоо зохицон хөгжих угтвар нөхцөлийг бүрдүүлэх нь байгаль орчны салбарт дэвшүүлэх гол зорилт мөн.
ХХ1 зууны байгаль орчны тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж эхлэнэ.
Монгол орны экологийн тэнцвэрийг хангахад онцгой нөлөө бүхий зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах замаар тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг нийт нутгийн 15 хувьд хүргэнэ. Экологийн онцгой ач холбогдолтой, тусгай хамгаалалттай зарим газар нутгийг Дэлхийн шим мандлын нөөц газар, Байгаль, соёлын өвийн сүлжээнд хамруулах арга хэмжээ авна.
Устах аюулд орсон ургамал, амьтныг данслан бүртгэж, Монгол Улсын "Улаан ном"-ыг шинэчлэн хэвлүүлнэ.
Монголын нэн ховор зарим амьтан, ургамлыг хамгаалах үндсийг боловсруулж, тэдгээрийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авч өсгөн үржүүлэхэд иргэд, мэргэжлийн байгууллагын оролцоог өргөжүүлнэ.
Байгаль хамгаалах эрх зүйн үндсийг нийгмийн хөгжлийн шаардлагын дагуу боловсронгуй болгох, байгаль орчны хуулиудын хэрэгжилтийг хангах арга хэмжээ авна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ. Газар, ашигт малтмал ашигласны төлбөрийг тогтоох, ус, цаг уурын мэдээллээр хангах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийх, байгалийн гамшгаас сэргийлэх эрх зүйн үндсийг бий болгож, хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
Байгаль орчны доройтлыг хязгаарлах, байгалийн гамшгаас сэргийлэхтэй холбогдсон хүлцэх хэм хэмжээ, стандартыг боловсруулж мөрдүүлнэ.
Байгалийн нөөцийг тогтоож, эдийн засгийн үнэлгээ хийсний үндсэн дээр тэдгээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээх механизмыг бүрдүүлнэ.
Доройтсон орчныг сайжруулах, бохирдлыг багасгах, арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгж, иргэнийг дэмжих санхүү, эдийн засгийн хөшүүргийг бий болгож хэрэглэнэ.
Хог, хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулан нийслэлийн хог, хаягдлын асуудлыг цогцолбороор шийдвэрлэнэ. Хог, хаягдлыг ялгах, тээвэрлэх, боловсруулж ашиглах шинэ технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжинэ.
Ой хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үндэсний хөтөлбөр боловсруулна.
Ойн экологийн тогтолцоог хамгаалж, ойг нөхөн сэргээх, цөлжилт, хээршилт явагдаж байгаа нутагт мод, ургамал тарих ажлыг эрчимжүүлнэ. Ой хамгаалах, нөхөн сэргээх, ашиглах технологи, зохион байгуулалтыг боловсронгуй болгоно. Мод бэлтгэх үйлдвэрүүдийн байршил, хүч чадлыг ойн нөөцийн тархац, даацад зохицуулан тогтооно.
Ой, хээрийг түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тавьж буй хяналтыг хүчтэй болгох, түймрээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг өргөнөөр татан оролцуулах, ухуулга, сурталчилгааг өргөжүүлж, түймэр унтраах техникийн баазыг бэхжүүлнэ.
Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймгийн Хөх морьт, Дорноговь аймгийн Замын-Үүдэд цөлжилттэй тэмцэх тодорхой арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Усыг эргүүлэн ашиглаж хэмнэлттэй зарцуулах арга хэмжээг туршин нэвтрүүлж, ус хэрэглээний оновчтой норм тогтоох, хэмжүүржүүлэх замаар үйлдвэрлэлийн усны хэрэглээг багасгана.
Төв, суурины бохир ус цэвэрлэх байгууламжуудын ашиглалтыг сайжруулж, цэвэрлэгээний түвшинг дээшлүүлнэ.
Химийн хорт бодисын хэрэглээг багасгах буюу заримыг нь хориглох, химийн хорт бодисын ангиллыг шинэчилж, түүний хадгалалт, хамгаалалтыг сайжруулах арга хэмжээ авна. Химийн хорт бодисын хор уршгаас сэргийлэх хяналт, шинжилгээний тогтолцоог боловсронгуй болгоно.
Үйлдвэрээс бохирдуулах бодис байгаль орчинд гаргах зөвшөөрөл олгох замаар хотын орчны бохирдлыг багасгах арга хэмжээ авна.
Бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, чиглэлтэй уялдуулан байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны хяналт, зохион байгуулалтыг боловсронгуй болгоно.
Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, байгаль орчинд хортой нөлөө үзүүлж болзошгүй үйлдвэр, уурхай байгуулах, агаар, ус, хөрсийг аливаа бохирдлоос хамгаалах асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан шийдвэрлэх механизмыг боловсронгуй болгоно.
Байгалийн баялаг ашиглах зөвшөөрөл олгох журмыг боловсронгуй болгоно.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль батлуулж мөрдүүлнэ.
Байгаль хамгаалагчдыг мэргэшүүлж, давтан сургана. Улсын байцаагч, байгаль хамгаалагчийг хяналт, шалгалт хийх болон бие хамгаалах хэрэгсэл, уналгаар хангах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлнэ.
Байгаль орчныг хамгаалах иргэдийн санаачилга, үйл ажиллагааг зохицуулах олон нийтийн зөвлөлийг Байгаль орчны сайдын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулна.
Байгаль орчин, байгалийн нөөцөд хохирол учруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэх хариуцлагыг чангатгана.
Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг, агаар, ус, хөрсний бохирдол, цацраг идэвхжил, бохирдолтын түвшин, бохирдуулах эх үүсвэрт байнгын ажиглалт, хэмжилт хийж, байгаль орчны хяналт, шинжилгээ, мэдээллийн сүлжээг өргөжүүлнэ.
Албан ба албан бус боловсролын тогтолцооны хүрээнд экологийн боловсрол, хүмүүжил олгох арга хэмжээг хэрэгжүүлнэ.
3.НИЙГМИЙН ХҮРЭЭНД ХИЙХ ӨӨРЧЛӨЛТ
Хүн ам, нийгмийн хамгаалал
Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгон нийгмийн бүх төрлийн даатгалд хамрагдах хүрээг өргөтгөж, нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг хугацаанд нь төлөөгүй эсхүл тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоогүй нөхцөлд буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, хэрэгжүүлнэ.
Нийгмийн даатгалын байгууллагын чадавхийг дээшлүүлж, даатгалын сангууд өөрийгөө санхүүжүүлэх зарчмыг хэрэгжүүлэх зорилт тавина.
Амьжиргааны баталгаажих доод түвшинг алслагдсан аймаг, орон нутаг, бүс нутгаар ялгавартай тогтооно. Амьжиргааны түвшний өөрчлөлттэй уялдуулан өндөр настан, тахир дутуу иргэн, тэжээгчээ алдагчийн тэтгэврийг тэргүүн ээлжинд нэмэгдүүлэх, насны тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээ авна.
Тэтгэврийн насанд хүрээгүй, тэтгэвэр авагч иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, амьдралын баталгааг нь хангах арга хэмжээ авна.
Ажиллаж байгаа салбараас нь үл хамааран иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээ нь амьжиргааны баталгаажих доод түвшинг хангаж байх бодлогыг хэрэгжүүлнэ.
Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэдийг оновчтой тодорхойлон, бие дааж амьдрах чадваргүй, нэн эмзэг хэсгийн амьдралын үндсэн хэрэгцээг хангахад төрөөс дэмжлэг, асрамж, үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ авна.
Эмэгтэйчүүдийн нийгмийн байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг цаг үеийн шаардлагатай уялдуулан баяжуулж түүнийг хэрэгжүүлэхдээ эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудыг өргөнөөр оролцуулна.
Ажил эрхэлж буй эхчүүдийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг үндсэн цалингийн нь хэмжээгээр, нярай хүүхдээ асарсны тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод түвшнээс үл хамааран олгох арга хэмжээг дэс дараатай авна.
Эмчилгээний зардлын төлбөрийг тооцох механизмыг боловсронгуй болгож, эдийн засгийн үр дүн, эмчилгээний чанарыг сайжруулна.
Эрүүл мэндийн даатгалд хамрагдах эмнэлгийн тусламжийн хүрээг өргөтгөж, даатгалын хураамжийн төр хариуцах хэсгийг багасгана.
Эрүүл мэндийн даатгалын хураамж төлөх боломжгүй, ажилгүй, орон гэргүй хүмүүст зориулсан тусгай эмнэлгийг Улаанбаатар болон томоохон хотуудад байгуулах буюу тэдэнд зориулсан эмнэлгийн үндсэн мэргэжлийн үйлчилгээг бий болгоно.
Буяны санд хандивласан мөнгөн хөрөнгийг орлогын татвараас чөлөөлж байхаар зохих хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулна.
Төрийн болон төсвийн байгууллагын ажиллагчдын цалинг тэдний амьжиргааны түвшинг хангахуйц хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлнэ.
Ядуурал
Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж, ядуурлыг өнөөгийн түвшингээс 2 дахин бууруулна.
Улсын хэмжээнд ядуучуудын шинэчилсэн судалгаа явуулж, ядуурлын түвшинг бодитой тодорхойлно.
Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг цаг үеийн шаардлагатай уялдуулан баяжуулж хэрэгжилтийг нь эрчимжүүлнэ.
Халамжийн төвүүдийг түшиглүүлэн орон гэргүй, нэн ядуу хүмүүсийг хоноглуулах, хооллох байр бий болгож, нийгмийн халамжийн сан болон буяны байгууллагын хандивын оролцоотойгоор санхүүжүүлнэ.
Бүтэн өнчин болон тэнэмэл хүүхдийг халамжлах, тэдэнд боловсрол, хүмүүжил, хөдөлмөрийн дадлага олгох нөхцөлийг бүрдүүлнэ.
Ажилгүйдэл
Хүн хүчний нөөцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй бодлогыг хэрэгжүүлж, ажилгүйдлийн түвшинг эдийн засгийн идэвхтэй хүн амын 5 хувиас хэтрүүлэхгүй байх зорилт тавина.
Тахир дутуу хүнд зориулсан ажлын байр бий болгохыг дэмжиж, тэдний хөдөлмөр эрхлэх боломжийг эрх зүйн баталгаатай болгоно.
Шинээр ажлын байр бий болгохдоо хоршооны зохион байгуулалтын бүтцийг өргөнөөр ашиглах чиглэл баримтална. Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
Төв, орон нутгийн хөдөлмөр зохицуулалтын албадын удирдлагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, хүн хүч, материаллаг баазын хувьд бэхжүүлэн, хөдөлмөрийн зах зээлийн удирдах боловсон хүчин бэлтгэх, давтан сургах арга хэмжээ авна.
Ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлтийн талаархи мэдээ, мэдээлэл боловсруулалтын аргачлалыг боловсронгуй болгож хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сүлжээ байгуулна.
Ерөнхий боловсролын сургуулийн 8, 10 дугаар анги төгсөгчдийн 10-аас доошгүй хувийг мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд сургаж, ажил эрхлэлтийг дэмжих сан болон бусад сангаас санхүүжүүлэх арга хэмжээ авна.
Ажиллах хүчний байршил, ажилгүйдлийн түвшинтэй уялдуулан ажилгүй хүмүүст мэргэжил эзэмшүүлэх, давтан сургах сургалтын төвүүдийг зохион байгуулж, сургалтын тоног төхөөрөмж, багшлах боловсон хүчнээр хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.
Эрүүл мэнд
Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг давуутай хөгжүүлэх бодлого баримтлахын хамт эрүүл мэндийг хамгаалахад төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог өргөтгөн, хүлээх хариуцлагыг өндөржүүлнэ.
Хүн амыг өвчин, эмгэгээс сэргийлэх арга хэмжээг өргөтгөнө. Эмчилгээний зардлын зарим хэсгийг өвчтөн өөрөө хариуцах зарчимд шилжинэ.
Эрүүл мэндийн даатгалын сан болон бусад арга хэмжээнд төр, байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, иргэнээс оруулах хураамж, хандивын хэмжээг нэмэгдүүлнэ.
Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг сайжруулан, даатгалтай иргэнд эмнэлгийн шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг бүрэн хэмжээгээр үзүүлэх, эмчилгээ, үйлчилгээний чанар, түүнд тавих хяналтыг сайжруулахад чиглэгдсэн эдийн засгийн хөшүүргүүдийг боловсруулж хэрэгжүүлнэ.
Эх, хүүхдийн өвчлөлийг тууштай бууруулах үндсэн дээр эх, нялхсын эндэгдлийг 1995 оны түвшингээс бууруулна.
Эхчүүдийн төрөхийн өмнөх байрыг сумдад сэргээн ажиллуулж, төсвөөс санхүүжүүлнэ. Эхчүүдийн гэрийн төрөлтийг 1995 оны түвшингээс 50 хүртэл хувиар бууруулна.
Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлаар НҮБ-ын төрөлжсөн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх төслийн цар хүрээг нэмэгдүүлж, холбогдох хөрөнгийн зарцуулалтыг сайжруулна.
Монголын уламжлалт анагаах ухааны аргыг судалж, эмнэлэг, үйлчилгээнд нэвтрүүлэх санаачилгыг урамшуулан дэмжинэ.
Монголын уламжлалт анагаах ухаан, рашаан судлалын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг нэмэгдүүлж үр дүнг эмнэлэг, үйлчилгээнд нэвтрүүлэн, гадаад орон, олон улсын байгууллагатай хамтарсан хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлнэ.
Өрхийн эмчийн тогтолцоог бэхжүүлэн өргөжүүлж, хүн амд тусламж үзүүлэх лавлагаа-тусламжийн шатлал, зохион байгуулалтыг тогтоож үйлчилгээний үр дүнг нэмэгдүүлнэ.
Улсын хэмжээнд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх чиглэлээр ажиллаж байгаа эмнэлэг, төвүүдийг бэхжүүлж, өвчтөнийг тээвэрлэх унаа, мэдээлэл солилцооны асуудлыг шийдвэрлэнэ.
Нийгмийн эмзэг хэсгийн эрүүл мэндийг хамгаалах, эмчлэх арга хэмжээг өргөжүүлж, нийт хүн амд үзүүлэх нийгмийн эрүүл мэнд, эмнэл зүйн зайлшгүй шаардлагатай багц үйлчилгээг тодорхойлж хэрэгжүүлнэ.
Эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт боловсруулж, эмнэлгүүдийг оношлогоо, эмчилгээний техник, хэрэгслээр хангах Засгийн газрын тусгай сан байгуулна. Бүс нутгийн эмнэлгийн байгууллагыг бэхжүүлж, Ховд, Өвөрхангай аймагт оношлогоо, эмчилгээний бүсийн төв байгуулж ажиллуулна.
Эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлнэ.
Эм, биобэлдмэлд тавих улсын хяналтыг сайжруулахын хамт эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийг импортлох таатай нөхцөл бүрдүүлнэ.
Эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийн оролцоо, үүргийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн байгууллагын хувьчлалыг 1997 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Анагаах ухаан чөлөөтэй хөгжих нөхцөлийг дэлхийн анагаах ухааны хөгжлийн хандлага, өөрийн орны бодит хэрэгцээ, шаардлагатай уялдуулан хангах суурь судалгааг өргөжүүлэх замаар биотехнологи, удамшил зүй, дархлал судлал, монгол хүний эмнэлэг-биологийн судалгаа, нийгмийн эрүүл мэндийн судалгааг тэргүүлэх чиглэлээр хөгжүүлж, анагаах ухаан, эрдэм шинжилгээний ажлын удирдлагыг боловсронгуй болгоно.
Эмнэлгийн нийт орны тоог цөөрүүлэх, эмчилгээний зардлын хэмжээг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын хэмжээнд эмнэлгийн үйлчилгээний бус зардлыг багасгах замаар эмнэлгийн санхүүжилтийн механизмыг зах зээлийн эдийн засгийн нөхцөлтэй уялдуулан боловсронгуй болгох арга хэмжээ авна.
Төрийн өмчийн эмнэлгийн барилга, талбайн ашиглалтын байдалд шалгалт хийж, тооллого явуулах ба ашиглалт багатай байгаа талбайг хувийн эмнэлэгт түрээслүүлэх ажлыг зохион байгуулна.
Эрүүл ахуй, халдвар судлал болон эмчилгээний чанарын хяналтын албадын тогтолцоог боловсронгуй болгож, улсын хэмжээнд нэгдсэн хяналт тавих боломжийг бүрдүүлнэ.
Эмчилгээ, оношлогооны стандартыг шинэчлэн боловсруулна. Мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлж, эрүүл мэндийн байгууллагад итгэмжлэл, хүний эмчид эмчлэх эрхийн лиценз олгох замаар эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулах асуудлыг баталгаажуулна.
Хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн ерөнхий болон нарийн мэргэжлийн тусламжийг улам ойртуулах ажлыг тусгай хөтөлбөр, төслийн дагуу хэрэгжүүлж, сумдын эмнэлгийг түргэн тусламжийн машинаар хангах арга хэмжээ авна. Малчдын бага насны хүүхдийг урьдчилан сэргийлэх тарилгад тогтмол хамруулах тогтолцоог бүрдүүлнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэвшүүлсэн "2000 оныг бүх нийтээр эрүүл угтах" зорилтыг хэрэгжүүлэх үүднээс "Хүн амын эрүүл мэндийн боловсрол", "Өсвөр үеийн эрүүл мэнд", "Өндөр настны эрүүл мэнд" болон хавдартай тэмцэх хөтөлбөрийг шинээр боловсруулахын хамт дархлалын үндэсний хөтөлбөр, "Сүрьеэ", "Бруцеллёз", "ДОХ", "Иодын дутагдлын эмгэг", "Рашаан сувилал", "Нөхөн үржихүйн эрүүл мэнд" зэрэг Засгийн газрын хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж үр дүнг тооцно.
Эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт, хандивыг татвараас чөлөөлөх асуудал боловсруулж шийдвэрлүүлнэ.
Биеийн тамир, спорт
Биеийн тамир, спортын байгууллагуудыг дэмжихэд зориулсан хөрөнгөд татварын хөнгөлөлт үзүүлэх асуудал боловсруулж, ивээн тэтгэгч байгууллагын эгнээг өргөжүүлэх арга хэмжээ авна.
Хүн амын бие бялдар чийрэгжүүлэлтийн түвшний үнэлгээ тогтоож, түүнийг ахиулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх арга хэмжээ авна.
Онцгой амжилт гаргасан тамирчдад төрөөс материалын болон сэтгэл санааны урамшуулал үзүүлэх ажлыг өргөжүүлэн, биеийн тамираар хичээллэж эрүүл мэндээ хамгаалсан хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагыг хөхүүлэн дэмжих ажлын эхлэлийг тавьж хэрэгжүүлнэ.
Биеийн тамир, спортын зориулалттай бичил цогцолборуудыг байгуулах ажлыг дэмжинэ.
Спортын мэдээллийг өргөжүүлж, мэргэжлийн спортын түвшинг дээшлүүлнэ.
Олимпод оролцох эрхээ авсан баг, тамирчдын бэлтгэл, сургуулилалт хийх нөхцөлийг хангаж , олимпод оролцох зардлыг төрөөс бүрэн хариуцна.
Боловсрол
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого нь боловсролын салбарын хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн, хүн бүрт өөрсдийн авъяас, сонирхол, чадварын хэрээр боловсрол эзэмших боломжийг хангасан тогтолцоог төлөвшүүлэхэд оршино.
Боловсролын удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог төгөлдөржүүлж, боловсролын байгууллагуудын удирдах ажилтны мэдлэг, чадвар, арга барилыг боловсронгуй болгож, удирдлагын бие даасан байдлыг хангана. Боловсролын удирдлагад сонирхлын бүлгүүдийн оролцоог бодитой болгоно. Боловсролын удирдлагын мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгоно.
Бүх шатны сургуулийн бүтэц, хэв шинж, байршлыг оновчтой болгоно. Бүс нутгийн хүрээнд суурь боловсрол олгох, төрөлжсөн сургалт явуулах сургуулийн тогтолцооны шинэ хэв шинжийг бүрдүүлнэ.
Суурь боловсрол олгох тогтолцооны хүрээнд зохицуулан УБИС-ийн
мэргэжилтэн бэлтгэх бодлогод хийж буй өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ
Бүх түвшний боловсролын стандартыг боловсруулж мөрдүүлнэ.
Боловсролын стандартад тохирсон олон хувилбартай сурах бичгээр хангах оновчтой тогтолцоог бий болгоно. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг шинэчилнэ.
Нийгмийн ухааны сургалтын агуулгыг хүмүүнлэг, ардчилсан нийгмийн иргэн төлөвшүүлэх хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн үзэл суртлын аливаа нөлөөллөөс ангижруулан шинэчилж, суралцагчид чөлөөтэй сонголт хийх боломжийг хангана. 1998 он гэхэд ерөнхий боловсролын сургуульд хэрэглэж байгаа нийгмийн ухааны хичээлийн 8 төрлийн сурах бичгийг 2-3 хувилбартайгаар шинэчлэн зохиож хэвлүүлнэ.
Боловсролын чанар, стандартын хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих мэргэжлийн олон нийтийн төлөөлөл бүхий магадлан итгэмжлэл (аккредитац)-ийн тогтолцоог бий болгоно.
Сургуулиудын номын сангийн хөмрөгийг чанаржуулж, үйлчилгээг нь сайжруулна.
Бүх шатны сургуулийн багш нарыг сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, давтан бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгож, тэдгээрийг 5 жил тутам мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байх, ур чадварыг нь дээшлүүлэх, мэргэжлийн болон ёс зүйн шаардлага, хариуцлагыг өндөржүүлж, багшлах эрх олгох, цуцлах журмыг хэрэгжүүлнэ.
Аймаг, нийслэлийн боловсролын төвүүдийг бэхжүүлж, мэдээллээр хангах нэгдсэн сүлжээ бий болгох, зайны сургалтыг нэвтрүүлэх арга хэмжээ авна.
Их, дээд сургууль, коллежийн багш нарын мэдлэг, чадварыг олон улсын жишигт хүргэх бодлогыг хэрэгжүүлнэ.
Боловсролын эдийн засаг, санхүүжилтийн өнөөгийн механизмыг өөрчилж, боловсронгуй болгоно. Боловсролын санхүүжилтэд улсын төсвийн орлогын 2О-иос доошгүй хувийг зориулна.
Төсвөөс хуваарилах хөрөнгийн хэмжээг тогтооход нэг багшид ногдох сурагчдын тоо, сургуулийн байршил, хэв шинжийг харгалзана.
Боловсролд хандивласан аливаа хөрөнгийг татвараас чөлөөлнө.
Боловсролын бүх шатанд байгууллага, иргэд, хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлж, дэмжинэ.
Боловсролын салбарт техник, технологийн шинэчлэлт хийх, бүх шатны сургууль, цэцэрлэгийн хичээлийн болон дотуур байрыг засварлахад зориулсан хөрөнгийг нэмэгдүүлнэ.
Боловсролын салбарт хувьчлал явуулах, боловсролын зарим байгууллагыг аж ахуйн нэгж, байгууллагатай хоршиж ажиллуулах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж хэрэгжүүлэхийн зэрэгцээ хувийн өмчийн сургуулиудад дэмжлэг үзүүлнэ.
Гадаад орон болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааны болон оюутан, аспирант сургах, мэргэжилтний мэргэшлийг дээшлүүлэх тэргүүлэх чиглэлийг тогтоож хэрэгжүүлнэ. Өндөр хөгжилтэй орнуудад залуусыг өргөн сургах талаар тусгайлсан арга хэмжээ авна.
Гадаад орнуудын боловсролын байгууллага, сургуулиудтай боловсролын баримт бичиг харилцан зөвшөөрөлцөх асуудлыг шийдвэрлэнэ.
Боловсролын салбарт гадаад орон, олон улсын байгууллагын шугамаар хэрэгжүүлж байгаа төслийг өргөжүүлж, давхардлыг арилгах, өөр хооронд нь уялдуулан зохицуулах, үр дүнг тооцох тогтолцоог бий болгоно.
Техникийн болон мэргэжлийн сургуулийн мэргэжлийн чигийг нийгмийн хэрэгцээтэй уялдуулан өөрчилж, суралцагчдын тоог нэмэгдүүлэн сургалтын чанарыг дээшлүүлнэ. Мэргэжлийн анхан ба дунд шатны сургуульд суралцагчдыг сургалтын төлбөрөөс чөлөөлнө.
Сургалтын агуулга, арга зүйг академик шинжээс онол, практик хосолсон сургалтын шинэ шинж, төлөвт шилжүүлж, шавь төвтэй сургалтыг дэмжинэ.
Албан бус боловсролыг радио, телевизийн тусгай суваг нээн ажиллуулах зэрэг алсын зайн сургалтыг бий болгох замаар хэрэгжүүлнэ.
Авъяаслаг, оюуны онцгой чадамж бүхий хүүхэд залуусыг сургахдаа ар гэрийн төлбөрийн чадварыг харгалзахгүйгээр дэмжинэ.
Хүүхэд залуусын онцгой авъяас, чадварыг багаас нь илрүүлж хөхүүлэн дэмжихийн тулд тэдгээрийг тусгай хөтөлбөрөөр хичээллүүлэх, туршлагатай багш нарыг дагалдан суралцуулах бололцоогоор хангахад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Багш нарын хөдөлмөрийн болон нийгмийн үнэлгээг шат дараатай нэмэгдүүлнэ. Багш нарын хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн онцлогт тохируулан олгох цалин, нэмэгдэл хөлсийг нэмэгдүүлж, орон сууц барих, худалдан авахад нь зээл, тусламж олгоно.
Боловсролд зориулсан зээлийн сан бий болгоно.
Шинжлэх ухаан, технологи
Шинжлэх ухаан, технологийг эрчимтэй хөгжүүлэх бодлогын хүрээнд хүний хүчин зүйл, оюуны бүтээгдэхүүний үнэ цэнийг бодитойгоор үнэлэх, өөрийн орны байгалийн баялаг, үндсэн түүхий эдийг гүнзгийрүүлэн судалж, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний шинэ технологи болон гадаадын тэргүүний технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ.
Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг баталгаажуулж, түүний хэрэгжилтийг улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн тодорхой шатны онцлогт нийцүүлэн зохион байгуулна.
Шинжлэх ухааны тухай, Технологи дамжуулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, батлуулна.
Өмчийн хэлбэрийг нь харгалзахгүйгээр эрдэм шинжилгээний байгууллагуудад зэрэглэл тогтоож, тэдгээрийн бие даасан ажиллагааг дэмжинэ.
Үндэсний уламжлалт технологийг орчин үеийн шинжлэх ухааны ололтоор баяжуулан хөгжүүлж, гадаадын тэргүүний технологийг нэвтрүүлэх эдийн засаг, эрх зүйн таатай нөхцөлийг бий болгоно.
Уламжлалт аж ахуй эрхлэх арга, технологийн шинжлэх ухааны үндэслэлийг тогтоож сэргээн хөгжүүлнэ.
Амьтан, ургамал, эрдсийн гаралтай түүхий эдийн бүтэц, найрлага, технологийн шинж чанарыг байгаль, орчныг хамгаалах шаардлагатай холбон гүнзгийрүүлэн судалж, зах зээлд өрсөлдөх чадвартай, экологийн хувьд цэвэр материал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлнэ.
Салбарын зарим эрдэм шинжилгээний байгууллагыг "судалгаа-туршилт-үйлдвэрлэл-бизнес" эрхэлсэн, төрийн өмчид тулгуурласан корпораци хэлбэрээр ажиллуулах арга хэмжээг туршилтын журмаар хэрэгжүүлж эхлэнэ.
Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр төсөл шалгаруулан санхүүжүүлэх арга, хэлбэрийг боловсронгуй болгож, тэргүүлэх чиглэлд хамаарагдах улсын захиалгат судалгааны хөтөлбөр, төслийг Засгийн газраас санхүүжүүлнэ.
Шинжлэх ухаан, технологийн төсөлт ажлыг сонгон шалгаруулж хэрэгжүүлэхдээ эцсийн бодит үр дүн, шинжлэх ухааны ач холбогдлыг харгалзан үнэлж тэргүүн ээлжинд санхүүжүүлэх зарчим баримтална.
Хөдөө аж ахуй, анагаах ухаан, техник, биотехнологи, химийн чиглэлийн хавсарга судалгаа, шинжилгээний ажилд түлхүү анхаарна.
Эх орны түүхий эдээс шинэ материал гарган авах, эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэрийг ашиглах, цөмийн эрчим хүчний технологийг эзэмших чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ.
НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудтай шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Эрдэм шинжилгээний боловсон хүчин бэлтгэх, мэргэжил дээшлүүлэхэд олон улсын хамтын ажиллагааны бүхий л хэлбэрийг ашиглана.
Төслийн хүрээнд судалгаа, шинжилгээ, хагас үйлдвэрлэлийн туршилт явуулах лабораторийн баазыг бэхжүүлнэ.
Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, Үндэсний номын сан, аймаг, хотуудын номын сангууд зэрэг нийт 240 орчим байгууллагыг хамарсан шинжлэх ухаан, технологийн мэдээллийн нэгдсэн сүлжээг байгуулж, олон улсын мэдээллийн сүлжээнд холбоно.
Дэлхийн болон үндэсний мэдээллийн технологийг үйлдвэрлэл, үйлчилгээ, ахуйд өргөн нэвтрүүлж, мэдээллийн шинэ техникийн үйлдвэрлэлийг гадаад орны хангамж, туслалцаатайгаар зохион байгуулна.
Эрдэм шинжилгээний байгууллагуудын туршилтын талбайг газрын төлбөрөөс, малыг татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлнэ.
Дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5-аас доошгүй хувийг төрөөс санхүүжүүлэх шинжлэх ухаан, технологийн арга хэмжээнд зориулна.
Технологи, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зардлыг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлнэ.
Шинжлэх ухаан, технологийн хөрөнгө оруулалтын бодлогыг технологийн хөгжлийн амьдралын мөчлөгийн эхний үе шатанд хэрэгжүүлж жижиг, дунд үйлдвэр бий болгоно.
Соёл, урлаг
Үндэсний соёл, зан заншлыг хамгаалах, өвлүүлэх асуудлыг бүх шатны сургалтын агуулгад тусган, иргэд, залуу үеийнхэнд соёлын мэдрэмж, таашаал төлөвшүүлэх арга хэмжээ авна.
Сонгодог, язгуур, болон хүүхдэд зориулсан урлагийн аливаа төрлийг хөгжүүлэхийг хөхүүлэн дэмжинэ.
Ардын болон үндэсний урлагийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Гоц авьяастнуудыг онцгойлон дэмжиж, урлагийн өндөр ур чадвар, мэргэжил, боловсролтой боловсон хүчин бэлтгэхэд түлхүү анхаарна.
Онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд төрөөс материалын болон сэтгэл санааны урамшуулал үзүүлэх арга хэмжээг өргөжүүлнэ.
Хот байгуулалт, амьдрах орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалтад дизайны урлагийг нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
Соёлын хүрээнд эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлнэ. Соёлын бодит бус өвийг хамгаалах болон хэвлэлийн үйл ажиллагаа, киноны тухай хуулийн төслүүдийг боловсруулж,батлуулна.
Соёлын үйл ажиллагааг дэмжих хөрөнгө оруулалт, санхүү, эрх зүйн тааламжтай орчин бий болгоно.
Соёлын салбарын удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг зах зээлийн зарчим, бүсчилсэн хөгжлийн чиглэлд нийцүүлэн боловсронгуй болгоно. Төрийн, хувийн болон холимог өмч бүхий соёлын байгууллагууд харилцан тэгш хөгжих, шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлнэ.
Хөдөөг цахилгаанжуулах, холбоожуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангах тогтолцоог өргөтгөж, нийт хүн амд үзүүлэх соёлын үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргана.
Кино, ном, сурах бичгийн үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэх арга хэмжээ авна.
Оюуны өвийн төрөлжсөн бүртгэл-мэдээллийн сан (ардын болон сонгодог, хүүхдэд зориулсан, урлагийн, түүх, соёлын дурсгалт зүйлийн гэх мэт) байгуулна.
Гадаад орнууд дахь Монголын соёл судлал, олон улсын монголч эрдэмтдийн үйл ажиллагааг дэмжиж, Монголын соёлын төвүүдийг гадаад оронд байгуулах, монголын соёл урлагийг гадаад оронд танин мэдүүлэх замаар улс эх орноо дэлхий дахинд сурталчлахад анхаарна.
Түүх, соёлын дурсгалт газруудыг хамгаалалтад авч, нийтийн хүртээл болгоно.
Музей, түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж, хамгаалах эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, музейнүүдийг судалгаа, сургалтын төв болгох арга хэмжээ авна.
Түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж буй улсын чанартай байгууллагуудыг хамгаалалтын болон дохиоллын хэрэгслээр хангах зорилгоор "Музейн дохиолол" төсөл хэрэгжүүлнэ.
Монголын түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Түүх, соёлын дурсгалыг хамгаалах " Монголын байгаль, соёлын өвийг дэлхийн өвийн бүртгэлд оруулах нь", "Эрдэнэ зуу", "Үндэсний галерей", "Чойжин ламын музей", "Богд хааны ордон музей", "Монгол улсын нутаг дахь түүх, соёлын дурсгал-толь бичиг", "Дэлхийн өв", "Монголын эртний нийслэл Хар хорум хотын дурсгалыг хамгаалах нь " зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ.
Хилийн чанадад гарсан монголын түүх, соёлын дурсгалыг эх орондоо эргүүлэн залах, судалж сурталчлах, нийтийн хүртээл болгох ажлыг зохион байгуулна.
Соёлын үнэт зүйлийг хамтран бүтээх, соёлын өв, оюуны ололтыг харилцан дэлгэрүүлэх чиглэлээр гадаад улс, олон улсын байгууллагуудтай үр бүтээлтэй хамтран ажиллаж, дэлхийн соёлын үнэт зүйлс, дэвшилтэт ололтыг ард түмнийхээ хүртээл болгох арга хэмжээ авна.
4.ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА ГАДААД БОДЛОГО
Батлан хамгаалах
Улс орныг батлан хамгаалах улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, зэвсэгт хүчнийг мэргэжлийн цэргийн чиг хандлагатай, цомхон чадварлаг болгон шинэчилж, хилийн цэргийг бэхжүүлнэ.
Зэвсэгт хүчний ерөнхий болон цэргийн мэргэжлийн удирдлагын хамрах хүрээ, зааг ялгааг тодотгон холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудад тавих иргэний хяналт, захиргааны удирдлагыг төлөвшүүлнэ.
Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг Зэвсэгт хүчний ерөнхий штабаас тусгаарлан цагдаагийн байгууллагыг нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулж, Засаг даргад харьяалуулан ажиллуулах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
Батлан хамгаалахын сайд цэргийн бус энгийн хүн байх эрх зүйн үндсийг боловсруулж шийдвэрлүүлнэ.
Улс орны аюулгүй байдлыг хангах орчин үеийн шаардлагад нийцсэн батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлнэ.
Улсыг батлан хамгаалах бодлогод улс төр-дипломатын аргыг эн тэргүүнд тавих, сургалт, дадлагад оролцох, боловсон хүчин бэлтгэхэд чиглэсэн цэргийн гадаад харилцааг хөгжүүлнэ.
Улс орноо батлан хамгаалахад байгууллага, иргэдийг бэлтгэх үүднээс энэ талаар төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлон, хэрэгжүүлэх механизмыг эдийн засаг, нийгмийн шинэ харилцаатай уялдуулан бүрдүүлнэ.
Зэвсэгт хүчин, бусад цэрэгт хийх шинэчлэлийн талаар төрөөс баримтлах бодлогыг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Цэргийн номлол болон батлан хамгаалах салбарт холбогдолтой зарим хуульд мэргэжлийн цэргийн байгууллага бий болгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хэрэгжүүлнэ.
Зэвсэгт хүчин, бусад цэргийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож мэргэшсэн анги, салбарыг байгуулах, бэлтгэл, сургалт явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ. Мэргэжлийн цэргийн нэгжүүдийг дэс дараатай байгуулах, тэдгээрийг болон дайчилгааны нөөцийг оновчтой байршуулах асуудлыг шийдвэрлэнэ.
Одоогийн төсөвт багтааж, зэвсэгт хүчин, бусад цэрэг, цэрэгжсэн байгууллагуудын хууль зүйн нэгдсэн албыг байгуулна.
Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг нутаг дэвсгэрийн зарчмаар эрчимтэй сургалтаар давтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлж, гэрээгээр цэргийн алба хаах асуудлыг судалж шийдвэрлэнэ.
Цэргийн алба хаах үүргийг залуучууд жигд биелүүлэх шаардлагыг хангах үүднээс цэрэгт татах, цэргээс халах, чөлөөлөх талаар мөрдөж байгаа хуулийг цэргийн шинэчлэлийн бодлогод нийцүүлж цэргийн алба хаах сонгомол төрлүүд (мэргэшсэн цэрэг, хугацаат цэргийн албан, "дүйцүүлэх албан")-ийг нэвтрүүлнэ.
Цэргийн шинжлэх ухааны чадавхи, боломжийг өргөн ашиглаж, батлан хамгаалах ажиллагааны үндсэн асуудлыг судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлан шийдвэрлэхийн зэрэгцээ мэдээлэл-тооцооллын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж эхлэнэ.
Улс орныг батлан хамгаалах арга хэмжээний төсвийн ангилал, төлөвлөлт, хуваарилалтыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн шинэчилж, зэвсэгт хүчин, бусад цэргийн тайван цагийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг баталгаажуулна.
Зэвсэгт хүчин, бусад цэргийн зэвсэглэл, байлдааны ба хангалтын техник хэрэгслийн талаар баримтлах бодлогыг олон улс, бүс нутгийн цэрэг, улс төрийн байдал, геополитикийн өөрчлөлттэй уялдуулан тодорхойлж, зэвсэглэл техникийн зарим хэсгийг шинэчлэн сайжруулах арга хэмжээ авна.
Зэвсэгт хүчин бусад цэргийн захиргааны болон мэргэжлийн удирдлагын зааг ялгааг тодотгон мөрдүүлж, офицер, ахлагчийг сургаж бэлтгэх ажиллагааг ерөнхий боловсролын сургуулиас эхэлж шат дараалан хэрэгжүүлэх тогтолцоог буй болгох, цэргийн мэргэжлийг өвлүүлэн эзэмших явдлыг урамшуулан дэмжиж, ЦИС-ийн бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэх арга хэмжээтэй уялдуулан авч үзнэ.
Агаарын хил хяналтын хүрээг өргөтгөх, нийслэл, эдийн засгийн чухал бүс, объектыг халхлах асуудлыг орчин үеийн, цомхон, хүчтэй техник хэрэгслийн хангалттай холбож шийдвэрлэнэ.
Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах аливаа сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх цогцолбор арга хэмжээ авна.
Орон нутгийн болон иргэний байгууллагыг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, аврах, хор уршгийг арилгах арга хэмжээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн анги, салбар, тусгай мэргэжлийн байгууллагуудын иргэний хамгаалалтын хамтарсан ажиллагааг зохион байгуулж, удирдах механизм бий болгоно.
Иргэний хамгаалалтын даатгалын тогтолцоог бий болгох, гамшиг ослоос учирсан хор уршгийг арилгах арга хэмжээг тухайн аж ахуйн нэгж, байгууллагаас даатгалд оруулсан хөрөнгөөс санхүүжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэнэ.
Цэргийн анги, байгууллагыг өөрийн мэдлийн орон сууцтай болгоход нь дэмжлэг үзүүлж "Цэргийн орон сууц-2000" хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
Хил хамгаалалтын асуудалд онцгой анхаарч улсын хилийг мэргэшсэн албаны харуул хамгаалалттай болгож, хил хамгаалалтын анги, салбарын зэвсэглэл, , материаллаг баазыг бэхжүүлж, техник хэрэгсэлийн болон ахуй хангалтыг сайжруулна.
Улсын хилийн асуудлаар Монгол Улс, гадаадын улсуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрийг тодотгож (демаркац), итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.
Улсын хил дээр алба хаагчдын нийгмийн болон эрх зүйн баталгааг аливаа сөрөг нөлөөнд автахааргүй түвшинд тогтооно.
Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор түлш эрчим хүчний үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг ханган, эрчим хүчний талаар гадаад орноос хамаарах явдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлнэ.
Газрын тос олборлох, боловсруулах төслүүдийн хэрэгжилтийг түргэсгэнэ.
Мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгож, мэдээллийн аюулгүй байдлыг хангана.
Газар тариалангийн салбарыг сэргээн хөгжүүлж, тэргүүн ээлжинд үр тариа, гурилаар дотоодын хэрэглээг ханган, хүн амыг хүнс, өргөн хэрэглээний бараагаар хангах нөөцийг бүрдүүлнэ.
Байгаль орчны төлөв байдлыг хянах төр, олон нийтийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох замаар экологийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг цаашид бэхжүүлж, эрх мэдлийг нь зохих түвшинд хүргэхийн зэрэгцээ бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, үр нөлөөг нь дээшлүүлж, гаргасан зөвлөмжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулна.
Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үндэсний чадавхийг бүрдүүлэх арга хэмжээ авч, холбогдох мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлнэ.
Байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх шинжлэх ухааны үндэслэлийг дээшлүүлнэ.
Олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд түүний дэмжлэгэд түшиглэн озоны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах талаар Монгол Улсын хүлээсэн үүргийг өндөржүүлэх, хөрш зэргэлдээ орноос хил дамжин нэвтэрч болзошгүй агаарын бохирдол, хүчиллэг тунадас, цацраг идэвхжлийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулна.
Хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой нөлөөлөх бодис, түүхий эд, импортлох, тээвэрлэхэд тавих хяналтыг хүчтэй болгоно.
Гадаад бодлого
Гадаад бодлогод үндэсний эрх ашгийг дээдлэн, найрсаг харилцааг эрхэмлэж, олон улсын хамтын нийгэмлэгт Монгол Улсын байр суурийг бэхжүүлж, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг найдвартай хамгаалахыг эрхэмлэнэ.
Өмнөх засгийн газрын олон тулгуурт гадаад бодлогыг залгамжлан, үндэсний эрх ашигт нийцсэн, тэнцвэртэй, идэвхтэй гадаад бодлого явуулна.
Хөрш гүрнүүдтэйгээ адил нөхцөлөөр, сайн хөршийн ёсоор тэгш харилцахыг чухалчилна.
Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий гүрнүүдийн Монгол дахь эдийн засгийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн бодлого явуулна.
ОХУ, БНХАУ, АНУ-тай тогтоосон харилцааг тэргүүлэх ач холбогдолтойд үзэж, олон улсын болон бүс нутгийн харилцааны хөгжил, өрнөлттэй уялдуулан хөгжүүлнэ.
ОХУ-тай сайн хөршийн харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний заалт, үзэл санааны дагуу өргөтгөн хөгжүүлж, харилцааны эрх зүйн үндсийг шинэчлэх ажлыг үргэлжлүүлнэ. Хил орчмын болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны боломж, чадавхийг илүү ашиглах, үр өгөөжийг дээшлүүлэх зорилт тавина. Иргэд харилцан зорчих журмыг хөнгөвчлөх талаар асуудал боловсруулж шийдвэрлэнэ.
БНХАУ-тай сайн хөршийн харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг олон улсын харилцааны нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээний үндсэн дээр, Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний заалт, үзэл санааны дагуу тогтвортой хөгжүүлэх чиглэл баримтална.
Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг улс төрийн аргаар сахин хамгаалах, улс төрийн ардчилал, эдийн засгийн шинэтгэлийг бэхжүүлэх зорилтын үүднээс АНУ-тай тогтоосон хамтын ажиллагааг манай гадаад бодлогын гол түшиг тулгуур гэж үзэж өргөжүүлэн хөгжүүлэхийг зорино.
Ази-Номхон далайн чиглэлд:
Ази-Номхон далайн бүс нутагт идэвхтэй гадаад бодлого явуулна. Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаанд /АПЕК/ нэгдэн орох зорилт тавьж, энэ зорилтыг дотоодын эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийн бодлоготой нягт уялдуулна. Тус бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, улс төрийн яриа хэлэлцээнд оролцохыг зорихдоо бүс нутгийн орнуудтай хоёр талын харилцаа хөгжүүлэхийг эн тэргүүнд анхаарна. Энэ хүрээнд:
Японтой тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлийн хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлэхийг зорино.
АСЕАН- гишүүн орнуудтай итгэлцлийг бэхжүүлж, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ.
БНЭУ-тай уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг "Монгол Улс, БНЭУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний" үзэл санааны дагуу хөгжүүлэхийг зорино.
БНСУ, Австрали, Канадтай тогтоосон улс төрийн харилцааны түвшинг ахиулж, хамтын ажиллагааг өргөтгөхийг түлхүү анхаарна.
Латин Америкийн орнуудтай олон улсын байгууллагын хүрээнд найрсаг харилцаа хөгжүүлэхийн зэрэгцээ, Ази, Номхон далайн чиглэлээр Өмнөд Америкийн нөлөө бүхий оронтой худалдаа, эдийн засгийн харилцааны эхлэлийг тавих чиглэлээр ажиллана.
Ази-Номхон далайн бүс нутаг, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар хоёр болон олон талын хэмжээнд санал бодлоо солилцох, олон талт үйл явц, яриа хэлэлцээнд Монгол Улсын аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс идэвхтэй оролцохыг чухалчилна.
Ази-Европын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээнд оролцох зорилт тавина.
Европын чиглэлд:
Европын Холбоотой түншийн харилцаагаа бэхжүүлэн хөгжүүлж, түүний гишүүн орнууд, нэн ялангуяа ХБНГУ, Их Британи, Францтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилт тавина.
Европын бусад оронтой, түүний дотор Скандинавын улсуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Төв Ази, Ойрхи Дорнодын чиглэлд:
Төв Азийн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах чиглэлээр хамтран ажиллахыг эрмэлзэнэ.
Ойрхи Дорнодын орнуудтай харилцаагаа өргөтгөж, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарна.
Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөө ажиллана.
Монгол Улсын аюулгүй байдал, олон улсын байр суурийг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг хангах үүднээс НҮБ болон олон улсын бусад байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хүч бололцоог нь үр бүтээлтэй ашиглахыг чармайна. Ингэхдээ дэлхийн хамтын нийгэмлэгээс олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, ардчилал, хүний эрхийн үзэл санааг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах, хүрээлэн буй орчныг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар тавьж буй хүчин чармайлтыг идэвхтэй дэмжинэ.
Текст томруулах
A
A
A