- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРАМ
Монгол Улсын Их Хурлын 2006 оны
40 дүгээр тогтоолын хавсралт
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРАМ
1.Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо /цаашид "Хороо" гэх/-ны гишүүн томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө.
2.Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга тангараг өргөх газар, хугацаа /өдөр, цаг/-ийг Хорооны даргатай зөвшилцөн тогтоох бөгөөд төрийн ёслолын алба тангараг өргөх ёслолын ажиллагааны бэлтгэлийг хангаж зохион байгуулна.
3.Тангараг өргөх ёслолын ажиллагаанд төр, захиргаа, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг урилгаар оролцуулж болно.
4.Тангараг өргөх байранд Монгол Улсын Төрийн сүлд, түүний баруун гар талд Төрийн далбааг байрлуулна.
5.Тусгайлан бэлдсэн ширээн дээр Үндсэн хууль, тангаргийн бичиг, үзэг тавьсан байна.
6.Хорооны гишүүн товлосон өдөр, цагт тангараг өргөх байранд орж Монгол Улсын Төрийн сүлд рүү харан цэх зогсох ба хамтаар тангараг өргөх бол эгнэн зогсоно.
7.Тангараг өргөх ёслолын ажиллагааг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга удирдан явуулах ба тэрээр нээлтийн эхэнд Хорооны гишүүн бүрийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулна.
8.Хорооны гишүүн Монгол Улсын Үндсэн хууль дээр баруун гараа тавьж тангаргийг цээжээр дуудсаны дараа Монгол Улсын Төрийн сүлднээ мэхийн ёсолж зүүн өвдөг дээрээ сөхрөн Төрийн далбаанаас адис авна.
9.Хорооны гишүүн тангаргийг хамтаар буюу ганцаар өргөж болох бөгөөд хамтаар өргөхөд хамгийн ахмад нь Монгол Улсын Үндсэн хууль дээр баруун гараа тавьж тангаргийг цээжээр дуудаж, бусад нь дагалдана.
10.Тангараг өргөж байх үед уг ёслолын ажиллагаанд оролцогчид босож хүндэтгэнэ.
11.Тангараг өргөсний дараа Хорооны гишүүн тусгайлан бэлтгэсэн тангаргийн хуудсанд гарын үсэг зурна.
12.Тангаргийн хуудсанд Монгол Улсын Төрийн сүлд, түүний дор тангаргийн бүрэн бичвэр, тангараг өргөсөн газрын болон Хорооны гишүүний нэр, он, сар, өдрийг тусгана.
13.Гишүүд тангаргийн хуудсанд гарын үсэг зурж дууссаны дараа Төрийн дуулал эгшиглэх бөгөөд энэ үед танхимд байгаа бүх хүн босож хүндэтгэнэ.
14.Төрийн дуулал эгшиглэж дуусмагц Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга тангараг өргөсөн Хорооны гишүүдэд баяр хүргэж ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэнэ.
15.Хорооны гишүүний гарын үсэг зурж баталгаажуулсан тангаргийн бичгийг Хорооны архивт хадгална.
16.Тангараг өргөх ёслолын ажиллагааны талаархи дэс дарааллыг тодорхой тусгасан тэмдэглэл хөтөлнө.
------оОо-------
Текст томруулах
A
A
A