- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ДҮРЭМ
Улсын Их Хурлын 2006 оны
62 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын Их Хурлын ажлын алба нь Тамгын газар байна.
1.2.Тамгын газар нь Улсын Их Хурал, түүний гишүүд, Байнгын болон дэд, түр хороо /цаашид “Байнгын хороод” гэх/-ны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, тэдгээрийг ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй.
1.3.Тамгын газар үйл ажиллагаандаа Монгол Улсын Yндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон ажиллана.
1.4.Тамгын газар үйл ажиллагаагаа явуулахдаа хууль дээдлэх, ил тод байх зарчим, төрийн албаны ёс зүйг баримтална.
1.5.Тамгын газар Улсын Их Хурлаас баталсан төсөвт зардлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
1.6.Тамгын газар хуулийн этгээд мөн бөгөөд тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
1.7.Тамгын газар Улсын Их Хурлын даргаар батлуулсан үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй байх бөгөөд ажлын жилийн төлөвлөгөөг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга батална.
1.8.Тамгын газар өөрийн үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд жил бүр танилцуулна.
Хоёр.Тамгын газрын үүрэг, эрх
2.1.Тамгын газар Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу дор дурдсан үндсэн үүрэг гүйцэтгэнэ:
2.1.1.Улсын Их Хурал, Байнгын хороод, ажлын хэсэг, гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
2.1.2.гишүүдээс хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хууль санаачлагчийн гаргасан үзэл баримтлалыг үндэслэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, хэлбэржүүлэх;
2.1.3.Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн бүрдлийг хянаж, зохих журмын дагуу өргөн мэдүүлэх бэлтгэлийг хангах;
2.1.4.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх, батлах үйл ажиллагааны зохион байгуулалтын бэлтгэлийг хангах;
2.1.5.Улсын Их Хурлын ээлжит, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө боловсруулах;
2.1.6.Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг нэгтгэн төлөвлөж, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх, гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
2.1.7.хэлэлцэх асуудлын онцлогийг харгалзан хуулийн төсөл, тодорхой асуудлыг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх “Хуралдаан удирдах дараалал” бэлтгэж, хуралдаан даргалагчид өгөх;
2.1.8.Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаатай холбоотой Улсын Их Хурлын даргын захирамжийн төсөл боловсруулах;
2.1.9.Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Үндсэн хууль, бусад хуультай хэрхэн нийцэж байгаа талаар хууль зүйн дүгнэлт өгөх;
2.1.10.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар хууль зүйн дүгнэлт боловсруулах, Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
2.1.11.хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар гарсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг хууль зүйн нэр томъёо, хэл зүйн шаардлагад нийцүүлэн томъёолох, нэгтгэх;
2.1.12.анхны хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлыг хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгаж, эцсийн хэлэлцүүлэгт оруулах төслийг бэлтгэх;
2.1.13.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд заасны дагуу хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах;
2.1.14.эцсийн хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлыг хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгаж, хууль тогтоомжийн бичлэгийн техникт нийцүүлэн томъёолол, үг хэллэгийг жигдэлж, батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг бэлтгэж, Улсын Их Хуралд танилцуулах ажлыг зохион байгуулах;
2.1.15.эцсийн найруулга танилцуулах явцад гарсан найруулгын болон техникийн шинжтэй засварыг тусган хууль, Улсын Их Хурлын тогтоолыг ёсчлуулах;
2.1.16.батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх, “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх, холбогдох бусад байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулах;
2.1.17.Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хороод, нам, эвслийн бүлгийн хуралдааны техникийн бэлтгэл, Улсын Их Хурлын чуулганы хэвийн ажиллах нөхцөлийг хангах;
2.1.18.Улсын Их Хурлын чуулганы явцын талаархи тэмдэглэл хөтөлж, түүнийг ашиглах, хадгалах ажлыг эрхлэн явуулах;
2.1.19.Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар болон Улсын Их Хурал, Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс хүсэлт гаргасан буюу шаардлагатай гэж үзсэн асуудлаар мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгүүлэх, үр дүнг хүргүүлэх, тодорхой хуулийн хэрэгжилтээр мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлэх;
2.1.20.хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бүхий эрх зүйн актуудаар хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлж, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны ажилтнуудад лавлагаа өгөх;
2.1.21.хууль тогтоомжийн санд байгаа эрх зүйн актыг системчлэх, тэдгээрт орсон нэмэлт, өөрчлөлтийг оруулах ;
2.1.22.боловсрогдож байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон батлагдсан хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, боловсронгуй болгох санал боловсруулах;
2.1.23.Улсын Их Хурлын чуулганы тойм болон ээлжит чуулган бүрийн хуралдааны нэгдсэн дүнгийн танилцуулгыг нэгтгэх;
2.1.24.хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь Байнгын хороод, ажлын хэсэгт арга зүйн туслалцаа үзүүлэх;
2.1.25.Улсын Их Хурал, түүний гишүүдэд иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, санал, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг нэгтгэн дүгнэж, Улсын Их Хурлын дарга, гишүүдэд мэдээлэх;
2.1.26.Улсын Их Хурлаас олон нийттэй харилцах үйл ажиллагааг зохион байгуулах;
2.1.27.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг олон нийтэд таниулах, сурталчлах ажлыг холбогдох Байнгын хороодтой хамтран зохион байгуулах;
2.1.28.Улсын Их Хурал, Монголын парламентын бүлгэмийн шугамаар гадаад орнуудын хууль тогтоох дээд байгууллага, тэдгээрийн Тамгын газар, Олон улсын парламентын холбоо болон олон улсын бусад байгууллагатай харилцах асуудлыг эрхэлж, гадаад оронд айлчлах, гадаадаас ирэх зочин, төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэл хангах, тэдгээрт үйлчлэх;
2.1.29.Улсын Их Хурал, Байнгын хороод, нам, эвслийн бүлэг, Улсын Их Хурлын гишүүдийн ажиллах нөхцөл бололцоог хангах;
2.1.30.Улсын Их Хурал, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн санхүү, үйлчилгээг хөтлөн явуулах, санхүү, төсвийн тайлан бүртгэлийг эрхлэн гүйцэтгэх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу зарцуулах;
2.1.31.өөрт олгогдсон эрхийн хүрээнд төрийн өмчийн хадгалалт хамгаалалтыг хариуцах;
2.1.32. Улсын Их Хурлын бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг эрхэлж, чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотой баримт бичгийг олшруулан тараах ажлыг зохион байгуулах;
2.1.33.Улсын Их Хуралд ашиглагдаж байгаа мэдээллийн хэрэгсэл, компьютерийн гадаад, дотоод сүлжээ, теле сүлжээ, санал хураах систем болон бусад тоног төхөөрөмжийн байнгын найдвартай ажиллагаа, техникийн шинэчлэлийг хангах;
2.1.34.Улсын Их Хурлын гишүүдийн болон Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны ажилтнуудын ажиллах нөхцөл, ахуй хангамжтай холбоотой асуудлыг судлан шийдвэрлэж байх;
2.1.35. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
2.2. Тамгын газар нь дор дурдсан эрх эдэлнэ:
2.2.1.Улсын Их Хурлын үйл ажиллагаанд шаардагдах мэдээ, материал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, төсөв, мөнгөний бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт холбогдох танилцуулга, судалгаа, тооцоо, мэргэжлийн албаны дүгнэлтийг бусад байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах;
2.2.2.Улсын Их Хурлаас тодорхой асуудлаар санал, дүгнэлт боловсруулахад мэргэжлийн байгууллага, хүмүүсийг татан оролцуулах;
2.2.3.Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал боловсруулж Улсын Их Хурлын удирдлага, холбогдох Байнгын хороонд танилцуулах;
2.2.4.Улсын Их Хурал үйл ажиллагаагаа явуулахад нь зайлшгүй шаардагдах үйлчилгээ /техник хэрэгсэл, шуудан холбоо, тээвэр, байр зэрэг/-г найдвартай бэлэн байлгах шаардлагыг төрийн холбогдох байгууллагад тавьж хэрэгжилтийг хангах;
2.2.5.Улсын Их Хурлаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын ажлын алба, холбогдох бусад төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
2.2.6.хууль тогтоомжид заасан бусад эрх.
Гурав. Тамгын газрын удирдлага, зохион байгуулалт
3.1.Тамгын газрыг Төрийн албаны тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40.1-д заасны дагуу Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга удирдана.
3.2.Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.2.1.Тамгын газрын өдөр тутмын ажлыг зохион байгуулах;
3.2.2.Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан даргалагчид хууль, дэгийн асуудлаар зөвлөх;
3.2.3.Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж, Зөвлөлөөс гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах;
3.2.4.Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хороод, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, гаргасан шийдвэрийг эрх зүйн хувьд хэлбэржүүлэх;
3.2.5.батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг хянаж Улсын Их Хурлын даргад танилцуулах;
3.2.6.Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, гарын үсэг зурах;
3.2.7.Тамгын газрын хүний нөөцийн асуудлаар бодлого боловсруулж, ажилтныг томилох, чөлөөлөх;
3.2.8.Улсын Их Хурлын гишүүний санал, хөдөлмөрийн гэрээг үндэслэн Улсын Их Хурлын гишүүний туслах, бие төлөөлөгчийг томилох, чөлөөлөх;
3.2.9.Байнгын хорооны даргын саналыг харгалзан Байнгын хорооны ажлын албаны ажилтныг томилох, чөлөөлөх;
3.2.10.Улсын Их Хурлаас олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах;
3.2.11.Улсын Их Хурлын төсвийн төслийг бэлтгэх, батлагдсан төсвийг зарцуулах;
3.2.12.Тамгын газрын захиргаа, санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх;
3.2.13.Тамгын газрын дотоод журмыг батлах;
3.2.14.Монгол Улсын Их Хурлын тамгыг хадгалах.
3.3.Ерөнхий нарийн бичгийн дарга Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасны дагуу Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийг Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлөөр хэлэлцүүлж, Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж батална.
3.4.Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн ажлын зохион байгуулалт, удирдлагын болон ажилтнуудын эрх, үүрэг, хариуцлага, ахуй хангамжтай холбогдсон асуудлыг дотоод журмаар тогтооно.
3.5.Тамгын газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад нь зөвлөх үүрэг бүхий зөвлөл Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэд ажиллана.
3.6.Зөвлөлийн бүрэлдэхүүнд Тамгын газрын нарийн бичгийн дарга, хэлтэс, албадын дарга нар орно.
3.7.Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Ерөнхий нарийн бичгийн дарга батална.
3.8.Зөвлөлийн хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
3.8.1.Тамгын газрын эрхэм зорилго, зорилт, стратегийн болон бизнесийн төлөвлөгөө, тэдгээрийн биелэлт, Тамгын газрын ажлын тайлан;
3.8.2.Тамгын газрын төсвийн төсөл, төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан тэнцлийн үр дүн, эд хөрөнгийн тооллого, тооцоо, ашиглалт, хамгаалалтын асуудал;
3.8.3.Тамгын газрын хэлтэс, албадын чиг үүргийн хуваарь, Тамгын газрын үйл ажиллагаатай холбогдсон журам, зааврын төсөл, төрийн захиргааны албан тушаалын ажлын байрны тодорхойлолт;
3.8.4.Улсын Их Хурлын теле болон компьютерийн сүлжээ, бусад техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, техникийн шинэчлэлийн бодлого, чиглэл;
3.8.5.Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааны үр дүн, тодорхой ажилтны ажлын талаархи мэдээлэл, сонсгол;
3.8.6.Тамгын газрын ажилтнуудад шагнал, урамшил олгох, сахилгын шийтгэл ногдуулах, гарсан зөрчлийг арилгуулах тухай асуудал;
3.8.7.Тамгын газрын ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбогдсон болон цалин хөлс, тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг асуудал;
3.8.8.дотоод хяналт шалгалттай холбогдсон асуудал;
3.8.9.бусад асуудал.
3.9.Тамгын газарт ажиллаж байгаа албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан тушаалд тавигдах шаардлага хангасан, төрийн мэргэшсэн албан хаагч байх ба төрийн ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын дэг журмыг сахиж, гагцхүү хуулийн хүрээнд ажиллах зарчмыг баримтална.
3.10.Тамгын газрын албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, чиг үүргийг Ерөнхий нарийн бичгийн дарга батална.
3.11.Тамгын газар нь Байнгын хорооны ажлын албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
Дөрөв. Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албатай харилцах
4.1.Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын алба Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, түүнчлэн Улсын Их Хурлын тогтоол, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан хяналт, шалгалтын ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийн талаархи нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг Тамгын газарт урьдчилан хүргүүлэх бөгөөд тэдгээрийг олшруулах, тараах ажлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд заасны дагуу Тамгын газар эрхэлнэ.
4.2.Тамгын газар Улсын Их Хурлаас хууль тогтоох болон хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан Улсын Их Хурал, түүний гишүүдийг судалгаа, лавлагаа, мэдээллээр хангах ажлыг Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албатай хамтран зохион байгуулах, харилцан мэдээлэл солилцох зэргээр үйл ажиллагаагаа уялдуулна.
4.3.Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүний ажлын албаны ажиллах нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг Тамгын газар хариуцна.
Тав.Улсын Их Хурлын дэргэдэх Бодлогын шинжилгээний төвтэй харилцах
5.1.Тамгын газар төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой асуудлаар Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдийн саналыг нэгтгэн Улсын Их Хурлын дэргэдэх Бодлогын шинжилгээний төвд захиалга өгөх асуудлыг зохион байгуулна. /Энэ заалтыг 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Зургаа.Улсын Их Хурлын даргын ажлын хэсэгтэй харилцах
6.1.Тамгын газар нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан Улсын Их Хурлын даргын ажлын хэсэгтэй Ерөнхий нарийн бичгийн даргаар уламжлан харилцана.
6.2.Тамгын газар нь Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийг ажиллах нөхцөлөөр хангаж, түүнд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлнэ.
6.3.Улсын Их Хурлын даргын зөвлөх, ажлын хэсгийн ажилтан Тамгын газарт харьяалагдана.
---------оОо---------
Текст томруулах
A
A
A