- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙГ 2005-2008 ОНД ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Улсын Их Хурлын 2005 оны
48 дугаар тогтоолын хавсралт
ТӨРИЙН ӨМЧИЙГ 2005-2008 ОНД ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Нэг.Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах
үндсэн чиглэлийн зорилго
1.1. Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах гол зорилго нь өнгөрсөн жилүүдэд эхлэл нь тавигдсан дэд бүтцийн болон нийгмийн салбарт хийгдэж байгаа өөрчлөн байгуулалт, хувьчлалын ажлыг эрчимжүүлж эдгээр салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн хамт бусад салбарын төрийн өмчийг хувьчлах ажлыг үргэлжлүүлэхэд оршино.
1.2.Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл нь /цаашид "Үндсэн чиглэл" гэх/ салбар тус бүрд хувьчлал, өөрчлөн байгуулалтын талаар баримтлах төрийн бодлого, энэ ажлыг зохион байгуулах арга хэлбэр, баримтлах зарчмыг тодорхойлж байгаа стратегийн шинжтэй баримт бичиг бөгөөд энэхүү баримт бичгийг Монгол Улсын төрийн захиргааны болон холбогдох бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүрэгтэй.
1.3. Хувьчлалын бэлтгэл ажлын хүрээнд олон улсын байгууллагаас авсан хөнгөлөлттэй зээлийг хэрхэн төлүүлэх асуудлыг шийдвэрлүүлнэ.
Хоёр. Төрийн өмчийг хувьчлахад баримтлах нийтлэг зарчим
2.1.Төрийн өмчийг хувьчлахад дараахь нийтлэг зарчмыг баримтална:
2.1.1.эдийн засагт хувийн хэвшлийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх үндсэн дээр үйлдвэрлэлийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
2.1.2.тухайн салбарт дангаар ноёрхох байдлыг задлах, боломжтой зарим хэсэгт нь өрсөлдөөнт орчныг бий болгох;
2.1.3.гадаадын хөрөнгө оруулагчдыг хувьчлалд оролцуулах замаар Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэх эдийн засгийн нөхцөлийг хангахад тодорхой хувь нэмэр оруулах;
2.1.4.хувьчлагдах аж ахуйн нэгжийн өр авлагыг хувьчлах үед нь байгууллага нэг бүрээр шийдвэрлэх;
2.1.5.төрөөс аж ахуйн үйл ажиллагаанд оролцох оролцоог багасгах, улсын төсвийн бүтцийг оновчтой болгох, үр өгөөжийг нь дээшлүүлэх;
2.1.6.төрийн зохицуулалтын үүргийг аж ахуйн үйл ажиллагаанаас тусгаарлаж, зохицуулах үүрэг бүхий байгууллагын хараат бус байдлыг хангах;
2.1.7.хувьчлалын үр дүнд гарч болох нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон сөрөг үр дагаврыг багасгах;
2.1.8.байгаль орчин, аюулгүй байдлыг хамгаалах;
2.1.9.гадаад, дотоодын хуулийн этгээд, иргэнд өр, төлбөртэй хуулийн этгээдийг хувьчлахаас өмнө нь зээлийн гэрээ нөхөн байгуулах, зээлийн гэрээтэй байгууллагуудын хувьд өр, зээлийн үлдэгдлийг баталгаажуулах, шаардлагатай өр, зээлийн буцаан төлөлтийн хугацаа, хүүгийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулах замаар зээлийн бүтцийг өөрчилж, өнөөгийн үнэ цэнээр хувьчлалын дүнд тусган өртэй нь хамт хувьчлах, эсвэл хувьчлалын босго үнийн дүнд багтаан шууд төлүүлэх.
Гурав. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт
3.1.Үндсэн чиглэлийг дараахь зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ:
3.1.1.хувьчлалын явц, үр дүнгийн байдалд Улсын Их Хурлын холбогдох байнгын хороод хяналт тавих;
3.1.2. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаар Засгийн газрын тайланг Улсын Их Хурал жил бүр хэлэлцэж, чиглэл өгөх;
3.1.3.хувьчлах аж ахуйн нэгж, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт, энэхүү жагсаалтад орсон хөрөнгө /объект/-ийг хувьчлах арга, хэлбэрийг Засгийн газар жил бүр батлан гаргаж, Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг зохион байгуулах;
3.1.4.хувьчлах аж ахуйн нэгж, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтад орсон аж ахуйн нэгж, үл хөдлөх эд хөрөнгө /объект/-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу хувьчлах ажлыг Төрийн өмчийн хороо эрхлэн явуулж, дүнг Засгийн газарт хагас жил тутам тайлагнах;
3.1.5.Үндсэн чиглэлд заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагыг удирдлагын, гүйцэтгэлийн болон түрээсийн гэрээгээр ажиллуулах тухай Засгийн газрын шийдвэрийг Төрийн өмчийн хороо тухайн чиглэлийн /салбарын/ төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлж, явц, үр дүнг тодорхой хугацаанд хянан үзэж, Засгийн газарт мэдээлэх;
3.1.6.аж ахуйн нэгж, байгууллагын бүтцийн өөрчлөлтийн асуудлыг Төрийн өмчийн хороо тухайн чиглэлийн /салбарын/ төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэж, энэ тухай Засгийн газарт мэдээлэх.
Дөрөв. Өмч хувьчлалын арга, хэлбэр
4.1.Өмч хувьчлал/цаашид "хувьчлал" гэх/-д хувьчлалын уламжлалт аргуудыг хэрэглэхийн зэрэгцээ олон улсын уралдаант шалгаруулалт /тендер/, удирдлагын үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах, удирдлагын гэрээ, гүйцэтгэлийн гэрээ, түрээсийн гэрээ зэрэг арга, хэлбэрийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын онцлогт тохируулан дангаар буюу хослуулан хэрэглэнэ.
4.2.Төрийн эзэмшлийн хувьцааг шаардлагатай хэмжээгээр багцлан худалдах, нэмэлт хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх, алдагдалтай, цаашид ашигтай ажиллах боломжгүй аж ахуйн нэгжийг татан буулгаж, эд хөрөнгийг нь худалдах зэрэг өмч хувьчлалын арга, хэлбэрийг тухайн аж ахуйн нэгжийн онцлогт тохируулан хэрэглэнэ.
4.3.Төрийн өмчийн аж ахуйн нэгжийг хувьчлахдаа ажилчдад "хувьцаа эзэмшүүлэх сан" хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Тав. Хувьчлалын талаархи мэдээлэл
5.1.Хувьчлалын талаархи мэдээллийг нийтэд адил тэгш, хүртээмжтэй хүргэж, хувьчлалыг ил тод явуулна.
5.2.Хувьчлалд оролцогч, хувьцаа эзэмшигч, сонирхогч этгээдийг шаардлагатай мэдээллээр хангах, чөлөөтэй, үндэслэлтэй сонголт хийх боломжийг бүрдүүлэх чиглэлээр мэдээлэл, сурталчилгааг тогтмол явуулна.
5.3.Хувьчлалын талаархи мэдээлэл, сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн орчин үеийн техник, технологи ашиглан олон нийтэд өргөнөөр мэдээлэх ажлыг зохион байгуулна.
Зургаа. Хувьчлалын эрх зүйн орчин
6.1.Хувьчлалын талаар мөрдөж байгаа эрх зүйн актыг хувьчлалын талаар баримтлах төрийн бодлоготой уялдуулан боловсронгуй болгох арга хэмжээг дараахь чиглэлээр үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ:
6.1.1.орон нутгийн өмчийн удирдлага, зохицуулалт, хяналт, хувьчлалтай холбогдсон эрх зүйн харилцааг боловсронгуй болгох. Ингэхдээ нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг өргөтгөх, өмчийн удирдлага, бүртгэл, хяналт, бодлого, зохицуулалтыг оновчтой болгох;
6.1.2.дэд бүтэц, нийгмийн салбар дахь төрийн зохицуулалтыг аж ахуй, үйлчилгээний үйл ажиллагаанаас тусгаарлаж, зохицуулах үүрэг бүхий байгууллагын хараат бус байдлыг хангах;
6.1.3.аж ахуйн гэрээний эрх зүйн үндсийг өнөөгийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох;
6.1.4.аж ахуй эрхлэгч төрийн байгууллагатай харилцан үр ашигтай хамтран ажиллах тогтолцоог төлөвшүүлэх.
өөрчлөн байгуулалт
7.1.Дэд бүтцийн салбарт хувьчлал, өөрчлөн байгуулалт хийхдээ төрийн зохицуулалтын тогтолцоог зах зээлийн эдийн засгийн харилцаанд нийцсэн хэлбэрт шилжүүлэх зарчим баримтална.
7.2.Тус салбарт хувьчлал хийхдээ хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, өрсөлдөөний нөхцөлийг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдуулан явуулахыг иш үндэс болгоно.
Найм. Түлш, эрчим хүчний салбарт хийх хувьчлал, өөрчлөн байгуулалт
8.1.Хувьчлалын бэлтгэл хангах хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
8.1.1.эрчим хүчний салбарт хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах зорилгоор зарим объектын хувьчлах аргын талаар томоохон хөрөнгө оруулагчдаас урьдчилан санал авах ажлыг хувьчлалын бэлтгэл ажлын хүрээнд ил тод, нээлттэй хийх замаар хувьчлалын арга хэлбэрийг сонгох;
8.1.2.компани хоорондын өрийн томоохон сүлжээг арилгах, хэвийн биш өр авлагыг өнөөгийн үнэ цэнээр нь хувьчлалын дүнд тусган өртэй нь хамт хувьчлах, зээлийн буцаан төлөлтийн хугацаа, хүүгийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулах замаар хувьчлагдах аж ахуйн нэгжийн үнэ цэнийг өсгөх, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах;
8.1.3.төрөөс олгодог, түүнчлэн хэрэглэгч хоорондын, салбар хоорондын татаасыг багасгах чиглэлд хэрэглэгч, нийлүүлэгч нарыг идэвхжүүлэх арга хэмжээ авах, тарифийг балансжуулах чиглэлээр тодорхой алхам хийх;
8.1.4.хөрөнгө оруулагч оруулсан хөрөнгөө нөхөх эдийн засгийн орчныг бүрдүүлэх;
8.1.5.хувьчлалын дараа гарах нийгмийн болон бусад төрлийн үр дагаврыг зөөлрүүлэх арга хэмжээг урьдчилан тооцсон байх;
8.1.6.компанийн засаглалын дэвшилтэт зарчмуудыг компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, алдагдлыг бууруулах, орлогоо хугацаанд нь авах чиглэлээр өнгөрсөн жилүүдэд хийж байсан ажлуудыг үргэлжлүүлэн хийх;
8.1.7.хувьчлах объектийн хувьд байгаль орчны үнэлгээ хийгдсэн байх, ялангуяа хувьчлалын өмнө байгаль орчинтой холбоотой үүссэн асуудал байгаа эсэх, түүнийг шийдэх аргыг тодорхойлсон байх;
8.1.8.хувьчлах тухайн байгууллагын үйл ажиллагаа явуулах хүрээ /зах зээлийн хэмжээ/ нь тодорхой, тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлсэн байх.
8.2.Эрчим хүчний салбарын бүтээгдэхүүний үнийг Эрчим хүчний тухай хуульд заасан хэмжээнд зохицуулахдаа дор дурдсан арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
8.2.1.эрчим хүчний үнийг зөв тогтоох үүднээс нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлэх, түүний дотор удирдлагын болон зардлын бүртгэлийг боловсронгуй болгох чиглэлээр хийж байгаа ажлыг дуусгах;
8.2.2.цагийн ялгавартай тариф, урьдчилсан төлбөртэй тоолуур нэвтрүүлэх замаар ачааллын зохицуулалтыг хангах, цахилгааны төлбөрийг цаг тухайд урьдчилан авах, хэрэглэгч ердийн тарифаас 2-3 дахин хямд цахилгаан авах бололцоог бүрдүүлэх;
8.2.3.хэрэглээний онцлогоос үл хамаарсан ганц тарифт тогтолцоог өөрчлөх, хэрэглэж байгаа эрчим хүчний чадал, энерги, хугацаа, ачаалал зэргийг харгалзсан тарифийн ялгавартай тогтолцоо бий болгох;
8.2.4.эрчим хүчний компаниудын хоорондын арилжааны харилцааг улам гүнзгийрүүлж нэг худалдан авагчтай загвараас контрактын болон свот зах зээлийн загварт шилжих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх;
8.2.5.зохицуулах байгууллагын чадавхийг сайжруулж бие даасан байдлыг нь хангах;
8.2.6.хувьчлалын дараа тодорхой бус байдлыг үүсгэхгүй байх, зохицуулалтын эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахын тулд зохицуулалтын бодлогыг ойлгомжтой, тодорхой, тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэх;
8.2.7.эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон аймаг, сум дахь төрийн болон орон нутгийн өмчид байгаа цахилгаан үйлдвэрлэх, түгээх хэсгийг хувьчлах чиглэл баримтлах.
8.3.Энэхүү Үндсэн чиглэлийн Хоёр дугаар бүлэгт заасан зарчмыг баримтлан зах зээлийн эрэлтэд нийцүүлэн дангаар буюу багцлах хэлбэрээр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар дараахь аж ахуйн нэгжүүдийг хувьчилна:
8.3.1. Дулааны цахилгаан станц-2 ХК;
8.3.2. Дулааны цахилгаан станц-3 ХК;
8.3.3. Багануур ХК-ийн төрийн мэдлийн хувьцаа;
8.3.4. Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ХК;
8.3.5. Шивээ-Овоо ХК-ийн төрийн мэдлийн хувьцаа ;
8.3.6. Дарханы дулааны цахилгаан станц ХК;
8.3.7. Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ХК;
8.3.8. Улаанбаатарын дулааны дамжуулах сүлжээ ХК;
8.3.9. Дарханы дулааны дамжуулах сүлжээ ХК;
8.3.10. Даланзадгадын ДЦС;
8.3.11.Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ.
8.4.Эрчим хүчний тоног төхөөрөмж, туршилт тохируулгын үйлдвэрийг дуудлагын худалдаагаар хувьчилна.
8.5.Уул уурхайн салбарын олонхи аж ахуйн нэгж хувийн хэвшилд бүрэн шилжиж байгаатай холбогдуулан урьд үүссэн байгаль орчны эвдрэлийг нөхөн сэргээх асуудлыг Засгийн газраас тусгайлан авч үзэж, хувьчлагдсан аж ахуйн нэгжтэй хамтран шийдвэрлэх чиглэл баримтална.
Ес. Иргэний нисэхийн салбарт хийх хувьчлал, өөрчлөн байгуулалт
9.1.Иргэний нисэхийн салбарт хийх хувьчлалын бэлтгэлийг хангах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс өөрчлөн байгуулалтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
9.1.1.дотоодын нислэгийн чиглэлд нэмэгдэж байгаа хувийн хэвшлийн оролцоог дэмжих үүднээс иргэний нисэхийн үйлчилгээний үнэ тариф, нислэгийн чиглэл, хуваарийг либералчлах;
9.1.2.тус салбартүйлчилгээ үзүүлэхэд ашиглаж байгаа төрийн өмчид бүртгэлтэй тоног төхөөрөмж ашиглалтаас хасагдаж шинээр хөрөнгө оруулалт шаардагдах тохиолдолд тухайн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээг авах;
9.1.3.иргэний нисэхийн салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж байгаа болон "МИАТ" хувьцаат компанийг хувьчлахтай холбогдуулан ИНЕГ-ын үндсэн үйл ажиллагааг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжийн техникийн аюулгүй байдлыг хянан баталгаажуулах, үйл ажиллагааг зохицуулах, нислэгийн аюулгүй байдлыг хангуулах үндсэн үүрэгтэй зохицуулагч байхаар өөрчлөн байгуулах ажлыг энэхүү Үндсэн чиглэлийн хэрэгжих хугацаанд үе шаттайгаар зохион байгуулах, үүнтэй уялдуулан мөрдөж байгаа Иргэний нисэхийн тухай хууль, эрх зүйн орчныг өөрчлөх;
9.1.4."МИАТ" ХК-ийн өнөөгийн бий болж байгаа санхүүгийн болон компанийн засаглалын нааштай хандлагыг улам тогтворжуулах замаар хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах орчныг бүрдүүлэх;
9.1.5."МИАТ" ХК-ийн бизнесийн болон нийгмийн үйлчилгээний чиглэлийг салгах замаар дотоодын нислэгийг хувийн салбарт шилжүүлэх;
9.1.6."Агросервис" ХХК-ийг "МИАТ" ХК-ийн бүрэлдэхүүнээс салгаж хувьчлалын боломжит хэлбэрийг сонгон хувьчлах.
9.2.ИНЕГ-ын үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан үйлдвэрлэлийн дор дурдсан нэгжүүдийг эхний ээлжинд аж ахуйн тооцоонд оруулах, улмаар тус байгууллагын бүрэлдэхүүнээс гаргаж, бие даасан аж ахуйн нэгж болгон арилжааны хэлбэрт шилжүүлэх, цаашид хуульд заасан арга хэлбэрийн дагуу хувьчлах, хувийн хэвшилд шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
9.2.1.нисэх буудлууд;
9.2.2.барилга, сантехникийн засвар үйлчилгээ;
9.2.3.шатахууны агуулах, хангах үйлчилгээ;
9.2.4.ачаа, шуудан тээврийн үйлчилгээний төв.
9.3.Хувьчлалын бэлтгэлийг хангахтай холбогдож хийгдэх дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлсний дүнд энэхүү Үндсэн чиглэлийн дунд хугацаанд "МИАТ" ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчилна.
Арав. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хийгдэх
хувьчлал, өөрчлөн байгуулалт
10.1.Холбооны салбарын хөгжилд сүүлийн үед гарч байгаа дэлхийн нийтлэг хандлагын дагуу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хийгдэх хувьчлал, өөрчлөн байгуулалтад дараахь үндсэн чиглэл баримтална:
10.1.1.холбооны үйлчилгээний боломжтой зарим хэсэгт өрсөлдөөнт орчин бий болгох нөхцөлийг бүрдүүлэх;
10.1.2.сүлжээг давхардуулан байгуулж, үр ашиггүй зардал гарч байгаа зохисгүй үзэгдлийг зогсоох;
10.1.3.холбооны сүлжээнд чөлөөтэй, нээлттэй, ялгаварлалгүйгээр холбогдох боломжийг холбооны үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд тэгш олгох үүднээс холбооны суурь болон салбар шугамын ашиглалт, эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгаж сүлжээний бизнесийг дагнан эрхэлдэг болгох;
10.1.4.холбооны салбарт үйлчилгээ үзүүлж байгаа болон цаашид энэ салбарт бий болох аж ахуйн нэгжүүдэд сүлжээний бизнес эрхлэх зөвшөөрлийг дангаар нь олгох журамд шилжих;
10.1.5.холбооны салбар бүрэн хэмжээгээр хувийн хэвшилд шилжиж байгаатай холбогдуулан алслагдсан нутаг дэвсгэр болон хувийн хэвшил дангаараа хүрэх бололцоо муутай зарим чиглэлд холбооны үйлчилгээг хүргэхэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх зорилго бүхий бүх нийтийн үүргийн санг бий болгох замаар холбооны үйлчилгээг сайжруулах;
10.1.6."Монголын Цахилгаан Холбоо" ХК холбооны суурь сүлжээг онцгой эрхтэйгээр түрээсэлж байгааг зогсоох, тус компанийн үйл ажиллагааны чиглэлийг сүлжээний бизнесээс бусад бүх төрлийн холбооны үйлчилгээ явуулах эрхтэйгээр өөрчлөх;
10.1.7."Монголын Цахилгаан Холбоо" ХК-д түрээсэлж байгаа төрийн өмчийн хөрөнгөнөөс монополь шинжтэй суурь болон салбар сүлжээний хэсгийг тусгаарлан, түүнийг ашиглан зөвхөн сүлжээний үйлчилгээ явуулах бие даасан Төрийн өмчийн компанийг шинээр байгуулах;
10.1.8.төрийн өмчийн АТС-ууд болон түүнтэй холбоотой зарим хөрөнгөд дахин үнэлгээ хийж "Монголын Цахилгаан Холбоо" ХК-д шилжүүлэн төрийн өмчийн хувьцааг нэмэгдүүлэх, тус компанийн төрийн мэдлийн хувьцааг БНСУ-ын "Корей Телеком" компанид гэрээний дагуу эхэлж санал болгох, татгалзсан тохиолдолд олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;
10.1.9.Нарны зайн үйлдвэрийн Олон улсын байгууллагаас авсан зээлийн өрийг шинэчлэн тооцож, түүнийг төлөх нөхцөлтэйгөөр дуудлагын худалдаагаар худалдах;
10.1.10.шуудангийн үйлчилгээний салбарт өрсөлдөөнт орчныг бий болгох, үндсэн сүлжээнд чөлөөтэй холбогдох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шуудангийн бүх нийтийн үйлчилгээний болон тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээний нэр төрлийг тогтоон, шуудангийн сүлжээний харилцан холболтын журмыг мөрдүүлэх;
10.1.11.сүлжээний үйлчилгээг салгаж байгаатай холбогдуулан "Монгол шуудан" ХХК-ийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн зохион байгуулах;
10.1.12."Монгол шуудан" компанийн үйл ажиллагаанд төр өөрийн мэдлийн хувьцаагаар дамжуулан хяналт тавих, дэмжлэг үзүүлэх боломжит хувилбарыг сонгон хувьчлах.
Арван нэг. Төмөр замын салбарт хийх өөрчлөн байгуулалт
11.1.Төмөр замын салбарт хийх өөрчлөн байгуулалтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
11.1.1. төмөр замын салбарт зах зээлийн харилцааг гүнзгийрүүлж тус салбарын хууль, эрх зүйн орчныг өөрчлөн шинэчлэх замаар салбарын зохицуулалтын бие даасан тогтолцоо бий болгох;
11.1.2.Монгол-Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" ХК-ийг анх байгуулсан үеийн Засгийн газар хоорондын гэрээ хэлцэл, компанийн дүрэм болон бусад шаардлагатай баримт бичгийг өнөөгийн нөхцөл байдал, дэлхийн нийтлэг хандлагуудад нийцүүлэн ОХУ-ын эрх бүхий этгээдтэй хамтран өөрчлөх;
11.1.3.дэлхийн нийтлэг хандлагын дагуу төмөр замын салбарын бололцоотой хэсэгт өрсөлдөөнт орчныг бий болгох зорилгоор галт тэрэгний үйл ажиллагааг замын дэд бүтцээс салгаж, аж ахуй эрхлэх зөвшөөрлийг тус тусад нь олгох замаар төмөр замын сүлжээнд зөвшөөрөл бүхий компаниуд адил нөхцөлөөр ажиллах бололцоог хангах. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын эрх бүхий этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр "Улаанбаатар төмөр зам" ХК-ийг галт тэрэгний, замын дэд бүтцийн, тээвэр зуучлалын болон бусад үйлчилгээний гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол-Оросын хамтарсан, бие даасан компаниуд болгон хуваах;
11.1.4.төмөр замын дэд бүтцийн үйл ажиллагааг бие даалгаж байгаатай холбогдуулан гадаад дотоодын этгээдүүдээс өөрийн эзэмшлийн ачааны болон суудлын вагоноор монголын төмөр замыг ашиглан ажил, үйлчилгээ явуулах бололцоог бий болгох;
11.1.5.Япон болон бусад хандивлагч орнуудаас Монгол Улсын Засгийн газарт олгосон зээл тусламж, Монголын талын хөрөнгөөр төмөр замын салбарт бий болсон хөрөнгийн өмчлөлийн асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж, цаашид ийм төрлийн хөрөнгө оруулалт хийхдээ өмчлөлийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх журамд шилжих.
Арван хоёр.Нийтийн аж ахуйн салбарт хийх
хувьчлал, өөрчлөн байгуулалт
12.1.Нийтийн аж ахуйн салбарт хийх хувьчлал, өөрчлөн байгуулалтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
12.1.1.нийтийн аж ахуйн салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж байгаатай уялдуулан энэ салбарт үйлчилж байсан төрийн зохицуулалтыг бие даасан зохицуулалтын тогтолцоонд шилжүүлэх өөрчлөлт хийх;
12.1.2.энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг арилжааны горимд шилжүүлэх үүднээс ойрын үед тэдгээрийг компанийн хэлбэрт шилжүүлэх;
12.1.3.тус салбарын боломжтой зарим хэсэгт өрсөлдөөний орчныг бий болгох зорилгоор цэвэр, бохир ус, дулааны нэгдсэн сүлжээгээр үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж нь дамжуулж байгаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, борлуулах, түгээх үйл ажиллагаа эрхлэхгүй, харин өөрийн шугамаар дамжуулахаас бусад тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид ижил нөхцөлөөр үйлчилгээ үзүүлж, зохицуулагчаас тогтоосон төлбөрийг авах журамд шилжих;
12.1.4.төслийн болон бусад тусламжийн хөрөнгөөр байгуулж байгаа худгуудын өмчлөлийн асуудлыг санхүүжүүлэгч байгууллагатай хамтран шийдвэрлэх;
12.1.5.нийтийн аж ахуй, үйлчилгээний салбарт хамаарах аж ахуйн нэгж, байгууллага орон нутгийн өмчид шилжсэн тул тус салбар дахь хувьчлал, өөрчлөн байгуулалтын асуудлыг тухайн орон нутгийн онцлогт тохируулан Үндсэн чиглэл болон тухайн жилд Засгийн газраас баталсан хөтөлбөр, чиглэлийг баримтлан Төрийн өмчийн хороотой зөвшилцсөний үндсэн дээр аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэрлэн явуулах.
Арвангурав. Тодорхой аж ахуйн нэгжийн хувьчлал
13.1.Дараахь аж ахуйн нэгжүүдийг Үндсэн чиглэлийн Хоёр дугаар бүлэгт заасан нийтлэг зарчмыг баримтлан дараахь байдлаар хувьчилна:
13.1.1."Говь" ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар, стратегийн хөрөнгө оруулагчид хувьчлах;
13.1.2."Булигаар" ХК-ийн Монголбанкинд төлөх өр болон хувьцааны эзэмшилтэй холбоотой зөрчлийг тодруулах, улмаар нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;
13.1.3."Монгол-Амикал" ХХК-ийн зарим тоног төхөөрөмжийг "Монгол тэмээний ноос" ТӨҮГ одоогоор ашиглаж байгааг харгалзан "Монгол-Амикал" ХХК-ийн өрийн асуудлыг шийдвэрлэсний дараа "Монгол тэмээний ноос" ТӨҮГ-ыг дуудлагын худалдаагаар худалдах;
13.1.4."Дарханмахэкспо" ХК-ийн өмчлөлийн асуудлыг Япон улсын Засгийн газартай тохиролцож зохицуулсны дараа төрийн эзэмшлийн хувьцааг дуудлагын худалдаагаар худалдах;
13.1.5."Ган тээрэм" ХК-ийг дуудлагын худалдаагаар худалдах;
13.1.6."Монголболгаргео" ХХК-ийн Монголын талын хувийг ашигт малтмалын нөөцийн үлдэгдэлтэй нь уялдуулан дахин үнэлж эхний ээлжинд Болгар Улсын талд санал болгох замаар хувьчлах;
13.1.7."Монголчехословакметалл" хамтарсан үйлдвэрийн Монголын талын хувийг ашигт малтмалын нөөцийн үлдэгдэлтэй нь уялдуулан дахин үнэлж эхний ээлжинд Чех Улсын талд санал болгох замаар хувьчлах;
13.1.8."Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨҮГ-ын гадаад зээлийн өрийн үлдэгдлийг баталгаажуулан, үлдэгдлийн дүнгээр буцаан төлөлтийн гэрээ байгуулсны дараа олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;
13.1.9."Аэрогеодези" ТӨХК, "Зураг зүй" ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр технологийг шинэчлэх нөхцөлөөр нэмэлт хөрөнгө оруулалт хийх замаар хувьчлах, хөрөнгө оруулалт хийх этгээдийг уралдаант шалгаруулалтын аргаар шалгаруулах;
13.1.10.Геодези, зураг зүйн мэдээллийн санг төрийн өмчид үлдээж, нийтлэг журмаар ашиглах бололцоог хангах;
13.1.11."Ховд цемент" ТӨҮГ-ыг дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулж, зээлийн өрийн үлдэгдлийг баталгаажуулан балансад нь тусгасны дараа хувьчлах;
13.1.12.Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн хувьчлалын бэлтгэл ажлын хүрээнд өрийн асуудлыг хөнгөлөх арга хэмжээ авсны дараа нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах ;
13.1.13."Монголросцветмет" нэгдлийг үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, удирдлагын бүтцийг оновчтой болгох, үр ашгийг дээшлүүлэх, тэдгээрийг түшиглэсэн хот, тосгодын соёл, боловсрол, үйлчилгээний зориулалттай нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх нөхцөлөөр хувьчлах, өөрчлөн байгуулах саналыг ОХУ-ын эрх бүхий этгээдэд тавьж зөвшилцөх;
13.1.14."Эрдэнэ зам" ХК-ийг нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;
13.1.15."Авто импекс" ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг төсөвт төлөх гадаад болон дотоод зээлийн өрийн асуудалтай хамт авч үзэж, буцаан төлөлтийн гэрээ байгуулсны дараа хувьчлах.
Арвандөрөв. Санхүүгийн салбарын төрийн өмчийн
байгууллагуудад хийх хувьчлал,
өөрчлөн байгуулалт
14.1.Санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн байгууллагуудын хувьчлал, өөрчлөн байгуулалтын талаар дараахь чиглэл баримтлана:
14.1.1."Хадгаламжийн банк"-ийг олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;
14.1.2."Капитал банк" дахь төрийн эзэмшлийн /8.72 хувь/ хувьцааг нийтийн дуудлагын худалдаагаар худалдах.
14.2.Үнэт цаасны зах зээл, Хөрөнгийн биржийн ажиллагааг хөнгөн шуурхай, уян хатан, өрсөлдөөнтэй болгох чиглэлээр дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ:
14.2.1.биржийн үйл ажиллагаанд банк болон мэргэжлийн бусад байгууллага оролцох боломжийг бүрдүүлэх;
14.2.2. жил бүр хувьчлагдах төрийн өмчийн компаниудын худалдах хувьцааны 50-иас доошгүй хувийг /200.0 сая төгрөгөөс доошгүй/ биржээр дамжуулан арилжих замаар түүний үйл ажиллагааг төрөөс дэмжих;
14.2.3.биржийн үйлчилгээний тарифийг эрэлт, нийлүүлэлтийн хэрэгцээнд нийцүүлэн оновчтой болгох;
14.2.4.биржээр арилжаалагддаг хувьцааны нэр хүндийг өсгөх, хувьцаагаа биржээр дамжуулан худалдах сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор биржийн бүртгэлийн шаардлагыг шинэчлэн тогтоох, шаардлага хангахгүй байгаа биржээр хувьцаагаа арилжаалдаг компанийг нийтэд зарлан бүртгэлээс хасах. Компанийн үйл ажиллагааг нийтэд ил тод болгож, санхүү бүртгэлийн системээ сайжруулах шаардлагыг өндөржүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид сонголт зөв хийх боломж бүрдүүлж, хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр олох магадлалыг нэмэгдүүлэх. Энэ чиглэлээр биржийн ажиллагааг сайжруулахад төрөөс туслалцаа үзүүлэх;
14.2.5.үнэт цаасны биржээс гадна үнэт цаас арилжаалах альтернатив зах зээл бий болгох, үүнтэй холбогдуулан тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
14.2.6.компанийн үнэт цаас, түүнчлэн Засгийн газрын болон орон нутгийн бонд зэрэг төрөл бүрийн үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхэд гол анхаарлыг төвлөрүүлж, энэ талаархи эрх зүйн болон арга зүйн зөвлөлгөө өгөх орчныг бүрдүүлэх ажиллагааг төрөөс дэмжих;
14.2.7.эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын санг арилжааны хэлбэрт шилжүүлэх, тус сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглах бололцоог бий болгох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх;
14.2.8.эрүүл мэндийн болон нийгмийн сайн дурын даатгалын тогтолцоог бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх;
14.2.9.нээлттэй тендер зарлах замаар Хөрөнгийн биржийн удирдах үйл ажиллагааг гадаадын менежментийн багаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх.
Арвантав. Нийгмийн салбарт хийх хувьчлал, өөрчлөн байгуулалт
Нийгмийн салбарт өөрчлөн байгуулалт, хувьчлалыг хийхдээ Монгол Улсын Их Хурлын 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 56 дугаар тогтоолоор баталсан Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэлийг баримтална.
Арванзургаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт
хийх хувьчлал, өөрчлөн байгуулалт
16.1. Хувьчлал, өөрчлөн байгуулалтын хүрээнд боловсролын салбарт дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
16.1.1.төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүгийн болон үйл ажиллагааны бие даасан байдлыг өргөтгөж, зарим сургуулийн чиглэлийг нь өөрчлөхгүйгээр, нэмэлт хөрөнгө оруулах нөхцөлтэйгөөр өөрчлөн зохион байгуулах ажлыг төрийн бодлоготой уялдуулан шийдвэрлэх;
16.1.2.суралцагсад, иргэдийг их, дээд сургууль, коллежийн үйл ажиллагааны талаархи мэдээллээр хангах үүднээс тодорхой үзүүлэлтээр зэрэглэл тогтоож, нийтэд мэдээлэх тогтолцоог бий болгох;
16.1.3.боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагуудын эзэмшил газарт тооллого явуулж, шинэчлэн баталгаажуулах;
16.1.4. боловсрол, шинжлэх ухааны байгууллагыг хотхоны хэлбэрээр хөгжүүлэх нөхцөл бүрдүүлэх.
16.2. Соёл, урлагийн салбарыг өөрчлөн байгуулах чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
16.2.1. төсвийн зардлыг багасгах, үйл ажиллагааны үндсэн чиглэл болон үзмэрийнх нь төрийн өмчийн харьяаллыг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгөөр зарим музейг тухайн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус болон төрөлжсөн мэргэжлийн байгууллагад шилжүүлэх бодлогыг баримтлах;
16.2.2.Улсын цирк болон "Монгол кино" нэгтгэл ТӨҮГ-ын /баримтат кино студиэс бусад/ удирдах үйл ажиллагааг уралдаант шалгаруулалтаар сонгосон удирдлагын багаар гүйцэтгүүлж, менежментийн үр дүнг харгалзан хувьчлах;
16.2.3.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн орон нутгийн урлагийн байгууллагад хийх бүтцийн өөрчлөлтийг тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран зохион байгуулах.
16.3. Шинжлэх ухааны салбарын хувьчлал, өөрчлөн байгуулалтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
16.3.1.корпорациудыг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;
16.3.2.арьс шир, модон эдлэлийн үйлдвэрлэлийн чиглэлийн жижиг, дунд үйлдвэрийн техник технологийг хөгжүүлэх, хандивлагч орнуудаас үзүүлж байгаа туслалцааны үр ашгийг сайжруулах зорилгоор ""Армоно" хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпорацийн Арьс шир судлалын төвийг байранд нь үлдээж, Ой, модны эрдэм судлалын төвийг байрных нь хамт Шинжлэх ухаан технологийн их сургуульд шилжүүлэн, Ой, модны технологийн тэнхимтэй нэгтгэж Ой, модны салбарын сургалт-судалгааны төв болгон өөрчлөн байгуулах.
/Энэ заалтад 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 57 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон/
Арван долоо.Эрүүл мэндийн салбарт өөрчлөн
байгуулалтын хүрээнд хийх ажил
17.1.Эрүүл мэндийн салбарын хувьчлал, өөрчлөн байгуулалтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
17.1.1.улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг клиникийн эмнэлэг болон төрөлжсөн нарийн мэргэжлийн төвүүд, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, түүнтэй адилтгах эмнэлгийн амбулатори, поликлиникт ажиллаж байгаа эмч нар өөрийн ажиллаж байгаа эмнэлэг, төв дотроо эмнэлгийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх;
17.1.2.эмнэлгийн туслах чанарын үйлчилгээг мэргэшсэн, төрөлжсөн байгууллагуудаар гүйцэтгэлийн гэрээгээр гүйцэтгүүлэх чиглэл баримтлах, ингэхдээ үйлчилгээгээр төрөлжсөн аж ахуйн нэгжийн хэлбэрээр хөгжүүлэх нөхцөл, боломжийг судлан тогтоох;
17.1.3.өрхийн эмнэлгийн статусыг тодорхой болгох, нөхөн сэргээх болон нэмэлт үйлчилгээг төлбөртэй болгох асуудлыг судлан шийдвэрлэх;
17.1.4.өрхийн эмнэлэгт барилга, тоног төхөөрөмжийг гүйцэтгэлийн гэрээгээр эзэмшүүлэх журамд шилжих;
17.1.5.Шастиний нэрэмжит III эмнэлгийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр, удирдах үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах;
17.1.6.Клиникийн I, II эмнэлэг болон "Биотехнологийн үйлдвэр, судалгаа, сургалтын төв"-ийн удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх;
17.1.7."Хужирт", "Шаргалжуут" рашаан сувиллын газруудыг үйлчилгээний чиглэлийг нь өөрчлөхгүйгээр нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр уралдаант шалгаруулалтын аргаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хувьчлах;
17.1.8."Монголэмимпекс" ХК-ийн гадаад зээлийн өрийн үлдэгдлийг баталгаажуулан, үлдэгдлийн дүнгээр буцаан төлөлтийн гэрээ байгуулсны дараа төрийн мэдлийн хувьцааг эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн хүрээнд хязгаартай дуудлагын худалдаагаар худалдах;
17.1.9.Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн түрээсээр ашиглуулж байгаа хуучин байруудыг тэдгээрт оруулсан хөрөнгө оруулалтыг тооцон дуудлагын худалдаагаар худалдах;
17.1.10.нийслэлийн зарим дүүргийн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт болон үйл ажиллагааг төрөлжүүлэх чиглэлээр өөрчлөх асуудлыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран шийдвэрлэх;
17.1.11.төв лабораторийг нь оролцуулахгүйгээр "Оргил" рашаан сувиллыг удирдах үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах.
Арваннайм. Биеийн тамир, спортын салбарын өөрчлөн байгуулалт
18.1.Биеийн тамир, спортын салбарын өөрчлөн байгуулалтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
18.1.1.Биеийн тамир спортын төв ордныг зориулалтынх нь дагуу ашиглах, улсын төсвийн санхүүжилтийг хэмнэх нөхцөлтэйгөөр удирдах үйл ажиллагааг нь удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх;
18.1.2.төрийн өмчийн биеийн тамир, спортын заал, танхимуудыг зориулалтынх нь дагуу ашиглах нөхцөлтэйгөөр уралдаант шалгаруулалтын аргаар мэргэжлийн клубуудад хувьчлах.
Арванес. Бусад аж ахуйн нэгж, байгууллага,
үл хөдлөх хөрөнгийн хувьчлал
19.1.Энэ Үндсэн чиглэлд дурдсанаас бусад салбарт төрийн өмчийг хувьчлахад дараахь зарчмыг баримтална:
19.1.1.хувьчлалд хамрагдах аж ахуйн нэгж, эд хөрөнгийн нэр төрөл, хэмжээ, хувьчлах арга хэлбэрийг үйл ажиллагааных нь онцлог байдал, улс орны эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан Засгийн газар шийдвэрлэх;
19.1.2.тухайн жилд хувьчлах аж ахуйн нэгжийг сонгохдоо улсын төсөвт оруулах орлого, хувьчлалын бэлтгэл хангагдсан байдлыг үндэслэх;
19.1.3.гадаад орнуудаас Монгол Улсын Засгийн газарт олгосон тусламж, хөнгөлөлттэй зээлийг ашиглаж байгаа аж ахуйн нэгжийн тухайд зээл, тусламжийн асуудлыг шийдвэрлэсний дараа хувьчлах асуудлыг шийдвэрлэх;
19.1.4.төрийн өмчит үйлдвэрийн газрыг Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаат компанийн хэлбэрээр өөрчлөн зохион байгуулсны үндсэн дээр хувьчлах.
----------оОо----------
Текст томруулах
A
A
A