A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 2005 оны
68 дугаар тогтоолын хавсралт
 
  ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2006 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
 
            Төрөөс мөнгөний бодлогын талаар дараахь үндсэн чиглэлийг баримтална:
 
            1.Шатахууны үнэ хэт өсөхгүй тохиолдолд хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцийг жилийн 7 хувьд байлгана.
 
            2.Зээлийн хүүгийн бүтцийг нарийвчлан судалсны үндсэн дээр  заавал байлгах нөөцийн хэмжээ, хүүгийн бодлого, хүүгийн зөрүүгийн хяналт зэрэг аргуудыг хэрэгжүүлж, хүүг бууруулах арга хэмжээ авна.
 
3. Экспортыг дэмжих, хөрөнгө оруулалтын зээл, санхүүгийн түрээсийн зах зээлийг хөгжүүлэх эрх зүй болон эдийн засгийн орчин бүрдүүлж, ажлын байр бий болгох хөтөлбөрийг санхүүжүүлэх бодлогыг дэмжинэ.
 
4.Санхүүгийн гэрээ, хэлцлийн хугацааг уртасган, санхүүгийн зуучлал явуулж байгаа этгээдэд нэгдсэн байдлаар хяналт тавих тогтолцоо бүрдүүлэн, банк, санхүүгийн салбарын тогтворжилтыг үргэлжлүүлэн гүнзгийрүүлнэ.
 
            5.Гадаад зах зээлээс урт хугацааны санхүүгийн эх үүсвэр татах замаар хөрөнгө оруулалт, худалдааг идэвхжүүлэх арга хэмжээ авна.
 
            6.Нийгмийн чухал ач холбогдол бүхий ипотекийн зах зээлийг гүнзгийрүүлнэ.
 
            7.Санхүүгийн зуучлалын зохистой удирдлага, эрсдэлийн хяналтын талаар гарсан шинэлэг ололтыг дэмжин, Банкны тухай хуульд заасан арилжааны банкинд тавих шаардлагад өөрчлөлт оруулна.
 
            8. Хөдөө орон нутагт өрсөлдөөнт санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, бичил санхүүгийн үйлчилгээний хүрээг өргөтгөх бодлогын дорвитой арга хэмжээ хэрэгжүүлнэ.
 
            9. Монголбанкнаас арилжааны банкуудын активын чанар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, тэнцлийн гадуурх хүлээж болзошгүй үүргүүдэд тавих хяналтыг сайжруулж, банкуудын дотоод хяналтын чадавхийг бэхжүүлнэ.
 
            10. Хадгаламж, зээлийн хоршооны санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлж, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авна.
 
11. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх ажлын хүрээнд банк, санхүү болон хууль хяналтын байгууллага хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлнэ.
 
            12. Алт, валютын зах зээлийн арилжааны нөөц боломжийг судлан, гадаад зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлнэ.
 
            13. Хадгаламжийн даатгалын эрх зүйн орчинг бүрдүүлэх, банкны нягтлан бодох бүртгэлийг олон улсын жишигт нийцүүлэх, мэдээллийн үнэн зөв, нээлттэй байдлыг хангана.
 
            14. Монгол Улсын Их Хурлаас Монголбанкинд тавих хяналтыг тогтмолжуулж, Монголбанкны үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулна.
 
 
 
 
 
 
…оОо…