- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Улсын Их Хурлын 2003 оны
41 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Оршил
ХӨТӨЛБӨРИЙН YНДЭСЛЭЛ, ЗОРИЛГО
1. Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсч Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг бүрэн хүлээн зөвшөөрч, улмаар "Иргэний болон улс төрийн эрхийн тухай", "Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай" олон улсын Пакт зэрэг хүний эрхийн талаархи НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудын олон улсын 30 гаруй гэрээнд нэгдэн орж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх үйлсэд зохих амжилт олсоор ирэв.
1992 оны Үндсэн хуульд Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, эрх зүйн этгээд байх, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхахгүй байх зарчим, хүний салшгүй эрхүүдийг баталгаажуулсан юм. Түүнчлэн Монгол Улсын иргэн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, шууд болон төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, түүнчлэн итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөтэй байх, эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий хандахаас хамгаалуулах болон бусад эрх, эрх чөлөөг Олон Улсын хүний эрхийн Биллд нийцүүлэн тунхагласан билээ.
2. Үндсэн Хуульд заасан ёсоор төр нь хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээсэн байна. Засаг төр энэ үүргээ хэрэгжүүлж, хүний ба иргэний эрх, эрх чөлөөг хангах баталгааг өргөтгөн бэхжүүлэх талаар сүүлийн жилүүдэд дорвитой алхмууд хийв. Улс төрийн олон ургальч ёс, олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрч, төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмаар засаг төрийн байгууллагын тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёсыг тогтоож, хүний аюулгүй байдлыг хангах, хувийн өмчтэй болгож, нийгмийг зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх зэрэг нь хүний эрх, эрх чөлөөг хангах таатай орчин нөхцөл бүрдүүлж байна. Улс төр, эдийн засаг, нийгэм, оюуны хүрээнд хийж буй ардчилсан шинэтгэл хүний эрх, эрх чөлөөг хангах баталгаа, боломжийг улам өргөтгөх хэтийн сайхан төлөвийг нээж байна.
Гэвч өмнөх нийгмийн байгууллын гажуудал, хоцрогдлоос үүдсэн хямралт байдлаас гадна ядуурал, ажилгүйдэл, засаг төрийн байгууллагын үйл ажиллагааны арга барилын хоцрогдол, ардчилалд гүнзгий суралцаж амжаагүй зэрэг нөхцөл, бэрхшээлийн улмаас хүний эрх зөрчигдөх, иргэн үүргээ умартах явдал гарсаар байна.
Монгол Улсын Засгийн газар НҮБ – ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран нийт аймаг, нийслэлийн хэмжээнд 2001 онд хүний эрхийн төлөв байдлын асуудлаар явуулсан судалгаа, Хүний эрхийн Yндэсний Комиссын 2001, 2002 оны тайлан, дүгнэлт хүний эрхийн хүрээнд зөрчил дутагдал гарч байгааг нотолсон юм.
Монгол Улс Вена хотноо 1993 онд болсон НҮБ-ын Хүний эрхийн дэлхий дахины бага хуралд оролцож, улс орнууд хүний эрхийг хангах үндэсний зохих баримт бичиг батлан хэрэгжүүлэх тухай тунхаглалыг нь дэмжиж, үүрэг хүлээсэн билээ.
Монгол Улсын Засгийн газар 1998 онд НҮБ-тай хүний эрхийн харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурж, хүний эрхийг хангах, хамгаалах хүрээнд идэвхтэй ажиллахаа нотолсон юм.
Хүний эрхийг хангах, хамгаалах талаар иргэд, төрийн бус байгууллагуудын санал, санаачлага, үйл ажиллагаа ихээхэн өргөжин нэмэгдэх боллоо.
Засгийн газрын санаачлагаар 2000 оны 12 дугаар сарын 10–нд Улаанбаатар хотноо төрийн байгууллага, иргэний нийгмийн оролцоотойгоор Хүний эрхийн үндэсний бага хурал зохион байгуулж, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээ Засгийн газар илэрхийлсэн юм. Уг санаачлагыг Бага хурал санал нэгтэй дэмжиж, уг хөтөлбөрийг нийгмийн зөвшилцлийн үндсэн дээр боловсруулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнийг НҮБ хөхүүлэн дэмжиж, хөтөлбөр боловсруулах санхүү, техникийн туслалцаа үзүүлж, хамтран ажилласан билээ.
Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа "Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр боловсруулах төсөл" – ийн хүрээнд нийт аймаг, нийслэлийг хамруулан хүний эрхийн төлөв байдлын талаар дэлгэрэнгүй судалгааг явуулсан юм. Судалгаа Монгол Улсад хүний эрх дотоодын болон олон улсын хүний эрхийн хэм хэмжээгээр тогтоосон түвшинд хангагдахгүй, зөрчигдөх үзэгдэл түгээмэл байгааг харуулсан байна. Улс орны эдийн засгийн буурай байдал, ажилгүйдэл, ядуурал, хүмүүсийн эрх зүйн боловсролын түвшин хангалтгүй зэрэг олон хүчин зүйл хүний эрх зөрчигдөх бодит нөхцөл шалтгаан болж байна.
Хүний хувийн эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгаажуулахад шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүх, шүүгчдийг дагнан мэргэжүүлэх, тэдний мэдлэг, мэргэжлийг сайжруулах, анхан шатны шүүхийг байршлын хувьд иргэдэд ойртуулах, дагнасан шүүх байгуулах, шүүгчдийн тоог нэмж мэргэшүүлэх хэлбэрээр шүүхийн хүртээмжийг дээшлүүлэн иргэд шүүхэд гомдлоо гаргах бололцоог өргөтгөх явдал юуны өмнө чухал байна.
Нийгмийн улс төрийн харилцаа, засаг төрийг удирдах, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж, янз бүрийн түвшний шийдвэр гаргахад болон төрийн байгууллага, албан тушаалтныг сонгох сонгуульд бие даан чөлөөтэй оролцох эрхийг бодитой хангах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд бэрхшээл учруулах, ялгаварлан гадуурхах аливаа илрэлийг арилгаж, энэ бүх хүрээнд иргэдийн эрх тэгш байдлыг төлөвшүүлэх явдал шаардагдаж байна.
Боловсролын тогтолцоо, сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгож, иргэдийн ерөнхий боловсролын болон эрх зүйн мэдлэгийн түвшинг цаашид дээшлүүлэн эрхээ эдлэх, хамгаалах чадвар эзэмшүүлэхэд чиглүүлэх шаардлага тавигдаж байна. Соёл түгээх уламжлалт арга механизмыг орчин үеийн мэдээллийн технологитой хослуулан ашиглах замаар хүний мэдээлэл авах, соёл урлаг, шинжлэх ухааны бүтээл, туурвилтай танилцах, ашиглах боломжийг өргөжүүлэх, хөдөөгийн хөдөлмөрчдөд зориулсан мэдээлэл, соёлын үйлчилгээг сайжруулж, нэмэгдүүлэх зохицуулалт үгүйлэгдэж байна.
Хүрээлэн буй орчны бохирдол, хүнсний баталгаагүй байдал, хүн амын хорт хавдар, зїрх судасны болон зарим тєрлийн халдварт євчин буурахгүй байгаа бодит байдал хүний эрүүл аж төрөх эрхийн хэрэгжилтийг хангах асуудалд онцгой анхаарал хандуулах үндэс болж байна.
Хүн ам хот, төвлөрсөн газар шилжин суурьших явц эрчимтэй өрнөж байгаа өнөө үед иргэдийн чөлөөтэй зорчих, оршин суух газраа сонгох эрхийг хуульчлан тогтоох явдал зайлшгүй болж байна.
Нийгмийн хангамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ, үйлчилгээний чанар, төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага, ажилгүйдэл, ядуурал тогтвортой буурахгүй байгаа өнөө үед иргэдийн төрөөс эд материалын туслалцаа авах, нийгмийн хамгаалал хүртэх эрх зүй ёсоор урган гарч байна.
Тусгай хэрэгцээ, онцлог эрх ашиг бүхий хүмүүсийг нийгэмд ялгаварлан гадуурхахаас хамгаалах, эрхээ эдлэх нөхцөл бололцоог хангах эрх зүйн зохицуулалт, орчин нөхцөл, нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх нь чухал байна.
Эдгээр болон бусад олон асуудал хүний эрхийг хангах, хамгаалах үндэсний цогц эрх зүйн баримт бичиг батлан хэрэгжүүлэх нийгмийн шаардлага болсон юм.
3.Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг боловсруулахдаа НҮБ-ын хүний эрхийн баримт бичгүүд, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн үндэслэл болон 2001 онд хүний эрхийн төлөв байдлын талаар улсын хэмжээнд хийгдсэн дэлгэрэнгүй судалгаа, нийслэл болон 21 аймгийн тус тусын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан гаргасан Хүний эрхийг хангах арга хэмжээний дундаж хугацааны төлөвлөгөөг иш үндэс болгож, бусад орны жишгийг харгалзан үзсэн. Хөтөлбөрийн төслийг боловсруулахад төр, захиргаа, шүүх эрх мэдлийн байгууллагууд, Хүний эрхийн Yндэсний Комисс, хувийн хэвшлийн болон шинжилгээ судалгааны ажилтнууд, төрийн бус байгууллагууд идэвхтэй оролцсон болно.
4.Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр нь төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангах баталгаа – механизмыг бүрдүүлэх, уул эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг тууштай, үр нөлөөтэй хэрэгжүүлэх үйлсэд засаг төрийн байгууллага, албан тушаалтны санаачлага, хариуцлагыг дээшлүүлэн, иргэний нийгэм, юуны өмнө нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллага, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувийн хэвшлийн оролцоог өргөтгөн, үр нөлөөг нь сайжруулах, иргэдийн санаачлагыг өрнүүлэх чиглэл, арга замыг тодорхойлсон баримт бичиг мөн. Ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны жам ёсонд нийцүүлэн нийгэм, төрийн байгуулал, хүний үндсэн эрх, эрх чөлөө, орон нутгийн удирдлагын тогтолцоо, соёл – оюуны зэрэг нийгмийн бүх харилцааг шинэтгэж, төрөөс хүний эрхийг хангах зохион байгуулалт, эрх зүйн баталгааг өргөтгөн, зохистой механизмыг бүрдүүлэх явдал үндэсний хөтөлбөрийн нэн тэргүүний зорилт болж байна.
Үндэсний хөтөлбөрийг Засгийн газар 2003 оноос дөрөв, дөрвөн жилээр тодотгосон төлөвлөгөөтэйгээр эрхлэн хэрэгжүүлэх болно.
Нэгдүгээр бүлэг
ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ЧАДАВХИЙГ
ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ
1.1.Хүний эрхийг хангах үндэсний механизмыг бэхжүүлэх үйл ажиллагаа
Хүний эрхийг хангах үндэсний механизмд:
· хууль тогтоох болон бүх шатны гүйцэтгэх байгууллага;
· Хүний эрхийн Yндэсний Комисс, шүүх, прокурор, өмгөөлөх мэт хүний эрхийг хангах шууд үүрэг зорилго бүхий төрөлжсөн байгууллагууд;
· нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг оролцуулан иргэний нийгмийн бүх байгууллага, хөдөлгөөн, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл;
· бүх төрлийн бизнес эрхлэгч хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа;
· хүний эрхийг хангах, хамгаалах ажлын алба, тэдгээртэй адилтгах дотоодын хэрэглүүрүүд.
Механизмын эдгээр бүрдэл хэсгийн чадавхи, хүний эрхийг сахин биелүүлэх, бэхжүүлэх, хамгаалах, хангах (цаашид "Хүний эрхийг хангах" гэх) үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх арга зам, үүрэг хариуцлагыг дор тодорхойлж байна:
1.1.1. Монгол Улсын Их Хурал нь хүний эрхийг хангах бодлогыг тодорхойлж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Засгийн газраас хүний эрхийн хүрээнд явуулж байгаа үйл ажиллагааг хянан шалгах, шүүх эрх мэдлийн хүрээний бодлогыг хууль тогтоох замаар тодорхойлох, энэ бүхэнд иргэд, тэдний олон төрлийн байгууллагын санал, оролцоог өргөтгөх замаар хүний эрхийг хангахад чиглүүлэгч, шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэнэ. Энэ үүднээс Улсын Их Хурал нь:
1.1.1.1. Хүний эрхийг баталгаажуулах, хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүн эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх эрх зүйн орчинг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд тулгуурлан цогцоор бүрдүүлнэ.
1.1.1.2. Монгол Улсын хууль тогтоомжийг судалж, Yндсэн хуульд нийцүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд хүний эрхийн талаархи Үндсэн хуулийн үзэл баримтлалыг гуйвалтгүй мөрдлөг болгож, хүний эрхийг зөрчиж байгаа эсэхэд Үндсэн хуулийн цэц, бусад шүүхээс тавих хяналтыг хүч, нөлөөтэй болгоно.
1.1.1.3. НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудаас гаргасан хүний эрхийн гэрээ, конвенцид нэгдэн орохыг дэмжих, тэдгээрийг соёрхон батлах, хэрэгжүүлэх, тайлагнах журмыг нарийвчлан тогтоож хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
1.1.1.4. Хүний салшгүй эрхээс бусад эрхийг хөндөх зайлшгүй тохиолдол буюу үндэслэл, журмыг зөвхөн хуулиар тогтоож, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын Үндсэн хууль, бусад хуулийн заалтад харшилсан акт, хэм хэмжээг мөрдүүлэхийг хориглон зогсоох механизм бүрдүүлнэ.
1.1.1.5. Хүний эрхийн талаархи хууль тогтоомж, хоёр болон олон талт гэрээ, хэлэлцээрийн биелэлт, энэ талаар Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг тогтмолжуулж, үр нөлөөг нь дээшлүүлнэ .
1.1.1.6. Хүний эрхийн талаархи Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн биелэлтийн талаархи яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын тайланг нэгтгэн Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэн дүгнэж, зөрчлийг арилгах арга хэмжээ авч байна.
1.1.1.7. Улсын Их Хурлын дотоод механизмын хувьд Хүний эрхийн дэд хороог бие даасан хороо болгож, хуулийн төсөл, Улсын Их Хурлаас соёрхон батлах, нэгдэн орох олон улсын гэрээ, конвенц бүрт хүний эрхийн үүднээс дүгнэлт гаргаж чуулганд оруулдаг, тэдгээрийг дагаж мөрдөж буйд хяналт шалгалт хийдэг болгох зэргээр эрхийг нь өргөтгөнө.
1.1.1.8. Улсын Их Хурлын Байнгын хороо бүр хариуцсан салбар, хүрээний хуулийн төсөл, олон улсын гэрээнд хүний эрхийн асуудлаар дүгнэлт гаргадаг, түүндээ судлаач, мэргэжилтний саналыг авч тусгадаг механизм бүрдүүлнэ.
1.1.1.9. Улсын Их Хурал төрийн бус байгууллагуудтай хүний эрхийн асуудлаар идэвхтэй хамтран ажиллах, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
1.1.1.10. Хүний эрхийн тодорхой асуудлыг улсын хэмжээнд зарчмын хувьд өөрчлөн шийдвэрлэхдээ зохих судалгааны үндсэн дээр төслөөр иргэдийн санал авах практик нэвтрүүлнэ.
1.1.1.11. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны болон байнгын хороодын хуралдааны тэмдэглэлийг олон нийт болон сонирхсон этгээдэд нээлттэй, хүртээмжтэй болгох, хүний эрхийн асуудал, түүний дотор Хүний эрхийн Yндэсний Комиссын илтгэлийг жил бүр Улсын Их Хурлын чуулганаар төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэхээс өмнө нээлттэй хэлэлцэж, явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж, хүний эрхийн төлөв байдлын мэдээллийг жил бүр нийтэлж байна.
1.1.1.12. Хүний эрхийг хангах санхүү - эдийн засгийн баталгааг сайжруулахад албан татвар, төрийн нэгдсэн төсвийн бодлого, үйл ажиллагааг чиглүүлж, төсвөөр дамжуулан хүн амд үзүүлэх нийтийн үйлчилгээг хүртээмжтэй, тэгш шударга болгоно.
1.1.1.13. Улсын Их Хурал хүний эрхийг хангах бүхий л үйл ажиллагаандаа төрийн эрх мэдлийг хуваарилах, хууль дээдлэх зарчмыг тууштай удирдлага болгож, засаг төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдээс тавих хяналтыг хүч, үр нөлөөтэй болгоно.
1.1.2. Засгийн газар нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагын хувьд хүний эрх, эрх чөлөөний талаархи хууль тогтоомж, олон улсын гэрээ, энэхүү хөтөлбөрийн биелэлтийг зохион байгуулж хангах ажлыг Улсын Их Хурлын өмнө шууд хариуцан хууль, гэрээний биелэлт, үр дүнг Улсын Их Хуралд, улмаар олон улсын гэрээний биелэлтийг НҮБ-д тогтмол тайлагнана. Засгийн газар хүний эрхийн талаархи хууль тогтоомжийн болон олон улсын гэрээний биелэлтийг хангахын тулд төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагаас явуулж буй үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн шинэтгэл хийнэ. Түүний дотор:
1.1.2.1. Хүний эрхийг хангах дотоод, гадаад нэгдсэн бодлого, нийтлэг асуудлыг Ерөнхий сайд; хүний эрхийн талаархи үндэсний хууль тогтоомжийн биелэлтийг хангах үйл ажиллагааг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн; мөн асуудлаарх олон улсын гэрээний үүргийн биелэлтийг хангах үйл ажиллагааг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн; хүний хувийн (иргэний) болон улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын тодорхой эрхүүдийг хангах нөхцөл бүрдүүлж, хамгаалан хангах үйл ажиллагааг Засгийн газрын гишүүн бүр эрхэлсэн салбар хүрээнд; хүний хувийн болон улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын тодорхой эрхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд хангах ажлыг зохион байгуулж, үр дүнг дээд шатны удирдлагын болон иргэдийн өмнө хариуцан тайлагнах үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцан үр дүнг жил бүр дүгнэж, тайлагнана.
1.1.2.2. Цагдаа, хяналт шалгалтын зэрэг захиргааны хяналт тавьж, албадлага хэрэглэдэг бүх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны үндэслэл, журмыг Үндсэн хууль, хүний эрхийн зарчимд нийцүүлэн хуульчилж, арга барилыг нь хүнийг дээдлэхэд нийцүүлэн шинэтгэх, байгууллага, ажилтныг бусдад оноосон торгуулийн мөнгөөр нь урамшуулдаг, санхүүжүүлдэг, торгууль ногдуулах төлөвлөгөө даалгавар өгдөг, гүйцэтгэлийг нь ажил дүгнэн урамшуулах шалгуур болгон хэрэглэдэг гаж буруу арга, журмыг нэн даруй хална.
1.1.2.3. Гадаад бодлого, үйл ажиллагаандаа хүний эрхийн асуудлаарх бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, хүний эрхийг хамгаалах, хөхүүлэн дэмжих бүс нутгийн механизм бүрдүүлэх чиглэл баримтлан ажиллана.
1.1.2.4. Төрийн бус байгууллагыг дэмжиж, гэрээний үндсэн дээр төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын зарим чиг үүргийг тэдгээрээр гүйцэтгүүлж, засаг төрийн нийтлэг үйлчилгээний өгөөж, хүртээмжийг сайжруулна.
1.1.2.5. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор Үндэсний хөтөлбөрийн хороог Ерөнхий сайдын дэргэд төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн тэгш төлөөлөлтэйгөөр байгуулж, эрх хэмжээг нь тогтоон тогтвортой ажиллуулна.
1.1.2.6. Хїний эрхийн боловсролын тєлєв байдал, хэрэгцээ шаардлага, хамрах хїрээг судалсны үндсэн дээр хүн ам, төрийн албан хаагчид, удирдах ажилтан, бүх шатны сургуулийн сурагч, оюутны хүний эрхийн албан ба албан бус сургалтын тогтолцоог бүрдүүлж, энэ асуудлаар үндэсний мэргэжилтэн, сургагчдыг бэлтгэх дэд хөтөлбөр гарган хэрэгжүүлнэ.
1.1.2.7. Төрийн жинхэнэ (захиргааны болон тусгай) албанд ажилтан шалгаруулахдаа хүний эрхийн боловсрол, мэдлэгийг нэгэн шалгуур үзүүлэлт болгоно.
1.1.2.8. Гүйцэтгэх эрх мэдлийн болон аж ахуйн нэгж, байгууллагын захиргаанаас хүмүүсийн үйл ажиллагаанд чирэгдэл учруулдаг зөвшөөрлийн илүүц журам тогтоох, хясан боогдуулж авилгал авах аливаа арга хэлбэртэй тууштай тэмцэнэ.
1.1.2.9. Бүх түвшинд авилгалыг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
1.1.2.10. Хїний эрхийн орчны стандартыг боловсруулж, Монгол улс дахь бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад дагаж мєрдїїлэх, ажлын байрны стандартад хїний эрхийн орчныг тусгана.
1.1.2.11. Засаг төрийн байгууллагаас хүний эрхийг хангах талаар явуулж буй үйл ажиллагаанд хяналт тавьж, ил тод болгоход олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг, бие даасан оролцоо, нөлөөллийг идэвхжүүлэх арга хэмжээ авна.
1.1.3.1. Шүүх эрх мэдлийн байгууллага нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлж, шударга, хүртээмжтэй, бүтээлч байдлыг хангаж, шүүгчийг хүний эрхийн асуудлаар мэргэшүүлэх, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааны хүнд суртал, чирэгдлийг арилгах, ялангуяа засаг захиргааны үйл ажиллагаанд тавих бүх төрлийн шүүхийн хяналтыг хүчтэй болгох замаар шүүхийг хүний эрх хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээн хангах гол механизм болгоно. Түүний дотор:
1.1.3.1.1. Шүүхийг хүн амд ойртуулж, тэднээс эрхээ хамгаалуулах, нэхэмжлэл, гомдол гаргах, шийдвэрлүүлэх боломж, нөхцлийг сайжруулах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан зарим аймагт сум буюу сум дундын шүүх шинээр байгуулах, давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар ажиллуулах асуудлыг судалж шийдвэрлэнэ.
1.1.3.1.2. Хүний эрх зөрчсөн засаг захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гарсан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулж ажиллуулна.
1.1.3.1.3. Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг идэвхжүүлж, Үндсэн хуульд заасан хүний эрх зөрчсөн тохиолдлыг шийдвэрлэхэд онцгой үүрэгтэй ажиллуулах механизм бүрдүүлнэ.
1.1.3.1.4. Шүүх болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч бусад байгууллага (прокурор, өмгөөлөх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах г.м.)-ыг өндөр мэдлэг, мэргэшилтэй, ёс зүйн шаардлага хангасан боловсон хүчнээр бэхжүүлэхэд онцгой анхаарч, хуульчид юуны өмнө шүүгчдийг сонгон шалгаруулах, давтан сургах, дагнан мэргэжүүлэх тогтолцоог хуульчлан тогтооно.
1.1.3.1.5. Шүүхүүд зардлын төсөв хүрэлцээгүйгээс өрөнд ордог гаж үзэгдлийг таслан зогсоох арга хэмжээ авна.
1.1.3.1.6. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өмгөөлөгчөө шилж сонгох, хүмүүс хууль зүйн туслалцаа авах боломжийг хангах зорилгоор өмгөөлөх байгууллагыг бэхжүүлж, түүний төвлөрлийг багасган, өмгөөлөгчдийн нэр, хаяг, утас, мэргэшлийн холбогдолтой мэдээллийн лавлагааг гаргаж хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч бүрт хүргүүлж, нийтэд түгээж байх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
1.1.3.1.7. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон захиргааны зөрчил бүхий хэрэг шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд тавих прокурорын хяналтыг хүний эрх хамгаалахад чиглүүлэх, түүний үр дүнгийн тайланг жил бүр нийтлэх зэргээр мэдээллийг ил тод болгож, хүний төлөөх хариуцлагыг нь өндөржүүлнэ.
1.1.3.1.8. Гэм буруугүй хүнийг үндэслэлгүйгээр түр саатуулах, баривчлах, хорьж мөрдөх, торгож шийтгэх зэргээр эрхийг нь ноцтой зөрчсөнд хүлээлгэх хариуцлагыг хүчтэй болгох, эрүүл мэнд, сэтгэл санааны болон эдийн хохирлыг төр хариуцан арилгах журмыг гуйвалтгүй биелүүлэхийн хамт иргэний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн шалтгаанаар хувь хүнд төрийн албадлага хэрэглэх, ял хэлэлцэхийг хориглон зогсооно.
1.1.3.2.Хүний эрхийн Yндэсний Комиссын бие даасан байдлыг бэхжүүлж, үйл ажиллагааг нь идэвхжүүлэн өргөтгөж, үр нөлөөг дээшлүүлнэ. Үүний тулд:
1.1.3.2.1. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, төрийн бусад болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагаас гаргах шийдвэр хүний эрхийг зөрчиж буй эсэхийг хянах, шаардлагатай тохиолдолд дахин боловсруулж гаргах зөвлөмж өгч, биелэлтийг хууль ёсоор шаардах эрх, боломжоор хангана.
1.1.3.2.2. Хүний эрхийн Yндэсний Комисст Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөний талаархи заалтыг зөрчсөн тухай асуудлаар иргэдээс гомдол гаргахад тэднийг төлөөлөн Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх эдлүүлнэ.
1.1.3.2.3. Улсын Их Хурлын чуулган, Байнгын хороод, Засгийн газрын хуралдаанаар хүний эрх, эрх чөлөөнд шууд холбогдох асуудлыг хэлэлцэхэд Хүний эрхийн Yндэсний Комиссын гишүүд өөрийн санаачлагаар оролцож, санал дүгнэлтээ мэдэгдэх эрхтэй болгоно.
1.1.3.2.4. Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцийн хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой заалтуудын биелэлтийн талаар НҮБ - ын холбогдох байгууллагад гаргадаг Засгийн газрын илтгэлтэй зэрэгцүүлэн "Хөндлөнгийн илтгэл" оруулж хэлэлцүүлэх боломжийг судалж, шийдвэрлэнэ.
1.1.3.2.5. Хүний эрхийн асуудлаар шүүх, прокурорын байгууллагатай харилцан үр нөлөөтэй ажиллах журмыг боловсруулж хуульчилна.
1.1.4. Нутгийн өөрөө удирдах байгууллага /аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал/ нь тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн өөрсдийн нь төлөөллийн байгууллага, шууд ардчиллын механизм болохын хувьд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дээрээ хүний эрхийг сахин хангах, хамгаалах талаар нутгийн захиргааны болон төрийн бус байгууллагуудын харилцан ажиллагааг хүн амынхаа өмнөөс уялдуулж ажиллана. Энэ зорилгоор:
1.1.4.1. Нутгийн захиргааны байгууллагуудаас хүний эрхийг хангаж байгаа байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний биелэлтийг жил бүр судалж, тайланг нь хурлаараа хэлэлцэн дүгнэж, нийтэд мэдээлж байх арга хэмжээ авна.
1.1.4.2. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны санхүү, эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, түүний дотор сумдыг өөрийн өмчтэй болгох, газар, байгалийн баялгийг хүн амын аж байдлыг дээшлүүлэх, хүний хөгжлийг хангах чиглэлээр зохистой ашиглах эрхийг өргөтгөнө.
1.1.4.3. Төсөв тус бүрийн үндсэн орлогын эх үүсвэр, хэмжээг нэмэгдүүлэх, урсгал төсвийн нормативыг үндэслэлтэй тогтоох үндсэн дээр татаасыг төсөв тус бүрт гүйцэд олгох, өөрийн орлогыг нэмэгдүүлэх зэргээр аймаг, сумдын төсвийн бие даасан байдлыг бэхжүүлж, хүн амд үзүүлэх боловсрол, эрүүл мэндийн зэрэг бусад үйлчилгээг гүйцэд хүргэж өргөжүүлэхэд нийцүүлэн бие даан зарцуулах чөлөөт байдлыг хангана.
1.1.4.4. Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг төр тууштай, бүх талаар дэмжиж, тэдгээрийн ажлын туршлагыг солилцуулах, дэлгэрүүлэх арга хэмжээ авна.
1.1.4.5. Орон нутгийн санаачлагыг дэмжих үндсэн дээр боловсрол, эрүүл мэнд, соёл, нийгмийн хамгааллын зэрэг үйлчилгээг сумдад голлон төвлөрүүлж, мэргэжлийн өндөр түвшинд үйлчлэх чадавхийг нэмэгдүүлэхийн хамт багийн түвшинд үзүүлэх үйлчилгээг хуулиар зааглан тодорхойлж хүн амд ойртуулах арга хэмжээ авна. Үүний тулд сум, багийн зохистой хэмжээг говь, хангай, хээр талын нөхцөл байдлыг харгалзан тогтооно.
1.1.4.6. Хүний эрхийн сургалт, сурталчилгаа, судалгааны болон хүн амд эрх зүйн туслалцаа үзүүлэх үүрэг зорилго бүхий сайн дурын хөдөлгөөнийг хөгжүүлэх талаар өөрөө удирдах байгууллагын гаргасан санаачлагыг аль болохоор дэмжиж, ялангуяа сум, багийн өөрөө удирдах байгууллагад зохион байгуулалт, арга зүй, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
1.1.4.7. Өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн үндсэн асуудлыг бие даан шийдвэрлэдэг байх тухай Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авна. Түүний дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүн ам, хүний болон орон нутгийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалах зорилгоор шүүхэд хандах зарчим, эрх зүйн дэглэм тогтооно.
1.1.4.8. Засаг дарга төрийг төлөөлөн ажиллахын зэрэгцээ өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдгийг иш үндэс болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүний эрхийг сахин хангах, хамгаалах, дэмжих талаар гаргах шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж, үр дүнг дээшлүүлнэ.
1.1.5. Төрийн бус байгууллагууд нь засаг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдах, шийдвэр гаргахад оролцох иргэний оролцоог өргөтгөн идэвхжүүлдгээрээ хүний эрхийг хангах механизмын нэн чухал хэсэг болно. Хүний эрх, хүний хөгжил, хүрээлэн буй орчинтой холбоотой хөтөлбөрүүдийг боловсруулах, биелүүлэх, хянан зохицуулах, үнэлэн дүгнэхтэй холбогдсон судалгаа, яриа хэлэлцүүлэг хийх, шийдвэр гаргах ажиллагаанд засаг төрийн бүх шатны байгууллага нь төрийн бус байгууллагууд, орон нутгийн үүсгэл санаачлагын бүлэглэлүүдийн хоорондын үр бүтээлч түншлэлийг хөгжүүлэх үүрэгтэй болохыг эрхэм зорилго болгож дараахь үйл ажиллагаа явуулна. Үүнд:
1.1.5.1.Төрийн бус байгууллагын сүлжээ нь орон нутгийн болон үндэсний хэмжээнд хүн ам зүй, хүрээлэн буй орчин, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд үр дүнтэй бөгөөд идэвхтэй арга хэрэгсэл болж байгааг цаашид дэмжинэ.
1.1.5.2. Хүний эрх, хөгжил, боловсрол, эрүүл мэнд зэрэг бусад аливаа асуудлаар гаргасан улс, орон нутгийн түвшний хөтөлбөр, төлөвлөгөө, үндсэн чиглэл гэхчлэн программчилсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагуудыг дүрмийн зорилтын дагуу идэвхтэй оролцуулна.
1.1.5.3. Хүний эрхийн байдлыг шинжлэн судлах, тодорхойлох, дүгнэх, тайлагнах, энэ талын мэдлэг боловсрол олгох, сургалт явуулах, хүний эрхийг хангах эдийн засаг, нийгмийн бичил нөхцөл боломжийг сайжруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх санаачлагыг аль болохоор дэмжихийн хамт зарим чухал асуудлыг судалж боловсруулах захиалга өгөх буюу тендер зарлан шалгаруулж, санхүүжүүлэн, үр дүнг засаг төрийн үйл ажиллагаанд тусгана.
1.1.5.4. Хүмүүс мэргэжлийн баримжаа олох, дахин мэргэших, ажлын байртай болох, ядуурлаас ангижирахад нь туслах зэргээр эрхээ хангахад нь дөхөм үзүүлдэг /төсөл судалгаа, мэдээлэл, арга зүй, сургалт, зөвлөгөө, зохион бүтээх, зуучлал зэрэг нийгэмд үйлчилдэг сайн дурын/ байгууллагуудын үйл ажиллагааг тухайлан дэмжинэ.
1.1.5.5. Төрийн бус байгууллага, ялангуяа хүний эрхийг хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, хөдөлгөөн мэдээлэл авах, цуглуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
1.1.5.6. Төрийн бус байгууллагууд хүний эрхийн талаархи Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн биелэлтийн талаар нэгдсэн тайлан гаргаж, Улсын Их Хуралд хөндлөнгийн илтгэлийн хэлбэрээр илгээхийг дэмжинэ.
1.1.5.7. Төрийн төв, орон нутгийн байгууллагууд хууль, шийдвэр боловсруулах, батлан гаргах, хэрэгжүүлэх ажилд төрийн бус байгууллагуудыг татан оролцуулж, тэдний санал санаачлага, зүй ёсны шүүмж шаардлагыг тусган хэрэгжүүлж, энэ тухай хагас жил тутам нийтэд мэдээлж байна.
1.1.5.8. Төрийн байгууллагын бүх түвшинд ажлынхаа шууд холбогдолтой төрийн бус байгууллагын үйл ажиллагааны байдал, санаа бодлыг тогтмол сонсож дэмжлэг үзүүлэх арга хэмжээг хөтөлбөр, шийдвэртээ тусгаж хэрэгжүүлэн дүгнэж байна.
1.1.5.9. Төрийн бус байгууллагаас засаг, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих эрхийг нь хангах талаар тус тусын харъяа газруудаас хэрхэн ажиллаж байгааг Улсын Их Хурал, Засгийн газар нэгтгэн тогтмол дүгнэж байна.
1.1.5.10. Төрийн бус байгууллагуудыг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд түшиглэн ажиллах нөхцөл бүрдүүлж, орон нутагт үйл ажиллагааг нь дэмжин идэвхижүүлэхэд зохион байгуулалт, эрх зүйн туслалцаа үзүүлнэ.
1.1.5.11. Үр бүтээлтэй харилцан ажиллах үүднээс төрийн бус байгууллагууд хууль тогтоомж, засаг төрийн бусад баримт бичигтэй танилцах боломжийг өргөтгөнө.
1.1.5.12. Төрийн бус байгууллагуудад олон улсын байгууллага, хандивлагчдын зүгээс санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэхэд нь засаг төрөөс дөхөм үзүүлж, тусална.
1.1.6. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд хүний эрх, эрх чөлөөг хангах баталгааг өргөтгөн бэхжүүлэх, тэдгээрийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх таатай орчин бүрдүүлэх үйлсэд дорвитой үүрэг гүйцэтгэнэ. Хүний эрх, мөн олон улсын хамтын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хэм хэмжээ, зарчмуудыг хувийн хэвшил нэгэн адил сахин биелүүлэх ёстойг иш үндэс болгож, тэдгээрт хууль ёсны шаардлага тавина.
Хувийн хэвшлийн гүйцэтгэх үүргийн нэг бол эдийн засгийн ололт, нийгмийн хөгжилд даацтай хувь нэмэр оруулах, өөрсдийн ажиллагчдын төдийгүй бусад хүний эрх, эрх чөлөөг хангах баталгааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах явдал мөн. Энэ бүхнийг үндэслэн хүний эрхийг хангах хүрээнд хувийн хэвшлийн талаар дараахь зорилтыг дэвшүүлж байна. Үүнд:
1.1.6.1. Хамтын ажиллагааны шинэ салбарыг илрүүлэн тогтооход Засгийн газар, олон улсын байгууллагууд болон хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлнэ.
1.1.6.2. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудаас хүний эрхийг хангах, хамгаалахад шууд чиглэсэн хүмүүнлэгийн зарим арга хэмжээг төсвөөс санхүүжүүлж, эмзэг бүлгийнхэнд тэдгээрээс үзүүлсэн хандивыг татвараас чөлөөлөх, хөнгөлөх зэргээр урамшуулан дэмжинэ.
1.1.6.3. Хувийн хэвшилд ажиллагчдын хүний эрхийн мэдлэг, эрхээ хамтран хамгаалах чадавхийг дээшлүүлж, хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн зөрчлийг тууштай бууруулж, эрх зөрчигдөхөөс сэргийлнэ. Аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахтай холбогдох заавар, журмын стандартыг хуульд нийцүүлж ажиллагчдад хүртээмжтэй болгоно.
1.1.6.4. Ашгийн болон ашгийн бус байгууллагын хүний эрх болон хөгжлийн талаархи шинэлэг хандлага, судалгаа, санаа бодол, мэдээлэл солилцох механизмыг буй болгоно.
1.1.6.5. Хувийн хэвшлээс хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, эм хэрэгслийн үр ашигтай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх болон түүнд оролцоход саад болсон үндэслэлгүй хориглол, хязгаарлалтыг илрүүлэн арилгахыг хөхүүлэн дэмжинэ.
1.1.6.6. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын эзэд, удирдах, зохион байгуулах ажилтнуудыг хүний эрхийн сургалтад тогтмол хамруулах, шалгалт сорилт явуулах журам тогтоон мөрдөнө.
1.1.6.7. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын эздээс өөрийн ажиллагчдад зориулж хүний эрхийг хангах тогтолцоо бий болгох, мэдээлэл, сургалт явуулахад нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ.
1.1.6.8. Хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журам зэрэг ажиллагчдын эрхийг хангах эрх зүйн баримт бичгүүдийг үнэн зөв болгож ажлын байранд ил тод тавьж, тэдний байнгын хяналтад байлгана.
1.1.6.9. Төрийн болон орон нутгийн төсвийн санхүүжилт бүхий худалдаа, ажил, үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулахдаа хүний эрхийг хангаж буй байдал, юуны өмнө зөрчил, түүнийг залруулсан, хохирлыг нөхөн төлсөн зэргийг шалгуур үзүүлэлт болгон хэрэглэнэ.
1.1.6.10. Аж ахуйн нэгжид гарч буй хүний эрхийн талаархи зөрчил, санал гомдлыг бүртгэх мэдээллийн санг бүрдүүлж, лавлагааны тогтолцоог үүсгэн хөгжүүлнэ.
1.1.6.11. Шилдэг бизнес эрхлэгчийг тодруулахад хүний эрхийн холбогдолтой шалгуурыг нэг гол үзүүлэлт болгон хэрэглэнэ.
1.1.6.12. Хөдөлмөрийн нөхцөл, эрүүл мэнд, соёл, нийгэм ахуйн үйлчилгээг сайжруулах асуудлыг татварын бодлогоор дэмжинэ.
1.1.6.13. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээс хүний амьдрах орчинд үзүүлсэн шууд нөлөөллөөс болж хүн-байгальд учирсан хохирлыг бодитойгоор үнэлж нөхөн төлөх механизм, нөхцлийг бүрдүүлнэ.
1.1.6.14. Ажиллагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол, байгаль орчныг хамгаалах талаар ноцтой зөрчил давтан хийгээд удаа дараа гаргасан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, үйл ажиллагааг зогсоох, хориглох, хохирлыг нөхөн төлүүлэх замаар хариуцлага тооцох үндэслэл, журмыг тодорхой болгож хэрэгжүүлнэ.
Хоёрдугаар бүлэг
ХҮНИЙ СУУРЬ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ
2.1.Хүний хувийн эрх, эрх чөлөө
Хүний хувийн эрх, эрх чөлөөг хангахын тулд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:
2.1.1.Амьд явах, уучлал хүсэх эрхийг хангах талаар
2.1.1.1. Эмэгтэйчүүд, насанд хүрээгүй болон 60 - аас дээш насны эрэгтэйчүүдэд цаазаар авах ял оноохыг хориглосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн заалтыг хэвээр хадгалахын зэрэгцээ уг ялыг оногдуулдаг хэргийн төрлийг цөөрүүлэх, хэтдээ ялын төрлөөс хасах чиглэл баримтална.
2.1.1.2. Цаазаар авах ялыг уучлан амь хэлтрүүлэх явдлыг улс төрийн нөлөөлөл, нийгмийн сэтгэл зүйгээс үүдэн гардаг аливаа нөлөөлөл, шахалтаас ангид байлгаж, зөвхөн хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмын үүднээс хандаж шийдвэрлэж байна.
2.1.1.3. Шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан цаазаар авах ялд эргэлзээ төрвөл гүйцэтгэх хугацааг 3 хүртэл жилээр хойшлуулж, эцэслэн хянах журмыг хуулиар тогтооно.
2.1.2.Халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангах талаар
2.1.2.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин суугаа хүн бүрийн бие, сэтгэл санааны халдлага, дарамтаас хамгаалуулах эрхийг хангах нөхцөл, нийгэмшил – эрх зүйн орчин бүрдүүлнэ.
2.1.2.2. Хүний биед халдах, түүний дотор баривчлах, үзлэг нэгжлэг хийх, орон байранд нэвтрэх эрхийг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны зөвшөөрлөөр хэрэгжүүлдэг практикийг халж, зөвхөн шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтанд олгох чиглэл баримтална.
2.1.2.3. Захиргааны журмаар түр саатуулах, баривчлах арга хэмжээг олон хуульд заах, тухайн албан тушаалтны үзэмжээр хэрэглэхийг тус тус хориглож, зөвхөн Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан үндэслэлээр зайлшгүй тохиолдолд хэрэглэдэг болгох, мөн журмаар түр саатуулахад тавих шүүхийн болон прокурорын хяналтын хүч, үр нөлөөг дээшлүүлнэ.
2.1.2.4. Хараа хяналтгүйгээс амь нас, эрүүл мэнд нь хохирч болзошгүй хүүхдийг хаяг тогтоохоор түр саатуулах хуулийн хугацааг богиносгож, тэднийг төрийн болон төрийн бус байгууллагын асрамж, халамжид шилжүүлэхтэй холбогдсон зохицуулалт хийнэ.
2.1.2.5. Гэмт хэрэгт холбогдсон этгээд хэргээ шүүхээр аль болох богино хугацаанд шийдвэрлүүлэх, түүнийг цагдан хорьж мөрдөн шийдвэрлэх явдлыг өргөн хэрэглэхгүй байх үүднээс хорьж мөрдөх хуулийн хугацааг ардчилсан улс орнуудын жишгийг харгалзан богиносгож, уул хугацааг сунгах үндэслэлийг аль болохоор хязгаарлана.
2.1.2.6. Бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, насанд хүрээгүйчүүд, өндөр настныг аль болох цагдан буюу удаан хорихгүйгээр хэргийг нь шийдвэрлэх, түр саатуулах, баривчлах, цагдан хорих байрны ахуйн нөхцөл, дэглэмийг олон улсын стандартад нийцүүлэх, хорих байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох арга хэмжээ авна.
2.1.2.7. Үндэслэлгүйгээр баривчлах, цагдан хорих, дарамтлах, айлган сүрдүүлэх, хууран мэхлэх замаар мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах зэргээр хууль зөрчсөн тохиолдол бүрийг прокурор, шүүхийн зүгээс судлан бүртгэж мэдээлэх, гэм буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх шалтгаан нөхцлийг судалж, арилгах арга хэмжээ авна.
2.1.2.8. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр доромжлон хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг гутаан харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн заалтыг практикт нэвтрүүлж хэвшүүлэх, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт заавар, зөвлөмж өгч, сургалт явуулж, тэдний хариуцлагыг тодорхой болгоно.
2.1.2.9. Баривчлах, сэжигтнээр хорьж саатуулах талаархи хуулийн заалтуудыг дахин судалж, цагдаа, прокурор, шүүхийн ажлын уялдааг сайжруулах, баривчлагдсан, хоригдон саатуулагдсан этгээдийн ар гэрийнхэнд хуулийн хугацаанд мэдэгдэх сүлжээг боловсронгуй болгоно.
2.1.2.10. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокуроруудын ажлыг дүгнэх, алдар цол, одон медалиар шагнах, албан тушаалд дэвшүүлэхэд хүний халдашгүй эрхийн талаар алдаа, зөрчил гаргаж байсан эсэхийг холбогдох байгууллага, албан тушаалтан заавал харгалзаж байх шалгуур журам тогтоож мөрдүүлнэ.
2.1.2.11. Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх эрх бүхий албан тушаалтан, түүнийг хэрэглэх үндэслэл, журмыг нэгтгэж хуульчилна.
2.1.2.12. Эрүүлжүүлэх, түр саатуулах, баривчлах, цагдан хорих болон хорих газарт саатуулагдаж буй этгээд нас барвал хэрэг үүсгэн шалгах, тайлагнах үйл ажиллагааг ил тод болгох үүднээс түүнд хүний эрхийн байгууллагуудыг оролцуулах журам тогтоон мөрдөнө.
2.1.2.13. Баривчлагдсан, цагдан хоригдож байгаа сэжигтэн, яллагдагч, түүнчлэн хоригдлын эрхийг хэрхэн хангаж байгааг улсын хэмжээнд шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч байх замаар тэдгээрийн эрхийг олон улсын нийтлэг жишигт хүргэнэ.
2.1.2.14. Цагдан хорих, албадан саатуулах, баривчлах байр, хорих ангиудад аттестатчлал явуулж, хуулийн шаардлага хангахгүй, хүний эрх хохироож буй байруудын нөхцлийг өөрчлөн сайжруулах арга хэмжээ авч, бүх хэлбэрийн хорих байр, газруудын үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтын зохистой тогтолцоо бүрдүүлнэ.
2.1.3.Хүний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, эд хөрөнгө халдашгүй байх эрхийг хангах талаар
2.1.3.1. Иргэд, аж ахуй нэгж, байгууллагыг тагнах, чагнах зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж гадаадаас оруулах, худалдах, эзэмших, ашиглахыг хуулиар хориглож, түүнийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо бий болгоно.
2.1.3.2. Тагнах, чагнах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг зөвхөн гүйцэтгэх ажил эрхэлдэг төрийн байгууллагуудын захиалгаар тагнуулын байгууллага гадаадаас оруулж ирэх, улсын хэмжээнд ашиглагдаж байгаа тийм хэрэгслийн нэгдсэн тоо бүртгэл, хяналтын журам тогтооно.
2.1.3.3. Иргэдэд захидал харилцаа, мэдээллээр үйлчилдэг цахилгаан болон шуудан холбоо, үүрэн телефон, интернетийн үйлчилгээний байгууллагуудын иргэний хувийн болон захидал харилцааны нууцыг хамгаалах талаар стандарт тогтоож мөрдүүлэх, төрийн хяналтын систем тогтоох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр иргэний хувийн нууцтай танилцсан, чагнасан тохиолдол бүрийг бүртгэх журам, тогтолцоог бий болгоно.
2.1.3.4. Иргэний хувийн болон захидал харилцаа, гэр бүл, эрүүл мэнд, эд хөрөнгийн нууцыг задруулсан тохиолдолд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ хохирогчид нөхөн төлбөр олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсан, цагдан хоригдсон, хилс ял эдэлсэн хүмүүст эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөхийн зэрэгцээгээр хилсээр хоригдсон хоног тутамд ногдох сэтгэл санааны төлбөрийн хэмжээг тогтоож мөрдүүлнэ.
2.1.3.5.Хувь хүний нууцын тухай хуулийг тодорхой болгох, хувийн болон гэр бүлийн, захидал харилцаа, эрүүл мэнд, эд хөрөнгийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл, тэдгээрийг агуулсан зүйлсийн жагсаалтыг гаргах, хүний хувийн нууцтай холбоотой ажил үйлчилгээ эрхэлдэг бүх хэвшлийн байгууллагуудын ажилтнуудад сургалт явуулах, амлалт авахуулах зэргээр хариуцлагыг дээшлүүлнэ.
2.1.4.Өөрийгөө өмгөөлөх, эрх зүйн туслалцаа авах эрхийг хангах талаар
2.1.4.1. Иргэн өөрийгөө өмгөөлөх, мэргэжлийн өмгөөлөгчөөр болон өмгөөлөл эрхлэх зөвшөөрөлгүй боловч итгэл бүхий хүнээр өөрийгөө өмгөөлүүлэх эрхийг хангах нөхцлийг бүрдүүлнэ.
2.1.4.2. Төлбөрийн чадваргүй иргэдийг өмгөөлөх, тэдэнд эрх зүйн туслалцаа үзүүлэх нөхцлийг бүрдүүлж, зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
2.1.4.3. Өмгөөлөгчдийг сонгон шалгаруулах, тэдний ёс зүйн хэм хэмжээг хуульчлан тогтоох, өмгөөлөгчдийн байгууллагын төвлөрлийг задалж орон нутагт бие даасан хэлбэрээр зохион байгуулах, хувийн өмгөөлөгчдийн тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
2.1.4.4. Байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч, улсын яллагчийн адил тэгш эрхтэй байх сэтгэлгээ, ухамсрыг тэдэнд болон шүүгчдэд төлөвшүүлнэ.
2.1.4.5. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчийн өмгөөлөгчөө шилж сонгон эрх зүйн туслалцаа авах эрхийг нь хэрхэн хангаж байгаад Хүний эрхийн Yндэсний Комисс, прокуророос хяналт тавьж, зөрчлийг арилгуулах үр нөлөөтэй механизм бүрдүүлнэ.
2.1.4.6. Өмгөөлөгчдийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах, хүний эрхийн боловсролыг дээшлүүлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлэн, энэ чиглэлээр Монголын өмгөөлөгчдийн холбооны санаачлагыг дэмжинэ.
2.1.4.7. Аймгуудад хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтний өмгөөлүүлэх эрхийг хангах боломж бүрдүүлнэ.
2.1.4.8. Албадан саатуулагдсан болон хоригдож буй этгээдийн өмгөөлөгчөө шилж сонгох, тэдний туслалцааг авах боломжийг хангах арга хэмжээг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, прокурор, шүүх болон ялангуяа хорих байрны захиргаа авч байх үүргийг хуульчлан хэрэгжүүлнэ.
2.1.5.Бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг хангах талаар
2.1.5.1. Зохих сан бий болгох, иргэдийг гэмт халдлагаас хамгаалах даатгалд хамруулах зэргээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эх үүсвэрийг бүрдүүлж, эхний ээлжинд хариуцагч нь тодорхойгүй, эсхүл төлбөрийн чадваргүй иргэдийн хохирлыг төр урьдчилан төлж хариуцагчаар нөхөн төлүүлэх журмыг хуулиар тогтоон хэрэгжүүлж цаашид боловсронгуй болгоно.
2.1.5.2. Гэмт этгээдийн үйлдсэн хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нөхцлийг бий болгох үүднээс хоригдлыг ажлаар хангах, тэдний хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг ижил төрөл, хэмжээний ердийн ажил, үйлчилгээний хөлс, үнэлгээний дунджаас багагүй байхаар тогтоохын зэрэгцээ тэдэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
2.1.5.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явцад хүний эрх зөрчихөөс сэргийлэх, ялангуяа эд хөрөнгө албадан гаргуулахдаа өмчлөгчийн эрхийг нэгэн адил хамгаална.
2.1.5.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн бодит биелэлт, чанар, үр нөлөөг дээшлүүлэх, ажлын ачааллыг оновчтой тогтоох зорилгоор холбогдох албадын орон тоог хянан үзэж зохицуулах, тэдний ахуй хангамж, урамшууллын хөшүүргийг зохистой тогтооно.
2.1.5.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дахь олон шат дамжлагыг цөөрүүлж, ерөнхий газар, түүний харьяа газруудын бүтэц, зохион байгуулалт, албан тушаалтны эрх хэмжээг шинэ хуульд нийцүүлэн зөв тодорхойлж, ажилтны ёс зүй, мэргэжлийг дээшлүүлнэ.
2.1.6.Чөлөөтэй зорчих, оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхийг хангах талаар
2.1.6.1. Иргэд өөр аймаг, нийслэл, сум, дүүрэгт байнга буюу түр шилжин суурьшигчдын нийтийн үйлчилгээнд ногдох зардлыг өмнө нь оршин сууж байсан аймаг, сумын төсвөөс шинээр суурьшсан газарт шилжүүлдэг журмыг тогтооно.
2.1.6.2. Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх талаар Засгийн газрын болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийг хянан үзэж хуульд харшилсан заалт, журмуудыг хүчингүй болгоно.
2.1.6.3. Гадаадад зорчин оршин сууж, сурч, ажиллаж байгаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх бодлого боловсруулж, энэ талаар Монгол Улсаас гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын үүрэг хариуцлагыг өндөржүүлнэ.
2.1.6.4. Хилийн чанадад байгаа иргэдийнхээ эрх, ашиг сонирхлыг хамгаалах, гадаадын иргэдийн эрх, ашиг сонирхлыг харилцан хүндэтгэж хамгаалах талаар Монгол Улсаас бусад улстай байгуулсан эрх зүйн туслалцааны болон консулын зэрэг гэрээнүүдийг хуулийн дагуу хянан шинэчилж, түүний биелэлтэд тавих хяналтын үр нөлөөг дээшлүүлнэ.
2.1.6.5. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүсийн эрхийг хамгаалах журмыг боловсронгуй болгоно.
2.1.7.Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хангах талаар
2.1.7.1. Төрөөс сүм, хийдтэй харилцах, шашны үйл ажиллагаа нээлттэй байх, шашин хоорондын харилцааг зохицуулах, иргэний шашин шүтэх, эс шүтэх эрхийг хангах үүднээс Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг боловсронгуй болгож, биелэлтийг үр дүнтэй зохион байгуулна.
2.1.7.2. Сүм хийд байгуулах зөвшөөрлийн тогтолцоог сайжруулж, үндэслэл, журмыг боловсронгуй болгоно.
2.1.7.3. Шашны харгис урсгал нэвтрэх явдлаас тухайлан сэргийлж, энэ талаар иргэдийн ухамсарт эерэгээр нөлөөлөх арга хэмжээ авна.
Улс төрийн эрхийг хангахын тулд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:
2.2.1.Төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг хангах талаар:
2.2.1.1. Сонгуулийн тогтолцоо, үйл явцын (процессын) журмыг иргэдийн бие даасан оролцоог хангаж, чадварлаг Улсын Их Хурал бүрдүүлэхэд болон төлөөлөх ардчиллыг хөгжүүлэхэд чиглүүлэн боловсронгуй болгоно.
2.2.1.2. Ээлжит сонгууль болохоос өмнөх 6 сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно.
2.2.1.3. Сонгуулийн болон улс төрийн томилогдох албан тушаалд нэр дэвшигчдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх бодлого баримтална.
2.2.1.4. Олон намын тогтолцоо (УИХ-д бүлэгтэй намуудын тогтолцоо)-г төлөвшүүлэхэд нийцүүлэн улс төрийн нам байгуулж ажиллуулахад тавих шаардлагыг хуулиар шинэчлэн тогтооно.
2.2.1.5. Хүн амын шилжилт хөдөлгөөн болон бичиг баримтын зөрчилтэй зэрэг шалтгаанаар сонгуульд санал өгөхийг түдгэлзүүлэх, нэрсийн жагсаалтаас орхигдуулах зэргээр иргэдийн саналаа өгөх эрхийг хөсөрдүүлэхийг ноцтой зөрчилд тооцон хүлээлгэх хариуцлагыг чангатгах, уг зөрчлөөс сэргийлэх арга хэмжээ авна.
2.2.1.6. Сонгуулийн ерөнхий хороо болон тойрог хэсгийн хороодын гишүүний бүрэлдэхүүнд сонгуульд оролцогч аль нэг нам, эвслийн төлөөлөл давамгайлахыг хязгаарлана.
2.2.1.7. Сонгогч нь сонгуульд нэр дэвшигч, сонгогдогчийн үйл ажиллагааны талаар аливаа мэдээлэл, түүний дотор сонгуулийн санхүүжилт, хандивтай холбоотой мэдээлэл авах эрхийг баталгаажуулан хангана.
2.2.1.8. Улсын Их Хурлын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллах буюу чөлөөт мандатын зарчмыг хангах талаар тавих шаардлагыг өндөржүүлж, тэднийг авилгалд өртөхөөс сэргийлэх механизм бүрдүүлнэ.
2.2.2.Төрийн жинхэнэ (захиргааны болон тусгай) алба хаших эрхийг хангах талаар
2.2.2.1.Төрийн захиргааны болон тусгай алба хаших нөхцөл болзол нь нийт иргэний хувьд адил тэгш байх үндсэн дээр төрийн албанд иргэдийг шалгаруулж авах, мэргэшүүлэн ажиллуулахдаа намчирхах, нутгархах, танил талаар дэмжих, улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлах, авилгалд автах зэрэг хууль бус үйлдэлд өртөхгүй, тийм хандлага гаргахгүй байх баталгаа бий болгоно.
2.2.2.2.Төрийн захиргааны албан хаагчийг тухайн орон тоо нь хэвээр байхад "баг бүрдүүлэх", "бүтцийн өөрчлөлт хийх", "албан тушаалын нэр өөрчлөх" зэргээр хууль тойрч төрийн алба хаагчдын тогтвортой, мэргэшсэн ажиллагааг алдагдуулдаг гажуудлыг таслан зогсоох арга хэмжээ авна.
2.2.2.3.Төрийн жинхэнэ албан хаагчдыг улс төрийн үйл ажиллагаанаас зааглахын хамт улс төрийн алба хашихыг зоривоос жинхэнэ албанаас чөлөөлөгдсөний дараа нэрээ дэвшүүлдэг үндэслэл журмыг тогтооно.
2.2.2.4. Төрийн албаны зөвлөлийг хараат бус ажиллуулж, төрийн албанд томилох, дэвшүүлэх, бууруулах, шилжүүлэх, халахад гарч байгаа хүний эрхийн зөрчлийг арилгаж, уг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
2.2.3.Нутгийн удирдлагад иргэдийн оролцоо, өөрөө удирдах эрхийг хангах талаар
2.2.3.1.Нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг ардчиллын нийтлэг жишигт нийцүүлэн тодорхойлсон эрх зүйн орчин бүрдүүлж, түүнийг хэрэгжүүлэх эдийн засаг, зохион байгуулалт, бусад нөхцлийг алхам, алхмаар бүрдүүлнэ.
2.2.3.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд хүний эрхийг хангах талаар нийтээр дагаж биелүүлэх хэм хэмжээ, түүнийг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээг тодорхойлсон шийдвэр гаргах, нутаг дэвсгэрийнхээ хүн амын болон тэдний бүлгийн эрх, ашиг сонирхлын асуудлыг шийдвэрлэх, хамгаалах эрхийг өргөтгөнө.
2.2.3.3.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь иргэний байгууллагын чиглэлээр хөгжих онцлогийг бодитой харгалзаж, тэдгээрийн гишүүд, тэргүүлэгчдийн тоог дээрээс хатуу тогтоодгийг өөрчилж, иргэд өөрсдөө тоогоо тогтоож, өөрсдөө төлөөлөгчөө сонгон бүрдүүлж, өөрсдөө хянан зохицуулж ажиллах зарчимд сонгуулийн болон бусад хуулийг нийцүүлнэ.
2.2.3.4. Орон нутагт өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагын бүрэлдэхүүн, эрх хэмжээг уялдуулан зааглах үндсэн дээр гүйцэтгэх эрх мэдлийн төв орон нутгийн байгууллага нь нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг шүүрч шийдвэрлэдэг практикийг хориглон зогсоож иргэд, тэдгээрийн төлөөлөгчид өөрсдөө шийдвэрлэх зарчим, оролцоо, хяналт, нөлөөллийг идэвхжүүлнэ. Ялангуяа иргэдийн Нийтийн Хурал, тэдгээрийн Тэргүүлэгчдийн ажил хэрэгч байдлыг дээшлүүлэхэд онцгой анхаарал тавина.
2.2.4.Иргэд чөлөөтэй, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, нам, олон нийтийн байгууллага байгуулах эрхийг хангах талаар
2.2.4.1. Иргэд нам, олон нийтийн (төрийн бус) байгууллага байгуулах, бүртгүүлэх ажиллагааг хялбаршуулж хуульчилна.
2.2.4.2. Ажиллагчид үйлдвэрчний эвлэлд нэгдэн ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны дур зоргын үйл ажиллагааг илчлэх, няцаах зэргээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах механизмыг сайжруулна.
2.2.4.3. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үйл ажиллагаагаа бие даан чөлөөтэй явуулах, хамтын хэлэлцээр хийх, ажил хаях, жагсаал цуглаан хийх, гишүүдээ болон ажилчдыг төлөөлөх зэрэг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан эрхийг хэрэгжүүлэхэд засаг төрөөс тус дөхөм үзүүлнэ.
2.2.4.4. Улс төрийн намын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгоно.
2.2.4.5. Хүний эрхийн асуудлаар төрийн бус байгууллагууд санал солилцож, зөвлөмж, хөндлөнгийн илтгэл гаргах, ярилцлага, уулзалт зохион байгуулах, үр дүнг олон нийтэд мэдээлэх, энэ ажилд зориулсан сургалтын төв, мэдээллийн сан байгуулж ажиллуулахыг бодитойгоор дэмжинэ.
2.2.4.6. Нам, төрийн бус байгууллагын гишүүдийг үзэл бодлынх нь улмаас мөшгин хавчих, заналхийлэх, гүтгэх, ялгаварлан гадуурхах явдлыг гаргуулахгүй байх чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж хэрэгжүүлнэ.
2.2.5. Мэдээллийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах талаар
2.2.5.1.Нууц хамгаалах хуулиудаар тогтоосон илүүц хязгаарлалтыг арилгах зэргээр төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, энэ талаар иргэд, хэвлэл мэдээллийн ажилтны хүсэлт шаардлагаар мэдээлэл гаргаж өгөх үүрэг хариуцлага, иргэдээс мэдээлэл олж авах, түгээх эрхийг нь нарийвчлан тодорхойлсон хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
2.2.5.2. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг дэмжин төрийн болон орон нутгийн өмчид байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг зах зээлийн харилцаанд нийцүүлэн бие даасан байдлыг бэхжүүлэх зохион байгуулалт - эрх зүйн арга хэмжээ авна.
2.2.5.3. Хүн амын мэдээлэл хүлээн авах нөхцлийг сайжруулах зорилгоор орон нутгийн харилцаа, холбоо, хэвлэл мэдээллийн сүлжээг шинэтгэн өргөтгөж үйлчилгээг нь хүртээмжтэй болгох, алслагдсан нутгийн хүн амд шуудан, мэдээлэл хүргэх, хүлээн авах, дамжуулах боломжийг сайжруулахаар тухайлан арга хэмжээ авна.
2.2.5.4. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй холбогдох бүх хууль тогтоомжид судалгаа хийж, зөрчилтэй зүйл, заалтыг хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах зэргээр хууль тогтоомжийг боловсронгуй болгоно.
2.2.5.5. Иргэдээс хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх зэргээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрийн байгууллага, албан тушаалтан, улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүдийн үйл ажиллагааны талаар өөрийн санаа бодол, шүүмж, зэмлэлээ чөлөөтэй илэрхийлэх эрх зүйн хүчтэй баталгаа (зарчим) тогтоохын хамт үндэслэлтэй мэдээллийг ажил хэрэгт тусган хариуцах ёсыг бэхжүүлнэ.
2.2.5.6. Мэдээллийн эх сурвалжаа нууцлан хамгаалах сэтгүүлчийн эрх, үүргийг хуулиар баталгаажуулж, иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэхдээ хүний нэр, нэр төр, алдар хүндийн халдашгүй байх эрхийг зөрчихөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нь бүрэн сэргээх эрх зүйн механизмыг тодотгон сайжруулна.
2.2.5.7. Үндэстний цөөнх эх хэлээрээ мэдээлэл авах, түгээх боломжийг хангах арга хэмжээ авна.
2.2.5.8. Мэдээллийн эрх чөлөөний талаархи олон улсын гэрээ, хэлэлцээрийг үргэлжлүүлэн судалж шаардлагатай гэрээ, конвенцид нэгдэн орох асуудлыг шийдвэрлэнэ.
2.2.6. Эмэгтэй, эрэгтэйчүүдийн тэгш эрх, хүйсийн тэгш байдлыг хангах талаар
2.2.6.1. Төрийн болон төрийн бус байгууллага боловсон хүчний бодлого, үйл ажиллагаагаа жендерийн тэгш байдлыг хангах зарчимд нийцүүлэх, хөгжлийн хөтөлбөрүүдэд жендерийн дүн шинжилгээ хийж, тэдгээр хөтөлбөрт эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг, гэр бүлийн харилцаанд эрх тэгш оролцоход нь үзүүлэх нөлөөллийг үнэлэх шалгуурыг боловсруулан ажилдаа нэвтрүүлнэ.
2.2.6.2. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хэмжээ, ажлын ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, чөлөөт цагийг нэмэгдүүлэх, ядуурал, эрүүл мэндийн доройтлыг багасгахад онцгой анхаарч, өөрсдийн чадавхи бололцоогоо гүйцэд ашиглах нэмэлт орлого олох явдлыг нь хөхүүлэн дэмжиж, нийгмийн хамгааллын тогтолцоонд бүрэн хамрагдах боломжийг өргөтгөнө.
2.2.6.3. Эмэгтэйчүүдэд хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ хүүхэд төрүүлэх, өсгөн бойжуулах боломжийг сайжруулж, жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй, өрх толгойлсон, ганц бие эмэгтэйчүүдийг шалтгаангүйгээр ажлаас халах, цалин хөлсийг бууруулах явдлаас сэргийлсэн эрх зүйн механизмыг хүчтэй болгоно.
2.2.6.4. Эмэгтэйчүүд, хүүхдийг элдвээр дарамтлах, доромжлох, хүнлэг бус хандах, тарчилган зовоох зэрэг хүчирхийллийн бүх хэлбэр, тэдгээрийн шалтгааныг илрүүлэн арилгах талаар төрийн болон төрийн бус байгууллагын хамтын чармайлтыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон Засгийн газрын түвшинд нэгтгэн зохицуулж, үр дүнг жил бүр мэдээлж байна. Ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийг худалдах, биеэ үнэлэхийг албадах, хөлслөх (янхан болгох) зэргийг хатуу хориглохын хамт, тийм гэмт үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, хүчирхийллийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, байнгын хүчирхийлэлд өртөж болзошгүй эмэгтэйчүүд, хүүхдийг асран хамгаалах талаар гүйцэтгэх эрх мэдлийн зохих байгууллагуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлнэ.
2.2.6.5. Өрх гэрийн аж ахуй эрхлэх, үр хүүхдээ өсгөн бойжуулахад эрэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэхийн хамт эмэгтэйчүүд гэр бүлийн дотор эдлэх эрхээ бүрэн ойлгож эдлэхэд туслах, олон нийтийн хөдөлгөөнд оролцоход нь туслах, эмэгтэйчүүдийн ашиг сонирхлыг хамгаалахын төлөө ажилладаг үүсгэл санаачлагын бүлгүүдийн үйл ажиллагааг засаг төрөөс идэвхтэй дэмжинэ.
2.2.6.6. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг Монгол улсын олон улсын гэрээнүүдийг гуйвалтгүй биелүүлж, энэ талаар НҮБ - ын зүгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар анхааралдаа авна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн эсрэг хүч хэрэглэх явдлыг устгах тухай тунхаглал зэрэг эмэгтэйчүүдийн эрхийг хөхиүлэн дэмжих талаар байгуулагдсан бүх хэлэлцээрт нэгдэх арга хэмжээ авна.
Хүний эдийн засгийн эрхийг хангах талаар дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
2.3.1.Өмчлөх эрхийг хангах талаар
2.3.1.1. Компани, нөхөрлөл, хоршоо, банкны хадгаламж, банк бус санхүүгийн байгууллагын тухай зэрэг өмчлөх болон аж ахуй эрхлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох замаар өмчлөгчийн эрхийг хамгаалах, шүүхийн болон бусад арга зам, уг эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх үүргийг тодорхойлсон эрх зүйн орчинг сайжруулна.
2.3.1.2. Төрийн өмчийн их хувьчлалыг дуусгаж, монгол улсын иргэдэд газар хувьчлах, үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийг боловсронгуй болгох, үнэт цаасны арилжааг дэмжих зэргээр иргэдийн өмчлөх эрхийг улам бэхжүүлж, баталгаажуулна.
2.3.1.3. Иргэдийн хамтран өмчлөх болон хэсгээр өмчлөх дундын өмчийн эрхийг хангах эрх зүйн хамгаалалтыг хүчтэй болгох, түүний дотор хувьцаа эзэмшигчдээс хувьцаат компанийн үйл ажиллагаанд тавих хяналтыг бодитой болгох, бүх гишүүдийн хуралд оролцож шийдвэр гаргах, төлөөлөн удирдах зөвлөлтэй хариуцлага тооцох, ноогдол ашиг авах эрхээ бүрэн эдлэх нөхцлийг бүрдүүлнэ.
2.3.1.4. Арилжааны банкуудын төрийн мэдэлд буй хувьцааг хувьчилж, тэдгээрийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангах, энэ талаар Монгол банкнаас тавих мэргэжлийн хяналт шалгалт, зохицуулалтыг сайжруулна.
2.3.1.5. Өмчлөгчийн эрхийг хязгаарласан шинжтэй төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг хянан үзэж зөрчлийг арилгаж байх арга хэмжээ тогтмол авч, шүүхийн шийдвэргүйгээр иргэдийн эд хөрөнгийг хураадаг, устгадаг, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өр зээлд дур мэдэн сонгож, үнэлж авах, иргэдийн эд хөрөнгө эзэмших болон ашиглах эрхийг нь хууль бусаар хязгаарлах зэрэг ноцтой зөрчлийг арилгах, сэргийлэх арга хэмжээ авна.
2.3.2.Оюуны өмчийн эрхийг хангах талаар
2.3.2.1. Гадаадын үйлдвэрлэл, оюуны бүтээлийг авч хэрэглэх, үндэсний үйлдвэрлэл, оюуны бүтээлийг гадаадад гаргах, ашиглах үйл явцыг хуульчилж, олон улсын гэрээ конвенцид нийцүүлэн цэгцтэй болгоно.
2.3.2.2. Дотоодын үйлдвэрлэлийн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдгийг улсын бүртгэлд бүрэн хамруулж, хамгаалахын зэрэгцээ ардын уламжлалт технологийг шинжлэх ухааны үндэстэй судлан, бүртгэн баталгаажуулах алхам хийнэ.
2.3.2.3. Шинжлэх ухааны салбар дахь оюуны өмчийн шинэ бүтээл туурвисан, дэлгэрүүлсэн, орчуулсан, хуулбарласан зэргийг магадлан тогтоох орон тооны бус шинжээчдийн зөвлөл байгуулж, эрх, үүргийг нь тогтоон ажиллуулна.
2.3.2.4. Соёл, урлагийн бүтээлээ өмчлөх эрхийг баталгаажуулах ажлыг хялбаршуулан шуурхай болгоно.
2.3.2.5. Компанийн маркийг ашиглан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны лиценз авах, олгох үйл ажиллагаа буюу франчайзыг нэвтрүүлнэ.
2.3.2.6. Патент, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн бүртгэлийн автоматжуулсан систем бий болгон албан ёсны жагсаалт гаргах зэргээр нийтийн хүртээл болгох ажлыг эхлүүлж, хяналтыг сайжруулна.
2.3.2.7. Эдийн болон оюуны баялаг бүтээх, өмчлөх эрхийг хамгаалах үүрэг зорилготой төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжин зохицуулж, олон улсын оюуны өмчийн байгууллагуудтай мэдээлэл солилцож, харилцан ажиллах механизм бүрдүүлнэ.
2.3.2.8. Оюуны баталгаажсан өмчийн үр шимийг хүртэх талаар зохиогчийн эрхийг хамгаалах, хууль сахиулах зохион байгуулалтын арга хэмжээ авна.
2.3.2.9. Оюуны өмчийн үнэт зүйл, бүтээл, туурвилын үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор жишиг үнэлгээний доод хязгаарыг тогтоон хэрэглэнэ.
2.3.3. Иргэдийн аж ахуй эрхлэх эрхийг хангах талаар
2.3.3.1. Албан татвар, зээл, зээллэг, гааль, мөнгөний бодлого зэрэг эдийн засгийн зах зээлийн харилцаанд төрөөс оролцон нөлөөлдөг санхүүгийн механизмыг хүний эрхийг хангах, юуны өмнө иргэдээс бүхий л хэлбэрээр аж ахуй эрхлэх таатай орчин бүрдүүлэхэд нийцүүлэн сайжруулах арга хэмжээ авч байна.
2.3.3.2. Хүмүүс аж ахуй эрхлэхэд тулгардаг элдэв илүүц хязгаарлалтыг компани, нөхөрлөл, хоршооны тухай болон бусад хуулийн заалтаас хасаж, чөлөөт байдлыг өргөтгөх, төрийн албан хаагчдын аж ахуй эрхлэх эрхийг хязгаарласан үндэслэлүүдийг хянаж, зохистой шалгуур тогтооход чиглүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулна.
2.3.3.3. Татварын дээд хэмжээг бууруулах, шатлалыг цөөрүүлэх, татварын бааз суурийг өргөтгөх замаар татвар төлөгч нэгжид ногдох хувь хэмжээг бууруулах, татварыг бүс нутгийн ялгавартай тогтоох боломжийг судалж шийдвэрлэх зэрэг арга хэмжээг дэс дараатай шийдвэрлэнэ.
2.3.3.4. Төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагын аливаа төлбөр, хураамж, тусгай зөвшөөрлийн талаархи актуудыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэхийн хамт, уул зөвшөөрлийн тогтолцоонд байгаа шат дамжлага, хязгаарлалтыг цөөрүүлж, хүнд суртал, хээл хахууль авч өгөлцөх явдалтай эрс тэмцэнэ.
2.3.3.5. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр, түүнчлэн хүний амьжиргааны түвшинг дээшлүүлэх, цалин хөлсний болон тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх зэрэг холбогдох бусад хөтөлбөрт заасан арга хэмжээг тухайлан хэрэгжүүлнэ.
2.3.3.6. Мал аж ахуй эрхлэгчдээс мал сүргээ эрүүлжүүлэх, эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлж боловсруулан зах зээлд гаргах, орлогоо нэмэгдүүлэхэд төрөөс онцлон анхаарч дэмжлэг, туслалцаа, үйлчилгээ үзүүлнэ.
2.4. Нийгэм, соёлын эрх
Хүний хөдөлмөрлөх эрхийг хангах чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
2.4.1. Хөдөлмөрлөх эрхийг хангах талаар
2.4.1.1. Хүн бүр чөлөөтэйгөөр ажил хөдөлмөрөө сонгох, мэргэших, шударга, ая таатай хөдөлмөрийн нөхцлөөр хангуулах, хөдөлмөрийн хөлс, цалин нь ажилтан, түүний ам бүлийнхний амжиргаанд хүрэлцэхүйц эдийн засаг, эрх зүй, нийгмийн орчинг бүрдүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.
2.4.1.2. Албадан ба заавал хийлгэх хөдөлмөрийн тухай, Албадан хөдөлмөрийг устгах тухай, Насны доод хязгаарын тухай болон олон улсын бусад гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн олон хэв шинж, хүний эрхийн нийтлэг хэм хэмжээ, нэмэгдэл ажлын байр бий болгох, ажиллагчдын эрүүл мэнд, ахуйн болон хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааг хангах, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах механизмыг төгөлдөржүүлэхэд нийцүүлэн хөдөлмөрийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох арга хэмжээг авна.
2.4.1.3. Хөдөлмөрийн зах зээлийг өргөтгөн идэвхжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн албаны мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэшүүлэх сургалтыг сайжруулах, тэдгээрт төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг урамшуулах арга хэмжээ авна.
2.4.1.4. Өсвөр үе, залуучуудад мэргэжил эзэмших, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх болон хөдөлмөрийн чадвартай ядуу, нэн ядуу иргэд, хөдөлмөрлөх боломжтой тахир дутуу хүмүүст ажлын байр бий болгох, мэргэжил эзэмшихэд нь туслах арга хэмжээг эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөлтөд тусгайлан тусгаж, тэдэнд зориулан ажлын байр нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санаачлага үйл ажиллагааг урамшуулан дэмжинэ.
2.4.1.5. Хүүхдэд хөдөлмөрийн дадлага олгох нэрийдлээр тэдний хөдөлмөрийг мөлжих явдал болсон хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглон устгаж, амьдралын шаардлагаар ажиллаж байгаа хүүхдүүдийг хөдөлмөр эрхлэгчийн хувьд нь бүртгэл хяналтад авч, эрүүл мэнд, гэнэтийн ослын зэрэг холбогдох даатгалд хамруулан, эрх, ашиг сонирхлыг нь онцгойлон хамгаална.
2.4.1.6. Төрийн болон хувийн хэвшлийн хүрээнд цалин хөлсний оновчтой тогтолцоо бий болгохуйц жишиг тогтоох, ажилгүйдлийн даатгал, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэвэр, бусдад хөдөлмөрөө үнэлүүлж байгаатай холбогдуулан авах тэтгэвэр, тэтгэмж, нөхөх олговрын үндэслэл, журмыг нарийсган түүний биелэлтэд тавих засаг захиргааны хяналт, хариуцлагыг хүчтэй болгоно.
2.4.1.7. Хөдөлмөр хамгаалал, үйлдвэрлэлийн ариун цэвэр, эрүүл ахуйн улсын хяналтыг урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсооход голлон чиглүүлж, үр нөлөөг дээшлүүлнэ.
2.4.1.8. Хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын бусад эрх, ашиг сонирхлыг хамгаалах талаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын эрхийг өргөтгөж, ажил олгогчдын болон ажилтны төлөөлөх байгууллагын хоорондын зөвшилцөл, хамтын гэрээ, хэлэлцээрийг үнэн зөв, үр дүнтэй болгох арга хэмжээ авч, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний болон аймаг, нийслэлийн хэлэлцээрүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журмыг тогтоон хэвшүүлнэ.
2.1.4.9. Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, ажилтны орлогыг нэмэгдүүлэх, тэдний дадлага, мэргэжил, мэргэшлийн өсөлтийг харгалзан дэвших буюу илүү өндөр цалинтай ажилд шилжин ажиллах эрхийг хангах нөхцөл, журмыг боловсронгуй болгоно.
2.4.2.Төрөөс эд мөнгөний туслалцаа авах, нийгмийн хамгаалал хүртэх эрхийг хангах талаар
2.4.2.1. Амжиргааны баталгаажих доод түвшинг тодорхойлохдоо хоол хүнс, хувцас хунар, орон гэр, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой наад захын хэрэгцээг харгалзан үзэх ба өнөөгийн үнэ ханшийг мөрдлөг болгоно.
2.4.2.2. Цалингийн доод хэмжээг эдийн засгийн эрхийн наад захын шаардлагыг хангах түвшинд хүрэлцээтэй байхаар тооцон тогтоож, цаашид эдийн засгийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлж байна.
2.4.2.3. Санхүүгийн туслалцаа, үйлчилгээ нэн шаардлагатай байгаа гэр бүл, хувь хүмүүст татвараас чөлөөлөх, орлогын эх үүсвэр бий болгох, тэтгэвэр өгөх, сургалтын хөтөлбөрт хамруулах зэрэг наад захын тусламж үйлчилгээг үзүүлнэ. Ийм тусламж үйлчилгээ үзүүлдэг хүмүүнлэгийн болоод хүний эрхийн төрийн бус байгууллагыг төрөөс дэмжиж, тусална.
2.4.2.4. Эдийн засгийн хөгжил, ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах, нийгмийн бусад асуудалд чиглэсэн эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлэх олон улсын бүхий л гэрээнд нийгмийн хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийн амжиргааны баталгаажих түвшинд амьдрах эрхийг хэрхэн хангах талаар оруулна.
2.4.2.5. Ядуу айл өрх, хүмүүсийн татварын ачааллыг хөнгөлнө.
2.4.2.6. Ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах замаар амьдралын түвшинг сайжруулах үндэсний болоод орон нутгийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийн нөхцөл байдлыг сайжруулахад онцгой анхаарал тавина.
2.4.2.7. Ядуу хүмүүст бага өртөгтэй орон сууцны барилга барихад зориулсан зээлийн хүүг бууруулах чиглэлээр эрх зүйн болон санхүүгийн зохицуулалт хийнэ.
2.4.2.8. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд бүрэн хамруулах, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжтэй уялдуулан нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, даатгуулагчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах механизмыг хөгжүүлж, нэрийн данс нээх, төлөөлөн даатгалын болон нэмэгдэл даатгалын тогтолцоо, түүнчлэн хувийн секторт нийгмийн даатгалын тогтолцоо бий болгох зэргээр орлогын баазыг нэмэгдүүлж, дундаж тэтгэврийн хэмжээ, түүний дотор бүрэн тэтгэврийн доод хэмжээ, хувь тэнцүүлсэн тэтгэвэр, ердийн өвчин, ахуйн ослын улмаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр, нийгмийн даатгал, халамжийн сангаас олгох жирэмсний, амаржсаны, хүүхэд асарсны болон халамжийн зэрэг тэтгэвэр, тэтгэмжийг төрийн санхүүгийн боломжийн хэрээр тусгайлан нэмэгдүүлж, амжиргааны доод түвшинг хангахуйц хэмжээнд хүргэнэ. Юуны өмнө 1995 оноос өмнө тогтоогдсон тэтгэврийн зөрүүг арилгах, 2020 оноос хойш тогтоогдох тэтгэвэрт зөрүү үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
2.4.2.9. Иргэний нийгэм, олон нийтийн оролцооны аргаар нийгмийн халамж, асрамжийн хүрээг оновчтой тогтоож, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгоно.
2.4.2.10. Орон гэргүй, тэнэмэл хүмүүс, өнчин, асрамжинд байгаа хүүхэд зэрэг нийгмийн эмзэг бүлгийнхэн, нэн ядуу хүмүүсийг орон сууцаар хангах зорилгоор хэрэгжүүлэх үндэсний болон орон нутгийн сан байгуулж ашиглах, орон гэргүй, тэнэмэл, нэн ядуу хүмүүст зориулан хооллох, хоноглох, эрүүл мэндийн үйлчилгээ авах цэгүүд бий болгож, түүнд хүмүүнлэгийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна.
2.4.3.Сурч боловсрох эрхийг хангах талаар
2.4.3.1. Сургалтын агуулгыг орчин үеийн нийгмийн болон хувийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх, хүүхдэд бага наснаас нь боловсрол эзэмшүүлэх зорилтыг үндэсний онцлог нөхцөлд нийцүүлэн үе шаттайгаар хэрэгжүүлэх, суурь боловсролын сургууль завсардалтыг арилгаж зохих насны хүүхдийг бүрэн хамрах, шилжин суурьшиж буй хүүхдийн очсон газраа суралцах ахуйн нөхцөл бололцоог сайжруулна.
2.4.3.2. Хот, хөдөөний сургуулийн сургалтын ялгааг багасгах албан бус болон зайны сургалтыг зөв зохион байгуулж, залуучуудын бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгана.
2.4.3.3. Ерөнхий боловсролын сургалтын хэрэглээний чиглэлийн агуулгыг дээшлүүлж, мэргэжлийн чиг баримжаа эзэмшүүлэх, хүүхдэд сурч байх хугацаанд нь хөдөлмөрийн дадлага олгох арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
2.4.3.4. Сургуулийн өмнөх боловсрол олгох албан ба албан бус тогтолцоог боловсронгуй болгож, хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэх замаар ойрын 5 жилд сургуулийн өмнөх сургалтад хот, тосгон, суурин газрын сургуулийн өмнөх насны хүүхдийн 50-иас доошгүй хувийг, цаашид бүх хүүхдийг хамруулахын зэрэгцээ хөдөөд оршин суудаг малчин, тариаланчин өрхийн хүүхдийг сургуулийн өмнөх сургалтад хамруулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
2.4.3.5. Үндэстний цєєнхийн эх хэлээрээ сурч боловсрох эрхийг хангаж, тэдний үр хїїхдийн эх хэл, бичиг їсэг, ёс заншил, тїїх, соёлын уламжлалыг євлєн хєгжїїлэх боломжийг сайжруулна.
2.4.3.6. Багш бэлтгэдэг сургуулиудын сургалтын агуулгыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн өөрчилж, багш нарын мэргэжлийг тасралтгүй тогтмол дээшлүүлэх үр ашигтай тогтолцоо бий болгож, хєдєє нутагт багшлах боловсон хүчний хангалтыг сайжруулан тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллахад нь чиглэсэн эдийн засаг, нийгмийн механизм бий болгож, багш дутуугаас тасалдсан хичээлийг нєхєн заадаг, заагаагїй бол хариуцлага тооцдог тогтолцоог бий болгоно.
2.4.3.7. Иргэдийн сурч боловсрох эрхийг хангахад хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэд, сонирхлын бїлгїїдийн оролцоог нэмэгдїїлж, мэргэжлийн сургалтыг хувьчлах, хувийн сургууль байгуулан мэргэжилтэн бэлтгэх явдлыг дэмжиж, сургалтыг нь чанаржуулах, їїний тулд мэдээллийн нэгдсэн сїлжээг бий болгож, хяналт, шинжилгээ хийж, дїгнэлт, зєвлємж гаргаж байна.
2.4.3.8. Суурь боловсролын сургууль, хүн амын боловсролын үйлчилгээний эдийн засаг, санхүүгийн баазыг өргөтгөж, чадавхийг дээшлүүлэх үе шаттай арга хэмжээ авна.
2.4.4.Эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар
2.4.4.1. Хүрээлэн буй орчны бохирдлыг багасгаж, бохирдлыг зөвшөөрөгдсөнөөс хэтрүүлэхгүй хэмжээнд байлгах, хүнс, ундааны болон хэрэглээний ус, эм тарилга болон ахуйн хэрэглээний нэн тэргүүний хэрэгцээт бараа бүтээгдэхүүний аюулгүй, эрүүл ахуйн шаардлагыг хангах, хот суурины агаар, усны бохирдлоос сэргийлэх хяналт, шинжилгээг тогтмолжуулан сайжруулж, эдгээр хүрээнд тавих хяналтыг хүч, нөлөөтэй болгоно.
2.4.4.2. Хүн өөрөө эрүүл мэндээ анхаарч, өвчнөөс урьдчилан сэргийлэх, гаж зуршлаас ангид байх, татгалзах боловсрол дадалтай болгохын сацуу эрүүл мэндийн суурь тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөөний хүн ам, нийгмийн эмзэг хэсгийнхэнд эмнэлгийн тусламж хүргэх арга механизмыг оновчтой болгож, түүнд олон нийтийн хяналт оролцоог өргөжүүлнэ.
2.4.4.3. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулж, тус салбарт хийх санхүүжилтийг нэмэгдүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд түлхүү хандуулж, даатгалын сангаас санхүүжүүлэх үйлчилгээний нэр төрөл, хүрээг өргөжүүлж, даатгалд хамрагдаагүй иргэд, эмзэг бүлгийнхэнд эмнэлгийн тусламж үзүүлэх энэрлийн эмнэлэг, цэг салбарыг хүн амын нүүдэл, суурьшлын онцлогт нийцүүлэн ажиллуулж, энэ чиглэлээр хувийн хэвшил, иргэдийн санаачилгыг өрнүүлнэ.
2.4.4.4. Өндөр настан, тахир дутуу болон халдварт өвчинд нэрвэгдсэн хүмүүст үзүүлэх урт хугацааны халамж, үйлчилгээний бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, ДОХ зэрэг бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлогоо, эмчилгээний чанарыг сайжруулах арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлнэ.
2.4.4.5. Иргэд, ялангуяа алслагдсан болон хөдөө орон нутгийн хүмүүсийн эрїїл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхээ хэрэгжїїлэх боломжийг нэмэгдїїлэхийн тулд сумын эмнэлгийн материаллаг баазыг бэхжїїлэх, сум, багийн эмчийн хүртээмжийг дээшлүүлж, эмч мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах эдийн засаг, нийгмийн хөшүүрэг бий болгоно.
2.4.4.6. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, тэдгээрийн мэргэжил, мэргэшлийг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог сайжруулна.
2.4.4.7. Хог хаягдал, ялангуяа үйлдвэрлэлийн хог хаягдлыг ялган ангилах, тээвэрлэх, устгах, бололцоотойг нь дахин боловсруулж ашиглах арга хэмжээ авч, үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн гаралтай түүхий эд бэлтгэх, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг гагцхүү хүний амьдрах эрүүл орчинд хор хохирол учруулахгүй, оршин суугчдын ахуй амьдралд сөрөг нөлөөлөхгүй байхыг баталгаажуулсан тохиолдолд олгодог журам тогтоон хэрэгжүүлнэ.
2.4.4.8. Экологийн бохирдлыг багасгах, түүнд сөргөөр нөлөөлж буй шалтгаан нөхцлийг судалж арилгах хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлнэ.
2.4.4.9. Хот, суурин газрын барилга, байгууламжийн аюулгүй байдлын стандартыг боловсруулж, түүний хэрэгжилт, хяналт шалгалтыг хүчтэй болгоно.
2.4.4.10. Зам, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй шалтгаан нөхцлийг багасгах арга хэмжээг судалж хэрэгжүүлнэ.
2.4.5.Шинжлэх ухаан, соёлын эрхийг хангах талаар
2.4.5.1. Урлаг, соёлын үйлчилгээний, ялангуяа сумдын соёл гэгээрлийн байгууллагын материаллаг бааз, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавх, менежментийг сайжруулах замаар үйл ажиллагааг нь идэвхжүүлэн, энэ салбарт хувийн хэвшлийн оролцоо дэмжлэгийг өргөжүүлэх арга хэмжээ авна.
2.4.5.2. Иргэдийн соёл, шинжлэх ухаан, урлагийн бүтээл туурвих, түүнийгээ нийтэд сурталчлан таниулахад нь эдийн засгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх зохистой арга, хэлбэр нэвтрүүлнэ.
2.4.5.3. Соёл, урлаг, шинжлэх ухаанд улсын болон орон нутгийн төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэх, эдгээр салбарт хөрөнгө оруулж, ивээн тэтгэж байгаа байгууллага, иргэдэд төрийн зүгээс татварын бодлогоор дамжуулан дэмжлэг үзүүлэх, ажилтан эрдэмтдийн судалгаа шинжилгээний үйл ажиллагааг урамшуулах, бүтээл туурвилынхаа үр нөлөөг хүртэх боломжийг сайжруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоно.
2.4.6.Тусгай хэрэгцээ, онцлог эрх ашиг бүхий бүлгийн эрхийг хангах талаар
2.4.6.1. Эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, экологийн болон бусад салбарын бүх түвшний үндсэн чиглэл, төсөв, хөтөлбөр болон хууль тогтоомжид тусгай хэрэгцээ бүхий хүмүүсийн талаар тодорхой бүлэг, заалт оруулж, тахир дутуу иргэдийн эрх, ашиг сонирхлыг нь хамгаалах хуулиудыг боловсронгуй болгох зэрэг нэмэлт арга хэмжээ авна.
2.4.6.2. Тусгай хэрэгцээ, онцлог сонирхол бүхий хүмүүсийг ялгаварлах, гадуурхах нийгмийн гаж сэтгэл зүй, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн ухуулга, сургалт, сурталчилгааг тогтмол явуулж энэ ажилд тэдний өөрсдийн оролцоог хангах механизм бүрдүүлнэ.
2.4.6.3. Гудамж талбай, нийтийн үйлчилгээний газар, ажлын байр, орон сууцанд тахир дутуу хүмүүст зориулсан тусгай тоноглол, хэрэгсэл байрлуулж тэдний ажиллах, зорчих болон бусад хэрэгцээгээ хангах нөхцлийг бүрдүүлэх ажлыг өргөжүүлнэ.
Гуравдугаар бүлэг
ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААРХИ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ
БИЕЛЭЛТ БА МОНИТОРИНГ /ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ/
3.1. Хүний эрхийн олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох, хэрэгжүүлэх нь
3.1.1.Хүний эрхийг хангах олон улсын механизмыг ашиглах болон хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар
3.1.1.1. НҮБ-ын Хүний эрхийн хороо, ажил мэргэжлийн холбогдох байгууллага Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээний биелэлтийн тайланг хэлэлцээд ирүүлсэн шүүмж, зөвлөмжийг Засгийн газар, шаардлагатай бол Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэр гарган хэрэгжүүлнэ.
3.1.1.2. НҮБ–ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, НҮБ–ын Хүүхдийн сан, НҮБ–ын Хүн амын сан, НҮБ–ын Эмэгтэйчүүдийн хөгжлийн сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллага зэрэг байгууллага, тэдгээрийн Монгол улсад суугаа суурин төлөөлөгчийн газруудтай нягт хамтран ажиллаж, хүний эрхийг хангах асуудлаар хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг авч ажиллана.
3.1.1.3. Төрийн бус байгууллагууд олон улсын болон бүс нутаг, гадаад улс орны хүний эрхийн Засгийн газрын бус болон буяны байгууллагатай хүний эрх, хөгжлийн асуудлаар хамтран ажиллахыг төрөөс дэмжинэ.
3.1.1.4. НҮБ болон Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд хүний эрхийг хамгаалах талаар зохион явуулж буй үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг Монгол Улс дэмжиж, түүнд оролцохын зэрэгцээ бүс нутгийн хүний эрхийн байгууллага бий болгох санаачлага гарган ажиллана.
3.1.1.5. Хүний эрхийн талаархи олон улсын гэрээнүүдийг тухайлан судалж ойрын үед Монгол Улс нэгдэн орох шаардлагатай гэрээ, конвенцийн жагсаалт гаргаж шийдвэрлэнэ.
3.1.2. Хүний эрхийн талаархи Монгол Улсын гэрээг хэрэгжүүлэх талаар
3.1.2.1. Хүний эрхийн холбогдолтой гэрээ, конвенцоор Монгол Улсын хүлээсэн үүрэгтэй дотоодын хууль тогтоомж болон шинээр боловсруулж буй хуулийн төслүүд нийцэж байгаа эсэхэд харьцуулсан шинжилгээ хийж, үр дүнг нь Улсын Их Хурал, Засгийн газар хянан хэлэлцэж, шаардлагатай бол зохих шийдвэр гарган хэрэгжүүлнэ.
3.1.2.2. Олон улсын гэрээ, конвенцоор Монгол Улсын хүлээсэн үүргийг тус тусын эрх хэмжээний хүрээнд хариуцан хэрэгжүүлэх ажил үүргийн жагсаалтыг Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, орон нутгийн захиргааны байгууллага бүрээр гаргаж, тэдгээрийн үйл ажиллагааны тайланг жил бүр Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгтгэн дүгнэж Засгийн газарт оруулж байна.
3.1.2.3. Яам, агентлаг, Хүний эрхийн Yндэсний Комисс, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зохих нэгж, ажилтанд олон улсын гэрээ, конвенцийн биелэлтийг судлах, хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын чиг үүргийг хариуцуулна.
3.1.2.4. Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцийг нэгдэн орсон болон соёрхон баталсан даруйд албан ёсоор, эх хэлээр, олон нийтэд зориулан хэвлэн нийтлэх журамд шилжиж, гарын авлага бэлтгэн хэвлэх, тайлбарлан таниулах ажлыг төрийн, төрийн бус байгууллагын шугамаар зохион байгуулна.
3.1.2.5. Хүний эрхийн талаархи олон улсын эрх зүйн боловсрол олгох Засгийн газрын хөтөлбөр боловсруулж сургалт явуулах, түүнд төрийн захиргааны албан хаагч, цагдаа, цэрэг, шүүх эрх мэдлийн байгууллага болон хууль зүйн албаны бусад байгууллагын ажилтнуудыг хамруулна.
3.1.2.6. Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүний эрх зөрчигдсөн асуудлаар гарсан гомдлыг шуурхай барагдуулах, маргааныг хуулийн хугацаанд үнэн зөв шийдвэрлэх, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах асуудлыг Засгийн газрын ба шүүхийн хяналтад байлгаж, тусгайлан судалж дүгнэж байна.
3.1.2.7. Эрх зүйн туслалцааны тухай, давхар татварын тухай, ажиллах хүчин гаргах, авах тухай зэрэг гадаад улстай байгуулсан хоёр талт бусад гэрээний биелэлтийг олон улсын гэрээний нэгэн адил энэ бүлэгт заасан арга хэмжээнд хамруулан Засгийн газар эрхлэн зохион байгуулна.
3.1.2.8. Улс хоорондын болон гадаадын хөрөнгө оруулалттай хувийн байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж ажиллуулах асуудлыг шийдвэрлэх, бүртгэх зөвшөөрөл олгохдоо тухайн гэрээнд хүний эрхийг хангах нөхцөл болзол, механизмыг тусгуулах явдлыг нэгэн шалгуур болгон хэрэглэнэ.
3.1.2.9. Хүний эрхийн үндэсний комиссоос хувь хүний эрх, аюулгүй байдлын талаархи олон улсын гэрээний биелэлтийг шалгах, тайлагнах, мэдээлэх, олон улсын гэрээнд заасан эрх зөрчсөн тухайн гомдлыг хянан шалгаж, зөрчлийг арилгах боломж, үр нөлөөг дээшлүүлнэ.
3.2.Хүний эрхийн талаархи олон улсын гэрээний биелэлтэд тавих хяналт, шинжилгээ, үнэлгээ
"Гэрээ зохих ёсоор биелэх ёстой" гэсэн олон улсын гэрээний эрх зүйн уламжлалт зарчим баримтлан Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх тухай Үндсэн хуулийн заалтыг Хүний эрхийн талаарх гэрээний (пакт, конвенц, протокол, тунхаглал зэрэг бүх хэлбэрийн) үүргийн хэрэгжилтэд байнга хяналт шинжилгээ хийж, зөрчил, тасалдлыг тухай бүрт нь арилгах талаар дараахь үйл ажиллагаа явуулна. Үүнд:
3.2.1. Монгол Улсын олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах замаар хүний эрх, эрх чөлөөний тухай олон улсын гэрээний зүйл заалтуудын биелэлтэд хяналт тавих механизмыг төгөлдөржүүлж, уул хяналтын үр нөлөөг дээшлүүлнэ.
3.2.2. Гадаад хэргийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран олон улсын гэрээний биелэлтэд хяналт тавих аргачлал боловсруулан холбогдох байгууллагуудын ажилд нэвтрүүлнэ. Хүний эрхийн асуудлаарх олон улсын гэрээ конвенцийн биелэлтийн тухай Засгийн газрын тайланг тогтоосон хугацаа, журмын дагуу олон улсын гэрээний байгууллагад тайлагнана.
3.2.3. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлсэн хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцийн биелэлтийн холбогдох баримт бичгүүдийг нэгтгэн дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлтээ Улсын Их Хурал, Засгийн газарт мэдээлж байна.
3.2.4. Засгийн газраас хүний эрхийг хангаж буй байдалд Улсын Их Хурлын Байнгын хороод тус тусын чиг үүргийн дагуу дүгнэлт хийж, Хууль зүйн Байнгын хороо нэгтгэн Улсын Их Хуралд оруулж байна.
3.2.5. Олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжид заасан хүний эрхийг зөрчсөн тухай гомдол, нэхэмжлэлийг бүх шатны шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн шүүхийн практикийг нэгтгэн дүгнэж, шүүгчдэд зориулсан гарын авлага боловсруулна.
3.2.6. Хүний эрхийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийхдээ олон улсын гэрээний биелэлтийг төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор нэгтгэн дүгнэж, Улсын Их Хурал, Засгийн газар хянан хэлэлцээд НҮБ-д илтгэхдээ төрийн болон төрийн бус байгууллага, хөндлөнгийн санал дүгнэлтийг авч байна.
Дөрөвдүгээр бүлэг
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА ЗОХИОН
БАЙГУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТ
4.1.Үндэсний хөтөлбөрийн биелэлтийг зохион байгуулах ажлыг Засгийн газар бүхэлд нь хариуцах бөгөөд түүний өмнөөс Үндэсний хөтөлбөрийн хороо өдөр тутам эрхлэн Хүний эрхийн үндэсний комисс, яам, агентлаг, орон нутгийн удирдлага, төрийн бус байгууллагын оролцоотойгоор хийж гүйцэтгэнэ. Ингэхдээ Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан Хүний хөгжлийн бусад хөтөлбөртэй үйл ажиллагаагаа уялдуулсан байна. Энэ ажлыг зохион байгуулалтаар хангах, хяналт шинжилгээ хийх эрх, үүргийг Үндэсний хөтөлбөрийн хороо холбогдох яам, байгууллагын оролцоотойгоор гүйцэтгэнэ.
4.2.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасны дагуу бүх яам, агентлаг, байгууллага тус тусын жилийн төлөвлөгөөнд оруулна.
4.3.Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үр дүнг Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлын хүрээ тус бүрээр, аймаг, нийслэлийн хэмжээнд Засгийн газраас нэгтгэн гаргаж Улсын Их Хуралд илтгэн тайлагнана.
4.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ Үндэсний хөтөлбөрийн биелэлтийг тус тусын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан Хүний эрхийг хангах арга хэмжээний дундаж хугацааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж, үр дүнгийн тайланг Үндэсний хөтөлбөрийн хороогоор уламжлан Засгийн газарт хүргүүлнэ.
4.5.Үндэсний хөтөлбөрийн хороо нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэн тэргүүний ач холбогдол бүхий арга хэмжээг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгахаар Засгийн газарт зөвлөх, түүний хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, шаардлагатай гэж үзвэл хөтөлбөрт өөрчлөлт оруулах санал гаргах чиг үүрэгтэйгээр ажиллана.
4.6.Үндэсний хөтөлбөрийн хорооны бүтэц, орон тоо, эрх хэмжээ, санхүүжих журмыг Засгийн газар тогтооно.
4.7.Үндэсний хөтөлбөрийн санхүүжилт нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
4.7.1.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;
4.7.2.НҮБ болон олон улсын бусад байгууллага, хандивлагч орнуудын тусламж, зээл;
4.7.3.төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн тусламж, хандивын хөрөнгө;
4.7.4.төв, орон нутагт хүний эрхийг хангах чиглэлээр байгуулсан сангийн хөрөнгө.
------------оОо-----------
Текст томруулах
A
A
A