A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 2006 оны
                                                                                   56 дугаар тогтоолын хавсралт
 
 
 
 
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДЭРГЭДЭХ
ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ  
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Энэхүү журмаар Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-ны дэргэдэх Хяналтын зөвлөл/ цаашид "Хяналтын зөвлөл" гэх/-ийн үйл ажиллагааг зохицуулна.
1.2. Хяналтын зөвлөл нь Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэртэй холбогдсон гомдлыг хянах, Хорооны үйл ажиллагааны талаар хөндлөнгийн аудитын  гаргасан санал, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ. 
1.3. Хяналтын зөвлөл нь тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
1.4. Хяналтын зөвлөл үйл ажиллагаандаа бие даасан, ил тод, нээлттэй байх, бусдын нөлөөнд үл автах, санхүүгийн зах зээлд оролцогчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зарчмыг удирдлага болгоно.
Хоёр. Хяналтын зөвлөлийн бүрэн эрх
2.1. Хяналтын зөвлөл чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараахь эрх эдэлнэ:
2.1.1. Хорооны шийдвэртэй холбогдуулан гаргасан гомдлыг хянах;
2.1.2. Хяналтын зөвлөлийн шийдвэр, хөндлөнгийн аудиторын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар Хорооны мэдээллийг Хяналтын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх;
2.1.3. Хорооноос Улсын Их Хурал, олон нийтэд мэдээлсэн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцах;
2.1.4. Хорооны үйл ажиллагаа, түүний эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулах;
2.1.5. Хорооны шийдвэр, үйл ажиллагааны талаар гаргасан гомдолтой холбоотой тайлан, мэдээлэл, шаардлагатай бусад бичиг баримтыг Хорооноос гаргуулан авах;
2.1.6. хуульд заасан бусад эрх.
2.2. Хяналтын зөвлөлийн гишүүн дараахь эрх эдэлнэ:
2.2.1. Хяналтын зөвлөлийн хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах;
2.2.2. Хяналтын зөвлөлийн шийдвэрийн дагуу Хорооны үйл ажиллагаатай танилцах;
 
 2.2.3. ажил үүргийн хуваарийн дагуу шаардлагатай бичиг баримтыг Хорооноос гаргуулан авах.
 
2.3. Хяналтын зөвлөлийн дарга нь тус зөвлөлийн гишүүний эрхээс гадна  дараахь эрхтэй байна:
2.3.1. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, хуралдааныг товлох, даргалах;
2.3.2. Хяналтын зөвлөлийн даргын түр эзгүйд, түүний үүргийг орлон гүйцэтгэх гишүүнийг томилох;
2.3.3. Хяналтын зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг батлах, түүний гүйцэтгэлд хяналт тавих.
Гурав. Хяналтын зөвлөлийн үүрэг
3.1. Хяналтын зөвлөл нь дараахь үүрэгтэй:
3.1.1.     Хорооны жилийн санхүүгийн тайланд аудит хийх аудитын байгууллагыг сонгоход хяналт тавих;
3.1.2.     аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Хорооноос хийж байгаа ажилтай танилцаж, биелэлтийг  нь хянах;
3.1.3.     Хяналтын зөвлөлийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих.
  3.2. Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн дараахь үүрэгтэй:
3.2.1. Хяналтын зөвлөлийн даргын баталсан ажил үүргийн хуваарийн дагуу тодорхой ажил хариуцан ажиллаж, гүйцэтгэл, үр дүнгийн талаар Хяналтын зөвлөлийн хуралдаанд танилцуулах;
 
3.2.2. ажлын тайлангаа дараа улирлын эхний 7 хоногт багтаан бичгээр Хяналтын зөвлөлд ирүүлэх;
 
3.2.3. хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд хуралдаан товлон зарласан цагт хүрэлцэн ирэх;
 
3.2.4. Хяналтын зөвлөлийн хуралдааны дэгийг сахих.
 
Дөрөв. Гомдол хянах
4.1. Хорооноос гаргасан шийдвэр хууль тогтоомж зөрчсөн тухай гомдлыг иргэн, хуулийн этгээд Хяналтын зөвлөлд гаргана.
4.2. Хяналтын зөвлөлд гомдлыг бичгээр гаргах бөгөөд гомдол нь дараахь мэдээллийг агуулсан байна.
 
4.2.1. гомдол гаргаж байгаа үндэслэл;
4.2.2. гомдол гаргагч, хариуцагчийн хаяг, оноосон нэр, огноо;
4.2.3. гомдолтой холбоотой нотлох баримт.
 
4.3. Энэ журмын 4.2-т заасан шаардлагыг хангаагүй гомдлыг гомдол гаргагчид буцаана.
 
4.4. Шаардлага хангаагүй гомдлыг буцаах болсон үндэслэлийг гомдол гаргагчид тайлбарлана.
 
4.5. Хяналтын  зөвлөл  энэ  журмын  4.1-д  заасан  гомдлыг  хүлээн  авснаас
хойш ажлын 5 хоногийн дотор хариуцагчид гомдлын агуулгыг танилцуулж, түүнээс тайлбар авна.
 
4.6. Хяналтын зөвлөл нь тайлбар авах газар, өдөр, цагийг товлож, хариуцагчид мэдэгдэнэ.
 
4.7. Хяналтын зөвлөлийн хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцэхэд гомдол гаргагч болон хариуцагчийн томилсон төлөөлөгч оролцож тайлбар өгч болох бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулж болно.
 
4.8. Хяналтын зөвлөл шаардлагатай гэж үзвэл гомдолтой холбоотой санхүүгийн бичиг баримтыг мэргэжлийн болон аудитын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулах, түүнчлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах эрхтэй.
 
4.9. Хяналтын зөвлөлийн хуралдаанаар гомдлыг хэлэлцээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана;
           
            4.9.1.  гомдлыг хангаж, Хорооны шийдвэрийг хүчингүй болгох;
            4.9.2.  Хорооны шийдвэрт өөрчлөлт оруулах;
            4.9.3. гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хорооны шийдвэрийг хэвээр үлдээх.
 
4.10. Хяналтын зөвлөл энэ журмын 4.9-д заасан шийдвэрээ Хороо болон гомдол гаргагчид хүргүүлнэ.
 
4.11. Хяналтын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандаж болно.
 
  Тав. Хяналтын зөвлөлийн хурал
 
5.1. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Хяналтын зөвлөлийн хуралдаан  байна.
 
5.2. Хуралдааныг Хяналтын зөвлөлийн дарга, даргын эзгүйд түүний томилсон гишүүн даргална.
5.3. Хяналтын зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.
 
5.4. Хуралдааны дэгийг Хяналтын зөвлөл батална.
 
5.5. Ээлжит бус хуралдааныг зөвлөлийн даргын санаачилга, эсхүл гишүүдийн олонхийн саналаар зарлан хуралдуулж болно.
 
5.6. Хуралдаан нь гишүүдийн олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно.
 
5.7. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт, холбогдох материалыг хуралдаан эхлэхээс ажлын 3 хоногийн өмнө гишүүдэд бичгээр тараана.
 
5.8. Хяналтын зөвлөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана. 
 
5.9. Хяналтын зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байх бөгөөд тогтоолд Хяналтын зөвлөлийн дарга гарын үсэг зурна.
 
5.10. Хороо Хяналтын зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийн талаар Хяналтын зөвлөлийн хуралдаанд жилд нэгээс доошгүй удаа танилцуулна.
 
5.11. Хуралдааны явцыг тэмдэглэлээр баталгаажуулах бөгөөд тэмдэглэлд хуралд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурна.
 
5.12. Хуралдааны тэмдэглэлд хэлэлцсэн асуудлын жагсаалт, холбогдох материалыг хавсаргана.
 
5.13. Хуралдааны тэмдэглэлд хэлэлцсэн асуудлаар гишүүдийн хэлсэн үг, гаргасан саналыг үнэн зөв, бүрэн  бичиж тэмдэглэнэ.
Зургаа. Хяналтын зөвлөлийн дарга,  гишүүдэд
олгох урамшуулал
 
6.1.Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд олгох урамшууллын хэмжээг Хяналтын зөвлөлийн ажилд оролцсон байдлыг нь харгалзаж, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороотой зөвшилцөн Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
6.2. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг  Санхүүгийн зохицуулах хорооны төсвөөс санхүүжүүлнэ.
 
Долоо. Хяналтын зөвлөлөөс Улсын Их Хуралтай
харилцах
 
7.1. Хяналтын зөвлөл үйл ажиллагааныхаа тайланг жил бүрийн эхний улиралд Улсын Их Хуралд танилцуулна.
7.2. Хяналтын зөвлөл өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлын талаарх мэдээллийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.
 
 
-----------------  oOo---------------